Өнгөрсөн жил зөөлөн хүчээр эхний 30-д орсон орныг жагсаахад Англи 1-д, АНУ 2-т гэх мэтээр бичигдэж Хятад 22-т жагсчээ. Азиас Япон 6-д, Өмнөд Солонгос 11-д явж байгаа нь дээгүүрт орсон хэрэг. Магадгүй энэ үзүүлэлт Монголд бас багцаатай байж болох юм. Иргэдээс авсан санал асуулгаар монголчуудын хамгийн элэгтэй орнуудад Азиас Япон, Солонгос тэгээд сүүлд нь Хятад явдаг.

Уг нь Монголчууд хамгийн их харилцдаг нь Хятад улс. Хоёр улсын харилцан зорчсон хүмүүсийн тоо 1 сая 300 мянгаас давж, үүнд Хятад руу зорчсон Монгол иргэдийн тоо сая гаруй болжээ. Гэвч хятад руу бизнес хийх юмуу аялах шугамаар хэдхэн хоноод ирэх хооронд хятадын соёлын олон өнгө, хятад хүний арга ухааныг ойлгоод ирнэ гэж огт байхгүй. Тиймээс хятадын соёл уламжлалыг таниулна гэдэг бодлогоор системтэй хийх ажил гэдэг нь илэрхий.

Хятадын талаас зөөлөн хүчний нөлөөгөө тэлэхээр нэлээд ажлыг хийж байна. Магадгүй үүний хамгийн том нь боловсролын салбар биз ээ. Жил бүр Хятадын засгийн газрын тэтгэлгээр 400 монгол оюутан хятад руу явж сурч буй. Одоо Монголд хятад хэлний сургалт явуулж байгаа 60 гаруй сургуульд хятад хэл заахаар сайн дурын 145 багш, албан ёсоор 16 багш хятадаас ирж 8 мянга гаруй хүнд хичээл заажээ. Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдээ хятад хэлтэй бас боловсролтой болгох зорилгоор хятад руу хувиараа сургуульд явуулж байгаа тул хятадад сурдаг хүний тоо жил бүр мянгаар нэмэгдэж эдүгээ 8000 гаруй хүүхэд хятадад суралцаж байна. Дашрамд дурдахад одоо дэлхий даяар 100 сая хүн хятад хэлийг сурч байгаа аж.

Үүний дараа нөлөө үзүүлж болох нь  Кунзын институт болон хятадын Соёлын төв юм. Эдүгээ Кунзын институт дэлхийн 105 улсад нээгдсэний нэг нь Монгол, 2008 онд албан ёсоор байгуулагджээ. Харин хятадын Соёлын төвийг 2011 онд Монголд нээсэн нь хятадын Ази тивд гуравдахь соёлын төв болсон байдаг. Эдгээр байгууллагын зорилго мэдээж хятад хэл, соёлыг ойлгуулан таниулах, дэлгэрүүлэн түгээхэд оршино.

Үүнээс гадна “Соёлын өдрүүд” хэмээх арга хэмжээ зохион байгуулдаг. Хятадын “Соёлын өдрүүд”-ийг 2004 онд долоо хоногоор, 2012 онд бүтэн сарын турш, зохион байгуулж урлагийн тоглолт, кино, үзэсгэлэн, ном сэтгүүл гээд олон төрлөөр таниулах арга хэмжээ болсон. Үүнээс гадна “Өвөр Монголын соёлын өдрүүд”, “Зилинь мужын соёлын өдрүүд” гэж хүртэл зохиогджээ.

Дээрх бүх арга хэмжээг зохион байгуулахаар Монгол Хятадын хооронд 17 соёлын солилцооны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байдаг аж. Үүн дотор соёлын биет бус өвийг хамгаалах тухай хамтын ажиллагааны гэрээ хүртэл байна. Үүний дагуу хоёр талын ажлын хэсгийн гурван удаагийн уулзалт хийсний хамгийн сүүлийнх нь энэ оны 4 сард болжээ.

Хэдийгээр ийм олон төрлийн соёл, боловсролын арга хэмжээ явуулж байгаа ч монголчууд хятадын соёл, уламжлалын тухай, орчин үеийн хятад орны тухай, ерөөс хятад хүний тухай юу мэддэг билээ?

Нэг хэсэг гарч байсан хятадын “Хуан жу гэг”, “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Сүекө бүсгүйн хувь заяа” зэрэг олон ангит кинонуудыг хүмүүс их үзэж байсан ч солонгос савангийн дуурь шиг урт хугацаанд ингэтэл хуйлруулаагүй юм. Найруулагч Жан Имоугийн кинонууд, жүжигчин Жеки Чан, Жан Зы и, Гун Ли нарыг холивуудад гарсан учраас л мэднэ.

Хятадын ном зохиол гэвэл соци үед зохиолч Лу Сүнь, Ба Зиний бүтээлүүд гарснаас хойш орчин үед М.Чимэдцэеэ гуайн орчуулсан Кунзын “Шүүмжлэлт өгүүлэл”, “Сүнзийн дайтахуйн ухаан”, Д.Болдбаатар гуайн орчуулсан “Чонон сүлд” “Гурван улсын үлгэр” (саяхан хэвлэгдсэн) гээд бүтээлүүд үнэтэй хувь нэмэр оруулаад байна.

Хятадын хамтлаг дуучдаас гэвэл Өвөр Монголын дуучин Тэнгэрээс өөр хүнийг нэрлэж бараг чадахгүй болов уу. Гэтэл солонгосын Т-аrа, 2 ne 1 хамтлагаас эхлээд урт жагсаалтыг монголын хүүхдүүд нэрлэж чадна.

2000-аад оны үед элбэг байсан хятад хоолны газрууд солонгос хоолны газруудад үнэндээ зайгаа тавьж өгсөн.

Энэ мэтчилэн кино, уран зохиол, дуу хөгжим, хоол гээд соёлын чухал хэсгүүдээр харахад л монголд барууны болон солонгосын нөлөө хятадынхаас хавьгүй илүү гарчээ.

Хятадын соёлын татах хүчид автахаа хүлээх биш, хятадын хүнийг сайтар мэддэг байх хэрэгцээ шаардлагын үүднээс бид соёл, уламжлал, сэтгэлгээг нь харж л байх ёстой. Наад захын жишээ гэхэд телевиз, сонины гадаад мэдээний буланд хоёр хөршийн тухай мэдээ өдөр бүр зайлшгүй цацаж байх ёстой атал битүү араб, барууны ертөнцийн тухай ярьсаар байгаад дуусчихдаг. Хятадын тухай мэдээ гарлаа гэхэд үер болсон тухай, галт тэрэг мөргөлдсөн тухай, хүүхэд өндрөөс унаад үхээгүй тухай сонин хачин төдий л мэдээнүүд явна. Гэтэл Хятад улс өнөөдөр дэлхийд их гүрний зиндаа ярьж, дэлхийн бодлого тодорхойлох чухал тоглогч болчихоод байна. Дэлхий дахин хятадыг үг сүггүй судалж, өөд уруугүй уншиж, судалж байна. Монголчууд л Эрээн, Бээжингийн байшин барилгын хурдан босохыг гайхахаас өөрөөр хятадын өөрчлөлтийг харахгүй, хятадын хөгжил дэвшлийн гүнд юу болж буйг мэдэхгүй сууна.

Нөгөө талаар бид өөрсдийгөө хятадад таниулах ажлыг хэр хийж байгаа вэ? Магадгүй бид ч бас зөөлөн хүчний бодлоготой болох ёстой, ялангуяа Хятадад Монголоо таниулах сурталчлах ажлыг хийх ёстой. 2008 оны 7 сарын 1-ний үймээнийг Синьхуагаар цацаж, энгийн хятад хүмүүс “танай улс гайгүй юу” гэж Монгол гэхээр Өвөр Монгол л гэж ойлгодог хүмүүс харин тусдаа улс гэдгээр асуухтайгаа болж билээ. Муухай л юм даа. Харин эдүгээ дэлхийд танигдсан том ордуудын ачаар монголын тухай мэддэг болсон. Бас удахгүй хятадад Монголын Соёлын төвийг байгуулна. Гэх мэтээр нэг үеэ бодвол шууд болон дам байдлаар монголыг мэдэх болсон ч, илүү их ажлыг хийх шаардлагатай, хөгжил дагаж үнэлэгддэг болохоор бас хөгжих ёстой байна.

Эцэст нь хэлэхэд дэлхийн гүрэн болж буй хятадыг танья, хятад хүний арга ухааныг мэдэе гэвэл түүх, соёл, гүн ухааныг нь бид таних л ёстой. Хамгийн ойрын хөрш, эдийн засгийн номер нэг түншээ ойлгохгүйгээр амжилт олох уу.