Малын сайн бэлчээр, ус хайж нүүгчдийн удам болох бид эдүгээ цалин, амьдра­лын мөр хөөж нутаг сэлгэсээр л явдаг. Суурин амьдралд аль эрт шилжсэн атлаа гэр орноо­р­оо нүүж суух явдал нь ма­найд хэвийн үзэгдэл. Тэрнээс гадна өрхийн гишүүд гэртээ бас тогтдоггүй. Хэрмэл цыгань аятай мөн ч их тэнэ­сэн байна. Одоо бараг яваа­гүй газар ч алга. Анх нутгаа­саа, Монголоосоо гараад ирэхдээ бусдыг үгээ олохгүй шогширч өөрсдийгөө баахан доош нь хийв. Дараа нь “Явж явж манай жалга шиг сайхан  газар хаа ч байхгүй...” хэмээн амихандаа юм үзэж нүд тайл­сан царай гаргаж үзэв. Үнэн­дээ тэрэн шиг худлаа юм байхгүй.

Далайн давалгаа мэт ар араасаа үргэлжилсэн их нүү­дэл, аян замд  “Сэгсгэр ч гэсэн ээждээн, сиймхий ч гэлээ гэр , эх орондоон хайртай” үзэл минь л хаягдаж гээгдэлгүй өдий хүрчээ. Коммунист нийг­мийн үед ганц дээлээрээ хичнээн жил гоёсон, олигтой ажил хийж үзээгүй ядуу зүдүү ижий минь хийгээд өвлийн шөнийн үүрээр тэс хөлддөг дөрвөн ханатай орон гэрт минь бусдад бахархаж гай­хуу­лах юу л байхав дээ. Над­тай нэг газар цуг төрсөн шувууд амьтас, хамтдаа ургах ой модыг мэдрэхүй, ээж аав­тай­гаа элэг бүтэн өсч торни­сон, түрээсийн байранд амь­дарч үзээгүй ахуй орчин маань хожим гэр амьтай улмаар эх оронсог болгосон бололтой. Эх орондоо аль хэр хайртайгаа илэрхийлэх шаардлага ер тохиолдож байгаагүй л дээ. Цаашид ч манийг хэн тоож тагнуул магнуулд явуулав л гэж.

Орон гэр, Монгол улс, аав ээжийн алинд ч гайхуулж бахархах юм байхгүй байхад яагаад би тэр бүгдэд хайртай байдгийм бол. “ОО”-ын өрөө­ний татуурга гацаж ус тас­ралт­гүй шожигнохыг тэвчиж чаддаггүй. Тэр байгууллагад усны төлбөр өндөр гарах нь гэж сэтгэл зовоогүй. Эх орны минь ус дэмий урсаж буй нь л дэндүү  хайран санагддаг. Нойтон мод огтлоод хот руу зөөж байгаа нөхрийг цагдаад матаад хүнтэй дайсан болж байлаа. Өөрөө л хулгай хий­гээ­гүй бол дуугай л өнгөрвөл барав биз дээ. Бусдыг комму­нист хэнхэгээр нь шүүмжилдэг минь яалаа. Эх орныхоо төлөө тулалдах хэрэг гарвал аягүй бол гүйгээд ирж мэднэ шүү. 

Бусдыг ажаад л байхад гэртээ оронгуутаа өөрийгөө юун түрүүн додомдож, хоол­лож ундлан дараа нь диван дээрээ тарайн зурагтаа асаа­даг бол би эхлээд орон гэрээ жаахан ч болтугай янзалж аяга тавгаа угаахаас нааш санаа амардаггүй. Тэглээ гээд гэрийнхээ хамаг ажлыг хий­лээ гэж авгай хүүхдэдээ нэг ч ялархаж гоморхож яваагүй. Угаасаа л сурсан зан минь тэр. Хобби ч юм уу. Өөрийн гэсэн хаяг нутаг, гэр оромж, төрөл төрөгсдөөсөө хагац­вал баларна гэсэн итгэл үнэм­шил ухамсар төлөвши­хөөс түрүүлээд тархинд суу­чих­­сан аж. Монгол хүн бүр өөртөө  ийм гурван үүрэг тээж явдаг. Тэр нь тансаг, ядуу, их бага янз бүр л байх. Бүл дутахын эрхэнд ижий аавын­хаа аль нэгтэй хамт байх хүсэл, өвөл осгочихгүйн тулд өөрийн оромж эс хүссэн ч зайлшгүй босгох хэрэг гардаг байжээ. Нэгэнт овоохой бос­гож дотор нь сүрэг үүсгэсэн бол түүнээ байршуулах нутаг дэвсгэрийн асуудал босч ирнэ. Энийгээ жаахан том­руул­сан үйлдэл хийх төдийд нөгөө мундаг эх оронч болчих нь тэр. Тэрнээс биш улс төрийн академид суралцаадч юмуу намд элсээд  эх оронч болон хүмүүжсэн юм биш. Харин хувь хүнд дээрх  гурвын аль нь ч байдаггүй, аль нэг нь дутуу бол эх оронсог гэхээсээ бэртэгчин зан илүү төлөвш­дөг. Өөрийн гэр оронгүй хүн гэхэд л зөвхөн нүүрээ гоодож гутлаа тослохоос өөрийг хий­дэг­гүй. Байгаа газартаа буу­далд хонож, ресторанд хоол­лож буй мэт хөндий зан гарга­даг. Тэгвэл эх оронгүй хүн дотроо юу бодож явдгийг эх оронгүй байж үзээгүй боло­хоо­роо ёстой хэлж мэдэхгүй юм.

Халимаг, буриад, цахар, казах, барга, цахар, уриан­хайн хязгаарт очиж ажиллаж амьдарч ч үзсэн. Элэг нэгтэн монгол туургатан минь өнөө цагт зовж зүдрэхээ больсон байна билээ. Өндөр цалин­тай ажил, жаргалтай амьд­рал, машин байртай, гадаад дотоодод аялж зугаалцгаа­на. Харин тэдний өссөн төр­сөн нутаг нь харийнх эсвэл харийн мэдлийнх. Тийм боло­хоор эднийг цаад гүрэн нь илт хавчихгүй ч итгэж найддаггүй. Өөрсдийн нутаг­гүйн зовлон гаднаас нь хара­хад мэдэгддэггүй. Нэлээд халаад эхлэхээрээ “Муу эрд халдага дараа” гэгчээр ялих­гүй үндсэрхэг үзэл гаргаж цор цор хийгээд дараа нь хорхой лугаа няц даруулсан дуулддаг. Бусад үед улсын­хаа төлөө санаа зовох, ямар үзэл сурталтай нам засаг төрийг жолоодох энэ тэр  ёстой падлий ч байхгүй. Нэг бодлын санаа амар ч юм уу. Мөн яг энэн шигээ өрх гэрээ босгож авгай хүүхэд аван аав ижийгээ асран тэтгэхийг ямагт хойш тавина. Залуучууд нь хань ижил авахгүй ганц биений жаргал хөөн орон сууцны хуримтлал цуглуулах боломж байсаар атал дургүй­цах юм билээ. Нийтийн газар хог тарихгүй соёлтой ухам­сар­тай байгаа нь тэдний эх оронч зангийн илрэл л лав биш дэг. Оршин байгаа газ­раа бусдад их л сайндаа зочны хэмжээний үнэ цэнэтэй насан турш амьдарна гэдэг гутамшиг. Сэгсгэр ч гэсэн ижийг минь, сиймхий ч гэлээ орох оронг юу ч орлохгүй. Таван одтой зочид буудалд янаг хүүхэнтэй хамт байрлан жаргах нь хугацаа хэмжээтэй. Орох оронгүй, элгэн садангүй хүн буудлаас гараад дараа нь нутаг руугаа биш ажил руугаа сажилна.

Үндэсний эрх чөлөө тус­гаар тогтнолоо дахин эргүү­лэн авсны тэмдэглэлт өдөр өнөөдөр болж байна. Энэ дэлхий дээр эх оронгүй хүн байхгүй. Гагцхүү амьдран буй газраа там болгосон нь дэн­дүү олон. Тийм газрыг эх орон гээд эх оронч үзэлтэй байгаад ч яах юм. Сайтар тонож аваад маргааш аль нэг тийш арилаад өгнө. Дэлхий дээр олон үндэстэн улс орнууд энэ мэтчилэн ээлж дараалан үүсээд мөхсөөр л ирж.

Харин бидний амьдран буй Монгол эх оронд төрт ёс мянган жил оршивч өөрчлөг­дөө­гүй, өөрчлөх ч шаардлага гараагүй. Өнөөгийн Егийпт зэрэг олон орон эрт цагт өөр үндэстэн байсан. Тэгвэл Хүннү Сүннүгийн үеийнхэн бидний удам угсаа. Яг л бидэн лугаа нүүр царайтай, бидний энэ л хэлээр хоорон­доо ярьж, мах идэн, нүүдэл хийн энэ уул талаар аж төрж сайн сайхан алдар цуутай явцгаасан. Тэд бол бид юм. Энд өөр газраас ирсэн харь үндэстэн байхгүй. Цаашдаа мөн л мянга мянган жил үргэлж­лэн амьдарсаар л байх болно. Урьд одоо ирээ­дүй гурван цагт биднийг тайлаг­дахааргүй уясан учир хичнээн хол нүүлээ ч буцаад ирдэг. 2222 жил түүнээс ч олон жил Монголтойгоо хамт амьдарсан би эх оронч байх­гүй яадгийм. Монголчууд хэдий цөөхүүлээ ч онц эрх, тусгаар байдлаа бусдад тун цөөхөн мэдүүлж явсан уламж­лал минь биднийг улам эх оронч, өөриймсөг, эзний ёсоор ханддаг болгожээ. Эх орондоо хайртай байсны шанд мөнхийн тусгаар тогт­нол бурхнаас заяагдсан мэт ээ.