“Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал номын төслийн хүрээнд
бичигдэж буй “Жамбын Батмөнх” номын хэсгээс

1950 оны 4 дүгээр сарын 29-нд Монгол-Румыны хооронд дипломат харилцаа тогтоожээ. Манай улс 1963 онд Бухарестэд, Румын улс 1965 онд Улаанбаатарт харилцан Элчин сайдын яамаа нээж харилцаа алхам алхмаар урагшилсны сацуу 1957 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалд анхны түүхэн айлчлалаа хийж, харин хариу айлчлал нь нэлээд хожуу 1971 онд тохиосон байдаг.

Дипломат албаны туршлагатай ажилтан Элчин сайд Т.Залаа-Уулын тэмдэглэснээр  Монгол-Румыны харилцаа “нэг алхам урагш, нэг алхам хойш ... 40-өөд жил коммунизмын түүхийн эрээн барааныг туучин хөгжиж ирсэн” бa румын судлаачийн хувьд тэрээр хоёр орны харилцааны түүхийг 4 үе шатанд хуваан авч үзэнгээ хоёр дахь буюу 1971-1983 оныг хүйтрэлийн жилүүд, 1983-1989 оныг өөрчлөлтийн жилүүд хэмээн томъёолсон байх аж. Тэгвэл миний өгүүлэх зохиолын баатар маань тэр өөрчлөлтийн жилүүдэд нь хамаарна. Учир нь хүйтрэлийг бүлээцүүлэн засах хувь түүнд ногдсон юм.




Румыны нам–төрийн тэргүүн Николае Чаушескугийн 1971 оны домогт айлчлалын дараа Монгол, Румын хоёр далдуур бие биеэ муулах, шүүмжлэх болж, харилцаа нь хүйтэрсэн тухайд бодит үнэн буй. Үнэндээ ч 1968 оноос эхлэн ард  түмэндээ Кондукэтор  (чигийг заагч жолоодогч) хэмээн авгайлуулсан энэ лут эрхмийг 1971 онд гомдоогоод буцаасан нь худал биш.



Николае Чаушеску эхнэр Еленадаа Сүхбаатарын одон өгүүлэхийг шаардсанаар Монгол-Румыны найрамдлын цуглаан саатаж, Чаушеску сэтгэл дундуур буцсан юм гэнэ лээ гэсэн цуу байдаг. Намын томхон зүтгэлтэн асан Д.Моломжамц гуайн нотлон ярьснаар бол тийм шаардлага тавиагүй, гэргийдээ одон нэхээгүй, харин найрамдлын цуглаан дээр зөвхөн хоёр орны харилцааны тухай ярина, хамтарсан албан мэдээнд зөвхөн хоёр орны харилцаа хамтын ажиллагааны тухай л оруулна (Румыны талын байр суурь); үгүй ээ, Монгол-Зөвлөлтийн найрамдал, социалист хамтын нөхөрлөлийн орнуудын хамтын ажиллагаа, Хятадын маоистуудын хагалан бутаргах үйл ажиллагааг үнэлэн дүгнэнэ, тэгээд Монгол-Румыны харилцааг хөндөнө (манай талын байр суурь) хэмээн маргаад, эцэст нь цуглааныг саатуулж, цугласан олныг гайхшруулж, зурагтын сувгийг улайтал хурлын танхимын дүрс үзүүлж, тэгж тэгж цуглаан хийсэн болоод, урт үг хэлэлгүй харилцан баяр хүргээд салцгаасан бололтой. Цуглаан дээр Ю.Цэдэнбалын тавих байсан илтгэлийн эхний 7 хуудас орхигдож, 8 дахь хуудаснаас эхлэн яриад төгссөн тухай зөвлөлтийн дипломатч монгол судлаач Ш.Надиров бичиж үлдээжээ.



1983 онд буюу 12 жилийн дараа хариу айлчлал хэрэгжжээ. Николае Чаушеску 1971 оноос хойш анх удаа ам нээн 1982 оны эцсээр Москвад СССР-ийн 60 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр Ю.Цэдэнбалтай уулзан урьсны дагуу хойтон жил нь Румынд айлчилсан хэрэг. Энэ айлчлалын үеэр 1971 оных шиг маргаантай зүйл гарсангүй, гэвч дипломатч хатагтай Р.Янжмаагийн дурсан ярьснаар бол Румыны социализмыг манай удирдагч баахан голонгуй шүүмжлэлтэй хандаж, буруу зөвийг нь хэлж ойлгуулах гэж махарсан бололтой. Яг тэр оноос эхлэн хөөгдөн буутлаа хүртэл Чаушеску нь “Карпатын гений” гэх алдрыг давхар хүртсэн ба тэр аугаа нөхрийн ажил үйлсийг шүүмжлэн зааж зааварлах гэдэг Монголын удирдагчид ахадсан хэрэг байсан байж таарна.



Харин хариу айлчлал тун удалгүй, 5 жилийн дараа, 1988 оны 5 дүгээр сарын 19-21-нд  хэрэгжжээ. Румыны социалист байгуулалтыг хурц үгээр өөлөн шүүмжилж, Румыны анд холбоотон Хятадыг хараан зүхдэг Ю.Цэдэнбал Москвад сураггүй болж, оронд нь эв эеийг хичээгч, хүлцэнгүй, буурьтай Ж.Батмөнх Улаанбаатарт Николае, Елена Чаушеску нарыг найрсгаар угтан авчээ. Румыны хүндэт зочинд манай төр шагналаа ч харамласангүй. Уг нь 1971 онд Улсын циркийн сүрлэг ордонг (тэр үедээ сүрлэг бөгөөд хосгүй) сүндэрлүүлж өгснийх нь төлөө Сүхбаатарын одонгоор шагначихмаар шийдвэр гарч байсан ч Варшавын гэрээний цэргээр Чехословакийг эзэлж, Хятадыг өөрсдөөсөө хөндийрүүлснийг нь шүүмжлээд байсных нь  төлөө Цэдэнбал өгөөгүй бол 1988 онд Батмөнх үг дуугүй шагнах нь тэр. Буруу нь ч юу байхав. Олон арван мэргэжилтнээ Румынд бэлтгүүлж, Улсын цирк, мебель-картоны үйлдвэр бариулсны шанд нэг одон бол үзэл суртлын дэргэд юу ч биш гэдгийг Ж.Батмөнх ойлгохтойгоо xүн. Бас 1988 онд Чаушескугийн 70 насны ой тохиосныг хэлэх үү.




Буянт-Ухаанд хүндэт зочин газардаад Хүндэт харуулын өмнүүр ёслол хийсний дараа Улаанбаатар руу хөдлөхдөө машин дотор Ж.Батмөнх, Н.Чаушеску нар ийн ярилцжээ.

- Нөхөр Чаушеску Та аян замдаа сайн явж ирэв үү? Өнөөдөр манайд нэлээд салхитай, зэврүүдүү байна. Халуун газраас ирээд даараагүй биз дээ?

- Бид сайн явж, дэлхийг тойроод ирлээ, 40 гаруй мянган км зам тууллаа. Индонезид л их халуун байлаа. Харин Австрали, Вьетнамд цаг агаар аятайхан байв. Хавар манайд ч гэсэн цаг агаар тогтвор муутай байдаг юм.

Бас нэг яриа анхаарал татдаг юм. Тэр нь маргааш өглөө нь, тэр үеийн Хувьсгалын музейд зочлох үед болжээ. Румын зочид музейн үзмэр сонирхож явтал 1951 оны үзмэр тааралджээ. Манай ардын хувьсгалын 30 жилийн ойн үеэр Румыны төлөөлөгчдөөс бэлэглэсэн дурсгалын зүйлийг тавьсан байж. Түүнийг саатан сонирхох үед гэргий Елена нь “Нику чи тэгэхэд ирж байсан шүү дээ” гэж хэлэв. Тэгэхэд тэрээр Георгиу-Дежийн Засгийн газарт Зэвсэгт хүчний яамны дэд сайд хошууч генерал цолтой Улаанбаатарт айлчилж байжээ. Өмнө нь 1945 онд бригадын генерал цол хүртэн Батлан хамгаалахын дэд сайд, Зэвсэгт хүчний Улс төрийн дээд газрын дарга байсан, цэргийн зүтгэлтэн тэр Чаушескуг монголын уншигчид төдийлөн мэддэггүй.




1988 онд 1971 оных шиг ширүүн маргаан өрнөөгүй нь Ж.Батмөнхийн хүлээцтэй, уян хатан чанараас болсон хэрэг гэж үзэхэд буруутахгүй. Маргавал маргах асуудал хэлэлцээний үед чамгүй олон гарч ирсэн байна. Чаушеску 1971 оныхоо байр суурин дээр хатуу зогсон байсан ба Дунд болон ойрын зайн тусгалтай пуужин устгах тухай СССР, АНУ-ын гэрээг өчүүхэн бага, ёс төдий арга хэмжээ хэмээн үзсэн, Стратегийн довтолгооны зэвсэглэлийг 50 хувь хорогдуулах талаар СССР, АНУ-ын хооронд явагдаж байсан хэлэлцээг “тэртэй тэргүй солих шаардлагатай хуучирсан зэвсгээ устгах тухай асуудал” гэж үзсэн, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө социалист орнуудын гаргаж буй хүч чармайлт, санал санаачилгыг тэмдэглэхээс зайлсхийсэн, Афганистанд Зөвлөлтийн цэрэг орсныг “Румын улс бүр анхнаасаа зөвлөлтийн цэрэг Афганистанд орохын эсрэг байсан бөгөөд хувьсгалыг ч, хувьсгалын эсэргүү явууллагыг ч экспортолж болохгүй гэдэг марксист сургааль үнэн зөв болох нь Афганистанд бий болсон байдал харуулж байна. Зөвлөлтийн цэрэг Афганистанд орсноор Афганистаны хувьсгалын эсэргүү хүчнийг зэвсэглүүлж, байлдааны шинжтэй болгосон. Афганистаны байдлыг одоо зохицуулахад 10 жилийн өмнөх үеийг бодвол хавьгүй хүнд бэрх болжээ” хэмээн хэлсэн, Вьетнамын цэрэг Кампучид орсныг анхнаас нь алдаа гэж үзсэн хэмээн хэлсэн зэрэг нь хэрэв Ю.Цэдэнбал тэр үед байсансан бол гал дүрэлзүүлээд хаячихмаар “эсэргүү” үгс аж...