Монгол Улсаас ХБНГУ-д Элчин сайдаар ажиллаж байсан академич Т.Галбаатартай ярилцлаа. Түүний Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа саяхан дуусч, тэрээр Монгол Улсын   Шинжлэх ухааны академийн ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн даргаар сонгогдон  ажиллаж байгаа юм.
-Германд шинэ Засгийн газар байгуулагдлаа. Ингэснээр Германы гадаадтай, тэр дундаа Монголтой  харилцах бодлогод ямар нэгэн өөрчлөлт орох болов уу?
-Өнгөрсөн есдүгээр сарын 27-нд болсон Бундестагийн сонгуулийн дүнгээр шинэ Засгийн газар байгууллаа. Дөрвөн жил Германы социал-демократ намтай хамтарсан их эвслийн засгийн газрыг тэргүүлж байсан Христосын ардчилсан холбоо-Христосын нийгмийн холбоо намууд  энэ удаагийн сонгуулийн дүнд Германы чөлөөт ардчиласан намтай  эвсэн, засгийн эрхийг хамтарч  барих болж байна. 1982-1998 он хүртэл Канцлер байсан Г.Колийн Засгийн газар энэ намуудын эвсэл байсан. Өмнө нь хамтарч засгийн эрх барьж байсан туршлага, Гадаад хэргийн сайдаар томилогдсон  Чөлөөт ардчилсан намын дарга Гидо Вэстэрвеллэ-ийн саяхан хэлсэн үг зэргийг үндэслээд өөрийн чинь асуултад хариулъя. Германы гадаад бодлого бол уламжлалт, залгамж  чанараа сайн  хадгалдаг. Иймд гадаадтай харилцах бодлого нь урьдынхаас нэг их өөрчлөгдөхгүй гэж болно. Өөрчлөлт нь харин ч илүү идэвхтэй хамтын ажиллагаанд шилжих маягаар явах болов уу.

Монгол Улстай харилцах харилцаанд ч сөрөг нөлөө гарахгүй. Манай хоёр улсын харилцаа өндөр төвшинд очсон. Өнгөрсөн жилээс иж бүрэн түншлэлийн харилцаанд шилжсэн. Урьд нь итгэмжилсэн дотно харилцаатай байлаа. Манай хоёр улсын хооронд улстөрийн шийдэгдээгүй асуудал байхгүй, бие биеийнхээ байр суурийг харилцан ойлголцож хүндэтгэж харилцдаг уламжлалтай. Соёл, боловсрол, шинжлэх ухаан, өөрөөр хэлбэл, иргэд хоорондын харилцаа хамтын ажиллагаа ч их өргөн. Сүүлийн үед манай хоёр улсын  эдийн засгийн  харилцаа өргөжих хандлагатай байгаа. Ялангуяа Ерөнхий сайд С.Баярын өнгөрсөн гуравдугаар сард Германд хийсэн айлчлал хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, гүнзгийрүүлэх, бэхжүүлэх зорилготой байсан. Тэр зорилгодоо ч хүрсэн.

-Тэгвэл манай улсын  зүгээс Германы шинэ Засгийн газартай яаж харилцах вэ?

-Өнгөрсөн 20 жилд  Монгол Улсын гадаад бодлого залгамж чанараа хадгалж ирсэн. Энийг манайтай харилцаатай улс орнууд ч сайн мэднэ. Тийм учраас Засгийн газар нь солигдлоо гээд манай улсын зүгээс Германтай харилцах харилцаанд өөрчлөлт орохгүй. Харин ч Ерөнхий сайдын тус улсад хийсэн айлчлалын зорилгын хүрээнд эдийн засаг хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө ажиллах боломж нэмэгдлээ.  Нөгөө талаас  Германы шинэ Засгийн газрын Гадаад хэргийн яам, Эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны яам, Эдийн засгийн яамыг Чөлөөт ардчилсан намын сайд нар тэргүүлэхээр боллоо. Чөлөөт ардчилсан нам бол эдийн засгийн чиглэлд түлхүү анхаарал хандуулдаг, либераль үзэлтэй барууны нам. Энэ нь бидний гол сонирхож байгаа эдийн засгийн хамын ажиллагаагаа хөгжүүлэхэд том дөхөм болно.

-Манай улс хоёр том хөрштэй. Түүнээс гадна гуравдахь хөршийн гэж харилцаа бий. Энэ гуравдахь хөршүүд дотор Герман ь ямар байр суурь эзэлдэг  вэ?

-Герман бол манай улстай харилцах уламжлалтай, тийм ч утгаара нэлээд дээгүүр орно шүү. Манай гадаад бодлогод тодорхой байр суурьтай. Одоо байгаа харилцаагаа илүү ойртуулах, ялангуяа эдийн засгийн чиглэлээр нягтрах тал дээр хоёр талаасаа үнэхээр хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаа.

-Германуудын Монголд хөрөнгө оруулах сонирхол ямар байдаг юм бол?

-Германы зүгээс манайд хөрөнгө оруулалт бол бага талдаа. Монголд хөрөнгө оруулсан улсуудын жагсаалтад Герман 16-17-д ордог.  Энд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт манай орныг сайн мэдэхгүй тал бий. Энэ нь монголчууд бид илүү идэвхтэй ажиллах шаардлагатайг хэлж байгаа юм.  Өнгөрсөн дөрвөн жилд манай Элчин сайдын яамны гол ажлын нэг нь энэ байсан. Монгол бол ардчилсан тогтолцоотой, зах зээлийн эдийн засагтай, гадаадын хөрөнгө оруулалтын таатай бөгөөд нээлттэй орчинтой орон. Улс төр, хууль, татварын тогтвортой орчинтой, хувийн болон оюуны өмчийг хүндэтгэж үздэг улс гэдгийг германуудад ойлгуулж хөрөнгө оруулалтыг татах тал дээр нэлээд ажилласан.

Хоёрт, манайд өмнө нь Засгийн газрууд ойр ойрхон солигдож байсныг улстөр нь тогтворгүй гэж ойлгодог тал бий. Энэ ойлголтыг залруулах, тэдгээр Засгийн газрууд бүгд Үндсэн хуулийн хүрээнд, парламентын шийдвэрээр огцорц, дараагийн танхимыг хуулийн дагуу байгуулагдаж ирсэн гэдгийг  ойлгуулахад анхаарсан. Гуравт, татварын таатай орчин байхгүй, төр засгийн шийдвэр нь тогтворгүй, хуулиа хурдан хурдан өөрчилдөг гэж үздэг. Энэ бол бодууштай, үнэний хувьтай шүүмжлэл юм.  Ер нь Германы компаниуд тогтвортой байдлыг илүүд үздэг.  Гадаадын компаниуд бол манай  татварыг төлнө. Хамгийн гол нь төлүүлэх орчин буюу хууль, төр засгийн шийдвэр маань тогтвортой байх ёстой.  Гуравт манай зах зээлийг жижиг гэж үздэг тал бий. Гэтэл бид 2.7 сая хүн амтай цөөхүүлээ ч, хэрэглээ өндөр, бас дэлхийн хоёр том зах зээлд хамгийн ойр, дээр нь уул уурхай, ашигт малтмалын нөөц баялаг ихтэй. Энэ чиглэлээр хамтарч ажиллах нь хэн хэндээ ашигтайг германуд сайн ойлгож эхэлж байгаа.

-Тухайлбал, таныг Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд Германаас нааш чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ хэр нэмэгдсэн бол?

-2005 оны статистик тооцоогоор гадаад худалдааны хэмжээ 40 гаруй сая евро байсан. 2009 оны аравдугаар сарын эхээр Берлинд Засгийн газар хоорондын  эдийн засгийн зөвлөлөдөх уулзалт болсон.Тэнд Германы талын гаргасан тооцоогоор 90 орчим сая евро болж өссөн гэж байна лээ. Энэ нь хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг л дээ.  Өмнө нь манай компаниудын бүтээгдэхүүнийг Хятад Гонгконгоор дамжуулж авдаг байсан. Одоо шууд авдаг болсон. Энэ мэтээр Германы зүгээс  манайхыг сонирхох, хоёр улсын эдийн засгийн харилцаа өргөжих хандлага нэмэгдэж, энэ чиглэлээр хоёр Засгийн газар их идэвхтэй ажиллаж байгаа.

-Ерөнхий сайдын айлчлалаар шийдсэн асуудлуудын биелэлт ямар байаа вэ, одоо?

-Ерөнхий сайдын айлчлалын үеэр хэд хэдэн  том төслүүдийг ярьсан. Жишээ нь, Германы Тийсэнкрупп групп манайд коксын үйлдвэр барьж өгөх, санхүүжилтийг нь гаргах, үйлдвэр ашигалтад орсны дараа бүтээгдэхүүнийг нь худалдаж авъя гэсэн. Германы төрийн өмчийн Дойчэ банн интернационал компани Тавантолгойгоос Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам барих төсөлд “Энержи ресурс”компанитай хамтарч ажиллах, нийт 15 сая еврогийн  гэрээнд  гарын үсэг зурсан. Энэ нь Хятад руу Тавантолгойн нүүрсийг экспортлох төмөр замыг барихад менежментийг Германы төрийн өмчийн компани гүйцэтгэх гэрээ юм.  Энэ мэт том төслүүд одоо явж байгаа.      

-Төмөр зам тавих талдаа хэр туршлагатай компани вэ?

-Дойчэ банн гэж Германы зуун хувь улсын компани. Олон улсын төвшинд их нэртэй компани л даа. Нөгөө талаас төмөр зам барьдаг Германы технологи бол дэлхийн стандарт гэж тооцогддог. Жишээ нь, Орос, Америкийн зах зээлд идэвхжиж байгаа хурдан галт тэрэгнүүдийг Германы Сименс компани л бүтээж байна шүү дээ.    

-Төрийн өмчийн компани нь  хувийн компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж болдог юм уу?

-Бололгүй яах вэ. Зөвхөн Герман ч биш, Европын холбооны улсуудад төрийн зохицуулалт их өндөр төвшинд явдаг. Гэхдээ өндөр хөгжсөн зах зээлийнхээ хуулиар л явна. Германд бол хамтрагч цаад тал нь найдвартай түнш, төр засгийнх нь шийдвэр, татварын орчин тогтвортой л бол төрийн өмчийн байна уу, хувийнх байна уу чухал биш. Харин хамтрах гэж байгаа талаа олон улсын аудитын байгууллагаар үнэлүүлж, дүгнүүлж байж сонгоно шүү дээ. Гол нь харилцан итгэлцэл, найдвартай байдлын  л  шаардлага тавьдаг. Жишээ нь манай хувийн компаниудтай хамтарч төмөр зам барихаар олон  сая еврогийн төсөл хэрэгжүүлж байна гэдэг бол олон улсын аудитынхаа үнэлэлт дүгнэлтийн дагуу эрсдэлийг нь тооцож,  төслийг хэрэгжүүлэх манай улсын орчинд итгэж л шийдвэрээ гаргасан байж таарна. Бас Тийсэнкрупп  группийн нэг охин компани манай улсын Ай-Си-Эм гэдэг компанитай нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргах төсөл дээр хамтарч ажиллаж байгаа.  Тэр бол нэлээн том төсөл.

 -Ер нь Германы төр засаг нь гадаад дахь өөрийн хөрөнгө оруулагчдаа хэр сайн хамгаалдаг юм бол?

-Энэ бол Германы төр, засгийн хувьд үнэхээр анхааралтай ханддаг чухал асуудал нь.  Бид германууд ямар шалгуураар гадаадад хөрөнгө оруулдгийг нэлээд судаллаа. Тэгээд судалж байхад эхлээд томоохон компаниуд нь  ордог юм билээ. Ингэж оруулахдаа Германы Засгийн газар улстөрийн эрсдэлийг нь багасгаж хөрөнгө оруулж байгаа улсынх нь Засгийн газартай  гэрээ байгуулдаг. Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах гэрээ, Татварын хөнгөлөлт үзүүлэх  хэлэлцээр гэх мэтээр. Тэгээд аажимдаа том компаниудаа дагаад жижиг компаниуд нь орж ирдэг юм банйа.  Ер нь бол Германы Засгийн газар гадаадад ажиллаж байгаа дотоодын компаниудынхаа эрх ашгийг нэлээн сайн хамгаална шүү.  

-Жишээ нь, манай Засгийн газар Германы хөрөнгө оруулалт орж ирсэн том төслийг зогсоочихвол яаж хандах бол?

-Тийм юм болсон тухай би сонсоогүй. Цаашид ч болохгүй гэдэгт итгэж байгаа. Дэлхийд эдийн засгаараа 3-4-т ордог, Европын холбоондоо 82 сая хүн амтай хамгийн том улс шүү дээ, Герман чинь. Манай хоёр улсын харилцаа их онцлогтой. Итгэмжилсэн гэдэг нь харилцан бие биеэ сайн ойлгох, аливаа асуудлыг хоёр тал яриа хэлэлцээний журмаар шийдэх харилцаа.  Бид Монгол Улсынхаа эрх ашгийг хамгийн түрүүнд бодож, илэрхийлэх нь дамжиггүй. Харин  гадаадын хөрөнгө оруулалтын хууль, орчин маань бүх улсын хөрөнгө оруулагчдад адил тэгш боломж байх ёстой. Ийм байж чадсан тохиолдолд аль нэгэн улсын хөрөнгө оруулалтыг хуулиас гадуурхи аргаар зогсоох хязгаарлах боломжгүй шүү дээ.    

-Ер нь германууд манай уул уурхайн салбарыг хэр сонирхож байна вэ?

-Их сонирхож байгаа. Яагаад гэвэл Германы гадаад бодлогын нэг гол чиглэл нь түүхий эдийн аюулгүй байдал. Германууд үйлдвэрүүдээ түүхий эдгээр хангах явдал. Тэр чиглэлээрээ сонирхож оролцож байгаа. Германы нэг компани Оюутолгойн өрөмдлөгийн төсөлд оролцосон.   

-Улаанбаатараас Берлинд шууд нислэгтэй, зорчигч урсгал ч ихтэй. Энэнтэй нь харьцуулбал, манай хоёр улсын харилцаа хөрөнгө оруулалт,  эдийн засгийн харилцаа сул юм биш үү?

-Сүүлийн дөрвөн жилд гадаад худалдаа  хэдийгээр хоёр дахин нэмэгдсэн гэж байгаа ч эдийн засгийн харилцаа байгаа боломжиндоо хүрэхгүй байна.

Герман бол экспортынхоо хэмжээгээр дэлхийд нэгд ордог. Монголтой гадаад худалдаа хийдэг улсуудынхаа дотор Герман 8-9-д явж байна. Одоо бид иж бүрэн түншлэлийн харилцаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилттой. Хоёр талаасаа сонирхол ч  бий, боломж ч нэмэгдэж байгаа. Гадаад харилцааг эдийн засагжуулах манай улсын гадаад бодлогын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагаа илүү хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа.

-Германы Канцлер манай улсад айлчлах болов уу, ойрын үед?

-2006 онд Германы Бундестагийн ерөнхийлөгч манай улсад айлчилсан. 2008 онд Холбооны Ерөнхийлөгч Монголд төрийн айлчлал хийсэн. Манаай хоёр улсын харилцаанд чухал, өндөр төвшний айлчлалууд тогтмол явагдаж байгаа. Холбооны Канцлер А.Меркель ойрын жилүүдэд Монголд айлчилна гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэрээр саяхан нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “улстөрөөс гарахаараа Монгол руу галт тэргээр явах мөрөөдөлтөй” гэж хэлсэн байна лээ. Гэхдээ тэр улстөрд байхдаа онгоцоор Монголд ирнэ гэдэгт би найдаж байна.