Хоёр лагерт хуваагдан хүйтэрч дайнжсан дэлхийг спорт л зөөлрүүлж нөхөр­лүүлж байлаа. Биеийн тамир спортын хүн төрөлхтөнд үзүүл­сэн гол гавьяа нь энэ юм. Коммунист систем нуран унаж зах зээлийн эрин үе хүчээ авч буй өнөө үед уг салбарын  улс төрийн ач холбогдол багасаж, бизнес тал руугаа давамгайлах шинжтэй болжээ. Хэдий цаг үеэ өнгөрөөсөн гээд тамир­чид­тай хамт манддаг улсын туг, сүлд дуулал эгшиглүү­лэхийг болиулах хүртэл олимпизм шалдаа унахгүй нь мэдээж.

Хэрэв төр нь үзэл суртлаа бус иргэнээ боддог нийгэмд бол их спорт нь сайн дурын л асуудал юм. Гоц авьяастан, тусгай төрсөн хүмүүс улсын зардлаар тэр чиглэлээрээ уралдахад буруу юу байхав. Харин бүх нийтийг биеийн тамир спортод уруу татах нь алдаатай бодлого болоод байна. Улс төр, бизнесийнх­ний өмсдөг энэхүү бээлий нь жирийн иргэдийн аж амьд­рал, эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилд  гойд ач холбог­долгүй. Спортод татагдан орсон шалтгааны дийлэнх нь эрүүл мэндийн чиглэлийн сурталчилгаанаас үүдэлтэй байдаг. Байгууллага хамт олон ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч байгаа нь энэ гээд “Бага олимп”, “Спар­такиад” зохион байгуулж, түүнийг нь төр засгаас хөхиүлж, зөв зохистой арга хэмжээнд тооцсоор ирсэн. Спортоор тогтмол хичээл­лэсэн эрүүл бие дэх саруул ухааны номлол бидний эмээ өвөөгийн үеэс л ид яригдаж эхэлсэн байх. Хүний амьд­ралын эхний хэдэн үеийг туршлага хуримтлуулж гээд уучилж болох юм. Мөн үүнтэй зэрэгцээд биеийн тамир спор­­тын ямар ч ойлголт байх­гүй, түүнд огт хамрагдаж байгаагүй өчнөөн хөгшчүүл өнөө хэр үнээ малаа саагаад зүв зүгээр яваад байх юм. Энэ тухай  судалгаа хийсэн тай­ланг харах, эрдэмтдийн гарга­сан дүгнэлтийг хүлээх шаард­лага байхгүй. Цаг хугацаа гэдэг сайхан юм өөрөө аян­даа хэлээд өгөх юм. Төр засаг, олон нийтийн байгуул­ла­га хөдөлгөөнүүд дуу дуугаа авалцан биеийн тамир спор­тыг алдаршуулан магтан дуу­лаад л байсан. Энд тэндгүй л байгууллагаа­раа цаначин боллоо, теннис, гар бөмбөг, сагс тоглодоггүй хүн, хүн биш юм шиг л байв. Тавин жил, бараг зуун жил спортсмен явж үзэцгээлээ. Эм тариа биш болохоор спортыг эхлээд хулгана мэлхий дээр тур­шаагүй. Одоо үр дүнг тооцох цаг аль хэдийнэ өнгөрчихөөд байхад урамтай юм сонссон­гүй. Хүмүүс элд­вийн саваагүй зангүй тусмаа илүү гоолиг, хөнгөн шингэн, эрүүл саруул амьдарсан байдаг. Тэгвэл спортоор их хичээллэсний эцэст өвчний үүр, хөгжлийн бэрхшээлтнүүд болон хуви­рах нь түгээмэл, ялангуяа зүв зүгээр явж байснаа  “зүрх”-ээр гэнэт нөгөө ертөнцөд одсон сураг их дуулдах юм. Сүү­лийн үед моод болоод байгаа фитнес, боди-гоор өөрийгөө тарч­лааг­сад хайран цаг хуга­цааг хивж, алба амины эдийн засгийг туйлдуулахаа алдаж байна.

Тэрбумтан, төрийн сайд дарга нар чухал арга хэмжээ уулзалтаа шууд орхиод хаашаа ч юм таг алга болчих­дог. Сүүлд сонсоход заал руугаа гүйж ороод  өргөж тээх  дасгалаа хийн хөлсөө гоо­жуу­лаад суучихсан байна. Аж амьдралаа хүртэл хойш нь тавин байж спортод үнэнчээр зүтгэснийх ядаж эрүүл мэнд нь баталгаатай байж чадсан бол яамай гэхсэн. Өнөөгийн энэ халдварт, хавдарт өвчин эмгэгээс хамгаалахад хэрэг болохгүй. Харин ч хамгийн түрүүнд ханиад тусна. Байнга бэртэж гэмтэнэ.

Шинэ жилээр аятайхан даашинз өмсөх гээд бүсгүй­чүүл нэлээд хугацаанд фит­несээр хичээллэдэг. Энэ тухай бичилтгүй бараг бүгд хэлнэ дээ. Даанч урамгүй шүү. Гурван сар хичээллэс­нийх ядаж ганц сар дураараа идэж уухад жин бан дээрээ санаа зоволтгүй явж чаддаг билүү. Арай гэж гурван “хил” хасаад ганц өдөр өнжөөд жаахан идсэний маргааш буцаад л хуучиндаа орчих­дог. Энэ үнэн биз. Өвчин нь хэт тарга­лал­таас үүдэлтэй. Хүмүүс өнөөдөр дайны өлсгөлөн­гийн үед амьдарч байгаа мэт байнга идэх юм мөрөөдөн шүлсээ залгин амьд­рах бол­лоо. Энэ зовлон­гоос салгах авралын од нь спорт л лав биш. Мөн байлаа ч хэтэрхий их өртөгтэй.

Манай бөхчүүл олны өмнө аятайхан галбиртай харагдахыг боддог юм бай­на л даа. Бэлтгэлийн чөлөө цагаа­раа хэвтээ шахалт хийхээр хөх нь түхийгээд нэг хэсэг сайхан болдог гэнэ. Тэгээд уг дасгалаа хийлгүй өнжчихлөөр л шалчийгаад хуучиндаа орчихдог. Хэрэв галбираа байнга анхааръя гэвэл барилдах, бэлтгэл хийх ч зав гарахгүй юм билээ гэж байна.

Биеэр хийх ажил хөдөл­мөр хөнгөвчлөгдөөд буй өнөө үед хөдөлгөөнийг нөхөх хэрэгсэл нь биеийн тамир гэдэг. Энэ нь Монголын нөх­цөлд тохирч өгсөнгүй. Эсвэл тохируулж чадсангүй.

Бид хэдэн мянган жилийн турш гүйх нь байтугай явган явж үзээгүй ард түмэн шүү дээ. Ядарсан ч янгиагаа тохох унаатай гээч. Мөн түүнээс гадна өдөр турш хонь мал хариулах процесс нь тийм хөлс асгаруулсан хөдөлмөр биш. Бусад эрхлэх аж ахуй нь ч туйлдаж ядрахаар гүйсэн харайсан өргөсөн тээсэн юм болдоггүй. Гүү саах, унага татахад бяр биш эв ордог. Хөдөлгөөн гээд гойд хийсэн юмгүй атлаа хооллох боло­хоор тарган махыг цадталаа цохиж аваад унтаад өгнө. Иодтой давс ч хэрэглэх энэ тэр бол бүр үгүй. Ингэхэд одоо аль нь зөв зарчим болоод байна даа таминь. Биеийн тамир спорт­гүй бай­сан үеийн монгол эр эм хүмүү­сийн фото зураг дан­даа л  туранхай шөрмөс­лөг харагддаг. Бөх нь хүртэл чөрийсөн юм. Тэгэхлээр энэ хөдөлгөөн дутагдах гэдэг ойлголт бидэнд л лав хамаа­гүй юм шиг. Муур гахай хоёрын хөдөлгөөн бас их сонин. Гахай могжигноод үргэлж гүйж явдаг бол муур өдөржин шөнөжин унтана. Эцсийн үр дүнд энэ хоёр амьтны таргалах жингээ барь­сан байдал манай оно­лын эсрэгээр илэрхий­лэгд­дэг. Орчин цагийн япончууд муур аятай бүх л юманд бол­гоомж­той удаан, сүүлд хөд­лөх боловч хөгж­лөөр ямагт хошуучилна. Харин бид гахай шиг түнтэг­нэж гүйгээд юм болгоны тур­шилтын туулай болж явна. Улс орон маань олон ч тур­шил­танд хамрагд­лаа. Цаа­шид таргалах, турах, эрүүл­жих элдэв туршилтад оро­хоос үнэндээ халгаж байна. БТС-ын өөр ямар нэгэн шинэ давалгаанд ч өртмөөргүй байна. Яамаар ч юм бэ дээ. Яамтай болсных спортын талаар төрөөс баримтлах чигээ сайжруулан шинэчилж засмаар юм их байна. Өнөө­гийн монголчууд хэсэгхэн хугацаанд хүрз, нийвий барьж гар ажиллагаа­тай явснаа одоо гар утас, ширээ, жолооны ард дарга цэрэггүй суугаад авлаа. Эрт урьд цагт бэлчээр дээрээ өдөржин овойж суудаг бай­сан бол өнөөдөр өрөөндөө, кабиндаа хуруугаа хөдөлгөх төдий хөдөлгөөний адил төс­тэй хэмнэлд буцаад оччих­лоо. Тэгэхлээр гимнастикаа өөр­чил­сөн нь зөв байх. Өөр­чилж байгаа нь гээд дахиад туршилтанд оролгүйгээр цаг хугацааны шалгуур давсан хуучин цагийн уламжлалаас хайж үзвэл ямар вэ. Жишээ нь хүмүүс өдөр болгон мөргөл үйлддэг, байсгээд найрладаг байсан. Найран дээр хоёр тал болж байгаад хангинатал дуулна. Уянгалаг хөгжмийн аясанд харвах, гайхалтай өвөрмөц хөдөл­гөөн бүхий бий биелгээг хийхдээ түүн­дээ уусч зүрх сэтгэлээ шин­гээ­сэн байдаг. Одооных шиг  “1.2.3...марш...” гэсэн хэг ёг албадлага байх­гүй. Биеийн тамирын хичээ­лээр орчин үеийн спортыг заахаас гадна хөдөлгөөнийг дээрхээс санаа аван урлаг, шашинтай холбо­вол байнга хөдлөх олон шалтгаан, ач холбогдолтой болно.

Кино, концерттэй адил билет таслаад мөнгө олохгүй л бол энэ спортын уралдаан тэмцээний хэрэг юу байна. Манай Монголд үндэсний бөхийн улс аймгийн цолтнуу­дын барилдаанаас өөр ашиг олчихоор спортын тэмцээн байдаггүй. Өөрийн гэсэн олимп дэлхийн аваргуудтай төрлүүд өөрийн орондоо дэлхийн хэмжээний уралдаан зохиогдсон ч очиж үздэггүй. Энэ нь төр засаг л улс төрийн дотоод гадаад сонирхолдоо их спортыг ашиглаж байгаа болохоос жирийн иргэдийн хувьд үнэгүй жудог биш, үнэтэй  Жавхлангийн тоглолт илүү сонирхолтой. Ард түмний үг, үйл нэгийг хэлээд байгаа юм. Тэрнийг болиулж зааланд хөөж оруулах биш харин сонсох хэрэгтэй.  БТС хөгжлийнхөө чинээнд дөхөж байгаа мэдрэмж төрөөд байх боллоо. Англи хүн хөлбөм­бөгөө, япончууд сумо барил­дахаа өөрсдөө улам боль­соор л байна. Харин ирж үздэг нь хэвээрээ. Манай баячуул морь уядаг атлаа өөрсдийнхөө хүүхдийг унуул­даггүй шиг. Ер нь спортод горилогсод гэгч нь аль нийгмийн давхаргын ямар үндэстэн зонхилж байгааг ч бодууштай юм билээ.

Биеийн тамир нь  эрүүл мэнд, чөлөөт цагт хэрэгтэй гэдгийг ойлгосон ч ер нь хүмүүс түүгээр тогтмол хичээл­лэх тун дургүй дээ. Аль ч цаг үед тийм л байсан. Соёлын довтолгооноор нийтийг спортын секцэнд хуу хамж байсан. Эцэст нь хүмүүс усанд орж, шүдээ угааж хэвш­сэн болохоос зарятка хийж сураагүй. Газар болгонд цөөн тооны спортын фанаат, хэнээтнүүд бол бий. Тэдний зүгээс амьтан уруу татаж, дарга нараар төсөв гаргуулж тэмцээн зохиодог юм. Зарим нь ажлынхнаасаа хариугаа авч чадах зорилгоор спортын арга хэмжээ найруулдаг гэж байгаа. Тэр хамт олны тэм­цээн уралдаан нь жижиг гэлт­гүй хөөрхөн шар хор буц­луул­на. Хэрүүл маргаан үүс­нэ. Атаа жөтөө луйвар булхай болно. Тоглоод байгаа ч юм шиг, шоглоод ч байх шиг. Хүмүүс их бэртэж гэмтдэг. Бэртдэггүй юм гэхэд ойрд хөдлөөгүй бие буларч сүүний хүчил нь исэлдэн бие нэлдээ маш их өвддөг. Энэ нь эрүүл мэндэд тийм сайн юм биш шүү дээ. Ийм алдаг оног биеийн тамирын арга хэмжээ ба байнгын өглөө үдэш шог­ших аль нь ч дэмий гэдгийг өнгөрөн одсон цаг хугацааны дараа л мэдэж авав. Арай өргөн хүрээний улсын чанар­тай уралдаан томрох тусам их муухай юм болдог. Олон сайхан анд нөхөдтэйгээ тангараг тасарч гомдоосны эцэст энгэртээ медаль зүүх бол түгээмэл. Дараа нь спор­тоо спиртээр угаах гэдэг юм болно. Цус асгаруулан хөнөөл­­дөж байхаар энэ нь арай дээр гэсэн тэмцэл тулаа­ны л нэг хувилбар юм. Энэний оронд байгууллага хамт ол­ноороо, гэр бүлээрээ салхинд гарч дуулж бүжиг­лэдэг, харз­ны усанд шумба­даг, мөргөж залбирдаг өдрүүд­тэй болж хэвших нь хамаагүй дээр. Ялангуяа Улаанбаатар хотод хамаагүй гүйвэл угаартана шүү. Дулаа­хан ба баян орны хийх ажил­гүй иргэдийн хувьд бол өөр байх л даа.