Өнгөрсөн  баасанд  Зайсан  толгойн  эргэн  тойронд  гялалзах  шил  толь  болсон  барилгуудын  нэгээр  ороод  гарлаа.  Хөдөө  аж  ахуйн их  сургуулийн  зүүнтэй  байрлалтай  дөрвөн  давхар энэ барилгыг  нүүрэн  талын   “Цэнгэг   усны  нөөц,  байгаль  хамгаалах  төв” гэсэн  хаягаар  нь  төвөггүй  олоод  очих  юм  билээ. Байгаль, орчин  ногоон  хөгжлийн  яамны   харьяа  ийм  нэг   байгууллага  Япон  улсын  хөрөнгө  оруулалтаар  баригдаж,  үйл  ажиллагаагаа  эхлээд  яг  нэг  жил  болж  байгаа юм  байна.

Өгүүлэх  ину:    Арван  таван  жил  өнгөрчээ.  “Өнөөдөр”  сонин  тулгаа  тулаад  гурван  оныг  үдэн, ид  ирчээ  авч  байсан  цаг. Нийгэм, залуучуудын  мэдээллийн  албаны  даргаар  томилогдсоны  минь  ердөө  маргааш  нь  буюу  1999 оны есдүгээр  сарын 16-ны өдөр  Ц.Балдорж  эрхлэгч  дуудаж, “...Экологийн  боловсрол  гэж  дуулсан уу,  гаднын хэвлэл  мэдээллийн  гол  сэдэв, редакцын  бодлого  нь  хүрээлэн  буй  байгаль  орчинг  сөнөөж, устгаж  байгаа  хүний  хүчин зүйлсийн  хөнөөл, хор  холбогдлыг   ухааруулж,   сэхээрүүлэхэд  чиглэж  байна.  Яг энэ  сэдвээр  Японд  болох  олон улсын  сэтгүүлчдэд  зориулсан  хагас  жилийн  сургалтад  яваад  ир” гэснээр  хэдхэн   хоногийн   дараа  бөөн  баяр, хөөртэй  амьтан  Япон тэнгисийн  дээгүүр  нисэж  байж билээ. Байгаль,  эх  дэлхийгээ  хэрхэн  хайрлаж,  хамгаалж, бусдад  ЭКО-БОЛОВСРОЛ  олгоход  хэвлэл,  мэдээлэл  ямар  үүрэг  оролцоотой    болохыг  энэхүү  сургалтаас  мэдэж  басхүү  том , том  санаа  тээн  эргэж  ирээд  Эрхлэгчид  тайлагнаснаа санаж  байна.

...Японд  ихэнх  ном, сэтгүүлийг  дахин  боловсруулсан  цаасаар  хэвлэдэг  болохыг  тус  улсад  очиж  үзсэн  монголчууд  анзаарсан  байх. Манайд  хэрэв  хэн  нэгэн  зохиолч, яруу  найрагч, уран бүтээлчийн  номыг  дахин  боловсруулсан,  зузаан  бор  цаасан  дээр  хэвлэвэл  хэрхэх  бол оо.  Чухам   энэ  мэтээс  эко- боловсрол эхэлдэг  юм  байна.  Япончууд  цав  цагаан,  нимгэн  нэгдүгээр  зэргийн  цаасыг  алтнаас  ч  илүү  эрхэмлэдэг.  Харин  тэдний  хувьд  алт  болсон  нэгдүгээр зэргийн  цаасыг  бид  шууд  хог  гэж  үзнэ.  Юун  ном, сэтгүүл вэ,  зүгээр  захын  нэг  албан  байгууллага,  айл  гэрээр  ороход  гаднаас  валютаар  авдаг энэ  үнэт  зүйлс  хог  болоод  овоорсон  байхыг  харж  болно. Нэгдүгээр  зэргийн цаасаар  ном, сонин, сэтгүүл хийнэ, галаа  өрдөнө,  ноорог  хийнэ,  зарим  нэг  нь  бүр  бөгсөө  шувтарна. Гэтэл  бидний  сараачиж  хаяад байгаа энэ цаасыг гаргаж  авахын тулд ямар их хэмжээний ой мод золиослогддогийг мэдэх үү. Цаас бол маш өндөр өртгөөр бий болдог бүтээгдэхүүн.

Монголчууд  цаас  үйлдвэрлэдэггүй  мөртөө  ямар  цамаан, үрэлгэн  болохыг  энэ  мэтчилэн   ярилцаж,  тухайн  үед   “Өнөөдөр” сонин, “Ажнай” корпорацын  дэргэдэх  Хүүхэд  залуучуудын  боловсролыг  дэмжих  Вундеркинд   сангаас  хамтран  гаргадаг  байсан  хүүхдийн “Би Би Би” сонинг  түшиглэн  зурагт  номыг   дахин боловсруулсан  цаасаар (recycle paper)  хэвлэж   болох   юм  байна  гэсэн  бидний  яриа, ЭКО БОЛОВСРОЛ  олгодог  Японы  төвийн  талаарх  эрхлэгчийн  сүрхий  сонжсон  лавлагаагаар   өндөрлөсөн ч,  дараа  жил нь  би удаан  хугацаагаар  гадагш  явснаар энэ сэдэв  мартагдсанд  харамсдаг  юм.

Харин  Эрхлэгчийг  бурхан  болсны  дараа  “Өнөөдөр” сонины нэгдүгээр  орлогч  эрхлэгч  байсан  Л.Болормаа,  хариуцлагатай  нарийн  бичгийн  дарга Н.Сарангэрэл  бид  хэд  сониныхоо  редакцын  дэргэд  ЭКО  танхим  байгуулж,  хожим  орлогч  эрхлэгч  байхдаа  “Өнөөдөр” сонинг  эко-сонин  буюу  “GREEN PRESS”  өргөмжлөл  хүртэж,  ногоон  навч  бүхий  логотой  болсны  дараа  экологийн  сэдвээр  дагнасан  секцтэй  болгосондоо   өег  явдаг.

Энэ  бүхнийг   дурсан  товчхон  өгүүлэхийн  учир  Бал  эрхлэгчийн  тэртээ  он  жилүүдэд  санаж,  сэдэж, төлөвлөж  байсан  нийгэмд  ЭКО-БОЛОВСРОЛ түгээх  хүсэл, мөрөөдөл  бодитоор  хэрэгжиж  буйг  нүдээр  үзэж, сэтгэл  баяссанд  билээ.

Японд  хүрээлэн  буй  орчны  тухай  мэдлэг, боловсролыг  иргэддээ , тэр  тусмаа  хүүхэд,  залууст  олгоход  чиглэсэн  танин  мэдэхүйн  сургалт, үйл  ажиллагаа,  аялал, лекцийг  тусгай  төв,  байгууллагуудаар  дамжуулан  олгодог  бөгөөд  маш  сайн  үр  дүнд  хүрдэг   болохыг  нь  харсан. Тухайлбал  Токио  хотын  “Туул” болох  Аракава  голын  эрэг  дээр  байх  төв,  Окинава  арал  дахь  сургалтын  төвүүдийн  үйл  ажиллагаатай  танилцаж  явахад  Монголд  нэг  ийм  төв  байгуулагддаг    болоосой  хэмээн  эрхгүй  бодогдсон  бодол  маань  биелжээ.

Япончууд  буцалтгүй  тусламжаар  бидэнд  бэлэг  болгон  барьж  өгсөн  энэ  төвд  заавал  зочлон  үйл  ажиллагаанд  нь  хамрагдаасай, монголчуудын   заавал  үзэх, мэдэх учиртай газрын  нэг юм  шүү  гэдгийг  дуулгах  байна.

Барилгыг   нь  хүртэл  эко  материалаар  барьж,  нар, салхины  энергээр  халаалт, дулаанаа  авчихна.  Байгаль,  эх  дэлхий, ус, голоо  хамгаалах  зорилготой  гэх  төрийн   болон  төрийн  бус  байгууллагууд  маш  олон  болсон  энэ  үед  тэдний  хэд  нь  ямар  ажил  төлөвлөж,  юу  хийдэг  нь  тодорхойгүй  байдаг.

Харин  Зайсанд  байх  эл  төв  эрс  ялгарна. Японд олон жилийн  өмнө төрсөн  сэтгэгдэл  босгоор нь  алхахад  л  эргэн  сэргэлээ.

Байгалийн  түүхийн  музейгээс  дутахгүй  үзмэр  бүхий  танхим  нэгдүгээр  давхарт  нь  байна. Монгол  оронд  амьдардаг  зэрлэг  ан, амьтан, хэвлээр явагч,  жигүүртэн,  мах , өвсөн  тэжээлтнүүдийн  чихмэл,  ургамалын  зүйл, төрөл,  усны  нөөц, эх  булаг,  цаг  уурын  хувьсан  өөрчлөлтийн  нэн  ойлгомжтой  сансрын  зураглал  гээд  тэр  чигээрээ  мэдээлэл. Мөн  магадгүй  Монгол  байгаа  цор  ганц  AQUA  танхимыг  хүртэл  япончууд  энд  хийхээ  мартсангүй. Туул  голд  байдаг  бүхий л  загас,  хоёр  нутагтанг   тэр  аквариумд  байгааг  харж  болно.  Давхар  болгоны  хананд  өлгөсөн  байгаль,  ан  амьтны  дахин  давтагдашгүй  агшинг  буулгасан  сонирхолтой  гэрэл  зургуудыг   үзэхэд  л  за,  бараг  хорвоог  мартахад  хүрнэ  бий  вий.

Хоёрдугаар  давхарт  сургалтын  өрөө, танхим,  хэвлэлийн  төв, иж  бүрэн  тоноглогдсон  орчин  үеийн  лаборатор  байна.  Энэ  нэг  жилийн  дотор  хорь  гаруй  мянган  хүүхэд , залуус  төвөөр  зочилж,  байгууллага  хамт  олноороо  Богд  уул, Туул  голын  орчны  эко  системтэй  танилцан,  аялал  хийж,  сургалтад  суусан  нь  үнэхээр  бидэнд  дутагдаж,  үгүйлэгдсэн  хэрэгцээ  байсныг  илтгэнэ.

Хамгийн  гол нь  тус  байгууллагад   нийтэд   хандсан сурталчилгаа  жаахан  тааруу  нь  анзаарагдаж  байна  билээ. Миний  хувьд  гэхэд  л энд  ийм  төв  байдаг  гэдгийг  шал  өөр  зорилгоор  очиж  байж  мэдсэн.  Магадгүй  сайн  мэдээг  мэдээ  биш  реклаам, сурталчилгаа,  муу, хар   мэдээг  мэдээ  гээд  хүлээн  авдаг  болчихсон  цаг  үед  ямар  нэгэн  байгууллагыг  магтан  реклаамдаж  байгаа  мэт  санагдаж  байж  болох  юм.  Гэхдээ энэ  удаа  үнэхээр  би   ямар  нэгэн  төлбөр, ятгалаг, гуйлтгүйгээр  энэ  байгууллагын  үйл  ажиллагааг  дэмжин, сурталчилж  уншигчдад  танилцуулахыг  хүссэн  бөлгөө.

Эцэг , эхчүүд  хүүхдүүдээ  дагуулаад  нэг  удаа ч  болтугай  Туул  гол,  Богд  уулаар  аялан, хүн  байгалийн  салшгүй  хүйн  холбоог  мэдрүүл л дээ.  Өчүүхэн  хорхой  шавьж, эрвээхий, шувуу, ан  амьтан,  цэцэг, навч , ургамал,  ус, мод  бүгд  амин  холбоотойг,   эдний  аль  нэг нь  үгүй  болоход  амьд  ертөнцийн  зохистой  зүй  тогтнол  алга  болж  улмаар  оршин  тогтнохгүй  болдгийг  ямар ч  төвөггүйгээр  ойлгож  мэдэх  болно. Хүүхдүүд  төдийгүй  томчууд  та  бид  байгаль  орчиндоо  хэрхэн  зэрлэгээр  хандаж,  юү  хийгээд  байгаагаа, юунд  хүргэх  гээд  байгаа  ухааран  эргүүцлээд  нэг  үзэх  хэрэгтэй  юм.  Утаа, хог  хаягдлынхаа  тухай мянга  ярьж  суухаар  нэг  удаа  ч болов  энэ төвийн  лабораторт  ирж,  ууж  байгаа ус,  гаргаж   байгаа  утаагаа  шинжлээд  үз.  Байгууллага,  хамт  олноороо,  их, дээд  сургууль,  коллеж,  ахлах, дунд  , бага анги,  цэцэрлэгийнхэн  зохион  байгуулж  энэ  төвийн  үйл  ажиллагаанд  оролцвол  нэн  сайхан. Скай - ресорт  байгуулагдсанаар  монголчуудын   амралт,  чөлөөт  цагаа  өнгөрүүлэх  хэвшилд  том  өөрчлөлт  гарсан  шиг  энэ  төв  бидний   амралт  төдийгүй  үзэл  бодол,  ухамсарт  том  шинэчлэл  хийж  чадах  учраас  ийн  тэрлэлээ.  

Бидний  төлөө  харь  улс  санаа  тавьж,  нэг  ийм  сайхан  төвийг  байгуулаад  бэлэглэж  байхад  бид  ядаж  задлаад  үзэх  ёстой  болов  уу.

Дашрамд  дурдахад  “ Цэвэр  усны  нөөц,  байгаль  хамгаалах  төв ”  гэсэн  эл  байгууллагын нэг тийм  хуурай,  албархуу, сэтгэгдэл  үл  төрүүлсэн   нэрийг  өөрчлөх  нь  дээр  юм  шиг  санагдсан.

Бал  Эрхлэгчийн маань  тархинд  тэртээх  он  цагт  энэ  төвийн  дүр  зураг  төсөөлөгдөж   байсан  болов  уу  гэж   би  бодож  сууна.  Тэрбээр  байгаль,  хүрээлэн  буй   орчны  төлөө,  нийгмийн  ЭКО-БОЛОВСРОЛ-ын  төлөө  ясны  тэмцэгч  сэтгүүлч,  нийгмийн  зүтгэлтэн  байсан  юм. Эрхлэгчийн  тухай  бодол, дурсамж  эргэн  тодрохын  шалтгаан    эл  төвөөс  үүдэлтэй  байлаа.  Уншигч  эрхэм  та энэ  төвөөр  заавал  ороорой. Бид  өөрсдийн  зөв  зүг  чигээ  мэдсээр  байж  муйхарладаг  гэмтэй. Сайн  сайхны  мөн  чанарыг  биеэр  мэдэрч,  нүдээр  харж  байж хүлээн  зөвшөөрөх  бөлгөө.