Манай  улсын  боловсролын  салбарт  20  шахам  жил  үргэлжилж   буй  ШИНЭЧЛЭЛ  нэртэй   цуврал  “аллага” –ийн  ээлжит  стратеги  ажиллагааг    гаж  донтон  солонгос  гэр  бүл  болох  эр, эм  Мүүний   үүсгэсэн  ёрын  үзэл  номлол   дор  дагаар  орсон  Б. Насанбаяр гэгч  авгай  сэдсэнээ  олон  нийтийн  телевизээр  ил  тод  зарлалаа.  Тэрбээр  “...  Ерөнхий  боловсролын  сургуулийн  бага, дунд  ангид  зааж  буй  уран  зохиолын  хичээлийг  цагийг  танана,  хасна  ” гэж  хэлэв.

Энэ  мэдэгдлийг  нь  Засгийн  газар, салбарын  яамны  зүгээс   хэрэгжүүлэх   бодлого, байрь  суурь  гэж  олон  түмэн  ойлгосон.

 Учир  нь  тэрбээр  бие  биесээ  огт  мэдэхгүй  эр, эм  хүмүүсийг  зөвхөн  гэрэл зургаар   танилцуулж,  улс   үндэс,   удам  угсаа,  нас   сүүдэр,  дурлал,  хайр  хамаарахгүйгээр  хүчээр  хэдэн  мянгаар  нь  нэг  дор  гэр  бүл  болгож,  замбараагүй,  завхай  ёс  суртахууныг  номлодог  Мүүний  шашны  идэвхтэй  гишүүн, номлогч  Насанбаяр  гэдэг  хувь  фанаатынхаа  зүгээс  бус  Боловсрол, шинжлэх  ухааны  яамны  Стратеги, бодлого  төлөвлөлтийн  газрын  даргын  байр  сууринаас  хандаж    мэдэгдэл  хийсэн  юм.

1990  оноос  эхлээд  Нээлттэй  нийгэм  Соросын  сангаас  Монголын  боловсролын  салбарыг    шинэчлэх, сургалтын  аргачлал, хөтөлбөрийг  өөрчлөх  төслийг  хэрэгжүүлж  байснаа  болохоо  байлаа  гээд   Японы  Засгийн  газрын  Олон улсын  хамтын  ажиллагааны  агентлагын  хөрөнгөөр, тэрчлэн  Азийн  хөгжлийн  банкны  санхүүжилтээр  олон  олон  төсөл  ээлжлэн  хэрэгжүүлж  ирсэн  ч   дорвитой   үр  дүн  гараагүй.  Хамгийн  эцэст  нь   Сү. Батболд, Ё. Отгонбаяр  нар  Кэмбрижийн  стандартаар  “шинэчлээд”  алга  болцгоосон.  Яг  үнэндээ  шинэчлэгдсэн  юм  огт  байдаггүй  болохоор л  шинэ  засаг,  шинэ  сайд  томилогдох  бүрий  шинэчлэх  шаардлагатай  тулгардаг  бололтой.

Энэ олон  шинэчлэл  нэртэй , асар  их  мөнгөн  дүнтэй  операцын  цаана  тэгээд  хожил  хэнд  очдог, хохирлыг  хэн  үүрээд  үлдэж  байсан  нь  одоог  хүртэл  үргэлжилсэн  салбарын  дампуу  төрхөөс  танигддаг  юм. 

Монголын  бүхэл  бүтэн  нэг  үеийнхэн  энэ  “шинэчлэл”-үүдийн  золиос  болоод  хоцорсон.

Л. Гантөмөр  уг  нь  энэ  салбарыг  боломжийн  авч  явах  гэж  байдгаараа  чардайж  яваа  сайд. Гэтэл  түүний  өмнүүр  тэс  хөндлөн  нэг  авгай  гарч  ирээд  баллаж  өглөө  л  дөө.  Ажил, үүрэгт  нь дур  мэдэн  халдаад,  сайдаасаа  давж  шийдвэр  гаргаад  л...

Өчигдөр  түүний  сэтгүүлчидтэй  хийсэн  уулзалтаас   Насанбаярын  мэдэгдэл  яамны  бодлого,  сайдын  байр  суурь  биш  гэж  ойлголоо.  Харин  Мүүнийн  энэ  хийрхэгчийг   салбарынхаа  бодлогыг  тодорхойлох,  төлөвлөх   газрын   даргаар  байлгах  сонирхол  байдаг  юм  уу  гэж  санагдлаа.

Энэ  эмэгтэй  Мүүний шашны  “Оюуны  эрэл” хэмээх  байгууллагыг  Монголд  байгуулж,  хүүхэд  залуусыг  шашиндаа  оруулах  олон  арга  хэмжээг  өөрийн  биеэр  зохион  байгуулдаг,  “Энхтайван-эв  нэгдэл ”  гэсэн  гоё  нэртэй  халхавч   дор  шашин суртлынхаа  үзэл номлолыг  тархаан   санхүүжилтээ  өөрийн   “агуу” эцэг, эх,  ахан  дүүс  Мүүнчүүдээсээ  авчихдаг  нэгэн.  Одоо  тэгээд   Боловсролын   бодлогод   Мүүнээ  оруулж  ирэх  боломжийн  албан  тушаал, эрх  мэдлийг   түүнд  Сайд  өөрөө  бэлэглэсэн  болохоор  дуугарч    чадахгүй  их   зовлонтой   харагдлаа.

Б.Насанбаярынхаар  монголчуудад   уран  зохиолын  хичээл  хэрэггүй  гэнэ.  Уншихгүй  бол  сэтгэхгүй  болдог   гэдэг  юм.   Энэ бол нүцгэн  үнэний  нэг.

Монголчууд  сэтгэх  чадваргүй  болох  нь  түүнд  чухал  бололтой.  Энэ  авгай  Боловсрол, шинжлэх  ухааны  яамны  УУРАГ   ТАРХИ  нь  болсон  газрыг  удирддаг.  Цэргийн   хэлээр  бол  тэрбээр  Жанжин  штабын  дарга  нь  гэсэн   үг.
Хамгийн  моральгүй  шашны  үзэл  сурталч   хүн   тэгэхээр   Монголын  боловсролын  стратегийг   боловсруулж,  төлөвлөж   хэрэгжүүлж   байгаа  хойно  иймэрхүү   мэдэгдэл,  шийдвэр  хойшдоо гарахад    гайхах  зүйлгүй  юм  байна.  
Монголчууд  гайхалтай  уншигч  ард  түмэн  байсан. Гагцхүү  боловсролын  системийн “ шинэчлэл “ нэртэй  бодлогын  удаа  дараагийн   махинациас  болж  маш  ихийг  алдаж  хохирсоор...

Уран  зохиолын  хичээл  бол  хүнд  ялангуяа   хүүхэд  залууст   амьдралыг  үзэх  үзэл , хандлагыг  төлөвшүүлэхэд  хамгийн  чухал  үүрэг  гүйцэтгэдэг  юм.  Хүн  ямар  ч  багш,  зааж  зөвлөх  хүнгүйгээр зүрх   сэтгэлтэйгээ  мэдэрч,  хорвоо  дэлхийг  танин  мэдэж,  уурлаж,  уйлж,  хайрлаж   дурлаж,  хагацаж  шаналж,  баярлаж, хорсох  гээд  бүхий л  мэдрэмжийг  уран  зохиолоос  олж  авч  жинхэнэ  хүн  болж  төлөвшдөг. Хүн   болгон  математик т  суралцах  албагүй,  харин  ном  уншдаггүй  байж  болохгүй.

 Ном  уншдаггүй  хүн  ихэнхдээ  хүйтэн  цэвдэг,  хоосон, сэтгэл  зүрхгүй,  мулгуу  байдаг  юм. Зүгээр  л   робот   шиг  санагддаг. Ийм  хүмүүсээс  адгуусын  авир  гардаг  юм.

Б. Насанбаяр  авгайд, магадгүй  Мүүний  шашинг  дэлгэрүүлэгч,  номлогч    нарт  монгол  хүнийг     адгуус  болгох  зорилго  байдаг  байх.

Монголын  боловсролын  салбарт  Мүүний  шашны  зүгээс  ийнхүү ил  тодоор  “терроризм” хийлээ.