Хэдэн жилийн өмнө Баабартай төв шууданд таарлаа. Тэр үед би номоо хэвлүүлэх санаатай явсан болохоор хэдийг хэвлүүлэх вэ гэж асуулаа. Баабар санаа алдаад,
“Манайд ном уншдаг хүн байхгүй болоод удаж байгаа шүү дээ. Энэ хавийнхан л уншина. Гурван зуу зарагдвал сайн гүйлгээтэй гэдэг юм. Чи яахав 500-г гаргаад үзэх юм уу” гэж билээ.
Би тэр үедээ гайхас гээд өнгөрөв. Дараа нь би номоо Г.Аюурзанаар өмнөх үг бичүүлэхдээ бас л асуусан 1000 явчих биз. За чи тэгээд 200-г хүнд зүгээр өгнө гэхээр 1000-ыг хэвлүүлээд одоо ч бараг дуусч байна. Би ч яахав өчүүхэн амьтан анхны ном гэхэд яахав дээ… гэж бодоод явж байлаа.

Тэгсэн сүүлдээ ер нь ямар ном гүйгээд байна гэж сонирхож эхлэв. “Кино зохиолчдын Библи” гэж ном орчуулаад 300-г гаргасан харин дуусчээ. Гэхдээ хоёр жилийн хооронд, урамшаад дахиад хоёр зууг гаргачихаад сууж байна.

Дээр үед Богд Зонховын “Ламрим” буюу “Бодь мөрийн зэрэг” номыг хийхэд Нэпкотой  хамтран ажиллаж нэвтрүүлэг хийж бөөн юм болсон бөгөөд тэр номыг бүтээгчид гэдэг дотор ч миний нэр байж байгаа. Харин түүнийг сайн пи ар хийж бас буяны хандив маягаар  150 мянга орчимыг хэвлэж тараасан гэсэн тоо сонссон. Энэ ч яахав буян юм даа. Бурхны сургаалийг хэн нэгэн хандив өргөөд үнэгүй тараасан хэрэг.

Өөрөө ном гаргаад эхэлсэн болохоор саяхан нэг таараад тэдний “Непко” хэдийг хэвлээд хэд нь гүйгээд байгааг сонирхвол 500, үсрээд л 1000 зарагддаг гэхдээ бид их олон янзын ном хэвлэж байгаа шүү дээ гэлээ.

 Хөөш миний ном тэр том том аваргуудтай бараг зэрэгцээд байгаа юм байна… гэж баярлахын сацуу бас хачин бодол зэрэгцээд ороод ирлээ.

Тэгээд энэ ертөнцөд ер нь ном яаж гүйдэг юм гэж судалж эхлэв. Гүйлгээрээрээ алдартай “Харри Поттер”-ыг харсан чинь 2005 онд 24 цагийн дотор есөн сая ном гүйсэн. 2007 оны долоон сарын 21-нд бас л өдөртөө 11 сая гүйсэн. Нийтдээ нэг өдөрт 83 сая зарагдсан гэсэн тоо байж байлаа.

Энэ тоог хараад бараг л уйлмаар болоод ирэв. Юун нөгөө “Оюунлаг Монгол” энэ тэр вэ? Бараг гурван сая хүрч байгаа хүн амтай мөртлөө мянгыг зарчихаад баярлаад сууж байгаа улс оюунлаг улс мөн үү?

Ийм цөөхөн хүн ном авдаг юм уу гээд бодохоор дотор харлана.

Хамгийн сайн гүйлгээтэй номоор тодроод байгаа хятад зохиолч Зянь Руны “Чонон сүлд” харин 12 мянга 400,  Оксфордын “Англи Монгол толь” долоон мянга нэг зуу гүйсэн гэсэн тоо олж харлаа. Бас л нэг итгэлгүй санагдаад явчихлаа. Энэ олон хүн англи хэл сураад байдаг ийм цөөхөн гэж үү?  Номонд дурлагсдын фэйсбүүк дэх холбоо гэж бий. Арван хоёр мянга дөрвөн зуун ерэн таван гишүүнтэй. Тэр постод тавиад тоо баримт асуулаа. Хэн ч тоймтой юм хэлсэнгүй. Бас л эго руу нь угаадас цацчихав уу яав одоо болтол л тэнд яриа болоод байна билээ. Харин нэг хүн “Сүүлийн 5 жилийн турш энэ номын зах зээл дотор хутгалдаж яваагийн хувьд зовлонг нь нэлээд гадарлаж байна” гээд,

Хүүхдийн сонгодог зохиолын 100 гаруй ном гаргаж үзлээ.
    
Эхлээд 2009 оны эхээр дэлхийн сонгодог 6 зохиолыг цувралаар гаргав, нэг бүрийг нь 500 ширхгээр хэвлүүлсэн, өнгө зүс муутай байсан байж магад, мөн маркетинг ч муу байсан. Гэхдээ уг зохиолууд нь хаана ч гологдохооргүй, Тухайлбал Зингерийн "Шоша" (Нобелийн шагналт), Борхесийн "Зүүдний ном", Павичийн "Салхины дотоод тал" гэх мэт. Гэтэл 2009 онд дээрх номуудаас нийтдээ 300 хүрэхтэй үгүйтэй нь зарагдсан, өөрөөр хэлбэл нэг номоос нэг бүтэн жилд 50 ширхэг зарагдсан гэсэн үг. Мөн 2009 онд Хүүхдийн сонгодог зохиолын 6 ном цувралаар гаргасан. Нэг бүрийг нь 300 ширхгээр хэвлүүлсэн. Бас л гологдохооргүй "Бяцхан гүнж", "Долиттл Эмчийн аялал", "Нарлаг горхины Ребека" зэрэг дэлхийн хүүхдийн шилдэг зохиолын магнайд л явдаг бүтээлүүд, хөгжингүй орнуудын дунд сургуулийн программд заавал ордог номууд юм. Гэтэл бас хоёр жил болоод нэг номоос 100 орчим л зарагдсан. Тэгээд шилдэг номыг зөвхөн нийгмийн шилдэг оюунлаг хэсэг буюу хүн амын 0,001 хувь нь л хүрч уншиж чаддаг, бусад нь аар саархан маягийн юм уншдаг гэсэн судалгааны үнэнд гүйцэгдсэн дээ. Массын дундаж сэтгэлгээний түвшин тэр юм.Эзра Паунд номоо хорин ширхэгээр хэвлэчихээд “Намайг унших хүн америк даяар 20 л бий. Хангалттай” гэж суусан гэдэг гэж халаглан бичжээ.

Бэстселлэр гээд байгаа номнууд долоо хоногт арав гаруй зарагдахаар л “бест” болдог гэнэ. Хурдан хугацаанд л 500-гаас дээш зарагдвал бэстсэллэр болчихдог юм уу даа. Энэ тоог яг нарийн мэдэх гэсэн хэн ч хариу хэлэхгүй юм билээ. Яагаад нуудаг юм бүү мэд. Г.Аюурзаны “Бөөгийн домог” 4000 зарагдсан гэсэн тоо байх юм.

Дэлхийд анх ном хэвлэж борлуулах ажил зохион байгуулалтайгаар 1470 онд Нюрэнбэргэд үүссэн гэх бөгөөд 1556 онд Британид 8-р Хэнрийн үед олон тоогоор зарагдаж эхэлсэн гэж үздэг байна.

Өнөөдөр дэлхийд зарагдсан тоогоор 1859 онд анх хэвлэгдсэн Английн зохиолч Чарльз Дикенсын “Хоёр хотын үлгэр” 200 сая,1954 -1955 онд хэвлэгдсэн Жэй.Р.Р.Толкайны “Бөгжний эзэн” 150 сая, 1940 онд гарсан Францын зохиолч Антони Сант Эгзопюрын “Бяцхан ханхүү” 140 сая,1754-1791 онд бичигдсэн Хятадын сонгодог зохилч  Чао Шингийн “Улаан асрын зүүдэн буюу Чулууны түүх” 100 сая хувь борлогджээ.

Үүнээс доош 50 сая дөхсөн гэх мэтээр доошлох бөгөөд ихэнх нь англи, герман, япон, испани зохиолчид байх ба Оросоос Н.Осторовскийн “Болд хэрхэн хатаагдсан нь”, Л.Толстойн “Дайн ба энх “ зохиол 30-50 сая хувь зарагдсан зохиол дотор байж байх ажээ.

Зуугаас дээш сая зарагдсан зохиолын тэргүүнд 1997-2000 онд хэвлэгдсэн Ж.К Ровины “Харри Потер” тэргүүлж 450 сая хувь зарагдсан гээд доош цуварна.

Бидний орос  ах нар уг нь 5 нобелийн шагналт зохиолчтой хэрнээ өнөөх бэстсэллэр дотор сураг ч алга. М.Шолохов, А.Солжыцин, Б.Пастернак, И.Бунин, И.Бродский аль ч алга. Ф.Достоевский ч алга.

Манайд 1000 хүрэхээрээ бэстсэллэр болдог бол дэлхийд дээд тал нь 450 сая, доод тал нь 10 сая  хүрч байж тийм нэр авдаг ажээ. Энэ бестсэллэр буюу их зарагдсан номнуудын ихэнхийг, бараг бүгдийг би л лав мэдэхгүй шахуу бөгөөд 50 сая дөхсөн дотор В.Набоковын “Лолита” торойж харагдана билээ. Агата Кристи бас тэр хавьд цохиж явна лээ.

Тэхээр энэ бестсэллер гэдэг ер нь ямар ухагдахуун бэ?

Бас нэг хачин зүйл гэвэл хамгийн их зарагдсан 400 сая давсан толь бичигт хятад хэлний толь орсон байна. Яалт ч үгүй хүний олноор цохиж дээ.

Тэгээд би ном гаргаснаас “Тойм” сэтгүүлдээ нийтлэл бичиж байсан минь дээр юм гэж бодлоо. Хоёр мянга хоёр, мянга таван зуун хувь борлогддог  юм билээ. Нэр нь ойр болохоор “Time” сэтгүүлийг хараад орхитол долоо хоногт 79 мянган хувь зарагддаг гэжээ. Гэхдээ яахав ээ.  450 сая гэж арай гарсангүй.

Ном л даанч гомдмоор юм. Манай хүн амын хэдэн хувь нь ном уншаад байна аа?

Америк 300 сая хүнтэй орон. Их Британи 62 сая хүн амтай бөгөөд ихэнхдээ дээрх хоёр оронд өдөртөө өнөөх хүүхдийн ном 10 саяар гүйж байжээ. Долоохон боть ном шүү дээ уг нь. Шинэ боть нь гарахаар л өдөртөө хэдэн саяар гүйдэг байна.

Манайд ном уг нь ганц шил архины л үнэтэй. Виски энэ тэрд бол хүрэх ч үгүй шахам. Гэтэл өдөрт хэдэн шил архи гүйдэг бол? Фэйс дээр хүмүүс бид ном уншихаасаа илүү нэтэд ордог, тв, үздэг болсон “Ном бол ертөнцийг харах цонх биш харин телевизор бол жинхэнэ цонх” бид оюунлаг гэж ирээд л өөрийгөө өмөөрөөд байна билээ. Бас зарим нь нээрээ ном зүгээр бэлэг, хувцас шиг, бас өөрийгөө ухаантай гэж харагдуулах гэж худлаа ном цуглуулдаг уншдаггүй гэх мэтээр бичсэн байна.

Тэр Британичууд Америкчууд кино үздэггүй нэт мэддэггүй биш шүү дээ. Харин ч их орж үзэж байгаа. Энэ сэдвийг ингээд орхиё. Мэргэн хүмүүс цааш үргэлжлүүлэн бичнэ биз ээ. Өөртөө олдсон тоог гол болгоод үзэхэд монгол хүн ном уншдаггүй юм байна.

Яг ингээд цэг тавих гэж байтал бүр шал өөр мэдээлэл оллоо. 1990 оноос өмнө Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” роман 25 мянган хувь зарагдаж рекорд эвдэж байжээ. Гэтэл тэр үед соц цензурээр 20-30 төрөл зүйлийн ном гардаг байж. Гэтэл өнөөдөр дээр дурдсан “Непко” компани дангаараа 100 орчим төрлийн ном гаргадаг гэнэ. Номын дэлгүүрт орж үзэхэд маш олон төрөл зүйлийн номнууд та олж харах болно. Хувиараа өөрөө ном хэвлүүлээд байгаа хүмүүс маш олширсон бөгөөд “Түвдийн урт наслах арга” ном гэхэд л 15 мянган хувь борлогджээ. Баабарын “Дори идэр дүүдээ зөвлөх нь” гэхэд л 5 удаа хэвлэгдэж 35 мянган хувь зарагдсан бол түүний бичсэн орчуулсан олон ном нийт 600 мянган шахам  хувь зарагдсан байх юм. Ц.Дамдинсүрэнгийн “Орос монгол толь” 100 мянга зарагдаж байсан бөгөөд харин өнөөдөр маш олон толь бичиг гарсан тул тоо цөөрчээ.

Бас Г.Аюурзана; Соц үед 30-40 мянга хэвлэгдээд худалдаанд үлдэгдэлгүй дууссан ном олон бий. Лха.Дарьсүрэн гуайн "Онцгой эрх" тийм номуудын сүүлийг мушгина. Улсын хэвлэлийн комбинатын сүүлчийн супер бэстсэллэр нь Р.Чойномын "Сүмтэй бударын чулуу" байх ёстой. Анх хэвлэгдсэн жилээ 85 мянга зарагдаад дууссан гэдэг. Одоо ч "Өд" сангийнхан зарсаар л байгаа гэж ярив.

Ингээд бодохоор манайд ном уншигчид байсан бөгөөд одоо ч олширч байгаа хэдий ч маш их өрсөлдөөн дотроос номоо олж авах л ганц асуудал үүссэн учраас нэг номны зарагдах тоо төдийлөн урагшилдаггүй  юм байна.

Энэ төгсгөл миний ч, таны ч урмыг жоохон ч гэсэн сэргээж байгаа биз? Монголчууд ном уншдаг болж байгаа юм байна гэж итгэл муутайхан хэлье дээ. Гэхдээ бүр олон төрлийн ном уншиж байгаа гээд “Оюунлаг Монгол хүн бид” гэж дуусгая даа.