Хэдэн жилийн өмнөхөн хүний хөгжлийн 21 мянгыг тарааж байхад банкууд 300 төгрөгний шимтгэлээр “ард түмнийг шулж” буй “увайгүй үйлдэл” гарав. Арвин, Оюунхорол тэргүүтэй эмэгтэй гишүүд үүнтэй шийдэмгийгээр тэмцэж билээ. Хэвлэлийн хурал зарлаж, тэрүүхэндээ хөөрхөн шоу, пи ар хийгээд амжсан. Хөөрхөн л сэдэв.

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар төвийнхөө нэрийг Чингис хот болгож өөрчлөв, дагаад Баянхонгорчууд бас нэр солих хов жив нисэх. Нутгийн нэрийг оновчтой тогтох нь цаашдын ажил үйлст хожоотой байж магад, давгүй л ажил.

Оюутны холбооны хэдэн залуус намрын зэвэргэн цагаар доороосоо дааран байж төрөөс номын сан нэхэж “суув”. Залууст номын сан дутагдаж буй тухай сурталдана, зохион байгуулагч залуу ганган костюмтай зурагтаар гарч од болно. Хүчээр бааранд аваачаад хийчихсэн юм шиг “бид бааранд биш номын санд суумаар байна” гэсэн лоозон өргөнө. Яаж зүгээр суух билээ, чухал л тэмцэл. “Үнэхээр ном уншдаг хүн бол хэзээ ч ийм балай тэмцэл хийхгүй” гэж нэг твитэрч хэлж билээ.

Монголоор дүүрэн шийдэгдээгүй асуудал байтал тэмцэгч холбоод, төр засгийнхан зөвхөн шоудаж болмоор хэдэн сэдвээ тойрох нь сонирхолгүй. Шинэ асуудал бослоо гэхэд олны сэнсаци болохуйц юман дээр л бөөндөө шавна. Хойд эцэгтээ зодуулсан хүү, нөхөртөө зодуулж нас барсан бүсгүй г.м. сэнсацитай хэрэг бүхэн дээр гүйж очоод “зурагтаар гардаг” хүний эрхийн хуульч гээд нэг бүсгүй бий. Гэхдээ “Хүчирхийлэлд өртсөн хүү Хамгийн сайн живх хэрэглэх боллоо...” гэж маркетинг хийсэн нэг компанитай харьцуулахад гайгүй моральтай бүсгүй. Гэх мэт гэх мэт.

Ойрдоо ЭЗ хямраад тиймхэн байна, ядаж сэдэв олдохгүй үед ярьчихдаг Оюутолгой, Тавантолгой нь ч ярих юмгүй цаг. Яаж зүгээр суух билээ, ард түмэн архинд түүртэж байна. Архи мөнхийн сэдэв. Хэсэг гишүүд “архины хяналтын хууль” өргөн барьсанаа зарлав. Хэдэн мянган жижиг дэлгүүрийг хааж, хэдхэн том дэлгүүрт архи зарах гэнэ. Архи ямар хорхой хүрээд л авчихдаг кола, шарсан төмс биш дээ. Уух шалтгаантай нь биш уух газартай нь тэмцээд уулт буурах гэж үү? Магад зүгээр л жижиг дэлгүүрүүдэд очдог орлого том дэлгүүрүүдэд шилжих биз. Харин ч хэдэн мянган дэлгүүрийн эзэд амжиргаагаа алдсандаа архинд орж, ядуусын эгнээг тэлэх вий. Тусгай зөвшөөрөл өгдөг хэдэн авлигач, мэргэжлийн хяналтынхан цулайна даа. Хэн нь тусгай зөвшөөрөл өгөх дээрээ аль хэдийн тохиролцчихоод ч ийм хууль зүтгүүлээд байж мэднэ.  

Архины хорыг бүгд мэддэг ч архины хуулийн хорыг тийм ч их мэдэхгүй нь тоогүй. Ер нь ч тэгээд ямар ч зүйлтэй тэмцэхийн тулд сэтгэлийн хөдөлгөөнөөр уулгалан дайрвал бүгдээрээ "буудуулаад" л дуусдаг. Эргэн тойрон залуус ууж тавьтаргүйтэнэ, хүний ёсонд баймгүй гаж гаж гэмт хэргүүд архинаас үүдэлтэй. Тэмцэх нь зайлшгүй, гэхдээ бусдад таалагдах гэсэн улс төрөөр биш, уурандаа хамаг дэлгүүрийг нь хааж боодог омгоор биш. 

Элдэв холбоод, хүний эрхийн хуульч хүүхэн гэх мэт зурагтаар гарах дуртай ч тэмцэх сэдвээ олж яддаг хүмүүс тэндээ л биз. Ядаж УИХ –ын гишүүд, төрийн томчууд нь улсаар дүүрэн асуудал дундаас жинхэнэ тулгамдсан, чухал сэдэв барьж аваад шоудалгүй тэмцдэг болоосой. Сар бүрийн 1 –нд архи зардаггүй, 21 хүрээгүй хүнд архи зардаггүй г.м. одоо байгаа архины хуулиа эхлээд биелүүлдэг болчихоод дараагийн хуулиа ярьвал дээр биш үү? Амьдралд нийцэхгүй хууль журам нэмэгдсээр байтал “Монголын хууль гурав хоног” гэж хөгийн үг бүүр “хууль” болж.

Эцэст нь сонирхуулж хэлэхэд хүүхдэд зориулсан зарим номонд "Баавгай ах нь спирт найруулж уугаад...", "Тасартлаа уусан туулай ойн бүх амьтдыг зодоод.." гэх мэт зохиолууд гарах нь олширсон. Магад "хүүхдүүдэд архийг жигшүүлэх" гэж хийсэн байх л даа. Хүүхдийн оньсогоны нэг номонд "Бөө биш ч бөөлнө, Бөөндөж идээгүй ч бөөлжинө" тэр юу вэ? гээд нүд нь улайсан эвгүйхэн архичин эрийг зургаар дүрсэлсэн нэгэн оньсого байх. Магад зохиогч нь архичдыг хүүхдүүдэд жигшүүлэх гэж тэр оньсогыг номондоо оруулсан биз. Юундаа муулсан юм, таануусыг бодвол зүгээр суугаагүй архитай тэмцэж байна... Архидалттай тэмцэгчдийг битгий муулцгаа, муусайн архичид...