-Тайванийн тэмдэглэл. Хоёр-

ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ

Манайд Үндсэн хуулийн Цэц гэж нэг аварга амьтан бий. Дээр нь “хөх тэнгэр”-ээс өөр юм тогтдоггүй, тэгсэн хэрнээ дуртай үедээ дуртай зүгтээ налж чаддаг. Ердөө долоохон хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч УДШ-ийн ерөнхий шүүгчийг томилов. Өмнөх Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг хугацаа дуусгавар болмогц Дээд шүүхийн гишүүд хуралдаад Ц.Зоригтыг дахин томилуулахаар Ерөнхийлөгчид санал хүргүүлсэн байна. Уг нь Шүүхийн тухай хуульд “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно” гэж заасан. /15.3/ Ц.Зоригт гэдэг хүнийг дахин томилох тухай хуулийн заалт байхгүй гэсэн үг. Гэтэл хэсэг нөхөд УДШ-ийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьтаад Шүүхийн тухай хуулийн уг заалт нь Үндсэн хуулийн 51.2 дахь хэсгийн “Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно” гэсэн заалтыг зөрчиж байна гэсэн гомдол гаргажээ. Томилгоо хийгдэхээс гурав хоногийн өмнө Цэц дунд суудлаараа хуралдаж, “Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн нь үнэн байна. Үндсэн хуульд Ерөнхийлөгч, Цэцийн дарга нарын дахин томилогдох хязгаарыг зааж өгсөн боловч УДШ-ийн ерөнхий шүүгчийг дахин томилж болохгүй тухай хязгаар тогтоогоогүй байна” гэдэг үндэслэлээр Шүүхийн тухай хуулийн 15.3-ыг түдгэлжүүлэх шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн гишүүд өөрсдөө хүсвэл ерөнхий шүүгчийг хэдэн ч удаа эргүүлэн томилж болох нь. Үүнээс хойш гурав хоногийн дараа Ерөнхийлөгч УДШ-ийн ерөнхий шүүгч Ц.Зоригтыг гишүүдийнх нь санал болгосноор улируулан томилсон байна. Гэтэл дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авахгүйд хүрч, Их суудлын хуралдааны шийдвэр дунд суудлаасаа өөрөөр гарвал асуудал яаж өрнөхийг ёстой чөтгөр бүү мэд. Хэрэвзээ бүхий л асуудал дээр Үндсэн хуулийн нэр барьдаг, Үндсэн хуулийг хэн дуртай нь хүссэнээрээ тайлбарладаг, тэр нь эргээд хууль болдог байх юм бол хууль тогтоох байгууллага гэж байгаад ч, ерөөсөө хууль энэ тэрээр ч яах юм.

Ердөө хамгийн сүүлд болсон факт учраас уг асуудлаар жишээ татчихлаа. Харин Тайваньд Үндсэн хуулийн шүүх нь арай өөр асуудал “эрхэлдэг” юм билээ.

Нэг. Үндсэн хуулийн хэрэглээний тайлбарыг хийнэ.
Хоёр. Парламентаас гаргасан хууль, эрх зүйн акт Үндсэн хууль зөрчсөн үү?
Гурав. Орон нутгаас гаргасан эрх зүйн акт /хотын захиргааны шийдвэр гэх мэт/ Үндсэн хууль зөрчсөн үү? гэдэг талаар дүгнэлт гаргадаг. Гэхдээ гомдол гаргадаг субьект нь өөр. Манайд Монгол Улсын иргэн хэн ч бай, ямар ч албан тушаалтан иргэнийхээ үнэмлэхийг барьж очоод “Би Монгол Улсын иргэн байна” гэж хэлээд УИХ-аас гаргасан хууль, тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, шийдвэр Үндсэн хууль зөрчсөн тухай гомдол гаргаж болдог. Харин Тайванийн хуулиар орон нутгийн засаг захиргаа, төрийн байгууллагууд нь парламентаас гаргасан хууль Үндсэн хууль зөрчсөн талаар гомдол гаргах эрхтэй. Мөн шүүгч өөрийнх нь хэрэглэж байгаа хууль Үндсэн хуульд заасан хүний эрх зөрчсөн талаар гомдол гаргах эрхтэй. Харин хувь хүн бол хууль өөрийнх нь эрхийг зөрчсөн асуудлаар гомдол гаргах эрхтэй. Түүнээс биш парламентаас баталсан хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар өргөдөл, мэдээлэл гаргахгүй.

Хувь хүн энэ гомдлоо гаргахын тулд гурван шатны шүүхээр явж байж, эцэст нь Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Үндсэн хуулийн шүүхэд гомдол гаргадаг юм байна. Байрных нь гадаа машины зогсоол алга байна, энэ нь миний эрхийг зөрчиж байна гэж гомдвол эхлээд орон нутгийн шүүхдээ, дараа нь давах болон Хяналтын шатанд гомдол гаргана гэсэн үг. Түүнээс биш НИТХ-ын шийдвэр, эсвэл УИХ-ын баталсан хууль Үндсэн хууль зөрчсөн талаар иргэн гомдол гаргахгүй. Үүнийгээ тайваньчууд “Хувь хүн гомдол гаргалаа гэхэд үндэслэлээ бүрэн төгс гаргаж мэдэхгүй учраас үүнийг нь Үндсэн хуулийн шүүх ашиглах магадлалтай” гэж тайлбарлаж байна. Тиймээс хуулийг хэрэгжүүлж байгаа засаг захиргаа, төрийн байгууллагууд өөрсдөө Үндсэн хуулийн шүүхдээ гомдол гаргадаг байна. Хэрвээ иргэн Хяналтын шатны шүүхийн шийдвэр Үндсэн хуульд заасан өөрийнх нь эрхийг хангаж чадсангүй гэж үзвэл шүүгчээрээ дамжуулж гомдол гаргана. Шүүгч жишээ нь "Манай шүүхийн гаргасан шийдвэр, хуулийн үндэслэл уг иргэний Үндсэн хуульд заасан ийм эрхийг хангаж чадахгүй байна. Тиймээс Үндсэн хуульд заагдсан иргэний үндсэн эрхийг сэргээж өгнө үү” гэх нь л дээ.

Харин манайд албан байгууллагын өмнө тогтсон мөсөн дээр хальтарч унаж бэртээд хэнд гомдохоо мэдэхгүй мөртлөө хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг зааж зааварладгууд нь захаас аван. Тэрийг нь ч улс төрийн хүчин, хууль хяналтын байгууллагууд овжин ашиглана даа, харин ч нэг. Нэмж хэлэхэд Тайваньд улс төрийн намууд ч бас парламентын гаргасан хууль, шийдвэр Үндсэн хууль зөрчсөн талаар гомдол гаргаж болдог юм байна.

Судалгаанаас үзэхэд Тайванийн шүүгчдийн дундаас залуу шүүгчид илүү хүний эрхийн мэдрэмжтэй, тэр үүднээсээ ч Үндсэн хуулийн шүүхтэйгээ зарга үүсгэх нь олон байдаг аж. Харин дээд шатны шүүхийнхэн бол “Ялж чадахгүй бол шүүгчийн нэр хүнд, карьерт муу” гэсгээд хойшоо сууна. Энэ талаараа “хаа очиж” манайхантай төстэй. Манайдаа дээд зиндааны гэгддэг шүүгчид бол хүний эрх, шударга ёсны үүднээс гэхээсээ илүү “төрийн эрх ашиг, хуульд ингэж заасан” л гэж ярина шүү дээ.

ДАГНАСАН БОЛОН МЭРГЭШСЭН ШҮҮХ ГЭЖ ЮУ ВЭ?

Насанд хүрээгүйчүүд, гэр бүлийн хэргийн шүүх манай шүүгчдийн сонирхлыг хамгийн их татсан. Үүднээсээ эхлээд өндөр зэрэглэлийн апатмент, кинотеатр шиг тохижуулж, хүүхдүүдийн гараар бүтсэн урлагийн зүйлүүдээр чимэглэсэн энэ шүүхэд шүүхийн барилгатай төстэй зүйл нэгээхэн ч үгүй. Шүүх хуралдааны танхимууд нь хүртэл шүүгч, шүүгдэгчийн суудлыг нэг түвшинд аваачиж, гэр бүлийнхэнтэйгээ хамт суухад нь зориулж дугуй хэлбэртэй том ширээний ард тойрч сууна. Анхандаа дөрвөлжин хэлбэртэй байсан ширээг “эрх тэгш” сэтгэгдэл төрүүлэх үүднээс зориуд дугуй хэлбэртэй болгож өөрчилжээ. Хүүхэд шүүгчээс айж эмээхгүйгээр мэдүүлгээ чөлөөтэй өгөх, шүүгдэж байгаа гэдэг айдаст мэдрэмжийг төрүүлэхгүйн тулд шүү дээ. Гэр бүлийн маргаанаар эхнэр, нөхөр хоёр шүүхэд мэдүүлэг өгч байхад насанд хүрээгүй хүүхдүүдийг нь харгалзах тусдаа тохижуулсан өрөөтэй. Хүүхдүүд сайн дурын ажилтнуудтай тоглож, ярилцаж, ээж, ааваасаа болж ямар нэг сэтгэлийн дарамт авахгүйгээр цагийг өнгөрөөх ёстой. Хүүхэд ээж, аавынхаа хэн нэгтэй нь хамт амьдрахаар сонгох шаардлагатай боллоо гэхэд удаан хугацаанд хамт байж чадаагүй нэгнийг нь хүүхэдтэй заавал хамт байлгаж, түүнийх нь дараа шүүх хүүхдийн саналыг асуудаг. Хүүхэд аав, эсвэл ээжтэйгээ ярилцаж байх зуур шүүхийн шинжээч ажилтнууд тэдний яриа, сэтгэлийн хөдөлгөөн, харилцааг үл үзэгдэх хананы цаанаас ажиглаж, ажигласан зүйлээ тэмдэглээд шүүгчид өгдөг. Энэ нь шүүгчийн зөв шийдвэр гаргахад тусалдаг байна. Шүүгч хүүхэдтэй ярилцсаны дараа тэдэнд зориулж бэлтгэсэн тоглоомуудаас бэлэглэж болдог, үүнд нь зориулж шүүхээс багахан хэмжээний төсөв гаргадаг юм байна. Товчхондоо насанд хүрээгүй хүүхдэд “Энд шүүх хурал болсон, надад ял өгсөн”, эсвэл “Аав, ээж хоёрыг шүүхээр салгасан” гэдэг ямар нэг сөрөг сэтгэгдэл, мэдрэмж үлдээхгүйн тулд шүүхийн орчинг ингэж өөрчилжээ.

Сонирхож асуухад насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэргийн дийлэнх хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг гэлээ. Гэтэл Тайваньд, Японд, тэр байтугай Бээжинд явж байхад ч “хулгай огт байхгүй” гэж манайхан ярьдаг. Автобусны буудал дээр гар утсаа мартаж яваад маргааш нь очиход байж л байдаг. Ийм газарт хулгайн гэмт хэрэг байна гэхээр сонин биз дээ. Гэтэл хүн л юм болсон хойно ямар нэг хэмжээгээр шуналын сэдэл байдаг байх нь, хаа газарт. Сургуулийн орчинд уу, өөр хаана гэдгийг хэлж мэдэхгүй л дээ. Тиймээс Тайванийн шүүхийн зүгээс насанд хүрээгүйчүүдийн гэмт хэрэг дээр хамгийн түрүүнд авдаг арга хэмжээ нь засан хүмүүжүүлэх явдал, ялангуяа гэр бүлийнх нь орчинд. 14 нас хүрээд, гэмт хэрэг дахин давтан үйлдээд байгаа нөхцөлд яалт ч үгүй гэр бүлээс нь тусгаарлах шаардлага гардаг байна.

Бидэнд хичээл орсон Гаошуйн Насанд хүрээгүйчүүд болон гэр бүлийн хэргийн мэргэжлийн шүүхийн дарга, хатагтай Чэн Мэй Иэн хүүхдүүдийн зурсан зургуудаас заримыг нь бидэнд үзүүлсэн юм. Нэг охин өөрийгөө их бүдүүн хүзүүтэй, амаа жимийсэн ширүүн төрхтэй, бас нэг хүү гахай толгойтойгоор дүрсэлжээ. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдээс өөрийгөө хэрхэн төсөөлж байгаа болон бусдын нүдэнд хэрхэн харагддаг талаараа зурж үзүүлэхийг хүссэн байж. Охин хэлэх үг хэдий их байвч түүнийгээ илэрхийлж чаддаггүй, сонсох хүнгүй, харин хүү өөрийгөө хүмүүсийн нүдэнд гахай шиг харагддагаа ийн дүрсэлж. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн ихэнх нь ганцаардмал, бусдад гадуурхагдсан, хэдий гаднаа ширүүн, хүчирхэг мэт харагдавч дотоод сэтгэлдээ өөртөө итгэлгүй нэгэн байдаг аж. Тиймээс тэднийг сэтгэлзүйгээр нь засахыг шүүх урьтал болгодог байна. Үүний тулд шүүхэд хүмүүжлийн ажилтан, сэтгэлзүйч, шинжээч, сайн дурын ажилтнууд орон тоогоор болон сайн дураар ажилладаг.

Гэмт хэргийн гаралт манайтай ойролцоо боловч хүн амтай нь харьцуулж үзвэл хамаагүй бага гэдгийг өмнө хэлсэн. Харин шүүгчдийн орон тооны хувьд манайхаас ойролцоогоор дөрөв дахин олон. Шүүхийн захиргааны ажилтнууд ч бас тэр дайны гэж ойлгож болно. Хамгийн их орон тоогоор ажиллаж байгаа нь магадгүй Насанд хүрээгүйчүүд, гэр бүлийн хэргийн шүүх байх талтай. Энэ бол шүүх Тайванийн мэргэшсэн шүүхүүдийн хамгийн тод жишээ юм даа. Орон нутгийн бүх шүүхүүд дотор Насанд хүрээгүйчүүд, гэр бүлийн хэргийн танхим байх бөгөөд Гоашуйн НХГБХ-ийн шүүхийг давж заалдах шатны шүүх гэж ойлгоно. Дээд шүүхэд мөн НХГБХ-ийн танхим бий.

Гэх мэтчилэн шүүх болгон өөр өөрийн онцлог бүхий барилга, архитектуртай. Оюуны өмчийн шүүхийн шүүх танхим жишээ нь дотор талаасаа ямар нэг шүүх танхим гэхээргүй, хана, таазыг нь аль нэг компанийн хурал, уулзалтын танхим шиг энгийнээр засварласан байна. Энд брэнд буюу зохиогчийн эрх, патентын маргааныг шийдвэрлэдэг. Сүүлийн үед хөдөлмөрийн маргаан, бизнесийн чиглэлээр мэргэшсэн шүүх байгуулахаар зорьж байгаа гэнэ. Иргэдийнх нь зүгээс мэргэшсэн шүүх байгуулахыг ихээр дэмждэг юм байна.

Манайд хэдийгээр эрүү, иргэн, захиргааны шүүхүүдээ дагнасан хэлбэрээр байгуулсан ч Тайванийх шиг мэргэшсэн шүүх гэдэг ойлголт одоохондоо байхгүй. Харин хүн ам олонтой нийслэлд шүүгч нарыг гэр бүлийн хэргээр гэх мэт мэргэшүүлж эхэлж байгаа тухай сонссон. Ер нь бол шүүхийн үйлчилгээнд тавигддаг шаардлага Монголд ч, Тайваньд ч адилхан л юм байна. Харин хүрсэн түвшин нь өөр өөр.

Жишээ нь өнгөрсөн гурван жилд манайхан дагнасан шүүхтэй болно гээд эрүү, иргэн, захиргааны шүүхүүдийг тойргийн журмаар байгуулсан. Давж заалдах шатны шүүхүүдээ мөн дагнасан хэлбэрээр байгуултал Үндсэн хуулийн Цэц “Аймаг болгонд байх ёстой” гээд бүгдийг нь нийлүүлчихсэн. Харин Тайваньд орон нутгийн буюу анхан шатны шүүхүүдээ нэг, эрүү, иргэн, захиргааны болон НХГБХ, Оюуны өмчийн гэсэн тус тусдаа танхимуудтай байгуулаад давж заалдах шатны шүүхүүдээ цөөн тоогоор /4-5 хотуудын дунд нэг ч юм уу/ дагнасан хэлбэрээр байгуулсан байна. Гэтэл манайд Цэцийн элдэв дарамтаас болоод “байнд ч үгүй, банзанд ч үгүй” гэдэг болчихоод байгаа. Тайваньд Шүүх эрх мэдлийн байгууллага нь шүүхүүдийнхээ бүтэц, менежмэнтийг хийдэг, Үндсэн хуулийн шүүх нь шүүн таслах ажиллагаагаа л хариуцдаг юм билээ.

НЭЭЛТТЭЙ ШҮҮХ

Энэ бол манай шүүгчдийн хамгийн их эмзэглэдэг, бас сонирхдог сэдэв. Шүүхийн хуралдааныг нээлттэй явуулах, шийдвэрийг цахим орчинд нээлттэй байршуулах нь шүүхийн аюулгүй байдал, хараат бус байдалд нөлөөлж байгаа эсэх талаар шүүгчид хамгийн их анхаарч судлах шиг болно лээ. Хэдийгээр зарим нэг шүүгчийн бичсэн шийдвэр шүүхийн нэр хүндэд муугаар нөлөөлж байна гэх шүүмжлэл гардаг ч ингэлээ гээд тэд лав нээлттэй шүүхээс татгалзах бодолгүй байна. Хэлбэрийн хувьд манайтай адил хаалттай хуралдаанаас /насанд хүрээгүй хүүхэд болон бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг/ бусад шүүх хуралдааныг нээлттэй явуулдаг, сонирхсон хүн бүр ороод үзэх боломжтой юм байна. Бид ч шүүхүүдтэй танилцах явцдаа “Хаалттай” гэсэн бичиг өлгөөгүй танхим болгоныг шагайж, орж гарч явлаа. Арван хэдэн хүн бөөнөөрөө ороод таван минут суугаад гарах хооронд лав манийг “нохой гүйсэн чинээ” тоож харж байгаа амьтан алга. Сонирхоод орж гараад яваа хүн ч гэж алга. Уг нь сууя гэвэл зай талбай, суух суудал хүрэлцээтэй л юм. Харин шүүх хуралдааны танхим рүү орохын өмнө хаалганы гадна талд шүүхийн хамгаалалтын ажилтан “Зураг авч болохгүй” гэдгийг анхааруулсан. Шүүх хуралдааны танхимд зураг авах, видео камер ажиллуулахаас бусдаар чөлөөтэй орж, сууж, сонирхож болох юм билээ. Манайд ч гэсэн хуулиараа нээлттэй ч ороод суухаар нэг шүүгч босч ирээд “Чи хэн бэ, юу вэ? Хэний талаас ирсэн? Бос, гар” гэдэг нь хэвээрээ гэдгийг тэнд явсан манай зарим шүүгчид өөрсдөө ч жаахан ичингүйрэх маягтай ярьж л байна.

Өнгөрсөн удаа Л.Гансүхийн хэрэг дээр явуулсан шүүх ажиллагаа шиг “Нээлттэй шүүх хурал” Тайванийн шүүхүүдэд ч бас болдог аж. Гэхдээ телевизээр шууд дамжуулж энэ тэр шуугиалахгүй л дээ. Ихэнх төлөв олон нийтийн анхаарал татсан, дуулиантай том хэргүүд дээр шүүх нь өөрсдөө санаачилгаараа олон нийтэд зарлаад нээлттэй хийчихдэг юм байна. Харин манайд бол томчууд оролцоод, хэл ам татлаад ирэхээрээ “төрийн нууц”-ад ороод, хамгаалалт авчихдаг гэмтэй. Маргааш С.Зоригийн хэргийн шүүх хурал болно. Шүүх хурлыг хаалттай, нээлттэй хийх үү гэдэг дээр дахиад л шүүх, сэтгүүлч хоёрын дунд бөөн маргаан. Эцэст нь “Шүүх хурлын нээлт, хаалт хоёрыг л сурвалжлуулахаар шийдвэрлэсэн. Бусад нь төрийн нууцтай холбоотой тул хаалттай хийх юм гэнэ” гэсэн зар тарсан байна. Энэ хооронд уг хэргийг шүүж байгаа шүүгчийн карьер л суга өсч, бусдаасаа тасарч байгаа юм байх. Нээлттэй хийлээ гээд энэ хар утаа, түгжрэл дунд “Ганц худаг” руу редакциараа түрж ороод үймүүлээд байх нь юув. Хаалттай гэснээс л хамаг хардлагын үүр уурхай нээгддэг шүү дээ.

Эцэст нь хэлэхэд Монголын шүүх тогтолцоо, Тайванийн шүүх тогтолцоо хоёр их ойрхон түвшинд яваа юм байна. Зохион байгуулалт болон техник технологийн хувьд. Манай зарим аймгуудын шүүхэд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг проектор ашиглаад шүүх хуралдааны бүх оролцогчид үзүүлдэг болсон байна лээ. Тайваньд бол бүр технологи болчихож. Шүүхэд өргөдөл, гомдол гаргах, мэдээлэл хүлээн авах, шүүхийн төлбөр төлөх нь Тайванийн шүүхүүдэд цахимаар хийгдээд эхэлчихэж. Манайх ч гэсэн төсөв нь жаахан гайгүй болоод ирвэл цаг чухам хугацааны асуудал. Онлайн шүүх хурал гэж тэдний онцолж яриад байгаа амжилт манайд ч гэсэн орон нутгийн түвшинд нэвтэрчихсэн. Ганцхан шүүхэд ажиллаж байгаа шүүгч, шүүхийн ажилтнуудын ажилдаа хандаж байгаа, иргэд рүүгээ харж байгаа хандлага л арай жаахан хоцронгуй явна уу даа гэж харагдлаа. Өөр ч юу хэлэх вэ.