Жил болгон л 420-иод мянган тонн улаан буудай хурааж авч гурил үйлдвэрлэнэ гэсээр байгаад энэ тоог бараг цээжилчихэж. Хүний тоо өсөөд байхад гурилын хэрэгцээ нэмэгдэх ч үгүй, хасагдах ч үгүй сүүлийн хэдэн оныг үдлээ. Энэ намар аанай л нөгөө 400 мянгаа барьчихвал дотоодын хэрэгцээгээ бүрэн хангачих аж. Энэнээс илүү ургац хураавал авах газар олдоггүй, ялангуяа тээрэмнээс үлдсэн үлэмж хивгийг малчид мөнгө гарздан малдаа авч өгөхөө болиод удаж байгаа. Хивэг байтугай хадлан бэлдээгүй байхад мал нь өсөөд байгаа юм чинь арга байж уу. Мянган жилийн уламжлалт  тариачин  хөрш хоёр орон маань биднээс талх, мантуу автлаа мөн ч өдий биз дээ. Тэгэхлээр манай өнөөгийн зах зээлийн багтаамж нь ойр мөддөө энэ л хэмжээнд газар тариалангаа бариад явчих дүр төрх харагддаг. Одоо нэмж дэмжих, хөгжүүлэх, хөхиүлэх аминд тулсан шаардлага төдий л баймааргүй. Эцсийн бүтээгдэхүүн гаргаж чадаж байгаа үндэсний үйлдвэрлэл гэвэл Монголд гурил будаа, төмс ногоо яах аргагүй мөн. Төр засаг зөвхөн энийг нь зөвтгөсөн үндэслэлээр тариалан эрхлэгчдийг эрхлүүлдэг байх. Түүнээс будаа, төмс хоёрыг ноднин  зах дээр хахтал нь ургуулаад өгөхөд үнэ, инфляци хоёр нохой хуцсан чинээ тоогоогүй. Гадуур бүх хэрэглээний үнэ өсөөд байхад ногоочид илүүдэл төмсөө зоориноосоо гаргаж тонн тонноор нь хог дээр асгаж байв. Үүнд хөдөөгийн борог амьдралаас төрийн томцуул төдийгүй орон нутгийн хурган дарга нар хүртэл хол тасарсан хийрхэл багагүй нөлөөлсөн юмдаг. Дээр доргүй л  үндэсний үйлдвэрлэл гэцгээн, явж явж монголоороо байгаа буянт малын мах, хүнс ногоо л хамгийн ориг нь гэж туйлшраад байсан чинь бодит байдал дээр тийм байж чадаагүй. Хяналт шалгалтаас алс зайд хэн дуртай нь аж ахуй гэгчийг эрхлэн гаднаас элдвийн химийн хор, бордоо, сав баглаа дур дураараа зөөж ирцгээн тариа ногоо төдийгүй сүү цагаан идээгээ хүртэл амар хялбар аргаар боловсруулан иргэдийг хууран мэхэлж үлэмж хохироосон билээ. Хувиараа аж ахуй эрхэлж байгаа газруудын ажлыг сонирхож байхад ухвар мөчид этгээдүүд ногооны зэрлэг зулгаахаасаа залхуураад Хятадаас хамгийн хүчтэй аюултай хор авчирч ирээд талбайдаа цацах зэргээр хөдөө гадаа нүднээс далдуур ямар заваан юм хийж байгааг мэдэж байгаа амьтан алга.
Тэгэхлээр одоо хариуцлагатай уул уурхай, барилгын осол аваар гэхээсээ илүү олон нийт хүнсний аюулгүй байдалдаа санаа зовцгоох боллоо. Тариан талбай дээр улаан буудайтай хамт мутацид орчихсон байж болзошгүй хачин ургамлууд зэрэгцэж урган улмаар гурилын амт чанарыг өөрчилсөн гэх юм. Энэнээс болж олон мянган тонн үр тариа ноднин цавуулаггүй гэсэн нэрийн дор гологдсон. Засгийн газар томоохон гурилын үйлдвэрүүдийг шахсаар байгаад  дотоодын буудайг авахуулсан. Тэнд үйлдвэрлэсэн гурилаар иргэд цагаан сарынхаа бууз баншийг ч хийж чадаагүй. Төрөл бүрийн нарийн боов хийдэг жижиг дунд үйлдвэрүүд аргаа бараад орос казах гурил импортоор оруулж ирэн үйлдвэрлэлээ явуулж байна. Тэр нь хаа очиж хамаагүй найдвартай экологийн цэвэр бүтээгдэхүүн болж таарлаа. Уг нь бид тэднээс илүү эко бүтээгдэхүүн гаргах боломжтой ч тийм жудагтай үндэсний тариаланчид тун ховорджээ. Ер нь бидний өдөр тутам хэрэглэж буй, гуанз ресторанаар дамжин ирэх хүнсний бүтээгдэхүүнийг хаанахын хэн гээч ямар мэдлэг боловсрол, хариуцлагатай нөхөр бэлдэж суудаг вэ? Хүний биед өвчин тусгах хэмжээний химийн хор “үндэсний үйлдвэрлэгчид”-ээс илэрлээ гэсэн зориг муутайхан мэдээлэл энэ хавар цацагдаад нам дарагдсан. Тэр худлаа биш. Арай гэж үндэсний үйлдвэрлэлээ сэргээх гэж ядаж байхад зарим нь ингээд хамаг итгэл найдвар нураагаад хаячих юм. Одоо үүгээр далимдуулан Эрээний ногоо эргээд ирэх нөхцөл нь бүрдчихлээ.

Энэ хаврын онцлогийн хувьд тариаланчид будаа тарьж 400 мянгаар улсад тушаах уу, эсвэл рапс ургуулж 800 мянгыг олох уу гэсэн хоёр сонголттой сууцгаана. Дээрээс рапс битгий тарь гэж байгаа боловч үгэнд нь ордог аж ахуй байгаа ч юм уу. Ихэнх нь ашгаа хараад рапс руу хошуурах чиг хандлагатай. Тэдний хувьд тэр нь ч дээр биз. Ядахнаа л мэргэжлийн агрономичтой, америк, канад техниктэй, энэ хэрээрээ газар тариаланд эргэлт буцалтгүй орчихсон дундаас дээш хүчин чадалтай мэргэшсэн компаниар  хүнсний аюулгүй байдлаа тоглуулбал хожим буух эзэн буцах хаягтай юм даа. Тэр жижиг “сайн дурын уран сайханчид”-ыг гал тогоо руу хамаагүй ойртуулмааргүй байна. Эрх баригчдад сонгогчдоо алдахгүй байх, нэг ч болтугай ажлын байраар дамжуулан эмзэг давхаргынханд сэтгэл гаргасан царай үзүүлдэг эрх ашгийн өрөөсгөл сонирхолтой. Тэгвэл ард түмний гэгээлэг хэсэг нь арай өөр, ядаж эрүүл байхыг хүсч байна шүү дээ. Харин төмсний хувьд Буриадад экспорт хийх нүх олсон бололтой. Энэ сургаар төмсний жижиг аж ахуйнууд хөдөлгөөнд орж үрийн төмс сураглацгаах болж. Техникийн парк шинэчлэлийн хувьд төмсний аж ахуйд Хятадын пад пад хүүхдийн тоглоом шиг жижигдээд Оросын улаан трактор нь идэж уух нь дийлдэхгүй аль нь ч размер таарахгүй зовоодог аж. Мал, тариалан хоёрын мөнхийн зөрчилдөөн аанай л хэвээрээ. Нэг ам бүлтэй өрх байлаа гэхэд аминдаа хэдэн малтай бас тариа ногоотой. Тэгэхлээр одоо хоёуланг нь зэрэгцүүлж тавьчихаад өөрөө өөртэйгөө л хэрэлддэг юм байх даа. Тариа ногоог малаас хамгаалах шалгарсан арга нь гэвэл талбайгаа хаших эсвэл гүн суваг ухах. Хашааг төмрөөр, модоор, тороор янз бүрээр хийж үзсэн. Бүтэлтэй юм болоогүй. Энэ тал дээр төр олон нийт бүр зориуд анхаарал тавин хөдөлгөөн өрнүүлж, сум хөгжүүлэх төсөв төслөөсөө нэмэрлээд бичил блокны үйлдвэрүүд угсраад жаахан цемент олчихвол асуудлыг нэгмөсөн шийдчихмээр юм билээ. Бусад элс шавар, ус, ажиллах хүчин нь хаа сайгүй бэлэн бий.Эхний ээлжинд төмс хүнсний ногооны талбайнуудаа дараа нь тариалангийн талбайг блокон хэрмээр тусгаарлаад аль ч улиралд талбайд мал оруулахыг нь зогсоож чадвал ургац нэмэгдэж заавал химийн бодис хэрэглэх ч шаардлага багасна. Энэ нь дамаа эрүүл хүнсний баталгаа болох учиртай.

Бараг бүх үйл ажиллагаа нь хувийн хэвшил дээр тогтож явдаг салбар гэвэл Хөдөө аж ахуйн яам болов уу. Энэ салбар дээр ажиллаж амьдрагсад засгаас цалинжихгүй, төрийн өмч хариуцдаггүй ч тэндээс хамааралтай асуудал байнга босч байдаг. Малчид тариачид хувьд гарснаар хэт хувиа бодож бэлчээрийн даац хэтрүүлсэн, тариан талбайг халаа сэлгээгүй ашиглан хөрс доройтуулсан, хүнсний аюулгүй байдалд итгэл алдруулсан ноцтой зөрчил гарсаар байна. Үүнийг төр л зохицуулж өгөхгүй бол өөрсдөө зохицож зөв голдиролдоо орох шинж мөд алга. Хотыг залхаасан хэт төвлөрөл, сум аймгийн төв дээр хийлгэх ажил олдохгүй ядаж байхад сайн дураараа мал тариан дээр гараад явагсдад хэн хүнгүй л баяр хүргэж байв. Гэтэл энэ маань төд удалгүй сөрөг үзэгдэл болж хувирлаа. Нийгмийн бүх давхаргынхны хоол хүнсийг мэргэжилгүй харанхуй нөхдүүд бэлддэг болсон нь эргэлзээ төрүүлж байна. Тракторын тос шатахуун, оготнын хор, зэрлэг ургамал устгах грибитици, хот руу аваачиж зарах гэж байгаа манжин лууванг бүгдийг нь нэг амбаарт оруулаад холиод тавьчихсан байдал бол хөдөөгийн нийтлэг дүр зураг. Одоо ингэсгээд тариа ногооны талбай дээр мэргэжлийн хяналт, мэргэжилтэн байтугай насанд хүрсэн том хүн үзэгдэхээ байж, “Монгол орны дотоодын бүх хүнсний хэрэгцээг 100 хувь хангана” гээд амралтаараа ирсэн сургуулийн жаалуудад хамаг ажлаа даатгаад хаядаг мөн ч бөх зүрх шүү. Газар тариалан улирлын чанартай болохоороо тасралтгүй дагнасан ажиллагаа явуулж болохгүй юм. Энэ салбарынхан жилийн гурван улирлын турш дэмий ярьцгаан ганц зуны сардаа л ажиллахчаа болдог. Манай тариачид зав зав бас дахин завтай жаргаж байх зуур гадны бусад мэргэжил нэгтнүүд нь хордлогоноосоо салж, нийгмийн хуулинд захирагдаж, байгалийнхыг нь захирах болсон шинэ дэвшил, технологи, инновацийг эзэмшиж, улам цомхон чадварлаг болсоор л. Хөдөө орон нутгийг хогийн сав болгон нийгэмд багтаж шингэхээ байсан шаарнуудыг аваачиж асгаж байсныхаа горыг амссан улс орнууд одоо улам төвлөрч бүр болж өгвөл нийслэлдээ бөөгнүүлж авахыг хичээж байна.