“МОНГОЛ ГАЗАР” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ц.МЯНГАНБАЯР: МОНГОЛ УЛС ЭРДЭС БАЯЛГИЙН АРВИН НӨӨЦӨНДӨӨ ТУЛГУУРЛАН ТӨВ АЗИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ БАЙГУУЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

1997 оноос хойш алтны салбарт бизнес эрхэлж буй “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяртай ярилцлаа. Монголын урдаа барих бизнесмэнүүдийн нэг тэрээр Америк сонины тасархайг олж уншсанаар геологи, уул уурхайн салбарт эргэлт буцалтгүй орсон түүхтэй. Өнгөрсөн хугацаанд унаж, босох үе түүнд цөөнгүй тохиосон ч Монголоороо омогшиж явдаг түүнийг ард түмэн “Алтны магнат” хэмээн цоллосоор ирсэн. Бартаа ихтэй амьдралын нугачаанд аливаа саад бэрхшээлийг урагш ахих нэг шат хэмээн үзэж, өөдрөг хүсэл тэмүүллээр баялаг бүтээлцэж яваа түүнтэй 17 жилийн амьдралаа зориулсан геологи, уул уурхайн салбарын талаар цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Өнөө цагт хүн бүр ямар нэг зүйлд яарч, цаг хугацаатай уралдаж амьдарч байна. Ялангуяа бизнесийн салбарт өрсөлдөөн ихтэй учраас цаг наргүй хөдөлмөрлөж байж амжилтанд хүрдэг учраас шахуу хөтөлбөрийн дагуу ажиллаж, амьдрах  шаардлагатай болдог. Та ч гэсэн мэдээж тэдний нэг. Ер нь таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Миний хувьд бусад бизнесмэнүүдийн адил ажил ихтэй, цаг зав багатай байдаг. Хийх ёстой ажлаа хийж байхад цаг хугацаа маш хурдан өнгөрөх юм даа.

-Таныг геологи, уул уурхайн салбарынхан төдийгүй монголчууд андахгүй. Цэвээнжавын Мянганбаяр гэхээсээ илүү “Монгол газар”-ын, “Алтны магнат” зэргээр таныг овоглодог. Харин таны хувьд “Алтны магнат” хэмээх цолыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Би 1997 оноос хойш алт, зэсийн хайгуулын ажил хийж байгаа учраас хүмүүс тэгж нэрлэдэг байх. Гэхдээ би хүмүүсийн өгсөн хочинд  ач холбогдол өгч эмзэглээд байдаггүй.

-Та өнөөгийн амжилтанд хүрэхдээ дардан замыг туулаагүй. Олон удаа “шатаж” өөр хэн нэгэн байсан бол больё гэж шантармаар үеүд бишгүй тохиолдож байсан тухай тань уншиж байлаа. Дахин босох сэтгэлийн их хүчийг та хаанаас, юунаас олж авдаг вэ?

-Аливаа ажлыг хийхэд зовлон бэрхшээл болоод “шатахгүй”, дардан замаар явдаг бизнесийн түүх гэж байдаггүй. Ялангуяа Монгол шиг жижиг орны хувьд уул уурхайн бизнес маш олон зүйлээс хамааралтай байдаг. Сүүлийн 15 жилийн хугацаанд манай салбар улстөрөөс маш их шалтгаалах болсон учраас хүмүүсийн хэлдгээр шатаж, унтарч, босч явж байна. Ямар ч бизнес эрхэлсэн хөлс хүчээ зарцуулж, ямар нэгэн зүйлээ золиослохгүйгээр амжилтанд хүрэх боломжгүй. Нэг удаагийн бэрхшээл зовлон цаг хугацааны хувьд түр зуурын асуудал байдаг. Тухайн үеийн шаталт дараагийн ажлын шат, гишгүүр болдог юм. Аливаа зүйл нэг талтай байдаг учраас зовлон бэрхшээл тулгарах бүрт тухайн компани туршлага сууж, урагшилдаг хорвоо шүү дээ. Надад тулгарсан бэрхшээлийг даван туулахын тулд хамгийн түрүүнд би өөртөө итгэдэг. Мөн чадварлаг хамт олондоо итгэнэ. Мэдээж эх орныхоо баялаг, нөөц боломжиндоо итгэдэг учраас миний дотоод сэтгэлийн хүч хязгааргүй байдаг болов уу.

-Та өнгөрсөн хугацаанд харилцан адилгүй мэргэжлийн туршлагатай, олон янзын арга барилтай геологичидтой хамтарч ажилласан. Тиймээс геологич гэж иймэрхүү хүмүүс байдаг юм байна гэсэн дүр төрхийг мэдэрсэн нь дамжиггүй. Таны ажигласнаар геологич гэж ямар онцлогтой хүмүүс байдаг вэ. Ер нь та хичнээн геологичидтой хамтарч ажилласан бэ?

-Геологич мэргэжил бол тухайн хүний сэтгэл зүрх шингэсэн ажил байдаг. Миний хувьд олон сайхан геологичтой уулзаж ярилцан, найзалж нөхөрлөж, хамтарч ажиллаж байсан. Тиймээс геологичдийг аливаа зүйлд үнэн сэтгэлээсээ ханддаг онцлогтой хүмүүс гэж бодож явдаг. Эх орныхоо хөрсний шим баялгийг нээж, түүгээрээ өөрсдөө бахархаж, тэр буянаараа улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж явдаг ийм хүмүүсийг би хүндэлж, хамтарч ажилладаг.

-Таны хувьд өнгөрсөн 17 жилийн хугацаанд геологи, уул уурхайн салбарт ажиллахдаа өөрөө бие даан геологийн шинжлэх ухааныг судалсан. Тиймээс мэргэжилдээ эзэн болоогүй муухан геологичоос илүү туршлага хуримтлуулсан байх гэж бодож байна. Энэ тухайд?

-Миний хувьд цөмийн физикч мэргэжилтэй ч яагаад бусадтай адилхан геологийн салбарт хүч үзэж болохгүй юм бэ гэж боддог. Өнгөрсөн хугацаанд олон удаа бүдэрч унахын цагт өөрийн эрхгүй энэ салбарыг судалж эхэлсэн. Манай компанид ажиллаж байсан хүмүүс ч гэсэн их зүйл сурсан. Олон жилийн хугацаанд чамгүй их хөрөнгө зарцуулж байж бид тодорхой хэмжээний амжилтанд хүрлээ.

-Та геологи, уул уурхайн салбарын сайн, муу бүхнийг мэднэ. Өнөөдөр геологи хайгуулын салбар хүнд нөхцөлд байна. Тиймээс энэ байдлаас гарахын тулд нэн тэргүүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Манай улсын хувьд геологийн салбарт зориулсан үндэсний хэмжээний бодлого гэдэг зүйл одоогоор алга. Бид хөгжлийн тодорхой үе шатанд л явж байна. Манай орны геологийн салбарын хөгжил, мэргэжилтнүүдийн ур чадвар Канад, Австралийнхны түвшинд үнэхээр хүрэхгүй байгаа. Тиймээс шинээр төрөн гарч буй залуу мэргэжилтнүүдээ өндөр түвшинд бэлтгэж, мэдлэг боловсролыг нь баяжуулах сургалт семинарыг тогтмол явуулж, шинэ техник технологийг нэвтрүүлэх зэргээр олон төрлийн ажил хийх хэрэгтэй байна. Геологи хайгуулын ажлыг хүнээр жишихэд уул уурхайн цус нь юм. Тиймээс хамгийн чухал салбараа монголчууд бид хүндэтгэж, тэргүүн эгнээнд нь явуулах нийгмийн болоод эдийн засгийн зайлшгүй шаардлага тулгарчээ. Ингэснээр бид Канад, Австрали, Хятад зэрэг улсуудтай өрсөлдөх боломжтой болно.

-Саяхан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг батласан нь бодлогогүй байсан геологийн салбарын хувьд нэг ахиц байж болох юм. Ер нь уг баримт бичиг хэр бодитой болсон бэ, та өөрийн байр сууриа илэрхийлнэ үү?

-Уг нь УИХ-ын ухаантай гишүүд уг баримт бичгийг баталсан учраас муу болсон гэж миний хувьд бодохгүй байна. Гэхдээ хамгийн гол нь уг баримт бичиг бодит амьдралд хэр зэрэг нийцэж байна вэ гээд харахаар хөрсөн дээр ерөөсөө бууж өгөхгүй юм. Сүүлийн үед геологи, уул уурхайн салбарын нэр хүнд иргэдийн дунд маш их унасан. Энэ нь улстөрчид болоод сэтгүүлчдийн боловсролын асуудалтай холбоотой. Нөгөө талаараа хөдөө орон нутгийнханд геологи хайгуулын ажлын талаар үнэн бодит мэдээлэл өгч, тайлбарлан таниулахгүй байгаатай ч холбоотой юм. Монгол Улсын 20-30 жилийн ирээдүйн амьдрал геологи, уул уурхайн салбараас ихээхэн хамаарах тул бид зохицуулах зарчмын бичиг баримтуудаа боловсруулахдаа амьдралд нийцсэн байдлаар хандахгүй бол эргээд цаг хугацаа үрсэн асуудал болж хувирна.

-Тэгэхээр таны хэлснээр геологийн салбарыг өөд нь татахын тулд юуны өмнө боловсон хүчний асуудалд анхаарлаа хандуулах ёстой гэж ойлгох нь зөв үү?

-Эдийн засгийн суурь харилцааг өөрчлөх хэрэгтэй байна. Монгол Улс эрдэс баялгийн арвин нөөцтэй учир Азийн хөрөнгийн бирж байгуулах бүрэн боломжтой юм. Геологи хайгуулын ажлыг Хөрөнгийн биржтэй холбосноор ямар ч хамааралгүй, гадна үлдээд байгаа малчид, жирийн иргэдийн хувьд уул уурхайн салбараас ирэх эдийн засгийн ашгийг хүртэх боломж нээгдэнэ. Тиймээс холбох эдийн засгийн механизм бол яах аргагүй уул уурхайн бирж. Уг биржээр дамжуулан геологи хайгуулын ажлыг санхүүжүүлэх, татварын бүртгэлийн системд хамрагдах, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хуваарилах зэрэг асуудлууд явагдах ёстой. Ингэж байж улс орон зөв голдрилоороо хөгжинө.

Хэрэв одоогийнх шиг бүгдийг нь салгаж үзээд байх юм бол иргэд геологи, уул уурхайн салбарынхан газар ухаж байгальд хор хөнөөлтэй ажил хийдэг гэсэн ойлголттой харин тариаланчид, малчид хүн ардаа хүнсээр хангаж буянтай ажил хийж байгаа юм шиг харагдсаар байх болно. Үнэндээ хэдэн 100 мянган км кв атар газрыг сүйтгэн тариалан эрхэлж, малын бэлчээр нэрийдлээр хөрсийг үгүй хийж байгаа нь буянтай сайхан ажил гэж магтан дуулдаг хэрнээ сэтгэл зүрх, авьяас чадвараа зориулан байж эрдэс баялаг олохын төлөө ажиллаж буй геологичдийн нэр хүнд унасаар байх болно. Уг нь геологичид тариалан эрхлэхээс илүү их хэмжээний хөрөнгө зарцуулан хайгуул хийснээр ашигт малтмал олж улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа үнэт баялаг бүтээгчид шүү дээ. Тариалангийн ажил болоод геологи хайгуулын өрөмдлөг хийх хоёр чинь яг адилхан зорилготой юм.

Геологи хайгуулын салбар хөрөнгө мөнгө их зарцуулдаг хэрнээ эрсдэл ихтэй, баялаг олдохгүй шатаад өнгөрөх тохиолдол элбэг. Гэтэл геологийн хайгуул хийгээд юм олоогүй тохиолдолд“хохь нь” гэж хэлдэг хэрнээ юм олчихоор “яасан зэвүүн хог вэ” гээд ад үзэх юм. Ийм байж болохгүй шүү дээ. Тиймээс эдийн засгийн харилцааг зохицуулахын тулд уул уурхайн бирж байгуулах зайлшгүй шаардлагатай байна. Ялангуяа үүнийг жирийн иргэдэд ойлгуулах ёстой. Австрали, Канад улсын геологи хайгуулын жижиг, залуу компаниуд орд газар, лицензээ хөрөнгийн биржээрээ дамжуулан үнэлж, хувьцаа гаргаж, мөнгө босгоод заншчихсан. Тэдний хувьцааг  иргэд нь худалдан авч, үр ашгаас нь хүртдэг тогтолцоотой. Геологи хайгуулын лиценз эхний хоёр жилдээ хоёр давхар байшингийн дайны үнэлэгдэж байхад гурван жилийн дараа гэхэд 50 давхар байшингийн үнэ цэнэтэй болдог бизнес зөвхөн Монголд л байна. Үүнийг харсан гадныхан манай оронд жуниор компани байгуулж, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг. Бид энэ боломжийг ашиглан татвартайгаа холбож Хөрөнгийн биржээрээ бүртгэл хийх юм бол хамгийн зөв алхам болно. Энэ чинь ерөөсөө дэлхий дээр хийгддэг бизнесийн ажил. Харамсалтай нь зарим улстөрчид болоод эдийн засагчдад одоогийн нөхцөл байдал илүү ашигтай байгаа учир уул уурхайн хөрөнгийн бирж байгуулах сонирхолгүй байна. Уг нь бид уул уурхайн хөрөнгийн бирж байгуулснаар бусад орны геологи хайгуулын салбартай өрсөлдөх боломжтой болох юм.

-Зарим эрх баригчдын эрх ашгийн зөрчилдөөний улмаас ойрын үед манайд уул уурхайн хөрөнгийн бирж байгуулагдахгүй учраас  зөв голдрилдоо орж хөгжилд хүрч чадахгүй л юм байна даа?

-Энэ чинь “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах баримт бичиг”хэр бодитой болсон бэ гэж асуусан чиний асуултын хариулт юм л даа. Уг нь энэ баримт бичгийг гаргахдаа уул уурхайн бирж байгуулах тал руугаа гаргасан байсан бол асуудал шийдэгдэх байлаа.

-Уг нь улстөрчид геологи, уул уурхайн салбарыг Монгол Улсыг хөгжүүлэх гол түлхүүр гэж нэрлэдэг. Гэсэн ч тэд энэ салбарт хэт хутгалдаж элдэв хориг саад тавьж буй нь улстөрчдийн хэлж байгаа болон хийж буй үйлдэл нь зөрөөд байгаагийн илрэл. Тиймээс ийм “хачин” нөхцөлд хувийн хэвшлийнхэн хэрхэн ажиллах ёстой вэ, жишээ нь таны хувьд яаж ажиллаж байна вэ?

-Одоогийн улстөрчид дунд миний багш, сайн найзууд олон бий. Өнөөгийн улстөрийн нөхцөл байдлыг харахад систем нь буруу байгаа юм. “Үндсэн хууль” болоод“Улстөрийн намуудын тухай хууль”-д заавал засч залруулах зүйл олон бий. Өөрөөр хэлбэл, уул уурхайн бизнест улстөрчид хутгалдах боломжийг одоогийн нийгэм, улстөрийн тогтолцоо олгож байна. Тиймээс “Үндсэн хууль” болоод өнөөгийн сонгуулийн тогтолцоо нь өдөр тутмын амьдралд чөдөр тушаа болж буйг би байтугай бүх хүн мэдэж байгаа. Энэ бол хамгийн гол шалтгаан болж байна. Хоёрдугаарт, Төв Азийн уул уурхайн бирж байгуулах зайлшгүй шаардлагатай. Учир нь манай улс, Канад улстай адилхан өндөрлөг цэгт оршдог учраас эрдэс баялаг ихээр хуримтлагддаг зүй тогтолтой. Бид Казахстантай уранаараа, Чилитэй зэсээрээ, Австралитай нүүрсээрээ өрсөлдөж чадна. Бидэнд цагаан алт ч бий. Тиймээс хайгуулын болоод эцсийн бүтээгдэхүүний шатанд хөрөнгийн биржээр дамжуулж үйл ажиллагаа явуулах нь бидэнд ашигтай. Цаасан дээр өсөлттэй гарч байгаа ч ард түмний амьдралд мэдрэгдэхгүй байгаа эдийн засгийн хөгжил бодит байдлаар хэрэгжинэ. Уул уурхайн салбараас орж ирсэн хөрөнгийг халамж хэлбэрээр хавтгайруулан тараах нь утга учиргүй, бодлогогүй алхам юм аа гэдгийг зовлон туулж байж бид ойлголоо шүү дээ. Тиймээс энэ асуудал хөрөнгийн бирж байгуулснаар шийдэгдэх боломжтой болно.

-Миний хувьд залуу хүн учир ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж харах ёстой байх. Гэтэл өнөөгийн нийгэм, улстөрийн нөхцөл байдлыг харахад таны хэлснээр ашигт малтмалын арвин баялгаа ашиглан хөгжилд хүрэх боломж Монгол Улсад бүрэн байна. Харамсалтай нь улстөрчид нийгэм, эдийн засгийн амьдралд үр өгөөжтэй байх хамгийн гол арга болох Төв Азийн хөрөнгийн бирж байгуулах боломжийг эрс эсэргүүцэж байна. Магадгүй ойрын жилүүдэд хийхгүй ч байх магадлалтай. Тиймээс монголчуудын тэр дундаа залуу үед ирээдүй үнэндээ бүрхэг харагдаж байна л даа?

-Амьдрал өөрийн гэсэн хуультай. Буруу бодлого явуулахын хэрээр эдийн засаг нурж, ам.долларын ханш хиймлээр өсч байна. Үнэхээр бид нээлттэй нийгэм байгуулж байгаа юм бол бусдын түүхээс гарцаагүй суралцах ёстой. Мөн сүүлийн үед яригдаж буй төрийн засаглалтай эдийн засгаас ч гэсэн суралцах хэрэгтэй. Хэзээ ч төгс онол, зах зээл гэж байдаггүй. Хүн бүр өдөр тутмынхаа амьдралд алдаа гаргадаг. Харин алдаагаа ямар хугацаанд давтаж байгаагаас шалтгаална.Ирээдүй бол харьцангуй ойлголт. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад бүтэхгүй мэт санагдаж байгаа ч маргааш зөв голдрилдоо орох цагт ирээдүй маань гэрэл гэгээтэй харагддаг хорвоо. Ирээдүйг гэрэл гэгээтэй, амьдралыг өнгөтэй харагдуулахын тулд яаралтай хөрөнгийн биржтэй болж орлого олох хэрэгтэй байна.

-Геологи, уул уурхайн салбарт нэвтрүүлэхийг хичээсэн боловч яагаад ч болж өгөөгүй, хэвшил болгож чадаагүй зүйл танд бий юу?

-Мэдээж тийм зүйл байгаа. Миний хувьд геофизикийн маш үнэтэй багаж төхөөрөмж худалдан авч ажилдаа ашиглахыг хичээсэн ч огт болж өгөөгүй. Учир нь манай геофизикийн салбар үнэхээр доогуур түвшинд байна. Эцсийн эцэст аливаа компани хүмүүсээсээ хамаардаг юм билээ. Геофизикийн салбарыг хөгжүүлэх, мэргэжилтнүүдээ бэлтгэн чадавхжуулахад асар их хугацаа шаарддаг учраас геофизикийн үнэтэй багаж худалдаж аваад ашиглаж чадалгүй орхисон доо.

-Эдийн засгаа богино хугацаанд сэргээхийн тулд “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь үр өгөөжөө өгсөн. Хэдийгээр сөрөг зүйлс дагуулж байсан ч өдгөө “Зэс”, “Нүүрс” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлж байна. Ер нь ашигт малтмалыг төрөлжүүлж дэмжих нь өмнөх “Алт” хөтөлбөр шиг үр дүнтэй, ашигтай байж чадах болов уу?

-Алт бол онцгой таваар. 3000 жилийн тэртэйгээс хүн төрөлхтөний хөдөлмөрийн үнэлэмжийг алттай харьцуулж жигнэж ирсэн.Амьдрал, улстөр хэзээ ч зөрчилгүй тайван байдаггүй.Манай урд, хойд хоёр хөрш өөрийнхөө мөнгөн тэмдэгтийг аль болох хэвлэхийг хичээх тэр үед хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж, баялгийг тоолж буй нэгж бол алт болж байгаа учир улс орны хувьд онцгой бүтээгдэхүүн юм. “Алт” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс сүүлийн 20 жилийн хугацаанд 200 орчим тн алт олборлосон боловч өнөөдөр Монголбанкинд хоёр тн хүрэхтэй үгүйтэй л алт байгаа. Эдийн засгийн ийм бодлого явуулж огт болохгүй шүү дээ. Өнгөрсөн оны эцсээр манай “Монголын алт үйлдвэрлэгчдийн  холбоо”-оос УИХ-ын холбогдох байнгын хороонд санал тавьснаар алтны роялти татварыг 2.5 хувь болгож батлуулж чадсан. Эдийн засгийн орлогын хувьд үүнээс өөр ашигтай хууль өнгөрсөн онд гарсангүй.

-Тэгэхээр салбараа мэддэг хүмүүс нь ашигтай байж болох хуулиа боловсруулсан нь илүү үр дүнтэй юм биш үү. Түүнээс тухайн салбарын нарийн ширийн зүйлсийг мэдэхгүй улстөрчид хууль санаачилж, баталснаар амьдралд нийцэхгүй хуулиуд төрөн гарсаар байна?

-Манай холбооныхон ярилцаж байж энэ хуулийг санаачилсан. Хятадын алтны татварын хувь хоёр хувь, Оросынх гурван хувьтай байдаг. Тиймээс бид хоёр орны дунд байгаа гэдэг утгаараа дунджаар нь 2.5 хувь гэдэг саналыг тавьсан.Өөрөөр хэлбэл Хятад, Солонгосын алтны ченжүүд 10 хувийн өндөр татвартай алтыг худалдаж авч чадахаа больсон гэсэн үг юм. “Нинжа” нар жилд 3-4 тн алт олборлож байсан, сүүлийн үед энэ хэмжээ багассан байх. Монгол бор төгрөгийг дэлхийн аль ч улс оронд хүлээн зөвшөөрч авдаггүй. Тиймээс бид “Нинжа” гэх муу нэртэй хүмүүстээ Монгол бор төгрөгөө өгөөд алтыг нь худалдан авч байгаа. Анх “Алт” хөтөлбөр хэрэгжиж эхэлж байхад бидэнд алт тушаасны төлбөрийн 50 хувийг валютаар, 50 хувийг Монгол мөнгөөр олгодог байлаа. Бид Монгол мөнгөөрөө цалингаа тавьж, бензин шатахууны зардалдаа зарцуулаад, валютаараа гадаадаас сэлбэг, хэрэгсэл худалдаж авдаг байсан.Тэр үед төв банкинд алт хуримтлагддаг байсан юм шүү. Харин сүүлийн үед хэт либералчлагдсанаар бүх алт улсад төвлөрөхгүй гадагшаа урсан гарч Америкийн хэвлэсэн ам.доллар л банкинд үлдэж дээ.

-Та бүхний ажилд чөдөр болж буй ер нь байгаад ч хэрэггүй ямар хууль, эсвэл хуулийн заалтууд байна вэ?

-Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хайгуулын ажлыг зогсоосноорхуучин лицензүүд дээр ганц нэг орд олдсон ч улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах,даацтай шинэ ордууд нээгдсэнгүй. Гадаад түншүүд маань Монголд хөрөнгө оруулах гэхээр шинэ ордууд алга гэж хэлж байгаа нь энэ бодлого буруу байсныг илтгэн харуулж байгаа хэрэг. Мэдээж эмх замбараагүй байсан лицензийн асуудлыг цэгцэлсэн талтай ч ийм удаан хугацаанд хайгуул хийх зөвшөөрлийг хааж болохгүй л дээ. Хэтэрхий удаан хугацаагаар лиценз олгохгүй байснаар баруун, зүүн, хангайн бүс нутгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг  давхар хааж байгаа хэрэг юм.

-Гадны хөрөнгө оруулагчдыг уриалан дууддаг ч “найдвартай” хамтрагчид гэсэн тодорхойлолтыг хууль эрхзүйн тогтворгүй орчны улмаас бид хүртээд байгаа. Өнөөдөр алдаагаа засах гэж оролдож байна. Гэсэн ч үндсээр нь өөрчлөх ёстой ямар хуулийн заалтууд одоо хэр нь байсаар байгаа вэ?


-Манай улс “Хөрөнгө оруулалтын тухай хууль” баталснаа олон нийтэд зарлаж хөрөнгө оруулалтыг уриалан дуудсан. Гэтэл гадныханд хөрөнгө оруулах зүйл бидэнд байхгүй байна. Хайгуулын ажлыг хааснаар өрөмдлөгийн 400 гаруй компани ажилгүй зогсож байгаа нь байж болохгүй үзэгдэл. Хэрэв бид Канад, Австрали шиг уул уурхайн орон болж хөгжие гэж бодож байгаа л юм бол энэ мэт үйлдлээ таслан зогсоох хэрэгтэй байна. Канад улс гэхэд АНУ-ын худалдааны эргэлтийн 55 хувийг дангаараа гүйцэтгэж байна.Канадын уул уурхайн эдийн засаг ийм хэмжээнд хөгжиж чадсан байна. Бидний хувьд тэднээс дутахааргүй эрдэс баялагтай, хил залгаа оршиж буй хойд, урд хөршүүд маань том гүрнүүд байна. Тиймээс бид энэ боломжоо ашиглан хөгжих боломж байна шүү дээ.

-Гадныхан манай улсад орж ирж бизнес эрхэлснээр сөрөг тал бий юу?

-Мэдээж цаг хугацааны хувьд сөрөг тал бий. Бусад оронд Оюутолгой шиг том ордын хөрөнгө оруулалтын болоод бусад гэрээг 12 жилээр хийдэг. Гэтэл манай улс 30 жилээр гэрээ байгуулж  ажиллаж байна. Нэг талдаа мөнгөгүйн зовлон байгаа ч бид гадаадын хөрөнгө оруулагчдыг тухайн ордыг 12 жилийн хугацаанд эзэмших хуулийн заалттай  байсан бол хүссэн хүсээгүй гадны хөрөнгө оруулагчид орж ирэх л байсан. Хөрөнгө оруулагчид тэр хугацаанд оруулсан хөрөнгөө нөхөөд харилцан ашигтай ажиллах боломж бүрэн бий.

-Та олон орны хүмүүстэй хамтарч ажилладаг. Тэдгээрээс ойлголцоход амар, итгэл алддаггүй ч юм уу тийм хүмүүс нь ямар улсынхан юм шиг санагдсан бэ?

-Хайгуулын ажилд Канадчууд дайчин, зоригтой, овсгоотой ханддаг. Харин Австраличууд хэтэрхий удаан. Хятадууд геологи хайгуулын ажлын түвшнээр Канад, Австраличуудыг гүйцэхгүй. Ер нь Австраличууд ч гэсэн Канадуудад гологддог юм билээ. Канадчууд  Австраличуудын бий болгож чадаагүй зүйлийг хийж Торонтод дэлхийн уул уурхайн бирж байгуулан түүнийгээ бизнесийн төв болгож чадсан. Латин Америк, Африкийн орнууд бүгд л Торонтогийн хөрөнгийн бирж дээр гарч төслөө танилцуулж, мөнгө босгож хамтарч ажиллаж байна шүү дээ.

-“Зэс”, “Нүүрс” хөтөлбөрүүд “Алт” хөтөлбөр шиг үр өгөөжтэй байж чадахгүй гэсэн үг үү?

-Социализмын үед ч үр өгөөжөө өгч чадаагүй юм. Бид тээвэрлэлтээс хамаарсан бизнес дээр Хятад улстай өрсөлдөх бодлого явуулж болохгүй. “Баяжия гэвэл замаа барь” гэдэг энгийн боловч цаанаа асар гүн утга агуулсан Хятад үг байдаг. Хятадуудын хувьд дэд бүтцээ барьж байгуулсныхаа дараа эдийн засгаа хөгжүүлж эргэлтэнд оруулдаг тогтсон дэг жаягтай.Тэд манай хил рүү бараг таван газраас зам тавьсан байхад манайхан нэг ч салаа төмөр зам урд зүгрүү барьж чадалгүй олон жил өнгөрч байна.Ийм байхад нүүрс хөтөлбөрийн тухай ярих хэрэг байна уу.

-Улс эх орны хөгжилд хувь нэмрээ оруулж буй үндэсний томоохон компаниуд манайд цөөхөн бий. Хувийн хэвшлийнхэнд үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад олон саад бэрхшээл тулгардаг учраас тэр байх. Үндэсний компаниудаа хөл дээрээ бат зогсоход дэм болохын тулд улсаас ямар дэмжлэг үзүүлэх ёстой гэж та боддог вэ?

-Миний хувьд улстөрчдийг хувийн компанийг үндэсний уурхай шиг дэмжинэ гэж хэзээ ч хүлээдэггүй. Хоорондоо учраа олж чадахгүй байгаа хүмүүс биднийг дэмжиж чадахгүй. Хаврын улирал ирж, ид ажил эхлэх гэж байхад “Давхар дээл” яриад л сууж байна шүү дээ, тэд. Ийм хүмүүсээс бид дэмжлэг хүлээгээд сууна гэж байхгүй.

-“Чингис бонд”, одоо “Самурай бонд” яригдаж байна. Дараа эргүүлэн төлөх нөхцөлтэй тэр их мөнгийг хий дэмий үрэн таран хийж байгааг шүүмжлэх хүмүүс олон бий. Ер нь баялгаа барьцаалж зээл авах нь хэр зөв шийдэл вэ?

-Өнөөдөр “Чингис бонд”, “Самурай бонд”-ын тэн хагасыг үрээд дуусжээ. Уул уурхайгаас олсон татвар, үр ашгаас бий болсон хуримтлалаар эдгээр бондын мөнгийг эргүүлэн төлнө. Гэтэл үргүй зарцуулж буй мөнгийг эргэн төлөх тухай асуудал одоохондоо бүрхэг харагдаж байна. Уг нь уул уурхайн салбарыг зөв хөгжүүлээд авч явах юм бол “Чингис бонд”, “Самурай бонд” бага мөнгө л дөө.

-Танай компанийн ажилчдын хөдөлмөрийн хөлс өндөр цалинтай гэгддэг бусад салбартай харьцуулахад 25 хувиар илүү байдаг гэсэн. Та ажилчдаа үр бүтээлтэй, удаан хугацаанд ажиллуулахын тулд ямар арга хэрэгжүүлдэг вэ?

-Монголын уул уурхайн үндэсний компаниуд хүнд нөхцөлд байна. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн хэлснээр бид нөөцөөрөө л явж байна. Мэдээж аливаа албан байгууллагын хувьд хамгийн чухал нь хүний нөөцийн асуудал байдаг. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд орсон өнөө үед үр бүтээлтэй ажиллахын тулд хүн рүүгээ чиглэсэн бодлогыг компанийн удирдлагын хувьд биелүүлж байна. Мөн мэргэжилтнүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэхийн тулд байнга сургалтанд хамруулах хэрэгтэй гэсэн хоёр зарчмыг барьж ажилладаг. 

-Ер нь таны бодлоор Монгол Улс хөгжиж байна уу, аль эсвэл?

-Монгол орон хөгжиж байна. Гэхдээ дэндүү их алдаа гаргаж байна. Улстөрчид болоод бизнесийнхэн маш их цаг хугацаа алдаж хэтэрхий үнэ цэнэтэйгээр урагшилж байгаад миний хувьд харамсаж явдаг. Олон давхар барилга баригдаж, автомашин олширч зам түгжирч байгаа нь хөгжлийн нэг хэлбэр юм уу даа. Үүнийг дагаад дор хаяж эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Тиймээс дотоодынхоо хэрэгцээг хангахын тулд уул уурхайгаа хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болно.

-Та алтны салбарт олон жил ажиллаж байгаа учраас “нинжа” нар болоод байгаль, экологийн тулгамдсан асуудлуудыг өмнөө барьсан төрийн бус байгууллагуудтай өдөр тутам тулгарч, “тэмцэл” өрнөдөг байх. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?

-Малчдаас сонгуулийн санал авахын тулд байгаль хамгаалах нэрийдлээр шоу хийдэг улстөрчид маш их байна. Мөн өөрсдөө нэг ч мод тарьдаггүй хэрнээ тэмцэгчийн дүртэй хүмүүс нийгэмд түгээмэл болж. Гэхдээ энэ бол цаг зуурын л үзэгдэл. Өнөөдөр Монголд байгаль орчны асуудалтай холбоотой 7600 төрийн бус байгууллага байна. Тэдгээр улстөрчид болоод төрийн бус байгууллагынхан нөхөн сэргээлт хийхийг шаарддаг. Би Монгол хүнийхээ хувьд байгаль орчноо хамгаалах ёстойг хэнээр ч хэлүүлэлтгүй хийх ёстой зүйл гэдгийг мэднэ.Гэхдээ алттай газарт шороо асгаад зүлэг тарина гэдэг зүйл миний толгойд буудаггүй. Гэтэл тэд ийм утгагүй зүйл шаардах юм. Монголд дэлхийн аль ч оронд байдаггүй нэг хууль байдаг ньХангайн бүсийн 46 дугаар өргөргөөс хойш геологийн хайгуулын ажил хийхийг хориглодог. Энэ хуулийг батласан хүмүүсээс бид тийм “тэнэг” юм уу.Ер нь хангайн бүсийн байгаль халдаж болшгүй сайхан, харин говийн бүсийнх яасан ч хамаагүй байдаг юм уу, ингэж алагчилж үзэж болохгүй. Харин ч говийн бүс экологийн хувьд их эмзэг. Хэрэв тэдгээр улстөрчид үнэхээр байгаль дэлхийдээ хайртай л юм бол “ухаантай” хуулиуд боловсруулах байлаа. Үнэндээ малчдын тархийг угаасан хуулиуд геологи, уул уурхай, эдийн засгийн салбарыг боомилж байна. Ялангуяа “Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын тухай хууль” болоод “урт нэртэй хууль” Монгол Улсын алтны салбарыг боомилсон. “Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар”-ыг цуцалсан ч дотоодын компаниуд татварын өртэй хоцорсон шүү дээ. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалттай “Бороо гоулд”, “Оюутолгой” зэрэг компаниуд татварын өргүй болж байх жишээтэй. Уг нь иргэн болоод аж ахуй нэгжүүд хуулийн өмнө эрх тэгш байна гэж “Үндсэн хууль”-ндаа тунхагласан санагдах юм. Гэтэл “Бороо гоулд” компани татвар төлөхгүй, харин Ц.Мянганбаяр чамтай тогтвортой байдлын гэрээ байгуулахгүй, чи татвараа төлөх ёстой гэж л хандаж байна. Ийм улс эх орон, эдийн засаг  байж болох уу. Ийм тогтолцоог улстөрчид ойлгодог хэрнээ өөрчлөхийг хүсдэггүй.

Төв Азийн өндөрлөгт оршиж буй Монгол орны хангайн бүс, гол мөрөн өөрийгөө нөхөн сэргээнэ. Үнэндээ гол мөрөн яаж бүрэлдэн тогтдог тухай ямар ч ойлголтгүй хүмүүс ийм хачин хууль боловсруулаад явж байна.Тэгвэл хяналт тавьдаг БОЯ, МХГ ямар ажил хийх юм бэ. Нэг жишээ хэлэхэд, хуучин цагт алт олборлож байсан Толгойтын уурхайд очоод бид уурхайг нь олсонгүй. Байгаль дэлхий өөрийгөө ингэж тэнцвэржүүлсэн байна.

Манай уул уурхайн салбарынханд алдаа дутагдал маш их байгаа. Бид хөдөө орон нутгийнханд хийж буй ажлаа сайн тайлбарлаж ойлгуулаагүй, зарим компаниуд нөхөн сэргээлт хийхгүй орхидгийг үгүйсгэхгүй ч Монгол Улс уул уурхайн салбартаа түшиглэж хөгжих нь тодорхой, тэр хэрээр байгаль орчноо нөхөн сэргээх ёстой. Үнэндээ улс эх орны эдийн засгийг бодох юм бол “урт нэртэй хууль”-ийг өөрчлөх хэрэгтэй байна. Бидэнд байгаль орчноо нөхөн сэргээх чадвар бий. Харамсалтай нь тэр хуулийг өөрчлөх хүсэлтэй бас зоригтой хүн алга.

-Геологи уул уурхайн хувийн хэвшлийнхэнд тулгарч буй бас нэг дарамт нь орон нутгийн засаг захиргаа болжээ. Холбогдох яам, агентлагаас хууль ёсны дагуу бичиг баримтаа бүрдүүлээд ажил явуулах гэхээр орон нутгийнханы эсэргүүцэл, эсвэл элдэв янзын төлбөр хураамж нэхдэг. Ялангуяа жижиг компаниудад энэ дарамт илүү мэдрэгддэг байх.Энэ тухайд таны бодлыг сонсох гэсэн юм?

-Орон нутгийн дарамт шахалт нь компанийн жижиг, томоос хамаардаггүй. Захын нэг байцаагч, багийн хурган дарга, согтуу залуу ирээд манай геологичдийг дарамталдаг. Ер нь орон даяар ийм дүр төрхтэй байна. Тэд ажил хийлгэдэггүй хэрнээ манай суманд сургууль, соёлын ордон барьж өгөөч, сумын ойн баяр болох гэж байна хандив өг гэж нэхдэг. Мөнгө нэхэх байсан л юм бол ядаж бидний ажлыг хийлгэх хэрэгтэй биз дээ. Тиймээс энэ байдлыг зохицуулах хуулийн механизмыг бий болгож өгөөч гэж улстөрчдөөс гуйж байна даа. Олборлосон алтныхаа 2.5 хувийг тухайн суманд үлдээгээд байвал хөдөө орон нутгийнхан бидний ажлыг ойлгож, дэмжинэ шүү дээ. Гэтэл төвлөрсөн төсөв нэрийдлээр улсаас тухайн хөрөнгийг нь татан авчтухайн суманд нь үр ашиггүй байхаар орон нутгийнхан биднийг ойлгохгүй эсэргүүцэх нь аргагүй л юм даа. Тиймээс хийх ажил их байна.

-Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулан ажиллах гэхээр байнга элдэв янзаар дарамтлаад байхаар мэдээж шантрах үе байдаг байх. Монгол хүмүүс, Монгол бизнесмэнүүд аливаа зүйлд их сэргэлэн ханддаг, амжилт гаргах чадамжтай хүмүүс. Тиймээс энд ингэж зовж байхаар гадагшаа гарч бизнес эрхэлсэн нь дээр юм даа гэсэн бодол танд төрдөг үү?


-Миний таньдаг зарим бизнесмэнүүд Мъянмар, Лаост очиж алт ухаж байгаа. Тиймээс заримдаа Монголд ажиллах гэж зүдэрч байхаар тэр нь ч дээр юм уу даа гэсэн бодол төрдөг.

-Та улс төрд хэзээ нэгэн цагт орно гэж боддог уу?

-Эдийн засгийн хөгжил ийм байвал улс төрд орсон ч яахав дээ.

-Цаг зав гаргасан танд баярлалаа, ажлын амжилт хүсье.


 Д.ОЮУНЖАРГАЛ