НАТО бол юуны өмнө Европын аюулгүй байдлыг батлан дааж ирсэн цэрэг-улс төрийн хүчирхэг механизм. Тэр утгаараа Украины хямралын ид өрнөл үед Оросыг үндсэндээ Европоос хасчихсан. 2014.04.01-нд НАТО-гийн Зөвлөл Гадаад хэргийн сайд нараа цуглуулж хуралдаад ОХУ-тай хэрэгжүүлж ирсэн цэрэг, иргэний бүх хамтын ажиллагаагаа зогсоохоо зарласан. Зарламагцаа Крымд явагдсан референдумыг хуулийн дагуу хэмээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэн, Украин дахь Оросын цэргийн интервенц гэгчийг хатуу буруушаасан. АНУ НАТО-тай зэрэгцэн Оросын эсрэг хориг тавих, цэрэг ба иргэний хамтын ажиллагааг зогсоох, таслах алхмыг бүр ч эрчтэй хийсэн. АНУ, НАТО, ерөөсөө европынхны хувьд Орос нь Хельсинкийн төгсгөлийн баримт бичиг–35 улс гарын үсгээ зурсан (1975 он), Парисын  Харти–57 улс  (1990 он), Будапештын Меморандум (1994 он) – Украин, АНУ, Орос, Их Британи – Украины  тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, тогтсон хил хязгаарыг хүндэтгэнэ гэcэн тэр амлалтыг хөсөрдүүлснийх нь төлөө ийнхүү хариу үйлдэл хийсэн. Яг ийм өрнөл үед нь би НАТО-д зочилсон юм. Өөрөөр хэлбэл ОХУ-ыг шууд дайсан хэмээн үзнэ гэдэг байр суурь руу шилжсэн үед нь очиж байгаа хэрэг.



“НАТО Оростой түншлэлийн харилцаа тогтоох гэж хоёр арван жилийн турш чармайлт тавиад, одоо эргээд өрсөлдөгчийн хувиар харьцах болох нь” хэмээн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Александр Вершбов мэдэгдсэн ба тэрээр биднийг Брюссельд очихын өмнө тэгж хэлж байснаа бидэнтэй уулзахдаа ч давтан хэлж байв. Ер нь НАТО-д очоод уулзсан албаны бараг бүх хүн “Сайн байна уу?” гэж мэндлээд л залгуулаад “Украины эсрэг Оросын түрэмгийлэл” гэдгийг амны уншлага мэт ярьж байхтай алхам тутам тааралдав.

Орос хэдийнээ НАТО-гийн дайсан болжээ гэсэн үгийн илэрхийллийг Брюссельд НАТО-гийн төвд, Монс хотод Дээд командлалын штабт нь бишгүй нэг сонсож явлаа. Тэдний ярианы ерөнхий санаа тодорхой: – Оросууд НАТО-г дайснаа хэмээн үзэж байгаа бол бид Оростой харилцаагаа эргэж авч үзэх ёстой, Орос бол манай хувьд түншлэгч биш боллоо, түнш гэхээсээ дайсан ч байж болох юм. Орос нь Крымыг өөртөө  хавсарган нэгтгэж, Украины дорнод хэсэгт эмх замбарааг алдагдуулснаараа НАТО–Оросын харилцааг үндсээр нь өөрчиллөө гээд, одоо ОХУ-тай хэрхэн яаж харилцана даа гэсэн эмзэглэл, болгоомжлолоо тэд илэрхийлж байх аж.

Холын зочин бидэнтэй манай хуучин холбоотон асан экс-коммунист Унгар, Чехословак, Польш улсаас НАТО-д шилэгдэн ажиллаж буй дипломатч, цэргийнхэн олонтаа учирч уулзаж явахад надад нэг хачин гэмээр сэтгэгдэл төрлөө. Тэд маань нас тогтсон, 40-50 гаран насны нөхөд байна. Эх орон нь ЭЗХТЗ-ийн болон Варшавын гэрээний байгууллагын гишүүн байсан, эх оронд нь социализм, коммунизм байгуулж,  коммунист нам мандаж байсан гэх ямар ч дурсамж, ой санамж тэдний тархи толгойд алга болжээ. Тэд хорвоод мэндлэхэд л эх орон нь НАТО, Европын Холбооны гишүүн байсан юм байна. Нөгөө аугаа коммунизм, пролетарийн социалист интернационализм маань ингэж хурдан ул мөргүй арчигдах гэж дээ?  

НАТО дорно зүг тэлнэ, тэллээ л гээд оросууд боож үхээд байдаг. Эх орон нь НАТО-гийн гишүүн болчихлоо, НАТО-гийн цэрэг нутагт нь ороод ирлээ хэмээн Унгар, Чех, Словак, Польш, Болгар, Румынд эсэргүүцэн тэмцсэн нь бүү хэл жагсаж үймсэн ганц ч тохиолдол байхгүй, харин ч үндэсний баяр бахдал нь болсон хэмээн тэд бардам ярих авай.  



Тэгэхлээр геополитикийн ийм төсөөлөл надад харагдлаа. Төв болон Дорнод Европын экс-коммунист улсууд шинэ сорилтын өмнө нүүр тулж байгаа юм байна. Оростой хөрш зэргэлдээ, хуучин коммунист эвсэлд харьяалагдаж байсан тэдгээр бүлэг улс орны бүрэн эрхт байдал, ардчилсан сонголтыг нэгдсэн хүчнээр хамгаалах шинэ зорилт тулгарч байгаа юм байна. Үүний нөгөө талд Орос нь орос хэлт, орос гаралтай ертөнцөө хамгаалах нэрийн дор их гүрний шинэ бодлогоо хөршүүддээ тулгах, ийм хоёр өнцөг НАТО-д харагдаж байх аж. АНУ, НАТО-гийн батлан хамгаалах, тогтоон барих бодлого хуучирсан буюу нэг загварт хэт баригдсан нь Крым, Украин дээр харагдаж, одоо тэгэхлээр Украиныг хамгаалах бус НАТО-гийн үндсэн гишүүн орнуудыг (энд Балтийн гурван улс эн тэргүүнд орно) Оросоос хамгаалах л үлджээ. Украиныг Орос элдвээр гоочилбол байлдахаас бусад бүх төрлийн хориг арга хэмжээ– санкц гэдгийг бүх талаар хэрэгжүүлнэ хэмээн НАТО-д үзэж байна.   

НАТО-гийн албаны хүмүүсийн тэнд хөндөн ярьж байгаа, гадаадын экспертүүдийн сонирхол татаж байгаа тэр чухал асуудал болох Орос, Украины талаар монгол судлаачийн байр сууриа би илэрхийлж явлаа. Монгол бол Оростой олон мянган км хуурай газраар хиллэдэг, шууд хөрш орон, Оросоос гадаад худалдааны талаар ихээхэн хамааралтай улс учраас Оросын талаар явуулах Монголын бодлого ихээхэн чухал, бас  эмзэг юм.  Украины талаархи НАТО-гийн албаныхны байр суурийг сонсоход Монгол шиг тийм шууд хил залгадаг, хөрш,  худалдаа хийдэг улс тэдэн дотор алга байна. Тэр утгаараа монголчууд бид илүү бодитой харж сэтгэнэ гэж би хэлж байлаа...
 
Хичнээн олон санкц тавьсан ч Орос тэснэ, Оросын ард түмэн зовлон даана. ОХУ-ын бодлого эргэлт буцалтгүй, ухрах зам байхгүй.  Нэгэнтээ галт тэрэг хөдөлсөн. АНУ, НАТО, Европын Холбоо, ерөөсөө дэлхийн хамтын нийгэмлэгийн хэн нь ч зогсоож чадахгүй. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, Ерөнхий Ассамблейн аль алин нь ОХУ-ны эсрэг олонхиороо санал өгсөн, тэглээ гээд НҮБ-ын тогтоол үйлчлээгүй. Орос орон эдийн засгийн санкцаас гарах өөр олон гарц олж харж байна.  
 
Ерөөсөө Орос-Украины мөргөлдөөн, ОХУ-ын эсрэг олон улсын хориг тавьж буй энэ цаг үед энэ мөргөлдөөний ул мөр Монголд нөлөөлөхгүй байгаасай л монголчууд хүснэ. ОХУ дотроо тогтвортой байхыг л монголчууд хүснэ. Монгол-Оросын олон арван жилийн худалдаа-эдийн засгийн харилцаа бүү зогсоосой гэдгийг монголчууд бүр ч  их хүснэ гэж хэллээ...