Та бүхэнд амласан ёсоор Монголын цахилгаан мэдээний агентлагийн хураангуй сэтгүүлийн № 62,63-д үргэлжлэн гарсан “Цэргийн яамны шинэ сайд” тайлбар өгүүлэл, Д.Сүхбаатарыг нас барсантай холбоотойүйл явдлын талаарх мэдээллүүдийг хүргэж байна.

Эхний өгүүлэлд хэд хэдэн анхаарал татсан үйл явдлыг дурджээ. Нэгд олонд илэрхий түүхээр Хатанбаатар Зөвлөлт Орос улсаас тусламж гуйх хэрэгт оролцсон “дээд зиндааныхны” нэг байжээ. Хоёрт гамингийн шоронгоос суллагдсаныхаа дараа Барон Унгернтай зөрчилдөж Халхын баруун хоёр аймгийн цэргийн жанжнаар тохоогдсон байна. Гуравт түүнтэй хамт цэргийн даасан ламаар (комиссар) Жалханз хутагт явсан байна. Тухайн үед цэргийн даасан лам нь армийн үзэл суртлын асуудлыг эрхэлдэг байсан бөгөөд Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Дарьжавын Лосол таван замын байлдааны үеэр нэг зам цэргийн даасан ламаар томилогдож байсан юм.

Дөрөвт Барон Унгерн Зөвлөлт Оросод бутцохиулсныхаа дараа Казанцев, Кайгородов, Бакич, Сокольницкийтэй нэгдэж Ховд, Улиастайд түшин байлдахыг зорьсон ба цэргийн түшиц газар бий болгохоор Хатанбаатартай хамт Вандановыг илгээжээ. Тавд Унгернээс Богд хаанд 1921 оны 7 дугаар сард захидал илгээснийг Ардын Засгийн газар өгсөн байна. Хатанбаатарын Улиастайн бослого нь Монголын баруун хэсэгт хоргодох Унгерний төлөвлөгөөг балласан тул түүнд Зөвлөлт Орос улсаас Байлдааны гавъяаны одон шагнажээ, харин Унгерний гол хүч баруун зүгт бус дорно зүгт сарнин зугтжээ. Кайгородовын отряд манай түүхэнд бараг дурдагддаггүй авч нэлээд хүчирхэг бүлэглэл байсныг энд онцлон дурдсан байна. Зургаад Хатанбаатарт Өргөөгөөс зэвсэг нийлүүлж байсан байна. Долоод Д.Сүхбаатарыг нас барахын өмнөхөн Хатанбаатар цэргийн яамны сайд болжээ. Энэ тайлбар өгүүлэл түүнийг сайд болмогц албан ёсоор гарсан гэж үзвэл 1922 оны 2 дугаар сарын эхээр Хатанбаатар сайд болж, мөн сарын 20-нд жанжин Д.Сүхбаатар нас барсан байна. Энэ их анхаарал татсан давхцал юм. Хатанбаатар язгуур угсаатай ч “онцгой” нөхцлөөр маш богино хугацаанд намын гишүүн болсон ба үүнтэй зэрэг Зөвлөлтийн Улаан тугийн одонгоор шагнасан нь анхаарал татсан асуудал юм. Түүнийг цэргийн яамны сайд болоод “цэргийн эргэлт” хийнэ гэж найдаж байсан тухай дурдсан байна.  Мөн Америкчуудтай холбоотой байсан нь үнэн болохыг хүлээн зөвшөөрсөн ба цэргийн сайдыг “их ухаантай, эх оронч” гэх мэтээр магтан тал зассаныг харвал Хүрээн дэх улс төрийн нөхцөл байдал нэн ээдрээтэй байсан бололтой.  Бусдыг мэргэн уншигчид болгоох биз ээ.      

Цэргийн яамны шинэ сайд

№ 62. 1923.02.07.    

Цэргийн яамны шинэ сайд Хатанбаатар Магсаржав бол Сайнноёнхан аймгийн нэртэй ноёны нэг билээ. Автономит Монголын үед хил хязгаарын аян дайнд оролцож, хилийн албанд зүтгэж явжээ. Нэгэн яаманд хэсэг зуур бага тушаалын ажил эрхэлж байв. Автономит засаг унаснаар ажил эрхлэхгүй болжээ.

Автономит засаг унасны дараа олон нийтийн урсгал хөдөлгөөн бүрэлдэж байхад Хатанбаатар тэр үед Ардын нам байгуулах гэж байгааг мэдэж байсан бөгөөд Зөвлөлт Орос улсаас тусламж гуйхыг дэмжигч дээд зиндааныхны тоонд багтаж байв. Хожим тэр хятадуудын эсрэг хуйвалдаанд оролцсон, Зөвлөлт Орос Улсаас тусламж гуйх гэсэн хэмээгдэж том ноёд, лам нар, намын гишүүдийн хамт хятадуудад баривчлагджээ.

Өргөөг Унгерн эзлэхэд Хатанбаатар баривчлагдсан бусад хүмүүсийн хамт шоронгоос суллагдаж, цэргийн яамны сайдаар томилогджээ. Хатанбаатар энэ тушаалд удаагүй юм, учир нь тэр Жалханз хутагт болон төрийн бусад олон нэрт зүтгэлтний адил Унгерний улс үндэстний эсрэг мөн чанарыг ойлгож, үл захирагдаж баруун зүгийн хоёр аймгийг төвхнүүлэх нэрийдлээр Жалханз хутагтын хамт өөрийн аймагт очиж, дээр дурдсан аймгуудын цэргийн командлагч болсон байна. Хатанбаатар энэ хариуцлагатай албан тушаалд Ардын засгийн газар болон оросын явуулын корпусаас Унгерний эсрэг хийсэн тэмцэлд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм.

1921 оны долдугаар сард Унгернээс Богд хаанд бичсэн захидлаас үзэхэд Унгерн Өргөө, Вангийн хүрээг бүрэн алдсан учир Улиастай, Ховдод шинэ бааз байгуулахаар санаархаж, Богд хааныг тийшээ шилжин ирэхийг санал болгосон нь тодорхой байна. Захидлыг хааны ордноос Ардын засгийн газарт дамжуулжээ. Гэвч Богд хаан түүний үгэнд ороогүй бөгөөд бароныг казак, буриад нарын бослого гаргах гэж цөхөртлөө оролдон, Зөвлөлтийн Өвөр Байгалийг түйвээн хоосруулж байх зуур Хатанбаатар Улиастайд бослого гарган тэнд байсан Вандановын цэрэг болон Вандановыг устгажээ.

Улиастайн бослого нь цагаантны баруун зүгт байсан дээрэмчдийг /Казанцев, Кайгородов, Бакич нарын отрядууд/ Унгерний гол хүчнээс тасалж, Улиастайн болон Унгерний гол хүчний хоорондох тавцанг эзэлж байсан хурандаа Казаграндийн отрядыг жагсаалаас бүрэн гаргасан юм. Казаграндыг ар талаас нь Чойбалсан, Пунцаг нарын отряд, зүүн, баруун жигүүрэс нь Хатанбаатарын цэрэг, улаан цэргийн Өргөөгийн бүлэг шахаж байсан учир тэр арга буюу Хятад руу зугтжээ.

Казаграндийн отрядыг устгаснаар Өргөө Баруун Монгол болон Хатанбаатартай холбоо тогтоох бололцоотой болов. Хатанбаатар Өргөөгөөс зэр зэвсэг, удирдамж аваад Ховдын хязгаарт идэвхтэй байлдаж эхлэв. Энэ байлдааны дүнд Казанцев, Кайгородов, Бакич, Сокольницкийн цагаантны дээрэмчид Орос алтай, Урианхай, Хятадын Шинжаан руу ухарсан юм. Дашрамд эдгээр байлдааны дүнд Ховдын хязгаарын нэгэн хийдэд цагаантнуудад бүслэгдсэн байсан Дамбадорж, Байкалов нарын орос-монголын партизаны отряд аврагдсан билээ.                                     Үргэлжлэл бий.

№ 63. 1923.02.10. Бямба

Цэргийн яамны шинэ сайд

Унгернийг шинэ бааз байгуулахаар Зөвлөлтийн Өвөр Байгалиас гарч Улиастай-Ховдыг зорьж явах үед Хатанбаатар Магсаржавын дээр дурьдсан байлдааны ажиллагаа ил өрнөж байлаа. Сүүлчийн тулгуураа алдсан явдал Унгерны дээрэмчдийг бүрмөсөн мөхөөж, барон хичнээн чармайлт тавьсан ч гэсэн тэд түргэн задарч манжуурын чиглэлд яаран сандран зугтаж байлаа. Хатанбаатар Улиастайд бослого гаргаж, Улиастай Ховдын чиглэлд идэвхтэй байлдсан нь Ардын засгийн газрын байдлыг үлэмж сайжруулж, Унгерны төлөвлөгөөг эвдэн түүний цэргийг эцсийн тулгуургүй болгон, Монгол бэхжиж авах гэсэн найдварыг тасалсан юм.

Улиастайд цагаа олж бослого гаргаагүй бол, тэнд Хатанбаатар идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй бол Унгерн баруун монголд богино хугацаанд Оросын 3-4 мянган хүнтэй цагаантны шилмэл отряд, бусад нэг мянган хүнтэй цэргийг нутгийн монголчууд, Алтайн урианхайчууд, киргизүүдээс дайчлан бүрдүүлж чадах байсан юм. Унгерн ийнхүү чамлалтгүй хүчтэй отрядыг тэргүүлэн өвлийн компани эхлэж  үймээнтэй байсан Алтайн бүгд найрамдах улсад халдан орж, тариачны удаа дараагийн ноцтой бослого дөнгөж дарагдаад байсан баруун Сибирьт сүрхий аюул учруулж чадах байлаа.

Унгерн баруун монголд ирсэн бол чухамхүү дээр дурдсан үйлдэл хийх боломжтой байсан нь Ховдын хязгаараас Хатанбаатараас зугтааж Алтайд ирсэн Кайгородовын тэнд тарьсан үймээн самуунаас харагдаж байна.

Улиастайд бослого гаргаж баруун монголыг чөлөөлсөн явдал бол Хатанбаатарын Монгол Ард Улс болон ЗСБНХОУ-ын өмнө байгуулсан агуу их гавьяа мөн. Ийм учраас түүнийг Оросын хувьсгалт цэргийн зөвлөлөөс улаан тугийн одонгоор шагнасан явдал хийгээд Монголын цэргийн яамны сайдын албан тушаалд томилсон нь түүний туршлага, албан тушаалд тохирсон үнэхээр зүй ёсны шагнал болсон юм.

Хатанбаатар цэргийн яамны сайдаар томилогдохоосоо хэдхэн долоо хоногийн өмнө Ардын намд оржээ. Түүний гавъяаг үнэлж намд жинхэнэ гишүүнээр шууд элсүүлсэн байна. Тэгвэл намын дүрэм ёсоор ноёд вангуудыг 8 сарын туршилтын хугацаатай намын орлогч гишүүнээр элсүүлдэг байлаа. Хатанбаатар бол олон нийтийн зүтгэлтний хувьд манай ард түмний бүх давхаргын дунд ихэд алдаршсан хүн юм.

Харгис этгээдүүдээс түүнд хандах хандлага сонирхолтой юм. Тэд Хатанбаатарын намд элссэнд үнэмшдэггүй бөгөөд удахгүй жинхэнэ царайгаа харуулж, цэргийг гартаа авч, Ардын засгийн газрыг дотроос нь дэлбэлэн задалж улаантныг хөөн гаргана гэлцдэг юм.

Гэхдээ харгис этгээдүүдийн энэ найдвар бүтэшгүй юм. Учир нь Хатанбаатар дэндүү эх оронч бөгөөд тиймэрхүү осолтой үйлдэл хийхээргүй их ухаантай хүн билээ.

Хатанбаатар Монголын Америкийг дагалдагч бүлгийхэнтэй нэгдэж байсан үе бий гэлцдэг. Гэвч сүүлийн жилүүдийн хэрэг явдал болон Америкаас Монголын асуудалд хандаж байгаа хандлага Хатанбаатарыг империалист америкт бүрэн урам хугарах байдалд хүргэсэн гэж мөн хэлцэх болов.

Хатанбаатарын цэргийн яамны сайдаар томилсон нь манай Засгийн газрын оновчтой томилолтын нэг болсон гэдгийг төгсгөлд нь хэлье.

Сүхбаатар нас барав...

Эдгээр мэдээнд нэмэлт тайлбар хийхийн оронд анхаарал татсан хэсгүүдийг тодрууллаа. Европ ба монгол заншлыг хослуулсан оршуулга болсон ба “Урьд хожид үзэгдээгүй явдал болов. Талийгаач Сүхбаатарын цогцсыг эртний Монголын ёсноос гадуур булав” хэмээн ихэд гайхан эгдүүцсэн уулга алдалтаар мэдээ эхэлжээ. Иймэрхүү үгс хойно нь олонтаа тохиолдоно. Чандарлах ба булах санал байсан бололтой байна. 2 дугаар сарын 20-ны мягмар гаригт нас барсан тухай мэдээ долоо хоногийн эцсээр хураангуйд оржээ. Эмгэнэл илэрхийлж бичсэн зарим хүний нэр тодорхойгүй байна. Хүний нэрийг овгийн эхний үсэггүй харин хоч ба албан тушаалаар ялгаж бичдэг байжээ. 1921 онд “Дотоод яам” байсан ба заавар өгдөг байсан нь анхаарал татна. Ямар заавар? Өөрийн хүмүүсээ гадны нүдээр тодорхойлсон байх юм. Бодоо нарыг жигшсэн үг ч тааралдаж байна.

Оршуулгын үгэнд залуусыг илэрхий уриалсан үгс олонтаа тааралдаж байгаа нь магадгүй жанжин залуугаараа таалал төгссөнөөс болсон байх. Түүнийг европ эмнэлгээр эмчилж чадахгүй домч нарт даатгасан нь алдаа болсон гэж харамссан байна. Үүнээс үзвэл Д.Сүхбаатар европ эмнэлэгт хандаагүй бололтой. Партизан “Ц-Е”-ийн үгэнд манай албан ёсны түүхэнд дурддагаас өөр тоо баримт гарч байна. Ардын журамт цэрэг 400 биш 300 гаруй байсан ба Хиагтад 10 мянга биш 4000 гамин байсан гэжээ. Өөр олон сонин үйл явцыг гярхай уншигчид анзаарах биз ээ.

№ 69. 1923 оны хоёрдугаар сарын 25. Ням.

                                    ЗСБНХОУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

Монголын ард түмэн, Монголын арми, Монголын засгийн газарт Ардын армийн жанжин таалал төгссөнтэй холбогдуулан гүн эмгэнэлээ илэрхийлэхийн хамт Өргөө хотын орос иргэдийг зоригт дайчин, хөдөлмөрчин Зөвлөлт Орос Улсын үнэнч нөхөр талийгаач Сүхбаатарын оршуулгад оролцохыг урьж байна.

                                                ЖАНЖНЫГ ОРШУУЛАХ ТУХАЙД

Оршуулгын комисс Монголын Залуучуудын Эвлэлийн Төв Хорооноос оруулсан дараах саналыг хүлээн авчээ. Үүнд:

1. Сүхбаатарын цэрэг, намын болон залуучуудын эвлэлийн гишүүдийн жагсаал хийж хүндэтгэлтэйгээр оршуулах.

2. Жанжны цогцсыг чандарлалгүй, газарт оршуулах.

3. Сүхбаатарын дурсгалд түүний хөшөөг босгох

Оршуулга энэ сарын  10-нд, европын хуанлиар хоёрдугаар сарын 26-нд болно.

Оршуулгын цуваа явах чиглэл, нүх ухах газар, оршуулах тодорхой цагийг лам багшийн айлдварын дагуу жич тогтоох болно.

                                             ЦОГЦОСТ ЗАДЛАН ХИЙНЭ

Жанжин Сүхбаатарын таалал төгссөний үнэн шалтгааныг нарийн тодорхойлохын тулд Монгол Ардын Намын Төв Хорооны тогтоол ёсоор талийгаачийн цогцост задлан хийхээр шийдвэрлэжээ.

                                                ТАЛИЙГААЧИЙН ДУРСГАЛД

1923 оны хоёрдугаар сарын 20-ний өдөр Монголын ард түмний бүх анд нөхдийн дурсгалд үүрд үлдэх болно. Энэ бол Монголыг гадаадын мөлжигчид, дотоодын шимэгчдээс чөлөөлөхийн төлөө тэмцэгч шударга ажилтан, чин зоригт дайчин Сүхбаатарын таалал төгссөн өдөр юм...

Миний бие Монголын хилийн зурваст ч, хязгааргүй уудам тал нутагт ч талийгаачтай үндэсний хувьсгалт тэмцэлд хамтран оролцож явсан найз нөхрийнх нь хувьд энэ эмгэнэлт явдлын үеэр дуугүй бАйж чадахгүй.

Хувьсгалч хүнийг хичээнгүйлэн элсүүлж, 1920 онд Москва явж, улмаар 1921 оны эхээр хувьсгалт цэрэг үүсгэн байгуулахаас эхлэн жанжны албан тушаалд сүүлчийн удаа ажиллах хүртэл Сүхбаатарын хийсэн бүх ажилд Монголыг харийн мөлжлөгөөс, ядуу, зүдүү, харанхуй бүдүүлэг байдлаас чөлөөлөх үйл хэрэгт хүчин зүтгэх үзэл санаа нэвт шингэсэн байлаа. Энэхүү тэмцэгч ажил үйлсээ мэдэж, шаргуу, нөр хичээнгүй хөдөлмөрлөн, уян хатан сэтгэл гаргаж, нарийн ээдрээтэй нөхцөл байдлыг ялган мэдэрч, хөдөлмөрчин ард Монголын дайсан, нөхөр хоёрыг сайтар ялган ойлгож, төрөлх, хайрт ард түмэндээ эрх чөлөө олгох замаар замнаж ирсэн билээ.

Монголын өргөн олон түмэн, манай цэргүүд хайрт нөхөр Сүхбаатарыг сэтгэл өвдөн сүүлчийн замд нь үдэх болно.

Түүний таалал төгссөн өдөр тусгаар тогтносон хөдөлмөрчин Монголын дайснууд баярлаж байгаа бол бидний эгнээ цөөрөөгүй, цөөрөх ч үгүй, сулраагүй, сулрах ч үгүй гэдгийг тэд мэдтүгэй. Үгүй ээ, манай гарамгай жанжны үхэл бидний эгнээг улам нягтруулж, бид бүхнийг улам бат гагнан нэгтгэх болно!... Түүний биеэ зориулан зүтгэж явсан үйл хэрэг бол ариун үйл хэрэг, шударга үйл хэрэг мөн, тиймээс ч бид хамтдаа түүний төлөө тэмцэх болно.

Хайрт нөхөр, удирдагч минь тайван нойрс доо! Залгамжлагчид, хамтран зүтгэгчид чинь Таны эхэлсэн үйл хэргийг дуусгана гэдэгт итгэлтэй байгтун!

Шударга хөдөлмөрчин, чин зоригт дайчин минь тайван нойрс доо, таны гэгээн дурсгал биднийг урагш, тэмцэлд, ялалт өөд уриалан дуудаж байна!

                                                                                                                                    И.В. .......... ев

№70. 1923 оны хоёрдугаар сарын 28. Лхагва.                                              

                                                ЖАНЖНИЙГ ОРШУУЛАВ

Хоёрдугаар сарын 26-ны Даваа гаригт талийгаач Сүхбаатарыг оршуулав. Оршуулах ёслолд цэрэг, иргэдийг төлөөлөгч олноор оролцов.

Оршуулах ёслолын төгсгөлд нөхөр Любарский, Хатанбаатар, япон Данзан, Буяннэмэх, Сангийн яамны сайд Данзан нарыг үг хэлсний дараа Сүхбаатарын цогцсыг задлан шинжилгээ хийхээр эмнэлэгт аваачлаа.

Оршуулах ёслолын тухай дэлгэрэнгүй мэдээг дараагийн дугаарт нийтэлнэ.

№71-72. 1923 оны гуравдугаар сарын 3. Бямба                                           

ЖАНЖИН СҮХБААТАРЫГ ОРШУУЛАВ

газарт Урьд хожид үзэгдээгүй явдал болов. Талийгаач Сүхбаатарын цогцсыг эртний Монголын ёсноос гадуур булав.

Улаан даавуугаар бүрсэн авсыг их бууны суурин дээр байрлуулсан байлаа. Шарилыг чирч явсан морьд, тэрчлэн цувааг тэргүүлж явсан ерөнхий командлагчийн морийг улаан даавуугаар бүтээсэн байв. Их бууны өмнө Зөвлөлт Орос Улсын Хувьсгалт цэргийн зөвлөлөөс бэлэглэсэн Сүхбаатарын мөнгөн сэлэм, Улаан тугийн одон, тогосны өд бүхий малгайг авч явав.

Монголын засгийн газрын  төлөөлөгчид, Оросын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын нийт бүрэлдэхүүн, Монгол Ардын Нам, Залуучуудын Эвлэлийн гишүүд, ажилчин, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн гишүүд, Оросуудын Зөвлөл, тэр ч байтугай Хятадуудын ахлагч нарын Зөвлөлийн гишүүд, бусад олон хүн ард /гол төлөв орос, буриадууд/, яамдын албан хаагчдын дагалдсан Өргөө хотдоо асар томд орох бүтэн хагас мод гаруй газар үргэлжилсэн гашуудлын цуваа явж байлаа. Мөн зохих хаяг бичээс бүхий олон баглаа цэцэг барьсан хүмүүс дагалдан явав. Энэ бүхэн нь Монголын эртний амьдралын хэвшлийн үүднээс тун ч ер бус байлаа.

Шарилыг засгийн газрын бүх гишүүд /тохиолдлын журмаар байгаагүй Жалханз хутагтаас бусад/ дагалдан явав. Цувааны төгсгөлд Монгол, Орос цэргийн урт цуваа явж байлаа.

Радио станцын хажууханд цасан цагаан уулсаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт газар өндөр толгой дээр Маань мэгзэм бүхий мод хатгаж, урьдаас бэлтгэсэн газарт улаан тууз бүхий цэцгийн баглаагаар бүрхсэн авсыг байрлуулав.

Хүмүүсийг үг хэлж дуусах бүрт гашуудлын хөгжим дуугарч, ёслолын буудлага үйлдэж байв.

Сайд Цэрэндоржийг үг хэлсний дараа Зөвлөлт Орос улсын бүрэн эрхт төлөөлөгч эхлэж үг хэлэв. Нөхөр Н.М.Любарскийн гүн эмгэнэлтэйгээр хэлсэн утга төгс цэцэн мэргэн үгийг тэр дор нь нөхөр Жамцарано орчууллаа.

Сүхбаатарын шарилыг мөнх нойрсуулахаар             өлгий нутгийнх нь газар шороонд залж байгааг, тэрчлэн Монголын ард түмэнд тохиолдсон энэ гарз хохирол бол талийгаач чин үнэнч нөхөр нь байсан Оросын хөдөлмөрчин ард түмэнд тохиолдсон гарз хохирол бас мөн болохыг нөхөр Любарский тэмдэглэн хэлээд, Сүхбаатар бол ядуу ардын гэрт төрж, амьдралын хатуу бэрх замыг туулсан, жирийн цэрэг, үсэг өрөгч байсан онцлогтойг онцлон дурьдаж, тэр бол хөдөлмөрчин ард түмний хүү байсан бөгөөд тийм хэвээр үлдсэн, ядуу төрж, ядуу үхсэн юм гэж хэллээ.

Сүхбаатар ард түмэндээ хайртай байлаа, тэр жинхэнэ ардач хүн байсан юм. Тэр төрөлх эх орныхоо дотор “хуйвалдаан зохиогч” байлаа. “Боолоос” Монголын армын жанжин гэдэг хүндэт тушаалд хүртэл ахин дэвшсэнтэй эвлэрч огт чаддаггүй хүмүүс түүнийг ингэж үздэг байсан юм. Монголын Дотоод Явдлын Яамны 1921 оны 3-р сарын 28-ны нэгэн зааварт Сүхбаатар болон түүний намын нөхдийг “Тэд ард олны эрхийг хүндэтгэх бодолтой байна, энэ нь хаант засгийг эсэргүүцнэ гэсэн хэрэг болох нь эргэлзээгүй юм” гэж тов тодорхой тодорхойлсон нь жирийн хэрэг бишээ.

Сүхбаатарт шингэсэн та бидний үргэлж дүгнэдэг бүх үнэт зүйлсийг албан ёсны зааврын эдгээр үгс тун эрс тодорхой тэмдэглэсэн байна. Дээд анги, феодал, хаад ноёд гэгчид ард түмний хувь заяагаар дураараа тоглодог байсан тэр үе өнгөрчээ. Орос нутгийн алс холын тал хөндийгөөс шинэ догшин салхи салхилж, тэр нь Ази хийгээд Монголын хязгааргүй тал нутагт хүрлээ.

Оросын хувьсгалын шинэ залуу, омголон амьсгалын дор дорно дахины ард түмэн, түүний дотор Монголын ард түмэн идэвхжин хөдөлсөн юм. Тэгээд ч Сүхбаатар бол Монголын хавар, Монголын сэргэн мандалтыг эхлүүлсэн анхны алтан хараацайнуудын нэг байлаа. Ийм ч учраас тэр бидэнд эрхэм байдаг бөгөөд, тийм ч учраас бид түүнд сэрүүн тунгалаг байхад нь ахан дүүс, нөхөр ёсны хайраар хандаж байсан ба одоо гэгээн дурсгалыг нь нандигнан хүндэтгэж байх болно.

Үнэхээр чин зоригт, залуу нөхөр маань бидний дотор байхгүй болжээ гэж бодоход хүнд хэцүү байна. Төрийн байгуулалтаа дөнгөж сая эхлэж, хөлд орж буй хүүхэд мэт тэнтэр тунтар алхаж буй Монголын ард түмний дотор тун цөөхөн тэмцэгч дайчин таалал төгссөн нь бүр ч харамсалтай байна.

Сүхбаатар ийм өвчнөөр өвчилж, ийм түргэн өөд болсон нь байж болшгүй зүйл бөгөөд түүний энэ үхэлд бид бүгдээрээ буруутай юм биш байгаа гэсэн бодол бүр ч сэтгэл өвтгөж байна. Бид харанхуй бүдүүлэг эмч, домч нарын эмчилгээнээс түүнийг арилган хамгаалж чадаагүй, түүнийг энхрийлэн халамжлан арчилж чадаагүй, европын эмнэлгийг цаг тухайд нь хэрэглээгүйдээ буруутай юм.

Гэвч талийгаачийг зохих ёсоор нь оршуулцгаая.  Харин бид өөр болох ёстой. Монголын залуучууд та бүхэн талийгаачийн гэрээслэлд үнэнч байна гэдгээ, бидний цэл залуугаараа өөд болсон нөхрийн маань хайрлан хүндэтгэж явсан улаан тугийг бөхийлгөлгүй, гутаалгүй өргөж явна гэдгээ алтан шарилынх нь өмнө тангаргалах ёстой.

Цаашид урт удаан хугацааны хүнд бэрх тэмцэл хийн ёстой болж байна. Гэхдээ бүх хүмүүсийн, дэлхий дахины аз жаргалын төлөө гэсэн сайхан зорилго бид тавьсан билээ. Монголын жижиг ард түмэн ч  нийт хүн төрөлхтөний гэр бүлд, ард түмэн бүхний нөхөрсөг холбоонд өөрийн хүндтэй байрыг эзлэх болно...

                                   Цэргийн яамны сайд болон Ардын Намын                                   

Төв Хорооны даргын хэлсэн үг

Ардын цэргийн өмнөөс үг хэлсэн Хатанбаатар ван, Монголын эрх чөлөөний тэмцлийн түүхийн тухай, хувийн эрэлхэг зориг, шинэ залуу улсынхаа эрх ашигт үнэнчээрээ онцгойрон шалгарсан ардын цэргийн мятрашгүй зохион байгуулагчийн хувийн яруу сайхан зан чанарын тухай тодорхой ярилаа.

Нөхөр Япон Данзан Сүхбаатарыг Ардын хувьсгалт намын маш нэртэй зүтгэлтэн гэж тодорхойллоо. Бидний нөхөр таалал төгслөө, гэвч түүний маш их зүйл хийсэн нам амьд байна, манай ард түмний эрх чөлөөний төлөө эрмэлзэл амьд байна, Сүхбаатарын маш өндөрт мандуулж явсан тугийг, тусгаар тогтносон Монгол улсын тугийг авч яваа, цаашид ч авч явах Монголын эрх чөлөөг эрхэмлэгч залуучууд бидэнд тусалж бидний халаанд байна гэж тэр хэлэв...

                                                     Буяннэмэхийн хэлсэн үг

Монголын Залуучуудын нэрт төлөөлөгч нөхөр Буяннэмэх яруу тод, утга төгс үг хэлсэн. Монгол хүний үгийн онцлог бол хамгийн цоглог газарт шүлэг болон хувирдагт орших ажээ. Буяннэмэх болон Сангийн Яамны  сайд Данзан нарын хэлсэн үг “европ” чихэнд тун яруу сонсголон байлаа.

Нөхөр Буяннэмэх хэлэхдээ “...Ардын Засгийн Газар хоёрхон жил ажиллаж байна. Гэхдээ энэ хоёр жилд Автономитын үе гэгчийн есөн жилд хийснээс илүү ихийг ард түмэнд бүтээж өглөө. Түрүүчийн засаг зөвхөн Хятадууд, ер нь гадаадынхныг баяжуулж ард түмнийг нухлан, ядуу зүдүү айдас хүйдсийн байдалд байлгаж байлаа. Олон түмний дургүйцэл өсөн нэмэгдэж, өөрсдийн дундаас идэвхитэй тэмцэгчийг дэвшүүлэн гаргаж байв. Тэр шилдгүүдийн дотор хамгийн шилдэг нь Сүхбаатар байсан юм гэв.

Зөвлөлт Оросын тусламжтайгаар Монгол эрх чөлөөтэй болов. Эх оронч үзэл феодал, лам нарыг хүртэл өөртөө татаж, тэдгээрийн зарим нь хүртэл Ардын Намтай нийлж, Ардын Засгийн Газарт орсон юм. Гэвч өрнөн гарсан хөдөлгөөн өөрсдийнх нь зүй бус эрх ямбанд аюултай болохыг мэдээд тэд эргэж буцан ард түмнээсээ шившигтэйгээр урваж, Бодоо хийгээд түүний талын зарим ноёд лам нарын адил хувь заяагаар төгссөн билээ. Харин Сүхбаатар ямар ч шуналд авталгүй алсыг харан эрх чөлөөний наран өөд итгэлтэй явж ирсэн юм. Сүхбаатарын алдар Монголын тал нутгаас хол халин мандсан нь жирийн хэрэг биш ээ...

Ард түмний төлөөлөгчид байлдан олсон эрх чөлөөгөө хамгаална гэдгээ энд, жанжны шарилын өмнө тангараглах ёстой. Монголын залуучууд ардын баатрынхаа шилдэг гэрээсийг хойшид ч дагаж Сүхбаатарын зорин тэмцэж байсан тэр зүйлийг шинэчлэн гүнзгийрүүлж цаашид хөгжүүлэн өргөжүүлэх ёстой...” гэж Буяннэмэх хэлэв.

Сангийн Яамны сайд уянгалаг гоё үг хэлэв. Нууц байдалд хамтран ажиллаж байсан үеийн янз бүрийн тохиолдол, Зөвлөлт Орос улсаас тусламж гуйхаар явж байсан тухай, Барон Унгерний отрядуудтай хийсэн байлдаан, есөн зүйлийн гачигдал зовлон, амь биеэ золиослоход бэлэн байсан явдал, Сүхбаатарын үнэнч шударга, өгөөмөр, энгийн даруу, тусч чанар зэргийг Данзан бадрангуй, догдлонгуй ярьж байлаа.

...Ардын намыг дөнгөж хэвлийдээ байхад, нууц байдалд орохоос аргагүй болоход Сүхбаатар гэр бүл, өвчтэй эцгээ орхиж явахаас буцаагүй юм, эцэг нь өвчний улмаас удалгүй нас барсан билээ. Орос явах төлөөлөгчдийн бэлтгэлийг хангаж үүнд хөрөнгө хэрэгтэй болоход ядуу Сүхбаатар өөрөө гэрээ зарж, гэр бүлээ айлд суулгаад, төлөөлөгчдийг Монголоос гарч явахад тусласан билээ.

Байлдаан, тулалдаанд  тэр манлайлагчдын эгнээнд байж санаа сэтгэлээр унаж, зориг шантарсан хүмүүсийг эр зориг, идэвхээрээ уриалан дагуулж чаддаг байлаа.

Монголын ард түмэнд эрх чөлөө олгох үйл хэрэг Алтанбулагийн тэрхэн нутаг дэвсгэрээр хязгаарлагдаагүй нь Сүхбаатарын эрч хүч, эр зоригийн гавъяа юм. Хэзээ нэг цагт асаасан өчүүхэн дөл одоо Монгол улсад гэрэлт ирээдүйн замыг гийгүүлэгч гал болон бадарсан нь Монголын өмнө түүний байгуулсан ач гавъяа мөн...

                                    ШАРИЛ ДЭЭР ХЭЛЭХ ҮГИЙН ОРОНД

Ардын Намыг үндэслэн байгуулачийн нэг, Монголд европ маягийн арми байгуулагч нөхөр Сүхбаатар цаг бусаар таалал төгслөө.

Сүхбаатар 30 нас насаллаа. Тэр монголын ядуу ардын гэрт төрж, 16 настайдаа Автономит Монголын цэрэгт дайчлагджээ. Тэрбээр цэргийн хэрэгт дурлаж, жагсаалын сургуулийг идэвхтэй хийж, тэр үед Орос сургагч нарын хомосхон заадаг байсан цэргийн шинжлэх ухааныг эзэмшин, Хятадуудын эсрэг хэд хэдэн аян дайнд оролцжээ.

Чин зоригт, өгөөмөр сэтгэлт Сүхбаатар Автономитын засгийн газрын эрх баригч бүлгийнхэнтэй холбоо сүлбээгүй байсан бөгөөд ноёд ихэст долгинон тал засч сураагүй, жирийн цэрэг хэвээр үлдсэн юм.

1919 оны эцэс, 1920 оны эхээр Хятадууд Монголын Автономит засгийг устгасантай холбогдуулж тэрбээр хэсэг нөхдийн хамт Монголыг Үндэсний бие даасан байдлын дайснуудтай тэмцэх ажилд орсон юм. Ард түмэн өөрөө засгийн эрхийг  гартаа авсан цагт Монгол  улс бие даасан улс болж чадна гэдгийг Сүхбаатар тодорхой ойлгож байсан юм. Монголыг эзэлсэн Хятадуудтай төдийгүй бас Монголын ард түмнийг шулан мөлжиж байсан феодал ноёдтой тэмцэх хэрэгтэй байлаа.

Энэ зорилгыг биелүүлэхийн тулд Сүхбаатар нөхдийн хамт Монгол Ардын Намыг байгуулж эхэлсэн билээ. Хятадууд болон нутгийн ноёдоос нууц байдалд гүйцэтгэх энэ ажил туйлын хүнд байлаа.

Ажлыг зохион байгуулагчид асар их хүч гаргаж шургуу ажилласны дүнд намын үндсэн цөмийг байгуулж амжив. Зөвлөлт Орос улсаас тусламж гуйхаар шийдвэрлэв. Тус улс Монголын ард түмэнд эрх чөлөөний төлөө тэмцэлд нь сэтгэл харамгүй тусламж дэмжлэг үзүүлэх цорын ганц улс байв. Ийнхүү Зөвлөлт Орост очих долоон хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг бүрдүүлэхэд эхний үед ялгарах юмгүй, насаар бага мэт байсан нөхөр Сүхбаатар тэдний дотор багтсан юм.

Эрхүүд ирж маш хүнд нөхцөлд үүргээ гүйцэтгэх болоход Сүхбаатар буйртай зөв шийдвэр гаргаж, тууштай, тактиктай ажилласан юм. Түүний эдгээр чанарыг нөхөд нь болон байгууллагууд тэр дор нь үнэлсэн билээ.

Намын улс төр, эдийн засгийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахад бэрхшээл учирч, тактик тодорхойлоход Монголын хувьд тохиромжгүй зам болох хэт оппортунизмтай тулгарах юмуу хэт зүүний үзэл гарч ирэхэд Сүхбаатарын зарим нөхөд хүсэл зорилгоо биелүүлэх найдвар тасарч байсан тохиолдлууд бий. Тэгэхэд Сүхбаатар ганцаараа тэвчээртэй чанар, ажил хэрэгт эрүүл саруул хандах хандлагаараа ялгарч, асуудлыг илүү зөв шийдэх арга олж байсан юм.

Сүхбаатар удаан хугацааны турш шургуу ажиллаад Зөвлөлт Оросын тусламж авах болж, хэсэг нөхдийн хамт хил орчмын нутагт буцаж ирэн Ардын Цэрэг байгуулах ажилд орсон билээ. Энд тэр асар их эрч хүчтэй шургуу зохион байгуулагч болохоо харуулсан юм. Тэрбээр 300 гаруй хүнтэй отряд байгуулж, Хятад цэргийн мөрдлөгөөс нуугдан байраа сэлгэсээр цэргүүдээ цэргийн хэрэгт сургаж, улс төрийн талаар ухамсартай тэмцэгчид болон хүмүүжүүлж байлаа.

Тэгээд Сүхбаатар отрядынхаа хамт 1921 оны 3-р сард ховор баатарлаг үйлс бүтээж, Наймаа хотоос Хятадын 4 мянган цэргийг хөөн гаргаж, хотыг эзлэн Монгол Ардын Засгийн Газрыг Монгол нутагт байгуулах болоцоо олгосон юм. Энд түүнийг засгийн газрын гишүүн, бүх цэргийн жанжнаар сонгосон билээ.

Цааш нь Сүхбаатар отрядаа боловсронгуй болгон нэмэгдүүлсээр Өргөөг чөлөөлөхөөр бэлтгэж байв. Гэвч Унгерн гэнэт довтолсон нь Өргөөг чөлөөлөх ажлыг хойшлуулж Сүхбаатар отрядын хамт Ардын засгийн газрын хянаж байсан нутаг дэвсгэр болон  Алтанбулаг дахь түүний өргөөг хамгаалах ёстой болсон байв. Давуу хүчтэй дайсны шахалтад Алтанбулагийг хамгаалах боломжгүй мэт үе тохиолдож байлаа. Гэвч Сүхбаатар сандарч тэвдэлгүй тушаал, заавар өгч өөрийн үлгэр жишээгээр цэргийнхээ санаа сэтгэлийг дэмжин өргөж байсан юм.

Унгерний толгойн цэрэг буюу Баяр гүний цэрэг анх түрүүн Алтанбулагт довтолсон боловч түүнийг Сүхбаатарын цэрэг бут ниргэсэн билээ. Сүхбаатар цэргүүдийнхээ манлайд явж хамгийн аюултай үед ч ухарч няцалгүй морин цэргийн дайралт хийж, шархадсан Баяр гүнийг өөрийн биеэр баривчилсан юм.

Цаашлаад Троицковсавскийн хавьд Унгерн бут цохигдсоны эцэст Сүхбаатарын цэрэг Зөвлөлтийн ангиудын хамт Өргөө хотод орж түүнийг эзлэсний дараа Сүхбаатар бүх цэргийн жанжин хэвээр байхын хамт цэргийн яамны сайдаар томилогдсон билээ.

Сүхбаатар энэ хоёр хариуцлагатай тушаалд ажиллахдаа маш идэвхитэй ажилтан, төрийн зүтгэлтэн болохоо харуулсан юм.

Тэрбээр Монголд цагаантны дээрэмчдийг устгахад ихээхэн үүрэг гүйцэтгэж, европ маягийн сургалттай Монголын Ардын Армийг анх удаа байгуулсан билээ. Сүхбаатар цэргийн хэргийг шинээр төвхнүүлэхийг ойшоож үзээгүй хуучин нөхдийнхөө нөлөөнд оролгүй цэргийн хэргийг Монголын тэр үеийн нөхцөлд боломжийн хирээр зохих түвшинд гаргасан юм.

Сүхбаатар бол найдвартай хувьсгалч, Монголын ард түмний эрх чөлөөний төлөө ухамсартай тэмцэгч байв. Монголын ард түмэн эрх чөлөөний үйл хэргийн төлөө үнэнчээр зүтгэгч ажилтнаа, Монголын ардын арми зоригт дайчин, орлогдошгүй удирдагчаа алдлаа.

Нөхөр Сүхбаатар ид цэцэглэлтийнхээ үед зуурдаар таалал төгссөн боловч түүний эхэлсэн Монголын ард түмэнд эрх чөлөө олгох агуу их үйл хэрэг мөнх байх болно...

Монгол ардын нам, Монгол ардын арми хайрт нөхөр, удирдагчаа эмгэнэлтэйгээр үдсэн ч талын Монголын үнэнч хүү Сүхбаатарын эхлэсэн агуу их үйл хэргийг улам их эрч хүчтэй шургуугаар дуусгах ёстой.

                                                                                                            Ардын намын гишүүн Ц-Е

                                                Цогцост задлан шинжилгээ хийв.

Европ эмч Корнев, Ротт, Селезнёв, Соловьёв, Монгол эмч Лувсандорж, Гэлэг, Дамдинцэрэн нар болон янз бүрийн байгууллагын төлөөлөгч Сандаг, Япон Данзан, Буяннэмэх, Нацова нарын бүрэлдэхүүнтэй комисс 2-р сарын 28-нд талийгаач жанжны цогцост задлан шинжилгээ хийв.

Цогцос дээр ямарваа онцгой гэмтэл байхгүй байв, цээжний хоёр талд улаан будгаар тэмдэглэсэн хоёр улаан толбо байв. Аман дотор хэлэн дээр, уруулын цаана, шүдний завсар ямар нэгэн нунтаг зүйл олдов.

Улаан хоолойн доод хэсэг, ходоодны доторх салавчит хэсэг, арван хоёр нугалаа гэдэс, дэлүү цусаар дүүрсэн байв. Элэг ердийн хэмжээнээс нэлээн томорсон байлаа.

Өвчин гэнэт тусч түргэн хүндэрсэн, түүнийг эмнэлэгт шинжлэх бололцоогүй байсан, тэрчлэн Өргөөд хими-бактериологийн нэн шаардлагатай шинжилгээ хийх боломжгүй байгаа нь үхлийн шалтгааныг нарийн тогтоох боломж олохгүй байна. Одоогоор шар өвчний хортой хэлбэр байсан байж магадгүй гэж үзэж болох боловч бусад хэд хэдэн боломжийг үгүйсгэж болохгүй...

Дотор эрхтний зохих хэсгүүдийг европын нэгэн хотод тусгай шинжилгээ хийлгэхэд зориулж шилэн саванд хийжээ.