Монголд төр засах ардчилсан тогтолцоо тогтоод 25 жил болжээ. Ардчиллын хамгийн гол чухал шалгуур нь хэвлэн нийтлэх эрх чөлөө билээ. Хэдийгээр цөөнгүй хүн үүнийг зөвхөн мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд хамаатуулж ойлгодог ч томоохон бүтээл, урлаг-уран сайхны төрөл зүйлүүд, ном, зохиол, үзэл санаа ба түүнийг тунхаглагч, туурвигчдад илүү хамаатай. Энэ эрх чөлөө бол сэтгэлгээний эрх чөлөө юм. Хуулийн хүрээнд чөлөөтэй сэтгэх, туурвин бүтээх, орчуулах, хэвлүүлэх, түүнийгээ аливаа байдлаар хянуулахгүй олон нийтийн хүртээл болгох эрхтэй чөлөөт нийгэмд бид амьдарч байна.

Ардчилсан нийгэм бол аливаа үзэл санааг нийтэд ил тод байлгаж, шүүн хэлэлцэх боломжийг иргэддээ найр тавин олгодог. “МонЦаМэ” агентлагаас санаачлан дэлхий дахинд алдаршсан улстөр-нийгмийн зохиолуудыг олон хэлээс орчуулан гаргаж эхэллээ. Эхний цуврал зургаан номоос бүрдэж байна.

“Сионы мэргэдийн протоколууд” номыг орос хэлээс орчуулж, бусад хэлний орчуулгатай тулган шүүж гаргалаа. Олон хүн богино бодож, еврейн эсрэг үзлийг сурталчлах нь гэж шүүмжлэх байх, гэвч энэ ном аль эртнээс өрнө дахинд нэвшсэн антисемитизмтэй огт наалдахгүйн дээр монголчуудад жүүдийн ард түмнийг үзэн ядах шалтгаан байхгүй юм.

В.И.Лениний “Империализм бол капитализмын дээд шат мөн” зохиолыг коммунист дэглэмийн үед БНМАУ, ЗХУ-ын маш чадварлаг орчуулагч эрдэмтдийн баг хамтран нягт нямбай орчуулан эмхтгэсэн 12 боть зохиолоос нь авч тусгай ном болгон хэвлэж байна. Өрнөдийн болон дэлхий дахины улстөр судлаачид В.И.Лениний “Төр ба хувьсгал” ба энд хэвлэсэн зохиолыг түүний хамгийн шилдэг, цоо шинэ санааг томъёолсон үнэтэй бүтээл гэж үнэлдэг байна. Энэ зохиолын утга санаа өнөөдөр ч дэлхийн олон нийтийн анхаарлыг ихээр татдаг. Ялангуяа дэлхий дахинд тогтсон шинэ дэг журам ба түүний өөрчлөлтийн үйл явц дунд амьдарч буй манай үеийнхний унших ёстой номын нэг бол гарцаагүй мөн. Хэвлэлд бэлтгэхэд тулгарсан бэрхшээл бол түүний ишлэл зүүлтүүд болой. Бараг зохиолтойгоо дүйцэхүйц хэмжээтэй ишлэл зүүлт тайлбаргүйгээр энэ номыг уншаад ойлгох аргагүй юм. Нөгөө талаас зүүлт тайлбар нь энэ зохиол ямархуу өргөн хүрээтэй судалгаа, шинжилгээнд үндэслэсэн болохыг харуулж байна.

”Улаан ном”-ын талаар сонсож дуулаагүй хүн ховор, гагцхүү түүнийг уншсан хүн хэд бол? Олон хүний төсөөлөлд энэ ном тийм ч таатай бусаар хоногшсон байдаг бололтой юм билээ, ердөө л “Улаан хамгаалагчдын зэвсэг” гэсэн утгаар. Гэтэл дэлхийд хэвлэгдсэн тоогоороо тэргүүнд орогч энэ ном өнөөгийн БНХАУ-ыг үндэслэгч Мао Зэдуны хэлсэн үг, бүтээл туурвилын шилдэг ишлэлийн эмхтгэл юм. Санаа авах, оновчтой, алсын хараатай, бодлоготой үгс энэ номд бий. Өмнөх нийгэмд Мао Зэдуныг “Дорно зүгт наран мандлаа, Дотны анд Мао төрлөө...” гэх мэтээр өргөмжлөн дуулж байсан үе ч бий, “коммунизмыг засварлагч үзэлтэн...” хэмээн хараан зүхэж байсан үе ч бий. “Улаан ном”-ыг өргөмжлөн дуулж байх үедээ өвөрлөгч аялгаар орчуулж, хэвлэн тараасан гэдгийг цөөн хүн мэдэж байна, дараа нь хараан зүхэх эрин эхлэхэд бүгдийг нь нямбай хураан авч устгасан бололтой. Зөвхөн номыг нь ч бус, түүнд бичсэн бүхнийг уншсан хүмүүсийн тархинаас арчин хаяжээ.

Олон улсын улстөрийн бодлогод “маоизм” гэгч бүхэл бүтэн онол, чиглэл бий болсныг хүлээн зөвшөөрснийг тооцвол энэ бол боловсролтой сэхээтний уншиж үзэх ёстой ном гарцаагүй мөн. Өнөөдөр манай хоёр улс өмнөх түүхийн ээдрээг тайлж, найрсгаар зэрэгцэн оршиж буй тул энэ ном нэг талаас түүхийн бүтээл, нөгөө талаас чухам өнөө цагт судлууштай эх зохиол болжээ. Өмнөд хөршид орос, англи, хятад хэлээр хэвлэсэн нь хаа сайгүй тааралддаг энэ номыг монгол хэлээр орчуулалгүй хагас зуун жил болсон нь хэтэрхий уджээ. Номыг хятад хэлнээс орчуулж, орос, англи эхтэй нь тулган нягталж, зарим эхэд байхгүй бүлгийг ч оруулж, бүрэн хэмжээгээр хэвлэж байна.

М.Каддафийн “Ногоон ном”-ын нэрийг мөн л олон хүн дуулсан байх. “Улаан ном”-той адил “Үндэсний өөрийн гэсэн онцлогтой нийгэм байгуулах” үзэл санаанд тулгуурласан энэ ном уншихад сонирхолтой, “Арабын онцлогтой социализм” байгуулах үзэл санааг шингээсэн ном. Үүнтэй адил агуулгатай бас нэгэн ном цувралын эхнийхэд багтсан нь Умард Солонгосын “Жүчэ” үзэл ба түүнд үндэслэсэн “Сонгун” номлолын тухай юм. Дурдан буй гурван ном өөрийн үндэсний онцлогтой төр улсыг цогцлоох үзэл санааг нэвт шингээсэн агаад улстөрийн онол талаасаа аль алийг нь марксист-социалист үндэслэгээтэй гэж дүгнэжээ. Гэвч уншин судлагчдад өөрийнхөөрөө дүгнэх эрх чөлөө бий.

Мөн энэ цувралын эхнийхэд судлаач Д.Ганхуягийн нөр хөдөлмөрөөр бүтсэн дэлхийг өөрчилсөн гурван тунхагийн бүрэн орчуулга, дэлхий дахинд түгээмэл нийгэм-түүхийн зургаан онолын хялбарчилсан тайлбарыг багтаасан нэгэн ном орж байна. Хуучин нийгмийн үед баримталж байсан марксист формацийн онол үгүйсгэгдэж байгаа ч өнөөдөр бид ямар чиг баримжаагаар өнгөрсөн хийгээд, одоо ирээдүйгээ тодорхойлох вэ? гэсэн асуудал тулгамдаж байна. Ялангуяа энд орсон “Иргэншлийн онол” түүхээ шинэчлэн бичиж, марксист формацийн онолоос салгаж, өөрөөр харах сонирхолтой манай улсад ихээхэн анхаарал татаж байгаа билээ. Эдгээр ном бүгд эх зохиол бөгөөд улстөр сонирхогч, судлагч, ажиглагч, түүнд оролцогчдод туйлын сонирхолтой байх нь дамжиггүй. Тэр тусмаа бид дурдан буй зохиол тунхагуудыг аль болох эх хэлнээс нь шууд орчуулах зорилт тавьсан нь гуйвж дайвах, засвар орох, өөрийнхөөрөө тайлбарлах гэх мэт завсрын эндлээс сэргийлсэн хэрэг.

Аливаа улс үндэстний оюуны хүч чадлыг харуулах нэгэн үзүүлэлт нь дэлхийн аль л хэлний шилдэг шилмэлийг эх хэлнээ хэрхэн буулгасанд оршдогийг анзаарав. Тухайн үндэстэн хүсч байвал ямарваа хориг саадгүйгээр, хэнээс ч хамааралгүйгээр ялангуяа уг эхээс шууд орчуулж чаддаг байх ёстой юм байна. Ийм үндэстэн өргөн сэтгэж, хол харж, гүн боддог ажээ. Чухам ийм санаархал бидэнд байсан. Аливаа үзэл санааг дам сургаар биш, бусдын тайлбар ишлэлээр бус, өөр хэлээр биш эх хэлээрээ уншиж судлах нь иргэний оюун санааны гэгээрэлд тустай.

Энэ цувралын эхний номууд аугаа бүтээл гэхээсээ илүүтэй алдаршсан зохиолууд гэвэл оновчтой тодорхойлолт болно. Хэдий цөөн, ердөө 300 хувь гарч байгаа ч олон хүн дамжуулан уншиж, өөр өөрийн оюунаар тунгаан авах болов уу! Ардчилсан-либерал үзэл санааны бүтээл ороогүй байна гэж болзошгүй, гэвч тийм бүтээлүүдийг олон арван иргэн, сан, хэвлэлийн байгууллагууд гаргаж, хангалттайгаар олны хүртээл болж байгаа учраас улстөр-нийгмийн өөр үзэл санаа агуулсан зохиолуудыг зориуд сонгон орчуулсан болно.

“МонЦаМэ” агентлаг Монголын шилдэг сэхээтний төвлөрөл болж, нэгэн үе бараг ганцаараа ертөнцийг харах, “салхи сэлгэх” цонх болж байсны хувьд аль ч нийгмийн үед олон түмнийг соён гэгээрүүлэх, боловсруулах үүрэгтэйгээ ухамсарлаж байна. Цаашид цувралыг үргэлжлүүлэх бөгөөд уншигч Та санал бодлоо харамгүй солилцоно гэж итгэж байна. Энэ удаад “baabar.mn” сайтын уншигч Танд дэлхийг өөрчилсөн гурван тунхагаас Францын хүний эрх эрх чөлөөний тунхагийг толилуулж байна. Өмнөхөн “Сионий мэргэдийн протоколууд” зохиолын ишлэлүүдийг хүргэсэн ба цаашид бусад номын хэсгээс сонирхуулан хүргэхээр бэлтгэсэн болно. Гэхдээ уншигч та нэгээхэн хэсгийг уншчихаад бүгдийг уншсан мэт сэтгэл ханаж болохгүй. Бүгдийг уншаад уншсан мэт сэтгэл ханаж болно гэдгийг сануулах юун.

“МонЦаМэ” цувралын редакцийн зөвлөл

Хүний болон иргэний эрхийн тунхаглалын тухай


Францын Агуу Их Хувьсгалын үзэл санаа болсон энэ баримт бичиг дэлхийг орвонгоор нь өөрчилсөн юм. Энэ Тунхаглалыг “тэнгэрийг анх дайрсан” Францын ард түмний Үндэсний Зохион байгуулах Хурал 1789 оны 8 дугаар сарын 26-нд баталжээ. Анхны төслийг Лафайет зохиож, хэд хоногийн дараа Сийес өөр нэг төсөл санаачилжээ. Эдгээр төсөл дээр онцгой комисс ажиллажээ. Ингээд Мирабо-гийн тавьсан илтгэлийн үндсэн дээр баталж, Үндсэн Хуулийн өмнөтгөл болгожээ. Энд хүний төрөхөөс эхлээд заяагдмал тэгш эрх, эрх чөлөөний үзэл санааны эхийг тавьжээ. Энэхүү Тунхаглал нь одоо болтол Францын үндсэн хуулийн эрхийн суурь үндэс болдог. Францын 1958, 1971 оны Үндсэн Хуулиудаар энэ Тунхаглалыг хууль зүйн хүчин төгөлдөр баримт бичиг бөгөөд түүнийг зөрчихийг үндсэн хууль зөрчсөнтэй адилтган авч үзсэн. 2003 онд ЮНЕСКО-ын “Дэлхийн ой санамж” жагсаалтад оруулсан байна.

Манайхны ярих дуртай хэвлэн нийтлэх эрх, ардчилсан нийгэмд хуулиар хориглоогүй юуг ч хүлээн зөвшөөрдөг, нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана, шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй хүнийг гэмт хэрэгтэн гэж үзэхгүй гэх мэт олон ойлголтын уг үндэс энэ тунхаглалд нэн тодорхой туссан байдаг. Харин бид сүүлийн жилүүдэд хүний л эрх ярьдаг болчихсон, үүндээ дээрх эшлэлүүдийг бамбай болгон хэрэглэдэг атлаа гагцхүү энэ тунхагийн гуравдугаарт дурдсан “nation state” буюу үндэстэн улсын нийтлэг эрх ашгийг тодорхойлсон “Бие даасан засгийн эх булаг нь үндэстэн болно. Ямар ч байгууллага, ганц ч хувь хүн үндэстнээс үүдэн гараагүй эрх мэдлийг эзэмшиж болохгүй” гэсэн түгээмэл заалтыг дандаа мартчихдаг гэмтэй. Түүнийг чинь л “неолиберализм” гээд байгаа юм шүү дээ.



ХҮНИЙ БОЛОН ИРГЭНИЙ ЭРХИЙН ТУНХАГЛАЛ

(Dйclaration des Droits de l’Homme et du Citoyen)


1789 оны 8 дугаар сарын 26-нд Францын Үндэсний Зохион байгуулах Хурлаар батлав.

Үндэсний Хурлыг байгуулсан Францын ард түмний төлөөлөгчид бид хүний эрхэнд бүдүүлэг хандах буюу түүний үл тоомсорлох явдал нь нийгмийн гай зовлон, засгийн газрын муу муухайн цорын ганц шалтгаан гэж үзэн, хүний жам ёсны, салшгүй, ариун эрхийг баяр жавхлантайгаар Тунхаглан зарлах шийдвэр гаргаж, энэхүү Тунхаглалыг нийгмийн холбооны бүх гишүүдийн хараан дор байнга байлгах, тэдний эрх хийгээд үүргийг байнга санах, ямар ч цаг үед хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын үйлдлийг улс төрийн институт тус бүрийн зорилготой харьцуулан үзэж илүүтэй хүндэтгэн хандаж байх, эдүүгээгээс эхлэн иргэдийн шаардлага Үндсэн Хууль болон нийтийн сайн сайхныг сахин мөрдөхөд тэмүүлсэн энгийн хийгээд маргашгүй зарчимд үндэслэсэн болохыг тунхаглан зарлаж байна. Улмаар Үндэсний Хурал Дээд Бурхны өмнө, түүний ивээлийн дор хүний болон иргэний эрхийг мөрдөн сахихаа хүлээн зөвшөөрч, тунхаглаж байна.

Зүйл 1. Хүмүүс эрх чөлөөтэй, тэгш эрхтэй төрж, амьдарна. Нийгмийн ялгаа нь зөвхөн нийтлэг ашиг тусад үндэслэгдэнэ.

Зүйл 2. Улс төрийн аливаа холбооны зорилго нь хүний жам ёсны хийгээд салшгүй эрхийг хангах явдал юм. Тэдгээр нь эрх чөлөө, өмч, аюулгүй байдал, дарлалыг эсэргүүцэх явдал болно.

Зүйл 3. Бие даасан засгийн эх булаг нь үндэстэн болно. Ямар ч байгууллага, ганц ч хувь хүн үндэстнээс үүдэн гараагүй эрх мэдлийг эзэмшиж болохгүй.

Зүйл 4. Эрх чөлөө нь бусдад хор хохирол үл учруулах бүхнийг хийх боломжид оршино; ийм маягаар хүн тус бүрийн жам ёсны эрхийг хэрэгжүүлэх явдал нь нийгмийн бусад гишүүдийг мөн адил ийм эрхээр хангах зөвхөн тэр заагаар л хязгаарлагдана. Энэхүү зааг хязгаарыг зөвхөн хуулиар тогтооно.

Зүйл 5. Хууль нь зөвхөн нийгэмд хортой үйлдлийг л хориглох эрхтэй. Хуулиар хориглоогүй бүх зүйлийг хийж болно, харин хэн ч хуулинд заагаагүй зүйлийг албадан хийлгэж болохгүй.

Зүйл 6. Хууль бол нийтийн хүсэл зоригийн илэрхийлэл мөн. Түүнийг бүтээхэд бүх иргэд биечлэн буюу өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох эрхтэй. Хууль хүнийг хамгаалах буюу шийтгэсэн алин байлаа ч бүх хүнд адил байх (үйлчлэх-Д.Г) ёстой. Бүх иргэд хуулийн өмнө тэгш эрхтэй, ийм учраас тэд авъяас чадвартаа нийцсэн бүх алба, нийтийн албан тушаал, ажил хөдөлмөр эрхлэх тэгш эрхтэй бөгөөд сайн үйл, авъяас чадвараар нөхцөлдсөнөөс бусад өөр ямар нэг ялгавар гаргах ёсгүй.

Зүйл 7. Хуулинд заасан болон түүнд бичигдсэн хэлбэрээс өөр тохиолдолд хэнийг ч буруушаах, баривчлах буюу цагдан хорих ёсгүй. Дур зоргод үндэслэсэн тушаал хүссэн, өгсөн, биелүүлсэн буюу биелүүлэхийг албадсан тэр хүн ял шийтгэл хүлээх ёстой; гэхдээ хуулийн дагуу дуудагдсан буюу баривчлагдсан иргэн бүр түүнд үг дуугүй захирагдах ёстой: эсэргүүцсэн тохиолдолд тэрбээр хариуцлага хүлээнэ.

Зүйл 8. Хууль нь шийтгэлийг зөвхөн нарийн чанд, маргаангүй зайлшгүй байдлаар тогтоох ёстой; хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн бол түүнийг хууль хэрэглэн, тогтоон зарлахаас өөрөөр шийтгэж болохгүй.

Зүйл 9. Гэм буруу нь тогтоогдоогүй байгаа хүн бүрийг гэм буруугүй гэж үзнэ, харин хүнийг баривчлах хэрэгтэй гэж үзсэн үед зайлшгүй биш, илүү хатуу ширүүн ямар ч арга хэмжээг хуулийн дагуу хатуугаар таслан зогсоох ёстой.

Зүйл 10. Нийгмийн дэг журам, тогтоосон хууль зөрчилгүйгээр илэрхийлсэн нөхцөлд хэнийг ч үзэл бодол, тэр ч байтугай шашны үзэл бодлынх нь төлөө хавчин хяхаж болохгүй.

Зүйл 11. Сэтгэл санаа, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хүний хамгийн үнэ цэнэтэй эрхийн нэг болно; иймээс иргэн бүр үгээ чөлөөтэй хэлж, бичиж, хэвлэж болох ба гагцхүү энэхүү эрх чөлөөгөө хуулинд заасан хортойгоор ашигласан тохиолдлыг л хариуцна.

Зүйл 12. Хүний болон иргэний эрхийг баталгаажуулахад төрийн хүч (өөр нэг хувилбарт зэвсэгт хүчин гэсэн байна-Д.Г) хэрэгтэй; түүнийг удирдлагыг нь итгэж хүлээлгэсэн хүний хувийн ашиг тусад биш, нийтийн ашиг сонирхлын тулд л байгуулна.

Зүйл 13. Зэвсэгт хүчнийг байлгах, удирдлагын зардалд нийтлэг татвар зайлшгүй; тэр нь боломжийг нь харгалзан нийт иргэдийн дунд жигд хуваарилагдсан байх ёстой.

Зүйл 14. Бүх иргэд өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн зайлшгүй татварыг тогтоох, түүнийг хураалтыг сайн дураараа зөвшөөрөх, түүний зарцуулалтыг сонирхон ажиглах, түүний хувь хэмжээ, хураах үндэслэл, дэг журам, үргэлжлэх хугацааг тогтоох эрхтэй.

Зүйл 15. Нийгэм дурын албан тушаалтнаас түүний үйл ажиллагааны тайланг шаардах эрхтэй.

Зүйл 16. Эрхийн баталгааг хангаагүй хийгээд засаглалыг зааглаагүй (хуваагаагүй – Д.Г.) нийгэм Үндсэн Хуульгүй нийгэм болно.

Зүйл 17. Өмч бол халдашгүй дархан, ариун нандин эрх болох учраас хуулиар тогтоосон нийгмийн илт шаардлага, шударга ба урьдчилсан нөхөн олговор олгох нөхцлөөс өөр тохиолдолд хэний ч өмчид халдаж болохгүй.