ШУ-ны доктор, ШУТИС-ийн ГГТС-ийн гидрогеологи, инженер геологи, геоэкологийн салбарын профессор, Монгол Улсын гавьяат багш, Олон улсын гидрогеологичдийн холбооны гишүүн Н.Батсүх: МОНГОЛ УЛСАД ГИДРОГЕОЛОГИЙН  НЭГДСЭН БОДЛОГО АЛГА

Бидний оршин буй цэнхэр гараг болох эх дэлхийн гадаргуугийн гуравны хоёр хувийг ус эзэлдэг. Мөн хүний биеийн далан хувийг ус бүрдүүлдэг учраас бид зургаан долоо хоногийн өл даах хэдий ч усгүйгээр долоохон хоног амьдарч чадна. Тиймээс бид усыг чандмань эрдэнэ хэмээн дээдэлдэг. Хэдийгээр манай орон далайн төвшнээс дээш дунджаар 1580 метр өргөгдсөн, харьцангуй чийглэг бус уур амьсгалтай ч нэг хүнд ноогдох усны хэмжээгээр дэлхийд 26-д эрэмбэлэгддэг. Өвөг дээдэс минь гол мөрний эхэнд буудаггүй, сүү дусаахыг цээрлэж ирсэн уламжлалтай. Харин орчин цагт усыг мөнхийн шавхагдашгүй нөөцтэй хэмээн эндүүрч ариг гамгүй хэрэглэж байгаа нь харамсалтай.Монгол усны хомсдолтой орны тоонд ордог. Өргөн уудам газар нутагтай хэрнээ усны нөөц жигд бус. Хүн амын ундны усны хэрэгцээнээс эхлээд ус ашигладаггүй салбар гэж үгүй. Гэтэл уг хэрэглээг усны нөөцийн 1.96 хувийг эзэлдэг газар доорх ус хангаж байна. Алт, зэс, нүүрснээс хэдэн мянга дахин их хэмжээгээр бид усаа олборлож байгаа. Ашигт малтмалаа идэж амьдрахгүйгээс хойш чандмань эрдэнэ болох усаа хайрлаж хамгаалах цаг хэдийнэ болжээ. Магадгүй оройтож буй ч юм билүү. Тиймээс энэ удаагийн зочноор ШУ-ны доктор, ШУТИС-ийн ГГТС-ийн гидрогеологи, инженер геологи, геоэкологийн салбарын профессор, МУ-ын гавьяат багш, Олон улсын гидрогеологичдийн холбооны гишүүн профессор Н.Батсүхийг урьж хөндүүр сэдэв болоод буй газар доорх усны нөөцийн талаар ярилцсанаа хүргэе.

-Та аль нутгийн хүн бэ, өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

-Би өмнийн говийн хүн. Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын дунд сургуулийг 1961 онд төгсөөд, Москва хотын Геологи хайгуулын дээд сургуульд гидрогеологич, инженер геологич мэргэжил эзэмшсэн. Тэр цагаас хойш Улаанбаатар хотын иргэн болж дээ.

-Та сургуульдаа багшилж байна. Ер нь чандмань эрдэнэ болсон усыг хэзээнээс судалж, гидрогеологич гэх нарийн мэргэжлийг хэрхэн эзэмшсэн бэ?

-Намайг аравдугаар анги төгсөх жил буюу 1961 оны дөрөвдүгээр сарын сүүлээр тухайн үеийн Гэгээрлийн яамны Жадамбаа гэдэг хүн ЗХУ-д суралцуулах долоон хүүхдийг шалгаруулахаар манай аймагт ирж байлаа. Миний хувьд хүүхэд байхаасаа гадаад руу явахгүй, дотоодынхоо сургуульд суралцаж, мэс заслын эмч болно гэж мөрөөддөг байсан юм. Тиймээс Орост суралцах хуваарь ирлээ гээд хүүхдүүд хөөрцөглөж байхад тоогоогүй. Гэтэл сургуулийн захирал, ангийн багш хоёр намайг дуудаад “Чи энэ долоон хуваариас аль дуртайгаа сонгоод заавал явж суралц” гэв. Сургуулийнхаа тэргүүний сурагч болохоор амьхандаа надад боломж өгч байгаа хэрэг. Надад гидрогеологич гэдэг мэргэжил нь арай илүү сонирхолтой санагдсан учраас сонгож байлаа. Улмаар тухайн үеийн Геологи шинжилгээний газрын нэрийн дор Москва хотын Геологи хайгуулын дээд сургуульд хоёр хүүхдийн хамт сурахаар явсан. Тэдний нэг нь “Рашааны” гэдгээрээ олноо танигдсан судлаач эрдэмтэн З.Нарангэрэл, нөгөө нь ШУ-ны доктор, профессор Н.Жадамбаа юм шүү дээ. Миний хувьд багшийн шахалт, зөн совингоороо холбогдсон гидрогеологич гэх сайхан мэргэжлийн хүчээр олон зүйлийн анхдагч болж алдар нэр хүртэн, бүтээл туурвиж, олон шавьтай ч боллоо.

-Таныг гидрогеологич талаасаа Монголд номер нэг хүн гэдэг юм билээ. Тиймээс энэ салбарт хийсэн зүйл чамгүй байгаа байх?

-Монголд гидрогеологийн чиглэлээр шинжлэх ухааны доктор цол хамгаалсан хоёр хүн байдаг нь Н.Жадамбаа бид хоёр. Хэрэв намайг Монголын номер нэг гидрогеологичийг нэрлэ гэвэл би ангийн анд Н.Жадамбаагаа хэлнэ. Н.Жадамбаа бол Монгол орны газар доорх усан бүрхүүлийн 1:1000000 нарийвчлалтай зургийг бүтээсэн хүн. Энэ зургийг Азийн орнуудаас анх удаа манай улс ЮНЕСКО-гийн шинэ зарчмаар нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр зохиож байлаа. /Ханан дахь зургийг заав /Харин миний хувьд бол өөрийн сурч мэдсэн зүйлээ залуу хойч үедээ өвлүүлж үлдээхийн төлөө зүтгэж, боловсролын салбарт 45 жил багшилж явна. Мөн их сургуулийн гидрогеологи, инженер геологи, геоэкологийн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд орсон хичээлүүдийн сурах бичгүүдийг эх хэлнээ буулгаж, судалгааны гурван боть гээд эрдэм шинжилгээний чамгүй бүтээлийг өнгөрсөн хугацаанд туурвилаа. Бүтээсэн бүтээлийнхээ тоогоор хүний доор лав орохгүй болов уу. Аливаа зүйлийг гарын үзүүрээр өнгөцхөн хийх бус цаад учрыг нь олж, ул суурьтай бүтээхийн төлөө хичээж ирсэн. Ер нь аливаа бүтээл дараагийн үед нь тухайн хүнийг илэрхийлэх илэрхийлэмж болж үлддэг учраас их няхуур хандах учиртай юм.

-Таны үеийнхэн төр засгийн дэмжлэгтэйгээр ЗХУ-д боловсрол эзэмшсэн азтай хүмүүс. Түүнээс хойш Монголд гидрогеологич бэлтгэн гаргасаар 40 жил өнгөрчээ. Та боловсролын салбарт олон жил хүчин зүтгэж явна. Тиймээс мэргэжилтэн бэлтгэж буй байдал, чанарт ямар үнэлгээ өгөх вэ. Мөн цаашид юун дээр илүү анхаарах ёстой гэж үздэг вэ?

-Миний үеийнхэн өдгөө ахмад гидрогеологичид болж дээ. Тухайн үед цөөн хэдэн хүн Унгарт боловсрол эзэмшсэнийг эс тооцвол ихэнх нь ЗХУ-д сурсан. Харин бид өнгөрсөн 40 жилийн хугацаанд эх нутагтаа гидрогеологи, инженер геологийн дээд мэргэжилтэй 470 гаруй мэргэжилтэн төгсгөн гаргажээ. Би гидрогеологич, инженер геологич гэсэн хос мэргэжилтэй. Тиймээс зөвхөн гидрогеологи гэлтгүй геоэкологи, гидрогеологи, инженер, геологи гэсэн гурвалсан мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байна. Шавь нар маань маш амжилттай ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд газар доорх  270 гаруй усны орд олсоны ихэнхийг нь манай сургуулийн төгсөгчид илрүүлж, нөөцийг нь тооцож гаргасан бөгөөд усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн компаниуд болоод төрийн яам, агентлагуудад удирдах албан тушаал хашиж байна. Мөн есөн хүн эрдмийн зэрэг цол хамгаалжээ. Тиймээс бид гидрогеологи болон инженер геологийн боловсон хүчин, эрдэм шинжилгээний ажилтны хүний нөөцөө бэлдэж чадсан гэж миний хувьд боддог. Мэдээж бүх зүйл оргилдоо хүрсэн төгс байдаггүй. Манай гидрогеологичид энэ жил анхдугаар чуулганаа зохион байгуулж, тодорхой зорилтуудыг дэвшүүлж тавьсан.

-Монгол орны усны нөөцийн багахан хувийг газар доорх ус бүрдүүлдэг хэдий ч хэрэглээний дийлэнхийг хангадаг. Усны хэрэглээний гол эх үүсвэр болсон газар доорх усны нөөц манай улсад хэр хэмжээнд байгаа вэ?

-Бид Төв Азийн өндөрлөг хэсэгт байрладаг учраас чийгээр дутмаг, хамгийн ойр байрлаж буй Номхон далай мянга гаруй км-ийн зайд оршиж байна. Мөн эргэн тойрон өндөр уулсаар хүрээлэгдсэн. Тиймээс гадаад далайд бүрэлдэн бий болдог чийглэг агаар Монгол оронд ирэхийн тулд хол замыг туулах явцдаа чийгээ гээж хуурайшилттай ирдэг. Нэг ёсондоо агаар ихэнх чийгээ ууландаа гээдэг гэсэн үг. Аргагүй өндөрлөг газар оршдог тулдаа цөл шиг биш ч хуурайшилттай бүсэд байрлаж байна. Манай улс байгалийн зүй тогтлын хувьд усны нөөцөөр хомсхон орон.Орос, Монголын эрдэмтэд манай орныг 609.5 шоо км усны нөөцтэй хэмээн тогтоосон. Үүний 1.96 хувь буюу өчүүхэн бага хэсгийг газар доорх усны нөөц эзэлдэг. Харин 500 шоо км-ийг нуурын ус агуулдаг бөгөөд 380 шоо км буюу ихэнх нь Хөвсгөл далайд оршдог аж. Үүнээс үзэхэд манай улс өргөн уудам нутаг дэвсгэртэй хэрнээ усны нөөцийн тархалт жигд бус.Тиймээс Монголчууд нэг голын хөвөө сахиж бус малын бэлчээрийн аясыг дагаж нүүдэллэж, худаг гаргаж газрын хэвлийн усаараа малаа ундаалж иржээ. Манай ард түмэн олон голын эх дээр амьдарч буй бөгөөд ихэнх голууд хилийн чанд руу усаа зөөдөг өвөрмөц онцлогтой. Усны нөөц хомс хэдий ч хүн амын тоо харьцангуй бага учраас нэг хүнд ноогдох хэрэглээгээрээ дээгүүрт ордог талтай. Усны нөөцийн 1.96 хувийг эзэлж буй газрын хэвлийн усыг нийгэм тэр аяараа ашиглаж байна. /Нэг жилд хэрэглэж буй усны 90 гаруй хувийг газар доороос авдаг/ Учир нь нуурын усны дийлэнх хэсэг нь шорвог түүний дээр голууд өвлийн улиралд тас хөлддөг учраас шууд авч хэрэглэх боломж байдаггүй.

-Монголчууд газрын хэвлийн усаараа ундаалахаас өөр аргагүй юм байна. Манай гидрогеологичид 270 гаруй газар доорх усны орд олж илрүүлжээ. Мэдээж орчин үеийн дэвшилтэт техник технологи ашиглаж байгаа байх. Цаашид газар доорх усны илүү олон орд илрүүлэхийн тулд ямар арга аргачлалаар судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй байна вэ?

-Гидрогеологи бол усны геологи гэсэн үг. Тиймээс геологид ашигт малтмалын орд гэж байдаг шиг гидрогеологид усны орд гэж бий. Гидрогеологичид хэдийгээр газрын хэвлийн усыг судалдаг ч гадаргуу дээрээ ажилладаг. Сүүлийн үед манайд хямд өртөгтэй зайнаас тандах судалгаа нэвтэрч байна. Орчин үеийн өрөмдлөгийн техникууд их хүчин чадалтай болж, 100 гаруй метрийн гүнийг хэдхэн цагийн дотор өрөмдөж байна. Мөн геофизикийн шинэ аргууд нэвтэрснээр мэдээлэл авч болж байна. Судалгаа шинжилгээнд загварчлалын аргыг түлхүү хэрэглэж арав, хорин жилийн дараах ус ашиглалтын прогноз гаргаж байна. Энэ мэт амжилттай зүйл байгаа ч усны химийн чанарыг судлах тал дээр хангалтгүй хэмжээнд байгаа. Бас нэг дутагдалтай зүйл нь усны сорьцыг зохих ёсоор авч чаддаггүй. Усны сорьц авахаар очихдоо уусан ундаа, архиныхаа шилэнд сорьц авах жишээтэй. Ер нь анхнаасаа сорьцоо зөв авахгүй бол хичнээн сайн лаборатори, чадварлаг мэргэжилтэн байгаад ч бодит үр дүн үзүүлэхгүй биз дээ. Шинжилгээ хийж байна гэж мөнгө үрж, худал мэдээлэл тараадгаа болих хэрэгтэй.

Түүний дээр төрийн бүтэц зохион байгуулалтанд алдаатай зүйл бишгүй бий. Салгаж болшгүй салбаруудыг өөр яам агентлаг, дарга нарт хариуцуулах юм. Тухайлбал, геологийн салбарыг Уул уурхайн яам, гидрогеологи нь Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд харьяалагддаг. Уг нь газар доорх усыг шинжлэхийн тулд тухайн чулуулгийг нь судлах ёстой байдаг. Чулуулгийг геологичид судална уу гэхээс гидрогеологичид төдийлөн мэдэхгүй шүү дээ. Усны молекул үргэлж өөрчлөгдөж, нөхөн сэргээгдэж байдаг учир цаг хугацаа орон зайтай нь судлах ёстой. Бүр аль улиралд авсан сорьц вэ гэдгээрээ ялгаатай байдаг юм. Гэтэл манайхан усны судалгаанд цаг хугацаа, хөрөнгө зарсан ч олигтой үр дүнд хүрч чадахгүй байгаад хувьдаа харамсч явдаг. Миний хувьд зуслангийнхаа хашаанд гаргасан худгийнхаа усыг шинжлүүлэхээр хоёр лабораторид өгсөн юм. Гэтэл тэс өөр хариу гаргаж өгч байна. Нэг цагт нэг худгаас авсан ус ийм өөр, зөрүүтэй гарахгүй биз дээ. Тиймээс би аргаа бараад Солонгост шинжлүүлсэн. Манайд усны чанарыг судалж буй лабораториудын чадамж ийм л байна шүү дээ. Усны чанараа зөв тодорхойлж чадахгүй байж ард түмэнд ташаа мэдээлэл өгч Улаанбаатарын усанд ураны найрлага их байна гэх юм. Уран байгааг би лав мэдэхгүй. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр усны талаар ярьж буй хүмүүсийг харж байхад дан мэргэжлийн бус хүмүүс байх юм. Ард түмэнд үнэн бодит мэдээлэл өгөхийн тулд нарийн мэргэжилтнээс нь тодруулах ёстой шүү дээ. Хөдөөгүүр судалгаа хийгээд явж байхад инээд хүрмээр зүйл их болно. Усны хайгуул хийж өрөмдсөнөөр худгийнх нь ус татарсан тухай ярьдаг. Үнэндээ тийм зүйл байдаггүй юм. Ташаа мэдээллийн уршгаар ард түмэн буруу ойлголттой болж байна.

-Тэгэхээр бид ундны усны талаар үнэн бодит мэдээлэлгүй явдаг гэсэн үг үү?

-Монголчуудад газрын хэвлийн усны талаарх мэдлэг маруухан байна. Хэдийгээр нэг шинжлэх ухааны далбаан дор явдаг ч газрын хэвлийн усыг гидрогеологич мэргэжил эзэмшсэн хүн мэднэ үү гэхээс геологич бүр мэдэхгүй.

-Манай улс гидрогеологийн судалгааг ямар түвшинд хийсэн бэ?

-Манай гидрогеологичид Оросын мэргэжилтнүүдтэй хамтарч нутаг дэвсгэрээ бүрхсэн 1:500000-ны нарийвчлал бүхий гидрогеологийн региональ түвшний зураг бүтээсэн ч одоо хэр нь олны хүртээл болоогүй байна. Энэ талаар би олон жил ярьж байгаа ч дарга нар ойлгохгүй юм. Гидрогеологийн зураг нь чулуулгийн усжсан байдлыг харуулдаг бөгөөд зураг зохиох хэд хэдэн арга бий. Зарим нь геологийн зурагтай адилхан шахуу давхаргазүйн нэгжээр ялгадаг л юм. Н.Жадамбаа докторын зохиосон зураг бол усжсан байдлаар харуулсан зураг. Энэ бол тойм судалгаа. Харин нарийвчилсан судалгаа хийж 270 гаруй усны орд илрүүлж нөөцийг нь тогтоожээ. Үргэлж өөрчлөгдөж байдаг усыг нарийн шинжлэхийн тулд горимын буюу мониторингийн судалгаа хийх ёстой. Социализмийн үед газар доорх усны горимын нэгдсэн ангитай байлаа. Бүх аймгуудад газар доорх усны харуул байрлуулж горимын судалгаанд ихээхэн ач холбогдол өгдөг байсан юм. Харамсалтай нь 1990-ээд онд өмнө байсан зүйлээ устгасан. Амьдралын шаардлагаар сүүлийн үед мониторингийн судалгааг дахин сэргээх тухай ярьж, цооногууд өрөмдөж, шинжилж, мэдээлэл авч эхэлж байна. Жилээс жилд байгаль, цаг уурын өөрчлөлт хүчтэй явагдаж энэ нь манай улсад илүү их нөлөөлж байна. Тэр хэрээр голын усны түвшин доошилж, ширгэж байгаа. Энэ цаг үед үнэхээр байгаль экологийн асуудлаас болж уу, эсвэл хүний зохисгүй үйл ажиллагаа усны нөөцөд сөргөөр нөлөөлж байна уу гэдгийг тогтоох ганц арга нь мониторингийн судалгаа юм шүү дээ. Гэтэл манайд цаг уурыг энэ аргаар судалж байгаагаас өөр зүйл алга. Гадаргын усан дээр 100 гаруй усны харуул байгаа ч газар доорх усанд алга. Бид мониторингийн судалгаа хийж байж усаа танин мэднэ, зүй зохистой ашиглах менежменттэй болно. Өнөө цагт техник технологи өндөр хөгжсөн учраас бид цооногуудаас авсан мэдээллээ компьютер дээрээс хянаж болно. Ингэхийн тулд газар доорх олон цооногоо орд талбайгаар нь хянаж, прогноз авч байдаг гидрогеологийн станц байгуулах шаардлагатай. Тэнд газар доорх усны гадаргаас ууршиж буй ууршилтын хэмжээг бодож байх ёстой. Одоогоор бидэнд эдгээр ажиглалтыг хийж мэдээллийн үр дүн өгч байх нэгдсэн байгууллага байхгүй учраас онолын нарийн ажил хийж чадахгүй байна. Гадаад улс оронд ийм судалгаа хөгжиж, бүтээл туурвиад явж байхад бидэнд боломж нь алга. Энэ байдлаа шийдвэр гаргах түвшний хүмүүст хэлэхээр программд тулгуурлан ажилла гэх юм. Улс тэр яриад байгаа программаа хэдэн ам.доллараар худалдаад авлаа гэхэд түүнийг өгөгдлөөр л ажиллуулж таарна биз дээ. Өгөгдлийг нь миний түрүүний хэлсэн станцаар дамжуулж авч байх ёстойг тэд огт ойлгодоггүй. Энэ бол олон жилийн судалгаан дээр тулгуурлаж найдвартай мэдээлэл авдаг ажил. Гэтэл Монгол Улсад гидрогеологийн судалгааны нэгдсэн бодлого гэдэг зүйл алга.

Шинжлэх ухаан нь нэг байтал геологи, гидрогеологи хоёрыг салгаж, өөр яамдад харьяалуулж байна. Өмнө нь геологи, гидрогеологи хоёрыг нэг яам хариуцаж байхад судалгааны ажил цогцоороо хийгддэг байсан юм шүү. Харин одоо бол гидрогеологийн судалгааг геологитой уялдуулж хийхгүй байгаагийн улмаас хийсэн ажлын тайлан бичихдээ геологийн асуудлыг номноос хараад хуулах төдий оруулж байна. Геологийн ажилд ч гэсэн гидрогеологийн судалгаа хийж байж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ашигт малтмалын нөөцөө батлуулдаг биз дээ. Гэтэл гидрогеологийн судалгааг халтуурдаж муу хийж байна.

-Геологи, гидрогеологийн судалгааг чанаржуулахын тулд юуны өмнө энэ хоёрыг нэг удирдлага дор оруулах ёстой юм уу даа?

-Төрийн энэ сонин зохион байгуулалтыг болих хэрэгтэй. Гадаргын усыг Байгаль орчин ногоон хөгжлийн яам судалж болно. Харин газар доорх усыг геологиос нь салгаж огтхон ч болохгүй.

-Монгол Улс гидрогеологийн шинжлэх ухаанаа дэмжиж судалгаа шинжилгээний ажлаа сайжруулахын тулд ямар зүйлийг хийх ёстой гэж та боддог вэ. Энэ салбарт олон жил зүтгэж яваа хүний хувьд бодсон бодол байгаа нь дамжиггүй ?

-Хамгийн түрүүнд гидрогеологийн судалгааг геологитой хамтатгах ёстой. Түүний дараа Монгол орны нутаг дэвсгэрт 1:200000-ны экологи-гидрогеологийн судалгааг хийх хэрэгтэй байгаа. Энэ тухай олон жил ярьж байна даа, харамсалтай нь бодит биелэл болохгүй юм. Нэгэнт л бид газрын хэвлийн усаа бараг 100 хувь ашиглаж байгаа учраас улсын төсвөөр 1:200 000 экологи-гидрогеологийн судалгаа хийж зураг зохиох нэн шаардлагатай. Ингэснээр бид шинжлэх ухааны үндэстэйгээр усны асуудлаа мэдэх боломжтой болох юм. Түүнчлэн гидрогеологийн суурь судалгаа хийдэг төв байгуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол сүүлийн үед хийгдэж буй судалгааны тайлан Байгаль орчин ногоон хөгжлийн яамны нэг даргын өрөөнд дарагдаж гүйцлээ. Уг нь тэр мэдээллийг бид ашиглаж төрийн бодлого тодорхойлдог хүмүүсийг хэрэгцээтэй мэдээллээр хангах ёстой. Гэтэл судалгааны материал хэн нэг даргын өрөөнөөс халихгүй байгаагаас манай гидрогеологичдийн  шинжлэх ухааны судалгааны түвшин өсөхгүй байна. Ер нь гидрогеологийн шинжлэх ухааны асуудал манай сургуулийн 11 багш, эрдэмтдийн хүрээнд л байна шүү дээ. Газрын хэвлийгээс олборлож буй ашигт малтмалаас хамгийн их хэмжээтэй нь нүүрс, газрын тос, алт аль нь ч биш ус шүү дээ. Бид хатуу ашигт малтмалаас бараг 40 мянган дахин их хэмжээний усыг олборлож ашигладаг. Усгүйгээр ажилладаг салбар гэж байхгүй шүү дээ, үүнийг л ойлгох хэрэгтэй байна.

-Гидрогеологийн судалгаанд улсын төсвөөс хөрөнгө гаргаж байгаа биз дээ?

-Ер нь усны судалгаа дайвар шинжтэй явж байна. Тухайлбал, 2011 онд гидрогеологийн судалгаанд 300 гаруй сая төгрөг төсөвлөсөн. Тэр мөнгөөр юу хийх юм бэ, ганц өрөмдлөг хийж хүрэхгүй. “Оюутолгой” ХХК Гүний хоолой гэх газар доорх усны том ордыг улсаас нэг ч төгрөг авалгүй өөрийн хөрөнгөөр оллоо. Гүний хоолой бол манай газар доорх усны ордуудаас нөөцөөрөө хоёрдугаарт орно. Харин хамгийн том нь Улаанбаатар хотын нэг сая гаруй хүнийг усаар хангаж буй Туулын хөндийн орд юм. Энэ жил 2-3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий Сайншандын цогцолборын усан хангамжинд зориулсан судалгаа хийж байгаа. Үүний багахан хэсгийг улсын төсвөөс санхүүжүүлж байна. Хэдийгээр би нарийн тоог нь хэлж мэдэхгүй ч манай улс гидрогеологийн судалгаанд дорвитой ач холбогдол өгч, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийдэггүй.

-Говийн бүсэд газар доорх усны нөөц төвийн нутгийг бодвол илүү хомс байдаг. Гэтэл яг тэр бүс нутагт Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордууд оршдог. Тэд газар доорх усыг ашиглах нь ойлгомжтой. Тиймээс хэдэн жилийн дараа тухайн бүс нутаг усгүй болж цөлжих цаашлаад манай үндэстэнд сөрөг нөлөө үзүүлнэ гэж зарим хүмүүс үздэг. Мэргэжлийн хүний хувьд та үүнтэй санал нийлэх үү?

-Говийн бүсэд усны нөөц хомс учраас улам бүр бага болно. Гэхдээ тухайн газрын гүний усны нөөцийг манай эрдэмтэд бодож тогтоосны дагуу ашиглах хэрэгтэй. Хэрэв тухайн баталсан нөөцөөс нь хэтрүүлвэл усны нөөц хомсдоно. Говьд хур тунадас тэр бүр ордоггүй учраас Гүний хоолойн орд нэлээд холоос тэжээл авдаг. Тэр бол цэвэр бус ус шорвог. Говийн бүс усны нөөц хомс учраас Хэрлэн голыг урагш татах тухай ярьдаг. Намайг дөнгөж сургуулиа төгсч ирж байх үед Туулын усыг Цагаансуварга руу татах тухай яригдаж байсан. Гадаргын усыг ашиглах тухай янз бүрийн төсөл хэрэгжиж байгаа. Үнэндээ манай голууд ус багатай, тиймээс голыг татна гэдэг нь үерийн усыг татахыг хэлж байгаа юм гэдгийг та бүхэн зөв ойлгох хэрэгтэй. Үерийн усыг хааж тогтоодог далангийн байгууламж асар их өртөгтэй бөгөөд ашиглалт нь төвөгтэй байдаг. ҮХААЯ-наас үерийн усыг сэвсгэр чулуулагт шингээх замаар ашиглах судалгааг Хэрлэн голд энэ жил хийсэн. Энэ технологи нь ашиглахад хялбар, ууршилт болоод бохирдол бага учраас зардал багатай байдаг. Харин усны нөөц бий болгохын тулд том нуур үүсгэхэд тэр хэрээр ууршил явагдаж ус алдагдаг. “Энержи ресурс” ХХК усны нөөцөө нуур үүсгэж хадгалдаг бөгөөд ууршилтаас сэргийлж Ирландын туршлагаар усан сангийнхаа  гадаргууг тэр чигээр нь битүү хучдаг технологийг нэвтрүүлсэн.

-“Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”-ын ТӨОХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Дөлгөөн хэлэхдээ цогцолборыг барьж байгуулж, үйл ажиллагаа явуулахад тус бүс нутгийн газар доорх ус хүрэлцээтэй гэсэн. Энэ хэр бодитой гэж та бодож байна вэ?

-Сайншандын цогцолборт ашиглагдах усны ордын судалгааны ажил бүрэн дуусаагүй, үр дүн нь тодорхой болоогүй байна. Түүний дээр тус цогцолбор ямар хэмжээний ус ашиглах ТЭЗҮ гарсаныг мэдэхгүй юм. Манай гидрогеологичдийн хийсэн судалгаагаар бол тус бүс нутагт ус бий. Гэхдээ хүрэлцэх эсэх нь дараагийн асуудал.

-Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам хурдацтай өсч байна. Айл бүр л хашаандаа худагтай болохыг эрмэлзэх болж. Мөн ундны усны ундарга болсон Туул голын хөвөөнд барилга барьж, үйл ажиллагаа явуулж буй элс хайрганы карьеруудын үйл ажиллагааны улмаас цэвэр усны хомсдол үүсэх аюул нүүрлэж байна. Зарим хүмүүс 2016 он гэхэд Туул гол ширгэнэ гэж үздэг. Ер нь нийслэл хотын дэвсгэр нутгийн газар доорх усны хомсдол хэр хэмжээнд байгаа вэ?

-Байгаль тодорхой хэмжээний нөөц баялгийг өөртөө агуулдаг. Усны нөөц нь ч гэсэн хэмжээ хязгаартай. Бид алсаас ус тээвэрлэдэггүй юм бол нөөцийг нь нэмэгдүүлж бий болгох боломжгүй. Тиймээс усныхаа нөөцөнд тулгуурлаж шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хотоо хөгжүүлж, оршин суугчдынхаа тоог төрөөс зохицуулах ёстой. Ус сувгийн газрын дарга Туулын хөндийд Уд булан, Амгалан, Мах комбинат, Нисэх, Яармаг, Гацуурт гэсэн усны зургаан эх үүсвэр бий болгож байгаа гэж телевизээр ярьж байна лээ.Эдгээр үүсвэрүүд нь Туулын усыг газар доогуур авч байна гэсэн үг. Мөн Туулын хөндийн элс хайргыг авснаар нарны тусах түвшинг ойр болгож газар доорх усны ууршилтыг нэмэгдүүлж байгаа сөрөг талтай. Мөн энэ хэрээр бохирдол бий болдог. Барилгын материал болох шавар, элс хайргыг ухаад авчихсан байхад тухайн нүхийг нь нөхөн сэргээнэ гэж байдаггүй. Ямар хогоор дүүргэлтэй биш.

-Мөн иргэд хашаандаа худаг гаргуулж байна. Хэн хүссэн нь худаг гаргуулаад байхаар ундны усны нөөцөд сөргөөр нөлөөлөх үү?

-Зарим хүмүүс олон худаг гаргаснаар усны нөөцөд сөргөөр нөлөөлнө гэж ярьдаг л юм. Иргэд худаг гаргалаа гээд усны нөөцөд нөлөөлөх зүйл байхгүй. Ер нь хашаандаа худаггүй, усныхаа асуудлыг шийдвэрлээгүй бол ямар хаус байх билээ дээ. Нэгэнт л төвлөрсөн сүлжээнд холбоогүй цагт, худаг гаргахаас өөр гарц байхгүй. Гэр хорооллыг төвийн шугамд холбоно гэж хотын дарга Э.Бат-Үүл ярьж байна. Энэ бол шинэ зүйл биш, өмнө нь ч яригдаж байсан. Гэхдээ маш их хөрөнгө зарцуулах учраас нэг үүсгүүрээр ус авсан 20 давхар орон сууц барьсан нь зардал багатай. Манай хотын шугам сүлжээ 1950-1960-аад оны үед баригдсан учраас харьцангуй хуучирсан. Хотоо хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг олон удаа хийсэн ч тэр дагуу явахгүй байгаа учраас Улаанбаатар хот биш болж байна. Уг нь хөгшин хот биш юм шүү дээ.

-Монгол Улс нүүдэлчин өв соёл, байгаль экологийн тэнцвэрт байдлаа хадгалж үлдэж геологи, уул уурхайн салбараа хөгжүүлж чадаж байна уу, хэрэв үгүй бол хэрхэх ёстой вэ?

-Бид нүүдэлчин ард түмэн байсан. Миний хувьд судалгааны ажлаар жил бүр Монголын газар нутгаараа явдаг. Малчид “Хөдөөгийн баясгалан” кинонд гардаг шиг байнга нүүдэллэхээ больсон. Зах зээлийн нийгэмд нүүдэллэж бус суурин амьдарч байж бүтээгдэхүүнээ бий болгодог онцлогтой. Түүнээс уулын аманд ганц гэрээрээ амьдрах юм бол нийгмийн харилцаанд оролцох боломж бүрдэхгүй учраас бид төвлөрөх ёстой. Монголчуудын 70-80 хувь нь хот суурин газар амьдарч байна. Залуу малчид өвөлжөөнөөсөө холдохоо больсноос хойш бэлчээрийн доройтол бий болж байна. Малчид байгаль экологио өөрсдөө доройтуулж байгаа болохоос уул уурхайн нөлөөллөөс сүйдээд байгаа юм биш. Геологи, уул уурхайн салбар газар нутгийг замбараагүй ухаж сэндийчээд байгаа юм биш. Харин алт дагасан “нинжа” нарын учруулж буй хор хөнөөл бий. Уул уурхай бага талбайд явагдах ажил учраас нөхөн сэргээлтээ зөв хийгээд явах юм бол харших зүйл байхгүй шүү дээ. Гэхдээ уул уурхайд ус бага ашигладаг технологийг нэвтрүүлэх шаардлагатай. Мөн ашигт малтмал олборлохдоо хаягдалгүй ажиллах хэрэгтэй. Алтыг гэхэд манайд маш бүдүүлэг технологиор олборлодог. Газар ухаад том ширхэгтэй алтыг нь авчихаад дараа нь үүсмэл орд гэж нэрлэсэн хэсгээс жижиг ширхэгийг нь ялган авч байна. Үүнээс болж ус, алтаа аль алиныг нь сүйтгэж дууслаа. Нөхөн сэргээлт хийгээгүйгээс хөрсгүй, тоос шороо босч, нэг их ухсан нүх үлдэж байна. Үүнийг төр зохицуулах ёстой.

-Манай улс уул уурхайн нөлөөлөлд огтхон ч өртүүлж болохгүй газар нутаг, усны сав газраа тогтоож чадсан эсэхэд мэргэжлийн хүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-“Урт нэртэй хууль” гэж шүдний өвчин болсон зүйл байна. Уг хуульд хамруулж буй газар нутагт хэдэн алттай хэсэг орсныг эс тооцвол их зөв зүйл юм. Манай гидрогеологичид усны нөөц  бүрэлдэх талбайн зураг хийсэн. Энэ нь усны нөөцийг бүрэлдүүлж буй уулын оройн хэсэг л дээ. Ойн модны навч унаж дагтаршсан хөрс борооны усыг өөртөө агуулж усыг хадгалж аажмаар усны нөөцийг тэтгэж байдаг. Харин ойгүй болвол ус нь хадгалагдахгүй, хөрсөө эвдээд үер болж урсана. Гэтэл ой модтой уулын аманд өнөөх алтны нөөц нь оршдог.

-Ер нь манай улс байгаль хамгаалал, цэвэр усны асуудлыг ямар хэмжээнд авч үзэж байна гэж та дүгнэж байна. Хууль тогтоомжинд ямар зүйл заалтыг зайлшгүй тусгаж өгөх ёстой вэ?

-Засгийн газраас баталсан “Ус” хөтөлбөрийн хүрээнд гадаргын усыг ашиглаж байх тухай заасан байдаг. Уг хөтөлбөрт тусгасны дагуу гадаргын усыг саарал, ногоон гэх мэтээр нэрлэж ангилдаг /гадаад улс оронд ингэж ангилдаг аж/. Хуучин бид стандартын шаардлага хангасан усыг газрын гүнээс олж ашиглах гэж оролддог байсан. Харин байгаль дээр тийм найрлага, чанартай ус ховор. “Оюутолгой” ХХК Гүний хоолойнхоо усыг боловсруулах үйлдвэрээ барьсан байна. Тиймээс бид усыг боловсруулж хэрэглэх хэрэгтэй. Мөн цэвэрлэх байгууламжаас гарсан усыг дахин ашиглах хэрэгтэй. Гэтэл худгаас гаргаж авсан цэнгэг усаараа автомашин угааж, зүлэг ногоо, гудамжаа усалдаг улс манайхаас өөр байгаа болов уу. Адаглаад бие засах газарт дахин цэвэрлэсэн усыг ашиглаж занших хэрэгтэй байна. Үүний тулд хос шугам сүлжээ хэрэгтэй болно. Хуучны орон сууцнуудын шугам сүлжээнд үүнийг анхнаас нь шийдвэрлээгүй учраас бас төвөгтэй. Тиймээс сүүлийн үед баригдаж буй шинэ хорооллуудад үүнийг нэвтрүүлэх ёстой юм. Бороо орж л байдаг болохоор усыг хэзээ ч шавхагдашгүй нөөцтэй гэж эндүүрч, ариг гамгүй ашигладаг. Тиймээс хүмүүсийн тархинд суусан энэ буруу бодлыг өөрчилж, усаа хайрлаж, гамнаж ашиглаж байхыг хүүхэд ахуй цагаас нь суулгаж өгөх ёстой л доо. Монголчууд ядуугаа гайхуулдаг хэрнээ хэтэрхий үрэлгэн, бүдүүлэг хэрэглээний соёлтой. Бие биенийхээ дээр гарах гэж худал хийрхэх нь утгагүй. Хэрэггүй зүйлээр цамаархах нь байгаль экологи, усанд их халгаатай. Мөн бороо, цасны усыг ашиглаж сурах хэрэгтэй байна. Социализмийн үед цасыг хадлан бэлдэж байгаа мэт нуруулдаж дарж хадгалж байгаад хаврын цагт цэнэг ус болгож ашигладаг байсан. Австрали хур тунадас багатай гандуу орон. Тэнд борооны усыг зориулалтын саванд хурааж аваад ашиглаж байна. Бид ч гэсэн амьдралын хэв маягаа өөрчилж бороо, цасны усаа ашиглаж хэвших хэрэгтэй шүү дээ. Тиймээс ард түмнийхээ тархийг хэрүүл маргаанаар бус хэрэгцээтэй зүйлээр цэнэглэж боловсруулах хэрэгтэй байна. Хүүхдэд багаас нь ийм суурь хүмүүжил олгож байхаар зохицуулах ёстой. Гадаад улс оронд хүүхдийн төлөвшилд ихээхэн ач холбогдол өгдөг. Гэтэл манайхан багаас нь суурь хүмүүжил олгохын оронд гадаад хэл заах гэх юм. Эх хэлээрээ зөв бичиж, ярьж чадахгүй байгаа хүмүүс гадаад хэлгүй холион бантан болж байгааг манай оюутнуудаас харж болно. Ер нь дунд сургуулийн боловсрол олгох системээр төр тоглоод дууслаа.

-Тэгэхээр эцсийн дүнд гидрогеологийн салбарыг хөгжүүлж усны нөөцөө хадгалж, иргэдээ ухамсартай болгохын тулд төр засгийн бодлого үгүйлэгдэж байна гэсэн санааг би таны ярианаас ойлголоо.

-Шийдвэр гаргах түвшний хүмүүс эрдэмтдийнхээ үгийг сонсч гидрогеологийн зөв бодлого боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Төрийн байгууллагад ажиллаж буй хүмүүс төрийнхөө ажлыг хийнэ үү гэхээс судалгааны ажил хийхгүй. Тиймээс гидрогеологийн судалгааны төв байгуулах нэн шаардлагатай байна. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд манай сургуулийн гидрогеологийн салбарын багш нар судалгааны ажил хийж, мэргэжилтэн бэлтгэж, эх хэл дээрээ эрдэм шинжилгээний бүтээл туурвидаг болсон. Нэг ёсондоо бид төрөлх хэл дээрээ гидрогеологийн шинжлэх ухааныг нутагшууллаа. Энэ хэрээр бид гидрогеологийн шинжлэх ухаанд тодорхой хувь нэмэр оруулж байгаа. Тиймээс үүнийгээ дэлхий нийтэд сурталчлахын тулд гадаад хэл дээр эрдэм шинжилгээний бүтээл гаргах хэрэгтэй байна.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе.

-Монгол орны гидрогеологийн судалгаа бүх нутгийн түвшинд 1:500000-ны нарийвчлалтай судлагдсан. Харамсалтай нь одоогоор түүнээс нарийвчилсан судалгаа алга. Бид улс орноо хөгжүүлэхдээ аж үйлдвэрийн цогцолборуудыг байгуулж, бүсчилсэн байдлаар хөгжүүлнэ гэж ярьдаг. Геологи, уул уурхайн салбараар дамжуулан улс орноо хөгжүүлэхийн тулд ус зайлшгүй хэрэгтэй. Бид нүүдэлчин бус суурин ард түмэн болсон. Тиймээс бидэнд ус хэрэгтэй учраас бага талбайд усны нөөцийг олж илрүүлж, байгаа зүйлээ зөв ашиглах шаардлагатай болж байна. Байгальд байгаа усыг боловсруулж, ашигласан усаа дахин хэрэглэж байж бид усны нөөцөө хамгаална. Бид өнөөдөр усыг зөвхөн хэрэглээ маягаар ашиглаж байна. Гидрогеологийн хувьд шинжлэх ухаан талыг нэвтрүүлэх зайлшгүй хэрэгтэй. Ингэснээр гидрогеологийн судалгааг хөгжүүлж, газар доорх усныхаа нөөцийг танин мэдэх боломж бүрдэнэ. Шинжлэх ухааны үндсэн дээр онол, арга аргачлал бий болж, шинэ техник технологи нэвтрүүлж, боловсон хүчин маань өсч, эрдэмтэд бий болно. Сүүлийн долоо найман жилд манай салбарт эрдэмтэд төрсөнгүй. Танай сэтгүүлийн хамт олон болоод “Хайгуулын мэдээ” сэтгүүлийг санаачилсан хүмүүст баярласнаа илэрхийлье. 2014 онд улам их амжилт гаргаж, ахиц дэвшил, шинэ олз, аз жаргалтай ажиллахын ерөөлийг уншигч нартаа дэвшүүлье.

Д.ОЮУНЖАРГАЛ