“ДУН ГОУЛД” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баярсайхан: ТУХАЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГЫГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БУС ИНСТИТУТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ

Монголын геологийн салбарт тэр дундаа алтны чиглэлээр 30 орчим жил дагнан ажиллаж буй геологич Ц.Баярсайхантай ярилцлаа. Тэрээр Мөрөнгийн зураглалын экспедицэд геологичоор ажилласнаас хойш Монголын бүх алтны ордуудыг үзэж танилцжээ. Алт гэдэг металл хялбар технологиор олборлогдож, ам.долларыг ганц дардаг зүйл учраас бид хэн нэгэн гадаадтай хамтарч болохгүй болж өгвөл өөрсдөө энэ түүхий эдийг эзэмшиж, ашиглах хэрэгтэй хэмээн үздэг юм билээ. Тэрээр “Монгол газар” компанийн ерөнхий геологичоор олон жил ажилласан бөгөөд өдгөө “Дун гоулд” хэмээх хувийн компаниа байгуулан хийж дадсан ажлаа үргэлжлүүлэн тун завгүй явна.

Төр засаг алтны ордын хайгуул судалгааны чиглэлээр зөв бодлого баримталж ажиллавал хэтдээ үр өгөөжтэй

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сэтгүүлийн уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Нэгдүгээр арван жилийг дүүргээд Политехникийн дээд сургуулийг 1986 онд геологич мэргэжлээр төгссөн. Ажлынхаа гарааг Мөрөн дэх зураглалын экспедицээс эхэлж байлаа. 1997 оноос “Бороо гоулд” компанийн алтны үндсэн ордын нарийвчилсан хайгуулын ажлыг дуусгаад  2004 оноос 2013 оны хоёрдугаар сар хүртэл “Монгол газар” компанийн ерөнхий геологичоор ажилласан. Харин одоо “Дун гоулд” компанийг үүсгэн байгуулаад ажиллаж байна.  

-Та одоо ямар орд /төсөл/ дээр ажиллаж байна вэ?

-Одоогоор хэд хэдэн алтны орд илрэлд эрэл-хайгуулын ажил гүйцэтгэж байна. Тухайлбал, судлын төрлийн алтны ордын эрэл-үнэлгээ ба урьдчилсан хайгуул, төмөр-титаны илрэлд нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээний ажил хийж байна. Мөн Колчедан буюу галт уулын гаралтай, алт-мөнгө агуулсан цул сульфидын хүдэржилт бүхий талбайд эрлийн ажил хийгээд дуусах шатандаа орж байна. Мөн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Сулинхээрийн бүсэд орших алтны хүдэржилт агуулсан эрдэсжсэн бүсүүдийн хүрээнд алтны эрлийн ажлыг эхлүүлээд байна. Сүүлийн жилүүдэд гэж асуувал голдуу Монгол Алтайн ороген структурын хүрээнд хөгжсөн алтны илрэлүүдийн хэмжээнд эрлийн ажил гүйцэтгэж зарим хэсэгт нь үнэлгээ өгсөн. Ер нь бол Монгол Алтай маш сонин гетероген тогтоцтой өвөрмөц хүдэржилттэй сайхан структур шүү.

-Та геологийн салбарт 30 орчим жил ажиллахдаа олон ордын хайгуулын ажлыг гардаж хийсэн. Тэдгээрээс хамгийн их цаг хугацаа, хичээл зүтгэл шаардаж хүнд бэрх байсан нь ямар орд байв?

-Миний хувьд 1996 оноос хойш сүүлийн 18 жилийн турш алтны хүдэржилтийн эрэл хайгуулын ажлаар дагнан ажиллахдаа Монгол Улсын хэмжээнд тогтоогдсон бүх алтны орд, илрэлүүдийн 80 орчим хувийг нь үзэж танилцсан байх. Гардаж ажилласан ордуудаас структурын хувьд хамгийн хүнд нь “Олон Овоот” байлаа. Учир нь энэ ордын геологийн структур нь таньж мэдэхэд төвөгтэй маш хүчтэй деформацид удаа дараа автаж тасралын бүсүүдээр хуваагдсан ороген тогтоцтой байдаг онцлогтой. Эхлээд судалж байхад нэлээд нийлмэл тогтоцтой мэт боловч өрөмдлөгийн ажлын үр дүн ба геологийн структурын тайллын дараа энгийн ч юм шиг санагдсан шүү. Ийм төрлийн орд зөвхөн манайд байгаа юм биш, дэлхий даяар байдаг. “Олон Овоот”-ын ордыг агуулж байгаа Ханын хэцийн алтны хүдрийн дүүрэг бүхэлдээ бараг 25 км орчим сунаж тогтсон нэлээд томоохон дүүргийн тоонд орно шүү. Яг “Олон Овоот”-ын орд өөрөө нэг их том орд биш шүү дээ. Мэргэжлийн бус хүмүүс л янз бүрийн тоо хэлээд байгаа юм. Гэхдээ “Олон Овоот”-ын ордын хайгуулын ажил бүрэн дуусаагүй байгааг энэ дашрамд хэлмээр байна. Ер нь манай орны геологийн ерөнхий структурыг элэгдлийн түвшнээр авч үзвэл гадаргуугаас доош 8-13 км-т бүрэлдэн тогтсон гүний бүтэц одоо гадаргууд илрээд байгаа болов уу гэсэн сэтгэгдэл төрдөг юм, хэрэв тэгж үзвэл манай улсын нутаг дэвсгэр гүнийхээ түвшнээр дундаж түвшний алт-зэсийн болоод бусад төрлийн порфирын ордууд эсвэл бидний хэлж заншсанаар дунд температурын алтны ордууд гадаргууд ойр орших төлөв харагддаг юм. Дунд температурын алтны ордуудыг одоо ороген ба хөрж байгаа интрузив чулуулагтай холбоотой ордууд гэж ангилж үздэг болсон бөгөөд манай орны хэмжээнд эдгээр төрлүүдийн аль аль нь хөгжсөн байдаг. Ер нь бол манай улсын геологийн бүрдлүүдийн ороген тектоник бүтэц маш сонирхолтой, түүнтэй уялдаад металлоген талаас бүүр их сонирхолтой шүү. Бид янз бүрийн террейнүүдийн ангиллыг харуулсан тектоник зураг, схемтэй боловч Монгол орны ороген структурын талаар одоохондоо судалгаа муутай санагддаг. Бид өөрийн орны ороген тектоникийн үечлэл ба орон зайн хуваарилалтыг зөв тодорхойлж чадвал тэдгээртэй холбоотой алт, зэсийн ордуудыг илрүүлэх судалгааны арга аргачлалыг боловсруулахад чухал ач холбогдолтой ажил болно доо гэж боддог. Эцэст нь хэлэхэд манай төр засаг алтны ордын хайгуул судалгааны чиглэлээр зөв бодлого баримталж ажиллавал хэтдээ үр өгөөжтэй. 

-Гэхдээ бид өөрсдийгөө хэт хөөрөгдөж байгаагаас биш манайд дэлхийд гайхагдахаар хэмжээний ашигт малтмалын арвин нөөц байхгүй гэж зарим геологичид үздэг юм билээ. Тэгвэл үнэндээ геологийн ерөнхий структурын хувьд манай улс алт, зэсийн арвин нөөцтэй юм байна гэж ойлгож болох уу?

-Дэлхийн бөмбөрцөг дээрх улс орнуудыг газар нутгийн хувьд өргөрөгөөр нь авч үзвэл манайх Хойд Америктай ойролцоо өргөрөгт оршдог учраас цаг агаар, ландшафтын ба элэгдлийн түвшнээрээ төсөөтөй түвшинд байрладаг. Гэхдээ манайх сүүлд явагдаж буй орчин үеийн субдукцын бүсээс хол байхад Хойд Америк ойр оршдогоороо арай илүү давуу талтай. Хэдий тийм боловч манай улсын нутаг дэвсгэр Хойд ба Өмнөд Америкийн туулж байгаа геологийн хөгжлийг арай түрүүнд туулаад өнгөрсөн түүхтэй. Тийм учраас ижил төсөөтөй геологийн тогтоц, ижлэвтэр элэгдлийн түвшинтэй гэж бодвол манай улс байгалийн баялгаараа Хойд Америкаас дутахааргүй хэтийн төлөвтөй гэж таамагладаг. Энэ хэтийн төлвийг тодорхойлохын тулд системтэй судалгааны ажил хийх ёстой. Гэвч сүүлийн 20 жилийн хугацаанд ийм ажил хийгдээгүй гэж хэлж болох байх. Уг нь социализмын үед геологийн зураглалын ажил сайн хийгдэж, түүнд тавигдах шаардлага маш өндөр байсан юм. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр гадаадын хөрөнгө оруулагчид манайд ирж өөрсдийн сонирхлын дагуу геологийн судалгаа хийгээд үр дүнг үзүүлэхгүй өөрсдөө аваад явдаг болохоор бидэнд нэгдсэн материал алга. Хуучин нийгмийн үед бол системтэй хийгдсэн судалгааны ажлаа нэгтгэн дүгнэж бидний нэрлэж заншсанаар “шар ном” буюу цуврал боть болгон гаргадаг байсан. Харамсалтай нь өдгөө тийм зүйл алга. Уг нь 2006 оноос хойш нүүрсний хайгуул эрчимтэй хийгдсэн. Гэтэл судалгааны материалын нэгтгэсэн дүгнэлт бидэнд байхгүй л байна. Бизнес хийж буй хүмүүс хэрэгтэй материалаа ямар нэг аргаар олж авч байгаа ч улс орон судалгаагаа нэгтгэж хадгалж авах хэрэгтэй л дээ.  АНУ, Канад зэрэг уул уурхайн салбар нь хөгжсөн орнуудын Геологийн институт нь тухайн компанитай хамтран ажиллаж геологийн судалгааны материалыг нь цуглуулдаг юм билээ. Тэдгээр улс орнууд уул уурхайн 200 гаруй жилийн түүхтэй ч одоо хэр нь шинэ орд олсоор байгаа нь судалгааны материалаа цуглуулж чадаж байгаатай нь холбоотой байх. Манай улсын хувьд биднээс хойш 200-300 жилийн дараа ч ашигт малтмалын орд олдсоор л байх болно. Гэсэн хэдий ч манай үндэсний хөрөнгө оруулагчид өсч торниод өөрийнхөө нутаг дэвсгэрээс биш өөр орны нутаг дэвгэрээс олборлосон эрдсийн түүхий эдээр улс орноо хангах цаг удахгүй ирэх биз дээ.

-Төр засгийн харалган байдлаас болж сүүлийн 20 жилийн турш хийгдсэн геологийн судалгааны материал хадгалагдаж үлдээгүй юм байна. Тэгвэл одоо энэ нөхцөлд хэрхэн ажиллаж мэдээллийн фондоо үүсгэх ёстой вэ?

-Социализмын үед ажиллаж байсан манай геологичдийн цуглуулсан материал бүгд фондонд байгаа. Харин түүнээс хойшхи нь байхгүй. Зах зээлийн нийгэмд шилжих үед бидэнд техник технологи, үйлдвэр, үндэсний хөрөнгө оруулагчид гэж байсангүй. Байгаа нь мал сүрэг, газар нутаг. Мал аж ахуйг гадныхан сонирхохгүй учраас 1997 оны “Ашигт малтмалын тухай хууль” гарсан юм. Энэ хууль тухайн нөхцөлдөө яг тохирсон учраас үр өгөөжөө өгч чадсан. Хэдийгээр бид үр шимийг нь хүртсэн ч аливаа зүйл хоёр талтай байдаг учраас тус хууль ашиг олох зорилготой хэсэг бүлэг лицензийн наймаачдыг төрүүлсэн. Тэднийг өнгөц харахад Монгол Улсын газар нутгийг худалдаад байгаа мэт боловч үнэндээ төрөөс олгосон зөвшөөрлийн бичгийг өөр хоорондоо наймаалцсан хэрэг. Сөрөг үр дагавар гарсан учраас гаргасан хуулиа өөрчилж “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого” боловсруулж байна. Тиймээс геологийн судалгааны материалыг цуглуулах боломжийг зах зээлийн нийгэмд нийцсэн байдлаар тусгаж өгөх хэрэгтэй юм. Үнэндээ улсад нөөцийн хэмжээ, тоо баримт гэхээсээ илүү тухайн судалгааны цаад мөн чанар, ашигтай элементүүдийн тархалт, геологийн тогтоц зэрэг нь чухал учраас хувийн хөрөнгөөр судалгаа хийж буй компанийн материалаас яг ямар зүйлийг нь авч болохыг тодорхой зааж өгөх хэрэгтэй байна. Өнөөдрийн бидний гаргасан хууль 20 жилийн дараа тухайн нийгэмдээ нийцэхгүй болох байх. Магадгүй хэдхэн жилийн дараа манай улс асар хурдтай хөгжих үед одоогийн төрийн бодлого тохиромжгүй болно. Тэр үед өнөөгийн цуглуулсан судалгааны материал хэрэгтэй болох юм. Хамгийн гол нь төрийн бодлогыг хэрэгжүүлдэг газар байх чухал. Бодвол АМГ хэрэгжүүлэх байх. Уг нь тухайн салбарт баримтлах бодлогыг төрийн байгууллага бус институт /хүрээлэн/ хэрэгжүүлэх ёстой юм. Төр хэзээнээсээ л дарангуйлагч механизм байсан учраас тодорхойлсон бодлогоо хэрэгжүүлэхэд нөлөөлж чадах ч түүнийг хөгжүүлэх зах зээлтэйгээ уялдсан уян хатан бодлого явуулах тал дээрээ сул юм шиг байдаг. Харин институтийн зарчмаар бол нөлөөлж болно. Австрали, Канад, Хойд Америк зэрэг дэлхийн олон орон уул уурхайн институттэй бөгөөд тэд салбартай холбоотой бүх л асуудлаа шийдвэрлэдэг. Тиймээс бид ч гэсэн тийм институт байгуулж урдаа барьдаг туршлагатай хүмүүсээ ажиллуулах хэрэгтэй шүү дээ. Ингэснээр тухайн зах зээлийн нийгэмд тохирох бодлого боловсруулж эргээд төрдөө нөлөөлж чадна. Тэгээд аль газрын лицензийг ямар хүнд өгч болохыг тодорхой болгож болно шүү дээ. Одоогоор манайд ийм тогтолцоо байхгүйгээс төрийн эрх авсан албан тушаалтны санааны зоргоор хууль тогтоомж өөрчлөгдөж бодлогын шинж чанар алдагдаж байна. Бидэнд уран хэрэгтэй юм уу үгүй уу, нүүрсний салбарт ингэж их хөрөнгө оруулалт хийх нь зөв үү, алтны салбарыг ямар бодлогоор дэмжвэл Монгол банк нөөцтэй болж, хэдий хэр хугацааны дараа бид ам.долларын дарамтнаас гарах вэ гэх мэт чухал асуудлуудыг бодлогоороо зохицуулж өгөх шаардлагатай байна. Зарим төрлийн ашигт малтмалын хайгуулын лицензийг 10 жилийн турш олгохгүй байсан ч яахав дээ. Ингэж л манай улс геологийн салбарт баримтлах стратеги гэдэг зүйлээ тодорхой болгоно. Энэ стратеги гэдгээр ямар төрлийн эрдсийн түүхий эд стратегийн шинж чанар агуулж байгааг тодорхойлж болно. Харин манайхан дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш үнэ цэнэ бүхий ордыг стратегийн орд гэнэ гээд тоогоор заасан байна. Уг нь Монгол Улс дэлхийн зах зээлд ямар зүйлээр тоглогч болж чадаж байна тэр нь стратегийн түүхий эд болно. Тухайлбал, бид олон улсын зах зээлд нөлөөлөх хэмжээний зэс үйлдвэрлэх боломжтой. Тэгэхээр зэс бол стратегийн түүхий эд юм. Зэсийн үнэ олон улсын зах зээл дээр унахад бид ам.долларт ноёлуулж, дотоодын нийт бүтээгдэхүүний үнэ буурдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүнд нөлөөлдөг түүхий эдүүд нь стратегийн шинж чанар агуулж байгаа юм. Тиймээс ойрын ирээдүйд ямар ашигт малтмал дэлхийн эдийн засагт эрэлт ихтэй байх вэ гэдгийг судлаад үүний дагуу лиценз олгож болно. Жишээ нь, сүүлийн үед залуусын гол хэрэглээ болж буй холимог цахилгаан автомашины батарейг литигээр хийсэн бөгөөд энэ батерей хоёр жилийн настай байдаг. Харин уг батерейг ванадигаар хийхэд 20 жил тасралтгүй ажиллах хүчин чадалтай юм аа гэдгийг тогтоосон учраас дэлхийн зах зээл дээр ванадигийн хэрэгцээ маш их өсч, тус түүхий эдийг улс орнууд стратегийн хэмжээнд авч үзэж байна. Гэтэл манайд ванадигийн судалгаа хийгдээгүй байна. Хэрэв манай улс институттэй байсан бол дэлхийн зах зээлийн төлөв байдлыг ажиглаад таван жилийн өмнөөс ванадиг судлах боломжтой байлаа. Тиймээс төрөөс баримтлах бодлогоо боловсруулах институт буюу хүрээлэнг байгуулах нэн шаардлагатай байна. Ингэж чадвал Монгол Улсын эрдэс баялгийн салбар зах зээлийн голдрилоороо явж чадна. Бид нэгэнт зах зээлийн нийгмийг сонгосон учраас социализмийн зарчмаар яваад хөгжихгүй шүү дээ. Ер нь эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогоо зөв боловсруулаад хувийн хэвшлийнхнийг түлхүү ажиллуулах хэрэгтэй. Хувийн компанийн дотоод хэрэгт төр оролцож хувь эзэмших нь нэг их сайн үр дүнд хүргэхгүй байх. Хувь эзэмшсэнээр түүнтэйгээ ижил хэмжээний эрсдэл бас үүрэх шаардлага гарна шүү дээ. Хамгийн тод жишээ гэвэл Оюутолгой төсөл байна. Явж явж бид Оюутолгойгоос хамаарсан улс болох вий дээ.

-Тэгэхээр юуны өмнө төрийн бодлогоо нухацтай боловсруулах хэрэгтэй юм байна. УУЯ-аас УИХ-д өргөн барьсан төрийн бодлогыг та үзсэн үү?

-Харсан. Төрийн бодлого гаргалаа гэхэд түүнийг хэрэгжүүлэх институт байхгүй учраас аль нэг нам, улстөрийн хүчинд үйлчилдэг талтай. Хэрэв институттэй болвол Монгол Улсын эрдэс баялгийн салбарт баримталж ирсэн уламжлалаа хадгалсан хэрнээ төр барьж буй улстөрийн хүчинд тохирсон бодлогыг боловсруулаад өгч болдог юм. Уламжлал нь физикийн хууль шиг энергиэ хадгалж явах учиртай. Бодлогодоо биднийг тэжээж буй зэс, алт зэрэг металлуудтай холбоотой асуудлаа тусгаж хэрэгжүүлээд л явж байх ёстой юм. Төр барьж буй улстөрийн хүчнүүд хэдийгээр алдаа гаргадаг ч бүгд л эх орныхоо хөгжилд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж явна шүү дээ. 

-Аль нэг намын сонирхлоор өөрчлөгдөж байдаг тогтворгүй бодлогыг цэгцлэхийн тулд төрөөс хамааралгүй институт байгуулах асуудал нэн шаардлагатай юм байна даа?

-Манайд зах зээл судлалын хүрээлэн гэж байдаг даа. Үүнтэй уялдсан хүрээлэн байгуулах нэн шаардлагатай.

-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаар Геологийн алба байгуулснаар энэ салбарыг нэгдсэн бодлоготой болгож хөгжилд хүргэнэ гэж үзэж байгаа. Харин таны ярьж буй институт үүнтэй төстэй юу?

-Геологийн алба гэдэг нь тухайн улстөрийн хүчний бодлогыг хэрэгжүүлэгч байгууллага. Харин тухайн бодлогыг боловсруулагч нь институт. Тиймээс энэ хоёр өөр үүрэгтэй байгууллагууд юм. Тиймээс байгуулах гэж буй Геологийн алба болоод Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар хоёрын хооронд ямар ялгаа байгаа юм.

-Тэгвэл бодлого боловсруулдаг институтийг яагаад одоо хэр нь байгуулах саналыг хэн нэгэн тавихгүй байгаа юм бол. Эрх баригчдын эрх ашигт нийцэхгүй байгаа учраас тэр үү, эсвэл сэтгэхгүй байгаа юм болов уу. Та юу гэж бодож байна вэ?

-Манайхан институт гэхээр хуучны академын судалгааны хүрээлэнтэй адилтгаж ойлгодог юм шиг байгаа юм. Үнэндээ миний төсөөлөн хэлж буй уг институт нь зах зээлд түшиглэж эргээд зах зээлээс мэдээллээ авдаг бодлогыг боловсруулдаг байх юм. Гэхдээ шинжлэх ухааны асуудлаа давхар эрхэлж явж болно. Шинжлэх ухааны хөгжил нь улс орны хөгжлөөс 20 жилээр түрүүлж явах ёстой байдаг учраас институтэд улстөрийн албан тушаалтан бус мэргэжлийн үе үеийн төлөөлөл болсон лидер геологичид ажиллах хэрэгтэй.

-Та хүрээлэн байгуулах энэ санаагаа салбар яам, агентлаг, геологийн холбоодод илэрхийлж байсан уу?

-Тэд чинь хувийн секторт ажилладаг бидний үзэл бодол, дуу хоолойг сонсохдоо маруухан шүү дээ. Мөн манайд байдаг бас нэг дутагдал нь шинээр төрөн гарч буй чадварлаг залуу боловсон хүчнээ үнэлдэггүй явдал. Уг нь бид амьдралаас сурсан туршлагаа зааж, залуу халаагаа чадавхжуулах ёстой. Ингэснээр тэд хэн нэг гадаадын хүнээс хамааралгүйгээр тэдэнтэй ижил түвшинд ажиллах хэмжээнд хүрнэ. Гэтэл өнөөдөр бид хэн хаана ажиллаж, ямар шинэ зүйл олж, юу бүтээж байгаа талаар мэдээлэлгүй сууж байна. Харин ч танай сэтгүүл гардаг болсноор унших зүйлтэй болж, мэргэжил нэгт зарим нөхдийнхөө сургийг гаргаж байна. Уг нь Монгол Улсын геологийн салбарын хүний нөөц гэдэг зүйл байх ёстой юм. Үүнийг бодлогоороо зохицуулж геологичдоо нэгтгэж оны эцэст ажил мэргэжлээрээ шалгарсан нэгнээ урамшуулж болно шүү дээ. Манайд олон мундаг геологич бий. Тэдний нэрэмжит шагналыг бий болгож болно. Тэгээд дагуулж өгч буй мөнгөн урамшууллыг нь зах зээлийн нийгэмд тохирсон амьдралд нь хэрэг болохуйц болгох хэрэгтэй.

-Геологичдийг урамшуулах тал дээр сул байгаа нь үнэн. Монголд шинэ орд нээгээд баяжсан геологич гэж байхгүй гэдэг яриа бий шүү?

-Манай салбар бусдын адил тэргүүний геологич, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан гэдэг цол тэмдэгтэй. Гэхдээ зах зээлийн нийгэмд хүмүүсийн амьдралын түвшний ялгаа маш их гарч байна. Манай салбар харьцангуй үнэлгээ сайтай учраас геологичид дундаж түвшинд амьдарч байгаа ч амьдралаа дээшлүүлэхийг л хүснэ. Тиймээс улсын хэмжээнд үнэлэгдэхүйц шинэ орд нээсэн геологичид яагаад 10 мянган ам.долларын урамшуулал олгож болохгүй гэж. Шинэ залуу, дунд, ахмад үеийн геологичид гэж ангилж тус тусад нь шалгаруулж болно шүү дээ. Барууны орнуудад сангуудаараа дамжуулж нэрт геологичийн нэрэмжит шагнал олгодог. Ер нь мэргэжлийн холбоодтой байснаас сантай байсан нь дээр юм биш үү.

-Таныг Хөвсгөлийн геологийн экспедицийн ерөнхий геологичоор ажиллаж байсан гэж сонссон. Тухайн үед хөдөө орон нутгийн геологичдийг их анхаардаг байсан. Одоо бол хөдөө орон нутгийн геологичдийн асуудал орхигдсон тухай ярьдаг. Тэдний асуудлыг яах ёстой вэ. Тэд хөдөө орон нутагтаа “зэврээд” л байж байх хэрэг үү?

-Энэ бол хувь хүний асуудал. Хөдөө байснаараа “зэвэрнэ” гэдэг бол зүгээр л шалтаг. Бид Улаанбаатарт амьдарснаараа мэдээлэлд ойр байдаг гэсэн үг биш шүү дээ. Өнөөдөр аймаг бүр интернэтийн сүлжээнд холбогдсон болохоор хүссэн мэдээллээ олж авах боломж бүрдсэн. Тухайн хүн мэддэг хэлээрээ мэдээлэл авч болохоор болж. Миний хувьд үргэлж Улаанбаатарт байсан юм биш, хөдөө амьдарч байсан. УУЯ-ны газрын дарга Батхүү бид хоёр хөдөө амьдарч байхдаа бие дааж англи хэл үзэж байсан. Хүн өөрөө хичээвэл болдог юм.

-Геологичид, салбарын инженер, мэргэжилтнүүд, Монголын олон компанийг ажилтай байлгахын тулд гадны хөрөнгө оруулагчдыг түшихээс өөр гарц одоогоор харагдахгүй байна. Харин хөрөнгө оруулагчдыг татах хууль эрхзүйн орчинг өнөө хэр нь улстөрчид бүрдүүлж өгч чадсангүй. Хийх ажил нь тодорхой байтал парламент ямар учраас цааргалж байна гэж та бодож байна вэ. Тэдний гол алдааг хэрхэн харж байгаа вэ?

-Геологичдийг ажилтай байлгах, ултөрчид алдаа гаргаж байгаа эсэх гэдэг бол тусдаа асуудал. Улстөрчдийн хийсэн алдаанаас болоод өнөөдөр бид ажилгүй сууж байна гэвэл буруу ойлголт. Нуулгүй хэлэхэд энэ бол социалист сэтгэлгээ. Монголд ажил олдохгүй байвал гадагшаа яв л даа. Канад, Австрали гээд олон оронд Монгол залуус ажиллаж болоод л байна. Зах зээлийн нийгэмд шилжсэн өнгөрсөн хугацаанд бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу ажиллаж сурлаа шүү дээ. Тиймээс гадаад улс оронд ажиллах бүрэн боломжтой болсон.   

-Гэхдээ улстөрчдийн буруу шийдвэрүүдийн улмаас геологийн салбар хүнд байдалд орж олон геологич ажилгүй болсон шүү дээ?

-Геологийн салбарт ажиллаж буй бүх хүн ижил түвшний англи хэлний мэдлэггүй, компьютер дээр ажиллах чадваргүй, нөөц бодож, зураглал хийж чадахгүй. Зах зээлийн нийгэмд ажил олгогч ажилтныхаа мэдлэг боловсрол, чадварт тохирсон цалин хөлс олгодог. Тиймээс хувь хүн эхлээд өөрийгөө боловсруулаад түүний дараа ажил хайх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтын хууль зэрэг зүйлээс шалтгаалан сүүлийн жил геологийн ажил ховор маягтай байгаа. Гэхдээ энэ чинь ганцхан Монголын төрөөс болсон юм биш. Хэрэв чи үнэхээр чадвартай байсан бол үндэсний хөрөнгө оруулагчид бас байна шүү дээ. Тэд авч үлдсэн лицензэт талбайдаа ажиллаж байна. Төр засгийг харж суудаг цаг өнгөрсөн шүү дээ.

-Хувь хүний хувьд тийм байдаг байж. Харин дөнгөж хөл дээрээ тогтох гэж ядаж буй геологи хайгуулын шинэ компаниуд ажилгүй зогсч байгаагийн цаад шалтгаан нь хууль эрхзүйн тогтворгүй орчны улмаас гадны хөрөнгө оруулагчид гарч явсанаас л болж байгаа биз дээ?

-Манай улстөрийн орчин өөрөө их бүдүүлэг. “Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар”, “Хөрөнгө оруулалтын тухай хууль” зэргээс болж гадны хөрөнгө оруулагчид манайхаас гарсан уу гэвэл, тэр үнэн. Гэхдээ одоогийн нөхцөл байдал нь нэг ёсондоо бидний иддэг зөөлөн еэвэн хатуу болчихоод байгаатай л адил. Тиймээс хатуу хоолыг идэж болох аргыг зөв олох хэрэгтэй юм. Мэдээж таатай орчинг улстөрчид бүрдүүлэх ёстой л доо.

Шулуухан хэлэхэд “урт нэртэй хууль” бол хамгийн том эмгэнэл

-Эрдэс баялгийн салбарын үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцлийг бүрдүүлэх ёстой “Ашигт малтмалын тухай хууль”, “Хөрөнгө оруулалтын тухай хууль”, “Урт нэртэй хууль” зэрэг хуулиудад ямар асуудлыг тусгаж өгөх ёстой вэ?

-Шулуухан хэлэхэд “урт нэртэй хууль” бол хамгийн том эмгэнэл болсон. Намайг алтны салбарын хүн учраас ингэж хэлж байна гэж бүү бодоорой. Бид “Алт” хөтөлбөрийг эргэн санах хэрэгтэй. “Алт” хөтөлбөр хэрэгжиж байх үед манай улс жилд 20 гаруй тн алт олборлодог байлаа. Гэтэл алт олборлоод баяжсан компани “Гацуурт”-ыг эс тооцвол алга. Сонин байгаа биз. “Алт” хөтөлбөр Монгол Улсын банкны салбарыг босгосон. Банкны салбар эргээд барилгын салбарыг тэтгэж хөрөнгө оруулалт хийж олон хүн ажилтай болж улс орны хөгжилд түлхэц болсон. Тиймээс “Алт” хөтөлбөр 1997 оны “Ашигт малтмалын тухай хууль” шиг үр өгөөжөө өгсөн. Харамсалтай нь алт олборлосноор байгаль экологи сүйдэж байна гэсэн асуудал гарч ирсэн. Үнэндээ алт олборлох технологи хамгийн хялбар бөгөөд хор хөнөөл багатай байдаг. Алт угаагаад Онги гол ширгэлээ л гээд байсан одоо тэнд олон мянган “нинжа” нар ажиллаж байхад ширгээгүй л байгаа биз дээ. Алтаа олборлож улсад татвараа төлж, банкны зээлээ өгөөд ажиллаж байхад “урт нэртэй хууль” гаргаж ил байсан хүмүүсийг далд хэлбэрт оруулсан. Энэ хууль гарснаар алт олборлох ажил зогссон юм биш. Харин улсад ирдэг татвар төлөөс байхгүй болсон. Тэгэхээр “урт нэртэй хууль” эмгэнэлтэй байгаа биз дээ. Уг нь энэ хуулийн санаа нь зөв ч бодит амьдралд нийцээгүй. Алтаа ухаж аваад мөнгөтэй болсныхоо дараа байгалиа нөхөн сэргээж болох л байсан. Гэтэл гэнэт нэг хууль гаргаад үйл ажиллагааг нь зогсоочихоор одоо юугаар эргэж байгалиа нөхөн сэргээх билээ. Нөхөн сэргээхэд хөрөнгө хэрэгтэй. Энэ хууль гараад бид байгаль орчноо нөхөн сэргээж чадсан уу гэвэл үгүй байх, нөгөө хаагдсан уурхайнууд ажиллаж байж магадгүй л байх шүү. Явж явж далд бизнесийг дэмжсэн хууль болсон доо. Үүнтэй холбоотой нэг жишээ хэлье, Шведийн судалгааны төвийн гаргасан мэдээллээр Монголд 100 мянган гар аргаар буюу хууль бусаар алт олборлогч  “нинжа” нар байдаг юм байна. Нэг “нинжа” өдөрт дунджаар хоёр гр алт олдог магадлал байгаа юм. Тэгэхээр өдөрт 200 кг алтыг “нинжа” нар олж байна гэсэн үг. Энэ нь өнөөдрийн ханшаар найман сая ам.доллар болно. Тэд жилийн 300 хоногт ажиллана гэж бодоход нэг жилд зургаан тн алт үйлдвэрлэж байна гэсэн үг. “Урт нэртэй хууль” гарсан 2009 оноос хойш тооцвол сайн дураараа алт олборлож буй хүмүүс 24 тн алт үйлдвэрлэжээ. Үүнийг Монгол банкинд тушаасан бол манай улс ийм хэмжээний алтны нөөцийн санд мэдэгдэхүйц нэмэр болох байлаа.

-Харин “Ашигт малтмалын тухай хууль” болон “Хөрөнгө оруулагчдын тухай хууль”-д ямар бодолтой байдаг вэ?

-Ашигт малтмалын салбар их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг учраас дээрх хоёр хууль бие биенээ нөхөж явдаг. Тиймээс энэ хоёр хуулийн авцалдааг сайжруулах хэрэгтэй байна. Гэхдээ үүний уялдаа холбоог энгийн үгээр тайлбарлахад хэцүү учраас бодлого боловсруулж буй хүмүүс зохицуулах ёстой. Бид хөрөнгө оруулалт татах гэж байна гээд эрдэс баялгийн салбараа тэр чигээр нь нээлттэй болгож болохгүй. Гэсэн ч бид ашигт малтмалын салбараа судлахын тулд заавал хөрөнгө оруулалт татах ёстой. Тиймээс өнөөгийн зах зээлийн нөхцлөөр зохицуулж өгөх шаардлагатай юм.   

-Ер нь гадны хөрөнгө оруулагчидгүй болсноор уналтанд ороод буй геологи, уул уурхайн салбараа Монголчууд бид өөрсдөө босгоод авчих боломж бий болов уу?

-Бидэнд боломж болоод чадал бий. Гэхдээ ашигт малтмалын салбарыг авч явдаг хамгийн чухал зүйл болох Хөрөнгийн бирж манайд алга. Энэ салбар эрсдэл өндөртэй учраас эрсдэлээ багасгахын тулд тухайн төслийн тодорхой хувийг хувьцаалж зах зээлд гаргадаг заншилтай. Манай монголчуудын Хөрөнгийн бирж дээр гарах эдийн засгийн нөхцөл нь бүрдээгүй байна. Өнөөдөр авч буй цалин амьдрал ахуйд нь хүрэлцэхгүй байхад яаж Хөрөнгийн бирж дээр тоглох билээ. Уг нь Хөрөнгийн бирж олон нийтэд зориулагдсан зүйл юм шүү дээ. Харин өдгөө тодорхой зорилго бүхий цөөн хэдэн хүн л хувьцааны арилжаа эрхэлж байх шиг байна. Хэрэв иргэдийн дундаж цалин 3000 ам.доллар болвол 1000-аар нь Хөрөнгийн биржээс хувьцаа авч болж байна. Түүнчлэн үндэсний уул уурхайн компаниудийн нэр хүнд маш муу байна. Бид зах зээлд ижил түвшнээс эхэлсэн болохоор бие биенээ сайн мэддэг болоод ч тэр үү, арай гайгүй яваа нэгнээ доош хийж тамын тогоо шиг амьдрах юм. Уг нь адилхан ганзагын наймаанаас эхэлсэн ч өдгөө уул уурхайн компани удирдан авч явж чадаж байвал тухайн хүний л амжилт шүү дээ. Гэтэл сонин хэвлэлээр ч тэр байнга муу хэлж нэр хүндийг нь унагаадаг. Манай улсын бизнесийн хүрээ маш жижиг. 100 сая ам.долларын төслийг санхүүжүүлэх арилжааны банк тун ховор. Гэтэл уул уурхайн салбарт 100 сая ам.долларын төсөл гэдэг нь байдаг л зүйл. Ингээд хэвлэлээр нэг баалуулж нэр хүнд нь унасан нөгөө хүн банкнаас зээл авахаар очиход өгөхгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид явлаа гэхэд үндэсний хөрөнгө оруулагчид сайн муугаараа хэлүүлээд үлдэж л байгаа биз дээ. Тиймээс бид үндэсний хөрөнгөтнүүдээ хайрлаж, хүндэлж явах хэрэгтэй. Геологич бид ч гэсэн гадныхан гэж хошуурч байхаар үндэсний хөрөнгө оруулагчидтай ажиллаж байх хэрэгтэй болов уу. Бидэнд гадны хөрөнгө оруулагчид хэрэгтэй ч дотоодын хөрөнгө оруулагчдаа дэмжих маш чухал. Ялангуяа алтан дээр. Нүүрсийг худалдахад хэцүү, ухаан шаардана. Харин алтыг бол эрхзүй нь байвал ломбарданд өгөөд мөнгө авч болно шүү дээ. Алт болоод нүүрсний зах зээлийн маркитенг өөр. Алт бол ам.долларыг дардаг ганц зүйл. Тиймээс бид алтны салбарт гадаадынхантай хамтраад хэрэггүй, болж өгвөл Монголчууд өөрсдөө авах хэрэгтэй.  

-Ер нь манайх шиг геологи, уул уурхайн салбартаа төр нь хэт оролцдог орон бий болов уу. Та энэ талаар сонирхож байв уу?

-Үндсэн хуулинд “Газар доорх баялаг бол ард түмний өмч” гэж заасан байдаг. Үүнээс л болж байгаа юм. Энэ бол социалист томьёолол. Уг нь ингэж томьёолсон томьёолоогүй олон нийтийн өмч биз дээ. Бид социалист нийгмийн бүтээгдэхүүн учраас толгой дахь үзэл нь арилдаггүй юм шиг байгаа юм. Үүнийгээ Үндсэн хуулиндаа тусгаж ард түмний тархийг угаачихсан учраас хүмүүс Оюутолгой, Тавантолгойгоос хувь авна гэж ойлгоод байна. Үнэндээ баялгаа ашиглаж олборлоод дотоодынхоо нийт бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлээд эргээд боловсрол, эрүүл мэндийн салбараа үнэгүй болгох байдлаар нийгэмд эрх тэгш хувиарлаж өгөх ёстой юм. Гэтэл хүмүүс үүнийг ойлгохгүй байна, бараг Оюутолгойг хуваана гэвэл нэг нэг гулдмай авах юм байна гэж ойлгох хэмжээнд байна шүү дээ. Хүмүүс социалист сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна. Одоо бидний үе өнгөрч. Харин залуу хойч үеийн маань сэтгэхүй өөрчлөгдөнө гэж найдаж байна.   

-Манай улсын геологийн салбар дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна гэж үзэх нэгэн байхад хоцорч байна гэж харж буй хүмүүс ч байх юм. Харин таны бодлоор энэ салбар олон улсын жишигт хүрч ажиллаж чадаж байна уу?

-Өнгөрсөн хугацаанд олон улсын стандартын түвшинд бид ажиллаж сурсан ч ажиллаж сураагүй хэсэг бүлэг хүмүүс бий. Тэд Монгол Улсын геологийн салбарын хөгжил дэлхийн хэмжээнд хүрч чадаагүй гэж үзэх байх. Монгол хүний чадамж өндөр. Тиймээс бид дэлхий нийттэй хөл нийлүүлж чадна гэж миний хувьд боддог. Ер нь хувь хүний хөгжлийн л асуудал шүү дээ. Өөрийгөө үнэмлэхүй мундаг хэмээн боддог дэвэргэн хүмүүсийн хувьд бид дэлхий нийттэй хөл нийлүүлж алхаж чадахгүй байж магадгүй. Харин бид өөрсдийнхөө нөөцийн системийг бий болгож түүнийгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц түвшинд хүргэх хэрэгтэй байна. Ийм систем байхгүй учраас Монголын геологичид гадагшаа хандаж чадахгүй байна. Ашигт малтмалын ордын загвар зохиоход ямар системээр боддог нь тодорхойгүй хүнийг ажилд авахад үл тоосон шинжтэй хандаж байна. Харин өөрсдийн гэсэн нөөцийн системтэй тэр нь олон улсын жишигт хүрсэн нь батлагдвал байдал арай өөр болох байх. Үүнийг хийж байгаа гэдгийг сонссон.

Зах зээлийн зарчимд тохирсон нөөцийн системтэй болох ёстой

-Манай улс ордын нөөцийн ангилал, тайланг боловсруулахдаа Оросын стандартыг дагаж мөрдөж ирсэн. Харин сүүлийн хэдэн жил барууны аргачлалаар нөөцийн ангилал, тайланг гаргаж байгаа. Үүний улмаас геологичдийн дунд үл ойлголцол үүсч багагүй маргаан гардаг. Ер нь ашигт малтмалын нөөцийг аль аргаар хэрхэн гаргах нь илүү бодитой байдаг вэ?

-Нөөцийн ямар стандартыг дагаж мөрдөх ёстой вэ гэдэг нь бидний сонголтоос шалтгаалах зүйл биш. Бид нэгэнт зах зээлийн нийгмийг сонгосон учраас эргэж буцах зам байхгүй. Тиймээс зах зээлийн зарчимд тохирсон нөөцийн системтэй болох ёстой. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед хэрэгжиж байсан системээр яваад байвал хөгжихгүй. Тиймээс барууны ангиллыг дагахаас өөр гарц тун муу. Нөөцийн ангилалд журам, заавар гээч зүйл байх ёсгүй. Харин стандарт байх ёстой. Бид зах зээлийг зааварчилж, журамлаж чадахгүйгээс хойш ийм зүйл хийх хэрэггүй л байхгүй юу. Харин JORC, 43-101 шиг стандарт тогтоож өгч болно. Хэрэв шат шатанд нь оруулах гээд байгаа бол эрэл үнэлгээний ажлын, урьдчилан хайгуулын, ТЭЗҮ/техник эдийн засгийн үндэслэл/ боловсруулах зэрэг стандартууд гаргаж мөрдүүлэх ёстой. Геологи хайгуулын ажлын шат болгонд хайгуулын тор нь уг стандартыг хангасан байх ёстой юм. Уг стандарт нь зах зээлээсээ хамаарна. Зах зээл гэхээр хүмүүс хий хоосон зүйл гэж ойлгодог. Үнэндээ хамгийн бодитой оршдог юм шүү дээ. Учир нь ашигт малтмалын ордын нөөцийн тооцоонд хамгийн чухал зүйл нь зах зээлийн үнэ байдаг. Харин хоёрдугаарт хэрэглээ ордог. Хэрэв хэрэглээ өндөртэй металл байх юм бол зах зээлийн үнэлгээ өндөр байдаг. Нөөцийн шалгуурын хамгийн эхнийх нь зах зээлийн үнэ, түүний дараагийн үндэс нь үйлдвэрлэлийн хамгийн бага агуулга гэж бий. Эдгээрийн харьцаан дээр нөөц оршдог учир түүнд тохирсон стандарт гаргах хэрэгтэй. Харин уг стандартыг миний түрүүн ярьсан институт хийж өгч байх ёстой. Өнөөдөр нөөцийн системийг боловсруулахаар хэсэг бүлэг хүн ажиллаж байгаа нь учир дутагдалтай. Тэд Оросын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн сэтгэлгээтэй, түүнээсээ салахгүй гэсэн бодолтой хүмүүс. Гэхдээ би тэдэнтэй маргалдах гэж ийм зүйл ярьж байгаа юм биш шүү. Тэдний гаргасан зааварт геостатистекийн аргаар нөөц бодоод түүнийгээ баталгаажуулж гар аргаар буюу уламжлалт байдлаар давхар бодох хэрэгтэй гэсэн заалт явж байна гэж чих дэлссэн. Гэтэл энэ хоёр бол хоёр өөр механизм. Геостатистикийн арга нь тухайн тооны мөн чанарыг интерполяци буюу дотоод мөн чанараар нь тарааж байгаа юм. Харин нөгөө нь экстраполяци буюу гаднах шинж чанараар нь зөөж байна гэсэн үг. Энэ нь учир дутагдалтай гэж би боддог. Харин интерполяцын аргаар агуулгыг тараагаад түүнд вариограмм буюу статистикийг тооцож гаргаж буй нөөцийн үнэмшил арай илүү байдаг. Энэ аргыг барууныхан хүлээн зөвшөөрч байхад харин манайд зөвшөөрдөггүй. Учир нь энэ олон мэргэшсэн болон зөвлөх геологичдоос цөөн хэд нь л геостатистикын аргаар нөөц бодож чаддаг. Ихэнх нь чадахгүй. Тэгэхээр нөөцийн тайланд шинжээчээр томилогдоод өөрсдийн чаддаг аргаар нөөц тооцохыг шаардах нь хэвийн үзэгдэл. Геостатистикийн аргаар нөөц боддог компаниуд бол бий. Уг нь геологичид өөрсдөө боддог байх хэрэгтэй. Бид одоо хүртэл зах зээлийн шилжилтийн замд явж байгаа учраас одоохондоо Оросын болон барууны аргыг хоёуланг нь авч явах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүй бол мэргэжил нэгт зарим нөхөд маань ажилгүй болно шүү дээ. Хүн чанар талаасаа бол ингэж харж болох ч харин мэргэжилтний хувьд геостатистикын арга нь илүү дээр л дээ.

-Манайхан барууны аргачлалаар нөөцийн тооцоо хийж тайлагнахад учир дутагдалтай байдаг. Тиймээс хэвшсэн ангиллынхаа дагуу хийсэн нь дээр гэдэг юм билээ. Энэ тухайд та ямар бодолтой байдаг вэ?

-Бид зах зээлд нөөцийн тайлан хэлбэрээр бүтээгдэхүүн гаргаж байна. Хэдийгээр бид зах зээлд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч одоогоор түүнийг тайлагнах нөхцөл бүрдээгүй байна. Ер нь манайх шиг нөөцийн тайлангаа ЭБМЗ /Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл/-д бүртгүүлдэг улс орон гэж байхгүй. Бидний хийсэн ажлыг бидэнтэй ижил юм уу эсвэл өндөр түвшинд ажилладаг хөндлөнгийн үл хамаарах мэргэжилтэн шалгаж, үнэмшлийг нь баталгаажуулахаас хэн нэгэн мэргэжлийн бус хүмүүс төрийн нэрийн өмнөөс бүртгэх ёсгүй. Уг нь бид олон нийтэд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой атал одоо ЭБМЗ-д зориулан хийж байна. Тухайн ажлыг хэр чанартай хийснээс зах зээл дэх үнэ өсч, тэр хэрээр чиний үнэлэмж сайжрах ёстой. Тиймээс маш чанартай сайн ажиллах учиртай. Гэтэл зах зээлийн шаардлага стандартын дагуу хийх ёстой тайланг өнөөдөр ЭБМЗ-д зориулан үйлдвэрлэхэд учир дутагдалтай зүйлс үүсч байна. ЭБМЗ тухайн тайланг бүртгэж аваад үүний хариуцлагыг бид хүлээхгүй гэж бичдэг. ЭБМЗ гэдэг бол ядаж цэвэр мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн гишүүдтэй байх ёстой бөгөөд эс бөгөөс мэргэжлийн гэдэг үгийг хасах хэрэгтэй.

ЭБМЗ нэгэнт нөөцийн тайланг бүртгэж авч байгаа бол эргээд баталгаа гаргаж өгдөг байх хэрэгтэй

-Нэгэнт тухайн нөөцийн тайланг ЭБМЗ хариуцахгүй л юм бол заавал тэнд бүртгүүлэх шаардлага байгаа юм уу?

-Тухайн нөөцийг шинжээч, хийсэн геологич болон бодсон хүн хоёр хариуцдаг. Нэг талаараа геологичийн хариуцлагыг өндөрсгөж байгаа нь зөв хэдий ч нөгөө талаараа ЭБМЗ байх хэрэггүй мэт харагдаж байгаа юм. Гэхдээ Монгол Улс нөөцөө бүртгэж авах ёстой учраас ЭБМЗ гэж байх хэрэгтэй. Энэ бас л хуучин системийн зүйл. Уг нь манайд Хөрөнгийн бирж байсан бол бид нөөцийн тайлангаа ЭБМЗ-д бүртгүүлэх шаардлагагүй. Шууд Хөрөнгийн бирж дээр гаргаж судалгааг институт авч харилцан нягт уялдаатай ажиллаж байх учиртай юм. Гэтэл өнөөдөр ЭБМЗ-өөс гаргасан зааврын дагуу нөөцийн тайлан бичих болж байна. Өнөөх зааварт нь хэрэггүй зүйл маш олон байдаг. Тухайлбал, региональ геологийн тогтцын талаар тайландаа тусгах шаардлагатай болдог. Үнэндээ би сонирхлынхоо хүрээнд харна уу гэхээс түүний дотоод мөн чанарыг нь судлах шаардлага байхгүй. Би судлаагүй учраас тухайн ордын насыг тодорхойлж, стратиграфын ангиллыг тодорхойлж чадахгүй хэрнээ тайландаа заавал бичих ёстой болдог. Харин хонхор хотгор, структурын бүтэц, хүдэр агуулагч бүс зэргийг судалсан учраас тайландаа зөв гаргаж өгч чадна. Үүнийг шинжлэх ухааны талаас нь ч тэр өөрийнхөө цуглуулсан материалд тулгуурлан сайн гаргаж өгөх хэрэгтэй гэж боддог. Гэтэл ЭБМЗ-ийн гаргасан журмын дагуу региональ геологийн талаар бичих болдог. Мэдэхгүй учраас түүнийг нь орхивол миний хийсэн нөөцийн тайланг хүлээж авахгүй шүү дээ. Уг нь ЭБМЗ нэгэнт нөөцийн тайланг бүртгэж авч байгаа бол эргээд баталгаа гаргаж өгдөг байх хэрэгтэй юм. Шинжээч гэж хүн томилохыг болих хэрэгтэй тухайн ордын нөөцийн тайланг үл хамаарах хөндлөнгийн компаниар хийлгэх шаардлагатай. Бүхэл бүтэн баг хэдэн жил ажиллаад хийсэн тайланг нэг хүн долоо хоног ажиллаад дүгнэлт гаргана гэдэг өөрөө эргэлзээтэй зүйл шүү дээ.

-Олон улсын зах зээлд гарахын тулд JORC, 43-101 стандартын дагуу боловсруулах шаардлага гардаг. Тиймээс бид өөрсдөө нөөцийн систем зохиох гэж хоорондоо маргалдаж байхаар дээрх стандартыг орчуулаад ашиглаж болдоггүй юм уу?

-Миний хувьд өмнө нь бас тэгж боддог байсан. Гэхдээ JORC, 43-101 стандартыг тэр хэвээр нь орчуулан ашиглаж болохгүй юм билээ. Өнөөдөр манай геологичдийн боловсролын түвшин харилцан адилгүй байна. Түүний дээр янз бүрийн салбарт ажиллаж байгаа учраас дээрх стандартыг шууд орчуулж ашиглах боломжгүй юм. Тиймээс ерөнхийдөө зах зээл рүү чиглэсэн JORC, 43-101 стандарттай нөөцийн систем нь ижил түр загвар гаргах хэрэгтэй байна. Уг нь Г.Ухнаа багш их аятайхан нөөцийн систем хийсэн юм. Харин одоо эдийн засгийн урьдчилсан тооцоо гэдэг зүйлийг оруулах гэж байна. Эдийн засгийн тооцоог геологичид хийх шаардлагагүй, хэн хүссэн нь ч хийж чаддаг зүйл биш. Тиймээс бид геологийн нөөцийг зөв мэдээлдэг системийг бүрдүүлэх шаардлагатай байна. Гэтэл бид ЭБМЗ-ийн зааврын дагуу нөөцийн тайлан бичиж байгаа учраас мэдээллийн системээ түүнтэй уялдуулж хийж байна. Тиймээс нөөцийн ангиллыг олон нийтэд ойлгомжтой зөв болгох хэрэгтэй. Учир нь геологийн нөөц гэдэг нь байгаль дээр байгаа ашигт малтмалын хуримтлал юм. Харин олборлолтын нөөц буюу барууныханы нэрлэдэг нөөц бол инженер, эдийн засгийн ойлголт. Геологийн нөөцөө тодорхойлсны дараа үүн дээр тулгуурлан тоног төхөөрөмж, ажиллах хүч, эдийн засгийн зардлуудаа тодорхойлж, ил болон далд уурхайн загваруудыг гаргадаг. Энэ бол геологичдийн хийдэг ажил биш. Барууны орнуудад нөөц тооцоолдог геологичдийг economicgeologist гэж нэрлэдэг. Манайд С.Авирмэд багшаас өөр эдийн засгийн мэдлэгтэй геологич бараг байхгүй болов уу. Учир нь эдийн засгийн тооцоо хийхийн тулд маш их ажиллагаа шаарддаг. Тиймээс геологийн нөөц болоод олборлолтын нөөц хоёрыг ялгаж өгөх хэрэгтэй байна. ЭБМЗ геологийн нөөцийг бүртгэж авах ёстой юм.  Байгаль дээрх металл зах зээл дээр гарахаар үнэ нь хувьсч өөрчлөгддөг. Тэгээд ч зах зээлд үнэ нь тогтвортой байдаг зүйл гэж үгүй. Тиймээс олборлолтын нөөцийг геологичдоор үнэлүүлэх нь буруу бөгөөд заавал уулын инженер ба эдийн засагчид оролцох шаардлагатай. Таксины жолоочоор экскаватор бариулж болохгүй биз дээ. Инженер болоод эдийн засгийн тооцоог мэргэжлийн түвшинд хийх хэрэгтэй юм. Тиймээс хувьсдаг нөөцийг бүртгэж авах нь учир дутагдалтай байгаа биз дээ.

-IPO босгохын тулд гадны экспертээр нөөцөө хянуулах шаардлагатай болдог. Таныг competent person болсон гэсэн?

-Миний бодлоор мэргэшсэн болон зөвлөх геологичдийг competent person гэдэг түвшинд аваачих ёстой. Учир нь аливаа төслийг удирдан ажиллах чадвартай, хангалттай туршлага хуримтлуулсан учраас сургалтанд хамрагдаж мэргэшсэн болон зөвлөх геологич болж байгаа шүү дээ. Гэхдээ хэр хэмжээнд мэргэшсэн бэ гэдэг асуудал үүсдэг. Барууны геологичид алт, нүүрс гэх зэргээр үйлдвэрлэлийн төрлөөр мэргэшдэг. Ингэж үйлдвэрлэлийн төрөл дээр мэргэшсэн competent person нь манай мэргэшсэн болон зөвлөх геологичдоос ялгаатай. Манайхан төсөл удирдаад шинжээч хийгээд явж байна. Уг нь их утгагүй юм. Харин мэргэшсэн компаниар хийлгэвэл ажлын чанар хамаагүй дээшилнэ.Барууны орнуудад competent person нь хувиараа ажилладаггүй. Учир нь геологи хайгуулын томоохон төслүүдийг ганц хүн хянаж чадахгүй шүү дээ. Нэлээд хүчирхэг компани л Оюутолгой шиг том төслүүдийн нөөц дээр ажиллаж чадна. Тэгэхээр competent person гэдэг нь тухайн хүн тухайн нэр төрлийн ашигт малтмалыг эрж хайх чадвартай гэсэн үг юм. Ийм хүн тухайн орд дээр ажилласан туршлагатай мөн ухаантай байх ёстой. 

-Байгаль хамгаалах нэрийдлээр орон нутгийн иргэд геологичдийн ажилд саад учруулдаг. Тэдний зарим нь “тэр хууль бидэнд хамаагүй, бид байгалийнхаа хуулийг дагана, газар нутгаа аварч үлдэх ёстой” гэж хүртэл яриад хуулийн дагуу судалгаа хийж байгаа ажлыг зогсоодог. Хууль, тогтоомжоос илүү эрх мэдэлтэй, гэхдээ ямар ч мэдээлэл, ойлголтгүй байгаа орон нутгийн иргэдийг хэрхэх ёстой вэ. Танд ч гэсэн ийм зүйл их тохиолддог байх?

-Өнөө үед адууны хулгайч, геологич хоёрыг адилтгаж харах маягтай болж. Манай улс социалист нийгэм задран унасны дараахан Үндсэн хуулиндаа “Байгалийн баялаг бол ард түмний өмч” хэмээн заасан. Энэ томьёолол дээр улстөрчид нэлээд сайн тоглосон учраас энэ нутагт байгаа баялаг бидний өмч гэсэн ойлголт орон нутгийн иргэдийн сэтгэхүйд гүн гүнзгий шингэжээ. Орон нутгийнхан геологичдийг их дарамталдаг. Жишээ нь би сумын ямар нэг албан тушаалтнаар байгаль орчны төлөвлөгөө батлуулахаар очиход орон нутгийн хөгжлийн санд тэдэн төгрөг хандивла гэдэг. Орон нутгийн хөгжлийг дэмжиж болно. Харин сумын ойн арга хэмжээ, хүүхдийн сургалтын төлбөрийг төл гэж дарамтлах нь хэрээс хэтэрсэн зүйл. Тиймээс ийм байдлыг хуулиараа өөрчлөх байлгүй дээ. Мөн геологич бидний анд нөхдүүд нөхөн сэргээлт хийдэггүйгээс болж орон нутгийн иргэдийн дургүйцлийг төрүүлж байгааг үгүйсгэх аргагүй юм. Ингэж хотын хүний үзэлтэй хандаж болохгүй л дээ. Хөдөөнийхнийг хүндэтгэх хэрэгтэй. Адаглаад хаа дуртай газраасаа ус авч, хамаа замбараагүй бие засч, хог хаягдлаа хаяж болохгүй шүү дээ. Хөдөөнийхөн малынхаа ашиг шимээр дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хувийг хангаж байна шүү дээ. Тийм болохоор адилхан л нийгмийн баялаг бүтээгчид. Тэгээд ч бид малчин удамт ард түмэн. Ямар ч дарга, сайдын өвөг дээдэс нь малчин л байсан байж таарна. Миний аав сэхээтэн хүн байсан ч өвөө минь малчин байсан. Бид малчдаа хүндэтгэж тэр хэрээр хөдөөнийхөн бидний ажлыг бас ойлгодог байх хэрэгтэй юм.

-Уучлаарай танаас таагүй асуулт асуух гэсэн юм. Таны хийсэн ажлыг сая хэсэг хүмүүс үгүйсгэлээ. Мэдээж тэр үед гомдмоор санагдаж байсан байх?

-Цаг нь ирэхээр бүх зүйл тодорхой болно. Нөөцийн баталгаа нь “Вардроп инжинеринг”, “Гоулдман Сакс” гээд нэр хүндтэй бусдаас үл хамаарах компаниудийн дүгнэлтэнд байгаа болохоор маргалдах шаардлага байхгүй гэж боддог.

-Цаг зав гаргаж ярилцан танд баярлалаа. Тун удахгүй үндэсний геологи үүссэний 74 жилийн ойн баяр тохиох гэж байна. Та геологичдоо мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хувь нэмрээ оруулж яваа геологичдоо олз омогтой байхыг хүсээд геологичдийн баярын мэндийг хүргэе. Миний хувьд Мөрөнгийн зураглалын экспедицээс ажлынхаа гарааг эхэлж геологич болж байлаа. Манай экспедицийн 50 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Тиймээс Мөрөнгийн зураглалын экспедицэд ажиллаж байсан үе үеийн геологичид болоод тэдний ар гэрийнхэнд сайн сайхныг хүсэн ерөөе. Мөн тэнгэрт хальсан геологич ах, эгч нарынхаа ар гэрийнхэнд мэндчилгээ дэвшүүлье.

2013.07 сар
Д.ОЮУНЖАРГАЛ