“Хүмүүс түүх бүтээдэг” цувралын хүрээнд бичигдээд
удахгүй уншигчдад очих номын хэсгээс

 
... Ингэхэд бага балчир, хүүхэд, идэр насаа хаана хэрхэн өнгөрүүлснийг “Жамбын Батмөнх: Бага нас, идэр нас” хэмээх нэгэн номоос тодруулъя. Ж.Батмөнх нь XV жарны улаан барс жил Увс аймгийн Хяргас сумын Хуст хэмээх газар ард Ш.Очирын 6 дахь хөвгүүн болж хорвоод иржээ. “Очирын Батмөнх”, “O. Батмөнх” гэсэн овогтой явах байж шүү дээ гэж хэнд ч бодогдоx санж. Өөрийнхөө жинхэнэ эцгээр яагаад овоглоогүй, эсвэл хожим том хүн болоод яагаад сольж болоогүй юм бэ гэх асуулт ч гарч ирэхээр.

Батмөнхийн багын өхөөрдсөн нэр нь Бандгай. Эцэг Очирынхоо асрамж халамжинд 13 нас хүртлээ тэр Бандгай байжээ. Тугал хурга хариулах, аргал хоргол түүх, тариалангийн ажилд туслах гээд тэр хүүд ажил мундахгүй. Тэднийх өвөлдөө Хойгийн гануу, хавар намартаа Хустын хөндий, зундаа Билүүгийн гол, Цагаан гол, Хөх салаа гэдэг нутгаар сэлгэн нүүдэллэсэн жирийн нэгэн малчин айл ажээ. Бандгай хүү 13 нас хүрч, нэгэн өдөр эцэг Очир нь дагуулан сумын төв орж, төрсөн ах Очирын Жамбад нь хүлээлгэн өгч сургуульд суулгаж номын мөр хөөлгө хэмээжээ. “Чи дүүгээ нэр дээрээ авч, сургуульд оруул” гэснээс Жамбын гэх овог тодорсон түүхтэй. Төрсөн ахаараа овоглосон төрийн зүтгэлтэн байх нээ тэрээр.

Бандгай Батмөнхийн багын амьдралыг дурссан хүн цөөнгүй. Хэдийгээр 13-тай ардын сургуулийн босго алхсан ч монгол бичиг, 4 аргын тоо гэрээрээ заалгачихсан, тэгээд ч сүрхий сайн сурлагатай хүүхэд байсан гэлцэх. “Томоотой гэхэд дэндүү томоотой” гэх тодорхойлолт үлэмж олон дурсагч нар дээр давтагдана. Айлд ордоггүй, хүүхэдтэй нийлж тоглодоггүй, гэртээ ном бариад сууж байдаг, орсон гарсан гадны хүнээс дөлдөг, яриа хөөрөөгүй, нэг үгээр зожиг ичимхий нэгэн банди байсан мэт. Тэгснээ дуу цөөтэй хэрнээ их хэрсүү, сурлага сайтай, үгнээс гардаггүй, хий гэсэн болгоныг яв цав хийдэг, Хяргасын танхимын сургуулийн толгой цохидог цэвэрч цэмцгэр Батмөнхийн тухай магтаалын үгс дагалдана.



Сахилгагүйтээд бэлчээрийн түймэр тавьчихсан тухай нэг ангийн сурагч асан Д.Мандалсүрэн гэдэг хүн дурссан нь дээрхи магтаалуудыг үгүйсгэх мэт. Гэхдээ л “номоос салдаггүй, номтой нөхөрлөсөн, хийсэн хэргээ шударгаар хүлээж чаддаг” Батмөнхийн тухай дурсамж зонхилох аж. Сурсан эрдэм гэвэл тэр үедээ л чамлахааргүй. Хяргас сумын бага сургуульд ерөнхий эрдмийн хичээлээс гадна уран бичлэг, зураг, мандолин хөгжим, монгол бүжиг, гар бөмбөг, савлуур, модон морь, гимнастик, орой рапорт гээд юм юм л сурсан байх аж. Одоогийн дунд сургуулиудыг хол хаяхаар их хөтөлбөртэй байжээ. Тэрээр дотуур байрны гэрт сууж, ор дэвсгэр, сангийн хувцас хэрэглэж, 7 хоног тутам халуун усанд орж гэхчлэн тухайн цагтаа дэвшил гэмээр зүйлтэй биеэр учирчээ.  

Батмөнх хүү 1939 онд 13-тайдаа сум ороод бага сургуулийн 2-р ангид шууд орж суралцаад, 1942 онд бага сургуулиа онц дүнтэй төгсгөөд Улаангомын 7 жилийн дунд сургуульд дэвшин суралцжээ. Улаангомын төвийн дунд сургуульд “Өргөн магнайтай, загзгардуу биетэй, төлөв тогтуун Батмөнх гэдэг хөвгүүн” юм юмаараа “цэл ногоон” олон хөвгүүдээс хол давуу байсан тул хүндэтгэх бэргэх хоёр давхцдаг байлаа хэмээн ахмад коммунист Ж.Роозон дурссан байна. Хүүхэд нас, Хяргас, Улаангомын сургуулийн амьдралаа дэлгэрэнгүй бичсэн гавьяат эмч профессор Г.Жамбаагийн дурсамж дээрхи жижиг номд чамгүй зай эзэлжээ. “Манай Батмөнх шиг сурвал анги дэвшүүлэн сургаж болно” хэмээн захирал багш нь шинэ сурагчдад хэлдэг байсан тухай, сурлага сайтай, нягт нямбай, хэзээд цэмцгэр, үл ялиг инээмсэглэн шогдуу ярьдаг, жижигхэн бор хүү Батмөнхийн тухай мөрүүд тэнд бишгүй бий.

Ийм зам туулж явахдаа 1943 онд Батмөнх МХЗЭ-д элсэж, улс төрийн дөр хат сууж эхэлжээ. Сурлага хүмүүжлээрээ шалгарсан тэр хүү 1945 онд, дөнгөж хаалгаа нээгээд удаагүй байгаа МУИС-ийн бэлтгэл ангид дэвшин суралцахаар алс холын Увс нутгаас нийслэлийг зорьжээ. МУИС-ийн бэлтгэл анги гэдэг нь одоогийнхоор бол дунд сургуулийн ахлах анги буюу бүрэн дунд сургуулийн боловсрол олгож байсан тогтолцоо аж. Оюутны дотуур байр нь “Төмөрчний гүүр” нэртэй дан шавар байшин, онц сурсан оюутан нь сувиллын хоолны гуанзанд 14 өдөр хооллох хоолны талоноор шагнуулна, тэр нь дайны дараахи хүнд үед том урамшуулал болдог тухай дурсамжууд цааш үргэлжлэх ба “Ирээдүйн нам, төрийн зүтгэлтэн болох зөн совин тавигдаж байсан болов уу” хэмээн ахмад сэхээтэн Д.Гончиг дурссаныг мөн тэр “Жамбын Батмөнх: Бага нас, идэр нас” номд эш татжээ.



Зохиолын баатар маань ирээдүйн удирдагч болох нь бүр 1947 онд харагдаж танигдаж байлаа хэмээн ярих нь хаашаа ч юм. Жишвээс 72 насных нь ойгоор Зөвлөлт Холбоот Улсын Баатар цол гурав дахиа олгох зусардлын шалтаг хайн 1978 онд “Леонид Ильич Брежнев: Товч намтар” хэмээх номыг Москвад  хэдэн арван саяар, манайд 15 000 хувиар хэвлэж тарааж байсан үе санаанд бууж байна. Ж.Батмөнх бол бүр бага балчраасаа аугаа их хүн байсан гэх санаагаар бичигдсэн номд энэ зэргийн үнэлэлт дүгнэлт орсонд гайхах зүйлгүй. 

Цаашаа хүүрнэе. Батмөнх хүү 1947-1951 онд МУИС-ийн эдийн засгийн ангид суралцжээ. Мөн л онцсайн сураад байсан гэх мөрүүд байна. “Томоотой гэхэд дэндүү томоотой” гэх хүүхэд насны тодорхойлолт дээр “даруу гэхэд дэндүү даруу” гэх өөр нэг тодорхойлолт оюутан ахуй цаг үед нь нэмэгдэж байна. Хүлээцтай, аядуу нөхөрсөг, үг дуу цөөнтэй, гэвч цагийг нь олоод ончийг нь тааруулан хөөрхөн хөөрхөн шог үг хэлнэ, сүрхий нямбай, ёс зүй сахих, журам дүрэм дагаж биелүүлэхдээ үлгэр жишээч нэгэн оюутны тухай цаашаа хөвөрч байна. Хожим МАХН-ын Төв Хороонд томхон дарга, Польшид Элчин сайд болсон доктор Ч.Сэрээтэрийн (Намын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгчийн албыг 1974 оны хавар  Ж.Батмөнхөөс өвлөн авсан хүн) дурсамж мөнөөх номд ихээхэн зай эзэлнэ. Үнэхээр төө зайгүй найзууд байсан бололтой. Ихэнхи хичээл оросоор ордог, тиймээс уйгагүй суудаг, хичээлээ хамтран орой үдэшгүй давтдаг, концертод арын эгнээнд зогсож дуулдаг байсан тухай магтаал сайшаалын үгсийг чамгүй үлдээжээ. Үнэхээр сургуулиа дүүргээд үргэлжлэн төрөлх их сургуульдаа эдийн засгийн онолын багшаар ажиллах хувь тохиох Батмөнхийн тухай гэгээн дурсамжийг МУИС-ийн ахмад багш доктор Н.Чулуундорж бас бичиж байна. МУИС-ийн эдийн засгийн анхны элсэлтэд багтаж, анхны төгсөгч болох хувь тэдэнд заяажээ. Тэр утгаараа дээд боловсролтой анхны эдийн засагчид үндэсний их сургуулиасаа төрсөн нь тэр байв.

Харин эдийн засгийн ухааны доктор профессор Г.Пүрэвбаатар гуай арай өөр тайлбар өгч байна. Батмөнх, Лувсандорж, Готов, Ширнэн, Чулуундорж, Сэрээтэр нар бол МУИС-ийн түүхийн ангид сурч байгаад түүхийн ангиас хэдэн хүүхдийг эдийн засгийн анги руу шилжүүлэхэд тийшээ очиж төгссөн, эдийн засаг гэж сайн мэдэхгүй төгссөн, улс төрийн эдийн засгийн ухаанаар л мэргэжсэн болов уу гэв...