Нүүдэлчид айлсахдаа хэр вэ? Сайн уу, муу юу? Сайн байж болох тал нь нүүдэлчид олон янзын айлтай айлсаж явдаг тавилантай тул зангий нь мэдэх мэдэхгүй хөрштэйгөө зохицох ур ухаан, туршлага эзэмшсэн байж болох. Муу байж болох тал нь хөрштэйгөө зохицох гэж ая тал засах, зусардах, тэр тусмаа айх шаардлага нүүдэлчдэд байхгүй. Дургүй нь хүрвэл гэрээ ачаалаад бараа сураггүй нүүгээд арилах энгүй уужим нутаг тэдэнд бэлэн байж байдаг. Их амархан. Тэгээд өөр нэгнийтэй айлсаад, түрүүчийнхээ айлтай хэрэлдээд салсан бол тэднийхийг буруутгаад, өөрсдийгөө зөвтгөөд явчих нь. Суурин иргэд хөршөөсөө салаад нүүх нөхцөлгүй учир яасан ч дүүрсэн хэрэг айлсаад л дуусна. Тэгэхээр сууринчууд хөрштэйгөө арга эвээр эгүрт айлсах аргагүйдэлд хүссэн ч эс хүссэн ч захирагдах заяанд төржээ. Хүчирхэгжсэний аагаар хөршөө түрэмгийлсэн түүхийг орхиё.  

Хэн хэндээ ашигтай амар амгалан айлсахад эн тэргүүнд зохицох эвсэхээс өчүүхэн ч хазайлгүй, эв эеийг тал талаасаа адил тэгш найдвартай сахих хатуу шаардлага ургана. Айл явахад таарамжтай айл, таарамжгүй (архичин, луйварчин, заваан, хэлсэндээ хүрдэггүй худалч) айл гээд яриа бий. Айл буух гэж хүсдэг айл байхад, айл буухгүй гэж дөлмөөр айл байдаг. Энэ чинь цаагуураа амьдрал хүнийг дэглэж буй нь тэр. Улс гүрнийхээр бол олон улсын хууль дүрэм үйлчилж буй хэрэг. Айлсах хэм хэмжээг дагахгүй аваас айл ганцаардана. Улс гүрэн ч мөн ялгаагүй. Хаяа муутай айлаас айлууд дөлдөг бол хаяа муутай гүрнээс хөрш улсууд нь айдаг. Аль болохоор харьцахгүй байхыг хичээдэг. Шулах, хавчих, дээрэлхэх бодлогоос улбаалж айлсалт хүйтэрдэг. Хагас зуун жил зовж буй палестинчуудыг бид харж байна. Тэдний дэргэд бид их азтай улс. Хоёр хөрш маань дэндүү том учир өчүүхэн бидэнд халдаж, хүн төрөлхтөний өмнө нэрээ хугалахаас ичнэ. Энэ бол бидний дархлаа. Гагцхүү бид хэрээ мэдэхгүй онгирдог, амаа мэдэхгүй бурдаг болчимгүй авираа хазаарлах хэрэгтэй.  

Таарахгүй бол салаад жилийдэг нүүдэлчдийн айлсах, эс айлсах омогшлоор салаад нүүж болохгүй хоёр хөрштэйгөө бид хэрхэн айлсах вэ гэдэг эмзэг асуудалд мунхаглах осолтой. Хүн төрөлхтөн орон зайнаас үл хамаарч холилдож эхлэв. Өрх баяжиж, улс хөгжихөд хөрш орнуудын иргэд хоорондын харилцаа ямар байхаас маш их орлого шалтгаалдаг боллоо. Дундыгаа дүүргэж, дутуугаа гүйцээнэ ч гэдэг. Хил залгаа, ойрхон оршдогоос арилжааны зардал аль аль талдаа хэмнэгдэж, ашиг нэмэгдэх нь хөрш орнуудын иргэдийг ойртуулж, Төр Засгийн бодлого хүн амынхаа ашиг сонирхолд хөтлөгддөг болжээ. Харин тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал бол Төр Засаг бодлогынхоо гүнд хадгалдаг амин чухал асуудал. Хэн дуртай нь донгосдог дэл сул цуурхал биш. Мөн хэн нэгний дэвших рекламны суртал бүр ч биш.

Найрсаг, эелдэг, хал балгүй, зөвхөн хуулиараа харилцдаг хөрш байх соёлыг өөрсдөө эзэмшээд, үр хүүхдэдээ өвлүүлэх, алсдаа өгөөжтэй нь даяаршлын зуунд тодорлоо. За гэвэл ёогүй боловсон хөрш үнэд орж хүндлэгдэх болов. Тийм хөрш рүү хөрөнгө оруулагчид, худалдаачид, бизнесменүүд, жуулчид, хямдхан ажиллах хүч хандах дуртай болдог ажээ. Бид мөнгөжихөөр гадаадад ажилладаг. Иргэд нь зодож дээрэлхдэг улсад бол очихгүй. Сайхан айлсах нь бие биеэ хүсдэг, бие бие рүүгээ тэмүүлдэг болгож байна. Хил залгаа хөрш улсад иргэд хоорондын арилжаа наймаанаас эхлээд хамтарсан бизнес, хөрөнгө оруулалт, төсөл зэрэг олон талын хамтын ажиллагаа аяндаа урсгалаараа төр засгийн оролцоогүйгээр өрнөж байна. Олзны амыг улс төрөөр хаахын оронд дүүрэн ашиглахыг эрмэлздэг улс гүрний нэр хүнд өсөх хандлага илрэв. Баруунхан тийм хөршүүд болж байх шиг.

Ашигтай наймаа, ашигтай хамтарсан бизнес хөрш орны иргэдийг холбодог. Ойртуулдаг. Аюулгүй, энх амгалан харилцаа тогтоход хүн амын итгэлцэл, танил тал, түншлэл суурь болдог. Иргэд харилцан зорчдог. Бие биеэ дүгнэдэг, магтдаг, шоолдог, баярладаг, гомддог. Айл хөрш юм чинь тэгнэ шүү дээ.  Гэр бүл, худ ураг болдог. Хоорондоо сэв л хийвэл дайтаж, цус асгаруулж асан омог аймгууд ч эв найртай амьдрахын тулд хаадууд нь худ ураг болж байсан түүх бишгүй бий. Худ ураг болсны уршиг гэж түүхэнд төдий л их гараагүй. Тэгэхээр тухайн үедээ гарцаагүй л бодлого байж.

“Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэж монгол хүнээс гарсан үг. Энэ үг монголчуудын оюуны өмч. Биднийг гадныхан зэрлэг, хэрцгий, дээрэмчид гэж гомдмоор ичмээр цоллохыг сонсоогүй монгол байхгүй. Одоо бид айл хүний амь нэг гэдгээ хоёр хөршдөө, саахалт хүний санаа нэг гэдгээ гурав дахь түншүүддээ нотлох хэрэгтэй. Нотлож чадвал найдвартай хөрш болж итгэгдэх ирээдүй ойрхон байна. Айл явах, саахалт нутаглах хоёрт хамтарч зэрэгцэн аж төрөх нарийн учир байдгийг “амь” нэгдэх, “санаа” нэгдэх гэж хоёр янзаар ялгажээ. Нэг нь-амь, нөгөө нь-санаа юм чинь ялимгүй ч гэсэн зааг байх нь. Энэ торгон ялгааг зэрлэгүүд гэгдэх дээдэс маань бидэнд “баримталж яв” хэмээн гэрээслэл болгон үлдээсэн нь эдүгээ төрийн бодлого болж буй нь бахдууштай.

Япон гэхээр Халх гол, Орос гэхээр хэлмэгдэл, Хятад гэхээр Манжийн дарлал хэмээн чадлаа мэдэхгүй ханцуй шамлаад, “Дээд тэнгэрээс заяатай, дэлхийг эзэлсэн түүхтэй” гэж агсарсан онгироо монгол өдгөө олон улсын тавцанд муухай харагдах болов. Омогшоод байх юм бидэнд юусан билээ? Бусдад сайрхмаар брэнд бий билүү? Хөршөө басамжилмаар оюуны бүтээл гэж юу байна? Шороо чулуугаараа хичнээн баярхаад түүнийгээ олборлох, боловсруулах хөрөнгө хүчгүй, мэрэгжилгүй, ядуу доройгоо гадныхан мэдэхгүй гэж арай бодоогүй биз дээ.

Хөрш гүрнийхээ иргэдэд дэндүү ойворгон хандах зовмоор сагсуу омгоо  дараач гэхээр хужаа, эрлийз, хурлийз, болъщевик, коммунист гээд зодож магадгүй хийтэй залуус үүсэв. Дэндүү болчимгүй, дэндүү соёлгүй. Даруу зан-оюуны тэнхээ. Сагсуу зан-оюуны хомсдол. Далавчгүй мөртлөө нисэх гээд буй жулдрай нарыг араас нь хөөргөддөг засуулууд байна гээч. Тэд хаанахын хэн гэгч сургагчид вэ? Ашигт малтмалын баялаг ордуудаас болж гадны хатгаасанд бүдрүүзэй. Газар шороо, тусгаар тогтнолоо аварч байгаа нь энэ гэж дөвчигнөөд, алт мөнгө нэхэн авч хөлждөг “гар”-уудыг нийгэмд таниулж, зааглахгүй бол жинхэнэ эх оронч шударга үзэл хог дээр хаягдаж, хөршүүд зай барьж эхлэнэ шүү.

Хөршдөө дээрэлхүүлэхгүй, зальдуулахгүй, шулуулахгүй, хэн хэнийхээ зэвүүг хүргэхгүй, холгохгүй, хорлохгүй, долигнохгүй, уусахгүй, урвахгүй, бие биеэ хүндэтгэсэн, хамгийн гол нь харилцан ашигтай айлсах. Ердөө энэхэн хэдийг яг баримталбал болоод явчих юм биш үү залуус аа. Хүч чадал дутмаг бол арга эв тун чухал. Би, чи, та өдгөө Чингис биш, бяцхан монгол. Хөх тэнгэр, бөө удгандаа мөргөхөөс илүү хуулиа л ягштал баримтал. Хуулиндаа мөргөж явсан цагт маргаан таслах өөрийн болон өрөөлийн, тэр ч бүү хэл, дэлхийн шүүхэд очсон ч нүүр бардам ялна. Эдүгээ айлсах харилцаанд дундад зууны сэтгэхүй байтугай ХХ зууны сэтгэхүй ч таарахгүй болсныг иргэн бүр алхам тутамдаа санаж яв.  
                                                                                                                     2011-03-27