Уурхай ухаж, барилга барьж, үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгж бүрт “хөдөлмөр хамгааллын инженер” гэдэг орон тоо бий. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны зүй зохистой нөхцөл шаардлагыг хангуулах, ажилчдад зааварчилгаа өгч, сургалт явуулж байх үүрэгтэй ийм ажилтныг заавал ажиллуулах хуультай. Инженерийн статус бүхий энэ орон тоон дээр тухай тухайн мэргэжлийн инженерүүд ажилладаг. Өөрөөр хэлбэл тэд “хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн” инженер биш. Цахилгаан дулааны ч юм уу, геологи хайгуулын, эс бөгөөд барилга угсралтын мэргэжилтэй хүмүүс байдаг. Зарим аж ахуйн нэгжид бүр харь хамаагүй мэргэжлийн хүн ч энэ орон тоог “бөглөөд” сууж байх нь бий. Хөдөлмөр хамгааллын боловсролыг мэргэжил бус “мэргэшил” гэж үзэн, уг мэргэшлийг богино болон хэт богино хугацааны сургалтуудаар эзэмшүүлэх болсонд л хамаг асуудлын учиг оршиж байх шиг.


Унгасан хойноо хавчсан ч...

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горим, дүрэм зөрчигдөж, үйлдвэрийн байр, уурхай, барилгын талбайгаасаа халиад зүгээр л гудамжаар зорчиж яваа, гэрийнхээ гадаа салхилж байгаа, бэлчээр дээрээ малаа хариулж буй эгэл хүмүүсийн амьдрах нөхцлийг хөндөж, цөөн бус хүний амь нас хохирсны дараа л төр, засгийн байгууллагууд “сэртэсхийсэн” юм. Шинээр баригдаж байгаа барилгууд дээр 2012 оны 9 дүгээр сард шил даран гарсан ноцтой ослуудаар Нийслэлийн шинэ удирдага “ажлаа эхэлсэн” гэж хэлж болно. Уул нь манай улсын хөдөлмөр хамгааллын талаарх эрх зүйн баримт бичгүүд, аюулгүй ажиллагааны болон ажлын байр, ажиллах нөхцлийн эрүүл ахуйн стандарт, дүрэм, заавар хангалттай бүрдсэн гэгддэг. Гэтэл энэ бүхний сүүлд буюу 2012 оны 11 дүгээр сарын 22-нд Стандартчиллын үндэсний зөвлөл энэ талаарх суурь стандарт болох “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо. Шаардлага” MNS OHSAS 18001:2012-ыг батлалаа. Дараахан нь буюу 12 дугаар сарын 21-нд УИХ-аас “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуульд нэмэлт оруулж, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороонд энэ асуудлыг эрхэлсэн ажилтан ажиллуулахаар болсон. Өнгөрсөн оны эхээр УИХ-аас тогтоол гарган, барилгын салбарт хөдөлмөр хамгааллын нөхцөл шаардлагыг ондоо багтаан бүрэн гүйцэт хангуулахыг Засгийн газарт даалгасан. Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны ажилтны тоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны тоо, ажлын байран дахь эрсдэлийн түвшнээс хамааруулан тогтоох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшсэн улсын байцаагчийн тоог нэмэгдүүлэх гэх мэт заалттай уг тогтоолын хэрэгжилтийн хугацаа дөнгөж дуусав уу, үгүй юу энэ оны 1 дүгээр сард “Макс Өргөө” ХХК-ийн барилгаас машинтай хүн дээр төмөр унасан.


Инженер бэлддэг сургууль ч...

Орон тоог улам олшруулж, аж ахуйн нэгжүүдээс гадна засаг захиргааны нэгж бүр дээр суухаар болсон хөдөлмөр хамгааллын ажилтныг чухам хаана сургаж, бэлтгэдгийг тодруулахаар ШУТИС-ийг зорьсон юм. Инженерийн дээд боловсрол олгодог Монголын голомт сургууль болохоор өөр хаашаа явахсан билээ. Тус сургуулийн Бодлого, зохицуулалтын газрын Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хичээлийн стандарт хариуцсан мэргэжилтэн Д.Батдорж “Манай сургуульд яг хөдөлмөр хамгааллын инженер бэлдэхгүй байгаа. Хувийн их, дээд сургуулиудад чухам яадаг юм, бүү мэд. Гэхдээ манай инженерийн ангиудын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд хөдөлмөр хамгаалал гэдэг хичээлүүд зоогдсон байдаг” гэсэн юм. Өнөөдрийн байдлаар 137 нарийн мэргэжлээр инженер бэлтгэж байгаа ШУТИС орон нутгийн болон тусгай статус бүхий сургуулиудтайгаа нийлээд бараг 20 шахам салбар сургуультай. Сургууль бүр дотроо мэргэжлийн салбаруудад хуваарилагддаг. Тухайлбал, Геологи, газрын тосны сургууль гэхэд “геологийн”, “хайгуул, геофизикийн”, “гидрогеологи, геоэкологийн”, “газрын тос, өрөмдлөгийн” гэсэн дөрвөн салбартай. Салбар бүр цаашаа нарийн мэргэжлийн ангиудад хуваагддаг байна. Энэ сургуулийн сургалтын албаны мэргэжилтэн Ц.Энхтуяагаас сургалтын төлөвлөгөөг нь лавлавал, “Мэргэжлийн суурь хичээлүүдийн дотор “хөдөлмөр хамгаалал” багтсан байгаа. Гэхдээ сонгон суралцдаг хичээл, 2 кредиттэй” гэлээ. Нийтдээ 1800-аад оюутантай Геологи, газрын тосны сургуульд энэ хаврын улиралд 54 хүүхэд л хөдөлмөр хамгааллын хичээлийг сонгосон байх юм. Өмнөх улиралд энэ тоо 42 байжээ. Тэгвэл бакалаврын ангиуддаа нийт 1150 суралцагчтай Хүнсний инженер, биотехнологийн сургуульд энэ хаврын улиралд 85 оюутан “Хөдөлмөрийн аюулгүйн нөхцөл” гэдэг хичээлийг сонгосныг сургалтын албаны ажилтан Д.Оюунцэцэг хэллээ. Ерөнхийдөө сургуулиудад энэ хичээл 1-3 кредиттэй байдгийг Д.Батдорж тодруулав. 2 кредит гэдэг нь 7 хоногт нэг лекц юм уу, 14 хоногт нэг лекц, 14 хоног тутамд нэг семинар орно гэсэн үг аж. Тэр зарим ангийн хичээлийн стандартыг сонирхуулахад Эрчим хүчний инженерийн сургуулийн Цахилгаан системийн автоматжуулалтын ангид л гэхэд ердөө 1 кредиттэй байсан юм.


Хичээлийн хөтөлбөрт байхгүй ч...

Харин Барилгын инженер, архитектурын сургуулийн сургалтын төлөвлөгөөнд ийм хичээл байсангүй. Заавал суралцах, сонгож үзэхийн аль алинд нь. Сургалт эрхэлсэн дэд захирал Ц.Оюунцацралтай уулзаж учрыг асуухад тэр, “Барилга угсралтын технологи, процессийн технологи, барилгын зохион байгуулалт гэсэн нарийн технологийн хичээлүүд дээр тухай тухайн ажлын аюулгүй байдал гэсэн сэдвээр хичээл ордог” гэж хариулсан юм. Дөнгөж сургууль төгссөн инженер хөдөлмөр хамгааллын ажил хариуцахад туршлага нь дутдаг, тиймээс ядахдаа 5 жилийн туршлагатай инженерт үүнийг хариуцуулах ёстой гэж үздэгээ тэр хэлсэн юм. Манай улсад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах 130 гаруй стандарт, дүрэм, журам байдгийн цөөнгүй нь барилгын салбарт мөрдөгддөг. Ц.Оюунцацрал багшийн өгүүлсэнчлэн, норм дүрэм, стандартууд болон эрх зүйн баримт бичгүүд хангалттай гэж хэлж болно. Гагцхүү тэдгээрийг хэрхэн мөрдөж ажиллаж байна вэ гэдэгт л асуудал байна гэж тэрээр учирласан юм. Түүнийхээр, газрын зөвшөөрөл өгч байгаа хүмүүстэй ч бас хариуцлага ярих ёстой. Шахцалдсан, давчуу орон зайд барилга барьж, кран зам дээгүүр эргэлт хийхээс аргагүй болж байгаа нь ч осол гэмтэл гарах нөхцөл болж буй юм гэж тэр тайлбарласан юм. Хэдийгээр тусгайлан хичээл болгож хөтөлбөрт тусгаагүй ч эдний сургуульд аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг технологийн хичээлүүдээрээ хангалттай үздэг юм байна. Оюутнуудыг дипломын ажил бүртээ тухайн ажлын хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг заавал судалж хавсаргахыг шаарддаг байна.

Энэ салбар ашигтай бизнес болон хувирснаас мэргэжлийн бус хүмүүс, дурын иргэд барилга бариулж, “сайн дурын” гүйцэтгэгчдийг ихээр хөлслөх болсон. Мөн өртөг зардлаа хэмнэхдээ хамгийн түрүүнд аюулгүйн хэрэгслүүдийг орхигдуулах, заавал хийх ёстой ажиллагаа, дамжлагыг алгасах гэх мэтээр хэмнэдэг явдал их байгаа. Дээр нь ажилчдын ёс зүй, сахилга бат муу зэрэг олон учир шалтгаан барилгын салбарын эрсдэлийг нэмэгдүүлж байгааг Ц.Оюунцацрал тоочив.


Дүрэм, стандарт нарийн ч...

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 155 дугаар конвенцид манай улс 1999 онд нэгдэн орж, уг конвенцоор хүлээсэн үүргийнхээ хүрээнд УИХ-аас 2008 онд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийг батласан. Үүнээс өмнө энэ харилцааг Хөдөлмөрийн хуулиараа зохицуулж ирсэн юм. Гэхдээ аж үйлдвэрлэл эрчимжсэн 1980-аад ороос хөдөлмөр хамгааллын талаар төрөөс явуулах бодлого, үйл ажиллагаа ч идэвхижжээ. Одоогийн ЭМШУИС буюу тухайн үеийн Анагаах ухааны дээд сургуульд 1965 онд эрүүл ахуйн тэнхим байгуулагдан хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ гадаад орнуудад ч оюутан сургаж байсан юм. 1987 онд тухайн үеийн Политехникийн дээд бургууль буюу одоогийн ШУТИС-д хөдөлмөр хамгааллын тэнхим байгуулагдаж байжээ. Энэ тэнхим хөдөлмөр хамгааллын мэргэжитэн бэлтгэхээс гадна инженер, техникийн ажилтны мэргэжлийг дээшлүүлэх тусгай курс зохион байгуулах ажил хийж байлаа.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 17 дугаар зүйлээр энэ чиглэлийн сургалтыг зохион байгуулах, яаж мэргэжилтэн бэлтгэх, хэрхэн мэргэшүүлэх тухай харилцааг зохицуулсан. Үндсэндээ, ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь яамнаас баталсан журмын дагуу “түр сургалтад хамрагдаж” хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг, дадлагатай болж байхаар хуульчилсан нь бүр социализмын үеэс баримталсан зарчим гэж хэлж болно. Аж үйлдвэр эрчимжсэн үеэс л хөдөлмөр хамгааллын мэдлэг, боловсролыг бүх нийтийн үйл хэрэг гэж үзэн энэ чиглэлийн сургалтыг нарийвчлан системчилж, стандарт гаргасан байлаа. Сүүлд 2000 онд шинэчилсэн “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм” хэмээх MNS 4969 : 2000 стандартын хамрах хүрээг “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг сургуулийн өмнөх насны хүүхэд, бүх шатны сургуулийн суралцагчид, шинээр давтан, хоёр дахь мэргэжлээр бэлтгэгдэж байгаа болон ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтан, инженер, техникийн болон удирдах ажилтанд зориулж шат шатанд нь зохион байгуулна” хэмээн томъёолсон байна. Энэ стандартаар их сургууль, коллежийн дээд боловсролын дипломын болон бакалаврын зэрэг олгох сургалтын төлөвлөгөөнд тусгах хөдөлмөр хамгааллын хичээлийн кредит цаг, агуулгыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулж мөрдүүлэхээр заасан байх юм. Түүнчлэн сургалтыг,

1.    Шинээр ажилтан бэлтгэх үеийн
2.    Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага дахь
3.    Мэргэжил дээшлүүлэх үеийн

гэсэн үе шатуудаар зохион байгуулж байхаар тусгаж, эдгээр үе шат бүрийн сургалтын зохион байгуулалтыг нарийвчлан зааварласан байна. Тухайлбал, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага дахь сургалтыг “зааварчилга өгөх” хэлбэрээр зохион байгуулж байхаар тогтоогоод, зааварчилгыг,

1.    Урьдчилсан
2.    Ажлын байран дахь анхан шатны
3.    Давтан
гэх хэлбэрүүдтэй байхаар нарийвчилж өгсөн байна.


Бие даасан ухаан болж нарийвчлагдсан ч...

Саяхан барилгын болон уул уурхайн салбарынхан хөдөлмөр хамгааллын асуудлаар тус тусынхаа чуулган, зөвлөгөөнийг хийсэн юм. Хөдөлмөрийн яамнаас ч мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийг хэрхэн шинэчлэн сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Эдгээр яриа, зөвлөлгөөний үеэр салбар салбарын хөдөлмөр хамгааллын бодлогыг уялдуулах, үүгээр барахгүй салбар бүрт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуультай байх асуудал хөндөгдөж байсан нь анхаарал татаж байлаа. Мөн барилга, зам гүүр, уул уурхайн салбарт захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын үүрэг хариуцлагыг тодорхой болгох, аюулгүй ажиллагааг хүн цагаар тооцох, хөдөлмөр хамгааллын бие даасан, хөндлөнгийн гүйцэтгэгчээр гэрээгээр гүйцэтгүүлж байх зэрэг олон санал гарсны дотор мэргэжлийн инженер, ажилтныг бэлтгэх хөтөлбөр, тогтолцоотой болох тухай асуудал ч хөндөгдөж байсан юм. Инженерийн боловсролын бие даасан ухаан болтлоо нарийвлагдан боловсорч, цар хүрээ нь асар өргөжин хөгжиж буй хөдөлмөр хамгааллыг бид хэдий болтол “дайвар дадал” гэж үзсээр байх вэ?

2014.04.18
“Үндэстний ТОЙМ” №16 (219) 2014.04.21-т нийтлэгдсэн