Дэлхийг судалдаг геологичдийн алх ертөнцийн хаана ч хүрдэг нь тэдний мэргэжлийн онцлог. Эрэл хайгуулын ажлаар алс холын Австрали улсад эх орныхоо нэрийг гаргаж яваа чадварлаг геологич А.Борохултай ярилцлаа. Тэрээр 2008 оноос хойш “Ivanhoe Australia Ltd”-д ахлах геологичоор ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Iron Oxide Copper Gold (IOCG) гэж нэрлэгддэг томоохон ордууд дээр ажиллаж байсан туршлагатай аж. Ингээд түүний сонирхолтой ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэе.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг уншигчдынхаа өмнөөс хүргэе. Эх нутагтаа хэзээ ирэв. Явсан хүнээс үг сонс гэдэг дээ?
-Танай сэтгүүлийн уншигчидтай мэндчилж байгаадаа баяртай байна. Би Австралид дөрвөн долоо хоног ажиллаад гурван долоо хоног амардаг хуваарьтай. Гэртээ ирээд арваад хонож байна, удахгүй буцна.

-Та Австралийн ямар компанид харьяалалтай ажилладаг вэ. Өнгөрсөн хугацаанд хичнээн орд дээр ажиллав?
-Би Австралийн Queensland мужийн баруун хойд хэсэгт орших “Ivanhoe Australia Ltd” (IAL) гэдэг хайгуулын компанид 2008 оноос хойш ажиллаж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус компанийн хайгуулын хэсэгт алт, зэсийн эрлийн багт орж 7-8 орд дээр ажилласан. Эдгээр төрлийн ордууд нь Монголд нээгдээгүй, бараг байхгүй байх.

-Газар нутгийнхаа онцлог, тогтцоос шалтгаалан дээрх ордууд Монголд байдаггүй гэсэн үг үү, эсвэл...?
-Миний ажиллаж буй ордын төрлийг Iron Oxide Copper Gold (IOCG) гэж нэрлэдэг. Энгийнээр хэлэхэд сульфидууд нь төмрийн ислүүдтэй зонхилж үүсдэг, агуулга өндөртэй орд юм. Геологийн насны хувьд их эртний Протерозой үед тооцогдоно. Мөн томоохон хагарлуудтай орон зайн хувьд шууд хамааралтай бөгөөд ихэвчлэн их гүнд /10-15 км/ үүссэн байдаг. Тиймээс манайд энэ төрлийн орд байх магадлал маш муу.

 -Та энэ салбарт хүчин зүтгэсэн 10 гаруй жилийн хугацаанд чамгүй олон орд дээр ажиллаж байсан байх. Тэднээсээ томоохныг нь онцлон нэрлээч гэвэл?
-Би ШУТИС-ийн Геологийн сургуулийг 2001 онд төгсөөд Эрдэнэтийн Cu-Mo porphyry (Зэс, молибдений) ордоос ажлын гараагаа эхэлж байлаа. Баяжуулах үйлдвэрт ил уурхайгаас хүдрийн хуваарилалт хийдэг байсан юм. Миний хувьд эрэл, хайгуул хийх илүү сонирхолтой байсан учраас тэндээсээ гарч “Ivanhoe Mines Mongolia Inc”-ийн (IMMI) хайгуулын хэсэгт 2002 онд орж ажилласан. Ivanhoe-д ажиллаад өмнөд Монгол буюу Өмнөговь, Дорноговь аймгуудад зэс-алтны профирийн эрэл хайгуул хийж эхэлсэн. Ингэхдээ Оюутолгой, Хармагтай зэрэг ордууд дээр хэдэн арван км-ээр хэмжигдэх бичиглэл хийсэн. Харин Австралид Mt Elliott, Mt Dore зэрэг ордууд дээр ажилласан. Мөн эдгээр ордуудын эргэн тойронд зураглал, бүх төрлийн дээжлэлт, соронзон хайгуул зэрэг эрэл хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн.

-Тантай хамт олон орны геологичид ажилладаг байх. Тэдний боловсрол, мэргэжлийн ур чадвар ямар түвшинд байдаг вэ?
-Би Индонез, Филиппин, Канад, Энэтхэг зэрэг улсын геологичидтой хамт ажилладаг. Гадны геологичид боловсролын түвшин, мэргэжлийн ур чадварын хувьд ер нь манайхантай адилхан. Зарим нэг нь сайн байхад нөгөө хэсэг нь дундаж байх жишээтэй.

-Та анх ямар шугамаар тус компанид ажиллаж эхэлсэн бэ. Ер нь манай геологичид гадаадын улс орнуудад мэргэжлээрээ ажиллах боломж хэр нээлттэй байдаг юм бол?
-Монгол геологичид гадаадад ажиллах боломж бүрэн нээлттэй гэж би хувьдаа боддог. Юуны өмнө тухайн орныхоо хэлийг маш сайн эзэмших хэрэгтэй. Учир нь бүх ажлын үр дүнг эцэст нь тайлагнадаг. Тиймээс аман болон бичгийн хэлбэрээр ямар ч хүндрэлгүй товч, тодорхой илэрхийлж сурах чухал юм билээ. Миний хувьд IMMI-д ажиллаж байхад хамтран зүтгэгч, найз Ч.Лхагваагийн хамт Авсралид ажиллах шаардлага гарсан юм. Тухайн үед IAL хүн хүч муутай, цооногийн керн нь бичиглэл хийж амжилгүй хураагдсан байсан. Бид нэг сар орчмын хугацаанд нэлээн их ачаалалтай ажилласны үр дүнд их зүйл амжуулсан. Улмаар IAL-ийн үйл ажиллагаа өргөжиж, дотоодоосоо болон гадаадаас ажиллах хүч татаж эхэлсэн юм билээ. 2008 онд манайхаас таван геологич ажиллах болсон. IAL-ийнхан Ч.Лхагваа бид хоёрын ажлын үр дүнг хараад Монгол геологичдийг ажиллуулах сонирхолтой болсон байх гэж боддог. Мөн тухайн үед манайд “Гэнэтийн ашгийн татвар”-ын хууль гарснаар хайгуулын ажил хумигдаж эхэлсэн нь ч нөлөөлсөн байх.

-Таны хувьд эх орондоо таван жил, Австралид 2008 оноос хойш ажиллаж байгаа юм байна. Гадаадад ажиллахын давуу болон сул талыг нэрлэвэл?
-Гадаадад ч тэр, Монголдоо ч гэсэн геологийн хайгуул хийх ижилхэн. Адилхан л эрэл хайгуул хийж хөдөө хээрээр хоноглож явна. Харин манайхтай харьцуулахад Австрали хөгжсөн орон учраас материаллаг хангамж, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хувьд арай илүү байж магадгүй. Гэхдээ сүүлийн хэдэн жилийн хугацаанд уул уурхай, ашигт малтмалын салбар хөгжихийн хэрээр гадны томоохон компаниуд манайхныг сонирхож, барууны стандартыг нэвтрүүлж байна. Тиймээс техник технологийн хувьд бас тийм ч хоцрогдоогүй гэж бодож байгаа. Австралид хайгуулын эрхзүйн орчин тогтвортой байдаг нь давуу тал болох байх. Хайгуул хийхэд асар их хөрөнгө зарцуулдаг атлаа энэ зардлаа тэр бүр эргэж нөхдөггүй их эрсдэлтэй. Тиймээс геологи хайгуулын хууль нь тогтвортой байхгүй бол их хөрөнгийг татаж, одоо байгаагаа хадгалж үлдэхэд бэрхшээлтэй байдаг. Харамсалтай нь манайд энэ талыг зохицуулах хууль бараг УИХ-ын сонгууль бүрийн дараа өөрчлөгддөг нь хайгуул дорвитой урагшлахгүй байгаагийн гол шалтгаан болж байна. Баялгийг хуваарилж, ард түмэндээ хуваах гэсэн зорилготой янз бүрийн нэртэй хуулиуд батлагдаж байгаа ч нөгөө талаараа баялаг буюу ордоо олох, хайгуулын ажлыг хаачихсан нь маш том сул тал.

-Та бол Австралид эх орныхоо нэрийг гаргаж яваа залуусын нэг. Ер нь Монголын геологичид дэлхийд танигдахын тулд юун дээр анхаарч, ямар зарчмаар ажиллах ёстой юм шиг санагддаг вэ?
-Надад дэлхийд танигдах сонирхол байхгүй ээ. Би IAL-д одоо Монголоос ганцаараа ажилладаг учраас өөрийнхөө нэрнээс илүү улсынхаа нэрийг унагачихгүйг хичээдэг. Ер нь ямар ч салбарт ажиллаж байгаа хүн өөрийнхөө хийж буй ажилдаа сонирхолтой, үнэнч, хариуцлагатай хандаж чадвал амжилт гаргах боломж нь нээлттэй гэж үздэг.

-Таван жил гэдэг бас тийм ч богино хугацаа биш. Та өнгөрсөн хугацаанд Австраличуудаас мэдлэг боловсрол болоод ёс суртахууны хувьд ямар зүйлийг сурсан бэ?
-Австраличууд их найрсаг, хошигнож чаддаг нь таалагддаг. Бас хүний хөдөлмөрийг үнэлдэг. Мэргэжлийн хувьд компанийн тавигдах шаардлага нь өндөр учраас Монголд байснаас илүү өөрийгөө дайчилж ажиллаж чадсанаар харьцангуй ачаалал даах чадвартай болсон болов уу.

-Монголын геологичидтой харьцуулахад Австрали геологичдийн зэрэг дэв ямар байдаг вэ?
-Манай улс социалист тогтолцоотой байх үед геологийн судалгааны бүх хөрөнгө мөнгө улсаас гардаг байсан. Тиймээс геологичдийг тэргүүний, гавьяат гэх мэт цол тэмдгээр үнэлдэг. Энэ нь тухайн нийгэмдээ урамшууллын зөв шийдэл байсан болов уу. Харин Австралид болон барууны бусад орнуудын геологийн эрэл хайгуул нь хувийн сектороор хийгддэг бизнес учраас улсаас зэрэг, цол олгодоггүй. Тухайн геологич ажлаа сайн хийж хөдөлмөрлөх тусам цалин урамшуулал өндөр авдаг. Ер нь хүн хэдий чинээ их хөдөлмөрлөнө төдий чинээ илүү их цалин, урамшуулал авдаг нь барууны зарчим шүү дээ.

-Таны ажиллаж буй компани хайгуулын ямар үе шат, аргачлал ашигладаг вэ. Мэдээж манайхнаас илүү дэвшилттэй тал ажиглагдсан л байх?
-Бид өмнө нь огт судлагдаагүй хүний хөл тавьж үзээгүй шинэ газраас эхлээд үйл ажиллагаа явуулж, ашиглаж байгаа орд дээр ч ажиллаж байна. Тэгэхээр хайгуулын бүх үе шат явагддаг гэж хэлж болно. Хайгуулын үе шатны тухайд манайхны сүүлийн үед ашиглаж буй барууны аргачлалаас нэг их зөрөөд байгаа юм бол байхгүй. Ер нь хайгуул нь их хэмжээний хөрөнгө мөнгөн дээр тулгуурладаг учраас аль болох эдийн засгийн үр ашигтай, оновчтой байх зарчмыг баримталдаг. Харин манайхнаас илүү, давуу тал нь гэвэл геофизикийн үнэтэй, томоохон аргачлалуудыг хайгуулын ажилдаа ашигладаг. Газрын гадарга дээрх ихэнх ордыг илрүүлчихсэн учраас энэ төрлийн орд олдох нь хялбар биш болсон. Тиймээс хучигдмал, далд ордыг нээн илрүүлэхийн тулд геофизикийг түлхүү ашиглаж байна. Үүнээс гадна геологи болон геофизикийн өгөгдлүүдийг хооронд нь холбож анализ хийснээр модель босгож хайгуулд ашиглаж байна. Энэ нь өмнө дурдсан далд ордуудад түлхүү хэрэглэгдэж байгаа.

-Гадаадад ажиллахад бэрхшээлтэй зүйл тулгарч байгаа байх. Тэр бүхнийг хэрхэн даван туулж байна вэ. Та гэр бүлийнхээ хамтаар Австралид амьдардаг уу?
-Би эхнэр, хоёр хүүтэй. Манай гэр бүлийнхэн Монголдоо, Улаанбаатар хотод амьдардаг. Би Австралид дөрвөн долоо хоног ажиллаад гэртээ ирж гурван долоо хоног амардаг учраас нэг их хүндрэлтэй зүйл гараад байхгүй ээ. Харин ч Монголын зарим компаниудын хуваарийг бодвол харьцангуй боломжийн гэж боддог шүү. Мэдээж гэр бүлтэйгээ үргэлж хамт байдаггүй учраас бэрхшээлүүд байлгүй л яахав. Амьдрал юм чинь тэр бүхнийг зохицуулж л явна.

-Манай улсад хөдөлмөрийн үнэлэмж харьцангуй ойлголт болжээ. Ялангуяа уул уурхайн салбарт ажиллаж буй дотоодын ажилчдын цалин гадаадын мэргэжилтнүүдийнхээс бага байдаг. Тэгвэл гадаадад ажиллаж байгаа таны хувьд хөдөлмөрөө үнэлүүлэх үнэлэмж нь тэдний геологичидтой харьцуулахад ямар байдаг вэ?
-Миний хувьд ахлах геологичоор ажилладаг. Тиймээс тэнд ажиллаж буй бусад ижил түвшний геологичдийн адил цалинждаг.



-Австралийн геологийн тогтоц манай орныхоос юугаараа ялгаатай вэ?

-Хоёр орны геологийн тогтцын бүх ялгааг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ өөрийнхөө мэдэж байгаа зүйлийг хэлвэл нэлээд урт хариулт болох байх. Маш энгийнээр хэлэхэд насны хувьд зөрөөтэй байдаг. Монгол орны чулуулгууд геологийн ойлголтоор харьцангуй залуу. Харин Австралийнх хөгшиндөө орно. Мөн геотектоникийн хувьд өөр горимуудыг дамжиж өнөөг хүрсэн учраас үүссэн ашигт малтмалын ордын төрөл хэмжээ зэргээрээ ялгаатай байдаг юм билээ. Тухайлбал, баруун Австралид төмрийн болон алтны томоохон ордууд зонхилж байхад миний ажиллаж буй газарт Протерозойн томоохон IOCG болон Broken Hill төрлийн Ernest Henry, Mount Elliott, дэлхийн хамгийн баян молибдений орд болох Merlin, Mount Isa-ийн Pb-Zn-Cu-ийн орд, Cannington-ii Pb-Zn-Ag ордууд нээгдсэн байдаг.

-Гадаадад ажиллаж буй мэргэжлийн хүний нүдээр харахад ашигт малтмалын чиглэлээр манай улсад орж ирэх сонирхолтой гадны компаниудийн бодлого, хандлага ямар байна гэж дүгнэх вэ?
-Манай улсын хууль эрхзүйн орчин маш тогтворгүй, байнга өөрчлөгдөж байдаг. Тиймээс ийм нөхцөлд гаднаас хайгуул хийхээр орж ирэх компаниуд нэг их олдохгүй л болов уу гэж бодож байна.

-Байгалийн баялгаа ашиглаж үр шимийг хүртэх нь зүй ёсны хэрэг. Үүнийг дагаад геоэкологийн асуудал байнга хөндөгдөж явдаг. Манай улсад олон тооны иргэний хөдөлгөөнүүд байдаг. Тэд байгалийг сүйтгэж, зүй бусаар харьцаж байна хэмээн хайгуул, олборлолтын компаниудтай тэмцсээр ирсэн. Харин гадныхан нутгийн иргэдтэйгээ хэрхэн зохицдог нь сонирхолтой санагдаж байна?
-Манайд ашигт малтмал олборлож буй компаниуд гол горхи ширгээлээ гээд яриад байдаг. Харин би үүнийг дэлхийн дулааралтай илүү холбож ойлгодог. Харин “Нинжа” нар гэх тодотголтой гар аргаар алт олборлогчид зөвшөөрөлгүйгээр хаана ч хамаагүй нүх ухаж, мөнгөн ус мэтийн маш хортой, хориотой бодисуудыг ашиглаж байна шүү дээ. Тэд хаягдлаа ямар ч хяналтгүйгээр газар шороонд хаядаг. Хамгийн гол нь тэд хаана ч бүртгэлгүй, эргэж буух эзэнгүй байгаа нь учир дутагдалтай байна. Иргэний хөдөлгөөнүүд хувийн компаниудийг буруутгадаг атлаа энэ их хорт бодис газар, усанд хаяж байгаа “Нинжа” нарыг огт ярьдаггүй нь өрөөсгөл санагддаг юм. Австралид ч гэсэн хуваариа алт хайдаг хүмүүс байдаг. Тэд металл хайгч барин энд тэнд алт хайж явдаг бололтой юм билээ. Гэхдээ тэд алтыг усаар угаах түвшинд л олборлодог. Харин компаниуд нь хайгуулын ажлын дараах нөхөн сэргээлтэнд хөрөнгө хайрладаггүй. Иргэд нь ч гэсэн байгаль дэлхийгээ хайрлаж маш их хүндэтгэлтэй ханддаг. Нэг үгээр хэлэхэд Монголчууд болоод Австраличуудын хооронд ухамсрын асар том ялгаа харагддаг. Энэ улсын тухайд ашигт малтмалдаа тулгуурлаж хөл дээрээ босч хөгжсөн учраас байгаль дэлхий, экологийн тэнцвэрийг хадгалж үлдэх асуудлыг аль хэдийнэ шийдвэрлэчихсэн нь маш том давуу тал болов уу.

-Манай улсын хувьд компаниуд мэдээллээ ил гарган түгээхэд нууц задрах гэх мэтчилэн саад тотгортой тулгардаг. Тиймээс хувийн хэвшлийнхэнд дарамтгүй ажиллах таатай орчин төдийлөн бүрдэхгүй, хүндрэлтэй зүйл олон байна. Харин Австралид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг юм бэ. Ер нь Австралийн төр захиргааны байгууллагууд ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?
-Австралийн компаниуд геологийн хайгуул болоод ашиглалтын чиглэлээр хийж буй ажлаа төр захиргааны байгууллагадаа маш тодорхой мэдэгддэг. Үүний хариуд тус компанийн нууцыг засгаас хэдэн жилийн хугацаанд бусдад задруулахгүйгээр чанд хамгаалдаг журамтай. Нууц гэдгийг тайлбарлавал, аль нэг компани хайгуул хийхдээ өөрсдийн оюуны өмч болсон шинэлэг арга технологи хэрэглэж болох юм.  Үүнийгээ өрсөлдөгч компаниуддаа задруулахгүй байх сонирхолтой байж болно. Тэрийг нь л улс хамгаалах үүрэгтэй байдаг юм билээ. Харин заагдсан хоригийн хугацаа дуусахад тухайн компанийн тайлан олон нийтэд ил болж online database-ээс татаж авах боломжтой болдог.

-“Ашигт малтмалын тухай хууль”-ийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа явагдаж байна. Тус хууль нь үйл ажиллагаа явуулж буй компаниуд болоод мэргэжилтнүүдэд тодорхойгүй, үл ойлгогдох маягтай байгаа. Энэ тохиолдолд халуун тогоонд нь буцалж яваа геологичид яах ёстой юм бол. Та өөрийнхөө байр сууриа илэрхийлнэ үү?
-“Ашигт малтмалын тухай хууль” өөрийн тань хэлснээр тодорхойгүй, үл ойлгогдсон байдалтай байх шиг байна. Миний ойлгосноор бага болон дунд хэмжээний дотоодын компаниудийн үйл ажиллагааг нэлээд боомилсон заалтууд байх шиг санагдсан. Уг нь бол тусгай зөвшөөрөл эзэмшихийн түрээс болон зарцуулах мөнгийг нэмэгдүүлснээр улсад мөнгө татах зорилготой юм шиг байгаа юм. Гэтэл энэ нь өмнө гарч байсан гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хуультай адил “Алаагүй баавгайн арьсыг хуваана” гэдэг шиг юм болох вий гэх болгоомжлол төрүүлэх юм. Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хуулийг их хэмжээний мөнгө төсөвт татна гэж бодож хийсэн байх. Харамсалтай нь бодит байдал дээр бүр эсрэгээрээ эргэснийг геологичид болоод уул уурхайнхан нэгэн дуугаар хэлнэ дээ. Дахиад нэг иймэрхүү хууль битгий батлаасай л гэж хүсч, найдаж байна.

-Гадаадад ажиллаж буй хүний хувьд мэдээж олон зүйлийг эх орныхтойгоо харьцуулан харж, бодож явдаг биз. Манайханд гадаадын гэхээр л бүх талаараа төгс гэх ойлголт бас байдаг. Тэгвэл таны харснаар манай улс үүгээрээ илүү бодитой, давуу талтай юм аа гэх бодол төрж л байсан байх. Энэ тухайд?
-Австралид нутгийн уугуул иргэд нь газар нутгаа хуваагаад авчихсан байдаг юм билээ. Тиймээс геологийн хайгуул хийхийн тулд төр захиргааны байгууллагаас гадна тухайн газар нутгийг эзэмшдэг омог, аймгийн төлөөлөгчдөд мэдэгдэж тэднээс зөвшөөрөл авах ёстой байдаг. Тэдэнд хийх ажлаа дэлгэрэнгүй тайлбарлана. Хариугаа авахад нэлээд хугацаа алддаг нь ажил хийхэд ихээхэн хүндрэл болдог. Үүнээс гадна газар нутаг нь хувийн эзэмшил, фермийн мэдэлд байдаг учраас мөн л дээрхийн адил зөвшөөрөл авна. Хөдөө хээр хайгуулаар явж байхад байсгээд л хаалттай торон хашаатай тулна. Тэр болгонд автомашинаасаа бууж хаалгыг онгойлгож, хаах нь бага зэрэг төвөгтэй санагддаг. Мөн цаг агаарын хувьд зундаа их халуун, бүр 45-48 хэм хүрнэ. Мөн их чийглэг. Би анх очоод хээрийн маршрутад хоёр сар ажиллаад шууд 10 кг жин хассан. Түүний дээр ялаа, шумуул ихтэй. Заримдаа ярьж байхад ам руу ялаа ороод залгигдах энүүхэнд шүү дээ. Хортой могой, аалзнууд, өргөст бут, сөөг ихтэй учраас анх маршрутаар явахад их хэцүү санагддаг байсан. Харин одоо дасчихсан учраас тийм ч хүндрэлтэй санагдахаа больсон доо.

Харин хоёр орны геологичдийн мэдлэгийн тухайд ялгаа бий. Манайхан геологийн мэдлэгийг тойрог маягийн хүрээнд эзэмшдэг. Жишээ нь, металл ашигт малтмал гэдэг мэргэжлээр төгссөн ч гэсэн металлаас гадна нүүрс ч жаахан гадарлана, барилгын металл ч жаахан ярина. Aжлын шаардлага гараад нарийн зүйл асуухаар мэдлэгийн тойргоосоо хальж чаддаггүй. Харин Австралид шугамын дагуу нэг чиглэлд мэдлэг олж авсан нь дээр өгүүлсэн мэдлэгийн тойргоос хальсан байдаг. Тэднээс шугамын гадна асуулт тавигдахад мэдэхгүй гэдгээ шууд л хэлнэ. Харин шугамын дагуу бол хол ярина шүү. Хүний оюуны багтаамж хязгаартай учраас цаг заваа нэг чиглэлд зориулах нь мэргэшиж, амжилтанд хүрэхэд илүү үр дүнтэй байх нь ойлгомжтой.

-Таны ажиллаж буй компани геологичдийнхоо мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхийн тулд хэр зэрэг анхаарал тавьдаг вэ?
-IAL ажилчдынхаа мэргэжлийн ур чадварт анхаарч их ач холбогдол өгдөг. Ажил гүйцэтгэлийн үнэлгээний уулзалт жилдээ хоёр удаа хийдэг бөгөөд энэ үеэр тухайн ажилтны саналыг сонсож сургалтанд хамруулдаг. Мөн компьютер, аюулгүй ажиллагаа, удирдлага зэрэг мэргэжлийн бус төрөл бүрийн сургалтуудад ч идэвхтэй хамруулдаг.

-Манай улс геологийн боловсон хүчинг дотооддоо чанартай бэлтгэхэд хойрго хандаж байгааг мэргэжилтнүүд сануулдаг. Тиймээс сургууль төгсөгчдийн чанар жилээс жилд муудаж байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь оюутан суралцаж байх хугацаанд үйлдвэрлэлийн дадлага хийх боломж, бололцоо хомс байдагтай холбон тайлбарласан байна лээ. Тэгвэл Австралид энэ асуудал ямар байдаг юм бол?
-Австралийн боловсролын тогтолцоо нь үйлдвэрлэлийн дадлагажилтад ихээхэн анхаардаг учраас геологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг хувийн компанид дадлагажуулдаг. Ер нь ямар ч салбарт хамгийн бага албан тушаалаас нь эхэлж ажиллавал тухайн салбараа илүү сайн таньж, туршлагажиж, чанарждаг. Тиймээс оюутныг дээж авах, зөөлгөхөөс эхлээд мэдээлэл дээр анализ хийлгэж, тайлагнуулах гээд бүх шатны ажлыг эхнээс нь хийлгэдэг. Манайд сургалт одоо ямар болсныг нарийн хэлж мэдэхгүй байна. Харин миний үед сургуулиа төгсөөд барууны компанид хайгуул хийхэд онол, практик хоёр маш их зөрж байсан. Магадгүй энэ нь тухайн цаг үеийн онцлогтой холбоотой байсан болов уу. Учир нь тухайн үед сургалтанд барууны онол дөнгөж нэвтэрч байсан.

-Эр хүний замын хүзүү урт гэдэг. Та цаашид Австралид ажиллах уу эсвэл өөр төлөвлөгөөтэй байгаа юу?
-Мэдээж бодож төлөвлөсөн зүйл их байгаа. Миний хувьд хэдий ажилдаа дуртай ч гэсэн гэр бүлээсээ хол байх нь амар зүйл биш. Геологичийн мэргэжлийн онцлог нь ажилдаа туршлагатай болохын тулд аль болох олон орд үзэж, олон чулуу хагалж үзэх шаардлагатай байдаг. Тиймээс залуу байгаа дээрээ гадаадад ажиллаж, юм үзэж, нүд тайлж авъя гэсэн бодолтой байгаа. 

-Гадаадад ажиллаж байгаа хүний хувьд дотооддоо байгаа хүмүүсээс үзэж харснаараа илүү байх нь дамжиггүй. Тэр бүхнээс эх нутагтаа энэ зүйлийг нь хэрэгжүүлэх юмсан гэж олзуурхан бодсон зүйл бас байдаг л байх. Тэр тухайд?
-Австралид хайгуулын ажлаа тайлагнах процесс нь тайлан өгч байгаа хувийн хэвшил болоод авч буй хоёрын аль алиных нь ажлыг хөнгөвчилж хялбаршуулсан байдаг нь их олзуурхмаар санагдсан. Тэнд ажлын тайлангаа онлайнаар, дижитал хэлбэрээр өгдөг. Компаниуд ажлаа тайлагнахдаа юу хийсэн, юуг хийж чадахгүй байгаа зэргээ шударгаар хэлдэг. Харин манайд бол өмнөх жилийнхээ тайланг хуулбарлан баахан цаас үйлдвэрлээд л байдаг. Бас түүнийгээ батлуулж гарын үсэг зуруулах гэж өчнөөн үүд хаалга сахина. Нэг үгээр хэлэхэд тайлан өгөх гэж маш олон дамжлага дамжсан нүсэр ажил болдог. Мөн хувийн компани өөрийн хөрөнгөөр хийсэн ажлаа улсад тайлагнахын тулд мөнгө төлдөг нь их ойлгомжгүй санагддаг. Тэр мөнгө нь хаашаа ордог нь бас л ойлгомжгүй.

Австралид улс нь геодезийн, геофизик зэрэг томоохон судалгаануудыг хийж гүйцэтгээд хувийн хэвшлүүддээ үнэгүй олгодог. Хувийн компаниуд энэ мэдээллийг ашиглаад хайгуул хийдэг. Ингэснээр ажлын байр бий болно. Орд олдвол дэд бүтэц хөгжиж улсын эдийн засагт шууд эергээр нөлөөлөөд эхэлдэг. Манайд ингэдэггүй юмаа гэхэд ядаж төр нь хувийн хэвшлийнхэнээ хайгуул хийхэд нь саад болдоггүй болчих юмсан даа.

-Цаг гаргаж манай уншигчидад сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. 

2013.03 сар
Д.ОЮУНЖАРГАЛ