“Монлаа”ХХК-ийн Ерөнхий захирал Х.Энхсайхан: Зах зээлийнхээ зарчмаар явж буй хувийн хэвшлийнхэнд төр чөдөр тушаа болох ёсгүй

Зах зээлийн нийгэмд шилжиж бүгд учраа олохгүй байх 1990-ээд оны дунд үед бидэнд дутагдалтай, хүндрэлтэй зүйл бишгүй тохиосон. Байнга л эрчим хүч доголдож “тог тасардаг” тэр цагт 24-хөн настай залуу Монгол Улсыг лаагаар хангаж байлаа. Түүний дараа тэр цэвэр ус үйлдвэрлэсэн. Борог амьдралаас өөрийн хичээл зүтгэл, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн ирээдүйгээ томоор харж, мөрөөдөж, хөлс хүчээ урсган байж өнөөдрийн амжилтанд хүрсэн юм. Залуу хүмүүст “Амьдралыг өөдрөгөөр төсөөлж, том мөрөөд” хэмээн хэлэх дуртай энэ эрхэм бол “Монлаа” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Энхсайхан билээ. Дэндүү жижиг зах зээлээс цойлж гадаадад брэнд бий болгох боломжгүйг ухаарсан тэрээр дэлхий нийттэй уул уурхайн салбарт өрсөлдөхөөр эрс шулуудсан нь 2008 он. Өдгөө төмрийн баяжмалын экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Х.Энхсайхан захиралтай ярилцлаа. Улс орноо өөд нь татаж, хүн ардаа сэтгэл тэнүүн амьдруулахыг мөрөөддөг учраас өнөөгийн улстөрчдийн харалган шийдвэрт үнэхээр бухимдаж явдаг нь түүний ярианаас мэдрэгдэж байсныг нуух юун.

-Монголын амжилтанд хүрсэн бизнесмэнүүдийн түүхийг харахад ихэвчлэн бага насандаа амьдралын хатуу хөтүүг үзэж, хөдөлмөрийн амтыг мэдэрсэн байдаг. Тиймээс ч мөнгөний үнэ цэнийг мэдэрч “Баян болох” чин хүсэлдээ хөтлөгдөн тэмцэж ирсэн юм шиг санагддаг. Та ч гэсэн тэдний нэг үү?
-Тийм ээ, би бусад бизнесмэнүүдийн нэгэн адил. Би ах дүү 11-лээ, ээж минь сургуулийн үйлчлэгч, аав минь тээврийн жолооч байсан. Би Баянхошуунд төрж өссөн ч аавынхаа төрсөн нутаг Баянхонгор аймгийн Заг сумаар овоглодог.

-Та аавынхаа төрсөн нутагт компани байгуулж, мод үржүүлдэг гэсэн. Уул уурхайтай холбогдсон учраас байгаль экологидоо хувь нэмэр оруулахын тулд чацаргана тарьдаг юм уу?
-Бусдад буян болох үүднээс  Баянхонгор аймгийн 5 суманд чацаргана тарьж байгаа. Болвол хүн тус бүрт 100 ширхэг мод өгчих санаатай тарьж л байна. Миний хувьд уул уурхай эрхлэх гэж оролдож байна.

-Тэгвэл та уул уурхайн ажил эрхлэхээсээ өмнө мод тарьж нөхөн сэргээлт хийж байгаа юм байна даа?
-Миний хувьд нөхөн сэргээлт гэдэг үүднээсээ бус харин ёс зүйгээ ухамсарласны үндсэн дээр чацаргана тарьж байгаа юм. Манай уурхай чацаргана тарьсан сумаас өөр газарт байрладаг.

-Таны ярилцлагыг уншиж байхад 8-р анги төгсөөд ажил хийж эхэлсэн гэсэн байсан. Тэгэхээр хүн амжилтанд хүрч ажиллая гэсэн хүсэл тэмүүлэл, амьдралын хар ухаан байхад дипломын мэдлэг шаардлагагүй юм шиг ээ?
-Чингис хаан Харвардод сурч, их сургууль төгссөн бол дэлхийг эзлэх байсан болов уу. Ерөнхий боловсролын сургууль суурь мэдлэг олгож байхад, дээд сургууль тухайн хүнд цаашид амьдрах чиглэлийг нь зааж өгдөг. Харин миний хувьд үүнийг амьдрал дээрээс сурч байна. Ер нь онол, практик 2 үргэлж зөрчилддөг. Амьдрал өөрөө баян шүү дээ. Тиймээс би амьдралаас их зүйл сурсан. Онц сурснаар дарга болж, муу сурвал буруу зам руу орж тааруухан амьдардаг гэсэн хууль байхгүй. Хамгийн гол нь хүн өөрөө л хичээх хэрэгтэй. Хичээл зүтгэл гаргахад заавал амжилтанд хүрдэг юм. Би олон сурвалжлагчтай уулзаж байхад тэд надаас амьдрал гэж юу вэ? гэдэг асууж байгаагүй. Хүмүүс амьдралыг янз бүрээр тайлбарладаг. Харин миний хувьд амьдрал бол мөрөөдөл. Хүн ухаан орж эхлэх цагаасаа эхлэн мөрөөддөг. Хүн хэдий чинээ том мөрөөднө төдий чинээ аз жаргалтай амьдарна. Хүмүүс үхсэний дараа там эсвэл диваажинд очно гэж ярьдаг бол миний хувьд хүн мөдөөдөлдөө хүрсэн бол диваажинд амьдарч байна гэсэн үг гэж ойлгодог. Мөрөөдөлдөө хүрч чадахгүй залхуураад л суувал тамд байна. Би хэдийгээр шашингүй үзэлтэн ч гэлээ бидний дээр нэг зүйл байдаг гэдэгт итгэдэг. Хүн хөдөлмөрлөж байж сайхан амьдардаг. Сайхан амьдрал гэдэг нь эд хөрөнгөөр хэмжигддэг зүйл биш. Харин сэтгэл ханамж юм. Хичнээн их эд хөрөнгөтэй байлаа гээд амьдралдаа сэтгэл ханамжгүй байх юм бол тэр чинь жинхэнэ сайхан амьдрал биш. Гудамжинд гарсан архичин өөрийнхөө хэмжээнд аз жаргалтай байгаа бол түүнийг нь булаах ямар шаардлагатай юм бэ.

Тиймээс галзуугаар сэтгэж, томоор мөрөөд гэж би залууст хэлэх дуртай.

-Та өөрийнхөө диваажинд амьдарч чадаж байна уу?
-Би өнгөрсөн хугацаанд үнэхээр сэтгэл хангалуун амьдарч байсан, цаашдаа ч тийм байх болов уу.

-“Монлаа” компани өдгөө 4 салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. Яг ямар салбарууд вэ?
-Манай улсын зах зээл бага учраас үндэсний компаниуд олон салбарт ажиллахаас өөр аргагүй байдаг. Бид сүүлийн үед зарим салбарын бизнесээ зогсоож байна. Учир нь би ажиллаж ханалаа. Харин одоо жижиг дунд үйлдвэрийнхэн орж ирж тэр салбарт ажиллаг л дээ. Тиймээс би урагш ахиж уул уурхайн салбарт орсон. Хүмүүс нэг их том харагдах гэж олон салбарт ажиллаж байгаа тухайгаа ярьдаг юм шиг байна лээ. Миний хувьд Монголд хийж болох бүх салбарт ажиллаж үзсэн.

-Бизнесмэнүүд янз бүрийн шалтгаанаар уул уурхайн салбарт орсон байдаг. Таны хувьд гадаад зах зээлд гарахын тулд, брэнд бий болгох зорилгоор энэ салбарт бизнес эрхэлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ салбарт ажилласан өнгөрсөн хугацаанд багагүй туршлага хуримтлуулсан нь дамжиггүй. Ер нь мэргэжлийн бус хүнд уул уурхайн салбарт ажиллахад ямар хүндрэл учирдаг вэ, түүнийг хэрхэн даван туулдаг вэ?
-Миний хувьд геологи, уул уурхайн мэргэжилтэн биш учраас үргэлж энэ чиглэлийн ном уншиж судалдаг. Мөн практик дээр нь ажиллаж байна. Өөрийгөө дөвийлгөөд хэлэхэд муухан геологичоос илүү туршлага хуримтлуулсан учраас сургуулийг нь төгсөөгүй ч гэсэн ажиллаж чадаж байна гэж дүгнэдэг. 2008 оноос хойш 6 дахь жилдээ энэ салбарт ажиллаж байна. Хэдийгээр богино хугацаа ч гэлээ зөв сэтгэлээр хандаж байгаа учраас өнөөх далдын хүч гээч зүйл нь дэмжиж байгаа юм шиг санагддаг, сэтгэл хангалуун байна. Гэхдээ өнөөдөр Монголд гэлтгүй дэлхий даяар геологи, уул уурхайн салбар хүнд нөхцөлд байна. Хүмүүс удирдлагуудаа шүүмжлэх дуртай байдаг. Хоёр хүн шатар тоглож байхад хөндлөнгөөс харж буй нөхөр нүүдэл их хардаг шиг бухимдаад л сууж байна даа.   



-Геологи, уул уурхайн ажлын үр дүн урт хугацааны дараа үр өгөөжөө өгдөг. Ирээдүйд их хэмжээний ашиг олох боломжтой ч эрсдэл нь тэр хэрээр өндөр байдаг онцлогтой. Эрсдэлээ өөрөө үүрээд ирээдүйд ашигтай ажиллах боломж яг өнөөгийн нөхцөлд хувийн хэвшлийнхэнд байна уу?
-Амжилтанд хүрч, ашигтай ажиллаж буй Америкийн уул уурхайн компаниудийн захирлууд “Өвөөдөө баярлалаа” гэж хэлдэг гэсэн нэг онигоо байдаг юм. Одоо үр өгөөжөө өгч буй тухайн компаниудийг өвөө нь анх суурийг нь тавьж байсан учраас тэр. Тэгэхээр уул уурхай бол урт хугацааны дараа үр өгөөжөө өгдөг салбар. Манай улсын хувьд 20-оод жил алтаа ухсан. Энэ бол уул уурхай биш шүү. Уул уурхай гэж “Оюутолгой”, “Эрдэнэт”, “Цайрт менирал”-ийг хэлдэг юм. Түүнээс одоогоор хэн, хаана уул уурхай эрхэлсэн нь мэдэгдэхгүй байна.

Уул уурхайн ажлын үндэс болох ашигт малтмалыг хэдэн арван жил Оросын геологичид эрж судалсны дараа Монголын геологичид сүүлийн 20 орчим жил үргэлжилжлүүлэн хайсны эцэст одоо л үр дүнд хүрэх гэж явна. Гэхдээ болоогүй байна, “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэрээс өөр томоохон орд олоогүй л байна шүү дээ. Яахав, Улаанбаатар хотод эрчим хүч хэрэгтэй учраас “Налайх”, “Шивээ-Овоо”, “Багануур”-ын хүрэн нүүрсний орд, Дархан, Эрдэнэт хотуудыг хангахын тулд “Шарын гол”-ын уурхай ажиллаж байна. Мөн аюултай хүмүүс болох хэдэн “нинжа” нар алт, жонш ухаж байна. Өөрөөр манайд уул уурхай хөгжсөн гэж хэлэхэд хэцүү, одоо л дөнгөж эхэлж байна. Гэтэл “Алаагүй баавгайн арьсыг 10 хуваана” гэгчээр дөнгөж эхэлж буй уул уурхайн салбарыг унагах гэж хөгшин залуугүй, дарга цэрэггүй оролдох юм. Уг нь техник технологи хөгжсөн энэ үед бид үүнд түшиглэж геологи, уул уурхайн салбараа хөгжүүлэх хэрэгтэй байна. Гэтэл “Миний Монголын газар шороо” гэж цээжээ дэлдэх юм. Хүн гэдэг амьтан байгалиасаа тэжээгдэж амьдардаг биз дээ. Тиймээс байгалиас авах зүйлээ аваад эргүүлээд нөхөн сэргээлтээ сайн хийх хэрэгтэй байхгүй юу. Гэтэл нөгөө Харвард төгсөн их сургуулийн мэргэжилтнүүд номноос нэг сайхан үг олоод түүнийгээ өөрөө зохиосон юм шиг хүмүүсийн тархийг угааж байна. Ер нь Монголын уул уурхай, бизнес иймэрхүү байдалтай л байна.

Оросын систем сайндаа ч задраагүй юм. Тэд 100 рублийн бүтээн байгуулалт хийхдээ түүнийхээ 30 рублийг нь ард түмэндээ зориулж, 40 рублийг нь татаасанд өгч, үлдсэн 30 рублиэр нь зэмсэг хийдэг байсан. Тэр 40 рублийн татаасыг тухайн үеийн социалист орнууд болох Монгол, Вьетнам, Казахстан, Хойд Солонгос зэрэг орнууд авдаг байсан юм. Тэр үед Зүүн Европын цөөн тооны орнууд л өөрийнхөө хүчээр амьдарч байсан. Тиймээс Оросууд сүүлдээ энэ ачаагаа даахаа болиод задарсан юм. Түүнээс хойш 24 жил өнгөрлөө. Гэтэл Хойд Солонгос, манай улс хоёр л шавран дээрээ эргэлдээд л байж байна. Тухайн үед Казахстан манайхаас долоон дор шахуу л байсан. Гэтэл өнөөдөр “Их 20”-д орох гээд л саналаа өгөөд явж байна. Вьетнам ямар улс болж хөгжиж байгааг бүгд л мэднэ шүү дээ. Харин манайх бахь байдгаараа л байна. Бид үнэхээр зөв чиглэлд явж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Бараг ардчилал гэж юу вэ гэдгийг ч ойлгоход хэцүү болж байна. Учир нь дэлхий дээр манайх шиг ардчилалтай орон байхгүй, энэ үнэхээр зөв голдрил мөн үү.

Миний хувьд орой бүр 19-22 цагийн хооронд дэлхийн мэдээ үздэг. Гадаадын улс орнууд хөгжлөөрөө манайхаас хол тасарчихлаа. Гэтэл манайх л ардчилсан АНУ-ыг дагаж байна гээд хоцроод байна шүү дээ. Өнөөх сайхан АНУ нь Сирь, Лиев улсыг ямар болгоод хаячихав. Үнэндээ тоглож байна, бид ч гэсэн тэдний тоглоомын бай болж байна шүү дээ. Чингисийн удам угсаа гэж онгирч л байгаа бол манай улс биеэ дааж, эрх мэдэлтнүүд Монгол ухаанаар улсаа удирдах хэрэгтэй байна. Үүний тулд эдийн засгаа хөгжүүлэх хэрэгтэй. Өнөө цагт Сталинградынх шиг дайн болохгүй, зөвхөн мөнгөн дээр эдийн засагт байлдана. Бидний дургүй, эмээдэг урд хөрш улам хүчирхэгжиж байна. Тэд хэзээ ч зэвсэг барьж орж ирж манай улсыг эзлэхгүй. Хэрэв бид энэ байдлаараа цаашид явах юм бол хүссэн хүсээгүй тэдний дохиогоор явдаг болно. Тиймээс энэ байдалд хүрэхгүй байх ганц боломж нь эдийн засгаа хөгжүүлж үндэсний компаниудаа бэхжүүлж улс хүчирхэг болох хэрэгтэй юм. Ард түмэн холыг харж томоор сэтгэж сурах шаардлагатай байна.

Монголд уран хэрэгтэй хэрэггүй гэж хоорондоо маргалдаж байна. Үнэндээ том гүрнүүд биднийг хүчтэй болгохгүйн тулд хооронд нь талцуулж маргалдуулж байгаа юм шүү дээ.

Дарга нар нь шийдвэр гаргах чадваргүй, аймхай арчаагүй болсон байна. Тэд аргагүй шүү дээ, бүгд АНУ-д 300-500 сая ам.долларын харштай бараг хотхон байгуулан амьдардаг учраас арга мухардахад тийшээгээ нисээд явчихна. Тиймээс шийдвэр гаргагчид АНУ-аас хол байж, 2 хөрштэйгөө улстөрийн тохироо хийх хэрэгтэй юм.

-Та улстөрчдийн харалган шийдвэрт үнэхээр бухимдаж явдаг бололтой?
- Уг нь надаас геологи, уул уурхайн бизнесийн талаар ярилцлага авах гэж ирсэн байх. Үнэндээ хүссэн хүсээгүй уул уурхай улстөртэй холбогдож байна. Үүнийг сүүлийн 4-5 жилийн улстөрийн шийдвэрүүд харуулж байна шүү дээ. Үүнд л би бухимдаж байна. Миний бизнес бол явдгаараа явна. Харин одоо улс эх орныхоо хөгжилд санаа үнэхээр зовж байна. Анхнаасаа АНУ 1992 онд бидэнд “Үндсэн хууль”-ийг орчуулж өгөхдөө хооронд нь уралцуулах бодлоготой хийж өгсөн юм. Хүн аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн сайхан сонсогдох заалт хийж өгсөн. Үнэндээ тэр аюулгүй орчин нь бүрэлдээгүй л байна шүү дээ. Сүүлийн хэдэн жилд улстөрчид галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг хэнд ч хэрэггүй вагон дүүрэн хууль үйлдвэрлэж, бусдын хуулийг орчуулж байна.

-Гэхдээ “ухаантай” ард түмэн эдгээр эрх мэдэлтнүүдийг сонгосон шүү дээ?
-“Ямар ард түмэн байна, тийм төр бий болгодог” гэдэг чинь гомдсон хүний үг шүү дээ. Улстөрчид Монгол Улсад хэрэгтэй зүйл хийж бүтээе гэдэг сэтгэхүй алга. Үнэндээ зэрлэг капитализм явагдаж байна. ЗХУ задраад учраа олохгүй байх тэр үед геологийн бүх л материалууд баруун руу гарчихсан юм. Тэр дотор Монголын бүх мэдээлэл байсан. Тиймээс 200 жилийн хугацаанд ардчилсан нийгэмд амьдарч сүүлийн 100 жилийн турш дэлхийг удирдсан гүрэн биднээр тоглож байна. Манай баялаг тэдэнд ашигтай учраас биднийг хооронд нь талцуулж баялгийг маань сорж авч байгаа юм. Оросууд үүнийг одоо ойлгож Украйнаа алдахгүйг хичээж байна. Аргагүй шүү дэ, Украйн нь Европын холбоонд орох гэж зүтгэсэн учраас тэр. Манай улс яг үүн шиг Америкийг дагаж савсаганах юм. Тиймээс Орос, Хятад 2 манайхыг чангалж байна. Тиймээс манайхан Америкийн тоглоом болж байхаар 2 хөрштэйгөө улстөрийн тохироо хийх хэрэгтэй байна.

-Таны хэлснээр улстөрчид өөрсдийн эрх ашгийн үүднээс Америкийг дагаж байгаа энэ үед байдал өөрчлөгдөхгүй. Тиймээс бид хэрхэх ёстой вэ?
-“Үндсэн хууль”-ийг өөрчлөх хэрэгтэй. Парламентийн болоод Ерөнхийлөгчийн засаглал 2-ын аль нэгийг л сонгох хэрэгтэй байна. Нэг “тэнэг” нөхөр Ерөнхийлөгч болчихвол улс орныг самарчихна. Тиймээс парламентийн засаглал нь илүү дээр. Манайх шиг цөөхөн хүн амтай улсад нам хэрэггүй. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Гишүүд гадаадад офшиор данстай байж болохгүй, гадаад эхнэр, нөхөртэй байж болохгүй”  гэж эсэргүүцдэг чинь нарийндаа зөв. Америк бол цагаачдын улс орон. Харин манайх бол тийм биш учраас үүнийг бодох л хэрэгтэй.

-Та бид хоёр нэлээд улстөржлөө, одоо үндсэн яриандаа эргэн ороё. Танай компани төмрийн баяжмалын экспортын чиглэлээр ажилладаг. Одоо яг ямар төсөл, орд, уурхай дээр ажиллаж байгаа тухайгаа сонирхуулна уу?
-Манай компани Дорноговь аймагт “Элстэй” төмрийн ордтой. Одоогоор эдийн засгийн асуудал хүнд, төмрийн үнэ унасантай холбоотойгоор үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоогоод байна. Мөн миний түрүүний ярьсанчлан  Хятадууд манайхаас төмрийн баяжмал авахгүй, Оросыг сонгож байна. Уг нь газар нутгийн байршлаа бодсон ч тэр Хятадууд манайхаас төмрийн баяжмал авсан нь эдийн засгийн хувьд зардал багатай шүү дээ. Гэтэл улстөрчдийн балгаар бидний бизнес зогссон. Тиймээс эрх мэдэлтнүүд урд, хойд 2 хөрштэй улстөрийн тохироо хийгээд өгөөч ээ гэж гуйгаад байгаа юм шүү дээ. Уул уурхайгаа хөгжүүлж байж түүнээс босгосон мөнгөөр бусад салбараа тэтгэнэ. Үүний тулд улстөрчид чөдөр тушаа бололгүй хуулиа гаргах хэрэгтэй байна. Мөн ард түмэнд геологи, уул уурхайн салбарын талаар ташаа мэдээлэл тараахгүй зөвөөр ойлгуулаад 2 хөрштэйгөө улстөрийн тохироо хийх шаардлагатай. Ийм 3 асуудлыг зохицуулаад өгвөл геологи, уул уурхайн салбар хөгжиж Монгол Улсын эдийн засаг сайжирч, хөгжилд хүрэх юм шүү дээ. Энэ 3 зүйлийг зохицуулсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд түүхэнд буян болж, хойч ирээдүйдээ сайн сайхнаар дурсагдана.

-Хятад Улс төмрийн баяжмал худалдаж авахгүй байгаа учраас танай уурхай үйл ажиллагаагаа түр зогсоосон гэж та хэлсэн. Ер нь Монгол Улсын төмрийн олборлолт, экспортын дийлэнх хувийг Хятадууд эзэлж байна. Хөрөнгө ихтэй том гүрний компанитай өрсөлдөхөд багагүй хүндрэл тулгарч байгаа байх, тухайлбал?
-Хүндрэл, бэрхшээл бишгүй л байна. Гэхдээ би, хэн нэгэн энэ салбарт ажиллахгүй бол хэн хийх билээ. Монгол хүн Монголын баялгаа эзэмших хэрэгтэй. Би хэт үндсэрхэг зүйл ярьж байж болох юм. Бид хийж чадах зүйлээ өөрсдөө хийж, чадахгүйгээ бусдаар хийлгэх хэрэгтэй л дээ. Чадахгүй гээд суух юм бол бусдын олз болно. Орчлон дээр туйлын хар, цагаан зүйл гэж байхгүйтэй адил.     



-Танай компани төмрийн хайгуул хийдэг үү, эсвэл нөөц нь тогтоогдсон бэлэн талбайд ажилладаг уу?
-Манайх “Элстэй” ордоо өөрсдөө хайж, хайгуулын ажлаа хийсэн. Төмрийн ордын тухайд бусад ашигт малтмал, газрын ховор элемент шиг хайгуулын нарийн ажил шаарддаггүй. Ер нь геологийн хайгуулын ажил асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардаж сэтгэл зүйн том дарамт болдог ажил. Мөнгөө зарцуулсан хүн чинь юм олдохгүй бол шаналаад, олдвол баярлаад л явна шүү дээ. Үнэхээр эрсдэлтэй ажил.

Ашигт малтмалын хайгуулын болоод ашиглалтын лиценз нэг үе 10 мянгад хүрсэн. Газар нутгийнхаа ихэнхийг лиценз нэрийн дор худалдлаа гэж шүүмжилцгээж байсан. Өнөөдөр газар нутаг маань байж л байгаа биз дээ. Тэр 10 мянган лицензээс хэдэн “Оюутолгой”, “Эрдэнэт” олдсон юм бэ. Ихэнх нь хайгуул хийгээд шатаад л дууссан. Ийм л эрсдэл өндөртэй салбар шүү дээ. Үүнийг ойлгохыг, ойлгуулахыг ч хүсэхгүй байна.

-Уул уурхайн бизнест хөл тавихдаа чухам ямар учраас төмрийн баяжмалын экспортыг сонгосон бэ, хэзээ ч үнэ цэнээ алддаггүйгээр нь алтыг сонгож болох л байсан?
-Би уул уурхайн салбарт бизнес эрхлэхээс өмнө 9 жил ажиллаж, 9 жил өөр салбарт бизнес хийж үзсэн. Тухайн үед 24-хөн настай бацаан Монгол Улсыг 100% лаагаар хангаж байлаа. Би 1995 онд Монгол орон даяар цахилгааны доголдолтой байх үед жилд 17 вагон лааны тос оруулж ирж, лаа хийж худалддаг байсан. Гэтэл Бээжингийн хажууханд байдаг эрчим хүч нь гайхамшигтай хөгжсөн үйлдвэрлэлийн хотын 1 компани гоёлын лаа үйлдвэрлэхийн тулд миний лааны тос авдаг компаниас 21 вагон тос худалдаж авсан байдаг. Хятадын 1 хот тансаг хэрэглээнд зориулан Монгол Улсын ахуйн лааны хэрэгцээнээс илүүг худалдан авч байсан. Тэр үед би манай зах зээл үнэхээр жижиг учир Монголд бизнес эрхлэхэд хэцүү юм байна гэдгийг ойлгосон. Уг нь би асар том зүйл мөрөөддөг. Тиймээс би гадаад зах зээлд гарахын тулд ямар салбарт ажиллах вэ гэж бодсон. Бид компьютер, техник технологиор хэзээ ч Apple-ийг гүйцэхгүй, программ хангамжаар Microsoft-тэй эн зэрэгцэж чадахгүй. Дэлхий нийт бараа материалаар хахаж цацчихсан энэ үед бид уул уурхайгаар л тэдэнтэй өрсөлдөх боломжтой. Тиймээс уул уурхайн бизнест хөл тавьсан. Тэр үед бид өнгөт металлыг мэддэггүй байлаа, одоо л гадарлаж эхэлж байна. Манай нүүрс, алт, зэс, төмрийг л гадныхан сонирхож байсан учраас би төмрийн салбарт орсон.

Хатуухан хэлэхэд манайхан Оросын геологичдийн цүнхийг нь үүрээд дагаад л явдаг байсан. Социализмын үед хамтын нөхөрлөлийн орнуудын мэргэжилтнүүдийн олж илрүүлсэн талбай дээр орд олж байна. Түүнээс шинэ орд олж тогтоогоогүй л байна шүү дээ.

Манай “Элстэй” ордын хувьд Социализмын үед Оросын геологичдийн авсан сансрын зурган дээр тухайн газарт гажиг үүссэн байсан. Би тэр гажгийг нь сонирхож хайж олсон юм. Тэр гажгийг Оросууд кодлоод нуусан юм уу, эсвэл тухайн үеийн GPS-ийн систем нь таарахгүй байснаас болсон уу бид 1 жил гаруйн хугацааны дараа хайж олсон.

-“Элстэй” төмрийн ордоос гадна өөр төрлийн ашигт малтмалын орд танд бий юу?
-Марганцын 1 орд, 1 илрэл бий. Мөн өнгөт металлын орд нээх гээд л үзээд байна. 2-3 жилийн дараа орд болчих байх. Миний хувьд зүгээр суугаагүй, ажиллаад л байна. Ажил хийх гэхээр дарга нарын шийдвэр, иргэдийн эсэргүүцлээс болоод геологи, уул уурхайн компаниуд “Хана” мөргөж байна. Уг нь зах зээлийн систем чинь 4000 жилийн түүхтэй, энэ зах зээлийн системээр нэг хэсэг нь ажиллаж, нөгөө хэсэг нь дагаж явах учиртай ч манайхан бүгдээрээ орох гээд зүтгээд байх юм. Юм хийсэн нэгэн рүүгээ муухай харж, барьцах юм. Хүний амьдралын 60, 70 жил урт юм шиг хэрнээ богинохон хугацаа. Тиймээс энэ үед өөрөө сайхан амьдраад улс орноо хөгжихийг хармаар л байна. Харамсалтай нь хөгжил дэндүү удаан байна. Улстөрчид дэндүү хойрго хандаж байна. Хүний амьдрал боломжийн тогтворжоод ирэх үед улс орноо бодож эхэлдэг юм. Дэлхийн хөгжиж буй улс орнууд үндэсний томоохон компаниудаа дэмжиж байж амжилтанд хүрсэн байдаг. Тиймээс бид том компаниудийг дэмжие л дээ. Тэгж байж бид араас нь явна. Тэгэхгүй “Тамын тогоо”-ны үлгэр шиг зууралдаад байх юм бол бид өөрсдөө л хохирч үлдэнэ шүү дээ.

-Үнэндээ үндэсний компаниудаа төрийн зүгээс дэмжиж буй бодлого харагдахгүй байна. Ер нь ямар байдлаар дэмжих хэрэгтэй вэ?
-Хөлд нь дэгээ тавихгүй байх хэрэгтэй. Зах зээлийнхээ зарчмаар явж буй хувийн хэвшлийнхэнд төр чөдөр тушаа болох ёсгүй. Тэр бизнесмэнд хэлсэн хэлээгүй, хууль дүрмийн дагуу ёс зүйтэй ажиллана гэсэн бодол толгойд нь байдаг юм.   

-Таны хувьд Монгол хүн Монголынхоо баялгийг эзэмших ёстой гэсэн байр суурьтай байдаг. Үнэндээ монголчууд бие дааж баялгаа эзэмших санхүүгийн чадамж алга. Тиймээс баялгаа өөрсдөө эзэмшиж, олборлож, экспортлохын тулд хэрхэх ёстой гэж боддог вэ?
-Бид баялгаа эзэмших хэрэгтэй. Гэхдээ өөрсдийнхөө хийж чадахгүй, хүч хүрэхгүй зүйл дээр гадныханыг түшиглэхээс өөр аргагүй. Гэлээ гээд хамаг байдаг баялгаа гадныханд найр тавьж өгч болохгүй. Энэ чинь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Геологи, уул уурхайн салбарт Монголчууд бие дааж, эсвэл гадныхантай хамтарч ажиллаж болно. Хамгийн гол нь улс тэднээс татвараа авдаг байх хэрэгтэй. Татварын бодлого нь тухайн компанийг унагахгүй, ард түмнийг хохироохгүй байх ёстой. Тэрнээс ордын тэдэн хувийг эзэмшинэ гэж байхаар татвараа л авдаг байх систем хэрэгтэй юм. Харамсалтай нь уг систем болж өгөхгүй байна л даа.

-Монгол Улсыг хөгжүүлэх геологи, уул уурхайн салбар өнөөдөр хүнд нөхцөлд байна. Манай гол худалдан авагч БНХАУ, ОХУ-тай түншлэлийн гэрээ байгуулж, зэс, нүүрс, байгалийн хий импортлохоор тохирчихлоо. Хадгалаад, харамлаад байсан баялаг маань үнэгүйдэх аюул нүүрлээд байна. Ийм нөхцөлд бид хэрхэх ёстой гэж энэ салбарт бизнес эрхлэгчийн хувьд харж байгаа вэ?
-Ерөөсөө л эрх баригчид иргэний зориг гаргаж Америкаас зайгаа бариад 2 хөрштэйгээ тохиролцох л хэрэгтэй. Гэхдээ тодорхой цаг хугацаагаар тохиролцох ёстой. Бид эхлээд санхүүгийн чадамжтай болсны дараа дуртай бол тэр Америктайгаа хэлхэлдэнэ л биз.

-Гэхдээ БНХАУ, ОХУ 2 манай эрх баригчдыг энэ асуудал дээр хүлээж авахгүй байгаа юм биш үү. Хийн хоолойгоо манайхыг тойруулан барина гэж байна?
-Аргагүй шүү дээ, манайхан Афганистанд 10 цэргээ явуулж АНУ-ыг дэмжээд байхад 2 хөрш маань биднийг яаж хүлээж авах билээ дээ. 2 хөрштэйгөө харилцаатай байж гэмээнэ Монголын геологи хайгуулын салбар ажилтай байж тэр хэрээр эдийн засаг сайжирч ард иргэд нь сэтгэл тэнүүн амьдарна биз дээ.

-Өдрөөс өдөрт нь доройтож буй эдийн засгаа босгохын тулд Засгийн газрын тэргүүн 100 хоногийн хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Танд энэ ажил нйдвар төрүүлж чадаж байна уу, бидэнд үр өгөөжөө өгч чадах болов уу?
-Ийм үлгэр шиг юм ярьж байх ямар хэрэгтэй юм бэ. 100 хоногийн хөтөлбөр боловсрууллаа гээд эдийн засаг сайжрахгүй. Хятадын коммунист намын дарга Си Жинпин 5 дахь үеийн ерөнхийлөгчөөр сонгогдоод бараг маргааш нь л Орос Улс руу улстөрийн тохироо хийхэр явсан биз дээ. Үүн шиг Монголын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ажиллах ёстой байсан юм. Америкчууд биднийг Сири Улс шиг болгох гэсэн ч Хятад, Орос 2 бөөрөндөө “гал”-тай байхыг хүсэхгүй учраас л бид тогтож байгаа юм. Бид Орос, Хятад хоёр гүрний дунд байршдаг нь азтай юм. Тэгээгүй бол аль хэдийнэ Сири болох байлаа.

Оросууд жаахан зэрлэгдүү, харин Хятадууд биднийг хэзээнээсээ эзлэхийг санаархдаг гэж бид болгоомжилдог. Үнэндээ энэ 2 орон хэзээ ч бөөрөөрөө нийлэхийг хүсэхгүй. Гэхдээ биднийг өндөр хөгжилтэй болгохыг ч зөвшөөрөхгүй. Тиймээс бид энэ боломжийг ашиглаад санхүүгийн хувьд хүчирхэгжих хэрэгтэй байна. Монгол хүн бүр маргаашийнхаа тухай үргэлж боддог байх ёстой.

-Лиценз олголтыг зогсоосноор геологи, уул уурхайн салбарыг туйлдуулж гүйцлээ. Энэ салбарыг ажилд оруулахын тулд зайлшгүй лиценз олгож эхлэх хэрэгтэй. Гэхдээ өмнөх шигээ хэн дуртай нь лиценз авч, наймаалцахгүйн тулд ямар нэгэн шалгуур ч гэдэг юм уу хэм хэмжээ тогтоож өгөх хэрэгтэй байх. Таны бодлоор үүний тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж боддог вэ?
-Өмнө нь 10 мянга лиценз олгож үзсэн. Тэр үед 3000 орчим нь ашигтай ажилласан. Харин үлдсэн 7000 лиценз эзэмшигч юм хайж үзээд ололгүй шатсан. Тэр үед лиценз гэж юу болохыг ч мэдэхгүй хүмүүс худалдан авч байсан юм. Тэртэй тэргүй сонирхолтой талбайнууд дууссан, бүгд эзэнтэй болсон. Лиценз гэдэг чинь газар хуваарилсан бичиг шүү дээ. Ер нь газар хэдий чинээ эргэлтэнд орно төдий чинээ эдийн засаг сайжирдаг юм. Энэ бол өчнөөн мянган жил явж ирсэн түүх. Одоо лиценз олгоход онлайнаар хянана энэ тэр гэж ярьж байна. Үнэндээ энэ чинь лицензийн наймаа гээч зүйлийг улам их цэцэглүүлж Авлигатай тэмцэх газар хийх ажилтай болох биз. Тиймээс хамгийн сонгодог арга бол хэн сайн мэдээлэлтэй байж, түрүүлж материалаа өгсөн нь лиценз эзэмших эрх авах юм. Одоо лиценз олгож эхлэхээ гэхэд орох хүн цөөхөн дөө. Монгол хүн мөнгөтэй болж байвал Дорж байна уу, Дулмаа байна уу ямар хамаатай юм бэ. Харин гадныханд өгөхгүй байх хэрэгтэй, би ингэж л боддог. Хүн мөнгөтэй болох хэрээр түүнийгээ арвижуулахын тулд ухаан суудаг юм.  

-Монголд уул уурхайн бизнес эрхэлж буй хүмүүс л мөнгөтэй байдаг гэсэн ойлголт байгаа. Үнэн хэрэг дээрээ энэ салбарт ажиллаж буй хувийн хэвшлийнхэн бүгд банкинд зээлтэй, ажил нь зогссон бүрэн хөл дээрээ тогтож чадаагүй байдалтай болчихлоо. Тиймээс үндэсний компаниудаа босгохын тулд төрөөс ямар алхам хийх ёстой гэж боддог вэ?
-Геологи, уул уурхайн салбарыг урагшлуулахын тулд төр, ялангуяа иргэд эсэргүүцэхгүй байх хэрэгтэй байна. Үүнийг ойлгох шаардлагатай. Геологи, уул уурхайн салбар хөгжихийн хэрээр улс мөнгөтэй болно. Тэр хэрээр эрүүл мэндийн салбар үнэгүй болж, чанар нь сайжирна гэдгийг л ойлгох хэрэгтэй юм. Хэзээнээс монголчууд газар нутгаа шүтэж ирсэн. Газрын баялагт дан ганц геологи, уул уурхай бус тариаланчид, малчид ч хамааралтай. Хамгийн гол нь геологи, уул уурхайн салбарт бизнес эрхэлж буй компани, хувь хүмүүсийг хариуцлагатай болгох хэрэгтэй байгаа юм. Нөхөн сэргээлтийг нь заавал хийлгэж, хийхгүй зугтсан нэгнийг нь шоронд нь хийчих л дээ. Эсвэл мөнгийг нь улсын санд байршуулахыг шаардах хэрэгтэй. Мөн татвараа эрүүл авах ёстой юм.

-Тэгэхээр бид геологи, уул уурхайн салбараа идэвхжүүлж, эдийн засгаа чадавхжуулж, хөгжилд хүрэхийн тулд 2 хөршөө түшиглэх шаардлагатай ч үнэндээ шийдвэр гаргагчид л энэ алхамыг хийнэ. Өнөөгийн улстөрчид энэ гарцыг мэдэж байгаа ч бодит амьдрал дээр хэрэгжүүлэхгүй байгаа учир бид ирэх 2016 оны сонгуулиар чадамжтай хүн сонгохыг хүлээхээс өөр гарцгүй гэж ойлгож болох уу. Сонгуулийн дараа байдал өөрөөр эргэхгүй бол яах вэ?
-МАН, АН 2 дангаараа болон хамтарч засаг барьж үзсэн. Гэсэн ч тэд дорвитой зүйл хийгээгүй. Одоо ажиллаж буй улстөрчид ямар чадамжтай вэ гэдгээ ард түмэндээ таниулсан. Тиймээс Монголчууд нам гээч зүйл бидэнд хэрэггүй гэдгийг ойлгож авсан учир 2016, 2020 оны сонгуулиар арай өөр хүмүүс гарч ирэх байх. Нуулгүй хэлэхэд миний хувьд Орос талаа барьсан нь хамаагүй дээр гэж боддог.

-Хүн бүрийн амьсгалын тоо хэзээ нэг өдөр дуусна. Тэр үед та ямар бүтээн байгуулалтыг үлдээж, хойч үедээ дурсагдахыг мөрөөддөг вэ?
-Бид хэдийгээр Чингис хааны дайнд очиж чадахгүй ч гэсэн Чингис хааны 9 өргөлийн 1 шиг байж чадна. Чингис хаан Монгол Улсыг ямар агуу хүчирхэг болгосон билээ. Түүн шиг Монгол орноо хөгжүүлэх юмсан гэж бид хүсч байна. Түүнээс нэг хөшөө дурсгал, өндөр барилга барилаа гээд хэнд хэрэгтэй юм.

-Тэгвэл Чингис хааны есөн өрлөгийн 1 шиг ажиллах боломж танд байна уу?
-Одоогоор тийм боломж алга. Гэхдээ арай ухаантай, эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүс төрд гарах байлгүй дээ. Уг нь Монголчууд бид ген сайтай хүмүүс шүү дээ. Би дээд зэргийн “Тэнэг” хүн. Гэтэл надаас долоон дор хүмүүс Монгол Улсыг удирдаж байгаад үнэхээр их харамсдаг. Америкчууд анхнаасаа “Заваан” систем манайханд суулгаж өгсөн учраас “Эрүүл” ухаантай хүмүүс төрд орсон ч юу ч хийж чадахгүй шахагдаж байна. Өнөөдөр Ерөнхийлөгч эсвэл парламентын засаглалтай эсэх нь мэдэгдэхгүй болчихлоо. Бид “Үндсэн хууль”-иа өөрчилж Азийн уламжлалыг шингээж өгөх хэрэгтэй. Тэгээд намыг халж, үнэхээр шалгарсан нэгнээ сонгож, эргээд тэднийгээ хянадаг болох юм бол улс орон хөгжинө дөө.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.

Д.ОЮУНЖАРГАЛ

http://toimsetguul.mn/