Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн УИХ-аар батлагдаад сар хагасын хугацаа өнгөрлөө. Шийдлийн байхаа амласан Засгийн газар маань толгой нь данхайснаас өөр шийдсэн ажил бага, амласнаа ч амжуулж чадахгүй сатаарч эхлэв. Энэ хугацаанд эдийн засгийн толь нь болсон төгрөг ам.долларын харьцаа 1880 байснаа 1940-д хүрч цойллоо.

Ч.Сайханбилэг сайд эдийн засгийн байдалд ерөнхий ч гэсэн бодитой, зоримог онош тавьж, үүсээд буй нөхцөлд тохируулан төсвийн зардлыг танах, хувийн хэвшлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өрийг зохистой удирдах талаар тодорхой санал дэвшүүлсэн ч төр засгийн шийдвэр болгон хэрэгжүүлж чадахг үй гацаад байна.

Энэ Засгийн газрыг сатааруулж байгаа хамгийн гол хүчин зүйл бол УИХ юм. Учир нь гишүүд зөвхөн дараачийн сонгуульд ялахын төлөө асуудалд хандаж, бүгдээрээ популизмын “халдвар” авсан учир хямралын үед шаардлагатай, зоригтой шийдвэр гаргахыг зогсоож буй нь урт хугацаандаа Монголын эдийн засгийн хөгжлийг саатуулж байгаа юм.

ТӨСВИЙН АМИН ЧУХАЛ ҮЗҮҮЛЭЛТ БОЛ АЛДАГДЛЫН ХЭМЖЭЭ

Засгийн газар солигдох үед 2015 оны төсвийг хариуцах эзэнгүй баталсан учир хоёр сар болоод дахин тодотгож байна. Шинэ сайд нар эдийн засгийн байдлыг төсөөлснөөс доор буй гэж тэмдэглэж байгаа.

Улсын төсвийн чанарын, мөн УИХ-ын чадварын хамгийн гол үзүүлэлт нь төсвийн орлого, зарлагын нийт хэмжээ нь биш, харин алдагдлын цар нь болохыг Монголын төр 2008 оны хямралаар ойлгосон юм. Тийм ч учраас Төсвийн тогтвортой байдлын хууль буюу төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргаж 2013 оноос нь мөрд өж эхэлсэн. Мөн Монгол Улсын гадаад өр ДНБ-ий 40 хувиас хэтрэхг үй байх таазыг хуулиар тогтоосон юм.

Гэтэл улсын төсвийн алдагдал нь эдүгээ хоёр биш тав, гадаад өрийн тааз 40 биш 60 хувь болчихсон аж. Өмнөх засаг нь гадаад өрийн тухай худлаа мэдээлэл өгч байсныг шинэ Сангийн сайд илрүүлэв. Үүнээс гадна ханшийн огцом өсөлт нь долларын өрийн “сум” тааз нэвт сүлбэхэд нөлөөлжээ. Угаасаа юунд ашиглах нь тодорхой биш байж Засгийн газар том том бонд гаргаж, гадаадын хөрөнгийн зах зээлээс 2.3 тэрбум доллар зээлж, хүүд нь сард зургаан сая доллар, жилд 70 гаруй сая ам.доллар төлж байхад тэр “сум” дээшээ явна л даа.

Туньж туньж, саяхнаас төр хамтран барилцах болсон MАН өрийн таазыг байгаа түвшинд буюу 60 хувьд хүргэсэн хууль гаргаж “зайсандахыг” (хуулиа өөрсдөө зөрчиж, дараа нь хуулийг нь өөрчилдөг Монголын төрийн гажиг) дэмжив. Ер нь энэ талаар тус нам анхнаасаа л мэргэшсэн гэдэг нь шууд харагдаж байна.

Улс орон ч, айл өрхийн адил өөрийн хийж бүтээж, олж буй мөнгө хөрөнгөндөө тохируулан амьдрах ёстой атал УИХ-ын “жүжигчид” төсвийн алдагдлыг бүр 10 хувь (гол дүрд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт), гадаад өрийн таазыг 70 хувьд (МАН-ын “жүжигчид”) хүртэл өсгөх тухай ярьж байгааг гайхах ч юу байхав. Зээлийг зээлээр хаах арга ядсан цуврал эхлэх бололтой. Энэ хоёр улс төрийн намд өөр ч чадамж байхгүй шүү дээ.

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болмогцоо бодит байдлыг зөв дүгнэж, олон жилээр бугшсан асуудлуудыг шуурхай шийдэх итгэл зориг дүүрэн байсан. Тэрээр анх УИХ дээр үг хэлэхдээ Английн Ерөнхий сайд У.Черчиллийн ард түмэндээ хандан хөлс, цус, нулимс гурвыг л амласныг эш татаж байсан. Гэтэл тэр сар хагасын дараа гадаадаас мөнгө зээл, ядаж төслийн мөнгө авахын тулд өрийн таазыг эхлээд нэмнэ, яваандаа хасна гэх боллоо. Төсвийн зардлыг хасах, халамжийг танах бодлогыг нь УИХ дэмжсэнгүй.

Зоримог эхлүүлсэн чухал шийдвэрүүдийг нь УИХ-ын “жүжигчид” зогсоогоод байна. Сарын орлого нь сая хэдэн зуун мянгаас давсан өрхийн хүүхэд бүрт 20.000 төгрөг олгохоо зогсоох, бүх оюутанд биш, зөвхөн онц сурсанд нь сард 70.000 төгрөгийн урамшуулал олгох, төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гаргахад нь адилхан хугацааны цалинтай тэнцэх тусламж олгох, “Эхийн алдар” одонтой эхчүүдэд хүүхэд нь том болчихоор тэтгэмж олгохоо болих, төр бизнест оролцохоо хязгаарлах зэрэг шийдвэр уг нь цаг үеэ мэдэрсэн, өөр сонголтгүй алхмууд байсан.

ГАШУУН Ч ГЭСЭН ЭМ

Яг одоо Ч.Сайханбилэг сайдад Английн өөр нэг алдартай Ерөнхий сайд М.Тэтчерийн зан чанар илт дутагдаж байна гэлтэй. Төрийн өмчит компаниудыг хувьчилж, татварыг бууруулж, хүүхдийн сүү олгохыг зогсоох зэргээр төсвийн зардал хэмнэсэн шийдвэр үүд нь ард иргэдийн зүгээс хэчнээн их эсэргүүцэл, дург үйцэлтэй тулгарч, түүнийг элдвээр харааж зүхэж байсан ч энэ шийдвэр хэрэгжсэнээр хувийн хэвшил түргэн идэвхжиж, улсын эдийн засаг нь ямар түргэн сэргэснийг санах хэрэгтэй. (Дэлгэрэнгүйг: http://jargaldefacto.com/ тэтчеризмийн-таван-сургамж)

Эцсийн эцэст Засгийн газрын хариуцлагыг Ерөнхий сайд нь үүрдэг болохоос УИХ-ын “жүжигчид” үүрэхгүй гэдгийг Ч.Сайханбилэг сайд ухаарч чадвал Засгийн газар нь шийдлийнх байх юм. Харин УИХ-аас хамаарч, сатаарч ажиллах юм бол улс орон ч эдийн засгийн хямралаас гарч чадахгүй, Засгийн газар нь ээлжит хошин “жүжиг” болоод дуусна шүү дээ.

Төсвийн зардлыг хасах, татварыг нэмэхгүйгээр хувийн хэвшлийн бизнесийн орчныг эрс сайжруулах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, төрийн өмчит компаниудыг нийтийн өмчит болгох, янз бүрийн үнийн татаасыг зогсоох замаар эдийн засгийг сэргээж, улмаар хөрөнгө оруулагчдын итгэлийг татах юм. Одоогийн төгрөгийн ханшийн уналт нь хөрөнгийн хомсдолоос, хөрөнгийн хомсдол нь итгэлийн хомсдолоос үүдэлтэй. Энэ хомсдолыг Засгийн газрын итгэл төгс хараа, хувийн хэвшлийг дэмжсэн алхмууд л хумьж чадна.

Үгүй бол Монгол Улс өрөнд баригдсан, хэдэн популист ээлжлэн сонгогдож, төр засаг нь баяжиж ард иргэд нь ядуурсан, арчаатай нэг нь гадагшаа дүрвэсэн, найдварг үй орон (lost country) болно шүү дээ.

Эмч хорт хавдартай өвчтөний амь насыг аврахын тулд яаж өвддөг ч байсан хагалгаа хийх шаардлагатай тулгардаг. Хямралын Ерөнхий сайд ухаалаг, мэдлэгтэй, бас шийдэмгий байх ёстой юм.