Худалдаа аж үйлдвэрийн тан­хим 21 аймгаасаа гайхамшиг нэх­сэн байна. Нөгөөдүүл нь гаргаж өгч. Аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн санаачилга нь зөв л дөө. Дотоод, гадаадын жуулчдын нүд хужирлах сонин содон газар орон, үүх түү­хийн талаар цэгцтэй ойлголттой болоод авчихвал аштай юу?

Аймгууд ба МҮХАҮТ хоёр юуг гайхамшиг гээ бол гэж ихэд сонирх­сон юм. Гайхамшгууд орох нь ор­жээ. Гэхдээ ихэнх нь оновчгүй гайхамшиг.

Нэг япон жуулчны гомдлыг аял­лынхан бүгд ярьцгаадаг. Ма­найхан орос 69-өөр сэгсчүүлэн 400 гаран километр давхиж Эрдэнэ зууг үзүүлээдэхсэн чинь "Ердөө энийг үзүүлэх гэж юунд намайг ийм хол явуулж тамлана вэ" гээд уйлсан гэдэг. Аймгууд нэгнийгээ дуурай­гаад баахан хүн чулуу, тууриудыг голлон нэрлэсэн байна. Албан ёсоор зарлаж байгаа газруудад сонин хачин юу байгаа юм.

Олон хүн очсон байж магадгүй ойроор нь Булган аймгаас жишээ авъя. "Хар бухын балгас"-ыг до­лоон гайхамшигтаа оруулжээ. Бусад аймгуудын нэр дэвшүүлсэн элдэв сүг зураг бүхий хаднуудыг бодвол овоо том овор хэмжээтэй туурь л даа. Гэхдээ л хэн нэгэн жуулчин энд очлоо, харлаа. Тэгээд яах юм. Сэлэнгийн Амарбаясгалан хийд шиг сэргээгээд, ажиллуулаад, сувенир энэ тэр зараад, бас да­лимд нь эргэл мөргөл хийчихэж байгаа бол яая гэхэв. Цогт хун тайжийн орд өргөө энд байсан гэхээс өөр хэлэх үггүй хэсэг овоол­сон чулуу л байгаа. Зөвхөн энийг үзэхийн тулд олон зуун км давхих хэрэг үү? Археологичид, түүхийн хязгаарлагдмал мэргэжлийнхэнд бол үзээд судлаад баршгүй дурс­гал байх л даа. Нийт ард түмний хувьд янз янзын л мэргэжил, сонир­холтой. Харах эзэнгүй, тайлбарлах хүнгүй, эзгүй хээр хэвтэж байгаа чулуунуудаар хэсч "кайф" авдаг жуулчин тийм олон биш. Цаад утга учир, түүхэн ач холбогдол гээд яриад байвал тусдаа өөр сэдэв.

Монгол нь дэлхийн 200 гаран улсаас эхний 17-д ордог маш том нутагтай орон. Тэр хэрээрээ агуу том музей. Дотор нь байгаа бид өөрсдөө л мэддэггүй анзаардаггүй болохоос их сонин юм зөндөө байдаг ш дээ. Би эх орныхоо нийт нутаг дэвсгэрээр тийм ч их аялж үзээгүй л дээ. Надад очоогүй зөн­дөө газар нутаг байдаг. Тэр газ­рууд­даа очиж үзмээр л санагдах юм.

Аймгуудын "долоон гайхам­шиг"-т нэр нь багтаагүй зарим нэгийг дурдмаар байна. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган гол. Байдаг л нутаг. Харин яагаад зөвхөн энэ голоос тийм олон аварга бөх төрөөд байсан юм бол? Нууц нь юундаа байна вэ? Тэнд бөхийн мундаг багш байгаагүй. Тохиолдол биш. Очоод хэд хонож үзэцгээе л дээ.

Увс аймгийн Тэс сум. Яг хажууд нь Завханы Тэс, Баянтэс, Хөвс­гөлийн Тэс, Тувагийн Тэс ч гэж бий. Гэтэл зөвхөн эндээс улсын цолтой арван хэдэн бөх төрсөн. Ер нь энэ сумынхан бараг цөмөөрөө өсгө­лүүн биетэй, хүдэр чийрэг хүмүүс байдаг. Сонин биш гэж үү.

Архангайн Тариат. "Тэрхийн голын хүүхэн" гэж бүр цуутай. Нээрэн ч тийм байх шүү. Улаан­баатарын будмал хүүхэн ичмээр нүд, шүд, хөмсөг болсон охид гадаа огт гандсан шинжгүй явцгааж байдаг. Уул усандаа байдаг юм болов уу? Тэнд хэд хоновол хөх царай минь цайрах ч юм билүү?

За тэгээд морь сонирхдог бол­сон өнөө цагт Хэнтийн Галшар нутгаар дайрч зэлэн дээгүүр нь эргэлдэж, өвс усыг нь шиншилбэл ямар байдаг юм бол?

Галшар гэснээс энэ хавьцаах "Хэрлэн баян Улаан"-ы отрын нутаг гайхамшигтай. Намар оройн ца­гаар энд пүн хийсэн дулаан, өвс ногоо халиурсан, оторчид дөнгөж нүүж ирээд адууны тарган мах чанаад сууцгааж байгаа нь малчин удмын хэн ч үлдчихмээр санагддаг. Үгүй ээ, бас ийм их мал байдаг аа гэж гайхана даа.

Бүр нэг эсэргүүн аялал хиймээр санагддаг юм. Дорноговийн Хатан­булагаас гараад, Төвийн Заамар, Өвөрхангайн Уянга, Баянхонгорын Бөмбөгөр, Говь-Алтайн Бигэр гэсэн маршрут гаргаад авчихна. Тэгээд цагдаа, байгаль хамгаалагч юу ч байдаг юм албан ёсны хамгаа­лалттай. Аяллын нэр нь "Ёндой­гоо үзэх". Одоо ойлгож байна уу? "Нинжа"-гийн нутгаар явж очсон газар бүртээ ногоон түмпэнгээр алт угааж үзэцгээе. Аяллаас буухад хүн бүр дор хаяж сая төгрөгтэй ирнэ гэхэд мөрийцөхөд ч бэлэн байна. Зөв хийх юм бол олон талын ач холбогдолтой, үнэн гайхамшигт аялал бол тэр л юм.

Аягүй сонин сумд байдаг ш дээ. Хөвсгөлийн Ханх, Булганы Сэлэнгэ гээд. Талын Монголд ийм их ус далай, завь хөлөг онгоц болсон, загас жараахай идсэн эдгээр суу­рин нэг л нүдэнд дасч өгдөггүй юм. Үүнд бас Дорнодын Эрээн сум хамаарна. Төмөр зам, Орос, Мон­гол хоёр зэргэлдээ суу­рин, Тарь гээд мангар том нуур энэ тэрийг хүмүүс тэр болгон очиж үзээгүй байх. Аймгийн төвөөс галт тэрэг ирж байгаа нь дотроо хэдхэн хүн­тэй автобус шиг сонин санаг­даад байдаг юм. Ховдын Мөнх­хайр­хан, Говь-Алтайн Эрдэнэ, Баянхонго­рын Баянлиг гэх мэтийн аймгуудын алслагдмал сумдад хүмүүс зөвхөн зорьж л очдог. Тэнд уул уурхай ба дараагийн сум орох төв зам үгүй. Тийм болохоор гадны хүн очихоор гайхаад байдаг юм. Манайхан хамгийн зүүн Халхгол, баруун Баян-Өлгийн Алтай зэрэг сумдыг ёстой эл хуль гэж санах байх. Иймэрхүү хилд ойр сумд хилийн цэрэг, цагдаа, тагнуул, хилийн боомт, гааль гээд есөн шидийн амьтан хөлхсөн, хүмүүс нь ч эв­дэрсэн онцгүй. Тэрэнд орохноо Өвөрхангайн Баруунбаян-Улаанд очоод Бага Богд уулын намар цаг бол өдийд гайхалтай даа. Сайхан айраг, цэвэр хөдөөгөөрөө малчин ардууд, говь хангай, хээр хосолсон улаан, шар, ногоон ертөнцийн бүх өнгө гараад ирчихсэн Хавайд очсо­ноос илүү сэтгэлийн таашаал эдэлнэ.

Анхаарал татмаар олон өндөр настангуудтай тийм сум биш суу­рин газрууд Хангай, Хэнтийн сал­бар нуруудын ар тийшээ харсан амуудад хэд хэд бий. Яг Кавка­зынхан шиг. Тэрнийгээ өөрсдөө ч анзаардаггүй юм. Зайлуул тэр олигтой насалсангүй. Дөнгөж ная хүрээд явчих юм гэж ярьдаг нутгийг та мэдэх үү? Энэ нь надад сүг зураг үзсэнээс сонин санагдаад байдаг юм.

Миний төрсөн нутаг Угтаал­цайдам Хар чулуутын хөндий гээд бараг 70 км үргэлжлэх талтай. Бидэнд нэг их сонин газар биш. Харин нэг гадаадын хүн маш их гайхаж байсан. Ийм урт талд гуу жалга, гол, мод байхгүй мөртлөө ямар сайхан хөрстэй юм. Тийм болохоор намар битүү тариа урга­чи­хаар  захыг нь нүд байтугай дуран харж гүйцэхгүй байна. Дэл­хийд ийм том үргэлжилсэн тариан талбай байдгийг анх удаа үзлээ гэж байсан шүү. Одоо хэдийгээр олон аж ахуйн нэгжид хуваагдсан ч мөн л тиймэрхүү харагддаг. Газар нутгийн зохилдлого дээр хүний хөдөлмөр хоршиход хүртэл сонин хачин болдгийн нэг жишээ юм даа.

Олон хүн ан хийх  биш амьтанг харах гээд байдаг. Говь-Алтайн Баян тоорой бас дажгүй. Тэнд хулан тахь, хашаатай хавтгай, эв нь таарвал мазаалай ч бий. Ердөө алд хэрийн газар урсаад ширгэдэг Чих булагаас өгсүүлээд гайхам­шиг­тай баян бүрд гээч орчин оргиороо доо.

Сүхбаатарыхан Ганга нуурын хунгийн цугларалтыг багтаасан байна билээ. Тэнд үнэхээр олон усны шувуу түр үдэлдэг. Тэгэхдээ энэ нь баяр баясгалан биш элэг эмтрэм эмгэнэлийн туйл болохоор хүмүүс очих дургүй байдаг юм.

Зуны зургаан сарын дундуур Дорнодын Тосон Хулстайд цагаан зээр цуглахыг харвал баргийн хүн ангайдаг юм. Янзагалж байгаа шаргачингаа хүлээгээд зогсчихсон зээрийн сүрэг зарим тохиолдолд хорь гучин мянгуулаа гээд бодчих.

Тэндээс жаахан хойшоогоо Онон мөрөн ба түүний адаг гээд хэдэн буриадуудаас өөр хэн ч мэддэггүй Монголын хамгийн гоё газар байдаг ш дээ. Болдогсон бол Улаанбаатарыг л тэнд аваачаад барьчихмаар. Ононтой дөхөж очих газар гэвэл баруун Сибирь, Украин, Польшид бий.

Газрын зураг дээр огт байдаггүй хэн ч мэддэггүй том хот суурин байгаа болон байсныг очиж үзье гэвэл Дорнодын Мардай, Төвийн Долоон, Говьсүмбэрийн Чойр бай­на. Чойр цагтаа Улаанбаатар­тай өрсөлдөж байсан үе бий. Ура­ны нууц хот Мардай багаахан аймгийн төв шиг газар байлаа. Балгас сонирхох гээд байгаа юм бол тий­шээ очооч. Саяхан болтол төмөр, хар зам нь ч хэвээрээ байсан даг. Хамаагүй бичиж болохгүй байх л даа. Тэрнээс сумын төвөөс том суурин болчихсон хилийн цэргийн отрядууд дээр амьдрал хэрхэн буцалдгийг зөвхөн цэргийнхэн л мэддэг юм.

Хөвсгөл Хэнтийн тайгад учир битүүлэг отог омог одоо хэр нь амьдарсаар байна гэсэн мэдээг их нууцалдаг. Үнэндээ очиж үзээгүй. Харин Монголын бараг бүх их гарын луйварчингууд төрсөн сум, сумаараа хулгайч нутаг энэ тэрийг бол мэдэх нэг нь маниас илүү санаж байгаа байх. Ийм газрыг ямар манай гайхамшиг гэж зар­лалтай биш. Гэхдээ очоод хоног төөрүүлбэл ярих сонинтой  буцна шүү.

Бидний туулж өнгөрүүлсэн коммунист нийгэм маань гадаа­дынхан ба манай хойч үеийнхэнд  жил алсрах тусам сонирхлыг тат­даг юм билээ. Улс төрийн хувьд одоо хүртэл "час улаанаараа" явдаг  Увс, Говь-Алтай, Төв аймгийн зарим сумдын хүн ардын шинэ нийгэмд хандаж буй хандлага, үзэл бодол, социализмын үеийн эд өлгийн зүйл, явагдаж буй арга хэмжээ энэ тэр нь одоо зөв буруу гэхээсээ илүү амьд үзмэр болчих­лоо. Үүнд ичээд байх юмгүй, харин ч төгс төгөлдөр болгоод цаг хуга­цааны машинаар өнгөрсөн үедээ орчихсон мэт сэтгэгдлийг төрүүл­хүйц  жаахан додомдчихвол "чулуу" шүү. Түрүү үеийнхний сүм дуган устгасныг одоо харамсах явцдаа социализмын үлдэгдлийг нурааж буй нь буруу. Байж байг. Наадах чинь одоохон аймгийн байтугай Ази тивийн гайхамшгаар тодор­но.

Хэтэрхий улс төр, түүх, албан ёсжсон газар нутаг бол гайхамшиг гэхээсээ эл дол болчихсон, зураг­таар үзчихсэн нь бараг дээр. Мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг болсон гайхамшгуудыг нэрлээд яах юм. Тэнд очих нь жирийн иргэдэд дэн­дүү эрсдэлтэй, бүтэшгүй, бөөн цаг хугацаа, зардал, очоод ч гэрэл зураг авах төдий тэгс гээд л буцах болно. Анчин, судлаач, сэтгүүлч биш л юм бол тийшээ явах хэн байдаг юм. Говь тал хоёрыг эс тооцвол тэр нэрлээд байгаа уул нуруудын хувьд энэнээс агуу гай­хам­шгууд дэлхийд дэндүү олон тул лав гадаадынхан сатаарахгүй. Ёстой гайхуулах юмаа олж яджээ.    

Социализмын үеийн оо, саван­гийн судалгаа гаргаж байгаа юм шиг долоон гайхамшгийг ингэж яаран сандран гаргаад тэгээд албан ёсоор зарлахаасаа өмнө Г.Бадамсамбуу бид хоёроос асуу­чихгүй дээ.