Нийгэмд хэлмэгдүүлэлт,  хүчирхийлэл, айдас хүйдэс газар авч, хүний үндсэн эрх, эрх чөлөө ямар ч баталгаа, хамгаалалтгүй болж, Үндсэн хууль хоосон цаас болж хувирах нь  дүр үзүүлсэн, сул ардчилалтай улс оронд амархан байдаг.

Эрх мэдлээр далайлган хүчирхийлж, залхаан цээрлүүлэх, хэлмэгдүүлэх эзэрхэг түрэмгий гаж үйлдэл нь эрх мэдлийн гажуудал мөн бөгөөд орчин үеийн ойлголтоор бол нийгмийн “сэтгэцийн өвчин” юм, энэ өвчнөөр ард түмэн бус, эрх мэдэлтэн өвчилдөг. Манай нийгэмд энэ өвчин газар авч буй, уг өвчин нь түүхэн удамшлын шинж чанартай, үе үе  илрэх гэмтэй.

Хаант Оросын суурин дээр 1917 оны хувьсгалаар бий болсон Коммунист засаг энэхүү коммунизмын “эрх мэдлийн өвчин”-г өлгийдөн авч, системийн хэмжээнд тараасан юм. Тэд зөвхөн коммунист ёс суртахуун, үзэл бодолтой, шуналгүй, хувийн өмчгүй, өв тэгш, нийгэмч шинж чанартай бие хүн л амьдрах ёстой коммунист нийгмийг байгуулах зорилго тавьж, түүндээ шилжин орохын тулд  хэсэг хугацаанд “пролетарийн диктатур” тогтоохоор шийджээ. Тэд социалист онол, үзэл суртлыг хүлээн зөвшөөрөөгүй, өчүүхэн төдий эргэлзсэн, ирээдүйд байгуулах коммунист нийгэмд тэнцэхгүй, тэрс үзэл бодолтой, ангийн дайсан болсон хүмүүсийг юу ч үлдээхгүй устган цэвэрлэж, нийгмийг коммунист ёсоор өөрчлөн байгуулах зорилтыг шийдвэрлэхийн тулд эсэргүүцсэн бүхнийг нухчин дарж, хуучин нийгмийн бүх бузар булхайг хуу татан хаяж, дахин хуваарилалт хийхээр шийдэв.

Зөвлөлт засаг эсэргүүцсэн хүн бүрийг буудан устгаж, цөлөх, хорих зэргээр ямар ч өршөөлгүйгээр эрх мэдлийн хүчирхийлэл үйлдэж, коммунист цэвэрлэгээг хэдхэн жилийн дотор гүйцэтгэв. Энэ коммунист харгислалд Оросын төр, нийгмийн шударга зүтгэлтэн, сэхээтэн, жирийн иргэдээс эхлээд Монголчууд бид ч нэрвэгдсэн түүхтэй. Бидний зүрх сэтгэлд тэр үеийн гашуун зовлон, айдас гүн шингээстэй. Түүхийн явцад, улс төрийн тэмцэлд ялсан бүлэглэл нь ялагдсан хэсгээ залхаан цээрлүүлэх явдал гардаг байсан ч коммунизм шиг үй олноор нь хомроголон баривчилж, харгислан устгасан хэлмэгдүүлэлт гараагүй юм.

Монголын Ерөнхий сайд А.Амар нэгэнтээ "Би Оросын ард түмэнд хайртай, харин Орос улсын эзэрхэг түрэмгий бодлогод дургүй." гэж Зөвлөлт засагт хандаж үгээ зоригтой хэлж байсан түүхтэй юм.

Түүх сөхвөл, пролетарийн диктатурын дор, Зөвлөлтийн нутаг дэвсгэрт болон хөрш зэргэлдээ сууршин амьдарч байсан солонгос, герман, польш, латив, чечень, ингуш, балкан, халимаг, украин, белорусь, молдав, гүрж, монгол зэрэг үндэстэн, ястан, угсаатны эсрэг олон удаагийн томоохон хэлмэгдүүлэлт, ялгаварлан гадуурхах, залхаан цээрлүүлэх улс төрийн операцийг Зөвлөлт засаг 1930-аад оноос эхлэн өрнүүлсэн байдаг. Тэднийг ирээдүйд байгуулах коммунист нийгмийн шаардлагад тэнцэхгүй гэж үзсэн юм.

ЗХУ-ын ДЯЯ-ны Ардын комиссарын 1937 оны долоон сарын 25-ны өдрийн 00439 тоот тушаалаар батлан хамгаалах салбарт ажиллаж байсан  65-68.000 герман хүнийг баривчилж, 55 005 хүнд шүүхээр ял оноож, 41 898 хүнийг буудан хороож, 13 107 хүнийг цөлсөн байдаг, мөн Алс Дорнод суурьшсан солонгосчуудыг Дундад Ази руу албадан шилжүүлж, 143 000 польш хүнийг баривчилсны 111 000-ыг буудан хороосон, 4000 гаруй чех, словак иргэнийг хороож, герман, халимаг, польш, украин, литва, чечень, ингуш, карачаев, балкан зэрэг олон үндэстэн, ястанг интернационалч үзэлтэй болж жүжиглэсэн, урвасан гэх шалтгаанаар алс хязгаарт цөлсөн байдаг. 

Сууршин амьдарч байсан иргэдээс гадна ЗХУ-д цагаачилсан, дүрвэж очсон хүмүүсийн хувь заяа ч хүнд байжээ. Сталины үед Германаас улс төрийн орогнол эрж ирсэн герман, австричуудыг Германы талд хүлээлгэн өгчээ. Австрийн иргэн, 1931 оноос хойш Москвад амьдарч байсан хөгжимчин Г.Гаускаг 1937 онд баривчилж, Таганы шоронд хориод шүүх үндэслэл байхгүйн учир Гестапогийнханд шилжүүлэв. Тэнд түүнийг фашизмын эсрэг суртал ухуулга явуулсан хэргээр яллажээ. Зөвлөлтөд суурьшуулсан испани хүмүүсийн ахуй байдал туйлын өрөвдөлтэй нь Ардын комиссар Меркуловын бичсэн захианаас тодорхой харагдана. Тэрээр “Байр байхгүй учраас испаничуудыг хүйтэн чийгтэй нийтийн байранд олноор байрлуулж, Кокардад гэхэд 2 ам.метр талбайтай өрөөнд 2 хүн, 12 ам.метр талбайтай өрөөнд 6 хүн оруулжээ. Халдварт өвчин дэгдсэний улмаас өнгөрсөн өвөл 26 хүн нас барж, шар өвчин газар авав гэжээ, уг Меркуловын тайланд: Зөвлөлтөд ирээд бид өлсөж байна. Өөр оронд очсон бол өлсөхгүй, зүдрэхгүй нь лав. Эндхийн ажилчид хөрөнгөтөн, орны ажилчдаас дор нөхцөлд амьдарч байна гэх Гарсия Сан-Ганселогийн захиа тэргүүтэй хувь хүмүүсийн захиа, тэмдэглэлийг эшилсэн байна.

Испани улсын гарамгай жанжин В.Гонсалее дайны үед Кокандад байхдаа маш их өлсөж байснаа дурссан нь бий. Москвагийн испаничуудын хувьд Коканд гэх үг айдас, аймшигтай адилхан утгатай. Нутгийн узбекүүдийн харцан дор сөхөрч явснаа испаничууд үеийн үед мартахгүй. Кампесино сөхрөхийг хүссэнгүй. Түүний охин Виктория Кравченко “Дүрвэгсэд өлссөндөө золбин нохдыг барьж иддэг байлаа. Өлсөж туйлдсан хүмүүс хэд хэдээрээ нийлэн байж Дундад Азийн том хоньч нохойг арай гэж барина. Аав тэгэхэд ээжийг өл залгуулан аварч билээ. Ээж өлбөрч үхэхийн даваан дээр байсан сан. Аав их том биетэй нохой барьсан” хэмээн дурссан байв.

Зөвлөлтийн хорих ангиас гадаад руу зугтсан Кампенсино энд байсан үеийнхээ тухай Би боолчлолыг сонгосон хэмээх дурдатгал бичсэн гээд энэ бүхний эцэст Зөвлөлтийн түүхэнд тус улсын нутаг дэвсгэрт оршин сууж асан орос, жүүд, герман, балт, хасаг, буриад, украин, белорусь, молдав, гүрж, халимаг гээд бүхий л үндэстэн ястнууд сая саяараа Америк, Афганистан руу хүртэл зугтаж, дүрвэж байсан талаар Оросын түүхч Евгений Трифонов “Зөвлөлт-Монгол: далд түүх” бүтээлдээ баримт нотолгоотой өгүүлдэг. 

Дэлхийд анх социалист хувьсгал хийсэн Зөвлөлтийн коммунист намыг ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин 1991 онд зарлиг гаргаж, уг намын өмчийг төрийн мэдэлд шилжүүлж, коммунист намыг тарааж, Орос улсад коммунист намыг хориглосон байдаг. 

Зөвлөлт засаг оршин тогтнох хугацаандаа олон үндэстэн, ястанг хамруулсан интернационалч “хомо совэтикус” (homo sovieticus) хүнийг бүтээх коммунист туршилтыг эрх мэдлийн дарангуйлал, хүчирхийлэл дор олон сая хүний амь амьдралыг үрэгдүүлэн гүйцэтгэсэн. Монголд энэ туршилт, хэлмэгдүүлэлт үндсэндээ 70 жил үргэлжилсэн юм. Энэ цаг үед хүмүүст “ардын дайсан”, “хувьсгалын эсэргүү”, “цагаантны оргодол”, “хувьсгалын эсэргүү бүлэг”, “нударган”, “баруунтан”, “японы тагнуул”, “бузар урвагч” “хувьсгалын эсэргүүний үлдэгдэл”, “Тэрслэгч”, “сэхээтний төөрөгдөл”, “намын эсрэг бүлэг”, “үндэсний үзэлтэн” гэх зэргээр нэр хоч өгч, хувьсгалын эсэргүү, ардын дайсантай тэмцэх улс төрийн хийрхэл газар авч, иргэдийг хавчин гадуурхаж, мөрдөн мөшгиж, ажил албан тушаалаас нь огцруулах, егүүтгэх, нутаг заах, “онцгой бүрэн эрхт комисс”-ын үзэмжээр шүүж яллах зэргээр олон мянган хүнийг хилс хэрэгт холбогдуулан хөнөөж, хүнийг нэг насаар нь төдийгүй, гэр бүл, төрөл садангаар нь хэлмэгдүүлж байв. Уг систем нийгмийг бүхэлд нь цагдан хянах, тагнан мэдээлдэг ил, далд олон мeханизм дээр тулгуурладаг байсан юм.

Улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг бол улс төрийн тэмцлийн явцад ялж гарч ирсэн бүлэглэл ялагдсан нөгөө хэсэг болон өөрсдийн үзэл бодлыг аялдан дагалдаагүй нийгмийн хэсгийг залхаан цээрлүүлэх, егүүтгэх, баривчлах, цагдан хорих, тарчлаан зовоох, ялгаварлан гадуурхах, мөрдөн хавчих, хилс хэрэгт тулган шийтгэх, айлган сүрдүүлэх, мөн үй олноор нь хомроглон устгах, нийгмийг айдас хүйдэст автуулах, харгислах зэрэг арга хэлбэрээр төрөөс  (Төрийн эрх мэдэл авсан хэсэг хүмүүс) хууль бусаар явуулж буй хүчирхийллийн үйл ажиллагаа байдаг. Улс төрийн хэлмэгдүүлэлт бол дарангуйлал тогтоох арга хэрэгсэл, орчин цагийн "боолчлол" гэсэн үг. 

Харин 1990-ээд оны эхээр Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд л "ялагдашгүй" гэх коммунист дэглэм нуран унасан билээ. Дэлхийд анх социалист хувьсгал хийсэн Зөвлөлтийн коммунист намыг ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин 1991 онд зарлиг гаргаж, уг намын өмчийг төрийн мэдэлд шилжүүлж, коммунист намыг тарааж, Орос улсад коммунист намыг хориглосон байдаг. Харин Монгол улс коммунист намаа тараасангүй, хориглосонгүй.

Гэвч аливаа зүйл хоёрдогч үр дагавараа заавал үлдээдэг жамтай. Уг коммунист харгислал, хэлмэгдүүлэлтээс манайд хүчирхийлэгч СОВЭТ ВИРУС-ын халдварын зарим нэг шинж тэмдэг үлдэж хоцорчээ. Энэ нь хувь хүнийг эрх мэдлийн хүчээр нухчин дарж хэлмэгдүүлэх, эрх мэдлээ хортойгоор ашиглах, хүн зовоож эрх мэдлийн амт таашаал мэдрэх, өрсөлдөгч нараа болон үзэл санаа нийлээгүй хэсэгт улс төрийн дарамт шахалт үзүүлэх, өрсөлдөгч гэж үзсэн хүмүүсийн амьдралыг тэвчихийн аргагүй болгох, хилс хэрэг тулгаж шийтгэх, хүнийг “амьдын  там”-д унагах, бусдыг дарамтлах, хууль бусаар тагнах, эрүүдэн шүүх, элдэв янзын хонгил, схeм бодож зохиох, хоосон дүр, сүр хүчийг үзүүлэх, бусдыг тарчлаан зовоох, эрх мэдэл, нэр төр хөөцөлдөх, түүндээ донтох, шүүмжилсэн,  үг хэлсэн хүнийг гадуурхах, мөрдөн хавчих, зохион байгуулалттай гүтгэлэг, дайралт хийх, өөрсдийгөө хуулиас дээгүүр, гадуур гэж бодох, нийгмийн оюун санааг бүхэлд нь хүчирхийлэх, нийгмийг айдас хүйдэст автуулах, эрх чөлөө, ардчилсан соёл, үнэт зүйлд дайсагнадаг бусармаг арга, шинж тэмдгээр гоц илэрдэг эрх мэдлийн “сэтгэцийн өвчин” болой. Өнөөдөр зарим нэг хүмүүс машид хүндээр өвчилсөн, харин зарим хэсэг нь хөнгөн шатандаа буй. Заримдаа өвчтөнгүүд хоорондоо "зодолдох" нь бий. Яг л галзуугийн "тасгийнхан" мэт. Тэднийг бас харсан болгон руугаа гүйж очин хазаж байдаг "эрх мэдлийн зомби" гэж ойлгож болно.

Монголчууд бидэнд уг нь ийм гэм байхгүй, бид олон зуун жил буддист байсан, энэрэнгүй сэтгэлтэй ард түмэн. Магадгүй эзэнт гүрний үeд эзэрхэг түрэмгий байсан л байх, гэхдээ муу сэтгэлээ буддизмаар үгүй хийж чадсан. Эндээс харвал, өвөг дээдэс  маань буддизмыг зүгээр ч нэг хүлээж аваагүй бололтой юм.

Хүн гэдэг амьтан аль муу гэсэн юмыг даган дуурайх, далд ухамсар, айдастаа байгаа муу муухай зүйлийг сэргээн гаргаж ирэх, дагах сэдэл, хандлагатай байдаг нь хүний хурц, нэг сул тал юм. Аль ч нийгэмд дуурайхуйгаас буй болсон юмс үзэгдэл их байдаг. 1990 оны эхээр Монголд ирсэн гадны сэтгүүлчид биднийг "Царай төрх нь Ази, ухаан бодол нь Орос" гэж дүгнэж байсан юм. Харин өнөөдөр СОВЭТ ВИРУС дахин өндийж босох, үржин тархах орон зай хайсаар пост коммунист, сул ардчилалтай улс орнуудаар тэнүүчилж байна. 

Өнгөрсөн зуунд улс төр, үзэл суртлын шинжтэй эрх мэдлийн хүчирхийлэл гарч байсан бол шинэ зуунд байгалийн нөөц баялаг, эрх ашгийн төлөө эрх мэдлийн хүчирхийлэл үйлддэг болов.

Монголчууд бидэнд эд баялаг, хөрөнгө мөнгө, эрх ашгийн зөрчил, эрх мэдэл, албан тушаалын шунал хүсэл, гажуудлаас бий болдог эрх мэдлийн “сэтгэцийн өвчин”-өөс байнга урьдчилан сэргийлж, түүнтэй тэмцэж, ардчилcан соёл, мeханизмаа сайжруулж,  халдварын эсрэг дархлаагаа дэмжих асуудал нэн тулгамджээ. Эрх мэдлийн сэтгэцийнхээ эрүүл саруул байдалдаа анхаарахгүй бол цаашид асар их хор хөнөөлтэй. 

Монголын хэлмэгдэгсдийн хөшөөнд:

            Халуун итгэл цөхөрсөн

            Хатан зүрх шахирсан

            Хар дарсан жилүүдийг 

            Хамаг Монголчууд бүү мартагтун”  гэсэн үг сийлсэн байдаг.

Түүхээс сургамж авч, эрх мэдэл, улс төрийн хэлмэгдүүлэлт, хүчирхийллийг хугацаа алдахгүй, нэн даруй таслан зогсоож, дотроо эв эеийг хичээж чадахгүй бол түүх давтагдах нь маргаангүй. Түүхэн нөхцөл байдал хэвээр байгаа тохиолдолд түүх дахин давтагддаг, харин хоёр дахь удаагаа давтагдахдаа илүү хоржоонтой байдаг гэсэн үг бий. Болж өнгөрсөн үйл явдлын түүхээс үлдэх чухал зүйл нь сургамж байдаг. Түүхээс сургамж авч чадвал түүх давтагдахгүй.