Миний бие хуучны эрдэмтэн багш нарын зохиол бүтээлийг ухаж, сонин сайхан санаа оноо бүхий үг өгүүлбэрийг нь түүгээд, түүндээ асуулт зохиох маягаар “ярилцлага” хийдэг нэг санаа олсон билээ. Ийм аргаараа Өвгөөдэй хэмээх Цэндийн Дамдинсүрэн гуайтай “ярилцаж” байтал нэг чухал санааг хойч үеийнхэн бидэндээ захин хэлсэн юм. 

Өвгөөдэй: “Аливаа зохиол бүтээлийг улам чанар чансаатай, нягт хичээнгүй бичихийн хамт хэл найруулгыг тун ч сүрхий анхаармаар байна. Өөр өөрийн хэлний боловсролыг өөд татаж, түүнийг өгүүлэх арвин баян санг эзэмшиж, дэлгэр баян хэл найруулгатай болохыг хүн бүхэн хичээмээр байна... Тэгтэл манайхан наад зах нь адууных ч төл, үхрийнх ч төл, хонь ямааных ч төл, тэмээнийхийг ч төл гэж бичих болсон нь зонхилон үзэгдэнэ. Ишиг, хурга, унага, тугал, ботго гэж нэрлэхийг мартсан буюу санахгүй яваа байдал үзэгдэнэ. 

Тэр ч байтугай ишиг хурганд дахлай, нялх, хэнз гэж гурван янз буйг бодууштай. Тэгэхдээ дахлай гэж цаг алдаж, эрт хургалсан, малчны хэлээр бол хөг алдсанаас хавар эрт гарсан хурга ишгийг хэлнэ. Нялх гэж харин цаг алдалгүй гарсан хурга ишиг байна. Хэнз гэж нийлүүлэг оройтож, хожуу хээл авснаас намар орой гарсан хурга ишиг гэж юун эс андах...

Юмыг нэрлэж бичих тун ярвигтай байнав шүү. Ялимгүй нэг жишээ өгүүлэхүл: туулайн бөжинг хүртэл гурван анги нэрлэдэг юм байна. Үүнд туулай (зэрлэг нь) жилд гурав төрдөг амьтан. Ногооноор гарсан бөжинг “ногоолай”, навч нахиа цэцэглэсэн буюу зун оройхон гарсан бөжинг “давиалай”, намар орой, хяруу унах үед төрсөн бөжинг “хяруулай” гэж нэрлэдэг ялгаа байна...” хэмээжээ. Тэгээд энэ мэт мартагдсан монгол үгийг хадгалж үлдэх тухайд “Манай хүүхдийн зохиолч нар ногоолай, давиалай, хяруулай гэх үгсийг зохиол бүтээлдээ хэрэглэвэл хүүхдийн хөөрхөн ч уншлага болно, бас эдгээр үгсийг ч мэддэг болно” гэсэн санаа хэлсэн юм.

Үнэхээр хүүхдийн зохиол дахь үг маш чухал, учир нь хэл шинжээч Бичакжяны судалснаар хүүхдийн танин мэдэх явцдаа анх түрүүн сурсан үг хэллэг, дүрэм хэл зүй нь тухайн хэлэндээ бат нягт үлддэг ажээ. Алим – Яавлаг (Яблоко) гэж хоёр үгтэй, миний үеийнхэн бол яавлаг л гэдэг байв. Гэтэл цагаан толгой, хүүхдийн дуу зэрэгт А үсэг Алим хэмээн ахин дахин давтсаар байж шинэ үеийнхэн “Алим”-тайгаа үлдсэн билээ. 

Сартваахь, ялгуугсан гэх мэт үгийг феодалынх гээд халах гээд байхаар нь Ри багш арга хэрэглэж Сартваахь Ленин, Ялгуугсан улаан арми гэж холбоо үг болгоод аварсан түүх ч бий. Ямар ч хүнд сурталтан Ленинийг сартваахь биш, Улаан армийг ялгуугсан биш гэж хэлж зүрхлээгүй юм билээ. Жамцын Бадраа гуайн дууны шүлгэнд ч сонин содон үгсийг албаар хэрэглээнд нэвтрүүлэх гээ юү гэлтэй шигтгэж оруулсан нь байдаг.

Хөгжмийн зохиолч Халхын Эрхэмбаяртай энэ мэтийг хуучилж суугаад хоёулаа ерөөсөө Өвгөөдэйн захиасыг биелүүлэх гээд оролдоод үзье л дээ хэмээн тохиров. Хавар төрсөн ногоолай, зун төрсөн давиалай (дав-яа-лай гэж дуудна), намар төрсөн хяруулай... ийм хөөрхөн үгсээ монгол хэлнээс мартахгүйн тулд, хэрэглээнд оруулахын тулд яах билээ? Яах юу байх вэ, хүүхдийн дуу болгож заах л хэрэгтэй.

Ингээд миний бие амьдралдаа анх удаа дууны шүлэг гээч юм бичих ажилд орж, ийм нэгэн зүйл бичсэнд Х. Эрхэмбаяр ая хийж, хүүхдийн нэгэн шинэ дуу төрлөө. Ингэж ажиллав хэмээсэн нооргоо хавсаргав. Цаанаа үг авч үлдэх зорилготой дуу учраас цэцэрлэг, бага ангийн багш нар дэмжээд, хүүхдүүддээ заавал их л сайн сан. 

Бөжинхөн

Үгийг М. Саруул-Эрдэнэ

Аяыг Х. Эрхэмбаяр

Өвлийн хүйтэн өнгөрөөд

Өнтэй хавар болоход

Ээж аавдаа ирсэн

Эрх хөөрхөн ногоолай


Бөн бөн бөн бөн бөжинхөн

Бөндгөр хөөрхөн ногоолай


Цэцэг ногоо ургаад

Цэнгэлтэй зун болоход

Аав ээждээ ирсэн

Ангир жаахан давиалай


Бөн бөн бөн бөн бөжинхөн

Бөндгөр жаахан давиалай


Навч ногоо шарлаад

Найртай намар болоход

Энэ л дэлхийд ирсэн

Энхрий бяцхан хяруулай


Бөн бөн бөн бөн бөжинхөн

Бөндгөр бяцхан хяруулай