Монгол хүн хонины, хятад хүн загасны, орос хүн гахайн, харин франц хүн мэлхийн толгой мөлжих дуртай гэдэг. Харин австрали, англичууд матрын толгой хувааж мөлждөг гэсэн хошин яриа бий.

    Орчин цагийн Монголд төр засаг нь ч, ард олон нь ч алт, нүүрсээр хөлжиж эхэлснээс хойш хонины толгойгоо эс тоох болов. Уг нь монголчууд “Эргэж уулзахад ээж сайхан, эргүүлж мөлжихөд хүзүү сайхан” хэмээгээд хүзүү, толгойг учир жанцантай, тохь тух, хүндэтгэл гарган байж мөлжиж ирсэн үндэстэн сэн. Өмнөговийн Ханбогдод мөлжүүр сайтай “Оюу Толгой” нээгдээд бас чиг удлаа. Эдүгээ түүнийг монгол ба англи эрх мэдэлтнүүд, бас улстөрчид, популистууд янз янзаар л мөлжиж байна. Ард түмэнд зүсэм хуйх ч хүртэх боломж олгохгүй улай үзсэн хэрээ мэт тэд аашилсаар. Энэхүү буянт толгой ингэж мөлжүүлэх үйлийн үртэй юм гэж үү.


ХЭРҮҮЛИЙН БУЗАР

    2008 оноос хойших бүх сонгууль “Оюу толгой”-гоор эхэлж “Оюу толгой”-гоор дууссан түүхтэй. Эдүгээ УИХ-ын чуулган, түүний хуралдаан бүр мөн л энэ толгойгоор эхэлж түүгээр өндөрлөдөг дэгтэй болсон гэхэд хилсдэхгүй. Зарим гишүүд эл толгойг өглөө, оройгүй мэрж таашаал хүртдэг зуршилтай болсныг бид өдөр бүр харсаар.

    Алдарт геологич Д.Гарам­жав гуай нээж, эрсдэлд дуртай Роберт Фридланд багагүй хэмжээний ам.доллар гаргаж өрөмдөж эхлэхтэй уралдан улстөрчид хэл амаа билүүдсээр цөөнгүй оныг элээж дээ. Сонгуулийн хандив, гадаадад аялах зардал, хурдан морины бай шагнал зэргийг салгах зорилготой “эх оронч эрхэм”-үүд “Айвенхоу майнз”-ыг зүдрээж байсан гэдэг. Уг компанийн ажилчдын унааг хөмөрч, Фридландын фото зургийг шатааж байсан нь Хятадын “соёлын хувьсгал”-ыг санагдуулсан удаатай. Амжилтад хүрсэн эсэхийг чөтгөр л мэднэ. Гэхдээ олон улсын үнэт цаасны бирж дээр хувьцаа нь арилжигддаг компанийн хувьд эх орончдын гарыг цайлгах нь асар том эрсдэлтэй гэдгийг капиталист эзэд нь эрх биш гадарлаж байсан биз. Ер нь “Оюу толгой”-г төрөл бүрийн аргаар дарамтлах нь сүүлийн 14 жилд манайд хамгийн сайн хэвшсэн “бизнес” болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй. Үнэхээр оновчтой санаа оноо гарч, мэтгэлцээн, шүүмжлэл өрнөсөн, тэдгээр нь “Оюу толгой” төслийг хэрэгжүүлэхэд тус дэм болсон бол үгүйсгэхийн аргагүй.

    2001-2005 он бол уг ордыг тойрсон манай дотоодын хэрүүл маргаан, дарамт шахалтын эхний үе байлаа. Улмаар тандалт, судалгаа шинжилгээ, үнэлгээ, төлөвлөлт цэгцэрч, түүнийг уурхай болгохын тулд хөрөнгө мөнгө бүрдүүлэх ажил мандаж, “Айвенхоу майнз” ба “Рио тинто” хоёртой хэлэлцэж эхлэх үеэс мөнөөх хэрүүлийн удаах үе шат нь эхэлсэн юм. Цаашлаад “Айвенхоу майнз”-ийг ад чөтгөрт тооцож, эзнээр нь сор залж замаасаа зайлуулсан түүхтэй. Тухайн үедээ хорт Бобоос салаад олон улсын том компанитай нийлээд авчихвал л мандаад өгөх мэт хэн хүнгүй  санаж байлаа.

    Тэгээд л “Рио” хэмээх тэнгэрийн умдаг атгаад амар сайхандаа жаргалаа гэж санасан нь алдарт “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г хэлэлцэж эхлэхийн өмнөхөн явдал байв. Чөтгөр шүглэсэн “Айвенхоу” зайлж, буян амласан “Рио” заларсан нь 1921 онд Да хүрээг гамингаас чөлөөлсөнтэй дүйхүйц хэрэг гэж улс төрийн зарим мэргэд дүгнэж байсан билээ. Тэр үед ч мөнөөх толгойгоо мөлжиж, эх оронч хэрүүлээ лавшруулсаар байв. Нөгөөдөх нь уурхай ч болоогүй, нэг ч тонн баяжмал гаргаагүй байсан цаг шүү дээ. Ийм хэрүүл маргааны голомт нь мөнөөх л сонгуулийн сурталчилгаа, популист нэр хүндийн төлөөх өрсөлдөөн, эсвэл соёлжсон рэкетчлэл, үгүй бол далдын хорон санааны аль нь байсныг таахад хэцүү.

    Монголдоо л толгой стратегич гэгддэг С.Баяр зүтгэснээр “Зэлтэрийн гацаа”-нд орж борцлогдсон хэлэлцээр дуусч, “Хөрөнгө оруулалтын гэрээ” 2009 оны аравдугаар сард байгуулагдсан нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн “Монгол Улс минь урагш нэг алхсан” хэрэг байв. Гэвч үүний автор болж байсан С.Баяр хэрүүлээс бузартсан уу, эмийн чөлөө авч бүр Ерөнхий сайдын суудлаа өгснөөр амиа хэлтэлж үлдсэн гэгддэг.

    Тийнхүү Монгол Улс “Оюу толгой” хэмээх хүнд очоогүй “охин”-оо “Рио тинто”-д бэр болгон өгсөн түүх хуучирч амжаагүй байна. Харин үүний маргаашаас эхлэн хэрүүл маргаан, талцал, эх орончдын уралдааны гурав дахь үе шат эхэлсэн юм. Тэдгээрийг хураангуйлбал Гиннесийн номонд лавтайяа орохуйц олон мянган боть ном бүтэж таарна.

    Уг ордыг иж бүрэн уурхай болгох төсөл нь хоёр үе шаттай аж. Тэр нь ил уурхай ба далд уурхайг тус тус барьж байгуулах ажил гэсэн үг. Анхны үе шатыг нь 2010-2013 онд бүтээн байгуулж, ашиглалтад оруулж экспортоо эхлүүлжээ. Хоёр дахь “Эрдэнэт” ийнхүү мэндэлж “түрүүлж гарсан чихнээс сүүлд ургасан эвэр”-ийн ач тусыг үзүүлэх замд баттай оржээ.

    Гэтэл хэт олон хятад ажиллуулсан, Хөтөлийн цемент ашиглаагүй, гадаад компаниар хоолоо хийлгэсэн, намын хандивлагчийг туслан гүйцэтгэгчээр аваагүй, дарга нарын ойр дотнынхныг ажлаар хангаагүй, шахаанд Эрдэнэт шиг зөөлөн чихтэй хандаагүй, бас Ханбогдыг Цогтцэций шиг болгоогүй гэх мэтээр тал талаас давшилсан хар хэл аманд живжээ. Гэвч уг уурхайн цогцолборын эхний ээлжийг дэлхийн жишигт нийцүүлэн барьж дуусгах ажлаа оюутолгойчууд гүйцэтгэсэн нь бодит амжилт.

    Энэ мэт яриа өрнөж байх үед “Эрдэнэт”-ийг олон арван мянган орос цэргийн хүчээр барьсан, тэнд нийт материал, түүний дотор цемент, тоосго, хадаас бүрийг ЗХУ-аас импортолж хэрэглэсэн, орос компани орос хоол хийж байсан, өртөг зардлын тооцоо нь нууц байсан зэрэг түүхэнд үлдсэн баримтыг хэн ч санаагүй, хэн ч сөхөж үзэхийг хүсээгүй билээ.

    Энэ зууны анхны мега төслийн эхний ээлжийг харьцангуй богино хугацаанд чанар, технологийн өндөр түвшинд хэрэгжүүлсэн нь олзуурхууштай боловч зардал хэтрүүлсэн хэрэгт унаж, хил гааль, татвар, дотоод болон гадаадын аудитын шалгалтад орж шар махтайгаа хатсан гэдэг. Үнэхээр ч төлөвлөсөн зардалдаа багтаагүй нь баримт. Гэхдээ “Оюу толгой”-доо шингэсэн нь үнэн. Үүнийг ч хоёр тал ойлголцсон гэж дуулдах. Муурын байшин барьсан ч зардал хэтэрдэг нь амьдралаар нотлогдсон теорем гэлцэх. Гэвч түүнийг тойрсон хэрүүлийн гал түймэр дөрөв дэх үе шатандаа орж популистуудын нар манджээ.

    Монголчууд хэрүүлийг хэзээ ч бэлгэшээж үздэггүй. “Хэрүүл бузартай, хорлол нь үлэмж их” хэмээн Н. Багабанди гуай “Уучлах нь хүчтэйн шинж”  титэм үгэндээ тэмдэглэжээ. Бид “Оюу толгой”-н хэрүүлээсээ бузартсан юм биш биз?  Ганцхан уурхайн мега төсөл дээр улс орон даяараа ингэж хэрэлдэж, тэгээд дараагийн ээлжийнх нь бүтээн байгуулалтыг таслан зогсоож чадаж байгааг хараад дэлхий даяар гайхширч байна. Харийнхан гангар шаазан бүтээхийн төлөө ухаан гарган, мэдлэгээ сорьж мэтгэлцдэг байхад манайд бол өөрсдөө хийж чадахгүй мөртлөө өрөөлийн мөнгө, гараар бүтэж буй шаазанг бутлахын төлөө уралдан хэрэлдсээр буй нь хачин.

    Мөнөөх “Рио тинто” ч гэсэн бас нүгэлгүй “амьтан” биш л дээ. Өөрөө арслан заан болохоор Монголыг шумуул хэмээн басамжилж, бүхий л зүйл дээр дээрэлхэх маягтай аяглаж иржээ. Гэвч Монгол бол хэзээнээсээ бие жижиг ч чадавхи нь гологдож яваагүй нэгэн. Ихэмсэглэн голохын оронд ойлгох, хүндэтгэх алхам хийх нь тэдэнд өлзийтэй баймаар.

    Эс тэгвэл хэрүүл үл тасрах бөгөөд үүнээс үүссэн хэрүүлийн бузрын тулам нь улам тэлнэ.


ХУДУУДЫН ТҮНЖИН

    Эв түнжинтэй худууд хорвоод ховорхон. Гэхдээ хоёр хүүхдээ бодоод аль, аль нь нэг гараараа нөгөөгөө барьж тайвширдаг нь хорвоогийн жам. Мөнөөх Хөрөнгө оруулалтын гэрээ (ХөОГ)-гээр хүү, охин хоёроо хуримлуулсан монгол, англи хоёр эхнээсээ л таарамжгүй байж. Англи нь хөрөнгө чинээ зааж ихэрхсэн ясны капиталист ааш, монгол нь баялгийн эзэн гэж хуруу чичилсэн хагас капиталист араншингаа барьж эс чаджээ. Тэгээд л буруу хөл дээрээ босоцгоосон хэрэг. Тэдний харилцаа одоо ч үл тоомсорлол, үл итгэлцэл дээр дэнжигнэсэн хэвээрээ байгаа нь илт.   

    Байнгын шүүмжлэл дагуулдаг ХөОГ-г тухайн үеийн боломж, нөхцөлд чинад нийцүүлэн байгуулсан байж таарна, тиймээс ч УИХ баталсан хэрэг шүү дээ. Гэрээг өндөг шиг өө сэвгүй болсон гэж маргах аргагүй. Түүнийг яваандаа засч залруулах, сайжруулж чанаржуулах ёстой нь ойлгомжтой. Үүний төлөө л худууд өдгөө “үзэлцэж” байгаа гэдэг.

    Тэгээд “Санамж  бичиг” гээч юмыг хэлэлцэж, түүндээ гарын үсэг зурах гэж орондоо орох завгүй оволзсоор хоёр ч Засгийн нүүр үзэж байна. Хэтэрсэн зардал, дутуу төлсөн татвар, өргөн бариагүй ТЭЗҮ, далд уурхайн барилгын санхүүжилт, BHP гэгчид төлөх рояльти, Риогоос авах рояльтийн тооцооллын суурь, ашгийн хуваарилалт, менежментийн хураамж, Риогийн үйлчилгээний зардал зэрэг асуудал худуудын игзаарыг хөдөлгөсөн хэвээр аж. Гадаад худтай байхын зовлон ч энд гарч байгаа нь илт. Манайх зөвхөн орос, хятадтай түншилж байсан болохоор хэл, соёл, зан аалийн хувьд тэднийгээ гадарлахтайгаа явж иржээ. Гэтэл “Рио” чинь ижилхэн шар үстэй мөртлөө оросоос тэс өөр амьтан болж таарсан учраас соёлын хийгээд ойлголтын зөрүүтэй тулгарав. Тэр нь үндэстэн дамжсан корпораци гэдэг амьтан юм болохоор сохрын газар сохор, доголонгийн газар доголон болж чаддаг увдистай нэгэн аж. Тэд ч манайхыг эхлээд хятадтай, дараа нь африктай, одоо энэтхэгтэй төстэй амьтад гэж үзээд тэдгээрт таарсан түлхүүрээр манайхыг эрэгдэх гэж оролдсоор байх шиг. Учир нь африкчууд, энэтхэгчүүдийг “найрч” байсан том гаруудаа “Рио” хэлэлцээрт суулгаж буй дуулдана. Гэтэл нөгөө Монгол нь гэрлэхдээ гэрээ байгуулдаг уламжлал мэдэхгүй, дуртай цагтаа салж сарнидгаас гадна хөөрөг, адуу малаа олон улсын зах зээлд арилжиж үзээгүй учраас тохирсон гэрээнээс буцахаа огт тоохгүй улс. Энд “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдэг ч хамаагүй бололтой. Монгол худ нь гэрээгээр тохирсон хувьцааныхаа хувийг нэмэгдүүлэх, мөн тогтворжуулсан татвараа өөрчлөх зэргээр аашилж буйг далимдуулан нөгөө “Рио” нь татвар болон рояльтиг дутуу төлөх арга заль, менежментийн болон тусгай үйлчилгээний хураамж зэрэг ил далд механизмаар хулхидахаар далдын тааруу санаа агуулж яваа бололтой.

    Худууд мэтгэлцсээр хонь жилтэй золголоо. Хонины толгойг матрынхтай адилхан аргаар мөлжих гэж зүтгэх нь цагийн гарз. Суурин ба нүүдлийн соёл, бизнесийн хэлний зөрүү энд байна. М.Энхсайхан сайд Монголыгоо олон улсын бизнесийн хэлтэй болгоно гэж хэлсний цаад учир нь “Оюу толгой”-н худуудын бизнесийн хэлийг ижил болгох замаар дээрх ойлголтын зөрүүг цэгцлэх гэсэн оролдлого. Улс төр, судалгаа шинжилгээ, бизнесийн тогоонд чанагдаж ирсэн эрхмийн амнаас л ийм үг унах биз ээ.

    Чингэвэл ядахдаа уул уурхайн мега төслийн хувьд ТЭЗҮ нь заавал хэрэгжүүлэх баримт бичиг үү, эсвэл олборлолт, үйлдвэрлэл, борлуулалт, ашиг хуваарилалтын жишиг тооцоо юу гэдгийг олон улсын хэмжээнд тогтсон нэг хэл, ухагдахуунаар ойлгох зам нээгдэх юм. Гэтэл худууд монгол, англиар тус тусдаа ойлгож хэрэлдсээр суугаа шүү дээ. Үл хүндэтгэх, үл тоомсорлох “Рио”соёлын яруу тод илрэл энэ буюу.


“МЕГА” ТОЛГОЙ    
     
    Өвөг дээдэс минь алттай, зэстэйг нь мэдсээр байж зориуд “Оюу толгой” гэж нэрлэн гадаадынхны шуналаас нуусаар өвлүүлсэн энэхүү орд бол буянтай толгой. Ийм буянтай бөгөөд мега төслийг ойлгох, хэрэгжүүлэхэд Монгол Улс маань бэлэн байсан уу гэдэг нь асуултын тэмдэг. Уг ордын хүдрийг олборлох, боловсруулахад шаггүй бэлтгэл шаардлагатай нь ойлгомжтой. Гэтэл гадаадаас хөрөнгө оруулах гэрээ байгуулагдмагц тэр нь шууд амилж нийт Монголыг ажилтай, орлоготой болгох ёстой байсан гэсэн аварга том хүлээлт үүсчээ. Ил уурхай, баяжуулах үйлдвэр, тэдгээртэй холбогдох дэд бүтцийн цогцолборыг барьж байгуулахад шаардагдах цахилгаан эрчим хүч, зам харгуй, нисэх буудал, хоол хүнс, барилгын материалын хангамж, тээвэр ба мэргэжлийн ажиллах хүчин зэрэг нь бэлэн байсан уу, бидэнд.

    Чанар, стандартын шаардлагад нийцсэн хадаас, арматурын төмөр, цемент болон орчин цагийн тоног төхөөрөмж, технологи зэргийг импортолж, дизелийн түлшээр эрчим хүчээ үйлдвэрлэж, олон мянган гадаад ажилчин, инженер техникийн ажилтан урьж зүтгүүлсний хүчинд л өнөөдөр Монголын зэсийн баяжмалын экспортыг эрс нэмэгдүүлэх цогцолборыг босгосон хэрэг. Баяжмалынхаа эхний хэсгийг экспортлоход тэр хавийн хил, гааль нь ч бэлэн байгаагүй гэдэг. Одоо ч гэсэн эрчим хүч, шохойн чулуу, химикат, ган бөмбөлөг зэрэг зайлшгүй хэрэгцээт түүхий эд, материалаа ч Өвөрмонголоос импортолдог хэвээр. Энэ нь импортод хайртайдаа бус, орлох сүвэгчлэл байхгүйтэй холбоотой.

    Монголд минь эдгээр зүйлсийн орчин цагийн стандарт, технологитой үйлдвэрүүд хэзээ төрөх юм бол. Үүнд зориулсан бодлого, төлөвлөгөө, төр засгийн дэмжлэгтэй холбогдсон “хэрүүл”-ийг хэл ам нь гозолзсон популистууд огт хөндөхгүй байгаа нь сонгууль, улс төр, албан тушаалын тэмцэлд тийм чухал сэдэв биш учраас л тэр. Далд уурхайн бүтээн байгуулалтад бараг зургаан тэрбум ам.доллар орохоор төлөвлөгдөж байгааг төр засаг, үйлдвэрлэл, бизнесийн хүрээнийхэн онцгойлон анхаарах хэрэгтэй. Тэгээд энэ их хөрөнгийг импортод бус дотооддоо авч үлдэх ажлыг одооноос хангах асуудлыг чухлаар тавих ёстой билээ. Ийм бэлтгэлийн төлөө тэмцэх эх орончид олноор үржвэл харин ч нэг баярлана шүү. Тэгвэл бүгдийг нь УИХ-д сонгосон ч яадаг юм. “Оюу толгой”-н худууд эв зүйгээ олно гэдэгт найдаж байгаа учраас ингэж хүсч байгаа хэрэг л дээ. Монголын тал нэгэнт хөл хүнд болсон охиноо төрхөмд нь буцаалгана гэхэд амаргүй, гадаад тал нь хүүдээ барьж өгсөн өндөр үнэтэй гэр орон, хашаа хороогоо нурааж ачаад гарахад ч хэцүү болчихоод байна. Хүргэнээ хөөж зайлуулах нь дээр гэж монгол худад зөвлөх дотоод, гадаадын мэргэд цөөнгүй тодорсон, харин далд уурхайг бүр олон жилээр царцааж үлдээх замаар Монголыг хашраах нь зүйтэй гэж гадаад худ нь ил, далд ярьж байгаа нь ч дуулдаж эхэлсэн гэнэ. Энэ бүхэн хэнд ашигтай вэ гэдэг дээр манай популист болоод популист бус мэргэд мэтгэлцэх биз ээ. Лав л ард түмэн хожихгүй болов уу гэж толгой гашилгана. Уг нь өдий зэрэгт хүрсэн охин, хүү хоёрынхоо цаашдын амьдралыг сарниулах биш, харин улам эвлэрүүлэх талаар худууд яриа хэлэлцээгээ шуурхайлж, зарим гол асуудлаар харилцан буулт хийж “Оюу толгой”-гоо хөдөлгөх нь хэн хэнд нь үлдсэн ончтой гарцууд санж.

    Дэлхийн хэмжээнд мега төслүүдийн дөнгөж гуравны хоёр нь хэрэгждэг гэсэн тооцоо бий. Тэгээд бодохоор “Оюу толгой”-н эхний ээлж нь хэрэгжээд явж байгааг чамлахаар чанга атгах нь өлзийтэй мэт. Тэгээд ч сүүлийн хориод жил чихэнд хоногшиж горьдлого дагуулсан “Таван толгой” нь “Ухаа худаг”-ийг эс тооцвол өлгийтэй хэвээр л шинэ онтой золгов. Мөн “Шинэ төмөр зам” (5.5 тэрбум ам.доллар), “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”(10.9 тэрбум ам.доллар), “Тавдугаар цахилгаан станц”(1.4 тэрбум ам.доллар) зэрэг “Оюу толгой”-той зэрэгцэн яригдаж эхэлсэн мега төслүүд ч өнөөдөр гүнээс гүн нойрссон хэвээр. Эдүгээ 25 настай Замын Үүд, Алтанбулаг, Цагааннуурын “чөлөөт бүсийн” төслүүд ч хашаанаас өөр харагдах зүйл бүтээн босгоогүй л байна. 

    Австралид баригдаж буй “Sino Iron” хэмээх найман тэрбум ам.долларын өртөгтэй төмрийн хүдрийн уурхайн мега төсөл хөрөнгө оруулалтын маргаанаас улбаалж төлөвлөснөөсөө даруй дөрвөн жилээр хоцорч яваа. Тэнд манай өмнөд хөршийн “CITIC Pacific” хэмээх аварга том “амьтан” хөрөнгө оруулж буй аж.  Перу улсад алтны уурхайн “Pascua-Lama” хэмээх мега төслийн барилга, бүтээн байгуулалтын ажлыг “Barrick Gold” компани царцаан зогсоох шийдвэрээ 2013 оны сүүлчээр гаргажээ. Төсөвлөгдсөн өртөг нь гурван тэрбум ам.доллар байсан боловч 8.5 ам. доллар хүртэл өсчээ. “Barrick Gold” нь алтны олборлолт, үйлдвэрлэлийн салбарт дэлхийн хамгийн том нь гэгддэг. Тэрхүү төсөл Перугийн төр засаг, улстөрчдийн “хэрүүлийн алим” болсон учраас тийнхүү “царцаж”, хэзээ гэсэх нь үл мэдэгдэх тавилантай учирчээ. Эдгээрт бас л хэрүүлийн бузар шингэсэн биз ээ.

    Улс төржилт болон популист хэрүүлээс “Оюу толгой”-гоо ухаалгаар ангижруулж, түүний далд уурхайн эхний ээлжийг 2019 онд ашиглалтад оруулах гольдрол руу нь оруулахыг өнөөгийн хямралын цаг үе ч, нийт ард түмний эрх ашиг ч шаардаж байна. Ингэснээр буурал дээдсээс өвлүүлсэн энэхүү мөлжүүртэй толгойн учир олдоно.

    Зөвхөн 2015 онд татварт 200 орчим сая, дотоодын худалдан авалтад бараг 620 сая, монгол ажилчдын цалинд 300 гаруй сая, нийлээд нэг тэрбум гаруй ам.доллар Монголд минь үлдэх тооцоо сонстож байгааг чихний гадуур өнгөрөөгөөд орхихын аргагүй. Тэгээд ч хүссэн, эс хүссэн ч харийнхантай холбогдсон энэ толгойн асуудал хэрхэн цэгцрэхээс дараа дараагийн олон толгойнуудын маань хувь заяа шийдэгдэхийг бид нэгэнт ойлгохоос аргагүй. Буяны мөлжүүртэй толгой. Бурхны илгээсэн толгой. Өвгөдөөс уламжлан ирсэн энэ толгойнхоо, толгодынхоо буян заяаг хүртэх ерөөл монгол түмэнд минь бий гэдэгт үл эргэлзэнэ.