Санаа амар болжээ. Жүжиг тавихаа ч  байж. Уг нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг зарламагц намын нарийн бичгээсээ том мэдэгдэл хийж татгалзаад, бас гишүүний цэнхэр батлахаа буцааж шидчихээд (өөрийгөө олон нийтэд зориулах хүнд нэг нам юу юм!) халз мэтгэлцээнд орж өрсөлдөгчдөө сөхөө өгөлгүй довтолсоор ялж Үндэсний зөвлөлийн 15 гишүүний саналаар (үгүй ээ, манайх ардчилсан улс юм чинь 14:1 байж болно) Ц.Оюундарь томилогдсон бол хичнээн сайхан байхав. Хэрвээ өрсөлдөгчид айгаад нэрээ татах гэвэл Үндэсний зөвлөлийн арван тав хамжиж хөдөлгөлгүй барьж байгаад заавал оролцуулах байсан юм.

    Даанч тэгсэнгүй. Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдоржийн ярьснаар бол Ц.Оюундарь урьд орой нь утасдаж дарга болох хүслээ хэлжээ. Утсаар нэрээ дэвшүүлдэг цоо шинэ монгол технологи! Бичиг цаас, гарын үсэг юу ч хэрэггүй. Ерөнхий захиралд дэвших санаатай бусад нөхөд сонин дээр зар мар тавигдана хэмээн хүлээж тэнэгтэх зуур Үндэсний зөвлөл Даваа гаригийн өглөө мэгдэн цугларч Оюундарийг ирэнгүүт сонгоод өгчээ. Уг нь өөр хоёр хүн нэрээ дэвшүүлсэн дуулдав. Тэр өглөө телевиз хавийн утаагүй цэвэр агаарт салхилж явсан бололтой Ц.Сайнбаяр, Д.Энхтуяа гэж хоёр эрхэм дутуу хаасан цонхны завсраар санаандгүй сонссон байх, гүйж ороод нэрээ шургуулж амжсан нь нэн сайшаалтай. Бараг өрсөлдөх шахжээ. Дүгнэж үзэхэд, баяр, амралтын өдрүүд, үдэш орой энэ тэрийг харгалзвал МҮОНРТ-ийн захирлын сонгуулийг зарлах, зарыг түгээх, хүмүүс олж мэдэх, бодож үзэх, өргөдөл намтраа туурвих, хүргүүлэх, Үндэсний зөвлөл материалыг хүлээж авах, шалгаж нягтлах, нэр дэвшүүлэхийг хаах гэх мэтчилэн хуваарилж үзэхэд тус бүрт хэдхэн секунд зарцуулсан байгаа юм.

    Ингээд олон нийтийн телевиз олон таван үггүйгээр 2016 оны сонгууль руу зугуухан хандлаа. Сөрөг хүчин баахан сандал үмхээд хахчихсан байгаа тул хэд хяхтнаад таг. 2009 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн, 2012 оны  УИХ-ын сонгуулиар өнөөдөр хараал идэж байгаа улс төрчид, намуудад монголчууд ээлжит удаагаа мэхлэгдэж, тэднийг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх үүдийг нээчихээд араас нь нисч одсон улс төрч эргэж ирлээ. Уг нь монголын үндэсний телевиз, радиог чухамдаа засаг төр, тэр тусмаа улс төрөөс салгах гэж олон нийтийнх болгож 10 жилийн өмнө хууль гаргаж түвэг удсан юм. Тэрнээс биш  яам, агентлаг, компани, эрх мэдэл, хөрөнгө чинээтнийг брэнд, цуврал, кино, нэвтрүүлэг нэрээр пиардаж, сонгууль дөхөхлөөр улс төрийн нам, улс төрчдийг “тэнцвэртэй” сурталчлахын тулд огтхон ч биш…

х      х      х

    Ерөнхий захирал асан М.Наранбаатарын гаргасан бахдам амжилт бол суудалдаа бараг арван жил тэссэн явдал юм. Урьд нь телевизээрээ “NHK, BBC-ийн захирлууд арван хэдэн жилээр ажилладаг, гэхдээ би өөртөө хамааруулж байгаа юм биш” гэж байгаад өөртөө хамааруулсан тэр хугацаанд бараг хүрсэн. Тэрбээр халагдахынхаа өмнөх Үндэсний зөвлөлийн хурал дээр зургаан засгийн газрыг нүүрийг үзсэн, нэгэнд нь  ч таалагдаж байгаагүй маань миний олон нийтийн талд байсны нотолгоо гэв. Яахав, урдахь засагт хэтэрхий үнэнч байсны төлөө дараачийн засаг хэсэг эхэндээ дургүй байсан нь мэдээж. Харин хэд сайхан үйлчлүүлээд тайвширдаг байсан. Олон нийтийн телевиз, олон нийтийн радио, “Монголын мэдээ” агентлагийн захирлуудыг дээрээс явуулахад Наранбаатарын өгч байсан хариу нь “жа”. Бүр МҮОНРТ-ийн дэд захирал гэсэн албан тушаалыг шинээр зохиож байгаад шүү! Үүнийг халагдахаасаа хэдхэн минутын өмнө, заримыг маргааш нь илчилж байх юм. Даанч хожимджээ.

    Улсын Их хурлын дарга МҮОНРТ-ийн хамт олныг гутаасан тухайд гэвэл өмнөх мянганы төгсгөлийн ба шинэ мянганы эхний жилүүдэд манайд ил, далд алдаршсан хоёр мундаг drinking house үнэхээр байсан. Нэг нь яах аргагүй Монгол телевиз, радио, нөгөө нь Төрийн ордон. Захирлууд нь сайн уудаг, мундаг ч даадаг, хажуугаар нь хэн нэгнийг зодож амждаг байсан бол төрийн томчууд ч нэг их дутахгүйгээр хүртдэг, бас балбачихдаг байсан. Гэхдээ Ордныхон аргагүй л зангараг зааж түрүүлж больсон санагдана. Энэ бүхэн өнгөрсөн түүх атал өнөөдөр архиддаг хэвээр мэтээр УИХ-ын даргын индрээс орон даяар зарласан нь яах аргагүй доромжлол. Бас 2008 онд “Эвтэй дөрөв” захиалгыг нь саадгүй явуулж өгөөд байхад “Сэвтэй дөрөв”-ийг нэмж даварсныг нь илчилсэнд өс санаж Наранбаатарыг шүүхэд өгчээ.

    Гэхдээ үүнд бүхэл бүтэн 10 жилийн турш том том донгодож ирсэн хэрнээ З.Энхболд мэтийн эрхмүүдийн дээрэнгүй, хонзогносон занг засч чадаагүй олон нийтийн телевиз өөрөө буруутай. Ерээд онд нэгэн сонин “Ирээдүйн ерөнхийлөгчийг хүмүүжүүлнэ” гэж амалж байсан санагдана. Аль аль нь чадаагүй учраас одоогийн Ерөнхийлөгч тэргүүлээд төрд дураараа дургицгааж байна шүү.

х      х      х

    Нэгдүгээр сард хуулиар тас хориотой далд сурталчилгаа, төлбөртэй, захиалгатай мэдээ, сурвалжлага, нэвтрүүлгүүд олон нийтийн телевизээр пиг дүүрэн, төрийн гурван өндөрлөгөөс эхлээд зарим яам, агентлагууд өөрийн хөтөлбөр, нэвтрүүлэгтэй хэвээрээ. Засрах шинж тэмдэг ажиглагдсангүй.

    Өнөөдөр улс орон даяар Гацууртын орд, Ноён уулыг өгөх үү, урт нэртэй хуульд цоорхой гаргах уу, эдийн засгийн өршөөлд хамрагдсан компаниудын мэдээллийг нууцлах ёстой юу, үгүй юу гээд шуугиж байхад олон нийтийн телевиз зөвхөн сайд дарга, албан тушаалтнууд, компаниудын нэртэй, нэргүй ухуулга сурталчилгаа, явуулсаар. Ноён уулыг хамгаалагчдыг цорын ганц удаа харуулсан нь ШУА-ийн эрдэмтдийн хэвлэлийн хурлыг “үймүүлсэн” бичлэг.

    1-р сарын 22-ны Нээлттэй хэлэлцүүлгээр “Спортын хөгжил ба ирээдүй”  сэдвийн дор халз тулааны спортын холбоодоос жудо бөхийн холбооны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Х.Баттулга, багийн спортын холбоодыг төлөөлж хөл бөмбөгийн спортын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар хоёрыг урилаа гэж зарлаад 600-ын том студид тансаглуулав. Нэг нь бүр дүрдээ итгээд биеийн тамирын хувцастайгаа ирээд суучихаж. Ирэх сард болох Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч гурваас нэгийг буюу Монгол улсын Ерөнхийлөгчийн пиарын зөвлөхийн пиар юм болов уу даа. Одоо нөгөө хоёр өрсөлдөгчийг 600-ын студидээ урьж яриулахыг хүлээцгээе. Хөл бөмбөгийнхөн fair play, шударга өрсөлдөөн гэж ярих дуртай даа.

х      х      х

    Олон нийтийн радио, телевизийн тухай хууль батлагдсанаас хойш яг 10 жил өнгөрчээ. Энэ  өдөрт зориулж Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулж ухаантай юм олныг хэлцгээв. Голдуу мөнгө. Гэхдээ үндсэн асуудал бол мөнгө биш юм. УИХ-ын гишүүн Су.Батболд зэрэг эрхмүүд уг хуулийг өлгийдөж авсан загалмайсан эцгүүд болохоо сануулаад юуны өмнө Үндэсний зөвлөлийн гишүүдийг улс төрчид томилж байгааг засах хэрэгтэй гэсэн мэргэн санааг толилуулав. Өөрсдөө ганцхан сарын өмнө Үндэсний зөвлөлийг АН ба МАН – 10:5 гэсэн харьцаагаар гараа өргөж томилчихоод шүү! УИХ-ын чуулганы тэр хуралдаан дээр Д.Ганхуяг гишүүн “Энэ бол улс төрийн томилгоо ш дээ” гэсэн. Яг үнэн. Одоо нэгмөсөн МҮОНРТ-ийн Улс төрийн зөвлөл гэж нэрлэдэг болцгооё. Хэнийг аль нам, хэн гишүүн, юуны сайд шургуулсан нь духан дээрээ сийлээстэй. Нэр дэвшүүлэх хугацаа дуусаагүй байхад “Ерөнхийлөгч хүнийхээ нэрээ өгчихсөн” гэж байнгын хорооны дарга Бакей ярьж харагдсан байх жишээтэй. Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд зааснаар тэднийг нэр дэвшүүлсэн байх ёстой төрийн бус байгууллагуудыг эрэн сурвалжлаад ч олдохгүй байгаа. Нууц байгууллагууд юм болов уу?

    Одоо эрх баригч намын нарийн бичгийг Олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирлаар тавьж өгсөн Үндсэний зөвлөлд хийх ажил үлдсэнгүй. Тиймээс нэг нь “Монголын мэдээ” агентлагийн компьютерийг онгичоод явна гэсэн.