Бараг гурван сар орчмын өмнө буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 29-нд МАН-ынхан Бага хурал болж “стандарт бус” шатаар дахин алхах уу, “зөвшилцлийн” гэх Засгийн газарт хамтрах уу, сөрсөн хэвээр сонгуульд оролцох уу гэдэг халуухан сэдвээр хэлэлцэж байв. Энэ үеэр “будаг нь ханхалсан” шинэхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс төрийн соёл “үзүүлж” Бага хурлынх нь амжилт хүсээд “Зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн захиа бичсэн. Яг л “Ах аа, намайг бодоорой” гэдэг шиг...Учир нь Ерөнхий сайдын тамгыг гардан аваад найм хонож байсан түүнд өрөнд баригдсан, сан хөмрөг нь хоосорсон нөхцөлд сөрөг хүчинтэй тулалдана гэдэг “аймшигтай” байсан биз. Тиймээс ч хамтрах эцсийн шийдлийг гаргах тэр эрх мэдлийн өмнө соёлтойгоор мэхийсэн нь зөвдсөн ч байж мэдэх юм. Гэхдээ зөвшилцөхөд юу ярьснаа өнөөдөр мартчихаа юу гэмээр дүр зураг нэг бус удаа харагдаж байна. Зөвшилцлийн хэсгийнхэн гурван үндсэн асуудлаар ярилцсаны эхний хоёр нь улс орны нийтлэг эрх ашигтай холбоотой, сүүлчийн буюу “сандал, суудлын тохироо нь өөрсдөд нь л сонирхолтой байсан.

Юуны өмнө Ерөнхий сайдын гурвантаа давтан чухалчилсан эдийн засгийн асуудлаар зөвшилцөх нь ёстой л “аминд тулсан” сэдэв болоод байв. Оны төгсгөл болоод байсныг ч хэлэх үү, цалин тэтгэврээ аваагүй иргэд бухимдал дүүрэн байсан тэр дүр зураг одоо хуучраагүй л байна. Энэ тохиолдолд МАН-ынхан зүүн төвийн үзэл баримтлал, өмнөх Засгийн газруудын үед хийж хэрэгжүүлж ирсэн, үйл ажиллагаа нь боломжийн явж байсан Хүний хөгжил сангийн удирдлагын менежментийг яах вэ, нийгмийн халамжийн асуудлаар яг ямар шийдэлд хүрэх юм бэ. Оюутолгой, Тавантолгойн ордуудаас нийгмийн халамжийн салбарт юу зарцуулж чадах вэ. Төрөөс ахмадуудаа, эхчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ яаж халамжлах талаар ямар бодлого баримтлах вэ гэдгээр тодорхой шийдлээр зөвшилцсөн байдаг. Хөшигний ард болсон тэр зөвшилцлийн үеэр чухам хэн, ямар амлалт өгснийг ил дэлгээгүй ч гэрчлэн үлдэх хүмүүс бий гэдгийг эдүгээ мартсан бололтой. Учир нь өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд эдийн засгийн хямралаас хэрхэн гарах талаар хэчнээн төлөвлөгөө “гардуулаад” ч усанд хаясан чулуу мэт таг чиг байх юм. Түүнчлэн “Төрөөс ахмадуудын талаар баримтлах бодлого”, Төрөөс ажилгүйдлийн эсрэг баримтлах бодлого” гэхчлэн алсыг харсан бодлогын баримт бичгийг УИХ, Засгийн газраар хэлэлцүүлэх хүсэл байвч яаж ийгээд “хад мөргүүлээд” байх нь МАН-ынхны дургүйг хүргэж эхэлсэн бололтой. Тиймдээ ч зөвшилцлийн гуравдахь хэсэг болсон аль нам ямар салбарыг авах вэ гэдгээ тохиролцоход Хүн амын хөгжил,нийгмийн хамгааллын яамаа “халаасандаа” хийчихээд халгаагаагүй хэрэг. Энд МАН-ын гол үзэл баримтлал, сонгогчдодоо өгсөн амлалтаа хэрэгжүүлэх эрх мэдэл, олон нийтэд таалагдах бүх хөзөр байсан болохоор тэр.

Уг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар засаглалын тогтолцоо болон хариуцлага хүлээлгэх, хяналт тавих тогтолцоогоо тогтолцоогоо сайжруулаад авъя гэсэн асуудал алдарт зөвшилцөл дотор нь том агуулгын чанартайгаар тусгагдсан. Гэвч АН-ын гишүүн Р.Амаржаргал ч Засгийн газрын гишүүд асуулгад минь хариулт өгөхгүй байна гэж бухимдаад, МАН-ынхан ч намын ялгавартайгаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас зарим хуулийн төслийг хасдаг, эсвэл МАН-ын бүлгийн 11 гишүүний санал авсан бол одоо АН-ын бүлгээс 11 гишүүний санал аваад ир гэхчлэн шалтаглаж буцаагаад байна гээд аль аль нь сэтгэл дундуур явах юм. Өргөн барих төслийнхөө талаар хуульд заасан 30 хоногийн дотор Засгийн газрын саналыг авч чадаагүй бол арга ядаад УИХ руу бариад гүйхээр Тамгын газрын дарга нь шалтаг хэлээд байдаг.

Гэтэл үнэндээ энэ нь МАН-ын бүлгийн гишүүнийг хохироогоод байгаа юм биш, тэр хуулийн үйлчлэлийг горьдсон иргэдийн амьдрал, амьжиргааг тээж явдаг ч улстөржсөн хүмүүст хүмүүний энэ амьдрал огтоос хамаагүй бололтой. Гэхдээ АН-ын удирдлагууд тэгтлээ цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн асуудалд хойрго биш харин айсуй сонгуульд нэмэх оноо авчрах энэ асуудлыг өөрийн намынхны тархиар, гараар хийлгэчих зорилготой аж. Ийм сэдэлтэй даалгавруудыг ч энд тэнд өгсөн байх юм. Тэгэхээр оноонд бас учир байгаа бололтой. Хэрэв тийм бол МАН-ынхнаас өрсөөд хий л дээ. Ард түмэнд үр дүн нь л чухал байна.

МАН-ынхныг сөрөг хүчин байхдаа олон алдаа дутагдалтай тэмцэж, хариуцлага хүлээлгээд, тэрхүү алдааг засалцах урилга аваад Засгийн газарт орлоо гэж МАН-ынхан ч, сонгогчид ч итгэсэн. Гэтэл ам хамхиулах арга байсан мэт хэдэн сайдын суудал өгөөд бодлогыг нь хэлэлцүүлэхгүй, ажил хийлгэхгүй шилэн хана руу мөргүүлж тоглоод байх сайхан гэж үү. АН, МАН-ын зөвшилцлийн гуравдугаар асуудал энд хөндөгдөж байгаа юм. Улс төрийн хүрээнд яаж хамтарч ажиллах вэ гэж. Улс төрийн намуудын тухай хууль, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийг сайжруулах, хаалттайг нь нээлттэй болгох, алдааг засаж залруулах зэрэг олон асуудал энд хөндөгдсөн.

Ойрын өдрүүдэд АН-аар овоглосон, гол хөзрүүд нь болох Казиногийн тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, “Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулах гэхчлэн олон хуулийн төсөл анхаарлын төвд байна. Яагаад дараалал дайран орж ирээд үтэр түргэн хэлэлцэгдэхээр болж байгаа нь хэнд ч анзаарагдахаар байгаа биз. УИХ, түүний Тамгын газар хэнд нь ажлаа хийх боломж олгоод, хэнээс нь боломжийг харамлаад байна вэ. Аль намаас, жагсаалтаар буюу санал хураалтаар сонгогдсон хэн гэгч гишүүн ч УИХ-ын гишүүний тангарагаа өргөсөн л бол ялгаварлан гадуурхагдах ёсгүй. Гэтэл ялгаварлагдаад, зарим нь түүнээсээ ичээд дуугүй явах болж.

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ч гэсэн ялангуяа “зөвшилцсөнөөс” хойш ёстой л “буу хална” гэгч болж, хүндэтгэх шалтгаан, үнэт зүйлсээ гээсээр байна. Өмнөх он жилүүдэд ашиглаж үнэ цэнэд хүргэж болоод байсан таван минут одоо юу ч биш болжээ. Энэ бол чадамжийн асуудлаас гадна хуулиа эргэж хараач гэсэн сануулга байж мэдэх юм.

 Уг нь олонх, цөөнх хэн байх нь хамаагүй эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, хэн, юуны учир ямар санал хэлсэн, тэр нь бодит байдал дээр ажил хэрэг болов уу, тусгалаа олов уу гэдэг нь  УИХ-ын төдийгүй олон нийтийн ой санамжид үлдэж, санал, шүүмжлэлийн дагуу ажилладаг, хариу мэдээлдэг эргэх холбоотой байх учиртай ч “цусны эргэлт” нь нэгэнт зогсчээ.  Энэ тохиолдолд “цус сэлбэх”-ээс өөр аргагүй. Ард түмний эрх ашгийг умартан айсуй сонгуульд бэлтгэхдээ өнөөдрийн эрх мэдлээ ашиглах нь сонгогчдод мэдрэгдээд байна. Сануулахад, зөвшилцөл бол соёлтойгоор хийж буй улс төрийн рекет биш.