Япон улсын хамгийн олон уншигчтай, өдөрт 15 сая хувиар хэвлэгддэг өдөр тутмын “THE YOMIURI” сонины Спортын мэдээллийн албаны дарга, спортын сэтгүүлч Манабү Мимүро манай улсад  долоо хоногийн томилолтоор ирж, Монголын сүмо бөхчүүдийн талаар тусгай сурвалжлага бэлтгээд өнөөдөр буцаж байгаа юм. Түүнтэй өнгөрсөн бямба гаригт нийслэлийн Баянгол дүүрэгт орших  нэгэн зоогойд таарч, танилцаад захиалгаа хүлээх хоорондоо хагас цаг гаруй “буу халлаа”. Мань эр монгол хоол давгүй юм байна гээд цуйван захиалж байна. Хуушуур, бууз ч идээд үзсэн гэнэ. Гэхдээ л түүнд цуйван онцгой амттай зоог байсан талаар бид хоёрын  яриа  хоол тойроод өрнөв. Япон эрхэм намайг адилхан сэтгүүлч мэрэгжилтэйгээс гадна, төрөлх хэлээр нь ярьж байгаад машид олзуурхан харилцан бие, биеэ байцааж эхэлвэй.

-Мимүро сан, Та Монголд  анх  удаа  ирж  байна уу?

-Тийм ээ, анх  удаа.

-За  тэгээд  ямархуу  сэтгэгдэл  төрж  байна  даа?

-Хавар болж байгаа хэдий  ч цаг агаар нэлээд хүйтэн юм. Улаанбаатар хотыг харахад Монгол  хөгжиж  байгаа  улс гэдэг нь мэдрэгдэж  байна.

-Та сая надад манай сүмоч­дын талаар  материал  бэлтгэхээр  ирсэн  гэж  ярьлаа. Тэгээд  зорилгоо  бүтээв  үү?

-Хоосон ч биш ээ. Надад танай "Монцамэ" агентлагийн япон хэл дээр мэдээлэл бэлтгэдэг  хэлтсийнхэн их тус үзүүллээ. Ялангуяа Хосбаяр  гэдэг эмэгтэй хамаг ажлыг минь нугалж өгсөн. Түүний  хүчин  чармайлтаар олон ч хүнтэй уулзлаа. Кёкүшүзан  Батбаяр, сүмо тайлбарлагч Оюунбаатар, япон судлаач  Төмөрбаатар  гээд.

Харин би өөрөөс  тань зарим  нэг зүйлийн талаар асуувал  болгоож өгнө үү? (онэгай шимасү )

-Бололгүй  яахав, асуу  л  даа

-Монголд Японы сүмог бусад спортын төр­лүүд­тэй харьцуулан сонирхолтой гэдэг  үнэлэм­жээр үнэлэх аваас эхний тавд багтаж чадах уу?

-Асашёорюү аваргыг ид барилдаж байх  үед бол  монголчууд сүмог үнэхээр сонирхож байсан. За  бараг  япон  хүнээс  ч  илүү сүмог  мэддэг, сонирхдог байсан гэвэл  буруудахгүй  байх.

Телевизээр  сүмо  гарахад  Улаанбаатарын  гудамж  бараг  эзгүйрдэг  байсан  гэвэл  Та  итгэх үү?  Бүгд  л  телевизийнхээ  өмнө  суучихдаг  байсан  гэсэн  үг  л  дээ. Харин  түүнийг  зодог  тайлснаас  хойш  арван  хүний  нэг  нь  л  үздэг  болсон. Би  өөрөөрөө  жишээлэхэд  Асашёорюү  аваргаас  хойш   сүмо  үзэлгүй  дөрөв, таван  жил  болжээ. Хэн  түрүүлснийг  нь  хаа  нэгтээгээс  сонсох  төдий  л  мэдээлэл  аваад   болох  нь  тэр. Бүр ямар  ч  сонирхолгүй  болчихсон  хэрэг.  Харин  Хакүхо, Харүмафүжи, Какүрюү  аваргууд  сүмогийн  дэвжээг  эзэгнээд,  Японы  агуу их  аварга  Тайхогийн  32  түрүү  авсан  рекордыг  Хакүхо  эвдэж,  мөн  Ичиножи, Тэронофүжи  нарын  монгол  залуучууд  маш богино  хугацаанд  гялалзан  гарч  ирснээр  буцаад  сүмог  үздэг  болоод  байгаа. Надтай  адил  монголчууд   маань ч   эргээд  сүмог  сонирхдог  болсон  нь  танд  анзаарагдаж  байгаа  биз  дээ.

-Монголын  хэвлэл  мэдээллийнхэн,  тухайлбал  танай  “Үндэсний  мэдээ” сонин  сүмогийн  талаар  байнга  мэдээллэдэг  үү?

-Яг  одоо  Харү  башё  болж  байгаа  болохоор  ихэнх  сонин,  телевизийн  спортын  мэдээгээр  өдөр  бүрийн  барилдааны  дүнгийн  талаар  мэдээлж  байгаа. Мөн  сүмог  шууд  дамжуулан  гаргадаг  телевиз  ч  байна. Манай  сонины  спортын  нүүрэнд  сүмогийн  башёгийн  онцгой  барилдаан, мөн  сүмочид,  сүмогийн  ертөнц  дэх  дуулиан, шуугианы  талаар  мэдээ, материал  тогтмол  биш  ч  ер  нь  гарна аа. Тухайлбал, Ичиножи, Тэронофүжи  хоёртой  холбоотой  мэдээ  бүр  уншигчдад  сонин  байгаа. Мэдээж  аваргуудын  барилдаан, Хакүхогийн  гонасэн  бүгдийн  сонирхлыг  татаж  байна. Башё  дууссаны  дараа  бол  манайхан  сүмог  бараг  тоохгүй  л  дээ.

-Монголчууд сүмод  барилдах  болсноор  Монгол-Японы  харилцаанд  ямар  өөрчлөлт  орсон  гэж  та боддог  вэ? 

-Маш  их өөрчлөлт  гарсан. Мэдээж  энэ  нь  эерэг  талаасаа  юм. Хоёр  орны  ард  түмэн  бие  биенээ  илүү  сайн  мэдэх  болсон.  Монголын  өргөн  уудам  нутгийн  хамгийн  алслагдмал  хязгаарт  очоод  захын  хүүхдээс  Япон  орны  талаар  асуухад  мэднэ  дээ. Энэ бол  яах  аргагүй  сүмотой  холбоотой. ”Би  Асашёорюү, Хакүхо  шиг   болно”  хэмээн  итгэлтэйеэ  хэлж  буй  бяцхан  хүүхдүүд   хаа  сайгүй  бий. Япончууд  ч  ялгаагүй  манай  сүмочдоор  дамжуулан  Монголыг  маань  илүү  мэддэг  болоод  байгаа  биз  дээ. Одоогоос  15  жилийн  өмнө  Японд  анх  хөл  тавьж  байхад  минь  манай  орны  талаар  маш  гүехэн  ойлголттой  байсан  япончууд  шал  өөр  болсон  байна  билээ. Зөвхөн  сүмогоор  барилдаж  буй  тухайн  хувь  хүний  ар  гэр,  хамаатан  садан,  ах  дүү  нарынх  нь  амьдрал  ахуй  сайжирч  дээшлээд  зогсохгүй,  улс  орны  эдийн  засагт  ч  тодорхой   хувь  нэмэр  болсон  хөрөнгө  оруулалт   бага  гэлтгүй  л  орж  байгаа. Ер  нь  улс  орнуудыг  бидний  нэрлэдгээр  жирийн  иргэн,  хувь  хүмүүс  хоорондын   дипломат  харилцаа  илүү  ойлголцуулж,  нөхөрлүүлдэг  юм  шиг  ээ. 

-Японы  мэрэгжлийн  сүмод  барилдаж  буй  монгол  бөхчүүд  Монголд   бүгдээрээ л  амжилттай  бизнес  эрхэлдэг  гэж  сонссон.  Ямар  салбарт  тэд  бизнес  эрхэлдэг  талаар  ярьж  өгөөч. Тухайлбал  Асашёорюү?

-Кёкүшүюүзан, Асашёорюү, Хахүхо  гээд  бүгд  л  бизнестэй. Харин  хэр  амжилттай  байдаг  эсэхийг  нь  сайн  мэдэхгүй. Хоёр  аваргын  нийгэмд  чиглэсэн үйл  ажиллагаа   эрхэлдэг  Төрийн  бус  байгууллага,  сангийнх  нь  талаар  бол  мэднэ  ээ. Тухайлбал,  Аса  аварга гэхэд  л  хамгийн  орчин  үеийн  технологи,  тоног  төхөөрөмж  бүхий  хүүхдэд  зориулсан  эмнэлэг  удахгүй  барих  гэж  байгаа  гэх  мэт. Мань  хүн  өөрийнхөө  эрхэлдэг  бизнесийнхээ  талаар  өнгөрсөн  сард  байхаа  танай  Японы  хэвлэлд  тун  тодорхой  ярилцлага  өгсөн  байсан.

- Ингэхэд  Японд  Асашёорюү  аваргыг  одоо  хэр  нь  үгүйлдэг  үү?

- Үнэхээр  гайхалтай  аварга  болохоор  түүнд  хайртай  шүтэн  бишрэгчид  нь  мэдээжийн  үгүйлдэг.

-Хэрэв  Сүмогийн  холбооноос  тулгаж  хүчээр  зодог  тайлуулаагүй  бол  Хакүхогоос  түрүүлж  Тайхогийн  дээд  амжилтыг  Асашёорюү  эвдэж  чадах  байсан уу?  Та  энэ  талаар  ямар  бодолтой  байдаг  вэ?

-Хариулахад  хэцүү  юм. Асашёорюү , Хакүхо  хоёр  ид  өрсөлдөж  эхэлж  байсан  болохоор  хэн  хэн нь  бие  биенийхээ  түрүүг  магадгүй  өнөөг  хүртэл  булаалдан  барилдаж  байх  байсан л даа. Ингээд  бодвол  Тайхо  аваргын  32  түрүүлсэн  амжилт  эвдэгдээгүй  ч  байх  байсан  болов уу? Асашёорюү  дэвжээг  орхисноор  Хакүхо   дорвитой  өрсөлдөгчгүй  болсон.  Гэхдээ  Хакүхо  миний  мэдэх  аваргуудаас  хамгийн  гайхамшигтай  нь. Нэг  хэсэг  сүмогийн  дэвжээ  түүнээс  өөр  аваргагүй  болж,  эзгүйрэн,  сүмогийн  нэр  хүнд  ч  унасан  хэцүү  үед  бүх  ачааллыг  жинхэнэ  аварга  хүний  ёсоор  нэр, төртэй  авч, нуруундаа  үүрч  гарсан  хүн  бол  Хакүхо. Зөвхөн  барилдах  ур  чадвар,  байгалиас  заяасан  хүч  чадлаас  гадна, жинхэнэ  сүмогийн  аварга  хүний  ёсоор  биеэ  авч  явах  зан  суртахуун, бусдад  үлгэрлэх   байдлаараа  ч  тэр  үнэхээр  агуу.

-  Ер  нь  Асашёорюүг  Сүмогийн  холбоо  яагаад  илт  хавчаад   байсан  юм  вэ?  Түүнээс  өө  хайсаар  байгаад  хүчээр  тулгаж, зодог  тайлуулчихсан  шүү  дээ?

-Би  тантай  яг  энэ  асуудлаар  санал  нийлэхгүй  байна. Энд  ирээд  хүмүүстэй  уулзаж  байхад  ер  нь  Асашёорюү  аваргыг  Тайхо  аваргын  амжилтыг  эвдүүлэхгүйн  тулд  хавчсаар  байгаад  сүмогоос  хөөчихсөн  гэж  ойлгодог  болох  нь  анзаарагдсан. Нэгдүгээрт  түүнийг  сүмогоос хөөгөөгүй. Аварга  журам, дүрмээрээ  л  зодог  тайлсан  юм.  Японы  сүмо  бөхийн баримталдаг  зарчим,  тэр  тусмаа  Ёкозүна  хүний  биеэ  авч  явах  байдал,  ёс  суртахуун,  зан  төлөв,  үүрэг, хариуцлага  гэж  байдаг  юм.  Асашёорюү  аварга  энэ  тал  дээр  алдаа  гаргасан  л  даа.  Түүнээс  Тайхо  аваргын  амжилт  эвдэгдэх  эсэхтэй   энэ  бүхэн  ямар  ч  хамаагүй  болж  өнгөрсөн  явдал. Одоо Хакүхо  аварга  тэр  амжилтыг  эвдчихсэн л  байгаа  биз  дээ.

-Мимүро  сан,  Та  энэ  хоёр  аваргын  маань  хэнийг  нь  дэмждэг  вэ?  Ер  нь  барилдааных  нь  онцлог, ялгааны  талаар  яриач. Хэн  нь  илүү  вэ?

-Сэтгэх  чадвар, хурд,  огцом  тэсрэлтээрээ  Асашёорюүгийн  барилдаан  маш  сонирхолтой. Барилдааны  явцад  түүнээс  ямар  ч  мэх  ирж  болно. Өрсөлдөгчид  нь  бараг  тааварлаж  чаддаггүй.  Бас  шийдэмгий ,  дайчин  гэдгээрээ  тэр  илүү.  Хакүхо  бол  зан  характер  зөөлөн,  тайван   хэдий  ч  ухаалаг  барилддаг. Маш  богино  хугацаанд  шийдвэр  гаргаж  барилдаж  чадна. Өрсөлдөгчөө  юү  хийхээ  бодож  байхад  Хакүхо  аль  хэдийнэ  барилдаанаа  дуусгасан  байдаг юм.   Асашёорюүгаас  жин  их,  бие  том  хэрнээ  яг  барилдаан  дээрээ  маш  хурдтай  шүү дээ.  Хурдтай  байна  гээд  тэр  дэвжээгээ  (дохё) тойроод  гүйгээд, зугатаад  байдаггүй онцлоготой. 

-Тэгвэл 69 дэх  аваргад  талтай  байдаг  байх нь ээ?

-Тийм ээ. Хакүхо  аварга  энэ  үеийнхнээсээ  аль  ч  талаараа  тасарчихлаа. Тайхо  аваргаас  хавьгүй  богино  хугацаанд  барилдахдаа  сүмод  дээд  амжилт  тогтоолоо. Цаашдаа   хэд  түрүүлэхийг  нь  мэдэхгүй. Мэдээж  залуучууд  дороос  гарч  ирж  байгаач  Хакүхо  аваргад  хүрэх  хаа ч  байна даа. Түүхэнд  нэг  ч  уналгүйгээр   завсаргүй 69 даваа авсан  Фүтабаяма  аваргын  амжилтыг  эвдэх  зорилго  түүний  өмнө  байгаа  байх. Энэ Харү  башёгоос  харахад   Хакүхо  аварга  улам  сайхан  барилдаж  байна. Тэрбээр  “гонүсэн ” хийж  барилдаж  байна. Сүмогийн  түүхэнд  ганцхан  Фүтабаяма  аварга  л  үүнийг  хийж  чадсан  юм  шүү.  Хэрэв  Хакүхо  аварга  чадвал  “гонүсэн” хийсэн  хоёр  дахь  аварга  хэмээгдэн  түүхэнд  мөнхөрнө.

-“Гонүсэн” гэж  чухам  юуг  хэлээд  байгааг  манай  уншигчдад  ойлгуулж  өгөөч?

-За, тийм ээ. Эртний  самуурайн  ёс  заншилтай  холбоотой  үг  л дээ.  Кэндо ( Японы  уламжлалт  хулсан  сэлмээр  тулалдах  урлаг)-оор  тулалдахад  өрсөлдөгчийнхөө  яг  ямар  үйлдэл  хийх  гэж  байгааг  урьдчилан  тааварлаад  түүнд  нь тохируулан  хариу  довтолгоо  хийхээс  үүссэн  “Хүлээж  байгаад  дараа  нь  хариу  үйлдэл  мэх   хий ” гэсэн  утга  илэрхийлдэг. Мэдээж  тухайн  өрсөлдөгчөөсөө   хавьгүй  илүү  ур  чадвартай  байж  л  “гонүсэн” хийж  чадна.  Тэгэхээр  Хакүхо  аварга  ямар  аварга  болох  нь  ойлгомжтой  байх аа.

-Харүмафүжи, Какүрюү  аваргуудын  талаар  асуулгүй  орхиж  яаж  болох  билээ. Тэдэнд  ч бас  түрүүлэх  зорилго,  хүч  чадал, боломж  байгаа  шүү  дээ?

- Харүмафүжи  бол  Асашёорюүтай  тун  төстэй  барилддаг  аварга. Хурд, мэдрэмж  онцгой. Гэвч  нас  нь  30  гарчихлаа. Одоо  хурд   нь  улам  л  буурах  болохоор  түрүүлэх  гэдэг  хэцүү. Бие  жижиг,  жин  бага.  Харин  Какүрюү  бие,  бялдар,  сэтгэл  зүйн  илүү  бэлтгэл  хийж,  барилдааныхаа  арга  барилаа  сайжруулах  хэрэгтэй. Тэгж  байж  л  дахин  амжилт  гаргах  боломжтой.

-Дараагийн  буюу  72, 73 дахь  аваргууд  хэн  байх  бол.  Та энэ  талаар  бодож  үзсэн  үү?

- Сүмо  сонирхогч  хэн  боловч  энэ  тухай  бодож  өөр  өөрийн  таамаг  хийж  байдаг  байх. Миний  хувьд  ч  ялгаагүй. Дараагийн  аварга  дахиад  л  монголчуудаас  нэг  нь  болох  байх аа.

-Япон  бөхчүүдэд  ямар  ч  найдлага  алга  гэсэн  үг  үү?

-Хэдийгээр  Эндо,  Икио  нарын  сайн  залуучууд  гарч  ирж  байгаа ч  гэмтэл  бэртлээс  салахгүй  байгаа  нь  харамсалтай  байна. Хэзээ  нэгэн  цагт  япон аварга  төрөх  нь тодорхой. Гэхдээ  л  одоо  бол  монголчуудаас  илүү  гарч  найдлага  төрүүлэхгүй  байна л  даа.

-Жишээ  нь  Та  япон  бөхчүүд  яагаад  монгол  бөхчүүдийг  дийлэхгүй  байна  гэж  боддог  вэ?

-Япон   хүүхэд, залуус  сүмогоос  өөр  бэйсбол,  хөлбөмбөг,  гольф  гэх  мэт мэрэгжлийн  спортод  илүү  татагдан  хичээллэдэг.  Нэг  хэсэг  сүмогийн  нэр  хүнд  таагүй  болсон  нь  ч тэднийг  сүмогоос  хөндийрүүлэх  шалтгаан  болсон. Харин  одоо  сүмо эргээд  хүмүүсийн  сонирхолыг  татаад  эхэллээ. Тэгэхээр  хичээллэх  хүүхдийн  тоо  ч  нэмэгдэж  байна. Эдэн  дундаас  мундаг  аваргууд төрнө  гэдэгт  эргэлздэггүй. Монголоос   ирсэн  бөхчүүд  бэлтгэлээ  маш  сайн  хийдэг. Бүр  зүрх  сэтгэлээсээ  хийдэг  нь  амжилтад  нөлөөлдөг  гэж  боддог.

-Би  бол  арай  өөрөөр  хардаг  юм аа. Монголчууд  бидний  та  нараас  ялгардаг  нэг  шинж  байдаг.  Үүнийг  Японд  бас  ч гэж  таван  жил  амьдарсны  хувьд  анзаарсан  учраас  хэлж  байгаа  юм  шүү. Бидний  сэтгэл  зүйн  хандлагад  нэгдүгээрт  ялгаа  байна. Ямар ч  нөхцөлд  монгол  хүн  өрсөлдөгчөө  ялна  л  гэж  үзнэ. Энэ  бол  бидний  мах, цусанд  шингэсэн  байдаг  шинж. Хоёрдугаарт,  бэлтгэлээс  хамааралгүй  бие, бялдрын  онцгой  өгөгдөл. Жишээ  нь  дөрөв,  таван  настай  монгол  хүүхдийг  өөрийнх  нь  үеийн  япон  ч  юм уу, гадаад  хүүхдүүдтэй  барилдуулах  юм  бол за  бараг  л  бүгдийг  нь  дийлнэ  гээд   баталгаатай  хэлж  чадах  байна. Тэгэхдээ  энэ  бол  зөвхөн  миний  хувийн  үзэл  бодол  л  доо?

-Магадгүй. Монголчуудын  эртний  дайчин  уламжлал,  эр  зориг, тэсвэр  тэвчээртэй  шинж  бөхчүүдийнх  нь  амжилтад  нөлөөлдөг  байж  болох  юм.

-Та  битгий  эмзэглээрэй.  Японд  ажил  үйлс  нь  бүтэхээ  байгаад  уруудаад  эрэхээр  амиа  хорлох  явдал  их  гардаг  шүү  дээ. Монгол  хүн  бол  хэзээ  ч  ийм  үйлдэл  хийхгүй. Өөрөөр  хэлбэл  сэтгэл  зүйгээр  илүү  чанга, өөдрөг  байгаа  биз...?

-....(хариулсангүй)

-Японы  1000  гаруй  жилийн  түүхтэй  үндэсний  спортын  дохёг  гадаад  хүн  эзэгнээд, түрүүлээд  байх  нь  япон  хүнд  тэвчишгүй  зүйл  биш  үү?

- Мэдээж  япон  хүн  бүр  япон  аварга  төрөөсэй  хэмээн  хүсч  байгаа. Гадаад  хүн  ямагт  түрүүлээд  байна  гэдэг  бидэнд  тийм  ч  бахархууштай  байхгүй  л  дээ.  Гэлээ  гээд  ямар  ч  арга  алга. Монголчууд  сүмогийн  дэвжээг  эзэгнэж   байна.   Япон  хүн  өөрөө  түрүүлж  чадахгүй  байна  шүү  дээ.   Гэхдээ  спорт  бол  спорт. Дэвжээн  дээр  хэн  хүчтэйг  нь  л  хүлээн  зөвшөөрдөг  жамтай.  Бидэнд  бүхий  л  бололцоо  байхад  өөрсдөө  түрүүлж  чадахгүй  байгаадаа  л  илүү  шүүмжлэлтэй  ханддаг  болохоос  гадаад  бөх  түрүүллээ  гэж  дургүйцэх  нь  байж  болохгүй  асуудал. Ер  нь  гадаад  бөхөд  дургүйцдэг  байсан  бол  анхнаасаа  л  тэднийг  барилдуулахгүй  байх,  дэвжээнүүдэд  тэднийг  авахгүй  байх  байсан  шүү дээ. Тийм  эрх   хангалттай  бий.

-Нээрээ   тийм шүү. Тантай  сайхан  танилцаж, сэтгэлээсээ  ярилцсандаа  баяртай  байна. Уран  бүтээлийн  олз  омог ихтэй  буцаарай  Мимүро сан

-Баярлалаа, Японд  очвол  заавал  уулзаарай. Баяртай.