Сугалаа ба улсууд

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2002 о ны Япон, БНСУ-д болсон Дэлхийн аваргын урьдчилсан шатанд анх удаа оролцсоноос хойш, тав дахь урьдчилсан тоглолтоо хийлээ. Нийт таван удаагийн урьдчилсан шатны тоглолтын дөрөвт нь чансаа дээгүүр багтай таарч байсан бол Бразил – 2014-т ганц удаа чансаа доогуур баг Мьянмартай тоглож байсан юм. Гэвч манай баг урьдчилсан шатны эхний шатыг давж чадаагүй хэвээр. Энэ удаа Азийн чансаа муу 12 баг хоорондоо сугалаагаар тоглоод шалгарсан зургаа нь дараагийн шатанд шалгарах байлаа. Шалгарсан зургаан багт нь үлгэрийн гэмээр сайхан боломж олдож байснаараа онцлог байв.

чансаа өндөр                                          чансаа бага

35. Энэтхэг (171)                                    41. Непал (186)

36. Шри Ланк (172)                                 42. Макао (186)

37. Иемен (176)                                          43. Пакистан (188)  

38. Камбож (179)                                        44. Монгол (194)

39. Таивань (182)                                       45. Бруней (198)

40. Зүүн Тимор (185)                             46. Бутан (209)           

Дээрх 12 багийн чансаа өндөр нь, чансаа багатайгаа хоёр тоглолтын нийлбэрээр ялагчаа тодруулсан бөгөөд тодоор тэмдэглэсэн багууд хоёрдугаар шатанд шалгарсан. Түүнчлэн урд нь тивийн, хаалтанд дэлхийн чансааг бичлээ. Бутан анх удаагаа Дэлхийн аваргын сугалаанд оролцож Шри Ланкыг хожиж дараагийн шатанд шалгарсан бол Иемен дотоод асуудлаасаа болоод талбай дээрх тоглолтоо Катарын Дохад хийсэн юм. Ийм л шалтгаанаар Иемений чансаа жил ирэх бүр буурч байна.

Таивань, Макао, Бруней амжиргааны түвшин өндөр учраас хөлбөмбөг тоглох хүнгүй. Энэтхэг, Пакистан асар их хүн амтай боловч крикет, каббадид дуртай. Одооноос хөлбөмбөг сонирхогчид ихсэж, лиг нь шинэ мэнэжмэнт рүү орж байна. Иемен, Зүүн Тимор, Непал үймээн, бослогын улмаас хөлбөмбөг нь хаягдсан бол Бутан хүн ам бага, газар нутаг нь дэндүү өндөр. Тэр чигээрээ Хималай нуруу. Камбож, Шри Ланк хөгжил буурай, Шри Ланкт байгалийн гамшиг ч нөлөө үзүүлсэн билээ.

Шигшээ багийн эхлэл

Монголын шигшээ баг Дэлхийн аваргын тоглолтоос нэг сарын өмнө бэлтгэлдээ гарсан бөгөөд МХБХ-ий дүрмээр Удирдах зөвлөл шигшээ багийн дасгалжуулагчийг томилох үүрэгтэй. Харамсалтай нь өмнөх удирдах зөвлөлд нь хөлбөмбөг мэддэг хүн байхгүй байсны улмаас гадаад харилцааны хүүхэн шигшээ багийн дасгалжуулагчийг шинээр томилох нэрийг өгөв. Серб дасгалжуулагч Воиеслав Бралушичийг Дэрэн клубыг дасгалжуулдаг гэсэн шалтгаанаар халсан юм. Учир нь тухайн үед хөлбөмбөгийн холбооны сонгуульд Дэрэн клубын эзэн Г.Мөнхчулуун, хөлбөмбөгийг хөлбөмбөгчдөд түр хороонд ажиллаж байсан нь нөлөөлж гадаад дасгалжуулагчаа халжээ. Хөлбөмбөгийн хөгжлөөс шал өөр юм олж хардаг тогтолцооны гажиг дахин гарсан нь энэ. Дөнгөж тактикаар тоглож сурч байсан шигшээ баг ингэж тактикгүй үе рүүгээ арагшаа алахсан юм. Юу ч мэдэхгүй нэг хүүхэн дасгалжуулагчийн нэр өгөөд, юу ч мэдэхгүй удирдах зөвлөл шинэ дасгалжуулагчаа томиллоо. Дэлхийд сүүлийн 15-т бичигддэг улсад байдаг л нэг тэнэглэл.

Шигшээ багийн хувьд анх удаагаа А.Мөрөн, Г.Гандэлгэр гэдэг олон улсад тоглодог хоёр тоглогчтой болсон нь сайшаалтай. Сугалааны хувьд ч өмнөх дөрвөн Дэлхийн аваргын сугалаанаас хамгийн сул нь Зүүн Тимор байв. Г.Төгсбаяр францаас ирчихсэн, Эрчим клубын тоглогчид President cup тэмцээнд оролцоод харьцангуй туршлагатай болж, серб дасгалжуулагчийн буянаар олон тоглогчийн хөлбөмбөгийг харах чадвар нэмэгджээ.

Дасгалжуулагчийн алба бүрдүүлэхэд олон дутагдал харагдсан. Мьянмар, Филиппинийг талбайдаа авчираад хожчихсон С.Эрдэнэбат дасгалжуулагчийг туслахаараа авсан бол шигшээ багийн тоглолтонд дэвшил болох байсан биз. Одоогоор Дэрэн клубт серб дасгалжуулагчийн удирдлага дор илүү сайжирсан нь ойлгомжтой. Аз хоёр удаа тохиолдвол тэр нь аз биш гэдгийг хоёр тоглолтоороо харуулчихсан хүн. Дасгалжуулагч заавал сайн зөвлөхтэй байх ёстой. Дээр нь МХБХ шинэ дасгалжуулагчид туслалцаа бараг үзүүлээгүй. Тоглогчийн амин дэмний нэг сая төгрөгнөөс нь танаж, багийн дарга нэртэй хөлбөмбөгийн ойлголтгүй нэг нь янз бүрийн төлөвлөгөө шаардаж, хэдэн сар эмчгүй байснаа хэн ч танихгүй найз эмчээ авчирсан нь шигшээ багийн уур амьсгалд нөлөөлсөн. Эмчээр дандаа л найз нөхөд нь явж байсан нь дахин давтагдсан юм. Ер нь гадны нөлөө асар их байлаа. Мэргэжлийн байгууллага аль болох тамирчин, дасгалжуулагчийн дарамтыг хөнгөлдөг билээ.

Монголын шигшээ

Манай шигшээ багийн гарааны бүрэлдэхүүн болон тактикт хэд хэдэн алдаа харагдсан. Ер нь бол суурь алдаа болсон гэх үү дээ. Хамгийн эхний алдаа бол багийн ахлагч Б.Гарьдмагнайгийн байрлал. Өмнө нь Ц.Энхжаргал, Д.Лүмбэнгарав гэсэн төвийн хамгаалагчид ээлжиж гэмтсэнээс болж Б.Гарьдмагнайг хамгаалалтанд тоглуулж байлаа. Ер нь клубтээ хагас хамгаалалтанд тоглодог тоглогч, шигшээ багт ирээд хамгаалагч хийсэн юм. Уг нь манайд төвийн хагас хамгаалагчаар ганц мэргэшсэн тоглогч. Яагаад гэдэг шалтгааныг үндсээр нь тайлбарлах гээд үзье!

 90-ээд оны дунд үеэс манайх лигийн тэмцээнтэй болсноос хойш бүх клубууд ижил тактикаар тоглодог байв. Клубын тактик нь шигшээ багийн тусгал болно. 3-4-3 гээд дундаа ромботой анхны хувилбар нь манайх шиг хөлбөмбөг дөнгөж өндийж буй улсад хэрэглэгддэг. Энэ нь хамгаалалтанд ердөө гурван хамгаалагч дээр нэг цэвэрлэгчийг нэмж тоглуулдаг хувилбар бөгөөд хөлбөмбөгийн анхны түүхийг сөхөж үзвэл нэг хүн хамгаалалтанд үлддэг байсан 19-р зууны сүүлээс, Уругвайд болсон анхны 1930 оны Дэлхийн аварга хүртэлх хувьсалтай адил байсан юм. Хожим Грек, Мексикийн шигшээ багууд сайжруулсан хувилбарыг нь ашиглаж амжилтанд хүрч байлаа. Тактикын хувьд илт хоцрогдсон байсан учраас шигшээ баг 1998 оны Бангкокын Азийн наадамд хоёр оронтой тоогоор хожигдож байсан юм. Бангкокт гурван хамгаалагчийн урд хоёр цэвэрлэгч тоглож үзсэн ч болоогүй. Энэ хувилбар манайд 2003 оныг хүртэл 10 орчим жил оршиж байгаад тамирчидын чадвар өсөхтэй зэрэгцээд 3-1-4-2 хувилбар руу шилжсэн. Шилжихдээ ганц нэгээрээ биш бүх клубууд өөрчлөлтөнд орж байсан нь, хөлбөмбөгчид цөөхөн байсантай холбоотой. Энэ хувилбар 2007 оноос өөрчлөгдөх болсон. Дундуур нь шигшээ баг, Хоромхон, Хангарьд, Улаанбаатар Дээд Сургуулиуд ганц хоёр өөрчлөлт хийх гэж үзэж байсан ч төдийлөн амжилтанд хүрээгүй. Ялангуяа 3-2-3-2 буюу 3-5-2 хувилбарын туршилт хэд хэд болж байлаа. Гурван хамгаалагч, нэг цэвэрлэгчтэй хамгаалалтын байрлалд биш довтолгооны бүст өөрчлөлт орж байсан нь, монголд дөрвөн хүнээр хамгаалалт хийх боломж удаан оршиж байсантай холбоотой. Одоо ч гэсэн манай лигт довтолгооны бүс илүү хүнтэй байгаад ч ашигтай байх нь бага хэвээрээ.

2007 оноос Эрчим клуб 4-4-2 хувилбарыг туршиж эхэлсэн нь анхны тохиолдол байв. Гэхдээ олон улсад хэрэглэдэг зарчимаас тэс өөр байсан нь ойлгомжтой. Серб дасгалжуулагч ирж, энэ хувилбарын доторх задаргааг гаргаж өгсөнөөр арын дөрвөн хамгаалагчийг манай бүх лигийн багууд ашиглаж эхэлсэн. Сая шигшээ багийн тоглолтонд үүний гажиг гарч ирсэн юм. Учир нь арын 3-1 хувилбарт тоглож байсан нэг цэвэрлэгч арын дөрөв дэх хамгаалагч болсон бол сонгодог утгаараа төвийн хагас, хамгаалах чиглэлийн хагас, тулгуурын хагас, тасалгааны хагас, гүний найруулагч, box-to-box (энийг яаж буулгахаа мэдэхгүй байгаа) гэсэн олон байрлалын тоглогчид дутагдах болсон.

Манайд бол энэ цоо шинэ байрлал, тоглолтын арга барил. Эдгээр байрлалуудад тэнцэх тоглогч бараг байхгүйтэй адил. Байгаа нь ганц Б.Гарьдмагнай, гүний найруулагч. Шигшээ багийн төвийн хагасуудыг аваад үзвэл Х.Цэнд-Аюуш, А.Эрдэнэбаяр, А.Чинзориг, М.Төгөлдөр, А.Улсболд, Б.Төгсбилэг бүгд довтолгооны хагас хамгаалагчид. 4-2-3-1 эсвэл 4-4-2 байрлалд тоглоод хэдхэн жил болж буй. Багаасаа довтолгоон дэмжээд тоглоод сурчихсан тоглогчид гэнэт араас тоглолт найруулж чадахгүй. Дээр нь хамгаалалтын чадвар муу. Эдгээр тоглогчид бүгд ардаа хамгаалалт хариуцдаг цэвэрлэгчтэй тоглож сурсан. Манайд л 4-2-3-1 эсвэл 4-4-2 хувилбараар тоглоход эсрэг баг нь хувилбаргүй болохоор төвийн хагасуудын сул тал төдийлөн харагддаггүй байлаа. Олон улсад тактиктай багийн эсрэг өөр. Тиймээс арга барил нь шинэ хувилбарт тохирдоггүй. Энэ бол хөлбөмбөгийн хамгийн хүнд, олон жилийн тогтвортой сургалт шаарддаг, олон төрлийн чадварын холимог болсон байрлал. Сүүлийн Хоромхон, Эрчимийн тоглолтонд хангалттай харагдаж байсан. Бүгд 4-2-3-1 байрлалын довтлогчийн арын найруулагч хийдэг нь ойлгомжтой. Х.Цэнд-Аюуш, Хоромхон клубтэйгээ лигт түрүүллээ, шигшээгийн төвд олон жил тоглож байгаа авьяаслаг тоглогч. Манайд бол урдаа барьдаг төвийн хагас. Гэхдээ тоглож дадсан арга барилаасаа болоод төвийн хагас дээр тоглох арга барил дутмаг. Хамгийн сайн төвийн хагас дээрээ жишээ авахад ийм байна.

Зүүн Тиморт болсон эхний тоглолтонд хамгаалалтын баг биш довтолгооны тоглогчдыг дасгалжуулагч гаргасан нь төвийн бүсийг нягт болгож чадаагүй. Хамгаалах чиглэлд Х.Цэнд-Аюуш, А.Эрдэнэбаяр хоёр гарч, довтлогчийн ард М.Төгөлдөр тоглосон. Гэтэл энэ гурав гурвуулаа довтолгооны тоглогчид. Араас тоглож дөнгөж суралцаж буй. Төвийн байрлалын хамгаалах арга барил муугаас манайх гоол алдаж, тоглолт замбараагүй болж байлаа. Энэ байрлалд тоглох жижиг хурдтай эсрэг багийн довтолгооныг нураах тоглогч байхгүй, эсвэл тоглолт уншдаг, ухаалагч хэрэгтэй. Манайд болсон тоглолтонд ялгаагүй довтолгооны тоглогчид болох Х.Цэнд-Аюуш, М.Төгөлдөр нар тоглосон. Ийм нөхцөлд хамгийн тохирох хувилбар 4-1-4-1 байсан юм.

Дөрвөн хамгаалагчийн урд Б.Гарьдмагнайг тоглуулж байж энэ хувилбар манайд хамгийн сайнаараа хэрэгжинэ. Түүний оронд хамгаалалтанд Хоромхоны Д.Төрбат тоглоно. Тиморт тоглуулсан Х.Цэнд-Аюуш, А.Эрдэнэбаяр нарыг Б. Гарьдмагнайгийн урд тоглуулсан ч болох байлаа. Энэ өөрчлөлтийг сайн анзаараагүйн улмаас жижиг багт дөрвөн гоол алдсан. Таван хүн хамгаалж, таван хүн довтолно. Дөрвөн жилийн өмнө Филиппиний талбайд тоглоход О.Очбаяр дөрвөн хамгаалагчийн урд тоглож, Челсигийн академи төгссөн Фил Янгхасбандыг маш сайн хамгаалсан юм. Ямар авьяаслаг тоглогч байсан гээч! Тухайн тоглолтонд П.Алтантулга шүүгчийн алдаанаас болж 25 дахь минутанд хоёр дахь шар хуудсаа (хаалтанд зогсоод хойшлоогүй гэдэг шалтгаанаар) авч хүн дутуу үлдсэн ч сүүлийн минутанд гоол алдаж 2-0-ээр хожигдож байлаа. С.Эрдэнэбат дасгалжуулагч 4-1-4-1 хувилбарыг оновчтой сонгож, хамгаалах чиглэлийн О.Очбаярыг хамгаалалтын урд гаргасан нь хүчтэй багийн эсрэг хүн дутуу сайн тоглох үндэс байсан юм.

Дараагийн асуудал нь эхний 10-15 минут хамгийн чухал байдаг. Мэдээж сүүлийн 10-15 чухалд тооцогдоно. Манай шигшээ багт бол бүр ч онцгой. Том лигүүдэд ч гэсэн жижиг багууд эхний 10-15 минутанд бөмбөг авахгүй байсан ч хамаагүй маш сайн хамгаалалт үүсгэдэг. Хамгаалалт тогтвортой болоод ирэхээр дараагийн алхамаа хийдэг. Манай шигшээ баг олон улсын тоглолт муу, тамирчид нь туршлагагүй болохоор эхний минутуудад сандрах, төвлөрөхгүй байж пааниганд ордог. Шигшээгийн ахмад тамирчид ч энэ талаар дурьддаг. 15 минут орчимоос орчиноо мэдэрч, сандрал арилж, анхаарал тоглолтонд төвлөрдөг. Яг энэ алдаа айлын талбайд гарч 4 болон 7 дахь минутанд хоёр гоол алдсан юм. Манайд болсон тоглолтын гоол ч эхний 15 минутанд орсон. Тэгэхээр бид хоёр тоглолтын эхний 15 минутанд хожигдох бүх юм аа хийчихсэн гэсэн үг. Товчоор бол минут бүртээ биш юм гэхэд үе бүрийн эхний болон сүүлийн минутуудадыг анхаарах ёстой байлаа.

Бид бүгд европт тоглодог хөлбөмбөгчинтэй байхыг хүсдэг. Ялангуяа нэг том багт байвал ямар том сурталчилгаа болж, хөлбөмбөг сонирхогчдын тоо эрс өсөх талаар ярьдаг. Гэтэл энэ удаагийн шигшээ багт бидний шаардлагад нийцэж буй нэг тоглогч байсан нь Г.Гандэлгэр. Монголын хөлбөмбөгөөс тэс өөр тоглогч. 2014 оны зун анх удаа монголын хөлбөмбөгчидтэй танилцаж байлаа. Английн Sunday league-т бүстээ түрүүлж багийнхаа шилдэг тоглогч нь болоод, Тоттэнхэмд шалгалт өгөх урилга авсан. Шалгалтанд хоёр хүүхэд тэнцсэний нэг нь болж Тоттэнхэмийн Хөгжлийн багийн гишүүн болсон юм. Тоттэнхэмийн мэргэжлийн багт орох гэрээний талаар ярилцаж байхад 18 нас хүрээд визний асуудлаар хасагдсан. Мэргэжлийн тоглогчид байх зан чанар ааш, сайн гэр бүл, үндсэн техник, хоол, нойрны дэглэм бүгд асуудалгүй. Яагаад манайд ашиглаж чадаагүй вэ? Г.Гандэлгэр шинэ орчин, тэс өөр бэлтгэлд орж эхэлсэн. Амьдралдаа хийж үзээгүй бэлтгэл. Дасгалжуулагч энэ талаар маш сайн нухацтай харж үзэх байлаа. Тоттэнхэмд тэнцсэн хүүхэд яаж ч бодсон муу байна гэж байхгүйг ойлгох хэрэгтэй байв. Ганцхан серб дасгалжуулагч л түүнийг ойлгож дараагийн саналыг тавьж байсан юм. Тэгэхээр хөлбөмбөгийн сургалтыг өндөр хэмжээнд суралцсан тоглогч ирээд дасах хугацаа болон бид ойлгоход хугацаа хэрэгтэй болох нь. Хөлбөмбөг орчин үед цэвэр тактик болсон. Г.Гандэлгэр яг л орчин үеийн хөлбөмбөгийн сургалтаас тэс өөр нөхцөлд ирсэн юм. Хэрвээ ашиглаж, ойлгож чадсан бол бид нараас муу тоглоно гэж байхгүй.

Бид өнгөрсөн жил хамтдаа БНСУ, Австрид очсон. Гурван багт шалгалт өгөхөд шууд л гэрээ байгуулах талаар ярьж эхэлсэн. Гэхдээ формоо хадгалахгүй бол орчин үеийн өрсөлдөөн ямар ширүүн болсныг мартаж болохгүй. Монголын хөлбөмбөгийн талаар миний ярьж байсан зүйлүүдийг биеэрээ мэдэрч, “би таныг одоо маш сайн ойлгож байна” гэж тоглолтын дараа хэлж байлаа. Сэлгээнд суулгаад байна, бэлтгэл буруу байна, замбараагүй, эмх цэгцгүй байна гэж нэг ч гомдол гаргаагүй. Би түүний мэргэжлийн тоглогчийн энэ занд дуртай.

Манайд ирж байсан хамгийн сайн тоглогчид бол Хойд Солонгосоос 2011 онд ирсэн хоёр тоглогч. Нэг нь 2010 оны дэлхийн аваргад орж байсан. Гэхдээ дэлхийн аваргад орсон нь биш, ороогүй нь гараанд гарч, сайн тоглож байлаа. Манай хөлбөмбөгт сайн нь гоёдсон уу, ойлгоогүй юу мэдэхгүй. Сэлгээнээс тоглосоор байгаад таарсан.

Тоглогч, дасгалжуулагчид энэ хожигдолд ямарч буруугүй гэдгийг онцгойлон хэлье. Зарим нь бүр гутарсандаа уйлж байлаа. Хар багаасаа бөмбөг өшиглөж өссөн тэдэнд ямар буруу байхгүй.

Манай үзэгчид ч гэсэн онц байлаа. Хөлбөмбөгөөр монголчууд баярлаж болохыг бид сая харлаа, үзлээ, мэдэрлээ. Ямар олон үзэгчтэй, гадна нь мөнгө барьсан хичнээн хүн байсныг тоолоод баршгүй. Хөлбөмбөгт ийм л их анхаарал тавьж байна. Сонирхогчид, мөнгөө өгье гэсэн хүмүүс их байна. Үзэгчдийн соёл, дэмжлэг хамаагүй өөр болсныг харлаа. Сураггүй нэг улс ирэхэд л ингэдэг нь хөлбөмбөгийн нэг гайхамшиг юм уу даа.

Зүүн Тимор

Зүүн Тиморын шигшээ баг манайхыг бодвол хүчтэй байсан. Гэхдээ тэдний хүч хиймлээр суулгасан хүч буюу хэл нэгт бразилаас тоглогчид сэлбэсэн юм. Дээр нь Тиморын шигшээ баг энэ тоглолтын талаар авч болох бүхий л арга хэмжээг авсан нь онцлог байв. Сугалаа болохоос өмнө таарч болох улсуудыг судалж байхад Камбож, Зүүн Тимор, Шри Ланк харьцангуй гайгүй байлаа. Зүүн Тиморыг сугалсны дараа бүрэлдэхүүн, тоглолтыг нь судлаж байхад зарим мэдээллүүд алга болоод байв. Тэд өөрсдийнхөө хэмжээнд статистик мэдээллээ сайн нууцалж байлаа. Дасгалжуулагчаар нь Баллардини гэж Итали мэргэжилтэн байгаа гэхэд ингэх нь аргагүй байх гэж бодож байтал, манай шигшээ багийг очиход гэнэт бразил дасгалжуулагч гараад ирэв. Манай ахлах дасгалжуулагч байхгүй гээд хэвлэлийн бага хуралд оролцсон бөгөөд тоглолтонд ч Фабио Жоаким дасгалжуулав. Хаалгачийн дасгалжуулагч нь португалын шигшээд тоглож байсан, Евро 1996 орж байсан Руй Коррейя гэдэг мэдээлэл ч мөн худлаа байлаа. Монголд ирснийхэн дараа л мэдсэн.

Манайд ашигтайгаар эргэсэн хэд хэдэн асуудал байсан нь Мурило, Жэссэ Пинто, Тиаго Кунья, Пэдро Энрикэ, Фэллипэ Бэртолдо гээд япон, таиланд, оманы лигт тоглодог бразилчууд нь ирээгүй явдал юм. Багаасаа чөлөө авч чадсан бразилчууд нь ирж багийн талаас илүүг бүрдүүлж байв. Ирээгүй цаад шалтгаан нь клуб нь явуулаагүй. Мэргэжлийн хөлбөмбөгийн дундаж зэрэглэл рүү орох гэж зүтгэж байгаа тамирчид хувийн кареераа хөөнө үү гэхээс хоёр дахь эх орноосоо тоглох гэж нэг сарын чөлөө авахгүй. Манай А.Мөрөн ч ийм шалтгаанаар эхний тоглолтонд оролцоогүй. Тэр нь зөв. Тиморын багаас 10 дугаартай Родриго Силвагаас хэвлэлийн бага хурал дээр энэ талаар асуухад “намайг манай клуб явуулсан, яагаад гэвэл би орноо төлөөлнө” гэж хэлсэн. Родриго бол Эмиратад тоглодог боловч гэрээ удахгүй дуусч байсан юм билээ.  Арабын лиг гадны дөрвөн тоглогчийг зөвшөөрдөг бөгөөд нэг нь заавал ази байх ёстой. Тэр дөрвөн тоглогчийн нэг болно гэдэг Родригог ямар сайн тоглогч вэ гэдгийг хангалттай харуулна. Талбай дээр ч, гол тоглогч нь тэр байлаа.

Зүүн Тиморт хөлбөмбөг хөгжөөгүй гэдгийг өөр нэг үзүүлэлт батлаж байв. Шигшээ багийн дасгалжуулагч Тимор лиггүй гэдгийг хэвлэлийн бага хурал дээр хэлсэн. Шигшээ багийн талаас илүү нь бразил байсан бол сэлгээнд нь  17-19 насны, ямар нэгэн клубын харьяалалгүй хэд хэдэн тамирчин байлаа. Харин цаашдаа хөгжих суурь харагдаж буй. Газрын тосны баялагтай болсон Тиморчууд хөлбөмбөгт хөрөнгө оруулалт их хийж, түүнчлэн ОУХБХ, АХБХ-оос өгсөн мөнгийг хөлбөмбөгт нь ном журмын зарцуулж БНСУ, Бразил дасгалжуулагчдыг бүх насны шигшээ багтаа ажиллуулж байна. 2014 онд 14 хүртэлх насны хүүхдүүд нь, өмнөд солонгос дасгалжуулагчаар удирдуулж зүүн өмнөд азидаа Малайз, Вьетнам зэрэг томчуудыг хожиж, азийн шилдэг наймд үлдсэн юм. Хэсэгтээ Саудын Арабыг 2-1-ээр хожиж, Хойд Солонгостой 2-2-ээр тэнцэж, Иранд хожигдсон байлаа. Улмаар Хойд Солонгос нь азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн юм.

Хамгаалалтын хувьд манайд ирсэн Макаотай адил таван хамгаалагчийн голын Анггису Барбоза арагш ганцаараа сууж, зарим тохиолдолд төв рүү орж нэмэлт хүч үүсгэж байв. Таван хүн довтолж, таван хүн хамгаална.

Манайд ажилладаг серб дасгалжуулагч Тимор сайн баг биш байна. Хувийн ур чадвар дажгүй ч, шугамаа барихгүй байна, довтолгоо нь зохион байгуулалт муу байна гэж хэлж байлаа. Манай алдсан таван гоол голдуу өөрсдийн алдаанаас болсон.

Нэг сайн мэдээ байгаа нь энэ сарын 27-ноос Рио дэ Жанейрогийн олимпийн наадмын урьдчилсан тоглолтонд оролцохоор манай 23 хүртэлх насны шигшээ баг Лаосыг зорьсон. Хятад, Лаос, Сингапуртай тоглоно. Гурван тоглолтыг SPS суваг телевиз эрхийг нь авч шууд дамжуулахаар болсныг дуулгах таатай байна!

Эхний тоглолт 27-ны Баасан гарагт, 17 цагаас Монгол – БНХАУ гэсэн тоглолтоор эхэлнэ.

Сагсанбөмбөгтэй адил жишээ

Өнгөрсөн жил Инчоны Азийн наадамд манай сагсанбөмбөгийн баг яагаад амжилт гаргасан бэ? Шалтгааныг нь 7-8 жилийн өмнөөс хайх хэрэгтэй. 2007 онд шашины шугамаар Пак Сун Гин гэж өмнөд солонгос дасгалжуулагч ирж шигшээ баг болон Хасын Хүлэгүүд клубыг дасгалжуулж эхэлсэн юм. Пак дасгалжуулагч ирэхэд лигийн тоглолтын дундаж оноо авалт 80-90 хооронд (хамгаалалт сайжраад ирэхэд 10-15 оноогоор багассан) байсан бөгөөд монголын сагсанбөмбөгт хурд, хөдөлгөөн, нэхэлт, хамгаалалтын олон шинэ хувилбаруудыг оруулж ирэв. Туслахаар нь одоогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Баярцогт ажиллаж байлаа. Пакыг дагаад БНСУ-ын Донг Гук, Танг Гук, Хувийн их, дээд сургуулийн шигшээ багууд олон улсын тоглолтоор манайд ирж, Донг Гукын Их Сургууль дараа жил нь мөн ирсэн юм. Эхний жил Монголын шигшээ, Оюутны шигшээ, Донг Гук, Эрхүү хотын багууд оролцсон дөрвөн багийн тоглолт болж Донг Гук тасархай  түрүүлж байлаа. Миний хувьд ТВ9 телевизээр гурван жил сагсны лиг, эдгээр олон улсын тоглолтуудыг тайлбарлаж байсан юм. Дараа жил нь №7 Ёо Бун-Жэ, №8 О Жи Сок хоёр тоглогч нь сургуулиа төгсөөд, хоёр шинэ тоглогч гараанд нэмэгдэж ирсэн бөгөөд манай шигшээ баг Донг Гукыг нэг тоглолтонд хожиж, шигшээ тоглолтонд хожигдсон. Донг Гукын дасгалжуулагч, тамирчид танай баг нэг жилийн дотор хамаагүй өөр болсон байна гэж хэлж байлаа.

БНСУ-ын хувийн Их Сургуулийн шигшээ багийг нь мөн л, эхний тоглолтонд хожиж, аваргын төлөө хожигдож байлаа. Ганцхан жилийн дотор манай сагсанбөмбөгийн хамгаалалт хамаагүй өөр түвшинд очсоныг тэндээс харсан юм. Багаар тоглох, багаар сэтгэх гэдгийг манайхан сайн сурсан байв. Мэдээж Пак багш манайханд тохирсон хатуу, зарчим ч, уйгагүй дасгалжуулагч байлаа. Заримдаа хэтрүүлдэгийг эс тооцвол. Зөвхөн гарааны таваараа тоглодог манай арга барил өөрчлөгдөв. Үүнээс хойш манай сагсанбөмбөгийн тэсрэлт өөр түвшинд очиж серб, япон дасгалжуулагчид ирж бүр ч олон талт болов. Инчоны наадмын сагсанбөмбөгийн тоглолт тухайн үеийн Пак дасгалжуулагчтай, жижиг бүрэлдэхүүнтэй Халлелуяа шиг байсан. Тэднийг тоглолтыг үзэх үнэхээр сонирхолтой байж билээ. Яг л манай шигшээ баг шиг. Халлелуяагийн хамгийн өндөр нь Ш.Сэдбазар байсан бол Инчонд хамгийн туршлагатай нь байлаа. Ц.Азбаяр, Г. Баттөр, О.Сэргэлэн, М.Бадрах, М.Отгонмөнх гээд одоогийн шигшээ багийн тал нь Пакаар дамжсан. Б.Билгүүн, С.Өрнүүнбилэгийг БНСУ-д суралцахад нь тусалсан, одоо Б.Билгүүн ямар өндөр зэрэглэлийн тоглогч болсныг бүгд харж байна. Дээр нь  Б.Одбаярын хагалгаа гээд манай сагсанбөмбөгт асар их хувь нэмэр оруулсан хүн.

Пакын туслах байсан О.Баярцогт ямар их зүйл монголд авч үлдсэн нь шигшээ багийн тоглолтоос харагдаж байна. Олон жил боловсорсон үр дүн Инчонд гарлаа. Боловсон хүчин чухал байдгийг сагсанбөмбөгийн жишээ хангалттай харуулж, нэг хүн том өөрчлөлтийг эхлүүлж болдгийг бүгд харж байна.

Хамгийн гол нь сагсанбөмбөгт ямар ч мэргэжилтэн ирсэн тэднийг ажиллуулах боломж хангалттай олддог байлаа. Харин хөлбөмбөгт бол үгүй. Эсрэгээр хөөж туух нь элбэг. Сагсанбөмбөгийн хүүхдийн клубуудээс илүү олон улсын стандартад нийцсэн клуб хөлбөмбөгт бий. Зургаан жил европт тэмцээнд оролцож, хоёр хөрш рүү жил бүр олон улсын тоглолтонд ордог Дэрэн клубт Серб, Япон, Солонгос дасгалжуулагчид ирж байлаа. Дараагийн клубууд араас нь орж эхэллээ. Сагснаас ялгаатай нь хөлбөмбөгийн удирдлагууд чадварлаг болон гадаад хүмүүсийн харшилтай. 

Сагсанбөмбөгийн хөгжил нь нэгдүгээрт 90 оны гудамжны шийд, Маикл Жорданоос эхэлсэн нь хөлбөмбөгөөс арай түрүүлж хөгжих суурь болж, гадны өндөр хөгжсөн хөгжлийг хүлээж авахад ойрхон байсан. Хоёрдугаарт тогтолцооны гажиг буюу зүй бус инстүүцийг удаан хадгалах боломж удирдлагуудад нь олдоогүй. Пак дасгалжуулагчаас гадна, хувийн хэвшилийн эрүүл бодлого тогтолцоог бага багаар засч байсан юм.

Баялагийн хараал ба гайхамшиг үргэлжилсээр...

Хөлбөмбөгийн өөрчлөлт 2000 оны дундаас эхэлсэн. Сагсанбөмбөгөөс 10 жилийн дараа. Гэхдээ удирдлагууд нь хоёрдугаар шат руу ороход саад хийж чадсан юм. Саяны сонгууль ч гэсэн буруу тогтолцоог хадгалах сонирхолтой хэсэг нөхдийн ялалт болсон. Гүйцэтгэх хороонд нь эрүүл хүмүүс орсон ч, нэгдүгээр хүн нь (ерөнхийлөгч) дүрэм зөрчсөн, хөлбөмбөгийн хөгжлөөс тэс өөр бодолтойг үйлдлээс нь харж болмоор. Манай хөлбөмбөгийн бас нэг бараан түүх рүү орох болов уу даа! Харж л байя!

Хөлбөмбөг, сагсыг бодвол олон давуу талтай. Нэгдүгээрт олон улсыг хамарсан асар том брэнд. Тэрийгээ дагаад нэр хүнд өндөр, компаниуд өөрсдөө гүйгээд ирдэг. Хоёрдугаарт телевизийн эрх нь үнэтэй, үзэгч ихтэй. Эрэлт маш их байгааг эндээс харж болно. Зүүн Тимортой хийсэн тоглолт ч үүнийг батална. Гуравдугаарт олон улсын гурван том байгууллагаас санхүүжиж (ОУХБХ, Азийн ХБХ, Зүүн Азийн ХБХ), материал техникийн тусламж санаанд оромгүй ихийг авдаг. Сагс энэ гуравт хүрэхгүй. Гурав дахь нь бүр байхгүй. Энэ бол гол гурван давуу тал болохоос дотоодоос босгох мөнгө, бусад улсын холбоодын тусламжыг оруулсангүй.  Яагаад хөлбөмбөг, сагсанбөмбөгийн хөгжилд хүрэхгүй байна вэ? Хариулт нь тогтолцооны гажиг. Сонгуулиас болж шигшээ багийн серб дасгалжуулагчаа халж, ерөнхийлөгч болохын тулд дүрэмгүй мэт аашилж, тогтолцооны гажигийг хадгалахын тулд ерөнхий нарийн бичгийн даргаар Ардчилсан Залуучуудын Холбооны дэд ерөнхийлөгч ажиллаж байна. Хөлбөмбөгийн холбоонд хөлбөмбөгийн анхан шатны (анхан шатны шүү) ойлголттой нэг хүн ажиллаж байвал их юм. Нээрээ шүү. Энэ бол баялагийн хараал.

Мөнгө орж ирдэггүй байсан бол сагс шиг жам ёсоороо хөгжөөд явах байсан юм. Сагс хувийн хэвшилд тулгуурладаг учраас хөгжиж байгаа бол, хөлбөмбөг “баялаг”-ийн бялуу хүртэгсдийн хараал болсон.

Өнөөдөр манай улс ямарч салбарт эхний зууд багтана. Ганц хоёр салбарт 130 орчим байгаа л байх. Инерцээрээ бол араас нь эрчтэй гүйцэж буй улс. Бүх салбарт бид европын хөгжиж буй орнууд, азийн дундаж улсуудтай зэрэгцэж, африкийн ихэнх улсаас дээгүүр бичигддэг. Харин хөлбөмбөгөөр 195-д. Энэ холбоо засаглалын хувьд асар хол хоцорсоныг эндээс харж болно. Бид Зимбабве, Мозамбек, Афганистанаас дор байна. Манайд Зимбабвегийн зэрэгтэй аваад явчих хөлбөмбөгийн мэргэжилтэн, мэнэжэр бий. Цөөхөн ч гэсэн ядаж Бангладеш шиг бодлого тодорхойлчих боловсон хүчин байгаа. Яагаад африктай зүйрлэж байгаа юм гэж уншигч та ундууцаж магадгүй. Уучлаарай эдгээр баримтуудыг харвал та, энэ чинь африкийн улс байна гэж эндүүрнэ.

2011 онд Зүүн Азиас авилгалын хэргээр МХБХ бандууллаа, 2014 онд ерөнхийлөгч нь авилгалын хэргээр бандууллаа, Азийн Техникийн албаны сургалтанд хөлбөмбөгийн тайлбарлагч явж байна, ерөнхийлөгчийн орлогч нь хүүхдээ хиймэл зүлэг арчилгааны семинарт явууллаа, сонгуулиар нь аймгийн дарга нар ирж сонгууль өгч байна, нарийн бичгээр нь АЗХ-ын дэд ерөнхийлөгч ажиллаж байна, шигшээ багийн дасгалжуулагчийг нэг хүүхэн томилж байна, шинэ ерөнхийлөгч нь хөлбөмбөгийн хамгийн чадварлаг гэсэн хэдтэйгээ үзэлцдэг Зимбабве (африк маягийн үндсэн жишээ) маягийн арга хэрэглэж байна. Жүдогийн холбооноос суралцаж, хамтарч ажиллана гэнэ (зөвхөн телевизээр яаж шууд дамжуулах вэ гэдэг АХБХ-ы үнэгүй 3 сарын сургалт бий, хөлбөмбөгийн сургалтыг яаж жүдотой харьцуулж чадаж байна аа). Нэгээс бусад нь сүүлийн 4 сард болсон. Бид тэднээс ямар ялгаатай юм бэ!!!

Баялагийн хараалын жишээнд африкт дарангуйлагчид олон жил төр барьсан байдаг. Гадны тусламж тэднийг байр сууриа удаан барихад тусална уу гэхээс, улсын хөгжилд ямарч нөлөөгүй гэдгийг Дарон Ажэмолу, Жэймс Робинсоны “Улс үндэстний уналт доройтлын шалтаан”, Пол Коллиерийн “Адагт үлдэх тэрбум” гээд хоёр бэстсэллэр дээр баримт, жишээтэй нь дурьддаг. Азаар зөв, ёс зүйтэй хүмүүс сонгогдож улс орны хөгжил зөв талруугаа эргэдэг Ботсваны жишээ хаяа нэг тохиолддог. Хөлбөмбөгт ч бий. Олон жил дарангуйлагч хийж байгаад, өөрийнхөө хүндээ шилжүүлдэг жишээ хэтэрхий олон. Яг л манай хөлбөмбөгийн холбоо шиг. Заримдаа нүдэнд харагдтал, одоо яг ингэнэ дээ гэтэл адилхан байхыг нь яана. Хамгийн чухал, үндсэн ажлыг нугалдаг нарийн бичигийн даргаараа АЗХ-оос хүн тавьж байхад, Зимбабве мэтийн бодлого гаралгүй яахав. Тэгвэл захын нэг циркчин тавьсан ч ялгаа байхгүй. Хөлбөмбөг бол мэргэжлийн салбар. Мэргэжлийн хүн ажиллаж байж хөгждөг. Draft day гээд Холливүүдийн 2014 онд хийсэн киног үзээрэй. Нягтлан хүүхэн нь хүртэл америк хөлбөмбөг дуртай, сэтгэлтэй, мэдлэгтэй тэр хирээрээ үүргээ ухамсарладаг тухай гарна. Манай холбоо шигшээ багтаа хүйтэн ханддагийг саяны тоглолт гэрчилнэ, тоглогчид хэлнэ.

Дайнтай, үймээнтэй, авилгалтай, ядуу, тоглох хүнгүй тийм л улсуудтай хөлбөмбөг зэрэгцэж байна. Ардчилсан эрх чөлөөт, хөлбөмбөг сонирхогчид, тоглогчид ихтэй, гаднаас хөлбөмбөгт нь мөнгө өгдөг улс орныг ингэж авч яваа нь үнэхээр гайхамшигтай. Гайхамшиг үргэлжилсээр...