-          Ойрхи Дорнодын хоёрдугаар фронт нээгдлээ!

2014, 2015 он Йемен гэдэг арабын орны түүхнээ тодхон үсгээр бичигдэж гүн ул мөрөө үлдээлээ. “Арабын хойгийн Аль-Каеда” гэгч террорист боевикуудын эсрэг төр засаг нь  америкийн цэрэгтэй нийлэн тулалдаж дөнгөн данган торгоон барьж байтал хамар дороосоо лалын шиит шашинт хоусит гэгч омгийн дайчдыг давраасаар төр улсаа эзлүүлж, нийслэлээсээ төрийн тэргүүн нь хөөгдөж дэлхий нийтийг цочроож дэлдийлгэсэн үйл явдалтай тулгарчээ. Гол нь энэ үйл явдал гэрлийн хурдаар хэн ч, хаана ч төсөөлж амжихааргүй хурдан өрнөж ялалтад хүрчээ.

Лалын шиит шашинт хоусит гэгч босогчид хаанаас гараад ирэв, мэргэжлийн байнгын хүчирхэг армийг хэрхэн ялав, яагаад тэдний эсрэг олон улсын (голлох хүчин нь лалын суннит шашинт хөрш арабын орнууд) ийм хүчирхэг эвсэл яагаад байгуулагдав гэдэгт дэлхий дахин хариулт хайсаар. Ямар ч атугай Араб ба Ойрхи Дорнодод лалын исламизм,  экстремизмийн эсрэг хоёрдугаар фронт нээгдлээ. Эхний фронт нь Иракт “Лалын улс” гэгчийн эсрэг байгуулагдаад амжилтгүй тулалдаж байна, хоёр дахь нь Арабын хойгийн өмнөд ба баруун өмнө жигүүрт агаар, тэнгис, хуурай газраар зэрэг эхэллээ.

Энд байлдааны ажиллагааг тоочин бичих бус ингэж байлдуулах болсон үндсэн шалтгаан руу орж тайлбар хайя. Төр улсын тогтвортой байдал, залгамж чанар, залгамж халаа гээч ойлголт байхгүй, бүхнийг хүчээр (цэрэг, шашин, клан гэхчлэн) шийдвэрлэж ирсэний сонгодог жишээ бол өнөөгийн Йемен орон билээ.

Уг нь өнө эртний түүхэн иргэншил, соёлын нэгэн голомт хэмээн үздэг энэ орон умард, өмнөд гэж олон жил тусдаа оршсон. Сана, Аден гэж хот хотоор нь төлөөлүүлэн ярьж болно. Сана нийслэлтэй Умард Йемен нь 1918 онд Оттоманы эзэнт гүрнээс салж тусгаар тогтнолоо олоод 1962 онд Хаант төрөө мөхөөж БНУ болсон байгаа юм. Тэгэхдээ 8 жил өвөр хоорондоо БНУ-чууд ба роялистууд байлджээ. 1967 онд Аден нийслэлтэй Өмнөд Йемен нь Их Британиас тусгаар тогтнолоо олж аваад, 3 жилийн дараа гэхэд Москвагийн ивээлийн социалист улс болохоор өөр зам сонгожээ. 1990 онд хоёр Йемен нэгджээ. 1994 онд иргэний дайны хөлд нэг удаа хүчтэйхэн нэрвэгдээд авчээ. Өмнөд Йеменийн эрх баригчид салан тусгаарласнаа зарламагц хоёр сар ширүүн тулалдан байж Умард Йеменийн удирдагч маршал Али Абдалла Салехын цэрэг салан тусгаарлагчдыг дарж, эгүүлж эх орноо төвшитгөжээ.

Тэгвэл 2011 онд Араб ертөнцөд дэгдсэн “Арабын хавар” гэх нийгэм-улс төрийн хүчирхэг хувьсгалд хамгийн ихээр хэлмэгдэж хохирсон нэг улс нь эдүгээ энэ Йемен болж хувирлаа. Энэ оронд хувьсгалын эцсийн зорилго нь 1978 оноос ээлж халаагүй 33 жил засгийн эрхийг ганцаараа барьсан Али Абдалла Салех гэх домогт эрийг түлхэн унагах явдал байв. Йеменчүүд ёстой нэг элдэвлэн байж арай гэж буулгасан даа. Ясны цэргийн хүн Али Абдалла Салех нь 1962 оны цэргийн эргэлтэд оролцож хаант засгийг түлхэн унагалцаж, иргэний дайнд оролцон баатар болж, цэргийнхнээр хүрээлүүлж явсаар цэргийн эргэлтээр засгийн бүх эрхийг авчээ. 

Цэргийн энэ эрхтэн өөрийгөө, дэглэмээ хамгаалуулсан улс төрийн нам маягийн бүтэцтэй, тэр нь нам гэхээсээ хувийн, гэр бүлийн, кланы, цэргийнхний бүлэглэл маягтай “Йеменийн  Ардын ерөнхий конгресс нам” байв. Нэгэнтээ цэргийн баялаг намтартай тул “түүхэн бие хүн” гэх ойлголт энэ улсад өөрөөр төлөвшсөн. Лут мэргэн улс төрчийг ард түмэнд нь дээрээс заяадаг ба товойн гарч ирсэн түүнийгээ нийгэм нь амьд бурхан адил тахин шүтнэ, тахин шүтлэгт нь хязгаар байхгүй, тахин шүтлэг нь ард түмнийх нь хувьд аз жаргал нь байх ёстой. Парламент нь ганц нам буюу бүлгийн мэдэлд, ярсхийн гар өргөх депутатууд, Засгийн газар нь тэр чигтээ “түүхэн тэр бие хүн”  өөрөө. Иймд төр гэдэг бол ердөө л ганц хүн, нийгэм бол ганц л баатар, өөр хэн ч үгүй. Үхвэл хүү нь залгамжлах тавилантай, ийм байдалтайгаар Йемен орон 33 жилийг туулсан байгаа юм. 2013 онд болохоор товлоод байсан сонгуулиар хүү Ахмедаа сонгуулихаар мань эр санаархаж байгаад Египетэд хувьсгал дэгдмэгц гэнэт болиулснаа зарласан. Тэрээр нийт 7 хүүтэй, улс төрийн хүрээллийг ах дүүсээрээ дүүргэсэн, залгамжлах хүү Ахмед нь Ерөнхийлөгчийн гварди болон аюулгүй байдлын тусгай албыг толгойлдог. 

Яг ийм фонон дээр хувьсгал эхэлсэн ба тэр нь явсаар өнөөгийн гай түйтгэр рүү хүргэчихээд байна. Мань Ерөнхийлөгч Али Абдалла Салех  ярилцлага өгөхдөө өөрийг нь огцруулбал улс оронд хаос зайлшгүй гэж сануулж, иргэний дайнд 20 жилийн турш нэрвэгдэж байгаа Сомалитай зүйрлүүлж “Хоёр дахь Сомали” болж хувирна гэж айлгаж байсан нь үнэний голоор хэлсэн мэт. Айхтар ёрложээ.

Тэрээр засгийн эрхээ өгнө, өгөхгүй гэж баахан толгой эргүүлээд, эрх мэдлээ энхийн замаар, ямар ч даралт шахалтгүйгээр, найдвартай гарт шилжүүлнэ, Дэд ерөнхийлөгч Абд Рабба Мансур Хади гэгчдээ 60 өдрийн дотор шилжүүлнэ гэж амласан. Амлалтынхаа хариуд өөрийг нь болон гэр бүлийнх нь гишүүдийг оролдож хөндөхгүй байх баталгаа шаардаж байсныг санаж байна.

Ерөнхийлөгчийн эсрэг тэмцэгчдийн талд армийн дээд,  дунд тушаалын олон зуун офицер, гурван ч генерал шилжиж очиж, бүр дивизээрээ урвасан, тус орны гол гол омог аймгуудын удирдагч нар сөрөг хүчний талд, арми хоёр хуваагдсан, нийслэлд нь хэнийх нь бүү мэд баахан танк оруулчихсан дэнжигнэж байв. Ингэж улс төрчид нь цаг алдаж байх хойгуур тус орны өмнөд хэсэг нэн ноцтой байдалд орж байв. Абьян мужид лалын дайчид зэвсгийн үйлдвэр, стратегийн чухал өндөрлөг, Аль-Хусн, Жаар хотуудыг эзлэн авч, Йеменийн төв хэсэгт Аль-Каеда”-гийн бололтой лалын зэвсэгт дайчид давшиж, зууртаа аллага үйлдэж байв.

Намайг Каирт алба хашиж байхад Йеменийн Элчин сайдын яамны Түр хамаарагч  бүрэн эрхт сайд Салах Фаттах Исмаил гэж миний йемен найз ирж уулзсан нэгэн учралаас энд эшлэе. Тэр бол Монголтой эчнээ холбогдсон нөхөр байв. Түүний аав Абдель Фаттах Исмаил нь Өмнөд Йеменийн нам-төрийн удирдагч байхдаа Монголд 1972 онд айлчилж байсан, би тэр тухай түүхэн баримт бичиг, гэрэл зургуудыг Гадаад хэргийн төв архиваасаа хүүд нь хувилан аваачиж буян үйлдэж байсан, ийм дотно хоёр юм. Түүний аав нь БНАЙАНУ-ын Үндэсний фронтын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий сайд, Ардын Дээд Зөвлөлийн дарга, Йеменийн социалист намын Ерөнхий нарийн бичгийн дарга хийж яваад улс төрийн хуйвалдааны золиос болон 1986 онд амиа алдсан тухай би 1986 онд монголын хэвлэлд (“Цаг үе” сэтгүүл) бичиж байсан, хувь заяаны эрхээр хүүтэй нь Каирт уулзаад нөхөрлөсөн юмсан.

Абдель Фаттах Исмаил Ю.Цэдэнбалтай хэлэлцээ хийж байна

1986 оны тэр цуст үйл явдал бол Йеменийн улс төрийн байж байгаа төрх нь юм. Тэр дундаа социализм байгуулж байсан Өмнөд Йемен бол Арабын хамгийн ёозгүй дарангуйлагч дэглэмийн нэг байв. 1986 оны аллагыг үйлдсэн этгээд нь Али Насер Мухаммед. Бригадын генерал явсан энэ эр Өмнөд Йемений Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон ба 1986 он гармагц мань хүн Аден хотноо хувьсгалын жинхэнэ удирдагчид – Абдель Фаттах Исмаил, Али Ахмад Насер Антар, Али Шаи Хади,  Салех Муслех Касем нарыг Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны хурал дээр АК-гаар шүршиж байв. Нийслэлдээ танк оруулж цэрэг хөдөлгөн хэдэн өдөр үхэх сэхэхээ үзжээ. Лав 10 мянган хүн алагдсан, аллага үйлдэгч маань Хойд Йемен рүүгээ дүрвэн зугтсан, дараа нь Дамаск руу дүрвэсэн, хаачсаныг бүү мэт. Шарил нь Саудын Арабт байгаа дуулддаг.

Али Насер Мухаммед Монголд айлчилж байна

Йеменийн улс төрч маршал, бригадын генерал, амь алдсан нэг гээд гурвынх нь хувь заяа ердөө энэ. Дөрөв дэх үйл лай нь Абд Рабба Мансур Хади гэгч дээр яг одоо нөмрөөд ороод ирлээ. Тэрээр буухгүй гэж мөн ч их элдэвлэсэн, буулгана гэж цаадуул нь ч их элдэвлэсэн. Ингэж ингэж өнгөрөгч нэгдүгээр сард өөрөө Засгийн газартайгаа хоуситын шиит босогчдод олзлогдон хүчээр огцров. Хоёрдугаар сараас шиитийн үймээн дэгдээгчид Түр засгийн газраа байгуулсан ба түүнийг нь 2011 онд огцорсон нөгөөх маршал Али Абдалла Салехын талынхан дэмжив. Огцорч гэрийн хорионд хоригдсон Ерөнхийлөгч Абд Рабба Мансур Хади нь гуравдугаар сарын дунд гэхэд өмнөд йеменийн Аденд зугтаан ирж Засгийн газраа байгуулан нийслэл Сана руу хариу довтлохоор шийдсэн ба тэр нь бүтэлгүйтмэгц эхлээд Оман, дараа нь Саудын Арабт дүрвэн гарч, Саудын Арабын шинэ Хааныг ятган эвслийн цэрэг хөдөлгөхөөр болж эх орон руугаа атаклуулж байгаа нь энэ буюу. Оманаас бусад Персийн булангийн орнууд эвсэлд орж, дээр нь Египет, Иордан, Пакистан, Судан, Марокко нэмэгдэж, нийт 9 улсын нэгдсэн арми “Шийдвэрлэх шуурга” (Decisive Storm) гэх цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ...

      “Өглөөний сонин”-ы захиалгаар зохиогчийн бичсэн нийтлэл