УИХ-ын дарга “Төрийн албан хаагчдыг хоморголон халах явдалтай хатуу тэмцэнэ” гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Гэвч төрийн байгууллагын хаанаас ч энэ талын гомдол мэдээлэл маш олон, бүр дэндүү олноороо ирэх боллоо.

Уг нь Шадар сайд У.Хүрэлсүх ажлаа хүлээн авсныхаа дараахан агентлагийн дарга нарт ажлаа сайн хий гэсэн сэдвээр сүрийг үзүүлсэн. Гэвч ШӨХТГ, МХЕГ, ОБЕГ-ын дарга тэргүүтэн шил дараалан халагдаж, хоморголон халагдсан албан хаагчдыг УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү гишүүд л өмөөрөх болсон ч энэ үйлдлийг нь улстөржүүлэн тайлбарласаар байгаа билээ.

Үүний өмнө “МИАТ” ТӨХК-ийн захирал алдагдлаа арилгаж ашигтай ажиллуулж чадахгүйгээ хүлээн ажлаа өгье гэснээ улс төрийн нэгэн “том” намын дарга руу нэн даруй утсаар яриад л гэнэт зоригжиж “Ажлаа өгч чадахгүй” гээд сууж буй талаар мэдээлэл ирсэн. Гэтэл өчигдөрхөн “Гаалийн ерөнхий газарт хоморголон халах явдал газар авч, жинхэнэ бужигнуулж байна. Ийм нөхцөлд бид яаж ажиллах юм бэ” гэсэн гомдол, мэдээлэл ирэв.

Харамсалтай нь дараагийн “бай” нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар байж таарчээ. Хяналтын тухай хуулиараа ч тэр, нарийн мэргэжлийн байцаагч цөөнтэй хүний нөөц талаасаа ч энэ “шуурга”-ыг тэсч гарах нь олон нийтэд дэндүү эрсдэлтэй юм.

Хяналтын байгууллага гэдэг талаасаа намчирхах үзлийг халсан, цэвэр ариун төрийн нэрийн өмнөөс ажиллагсад энд л байх ёстой гэсэн хүлээлт бий. Гэтэл бодит байдал дээр энэ нь ташаа ойлголт болж таарах нь. Тухайлбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун гурван намын даалгаврыг нэгэн зэрэг гүйцэтгэх гэж “зүдэрч яваа” аж. Түүнийг өмнөх Засгийн газарт Д.Тэрбишдагва Шадар сайдаар ажиллаж байх үед “намын тохироо” гэгч тактикаар томилсон юм байна. Товчхондоо Д.Тэрбишдагва гишүүн Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын даргаар томилон ажиллуулж байсан “өөрийн хүн”-ээ дэргэдээ авчирсан хэрэг.

Ирсэн даруйдаа дэд дарга, тамгын дарга гээд олон хэлтсийн дарга нарын хувь заяагаар тоглож халаа сэлгээг ч хангалттай хийж шадар сайдынхаа хүмүүсийг байршуулж гарсансан. Одоо харин халаа сэлгээнд өртөхгүй тэсч үлдээд байгаа шалтгааныг нь МАН, түүний төлөөлөл Ш. Раднаасэдийн даалгавраар ажилладаг гэлцдэг  юм билээ. Гэвч тэрбээр байр сууриа хадгалах, мөн хамт олондоо “уусах”, ялангуяа АН-ын “хаягтай” цөөн хэдэн хүний эв аяыг олох мяндсан ухаан зарж “Би Д.Арвины хүн. АН дахь Ардчилсан хүчний холбооны фракцийнх. Тиймээс намайг У.Хүрэлсүх, Ш.Раднаасэд нар шахаж дарамтлаад байна” хэмээн зовлон тоочдог аж. Ингээд энэ хүн гурван намын дунд хавчигдах болсон гэнэ.

Харин Л.Эрдэнэчулуун даргад эдүгээ МХЕГ-ын даргадаа үнэнч үлдэж хүссэн “цэвэрлэгээ”-г нь хийж өгөөд суудалдаа үлдэхээс өөр арга үлдсэнгүй бололтой.

Анх даргын ажилд томилогдохдоо УИХ-ын даргын дэмжлэгийг авсан гэдэг ч одоо бол амиа хоохойлохын тулд даргынхаа эсрэг даалгавар биелүүлж суух ч гэж дээ.  Хэдэн хэлтсийн дарга нараа дээдчүүлийн  таалалд нийцүүлэн хоморголон халсаар эхлээд Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн хэлтсийн дарга нар халагдаж, Налайх, Баянгол, Хан-Уул Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нартай тунаж үлджээ. Ядахдаа эдгээр  хэлтсийн дарга нар дотор нь доктор профессор цолтой, төрийн албаны туршлага арвинтай хүмүүс байгааг хэлэх үү. “Цагаан цамц, хар юбка л өмс” гэчихээд цаг бүртгэж суудаг “пионерийн удирдагч”  даргын үгээр амархан халагдах хүмүүс биш ажээ. Аргаа бараад аахар шаахар  шалтгаанаар “анхааруулга” гэгчийг  өгүүлж  үзсэн ч “Ижил түвшний албан хаагчид ийм анхааруулга өгдөг” гэж Төрийн албаны тухай хуульд заагаагүй гээд өөдөөс нь тачигнаад зогссонгүй өнөөх айлгадаг анхааруулгынх нь утга агуулга, үг үсгийн алдааг хүртэл хэлж өгсөн байна.

Аргаа барсан Ли Эрдэнэчулуун дарга хэлтсийн дарга нараа дуудаж “Таны оронд томилох хүний анкет бэлэн болсон. Намаас шахаад байгааг ойлгож байгаа биз дээ. Ажлаа өөрийн хүсэлтээр өгвөл халагдсан тэтгэмжийг тань бүрэн олгоно эсвэл байцаагчаар үлдээе. Эс тэгвэл захиргааны санаачилгаар халах болно ” хэмээн  үнэнээ өчжээ. Гэтэл мөнөөх хэлтсийн дарга нар “Улс төрийн шалтгаанаар гэдгээ халах тушаалдаа тодорхой бичээрэй. Нэгэнт биднийг улс төрийн “нүдээр” харж байгаа бол бид  хариу арга хэмжээг улс төрийн аргаар авах болно” гэдгээ  мэдэгдсэн байна.

Уг нь төрийн жинхэнэ албыг тангараг өргөсөн улс төрөөс ангид хүмүүс хийж гүйцэтгэх ёстой бус уу.

Төрийн албаны тухай хуульд:

16.1.Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол болон нам, олон нийтийн бусад байгууллагын харьяалал зэргээр ялгаварлаж үл болно хэмээсэн байдгыг эрх биш мэдмээр л юм даа

Түүнийг өмнө нь Төрийн албаны зөвлөлд сургалт хариуцдаг, харин ч энэ мэт зүй бус үйлдэлтэй тэмцэх талаар соён гэгээрүүлэх ажил хийж явсан гэж бодож явсан албан хаагчид нь урам  хугарч гүйцлээ.

Хэн нэгэн эрх мэдэлтний өмнө бөхөлзөн төрийн хуулийг уландаа гишгэн дохио зангаагаар хөдөлдөг “хүүхэлдэй”-нүүдийг хаа нэгэн газраас ухаж олоод хүслээ гүйцэлдүүлдэг нь улстөрчдийн уран ухаан болж хувирчээ.