УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хувийг Монгол Улсын иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр заасан байдаг. Үүний дагуу 971 217 иргэн тус компанийн хувьцааний 6.5 хувийг эзэмшиж байна. Эндээс харахад “Эрдэнэс Тавантолгой” ХК нь төр, хувийн хэвшил хамтарсан холимог өмчит хувьцаат компани болж байна.

Түүнчлэн хувьцаа эзэмшихгүйгээр нэг сая төгрөгөө авна гээд бүртгэлээс хасагдсан 1 сая 120 мянга 285 иргэн бүртгүүлсэн байдаг. Энэ нь тус компанийн нийт хувьцааны 7.5 хувь юм.  Тэд нэг  сая төгрөгөө аваагүй тул буцааж хувьцаа эзэмшигчээр бүртгэх ёстой бөгөөд энэ талаар Засгийн газраас шийдвэр гарахыг хүлээж байгаа юм байна.

Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компаниас хувьцаа эзэмшигч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороо энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр хуралдан тогтоол гаргаж Тавантолгойн ордод хөрөнгө оруулагч талд тавих бие даасан бүлэг болгон тусгахыг Засгийн газарт үүрэг болгосон байна.

УИХ-ын нэгэн Байнгын хорооны энэ шийдвэрийг үл тоох үндэслэл, тийм эрх Засгийн газарт байхгүй. Тэгээд ч энэ бол олон хүний эрх ашгийг нэгтгэн хамгаалж буй томоохон үндэслэл гэдгийг хэн нэгэн няцаах, үл тоомсорлох боломжгүй.

Компанийн тухай хуулиар бол “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Консорциумын хооронд байгуулах гэрээнүүд нь их хэмжээний хэлцэл ажээ. Тиймээс мөн хуулийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж хийгдэх хэлцэлд хамаарах эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн (Жишээлбэл, Баруун, Зүүн Цанхийн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийн зах зээлийн үнэлгээ гэх мэт ….) үнэлгээг тогтоох ёстой байна.

Үүний дараа их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрлийн дагуу  Тавантолгойн ордыг ашиглахаар санал өгсөн Консорциумтай их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл санал нэгтэйгээр шийдвэрлэж тогтоол гаргах ёстой байна. (Их хэмжээний хэлцэл  байгуулах журмыг Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлд зохицуулсан байна. Энэ талаар холбогдох хуулийг харна уу).

Тэгэхээр дээрх хуулийн заалтуудаас харахад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ нь санал  нэгтэй буюу 100 хувийн саналтайгаар их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг гаргах ёстой байна.

Монгол Улсын сайд, Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээр хийж буй ажлын хэсгийн ахлах М. Энхсайхан Эрдэнэс Тавантолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ийм шийдвэргүйгээр хэлэлцээр хийх эрхгүй.

Энэ бол Компанийн хуулийг зөрчиж байгаа бөгөөд байгуулсан гэрээ, хэлэлцээр нь хүчингүйд тооцогдох үр дагавартай юм. Монгол улсын сайд М. Энхсайханы энэ үйлдэл нь иргэдийн өмчлөх эрхэд халдсан, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Хоёр сая иргэн нэг сайдаас болж хохирч болох уу?