Хятадын өнгөрсөн зууны түүхээр аялая гэвэл “Зэрлэг хун: Хятадын гурван охин” бүтээлийг уншчих юм байна. Уран зохиолын маягаар бичсэн болохоор уншихад урсаад урамтай ч гэж жигтэйхэн.

Эмээ, ээж, охин гурвын амьдралыг дамнаад бараг зуун жилийг хамарсан хүний нийгмийн түүх нүдний өмнө хуудас хуудсаар амилах энэ номд өгүүлэх үйл явдал уг нь бодит түүх боловч хааяа шидэт реализм ч юм уу гэмээр хачирхалтай.

Гурван мянган жилийн түүхтэй хятадын феодализм бутран нурж, бүгд найрамдах засаглал руу шилжих асар том түүхийн донсолгооны эцэст арай хийж коммунист дэглэм тогтоод ч амар заяа үзээгүй Хятадын үймээн самуунт түүх, яг тэр түүхэн цаг үеүүдийг биеэр амсаж туулсан гурван эмэгтэйн намтраар хүүрнэн үзүүлсэн болохоор үнэн сонирхолтой.

Эмээ нь Манж Чин гүрэн мөхөж Дундад иргэн улс байгуулагдахаас гуравхан жилийн өмнө төрсөн ч хятад орон феодлын ёс заншлын сүүдрээс тийм амар салаагүй байсны улмаас олон охидын адил хөлөө давсанд боолгож хатаасан өчүүхэн тавхайтай “гоо” охин болж өсчээ. Уг нь бол хятадын эртний домгоор бүсгүй хүн ийм хөлтэй байвал “хаврын салхинд найгаж буй ялдам уд модны гүйдлийг санагдуулам” харагддаг гэж их л чамин зүйрлэдэг боловч үнэн хэрэгтээ хөлөө боолгосон охид өвдөж шаналсандаа олон шөнө уйлж хонодог байж. Нас бие гүйцэхэд бяцхан хотдоо л хамгийн үзэсгэлэн гоо бүсгүй болсон учраас нэгэн генералын татвар эм болж, охин үр төрүүлсэн нь уг номын зохиогчийн ээж болж эл түүхийн хоёр дахь үеийн гэрч болох хувьтай юмсанжээ.

Ээжийг нь төрөхөд буюу 1930-аад он гэхэд Манжуурт Японууд цөмөрч орсон цаг үе таарсан бол өсвөр нас хүрэхэд тэдний хотыг Японууд ч өчнөөн талхилж, Гоминданыхан ч дутуугүй бусинуулж, амсхийх завгүй самарч байсан учраас хэнд ч, аль ч талд итгэхээ больсон цаг үед эх нь итгэл үнэмшлээ олж авах хэрэгцээтэй цэл залуу хүний хувиар коммунист нууц бүлгэмд элссэнээр чиг нь тодорчээ. Бүсгүй тэр бүлгэмдээ коммунист партизан эр буюу зохиогчийн эцэгт дурлаж, тэд коммунист ёсоор гэрлэж, коммунист ёсоор хамтын амьдралаа өрнүүлж, коммунист ёсоор коммунизмыг байгуулж … эцэг нь бараг л коммунист ёсоор нас нөгчсөн бол эх нь арай тэгсэнгүй. Яагаад гэвэл Маогийн хятад орон хүмүүст чөлөө зав олгохгүйгээр “Зуун цэцгийн хөдөлгөөн” өрнүүлж, “Их үсрэлт” хийж, аймшигт Соёлын хувьсгал өдөөж хэдэн арван жил тасралтгүй бужигнуулсны эцэст хятад хүмүүсийн оюун санаанд ямар ч феодализмын ул мөр, эртний уламжлалын суурь, барууны соёлын элемент үгүй болж, тэр байтугай сэтгэлийн мухарт нь үнэндээ коммунизм ч орон зайгүй болж, ард түмэн эцсийн бүлэгт ердөө цагаан цаас болон хувирсан бололтой юм.

Гуравдахь үеийн охин буюу зохиогч эмэгтэй өөрөө арван таван наснаасаа эхлэн Соёлын хувьсгалыг амсаж цааш хар дарсан арван жил хятадад яг юу болж өнгөрсөн талаар нэгд нэгэнгүй нүдэнд харагдтал өөрийн туулсан амьдралаар нотлон бичсэн учраас одоо хүртэл эх газрын хятадад энэ ном хориотой ажээ.

Эмээгийнх нь орь залуу насны гунигт саарал өдрүүд яг Жан Имоугийн “Улаан дэнлүү асаа”-гийн дүрсүүд шиг нүднээ буух бол эх эцгийнх нь ирмүүн залуу насны зурвасхан үеийг зөвлөлтийн пропаганда хуудаснаас амилуулж болом. Харин коммунизмыг байгуулах гэсээр эцэстээ Соёлын хувьсгалд хүргэсэн эмх замбараагүй мэт атлаа туйлын зохион байгуулалттай дарангуйллын үеийг уншиж байхад Жорж Оруэлийн “1984” чинь зохиол биш байж гэж бодохоор нуруу руу хүйт оргимоор. Айн Рэндийн “Магтуу” юуг хэлээд байсныг тэрбум орчим хүний “би”-г үгүй хийж “бид” болгосныг уншсаны дараа л мань мэтийн үеийнхэн сая хальт мульт гадарлах маягтай.

Хамгийн хачирхалтай нь зуу зуун сая хүн үймэж самуурсан ч Маогийн хятад улс коммунист хэвээр үлдсэн төдийгүй одоо хэр үзэл санааны жанжин шугамаа Маогоос залгамжлуулан нэмж тодруулах замаар авч явдаг чанд залгамж чанарыг нь гайхмаар. Тэхдээ тухайн цагт Дэн Сяопин ингэх нь Маогийн дараах хятадыг зангидах гарцаагүй сонголт, бэлэн -изм болж өгсөнтэй холбоотой юм болов уу даа. Магадгүй өнөөдрийн хятад оронд тэрбум толгой тэрбум тийшээ хараад байхгүй “цул” болоход Маогийн оруулсан “хувь нэмэр” зүйрлэшгүй их байж ч мэднэ. Яг л хоёр мянган жилийн тэртээ Циньши хуанди ном судар шатаан байж үзэл бодлын олон урсгалыг хүчээр дарж хятадыг нэгтгэсэн лугаа адил.

Мао хятадын хэдэн мянган жилийн бугшмал үзлийг, олон салаа урсгалыг хэсэг хугацаанд ч болов арчин хаяж, ард түмнээ цагаан цаас болгож өгсөн бол түүн дээр нь Дэн Сяопин мөнгө зурж өгснөөр өнөөгийн хятад өндийсөн ч юм билүү гэж мэгээд элдэв бодол эргэлдэх юм билээ энэ номыг уншиж суухад.