Намуудын сонголт OK
МАХН Засгийн газраа ИЗН, ҮШН, БНН-тай хамтарч байгуулан АН, Эх орон, Ард түмний намуудыг сөрөг хүчнээр үлдээлээ. Намуудаас хамгийн боломжтойг нь сонгожээ. М.Энхболд Засгийн газраа бүрдүүлэхдээ хамтрагч намаа буруу сонгож, танхим дотроо сөрөг хүчин төрүүлсэн бол С.Баяр нэг хүний, компанийн намуудыг гүйцэтгэх засаглалаас шахаж чадлаа. Засгийн газраа эрхзүйн чадамжтай болгож, зарим хүнийг Үндсэн хууль зөрчсөн тухай маргаан үүсгэн Цэц рүү гүйх ажлаас нь чөлөөлөх гэж БНН-ыг танхимдаа авсан байх.

Томилгоо нь өөр хүн ч, тоглолт нь мөнхийн Б.Жаргалсайханаас байдаг БНН-аас Үйлдвэр худалдааны яамыг авч байгаль орчны салбарыг хариуцуулахаар болжээ. Харин ИЗН-ын хувьд ямар сонголт хийснийг хэлэхэд эрт. Энэ намынхан Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан нарыг засагт орвол бид орохгүй гэж байсан ч, тэднээс нэг их дээрдэхээргүй нэр хүнд бүхий зарим сайдаар МАХН-аас ИЗН-д гэнэтийн бэлэг барив. Ингэснээр ИЗН засагт орсон нь өнгөрсөн хугацааных нь улстөрийн амжилт, нэр хүнд ердөө хоёрхон сайдын суудалтай тэнцэж ч мэдэх сонголт болж хувирлаа. Харин Засгийн газарт ИЗН, түүний дарга С.Оюун байх нь С.Баярын танхимдаа л чимэг.

МАХН-ын Удирдах зөвлөл шиг “сулавтар” танхим
С.Баярын Засгийн газар 16 гишүүнтэй. Үүний 11 нь МАХН-ынх. ИЗН-аас хоёр, ҮШН-аас хоёр, БНН-аас нэг сайд тодруулжээ. Үүнд:

1.Шадар сайдаар УИХ-ын гишүүн М.Энхболд,

2.Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улаан,

3.Гадаад хэргийн сайдаар С.Оюун,

4.ХХАА-н сайдаар Ц.Ганхуяг ИЗН-ын дэд дарга, өмнө нь энэ салбарын дэд сайд байсан, 5.Барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Цолмон ҮШН-ын даргын үүрэгт гүйцэтгэгч, Гадаад хэргийн дэд сайд,

6. Зам, тээвэр аялал жуулчлалын сайдаар Сангийн дэд сайд Ч.Ганзориг,

7.Түлш, эрчим хүчний сайдаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар,

8.Хуульзүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил,

9.Эрүүл мэндийн сайдаар тус яамны төрийн нарийн бичгийн дарга Батсэрээднэ.

10.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл,

11.Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдаар хотын ИТХТ-ийн дарга Н.Болормаа,

12.Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Ж.Батхуяг ҮШН-ын

13. Байгаль орчны сайдаар Ц.Даваадорж БНН-ын, Үйлдвэр худалдааны сайд байсан

14. Үйлдвэр, худалдааны сайдаар “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х. Наранхүү,

15. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Н.Энхболд Гадаад хэргийн сайд нарыг С.Баяр санал болгож МАХН-ын удирдах зөвлөл, УИХ дахь бүлэг нь дэмжлээ. Нэрсээс харвал “сулавтар” танхим бүрдэх нь. С.Баяр намынхаа удирдах зөвлөлтэй л адил танхим бүрдүүллээ. Удирдах зөвлөл сул байх нь МАХН-ын л хэрэг, энэ намын гишүүдэд л хамаатай. Харин Монгол Улсын Засгийн газар сул байж болохгүй, энэ бол ард түмний хүсэл, хүлээлт биш гэдгийг шинэхэн Ерөнхий сайд мэдэрсэнгүй гэхэд итгэмээргүй. Гэхдээ л тэр тийм танхим бүрдүүлчихлээ. Өөрийгөө Ерөнхий сайдаасаа илүү гэж үздэг олон “лидер”-ийг танхимдаа багтаасныхаа горыг М.Энхболд амссан. С.Баяр тэрхүү зовлонг давтахгүй гэж хэт хаширласан бололтой. Энд миний бие “сулавтар” гэдгийг тухайн хүний чадвараас илүү засагт орж байгаа шалгуур, зорилго, олны дундахь одоогийн нэр хүндтэй нь холбов. С.Баярыг намынхан төдийгүй, сөрөг хүчнийхэн ч “харьцангуй нэр цэвэр, шударга” гэж үнэлдэг. Гэтэл С.Баяр өөрийнхөө танхимыг тийм хүмүүсээр бүрдүүлж чадсангүй. Товчоор хэлбэл, нэр цэвэр Ерөнхий сайдыг сэвтчихсэн нэртэй нөртэй, засагт орж ирж байгаа шалгуур зорилго нь олон түмний хүлээлтээс зөрүүтэй хүмүүс хүрээлэх болж байна. Энэ танхимыг ноён нуруу, нүүр царай болох хүмүүс Д.Дэмбэрэл, С.Оюун, Н.Энхболд гурав л байна.

С.Баяр намынхаа их хурлын шийдвэрийг биелүүлсэнгүй
МАХН-ын их хурлаас баталсан Төрийн шинэтгэлийн хөтөлбөрт Засгийн газрын гишүүдийн гуравны нэгийг УИХ-ын гишүүдээс хэтрүүлэхгүй гэж заасан. Ерөнхий сайд энэ зарчмыг танхимдаа ч, өөрийн намаас томилогдсон сайд нарынхаа хэмжээнд ч барьж чадсангүй. Танхимын 16 гишүүний долоо нь, МАХН-ын 11 сайдын тав нь УИХ-ын гишүүд ажээ. Засгийн газрын танхимын ч, МАХН-ын сайд нарын ч хоёрны нэг нь УИХ-ын гишүүд гэсэн үг. Уг нь Төрийн шинэтгэл нэртэй энэхүү баримт бичиг бол намын дарга Ерөнхий сайдаа хавсарна гэсэнтэй адил үйлчлэл бүхий МАХН-ын их хурлын шийдвэр байсан юм.

Дөрвөн дэд сайд, хоёр төрийн нарийн бичгийн даргын орон тоо суларлаа
Өмнөх танхимаас М.Энхболд, Д.Дэмбэрэл, Н.Энхболд нар улирчээ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд суудлаа хадгалж үлдсэн бол огцорсон Ерөнхий сайдын зэрэг зиндааг Шадар сайдын хэмжээнд бууруулав. Н.Энхболд Гадаад хэргийн яамнаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шилжлээ. МАХН-ыг албан тушаалтны нам гэдэг. С.Баяр ч үүнийг хүлээн зөвшөөрдөг, гэхдээ өөрөө дунд, анхан шат руу ажилладаггүй гэж шүүмжлүүлдэг. Аль аль нь үнэнийг ортойг С.Баярын Засгийн газрын томилгоо харууллаа. 2000 оноос л МАХН-ын нэрээр “бялуу”-ны аль амттай хэсгийг хүртэж байсан өнөө л цөөхөн хүмүүс дахин хуваарилалтаар Засгийн газарт орлоо.

С.Баяр ч өөрөө сайд нарыг тодруулахдаа дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нараас доошхи албан тушаалтнуудыг тоож хараагүй бололтой. Жишээ нь, Сангийн яамыг тараан байршууллаа. Сайд Н.Баяртсайханыг Ч.Улаанаар солихын зэрэгцээ дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг нь дэвшүүлж сайд болгов. Хэрэв дээрх хүмүүсийг сайдаар баталбал дөрвөн дэд сайдын, хоёр төрийн нарийн бичгийн даргын орон тоо суларч байна. Сангийн, Гадаад хэргийн дэд сайд нар дэвшиж, АТН, Эх орон нам засагт багтаагүй учир Эрүүл мэнд, Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд нар огцрох болж байна. Харин Эрүүл мэнд, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга нар сайдаар тодорч байгаа тул орон тоо нь эзгүйрлээ. Мөн нийслэлийн ИТХ даргагүй үлдэв.

“Эрдэнэт”-ийг суллав
“Эрдэнэт” үйлдвэр өөрөө хэдэн ч Засгийн газартай тэнцэх хэмжээний бизнестэй. Энэ үйлдвэр олон ч улстөрчийг хуулийн гадуур тэжээж ирсэн, одоо ч тийм байгаа. Улстөрийн намууд “Эрдэнэт”-ийн захирлыг аваагүй бол засгийг аваагүйтэй адил гэж ярьдаг нь үүнтэй холбоотой байх. Одоо л Тавантолгой, Оюутолгой гээд байгаа болохоос биш, үе үеийн УИХ-ын гишүүн бүр “Эрдэнэт”-рүү байнга саравчилдаг, тэндээс мөнгө босгохыг сэрүүндээ ч зүүдэлдэг байлаа. Х.Наранхүүг Үйлдвэр, худалдааны сайдаар томилсноор “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын төлөөх чимээгүй, цусгүй дайн эхэлж байна .

Өчигдөр л гэхэд Засгийн газрын гишүүдийн томилгоотой зэрэгцэн “С.Баяр “Эрэдэнт”-ийг өөртөө чөлөөлж авлаа. Ерөнхийлөгч Н.Энхбаяр ын зүгээс “Моннис”-ийн захирал Д. Чулуунбаатарыг зүтгүүлнэ. Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг Засгийн газарт оруул, эсвэл “Петровис”-ийн захирал Ж.Оюунгэрэлийг “Эрдэнэт”ийн захирал болгож өг гэж Ерөнхий сайдаас хоёр л зүйл гуйсан. С.Баяр хоёр дахийг нь хүлээж авсан. Ж.Оюунгэрэлийг зүтгүүлэх нь С.Баярын эрх ашигт ч нийцэж байгаа” гэх бор шувууд нисч эхэллээ. Бас ийм нэгэн “амттай бялуу” хотын ИТХ-д гарлаа. Н.Болормааг сайд болгосноор ИТХТ-ийн даргаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджавыг сонгуулж, нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярыг огцруулах сценарийг бэлдүүлэх тухай яриа ч байна.

Ашиг сонирхлын зөрчилтэй сайд нар
Заавал хуульчлахгүйгээр хувь хүмүүсийн ёс зүй, ухамсараар хоригддог зүйл бий. Түүний нэгд эрх ашгийн зөрчилтэй томилгоо орно. Харин манайд бол ийм томилгоог хуулиар хориглоод ч дийлдэггүй. Хувь хүний ухамсар, ёс зүй бол бүр байхгүй. Шинээр томилогдох сайд нарын дотор л гэхэд ийм хүмүүс хэд хэд байна. Жишээ нь, Ч.Улааныг Сүхбатарын Цайрт минералын ордыг эзэмшдэг гэдэг. Энэ ч утгаараа өмнө нь сангийн сайд байхдаа тус ордод үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын компанид хууль зөрчиж татварын хөнгөлөлт үзүүлсэн, Тогтвортой байдлын гэрээг төрд ашиггүйгээр хийлгэсэн гэдэг яриа, хэвлэлийн мэдээ, иргэний хөдөлгөөнүүдийн мэдэгдэл олон бий.

Гэтэл энэ яриаг цэгцэлж нэг талд нь гаргаагүй байхад Ч.Улааныг дахин сангийн сайдаар томилох нь. Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Ц.Цолмоныг барилгын компанитай гэх юм билээ. “Нарантуул” зах, Улсын багшийн их сургуулийн өмнө /Номноо, Шигээ ч билүү иймэрхүү л нэртэй/ хувийн баригаа сүндэрлүүлж байгаа гэх ийм хүнийг Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлжээ. Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Басэрээдэнийн талаар ч эрх ашгийн зөрчлийн үнэртэй мэдээлэл бий.

Шагналын сайд нар
М.Энхболд Ерөнхий сайд болсныхоо дараа МАХН-аас томилогдох сайд нарыг өрсөлдөөнөөр сонгож байв. Хэн сайд болсноосоо илүүгээр тэднийг тодруулсан арга нь Монголын улстөрд шинэлэг байсан тул тухайн үедээ олон түмнээс дэмжлэг, талархал хүлээж байлаа. Гэтэл С.Баяр өр төлөх маягаар сайд нараа тодруулжээ. МАХН-ын өмнөх дарга Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулахад оруулсан хувь нэмрээр нэг кнопыг нэг сайдын суудлаар үнэлсэн. Харин С.Баяр өөрийг нь намын даргад дэмжсэн МАХН доторхи бүлэглэлүүдийн гавьяаг тус бүр хоёроос дээш сайдын суудлаар шагнав.

Тэрээр намын даргад дэмжсэн “Элсний -13”-аас хоёр Ч.Улаан, Ц.Мөнх-Оргил, МАХН доторхи Ерөнхийлөгчийн бүлгээс тав Ч.Улаан, Ч.Ганзориг, Ч.Хүрэлбаатар, Н.Болормаа, Ц.Мөнх-Оргил хүнийг сайдад нэр дэвшүүлээ. Харин С.Баярыг өөрийг нь дэмждэг Д.Дэмбэрэл, Х.Наранхүү, Н.Энхболд нар засагт багтсан бол хотын бүлгийг М.Энхболд, Батсэрээдэнэ нар төлөөлөхөөр болж байна. С.Баяр намын дарга болоод лидерүүд нэртэй улстөрийн олигархуудын цуглуулгаас МАХН-ын удирдах зөвлөлийг чөлөөлж чадсан. Харин Ерөнхий сайд болоод Засгийн газрын танхимыг шахааны, шагналын, захиалгат, эрх мэдэлтэй хүмүүсийн төлөөний сайд нарын цуглуулгаас салгаж чадсангүй. Харин ч уламжилж үргэлжлүүллээ. Тэрээр намын дарга болоод намаа Ерөнхийлөгчийн бүлэг, түүний нөлөөллөөс бага боловч хөндийрүүлсэнч танхимдаа МАХН доторхи Н.Энхбаярын бүлгийг олонхи болголоо.

МАХН-д тавьсан хуц ухнууд
МАХН-ын эв нэгдлийг хангах гэж бүлэглэлүүдээс ингэж хүч тэнцүүлсэн байж болох л юм. Гэхдээ хүн мундсан биш дээ гэмээр, МАХН-ын 160 мянган гишүүн дотор тавьчихсан хуц ухна шиг томилгоо бас байна аа. Жишээ нь, УИХ-ын гишүүн Ч.Улаан бол 1996-2000 оныг эс тооцвол 1990 оноос хойш туж сайд яваа ганц хүн. Түүний тухай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хэрэв Шадар сайдаараа байсан бол энэ муу новш, намын шинэчлэл гэж худлаа ярьж гүйхгүй л байхгүй юу” гэж ярьсан байдаг. Хэллэг нь бүдүүлэг ч үнэн л үг. Үнэхээр л “Элсний 13”-ын гавьяаг Сангийн сайдаар үнэлэх л хэрэгтэй бол, Сангийн сайдаар Сүхбаатар аймгийн харьяат Ч.Улааныг л томилж байна гэсэн хуульгүй л юм бол МАХН энэ удаа Л.Пүрэвдоржийг сонгож яагаад болохгүй гэж.

Дөнгөж 2000 онд МАХн-д элсээд дэд сайд шагнуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдож, сайдаар дэвшиж, дараа нь түр завсарлаад эргээд шагнуулж байгаа Ц.Мөнх-Оргилын томилгоо ч тиймэрхүү. Үнэхээр л өр төлөх гээд байгаа бол ”Элсний 13” хүчирхэгжиж, М.Энхболдын нэр хүндийг унагах, С.Баярын рейтингийг өсгөхөд Хуульзүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр хамгийн их хувь нэмэр оруулсан. Хэрэв Д.Одбаяр намын дарга, Ерөнхий сайдынхаа нэр холбогдсон хэргийг шалгах үүрэг өгөөгүй бол М.Энхболдын бат суудал ганхах байсан уу, мэдэхгүй. Хэрэв Д.Одбаярын оролцоотойгоор намынхаа журмын гурван нөхөр, УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал сөхөгдөөгүй бол хотын бүлгийни хүч суларах байсан уу, мэдэхгүй.

Ямарч гэсэн энэ хоёр хэрэг дээр намын харьяалал харгалзахгүйгээр шударга байсных нь Д.Одбаярыг МАХН огцрууллаа гэж олон нийт харж байна. Магадгүй төлөө түүний гаргаж ирсэн, гаргаж ирэх байсан хэргүүдийг дарах сонирхол дээр л өнөөдөр тус тусдаа яваа бүлэглэлүүд нэг нам шиг нэгдсэн болов уу. Ч.Улааныг муу санхүүч, Ц.Мөнх-Оргилыг муу эрхзүйч гэж байгаа юм биш, хамгийн гол нь тэд ямар МАХн-ын 160 мянган гишүүн дотор тавьчихсан хуц ухна юм уу.

УИХ-ын нэг сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хоёр удаа сайд болж байхын оронд бусдаддаа хүрд эргүүлэх боломж олгосон бол жинхэнэ шинэчлэл болох байлаа. Н.Болормаа, Ч.Ганзориг нарын хувьд ч ялгаагүй. Тэд бол 2004 оны УИХ-ын сонгуулиар намынхаа суудлыг алдсан хүмүүс. Бусад улс оронд ийм хүмүүс улстөрийг орхидог. Гэтэл адилхан сонгуульд ялагдчихаад нэг хэсэг нь албан тушаал дахин дахин дэвшиж, нэг хэсэг нь гудамжинд лааз өшиглөх нь МАХн-ын мэргэн бодлого бололтой.

100 хоногийн уучлалгүй Засгийн газар
Альч улсын Засгийн газар ажлын 100 хоног гэж байдаг. Энэ хугацааг болтол сөрөг хүчин нь эрх баригчдыг нэг их шүүмжлээд байдаггүй. Олон нийт ч тийм. Уучилдаг. С.Баярын танхимд тйим уучлалын хугацаа байхгүй нь. Өмнөх алдааныхаа төлөө уучлал гуйгаагүй хүмүүс Засгийн газарт орлоо гээд дахин төрөхгүй нь тодорхой. Өөрөөр хэлбэл, С.Баяр угаас нийгэмд шүүмжлүүлж, нэр хүнд нь тааруу яваа нэг бус хүмүүсээр танхимаа бүрдүүллээ. Ингэснээр шинэ засгийн газрын томилгоо МАХН-ын их хурлын эерэг нэр хүндийн үргэлжлэл болж чадсангүй. Харин ч хасах оноог нэмэрлэллээ