УБТЗ-ын дарга асан Н.Сэрээнэндоржийг АТГ-аас өчигдөр баривчилж хорьжээ. Цаг хугацааны хувьд УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга Домборовскийг буцаахаар сунгаад байсан өдөр түүнийг хорьсон нь анхаарал татсан ч тохиолдол гээд орхиж болох юм. Харин шалтгааны хувьд АТГ-ынхан шалгаж дуустлаа ам нээхгүй нь тодорхой тул зарим сэжүүрийг сануулъя. Өнгөрсөн оны аравдугаар сарын 31-нд  Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхиий хорооны дарга, “РЖД”НХН-ийн дэд ерөнхийлөгч В.Н.Морозовоос нэгэн албан бичиг иржээ. Товчхондоо “оны эхний есөн сарын байдлаар 17 тэрбумын алдагдалтай ажиллаад байгаагаа мэдэж байгаа юу.Багаараа ирж уулз,тайлангаа сайн бэлдээрэй дээ” гэсэн утга агуулсан байв.

Гэтэл 17 тэрбумын алдагдлын томоохон жинг Оросуудын “шахсан” өнөөх “Railbus” үүсгэсэн. Үүнийг орос дарга нартаа хэлбэл шууд хөөгдөнө. “Railbus”-аар үйлчлүүл гэж “тэнэг монголчууд”-даа уриалж, өглөө эрт, шөнө дөлөөр үнэгүй зорчуулна гэж сурталчлаад ч ашиг олоогүй. Хоногт 70 мянган төгрөг олчихоод хуваах эзэн олон ийм зүйлд УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх хөрөнгөөс 3.9 тэрбумыг  зарцуулж Оросоос худалдаж авсан даргыг ухаантай гэх хаашаа юм бэ. Гэтэл ашиг олдоггүй аятайхан унааныхаа зорчигчдийн хоолыг бэлтгэж нийлүүлэхдээ тасалбар тутмаас 5000 төгрөг авах “Тэгш катеринг” гэгч компани УБТЗ-ын катеринг үйлчилгээ эрхэлдэг “Ган зам”-ыг тас дайраад орж ирсэн мөртлөө “Mongolian airlines” агаарын тээврийн компанийн дардастай. “Тэгш катеринг” тийм л хүчирхэг том компани байсан юм бол яагаад авиа компаниас ам арчих цаас гуйдаг билээ, арай яаруу давчуу байгуулсан юм биш биз гэдэг нь анхаарал татсан. Ерөөсөө “Railbus” авах идеа ч “Тэгш катеринг”-ийн мэргэн санаа байсан ч юм билүү. Эсвээс хэзээ “Railbus”-тай болно гэж энэ компанийг байгуулчихаад хоол хийх гээд сууж байхав.

Цаашилбал сэлбэгийн бизнес, хангамж гээд УБТЗ гэдэг их айлаас хулгайлах хөрөнгө барагддаггүй юм билээ. Баригдах гээд байвал нягтлан нь цонхоороо тайлан тооцоогоо чулуудчихна, тосоод зогсож байсан хүн ч эдүгээ эрүүл энх, тарган цатгалан яваа гээд хөгжилтэй түүх олонтой. Харин одоо инээд нь ханиад болж эхэллээ. “УБТЗ”-ыг ашигтай ажиллуул гэдэг оросуудын даалгаврыг Монголын эрх ашгийг зөрчин байж биелүүлсэн Н.Сэрээнэндорж хоригдлоо. Нэг ийм балай юмны тайланг яаж гоёор гаргаж Москвад очих вэ гэдэг амаргүй даалгавар байгаа биз. Тэгсгээд суудлаа өгсөн Л.Пүрэвбаатарт өгсөн дөө. Гэхдээ түүний “УБТЗ” ХНН-ийг удирдаж байхдаа хийсэн нүгэл дэндүү их.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Удирдах зөвлөл 2007 оны есдүгээр сарын 12-нд Вашингтонд хуралдаж Монгол Улстай компакт гэрээ байгуулах, нийт дөрвөн төсөлд зориулан 285 сая ам.доллар олгохоор шийдвэрлэсэн. Ерөнхий гэрээнд эдийн засгийн гол тулгуур боловч одоогоор хүнд байдалд байгаа төмөр замын үр ашигтай ажиллагаа, хүчин чадлыг сайжруулахад 188 сая ам.долларын хөрөнгө оруулах гэж буйгаа онцолсон байдаг.  

Гэтэл 2009 оны дөрөвдүгээр сарын дундуур Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлэхээр гэрээ байгуулаад хоёр жилийн нүүр үзэж буй 188.38 сая ам.долларын төслийг хэрэгжүүлэхээс татгалзаад төдөлгүй хоёр тал 250 сая ам.доллар тэнцүү төлж төмөр замын хүчин чадлыг сайжруулъя гэсэн шийдвэр гаргасан юм. Үүнээс Оросын тал 125  сая ам.доллараа яаж төлсөн бэ. Зөвхөн муу зүтгүүрээр төлсөн. Монголын талын 125 сая ам.доллараас 55 сая ам.долларт нь “зүтгүүр шахна” үлдсэн 70 сая ам.долларт нь  дохиолол холбооны байгууламжаа шинэчлэхээр болов.

саналын “УБТЗ” ХНН-ийн суурь бүтцийн дохиолол холбооны байгууламжийн шинэчлэл болон автомат хориглолтын системийн тоног төхөөрөмж нь Европын холбооны улсын стандартад нийцсэн байх нь зүйтэй гэдгийг Засгийн газрын 2012 оны аравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийнхаа дагуу Зам, тээврийн яамнаас Олон улсад нээлттэй тендер зарлалаа.

Тендерт Германы алдарт “Siemens” компани түншүүдийнхээ хамтаар шалгарав. “Алдаа гарах магадлал нэг тэрбумд нэг тохиолддог” гэгддэг тэдний технологи дэлхийд алдартай. Энэ технологийг нэвтрүүлснээр өнөөдөр жилд 21 сая тонноор хэмжигдэж буй ачаа тээвэрлэлтийн хэмжээ жилд 34 сая тонн-д хүртэл нэмэгдэх тооцоо гарчээ. Тэгэхээр яамныхан ч, төмөр замынхан ч баярлах нь аргагүй.

Гэтэл оросууд цамнаж гарав. Учир нь “РЖД” болон “Bombardier”-ын хамтарсан компани  шалгарах ёстой ажээ. Гэвч манай холбогдох газрууд “РЖД-ийн өөрийн хөрөнгө оруулалттай хамтарсан компани байх тул сонирхлын зөрчилтэй байна. Монгол улсын олон хуулийг зөрчинө”  хэмээн тайлбарласан ч оросуудад таалагдаагүй тул тухайн үеийн УБТЗ-ын дарга Г.Сэрээнэндоржийг дарамталж тендерийн үнэлгээний хорооны бүтцийг өөрчлүүлснээр шалгаруулалтыг хүчингүйд тооцов. Дарамталсан гэдгийн учир нь “РЖД”-ийн Ерөнхийлөгч В.Якунин Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Санкт Петрбургт айлчлах үеэр “Siemens ялсан байна. Зөвшөөрөхгүй” хэмээсэнтэй холбоотой.

Дэлхийд гайхагдсан технологио санал болгож олон улсын нээлттэй тендерт ялсан “Siemens” компанийнхан АТГ-т хүртэл хандсанаар энэ асуудал дууссан. Зөвхөн энэ 70 сая ам.долларын хөрөнгө оруулалттайгаар дохиолол холбооны системийг шинэчилснээр ачаа тээвэрлэх хүчин чадал одоо байгаагаас 60 хүртэл хувиар нэмэгдэнэ. Транзит тээврийн тариф, ачаа тээвэрлэлтийн хугацаа багасч, хүчин чадал нэмэгдэх, улмаар дэлхийд тоогдох, үнэлэгдэх, сонгогдох боломжтой болно. Энэ бүхэн УБТЗ-ын орос дарга нарт сонин биш байж. Харин “РЖД” болон “Bombardier”-ын хамтарсан компани  шалгарах байсныг монголчууд мэдэрч хуулиудаа зөрчөөд шууд шалгаруулах учиртай байж л дээ.  Гэвч тэр орос дарга нарын үгэнд орохгүй бол хоёр улсын дарга нарт адлагдаж хамтарсан байгууллагыг удирдахын зовлонг утгаар нь амсахад хүрээд байв.

Одоо тэр хуулийн дагуу шалгуулж эхэллээ. Түүнд Орос, Монголын хэчнээн өндөр албан тушаалтан ч тус болж чадахгүй. Хэрэв тухайн үед АНУ, Монголын аудитын компаниуд аудит хийгээд өгье гэж байхад саад хийлгүй шалгуулаад Монголын хуулийг бариад оросуудтай ана мана үзсэн бол Н.Сэрээнэндорж өдийд ядаж эх нутгийнхандаа адлагдахгүй үлдэх байлаа.

Магадгүй, түүний араас Л.Пүрэвбаатар ээлжээ хүлээж байгаа ч юм билүү. Түүнд холбогдох олон баримт жирийн сэтгүүлчдийн гарт байдаг. Наанадаж саяхан Монголын төрийн өмчит “МТЗ” компанийг ашиггүй ажиллуулахын тулд Хятадын талтай хамтран ажиллахаар Хөх хотод протокол үйлдээд ирсэн, 600 мянган төгрөгөөр, 153 саяар машин худалдан авч, “Номин” компаниас УБТЗ-ын авах авлагын оронд “Цэцээ гүн” хотхонд очоод амьдарч байгаа нь хүртэл АТГ-ынханд мэдэгдэхгүй өнгөрнө гэж үү.