АНУ-д ажиллаж амьдарч байсан олон хүн Yard sale (Ярд сэйл) буюу гэрийнхээ өмнөх цэцэрлэгт хуучин эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээ зарж борлуулдаг соёлыг сайн мэдэх биз ээ. Үүнийг гараашин дахь эд зүйлийн худалдаа, дээврийн хөндийн хэрэглэлийн худалдаа, хог хаягдлын наймаа, зүлгэн дээрх худалдаа гэхчлэн янз бүрээр л хэлдэг. Үндсэн зорилго нь айл бүрт л байдаг хаячихъя гэхэд болдоггүй, бас хэрэглэдэг ч үгүй тийм эд зүйлээ хэрэгцээтэй хүмүүст нь өгч, бас багахан ч гэсэн орлого олчихдог тийм л үйл ажиллагаа. Үүнийг хүссэн хэн ч хийж болно. Гэхдээ олон жилийн турш үргэлжилж, бүр уламжлал болтлоо тогтсон энэ үйл явдал нь өөрийн дэгтэй, соёлтой болж өргөжжээ. Хэн нэгэнд шал хэрэггүй зүйл нөгөө хүнд амин чухал шаардлагатай байдаг нь хорвоогийн жам. Дээрээс нь наймаа, худалдаа хийж түүнээсээ таашаал авдаг хүний төрөлх зан байна шүү дээ. Үүнд бас боломжийн юмыг хямдхан авч баясдаг сэтгэлгээ ч салшгүй холбоотой. Ярд сэйлийн үеэр хуучин хувцас, ном, эд эдлэл, бүр хуучин тавилгууд хүртэл зарагддаг. Хамгийн гол нь энэ худалдааны үеэр хэн ч бизнес эрхлэх зөвшөөрлийн бичиг, орлогын албан татвар нэхдэггүйд гол учир нь бий. Аль нэг амралтын өдрөө юм уу, нарлаг өдрүүдийг урьтуулж байгаад ярд сэйл хийх гэж байгаагаа зарлачихдаг. Хуучин цагийг бодвол одоо хаана хийх, ямар бараа бүтээгдэхүүн байх сэлтээ сошиалаар буюу фэйсбүүк, твиттер ашиглаад түгээчихдэг болохоор тун амар болсон гэж байгаа. Тэр өдөр нь зэрэгцээд шорлог, шарсан зайдас, бургер зарах хүмүүс нь хүрээд ирнэ. Хүмүүс хамаг байдгаа дэлгээд суучихна. Хамар хашааны нөхөр ирээд хайгаад олохгүй байсан багажаа зэвийг нь арилгаад авчихна хэмээн хөөрнө, эхнэрийн гуталд хэзээнээс нүд унагадаг байсан нэг нь хямдхан үнээр аваад өмсөхөөр болчихно. Хамгийн гол нь зарж байгаа хүмүүс, авч байгаа хүмүүсийн дунд сайхан яриа хөөрөө өрнөж, хүн бүр л өөртөө байсан хуучин эд зүйлийнхээ сайхан түүхийг хуучилж жинхэнэ хөршийн холбоо үүснэ шүү дээ. Хэрэглэхгүй байсан “хог”-оо зарж, экстра мөнгөтэй болсон хүн бүр баяртай, хэрэгцээтэй гэж үзсэн эд зүйлээ хямдхан үнээр авсандаа ч бусад нь хангалуун энэ худалдаа нэг төрлийн баяр ёслолын арга хэмжээ болдог гэдэг. Биднийг багад зуслангийн баяр болохоор элдэв худалдаа энд тэндгүй гарч, уралдаан тэмцээн болж зуслангийн хүмүүс тэр чигээрээ баярлаж хөөрдөг байсантай адилхан ч юм уу. Ялангуяа ярд сэйл бол эзэгтэй нарын хувьд сэтгэл хөгжөөх арга хэмжээ. Эмэгтэй хүн хэзээнээсээ олзворлогч сэтгэхүйтэй гэгддэг шүү дээ. Хүй нэгдлийн үеэс л жимс, цэцэгхэн түүж түүнийгээ цуглуулж нөөцөлж дараагийн алхмаа хийдэг байсан тэр чанар нь одоо ч хэвээрээ. Өнөөгийн стресс, депресс ихтэй болсон гэгдэх нийгэмд эмэгтэйчүүдийг дэлгүүр хэсч стрессээ тайлахыг зөвлөж байгаа нь шинжлэх ухааны үндэстэй зөвлөмж.



Ийм төрлийн худалдаа бол ганц АНУ гэлтгүй дэлхийн хаана чиг л байдаг. Японд ч гэсэн амралтын өдрүүдээр хүмүүс өөртөө байгаа хуучин эд зүйлсээ түрдэг цүнхэнд хийж авчраад цэцэрлэгт хүрээлэнгийн гадаа салхилангаа хэрэгцээтэй гэсэн хүмүүст нь зарчихаад халаасны мөнгөтэй болоод харьчихдаг. Үндэсний онцлог нь биз барууныхан шиг баяр хөөр болж, сүйд болоод байгаа нь ажиглагддаггүйгээс биш зарчим нь яг адилхан. Харин манайд дэлхийн хүмүүс ямар байна яг түүний эсрэг чиг хандлага үйлчилдэг нь үүн дээр ч адилхан. “Нарантуул”-ын зүүн хойд хаалган дээр баахан хуучин эд, эдлэл зардаг хүмүүс суудаг даа. Тэд бол байнгын хөөлтийн дунд худалдаа наймаагаа эрхэлдэг. Нэг мэдэхэд хөөгдчихсөн байдаг, хэрэгцээ нь байгаа учраас дахиад л цуглачихдаг. Өрөөсөн савхин бээлийгээ гээчихсэн хүн тэндээс 1000 төгрөгөөр авчихдаг гэж байгаа юм. Өөр нэг нь хэрэггүй болсон өрөөснөө тэр наймаачинд 500-гаар зарахад нөгөөх нь ахиулаад 1000-аар зараад ашгаа олж байна. Бүр гурван хүн орлого олж байгаа хэрэг ч юм уу. Тэгэхгүй бол үлдсэн нэгийгээ ашиглахгүйгээр шинээр 10000 орчим төгрөгөөр авах хэрэгцээ гардаг гэнэ л дээ. Хуучин эд зүйл хэрэглэх, хэрэглэхгүй нь хувь хүний сэжиг, сүжгийн асуудал. Үүн дээр заавал ямар нэгэн дүрэм зохиогоод байх шаардлагагүй болов уу.



Харин худалдаа наймаа эрхлэх бүхий л боломжийг бид нээлттэй, ил задгай болгож өгмөөр байгаа юм. Байж байгаад л ил задгай газар худалдаа хийгсдийг журамлана гээд талхны хэдэн бор цаасны төлөө зүтгэж яваа эмэгтэйчүүд голдуу худалдаачдыг журамлаж, тэр нь бүр дүүрэг, хотын даргын хэмжээнд очиж яригддаг л газар шүү дээ,манайх. Хүнсний бүтээгдэхүүн дээр стандарт, шаардлага байдаггэхэд тиймгүй зүйлээ гадны чөлөөт жишгийг дагаж болмоор. Манайдаа сургалт, төлбөр нь хамгийн өндөртэйд тооцогдох нэгэн сургуулийн сурагч гадаадын тэмцээнд оролцох гээд зардлын мөнгө хэрэг болоход ангийнх нь хүүхдүүд чаддаг чаддаг хоолоо бэлдэж ирээд сургууль дээрээ зараад мөнгө босгож, ангийн найздаа тусалсан тухай сонсч байсан юм байна. Бас тэр сургуульд хэрэглэсэн хуванцар саваа цуглуулдаг тусдаа булан байдаг. Уусан ундааныхаа савыг цуглуулаад түүхий эд тушаах цэгт тушаавал бага ч гэсэн орлого олдог гэдгийг хүүхдүүд мэддэг болжээ. Тийм өндөр төлбөр төлж сурдаг хүүхдүүд ийм сэтгэлгээтэй болж, арвич хямгач, нөөц бололцоогоо ашигладаг болж байна. Харин манайхан хуучин юм зарах гэлээ, авах гэлээ, өдрийн хоолондоо хоол аваад идчихэж чадахгүй гэрээсээ хоол бэлдэж ирдэг гэхчлэн нэгийгээ үзэхгүй. Австралид их сургуулийн багш нар нь оюутнуудтайгаа зэрэгцээд л гэрээсээ авчирсан хоолоо идээд суудаг сан. Манайхан сэтгэлгээндээ жаахан өөрчлөлт хиймээр л санагддаг юм.

Ер нь дэлхийн түүхэн дэх дээрэм тонуулыг худалдаа наймаа алга болгосон гэдэг нь үнэний ортой. Манайхан ч гэсэн гаднаас наймаа худалдаа хийх гэж ирсэн хятад наймаачдыг дээрэмдэж цөлмөөд гаргадаг байж. Гэтэл хэнд ч хэрэггүй хаягдах ноос, савгийг нь аваад оронд нь даавуу, даалимба өгөх хүмүүс ирэхээ больсон учраас худалдаачдад өөрөөр хандаж эхэлсэн байдаг. Их эзэн хаан Торгоны замаар наймаа хийж байгаа хүмүүсийг “Алтан цар толгой дээрээ тавиад бүтэн сар явсан ч айх аюулгүй” хэмээж, тэдэнд халдсан хүмүүсийг чанд хатуугаар шийтгэж байсан нь учиртай. АНУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч Авраам Линкольн ч гэсэн улсынхаа хүчирхэг байх нь дэлхийн бүх хүнд ашигтай байх худалдааг хөгжүүлэх явдал хэмээн тодорхойлж байжээ. Улс гүрэн нь дотроо өмнөдийнхөн ба умардынхан гэж хоёр хуваагдан нэг хэсэг нь боолгүйгээр бид яах юм гэж нөгөө хэсэг нь нэгнээ боолчилж амьдрах утгагүй гэж зөрчилдөн иргэний дайн хийж байх үеийн Ерөнхийлөгч ингэж харж байжээ. Тиймээ, худалдаа наймаа бол нэгийгээ дээрэмдэн, илүү харахгүйгээр хамгийн шударга тогтолцоог бий болгох эхний алхам юм. Хэрэв танд илүү байгаа, танд дутуу байгаа бол солилц, харилцан сэтгэл хангалуун бай гэдэг л зарчим шүү дээ. Бид ч үүнээс салж дөлж зугтаад байлгүй дэлхийн хүмүүсийн дунд нь орж алхах сан.