Хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга З.Энхболд ирэх сарын 3-нд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байгаагаа тодорхой мэдэгдсэн билээ. Ингэхдээ Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Өршөөлийн тухай, Эдийн засгийн тод байдлын тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай байгаагаас гадна АН, МАН-ын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа”-ны гэрээ цуцлагдаж байгаа учраас МАН-ын зургаан сайдыг чөлөөлж, шинэ сайдуудыг нөхөн томилох асуудлыг хэлэлцэнэ гэдгийг тодотгосон. АН-ын Гүйцэтгэх зөвлөл МАН-ыг Засгийн газраас хөөх тухай шийдвэр гаргаж, МАН гарсан ч болохгүй зүйлгүй гэдгээ нэгэнт мэдэгдчихсэн байгаа нөхцөлд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах зар гайхах зүйл биш байлаа. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намын дарга нарыг дуудаж Засгийн газар тогтвортой байх ёстой гэдэг дээр байр сууриа илэрхийлж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын сайд нарыг огцруулах асуудлыг оруулж ирмээргүй байна гэдгээ хэлсний дараахан болж байгаагаараа анхаарал татам байсан байж болох юм. Ерөнхийдөө уг уулзалтын дараа АН-аас сонгогдсон төрийн гурван өндөрлөг нэг байр суурин дээр байж чадахгүй байна гэдэг нь харагдсан, хүмүүс ч ийм цэг дээр ирэхээр нэг нам байсан ч хагарахаас аргагүй байдаг гэдгийг урьд өмнийн улс төрийн нөхцөл байдлуудаас мэддэг болохоор төдийлөн гайхаагүй гэж болох юм. Харин одоо улс төр хэрхэн цааш өрнөх бол, зуны халуун дээр халуун болж байсан энэ сэдэв усан бороо шаагих намрын өдрүүдийг хэрхэн хөтлөх бол гэдэг нь анхаарал татаж байна.

Амралт эхэлсэн ч асуудал хэвээрээ

Ямартай ч энэ өдрүүдэд төр засгийн ажил ч, намуудын ажил ч хэсэгтээ зогсоод байна. Нэгэнт ээлжит бус хуралдааны тов гарсан учраас хаа, хаанаа амрахаар явжээ. Намуудын хувьд наадмын өмнөх бүлгийн хурлуудаа нэлээд ширүүн хийж аваад тарцгаасан сурагтай. Ээлжит бус чуулган хойшилж магад гэсэн яриа гарсан ч одоогоор баттай зүйл үгүй. Өмнөх УИХ-ын дарга Д.Дэмбэрэл УИХ-д орж ирээгүй асуудлаар ээлжит бус чуулган зарлах захирамж гаргавал хууль бус үйлдэл болох талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Бас гишүүдээс санал асуухад ээлжит бус чуулганыг есдүгээр сард болгох хүсэлтэйгээ дийлэнх нь илэрхийлсэн дуулдсан. Гэхдээ УИХ-ын дарга наймдугаар сарын 3 гээд өдрийг товлосноор түшээд түр таран одсон билээ. АН-ын хувьд МАН-ыг Засгаас гаргах шийдвэр нь нэгэнт тодорхой болчихсон. Хэзээ ч МАН-тай хамтарч Засгийн газраа байгуулахгүй гэж байсан Н.Алтанхуягийг огцруулсны дараа Ч.Сайханбилэг МАН-аас эхлээд бүх намын төлөөллийг багтаан Шийдлийн Засгийн газраа байгуулсан юм. Харин түүний харьяалагддаг намаас МАН-ыг гэрээний амлалтаа биелүүлэхгүй байна гэж шүүмжилж, тэднээс салах улс төрийн шийдвэр гаргасан учраас тэр тун хэцүү байдалтай байгаа. Тэрбээр Ерөнхийлөгчийн зарласан уулзалтын үеэр МАН-ын сайд нарыг огцруулахгүй гэдгээ намынхаа даргын өөдөөс харж байгаад хэлж чадлаа хэмээн хэвлэлээр бичигдэж байсан ч нэгэнт галт тэрэг хөдөлчихөөд байхад юу хийж чадах нь тун эргэлзээтэй байгаа юм. Хэрэв МАН-ын сайд нарын асуудлыг оруулж ирэхгүй бол өөрийнх нь асуудал яригдах учраас өөр гарц түүнд үгүй хэмээж байгаа нь үнэний ортой. Ямартай ч хамгийн сүүлийн мэдээгээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намынхаа даргадаа сайд нарынхаа асуудлыг өөрөө оруулж ирнэ гэж хэлсэн гэж дуулдлаа.

Хэрэв Ч.Сайханбилэг МАН-ын сайд нарыг огцруулах асуудлыг оруулж ирвэл танхимын тэргүүн нь оруулж ирж байгаа асуудал учраас дорхноо шийдэгдээд явна. Өөрөө оруулж ирэхгүй бол АН-ын бүлэг буюу тус бүлгийн гишүүдээс асуудлыг өргөн барих учиртай. Энэ тохиолдолд МАН-аас Удирдах Зөвлөлөөрөө асуудлыг хэлэлцэж, цаашлаад Бага хурлаараа хэлэлцэх процедурын асуудал гарах учраас наад зах нь асуудал долоо хоногоор сунжирна. АН-ын хувьд ҮЗХ нь эрх мэдлээ Гүйцэтгэх зөвлөлдөө шилжүүлсэн учраас Гүйцэтгэх Зөвлөлийн шийдвэр эцсийн болоод яваад байгаа юм билээ. МАН-ын дарга М.Энхболд Ч.Сайханбилэгийг намын гишүүдийг нь аваад явсан хүний хувьд өөрөө авчраарай гээд байсан. Хэрэв Ерөнхий сайд тэдний асуудлыг өөрийн биеэр оруулж ирвэл МАН-ынхан хариуг нь барьж түүнийг огцруулах асуудлыг ч өргөн барьж таарна. МАН-ынхны хувьд Оюутолгойгоос эхлээд асуудал зөндөө байна гээд анхааруулсаар сууж буй.

МАН Ч.Сайханбилэгийг огцруулж чадах уу?

Гэвч тэд огцруулахыг хүсэвч амаргүй нь үнэн юм. Үнэндээ Ч.Сайханбилэгийн Засгийн газар зургаан сайдаасаа салаад зогсох уу, бүрэн бүрэлдэхүүнээрээ унах уу гэдэг нь АН-ынхан бусад нам хүчнүүдтэй ямар тохироо хийснээс шалтгаалах билээ. МАН-ыг засгаас гарна гэхэд АН-ын дундаж гишүүдээс дутахгүй баярлаж байгаа хүмүүс “Шударга ёс эвсэл”, ИЗНН-ын гишүүд байлаа. Бас тэдэн дээр бие даагч нар ч нэмэгдэж байгаа. Хэрэв энэ бүх талуудын эрх ашгийг АН-ынхан хангаж чадвал МАН-ынхан хичнээн эсэргүүцээд парламент дээр хүчгүйднэ. Нэгэнт саналын дийлэнхийн 44+5 тэдэнд ирчих учраас МАН-ын явуулах сөрөг пи арыг эс тооцвол айх аюулгүй гэж үзэж болох юм. Гэхдээ АН-ынхан өөрсдөө нэг цул болж, нөгөөдүүлтэйгээ ч ойлголцох хэрэгтэй болж таарна.

АН зургаан сайдын ихэнхийг бусдадааөгөх төлөвлөгөөтэй

Одоогийн байдлаар АН-ын барьж байгаа тактик нь Сангийн яамыг өөрсдөө аваад бусад таван сайдын суудлыг бусад хүчнүүдэд өгчихье гэж байгаа юм билээ. Бас Шадар сайдыг аваад бусдыг нь хуваая гэсэн хувилбар ч бий. Аль болох нөгөө хэддээ сэтгэл ханамжийн баталгаа өндөр өгнө. Өөрсдийн нь Засгийн газрын хувь заяа шийдэгдэх учраас тэгж л таарах болов уу. Гэхдээ АН-ынхныг урьдчилан таамаглахад хэцүүхэн хүмүүс. Барьцгүй улсууд л даа. Намын дарга нь тэгж бодлоо гэхэд энэ удаагийн бялуунаас хувь хүртэхийг бодогсод олон байгаа. Тиймээс албан тушаал хуваах үед хэд хуваагдаж, хэд урвахыг таашгүй. “Тэгж олон суудлаа өгөх нь буруу, ЭМЯ-ыг нэг намд өмчилсөн мэт дамжуулсаар ирсэн нь бодлогын алдаа болсон, сайжирч байсан салбар МАХН-ын сайдаас сайдын хооронд муудлаа” гэх яриа ч АН-д хүчтэй сонстож байна лээ. Бас Шадар сайдыг МАХН-д өгч, Д.Тэрбишдагва боллоо гэвэл нэмж хоёр яам өгч болохгүй ч гэлцэж байгаа аж. Шинэ хуваарилалтаар МҮАН-д зүсэм томоохон ирж магадгүй. Гэхдээ М.Энхсайхан өөрөө сайд бололгүй, намынхандаа боломж өгөх саналаа хэлсэн гэх. Бие даагч гурав яаран сандран сайд болох санаагүй байгаагаа хэвлэлийн хурлаар зарласан нь учиртай. Тэднийг албан тушаалын тохироонд орчих гээд байдаг гэсэн шүүмжлэл Шинэчлэлийн Засгийн газраас эхтэй. Саяхан МАН Засгаас гарах сэдэв яригдаж эхэлснээр тэд ч муу нэр сонсч эхэлсэн. Гэхдээ тэд сайд болохгүй гэж зарласнаараа АН-тай тохирохгүй байгаа гэсэн үг биш ажээ. Харин ч ойлголцож байгаа гэх. Магадгүй бие даагчдаас Ц.Даваасүрэн сайд болох, ингэхдээ уг намд нэгмөсөн орох яриа гарахад гайхах зүйлгүй ч байж магад. Ерөнхийдөө АН-ын зүгээс тэднийг хамтарч ажиллая, бүр нэгдье гэсэн шахалтыг хийж байгаа дуулдсан. АН өөрсдийн гаргасан шийдвэрээ хүчтэй болгохын тулд бусдадаа сайн өгч, өөрсдөө татуухан үлдье гэж зорьж байгаа ч амьдрал дээр хэрхэн өрнөхийг харж л суухаас өөр үггүй.

Бас бус хувилбарууд

Улс төр яаж ч өрнөж, улсуудын сэтгэл яаж ч хувирахыг тааж хэлэхийн аргагүй билээ. АН-ынхны дотооддоо барьж байгаа бодлогоор өөрсдөөсөө хүн гаргана гэвэл УИХ-ын гаднаас, бусад намуудын хувьд УИХ дотроосоо хүн томилох төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Энэ нь УИХ дахь ирцийг баталгаажуулах үүднээс, нөгөө намуудад гаднаас хүмүүс орж ирвэл яаж самрахыг мэдэхгүй учраас чингэх бололтой. Гэхдээ зургаан сайдын суудлыг хувааж авахдаа намуудын тохироо яаж ч эргэж магад. АН-д одоо байгаа дэдүүдээ жинхэлье гэсэн хувилбар яригдсан ч дэмжлэг аваагүй дуулдсан. Дараагийн хүн өөртөө шанс гарахыг хүлээж байгаагаас ч тэр, 2016 оны сонгуулиа бодсон ч энэ хувилбар төдийлөн дэмжлэг авахгүй бололтой. Засгийн газарт зарим сайдын орон гарах, цаашлаад Засгийн газар солигдож ч магадгүй сургаар дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэсэн таамаглал хөвөрч байгаа. Р.Амаржаргал, З.Энхболд бүр Х.Баттулгын ч гэсэн нэр дуулдсан. Р.Амаржаргалын хувьд Ч.Сайханбилэгтэй ил өрсөлдөж байсан хүний хувьд төлөвлөгөө нь өөрчлөгдсөн нь юу л бол. З.Энхболдын хувьд болохгүй гэдгээ намынхаа хүрээлэлд дуулгасан хэмээн дуулдах. Хэрэв намын дарга Ерөнхий сайд болох зарчмаар тэрбээр гүйцэтгэх засаглалын тэргүүн болохоор боллоо гэхэд УИХ-ын даргын суудал эзгүйрнэ. УИХ-ын дарга байж Засгийн газраа томилуулах учраас УИХ даргагүй болчихвол жинхэнэ парламентын хямрал гэдэг нь болох биз. Тиймээс ийм гоомой зүйлийг тэд хийхгүй. Х.Баттулгын хувьд бүлгийн хурал дээр зарим нөхөд нь түүнээс тийм санаа байгаа эсэхийг асуухад “Боль л доо” гэж хариулжээ. Уг хурал дээр Х.Баттулга Ерөнхий сайд болох, Д.Арвин сайд болох санаа өвөрлөөгүй гэдгээ илэрхийлсэн байна.

“Шударга ёс” эвсэл тарвал бүлэггүй болох учраас гоомойдохгүй

МАН-ыг хөөх тухай яригдаж эхлэх үед МАН, МАХН хоёр нийлэх талаар ярьж байгаа гэнэ гэсэн яриа дуулдаж эхэлсэн. Үнэндээ энэ хоёр намыг нэгтгэх хүсэлтэй хүмүүс олон бий, доод дунд шатандаа ч энэ талаар ярилцдаг. Харин дээд түвшиндээ тэгж ойлголцох нь юу л бол. МАН-ын лидерүүд дунд Н.Энхбаяртай нэгдэхгүй гэсэн хатуу байр суурьтай хүмүүс их бий. Нөгөө талаас тэр асуудал яригдвал 2012 оны сонгуульд эвсэл болж орсон МАХН, МҮАН-ын “Шударга ёс эвсэл” задрах болно. Эвсэл задарвал УИХ-д бүлэг ч байхгүй болж, тэгснээр юу болж доош ордгийн зовлонг 2004-2008 оны парламент бэлхнээ харуулсан, Н.Энхбаяр дарга ч өөрөө халуун цөмд нь байсан хүн сайн мэдэж байгаа. Нөгөө талдаа уг хоёр нам эвсэл болж орохдоо тун хатуу гэрээг хоорондоо хийсэн гэдэг. Тиймээс эвсэл задарч, МАХН, МҮАН салах асуудал байхгүй болов уу. Саяын улс төрийн үйл явдлын өрнөлөөр МАН, МАХН-ын талаас хүмүүс уулзалдаад байсан, нэгдсэн тохиолдолд эрх мэдлийн хуваарилалтаа хэрхэн хийх үү гэдгийг яриад авсан дуулдсан. Гэхдээ МАН-ын зүгээс ихэрхэж 80:20 гэсэн хувийг санал болгосноос амбицтай МАХН тэдэнтэй яриа тохироогүй гэсэн яриа ч дуулдаж байлаа.

МАН хэрхэн харагдах бол?

АН нэр муутай байна. МАН-ын нэр хүнд өссөн үү гэвэл бас тиймгүй. Олон жил эрх барьж ирсэн энэ намынхан гудамжинд гарсан хоёр жилийнхээ хугацаанд барьц алдаж, туйлдсандаа АН-ынхныг гар дэлгэнгүүт гүйгээд Засагт хамтарчихсан. Одоо тэгээд ажлаа хийж чадаагүй нэр зүүгээд хөөгдөж байгаагаар нийгэмд уншигдаж байна. Засгийн газарт хамтрахыг дэмжээгүй хүмүүс Ц.Нямдоржоос эхлээд “Тэр хэлээгүй юу” гээд намын даргаа баалаад эхлэх нь энүүхэнд болов уу. Энэ нь тэртээ тэргүй цавтаад байсан МАН-д томоохон эргэлт эхлэх шалтаг болохыг ч үгүйсгэх аргагүй. МАН-д дарга М.Энхболдынх нь тэргүүлдэг хотын фракц томоохон байр суурьтай. Энэ намд албан ёсны фракцын тогтолцоо байхгүй гэдэг ч хотын, залуучуудын, Сү.Батболдын, 50-иад оныхны гэсэн бүлэглэл байдаг нь хэнд ч ил. М.Энхболд намын эрх мэдлийг авч, Бага хурлаа бүрэлдүүлэхдээ дан өөрсдийнхнөө оруулж, нөгөөдүүлээ илт тойргийн гадна үлдээсэн нь тухайн үед багагүй шуугиан болж байсан. Хэдийгээр бусад бүлэглэлүүдээс хариу үйлдэл гаргаагүй ч хөвдөнд гал уугих шалтаг болсон юм. Харин залуучуудын фракцийг хоёр хувааснаар энэ хагарал бүр тодорхой болсон байна. Одоо МАН-д хотын бүлэглэл тэдний нөгөө талд нь бүх бүлэглэлүүд нэгджээ. Тэгэхээр МАН-ын Засгийн газраас хөөгдвөл намын их хурлыг ч хуралдуулахад хүргэхийг үгүйсгэх аргагүй. М.Энхболд намын даргын хувиар биш бүлэглэлийн даргын хувиар цөөхөн хэдхэн хүнтэй харьцаж вакумд орсон нь буруу гэх улсууд олон байна. Тэрбээр яг энэ байдлаасаа болж 2008 оны сонгуулийн өмнөхөн намын их хурлаар С.Баярт эрх мэдлээ шилжүүлэн өгч байсан билээ. М.Энхболдыг сүүлийн үед насаараа намдаа зүтгэж ирсэн лидерүүдээ сонсохгүй харин “7-гийн фракц”-ийн үгээр хөдлөх боллоо гэсэн шивнээ яриа гараад эхэлжээ. Тэрхүү “7-гийн фракц”-д нь С.Бямбацогт, Д.Сумьяабазар, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Н.Төмөрхүү нар багтаж байгаа бөгөөд албан тушаалтай, мөнгөтэй залуучуудад ихээр найдлага тавьж байгаа нь түүний алдаа гэж буруутгагсад ч бий аж. Ямартай ч тэдний хооронд 2017 оны сонгуульд М.Энхболдыг дэмжиж нэр дэвшүүлнэ гэсэн тохироо байгаагаас 2016 оны сонгуулийг ч тоохгүй байна хэмээн намынхан нь хардаад эхэлжээ. Тэдний энэхүү тохироогоор эхний ээлжинд НАМЗХ-ны удирдлагыг авах ажиллагаа явсан гэх бөгөөд хотын намын удирдлагыг Д.Сумьябазарт шилжүүлснээр тохиролцоо үргэлжлэх сурагтай.

МАН-ын энэ мэт явдал бодитой үргэлжилж байгаа бөгөөд “Ардын хүч” нэртэй жигүүр өдөлж эхэлсэн нь ч жирийн хэрэг биш болов уу. Ямартай ч Засгийн газарт багтаад, зарим хүмүүс нь ажилтай болоод явж байсан үе өнгөрч, хөөгдсөн нэр зүүх болж магадгүй нь уугиж эхэлсэн цогийг гал болгох аюултай гэж улс төр ажиглагчид дүгнэж байна.

Ээлжит бус чуулганы өмнөх улс төрийн нөхцөл байдал ийм байна. Байдал хэрхэн өрнөх нь яриа хэлэлцээр, тохироо, талууд сэтгэл ханамж хэр үлдсэнээс шалтгаалах биз ээ.

2015.07.21