Хэрвээ бид Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол хэрхэх байсан бол? Өмнө нь олон хүний хүсэмжилж байсан энэ асуултад Ерөнхийлөгч Х.Баттулга жил хүрэхгүй хугацаанд хангалттай хариулт өглөө. Нэг хүний засаглал ямар байдгийг бодитоор харуулах гэж хуулийн хүрээнд болон хуулиас гадуур бүгдийг, хийж болохоос аваад болохгүйг нь хүртэл хийв. Хүн инээлгэхийн тулд хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийж буй алиалагч шиг л харагдаж байна. Тэр тусмаа боловсрол багатай, хүмүүжил муутай хүн эрх мэдэлд хүрвэл яаж хяналтаа алддаг, эрүүл сэтгэлгээнээс холддогийг яруу тодоор харуулж байна. Ингэхийг нь мэдсээр байж сонгосон нь ч гэсэн бидний хувь тавилан юм. Хувь тавилангаас зугтах газар байхгүй л.

Пүрэв гаригийн орой Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийн нэрийг УИХ-д хүргүүлсэн тухай баасан гаригт мэдээлэв. Нэр дэвшигчдийн нэрийг Ерөнхийлөгч өөрөө нэрлэхгүй, иргэдийн дунд нээлттэй санал асуулга явуулж тодруулна гэсэн нь үнэн болж таарав. ШШГ байгууллагад ажиллаж байсан, хэний ч үл таних хоёр хурандааг иргэд нэрлэсэн нь эхний гайхамшиг болов. Тэд нь тэгээд Авлигын эсрэг хуульд заасан шалгуурыг явц ав хангаж байсан нь бүр ч гайхалтай.

Гэхдээ нэг саад бий л дээ. АТГ-ын даргаар дээрх хоёр нэр дэвшигчийг томилохуулахын тулд эхлээд одоогийн дарга, дэд дарга нарыг чөлөөлөх хэрэгтэй. АТГ-ын дарга, дэд даргын хүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил, 2022 он хүртэл дахиад дөрвөн жилийн хугацаа үлдээд байдаг.

Гэтэл ЕТГ-ын дарга З.Энхболд гэдэг хүн юу гэж хэлсэн гээч. Х.Энхжаргал гэдэг хүнийг Н.Ганболдын оронд нөхөн томилсон, Н.Ганболдын бүрэн эрхийн хугацаа дууссан учраас Х.Энхжаргалыг чөлөөлөх боломжтой гэв. Ийм юм байж болох уу? Энд ямар нэг эрүүл ухааны сүг сүүдэр байна уу? Тэгээд бүр үүнийгээ УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаатай хольж хутгаад, “УИХ-ын тойрог дээр нөхөн сонгууль явуулахдаа дөрвөн жилийн хугацаатай сонгодоггүй биз дээ” гэнэ. З.Энхболд:

-Нөхөн томилогдсон хүний оронд томилогдсон хүн өмнөх хүнийхээ хугацаагаар явна. Хүний оронд томилогдсон учраас бүрэн эрхийн хугацаа нь дууссан. 10 гаруй хуулиар ингэж зохицуулсан байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэж заасан байгаа. Хэнтий аймгаас сонгогдсон Д.Гантулгын оронд нэг гишүүн томилогдвол 2020 он хүртэл л УИХ-ын гишүүнээр ажиллана биз дээ. Яг үүнтэй л ижил...

Уг нь бол сонгуульт албан тушаалтан, томилогддог албан тушаалтан хоёр огт өөр зүйл. УИХ болон бүх шатны ИТХ-ын сонгуулийг дөрвөн жилд нэг удаа, орон даяар явуулдаг. Бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг. Тиймээс энэ хугацаанд аль нэг тойрог дээр нөхөн сонгууль явуулбал сонгогдсон албан албан тушаалтан тухайн бүрэн эрхийн хугацаанд л ажилладаг. Хуулиараа ийм.

Өөр нэг жишээ байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил. Хэрвээ одоогийн Ерөнхийлөгч гэмт хэрэгт холбогдоод, эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар хугацаанаасаа өмнө чөлөөлөгдлөө гэхэд нөхөн сонгууль явуулахгүй, ээлжит бус сонгууль (хугацаанаас нь өмнө явуулж буй учраас ээлжит бус гэж байгаа юм, түүнээс биш шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа өмнөх Ерөнхийлөгчөөс хамааралтай гэсэн үг биш) зарлана. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа мөн адил дөрвөн жил байна.

Тэгэхээр ЕТГ-ын дарга З.Энхболдын хэлсэнчлэн “Арав гаруй хуулиар ингэж зохицуулсан, АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан” гэдэг шал худлаа байх нь. АТГ-ын дарга, дэд даргыг зөвхөн Авлигын эсрэг хуульд заасан үндэслэл, шалгуураар томилж, чөлөөлдөг. Өөр ямар ч адил төсөөтэй хууль байх ёсгүй. Тэр тусмаа АТГ-ын дарга гэдэг сонгуульт албан тушаалтан биш, томилогддог албан тушаалтан. Сонгуулийн тухай хууль түүнд түй ч хамаагүй. Ерөнхийлөгч сайн дураараа өөрийнхөө эрхээс татгалзаж (АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх эрх), иргэдэд эрхээ шилжүүлсэн төдийгөөр энэ өөрчлөгдөхгүй. 6000 хүний дунд явуулсан санал асуулгыг гурван сая хүний сонгуультай зүйрлэх ч аргагүй.

Ийм тодорхой зүйлийг хүртэл ингэж гүжирдэж байгаа нь Ерөнхийлөгчийн хувьд (эсвэл ЕТГ-ын даргын хувьд) “Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” болсныг л харуулж байна. Аргагүй дээ, эх орноо л гэж байвал эхнэр хүүхэд ч юу юм. Эх орноо л гэсэн сэтгэлтэй бол сургууль, боловсролоор ч яах юм. Эх орноо л гэж байвал ер нь эх орноор ч яах юм болсон цаг.

Нэр дэвшигчдийн нэрийг Ерөнхийлөгч УИХ-д хүргүүлсний дараа танил маань жиргэж. Энэ хүн ер нь ганцаараа наадам хийнэ шүү гэж. Өөрийнхөө л үг, үйлдлийг “шударга ёсны хэмжүүр” гэж эндүүрээд өрөөлийг огт сонсдоггүй хүн чинь ганцаараа наадам байтугай юм хийнэ л дээ. Удахгүй хятадтай байлдах ч бил үү, хэн мэдлээ...  

inews.mn