Наадам

Алисагийн гайхамшигт орон, Маргад эрдэнийн хот, бур бур салхитай бурхан Бумбын орон… эрт эдүгээгийн ном сударт гардаг хамгийн ер бусын, хамгийн аз жаргалтай орон хотууд. Гэхдээ эртний суут туурвигчид энэхэн цаг үед Монгол хэмээх орны иргэд найр наадамгүй нэг өнждөггүй тухай мэдсэн бол алдарт зохиолуудаа бичихээс ичих байсан биз. Наадмууд сайхан үргэлжилж байна. Мийнэжүүлсэн талбайд санаандгүй гишгэж нэгий нь дэлбэлээд бусад нь цаашаа дэлбэрээд дэлбэрээд явж байгаам шиг л наадаж байна.

Солиороод сэтгэцийн эмгэг хүртлээ архагшцан жалга довны үзлийг дэвэргэдэг эхлээд Манж, дараа нь Оросуудын хувааж өгсөн 300 гаран сум, 21 аймгийнхаа хуваарийг нэгтгэж цулдуулахгүй юм байх даа дарга нар. Жалга болгоны 90 жил гээд замаа алджийнэ. Эсвэл ахиж хэд бутаргаад өгчүүл энэ чигээрээ наадамлаж байгаад нэгмөсөн хойтонгийн наадамтайгаа залгалдуул сайхан юм даа ууг нь.

Сонгогдсоны баяр

Энэ их баяр наадмын хажуугаар ардчилсан сонгууль анх болсны 25 жилийн ой гэдэг юм тэмдэглэв. Бид нар ч тэмдэглээгүй л дээ. Сонгогдсон улсууд нь л тэрүүгээрээ “нам гүмхэн” “даруухан” тэмдэглээд байгаа бололтой байсан.

Сонгогч нар нь 30,31-ний өдрүүдэд яагаады нь мэдэхгүй баахан амраа л. Энэ яагаад амраад байгаан гэж нэгнээсээ асуугаа л чааваас хэхэ.

Заза албатай юм шиг сонгочоод дуугай л байя доо. Сонгогчид ер нь юу ен, яршиг л байна!

Ард түмнээ хайрлая

Нэг баахан нааддагийн өмнөхөн Ард түмнээ хайрлая! гэдэг намтай болсон бид. Хэн нэгэн чамайг хайрлаж байна гээд бод л доо. Гэзэгний үзүүр шиг байгаа биз дээ.

Энэ жишээгээр энд тэнд намууд байгуулагдаж байгаа сурагтай. Одоогоор “Танай хороог найдвартай хөгжүүлнэ”, “Амьдрал барзгар байна уу?” зэрэг намууд бүртгэлээ хөөцөлдөж байгаам байна. Эдний дотроос “Ус зайлуулах хоолой хийж өгнө!” гэдэг нам хамгийн голы нь олсон нэртэй гэдгээрээ “Загас наадуулая!” намтай өрсөлдөж байгаам байна. Энэ намууд ч яахав, харин тэр “Авна, зарна” нам ямар учиртай юм бэ?! гэж манай хорооныхон саяын хурал дээр халуун яриа өрнүүллээ. Цаана нь бас “Гэрээр буудаж үйлчилнэ!”, “Дугуй нөхнө!”, “Эхнэр авна!” гэдэг намууд байна, юу л болдог бол доо базарваань.

Намуудын нэрний хэв маяг цагийн аясаар нэгэнт ингэж өөрчлөгдсөн. Одоо парламентад суудалтай намууд нэрээ сольж захиран тушаах хэвтэй юм уу далимдахын дагавар нөхцөлтэй нэр сонгож авах цаг болсон. Жишээ нь “Ард түмнээ хайрлангуут”, Ард түмнээ хайрламагц” гэх мэт.

Ус

Мөн наадамлах зуур нийслэл Улаанбаатар нь усанд автаад гадаад улс орнуудаас холбоо тасраад…. за арай ч тэгээгүй ээ зүгээр. Гэхдээ 10 минут бороо оронгуут ертөнцийн төгсгөл ирж буй мэт санагддаг болоод удлаа. Гэртээ ороод суухаар нэг арал дээр байгаам шиг санагдаж, гал түлж утаагаар дохио өгмөөр санагдаад байхын.

Юмыг яаж мэдэхэв гээд хүмүүс хувцсан дотроо аврах хантааз өмсөж байгаа ч гэж дуулдана. Хэд хоногийн өмнө борооноор ус туулаад явж байтал нэг хүн “газар!” гэж бахирахыг сонссон хөөрхий.  Хотын хүмүүс “манай байрны залуу” энэ тэр гэж ярихаа болиод “бид хоёр чинь нэг голын хүүхдүүд” гэж ярьдаг болсон байна.

Энэ их ус уран бүтээлчдийн онгодыг хөглөж,
“Эргээ цохиолон бидэртэх
91-р байрны нуур минь
Зах нь үл үзэгдэх
Зам дээр тогтсон далай минь...”
гэх зэрэг дуу ар араасаа төрж байгаам байна. Манай хөршийн залуу лав аавынхаа тухай “Өвгөн тэнгис хоёр” гэдэг тууж бичээд эхэлснээ надад харуулсан. Харин хүүгийнхээ тухай “15 наст капитан” гээд хөөрхөн стачя бичээд фэйсбүүк дээр тавьсан байна билээ.

Зэвсэгт хүчний жанжин штабаас Улаанбаатар цэргийн хүрээнд усан флот байгуулах шийд гарчээ. Үүний дагуу гадаадаас нэлээд тооны усан цэргийн малгай захьчаад байгаа мэдээ цацагдлаа. Подвоолкууд нь байгаам байх. Нөгөө хөндлөн судалтай мөн биз дээ?
Хүн хүчний хувьд усан цэргийн татлагыг хуурай замын цэрэг татлагатай нэг жилээр сөөлжилж хийхээр болжээ.

Усны гамшгийн үеэр Улаанбаатар хотын захиргаа зүгээр суугаагүй нь мэдээж. Тэднийхээс наадамлаагүй ажилтнуудаа өдөр бүр ээлжээр гарган аврах анги ажиллуулж байгаа гэнэ. Нодлин бөөн хэрүүл болоод байсан Бразил-18 багийнхан чинь далайн эрэг дээр аврагчийн курст суугаад байсныг бид мэдээгүй өнгөрч. Хиймэл амьсгааг мэргэжлийн түвшинд хийдэг болсон тухай сертификатан дээр нь бичээстэй байгаа гэжийнэ.

Энэ бүхний хажуугаар элдвийн цуурхал хаанаас гарахгүй байв гэж. 25-р эмийн сангийн тэндэх тогтоолд аварга том амьтан байна гэжий шүү. Урт хүзүүтэй, жижигхэн толгойтой аварга том 4 хөлтэй, уртаас урт сүүлтэй гэнэ. Харсан үзсэн гэрчүүд барин тавин нотлоод байгаам байх. Уснаасаа гараад ирэхээр гурван давхар байшингийн чинээ сүр бараатай амьтан. Үүрийн жингээр үзэгдэж баахан урамдаж байгаад эхний машин чигнаалдахтай зэрэгцээд ус руугаа пүлхийтэл шумбан ордог гэлцэнэ. Судлууштай даг аа.

Зарим хийрхүү хүмүүс Хубилай хааны 800 жилийн ойд зориулж завь олноор нь үйлдвэрлээд шууд эндээсээ гараад японыг эзлий гэж цамнаж байна. Харин би шууд орцноосоо гарангуут хөлөг онгоцондоо суугаад Энэтхэгийг тойроод өмнөд Америкийг нээе гэсэн хамаагүй бүтээлч санал гаргаж байгаа юм.

За мөн айлын бяцхан хүүхдүүд асууж байна гэнэ.
-Аав аа, энэ урд талын байшингуудад хэдийнээс хүн амьдрах болсым бэ?
Аавууд нь ийн хариулж байна гэнэ:
-Аа миний хүү сонсож бай. Эрт дээр үед энэ их ус чинь байхгүй, тэр урд талын байшингууд чинь манай байшингуудтай хуурай газраар холбогддог байсийм шүү дээ. Тэрүүгээр их нүүдэл болсон хэрэг…

Энэ бүх усны домгууд тэртээ 20 жилийн өмнөөс үүсэлтэй. Ус зайлуулах  шугам угаасаа байхгүй. Байсны нь эвдлээд байшин болгоод зарцан. Манайд ер нь юуг ч зайлуулах шугам байхгүй. Хогоо зайлуулж чадку байгаа. Хар утаатай машинаа ч зайлуулаагүй. Хулгайч дээрэмчнээ зайлуулаагүй. Энэ бүгдийг зайлуулаагүйн шалтгаан нь авилгач дарга нараа зайлуулаагүйгээс болсон. Тэднийг эхлээд зайлуулж байж, бусад гамшигүүдийг зайлуулах юм байна лээ.