Ж.Батзандан, О.Магнай нар АН-ын улстөрийн хамгаалалтад орлоо. Бүхэл бүтэн намын дарга нар түүнийгээ орхиод парламентын намын өмгөөллийг чухалчилсан нь тэд өөрсдийгөө долдугаар сарын 1-ний үйл явдалд хэлмэгдсэн хохирогч гэж үзэж байгаатай холбоотой бололтой. Тэгвэл долдугаар сарын 1-ний хэрэг явдлын үр дүнг хэн хүртэв ээ. Хэрвээ ийм үймээн болоогүй бол 45 суудалтай МАХН эвслийн Засгийн газрыг сонгохгүй байсан байх талтай. Дээр нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны үр дүн хараахан гарах болоогүй зэргээс нь харвал яг одоогоор долдугаар сарын 1-ний үйл явдлын шууд үр дүнг АН, тэндээс сайдаар томилогдсон цөөн хэдэн хүн л хүртээд байна. Цаашид хамтарсан Засгийн газар тогтвортой, үнэхээр ард түмнийхээ төлөө ажиллаж чадвал энэ хэрэг явдлын ялагч нь Монголын ард түмэн нийтээрээ байх болно.

Харамсалтай нь С.Баярын Засгийн газрыг тогтвортой ажиллуулах суурийг хоёр нам бүрдүүлж чадсангүй. Өнөөдрийн С.Баярын Засгийн газрыг эрхзүйн чадамжийн хувьд 2004 оны Ц.Элбэгдоржийн танхимтай яг адил зохицууллаа. Намууд гүйцэтгэх засаглалыг 60:40 гэсэн харьцаа бүхий гэрээгээр байгуулав. Хуулиас хүчтэй гэрээ гэж байхгүй. Гэтэл МАХН, АН-ын байгуулсан гэрээ зарим талаараа хуулиас хүчтэй, бүр Үндсэн хуулиас давж, УИХ-ын эрх мэдэлд ч халджээ. Тэгсэн атлаа гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангах тал дээр дэндүү хүчин мөхөс юм.  Засгийн газрыг байгуулсан гэрээг цуцлах эрхийг намуудын удирдах байгууллагад өгчээ. Жишээ нь, МАХН-ын Удирдах зөвлөлөөс уг гэрээг цуцалбал хамтарсан Засгийн газар шууд огцорч, парламент МАХН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүлээн авахаас өөр аргагүй болж байна. АН гэрээг цуцалсан ч С.Баярын танхим ганхаж таарч байна. Намуудын энэ хэт эрх мэдэл дунд төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ бүдгэрч, Засгийн газраа томилж, хуулийн дагуу огцруулдаг парламентын онцгой бүрэн эрхэд улстөрийн нам халдах боломж¬той боллоо. Үндсэн хуулиас давсан өөр нэг заалт гэвэл Засгийн газрыг бүрдүүлж байгаа олонхи нь парламентад бие даасан хоёр бүлэгтэй байгаа явдал юм. Аливаа Засгийн газрын оршин тогтнох үндэс нь парламент дахь олонхи. Тоон утгаараа ч, бусад улсын жишгээр ч парламентад нэг л олонхи байдаг. Сонгуулийн хоёр өөр субьект сонгуулийн дараа эвсч Засгийн газраа байгуулж болох ч, тус тусдаа бүлэгтэй хоёр олонхитой байж таарахгүй. Нэг хүн хоёр малгай зэрэг өмсдөг¬гүйтэй л адил юм. Нэгэнт Засгийн газраа эвсч байгуулж байгаа л бол парламент дахь бүлэг нь ч эвссэн нэг бүлэгтэй байх учиртай. Энэ үүднээсээ Засгийн газрыг байгуулсан өнөөдрийн олонхи бол парламентад 73 суудалтай. Баянгол дүүргийн сонгуулийн дүн яаж ч гарсан С.Оюун, З.Алтай, Д.Энхбат нарыг хасаад 73 гишүүнтэй бүдүүн бүлэг С.Баярын танхимыг парламентаас тулж байна гэсэн үг.

Хамтарсан Засгийн газрыг эсэргүүцсэн Д.Тэрбишдагва ч, Э.Бат-Үүл ч сонгуульд анх нэр дэвшсэн субьектдээ харьяалагдаж, “73”-ын бүлэгт хүссэн хүсээгүй багтана.

Аливаа асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнө парламент дахь бүлгүүд хуралдаж улстөрийн шийдвэрээ гаргаж, дүгнэлтээ өгдөг. Тухайлбал, С.Баярын танхимын оруулсан нэг асуудлаар парламент дахь олонхийн хоёр бүлэг өөр өөр шийдвэр гаргавал түүнийг хаана хагалах болж байна вэ. “73”-ын бүлгээрээ хуралдаж, олонхиороо шийдэхээс өөр гарцгүй. Засгийн газарт сайдын суудал хуваахаараа хамтраад, парламентад асуудал хэлэлцэхээрээ тус тусдаа бүлэгтэй явах дэндүү солгой эвслийн гэрээ байгуулжээ, МАХН, АН хоёр. Уг гэрээгээр бол аливаа маргаан, асуудлыг зохицуулах зорилго бүхий Хамтарсан зөвлөлийг нам тус бүрээс найм, нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах юм байна. Энэ зөвлөл үндсэндээ МАХН, АН-ын эвслийн удирдах дээд байгууллага байх бололтой. Одоохондоо чимээгүй байгаа болохоос алсдаа УИХ, Засгийн газраас гаргах шийдвэрүүдийн ихэнх нь эхлээд Хамтарсан зөвлөлийн шүүлтүүрийг давах хэрэгтэй болох нь. Гишүүд өөрийнхөө үнэлэмжээр хүлээн зөвшөөрөхгүй асуудлыг ч Хамтарсан зөвлөлийн шийдвэр, шахалт хүлээн зөвшөөрүүлэх нь. Хуучин тогтолцооны хуульгүй Улс төрийн Товчоо шиг энэ зөвлөл ер нь л “73”-ын бүл¬гийн гишүүдийг хууль тогтоогч биш, кноп дарагч болгон хувиргах хэт эрх мэдэлтэй байх бололтой. Нэг ёсондоо 16 хүний бүрэлдэхүүнтэй Хамтарсан зөвлөл гэж УИХ, Засгийн газрын эрх мэдлийг өөртөө булааж авсан, Үндсэн хуулийн гадуурхи төрийн дээд байгууллагыг МАХН, АН хоёр байгуулжээ.

Хамтарч нэгдэх нь зөв ч, эвслийн Засгийн газраа тогтвортой ажиллуулах эрхзүйн орчноо иймэрхүү цоорхой гэрээгээр зохицуулсан нь хожмоо хамтарсан Засгийн газрын хувь заяанд халгаатай тусч мэдэхээр байна. Гэрээг аль нэг тал дангаараа цуцлахгүй гэдэгт талууд нэлээд ач холбогдол өгчээ. Энэ нь Засгийн газрыг тогтвортой ажиллуулах хамгаалалт болох юм байх. Гэтэл 2004 оны хамтарсан Засгийн газрын гэрээнд ч ийм заалт байсан. Байлаа гээд үйл явдал яаж өрнөснийг хүн бүр мэдэж л байгаа. Хуулиас хүчтэй, илүү үйлчлэлтэй гэрээ гэж байхгүй байгаад л “хаан” сонголтоор шал арчсан шүү дээ.

АН-ын лидерүүд хийгээд бүлэглэлүүд нь эрх мэдэлтэй болохоороо эвдрэлцдэг, сөрөг хүчний байр сууринд очихоороо нэгдэн нийлж хүчирхэгждэг дутагдалтай. Энэ сул тал одоо ч ажиглагдаад эхэлчихсэн. Хамтарсан гэрээний дээрх цоорхойнууд АН-ын хуучийг сэдрээж, цаашид эрх барьж байгаа “73”-ын бүлгээс бие даасан гурав дахь парламентын бүлэг төрүүлэхийг ч үгүйсгэхгүй. МАХН-д ч ялгаагүй, ямар нэгэн хэмжээгээр мөнгө үнэрлэж УИХ-д орж ирсэн гишүүдийнх нь цөсийг одоохондоо шинэхэн энгэрийн тэмдэг нь л дарж байгаа ч юм билүү. Засгийн газарт байх УИХ-ын гишүүдийн тоог хуульчилж хязгаарлаагүй нь бас нэгэн шалтаг болж, дөчин таван суудалдаа бярдсан зарим хүнд хоёрдугаар ээлжинд багтах итгэл төрүүллээ.  

Аливаа байшинг барихдаа нурахаас хамгаалж, бат бөхийг нь бодон хамгийн түрүүнд сууриа сайн тавьдаг. Үүнтэй адил Засгийн газрынхаа тогтвортой байдлаа хамгаалж, Хамтарсан гэрээгээ эргэж нэг харвал хожмоо харамсахгүй байж ч мэднэ шүү, Ерөнхий сайд аа.