“Forbes Mongolia” сэтгүүлийн 2015 оны  № 8 дугаараас


Ийм нэртэй мөнгөн тэмдэгтийг монголчууд андахгүй дээ. Төрөлх төгрөг шиг нь л дотно явсан үе бий. Одоо ч ханш, худалдаа арилжаа, төлбөр тооцоо рублиэр үнэлэгдэх явдал байсаар л байна. Умард хөрш маань ОХУ байсаар байх тохиолдолд бид рубль хэмээх банкнотоос бултах аргагүй ээ.

Эдүгээ рубль нь гурван улсад албан ёсны банкнотын нэр болж байна. Оросын рубль, Белоруссын рублиэс гадна өөрийгөө төрт-улс хэмээн зарласан Приднестровын Молдавын БНУ өөрийн рубльтэй.  Өөрийгөө тусгаар улс хэмээн зарлаад буй Өмнөд Осет, Абхаз, мөн Украинаас салан тусгаарласнаа зарлаад жил гаран дайтсан Луганскийн ба  Донецкийн АБНУ-уудад орос рублийг төлбөр тооцоонд хэрэглэж байна. Өмнөх Хаант Оросыг үл тооцвол Зөвлөлт Орос 1917-1923 онд, СССР 1923-1991 онд рублийг мөнгөний гол нэгж болгож хэрэглэж байсан ба СССР тарсны дараа ОХУ, Белорусс хоёр тус тусын рубльтэйгээ үлдэж, харин Латви (1992-1993), Украин (1991-1992), Тажикистан (1995-2000) нэг үе өөрийн рублиэ гүйлгээнд гаргаж байжээ.

Энд геоэдийн засаг талаас нь рубльд тайлбар хайя. Рублийн бүс (Рублёвая зона) хэмээх нэр томъёо үе үе дуулддаг. Нэг талаасаа газар зүйн, нөгөө талаасаа геоэдийн засгийн ухагдахууныг илэрхийлнэ.  Өмнөх урт түүхээс үзвэл СССР-ийн үед СЭВ-ийн буюу Эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн (ЭЗХТЗ) социалист улсууд шилжих рубль гэх мөнгөөр төлбөр тооцоо, зээл тусламжаа тооцож байсан ба ЭЗХТЗ-ийг рублийн бүс гэж албан ёсоор нэрлээгүй ч хэрэг дээрээ тийм байсан гэж эдийн засагчид үздэг. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл (ТУХН) буюу хуучин СССР-ийн суурин дээр буй болсон олон улсын эвсэл нэг үе рублиэр төлбөр тооцоогоо хийж байсан.

Оросын тал тэр “Рублёвая зона” гэдгээ валютын холбоо хэмээн нэрлэж, 1991-1994 онд ажиллуулж байв. Энэ нь СССР-ийн рублиэр нэгдсэн валютаа болгож, хожим оросын рублийг хамтран хэрэглэж байсан хэсэг улсуудыг нэгтгэжээ.  

ТУХН-ийн сулхан эдийн засагтай, Оросоос хэт хамааралтай улсуудад 1993, 1998 онд нүүрлэсэн хүнд сорилтыг улс төрчид элдвээр тайлбарлах нь буй. Дөнгөж тусгаар тогтнолоо зарлаад чухам “нов ногоон”-оороо байх үед нь 1993 онд Орост мөнгөний реформ гэнэт хийж, хуучин СССР-ийн Улсын банкны казначейский билет (зөвлөлт рубль) гэдгийг хүчингүй болгож хурааж авмагц ТУХН-ийн зарим орон, тухайлбал Төв Азийн зарим орны эдийн засаг, санхүү эрс хүндэрч хямралтай тулгарчээ. Мөнгөн гүйлгээ, мөнгөний эргэлт, ченжийн зах зээл гэнэт хөмрөх нь тэр. Жишээ татъя. Белорусст тооцооны 10 рублийг Орост 5 рублиэр тооцож авч сольсон ба энэ үнэмлэмжээр бол  Казахстаны 10 рубль  нь 6 рубль 70 копейк, Молдовын 10 рубль нь мөн 6 рубль 70 копейк, энэчлэн Туркменистан, Узбекистаны 10 рубль нь 6 рубль 70 копейк хэмээн үнэлэгдэв. Эндээс Орос хожиж, нөгөөдүүл нь хохирсон дүр зураг харагдана. Шилжих рубль гэдэг шиг тооцооны рубль гэх биетэй бодитой байхгүй мөнгийг Орос нөгөөдүүлдээ санал болгож байжээ.
 
1998 онд 1000 рублийн дэвсгэртийг 1-тийн рубль болгож реформ хиймэгц цаад улсуудад дахин нэг доргилт үүсчээ.  Ийнхүү эрсдэл дагуулах магадлал ил болсон гэж үзээд Белоруссаас бусад бүх улс үндэсний мөнгөн тэмдэгтээ “рубль” гэж нэрлэхгүйгээр өөр өөрийн нэрээ өгчээ. Энэ утгаар “Рублёвая зона” гэх валютын холбоо алга боллоо хэмээн үзэж байтал оросууд маань «рублёвая зона нового типа» буюу шинэ маягийн рублийн бүс гэдгийг уйгагүй санал болгож, тулгаж ятгасаар өнөөг хүрсэн нь мөн л геоэдийн засаг, геополитикийн араншин нь гэлтэй. Их гүрэн өөрөөр ч байх аргагүй. ОХУ ийнхүү ятгалга өрнүүлэхдээ хэд хэдэн бодит учир шалтгааныг гол болгож байна. Юуны өмнө нөгөөх ТУХН гэдэг эвсэл байсаар байгаа, үүн дээр Орос-Белоруссын Холбооны Улс гэж бүтэц хууль ёсоор байж байна, дээр нь Евразийн эдийн засгийн холбоо үүсчихлээ, рублийг бүс нутгийн нөөцийн валют болгож ашиглахаас аргагүй, учир нь Оросын эсрэг АНУ, Европын Холбоо, өрнө тэр чигтээ санкц тавьсан тул ам.доллар, еврог түнш-валют гэж үзэхэд хэцүү,  Орос-Казахстаны хооронд Байконуурын сансрын цогцолборыг ашигласны төлбөр тооцоог рубль-тенге гэсэн валютаар хийдэг гэхчлэн оросын тайлбарууд байх аж.

Цаана нь бас гомдол бухимдал саяхнаас цухалзлаа. Энэ бол цаашаа явж явж рубль дээр очиж буух гомдол юм. Казахстан нь 20 жилийн шургуу хэлэлцээний дүнд Дэлхийн Худалдааны Байгууллагад (ДХБ) элссэн нь бараг л Евразийн эдийн засгийн холбоо, Гаалийн Холбооны эсрэг үйлдэл болж хувирчээ. ДХБ нь ГАТТ-ын үргэлжлэл, Бреттон-Вудсын тогтолцооны нэг хэсэг учраас АНУ тэргүүтэй өрнийнхний эдийн засаг-санхүүгийн нөмөр, хараанд Казахстан орчихлоо гэх хардлага гоморхол Оросын зүгээс нэг бус удаа цухалзаж байна. Тэр ч бүү хэл Засгийн газрын түвшинд зэвүүцлээ илэрхийлэв. ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаевын үзэж байгаагаар, Казахстан ДХБ-д элссэнээрээ өөр дээрээ бөөн эрсдэл авчирчээ. Оросуудыг айлгаж байгаа сэжим нь юу вэ гэвэл, Казахстан нь Евразийн эдийн засгийн холбоо, Гаалийн Холбооны чөлөөт худалдааны бүсэд харьяалагддаг. Гэтэл ДХБ-ын өмнө Казахстаны хүлээх үүргээс худалдааны хөнгөлөлт, тарифын асуудал зөрчигдөж, худалдааны татварын ялгааны зөрүү нь бүс нутгийн ба Оросын эдийн засагт ноцтой цохилт болж болзошгүй аж.

Нөгөө шинэ маягийн рублийн бүс гэдэгт Оросоос гадна дэлхийд бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй Абхаз, Өмнөд Осет хоёр багтаж 2008 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш оросын рублийг үндэсний валют болгон ашиглаж байна.  

Ер нь энэхүү “Рублёвая зона” гэх валютын холбоондоо Оросоос бусад ТУХН-ийн орнууд анхнаасаа итгэл алдарсан, эсвэл итгэл өгөөгүй, хардсан болгоомжилсон тал ажиглагддаг. ОХУ-ын Төв Банк нь Зөвлөлтийн рубльд өнгөн талын шинэчлэл хийж, хэлбэр дүрс, зураг хөргийг хэд хэдэн удаа солин, уг рублиэ ТУХН-ийн орнуудын нэгдсэн мөнгөн тэмдэгт болгохоор чармайсан боловч цаад улсууд нь орос рубльтэй зэрэгцүүлэн үндэсний мөнгөн тэмдэгтээ гүйлгээнд гаргаж, хос банкнотоор төлбөр тооцоо хийж байв. 1992 оны зунаас ийм үзэгдэл хавтгайрсан. ОХУ-д  1961-1992 оны загварын рублиэ дөнгөж сольж дуусч байтал дараагийнх нь шинэ банкнотыг хүлээлгүйгээр ТУХН-ийн ихэнхи орон өөрийн үндэсний мөнгөн тэмдэгттэй болсон байв. Доорхи хүснэгтээс энэ үйл явцыг харж болно.