Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ 9 дүгээр сарын сарын 8-ны өдөр хуралдаж Монгол Улс байнга төвийг сахих тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн санаачилгыг хэлэлцээд дэмжин хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэн зөвлөмж гаргажээ. Энэ шийдвэрийг гадаад дотоодод анхааран хүлээн авч, судалж, иргэд байр сууриа илэрхийлж байна. Энэ талаар тодруулга авахаар дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Д.Баярхүүд мэдээллийн NEWS агентлаг хандаж хэдэн асуулт тавьсныг анхны гарчгаар нь дор товчлон сийрүүлэв.

-    Энэ санаачилга манай эрдэмтэн мэргэдийн хэлэлцэх халуун сэдэв болж болох уу? Та юу гэж үзэж байна? Лав хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд яригдаж байна. Хүмүүс ч их асууж байна. Сайтууд дээр комент их бичигдлээ. Яагаад ийм сенсаац дэгдээв ээ?

Энэ санаачилга гараад хоёр 7 хонож байна. Асуудлын гол нь энэ санаачилгыг Төрийн тэргүүн өөрөө гэнэт дэвшүүлсэн, тэгэхдээ тун өвөрмөц гарчгаар өөрийн сайтдаа нийтлэл болгон бичсэнд байх шиг байна. Өмнөх Ерөнхийлөгч нар, ерөөсөө УИХ-ын дарга нар, Ерөнхий сайд нараас хэн нь ч ингэж шууд нийтлэл болгон бичиж гадаад бодлогын санаачилга гаргаж байсангүй. Тиймээс гэнэт гаргаж тавьсан, гарчгаа өвөрмөцөөр авсан, хөндсөн сэдэв нь чухал, сонирхолтой гэдгээр Таны хэлсэн тэр сенсаац үүсгэсэн болов уу? Түүнээс бус хөндсөн сэдэв бол цоо шинэ, энэ ертөнцийг гайхшруулсан, нүдийг нь сортойлгосон сэдэв биш шүү дээ.

-    Цоо шинэ биш гэж Та яагаад хэлж байна вэ? Шинэ санал юм биш үү?

Байнга төвийг сахих тухай санаачилга Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч дэвшүүлэхдээ ихээхэн бодож тунгаасан байх. Мэдээж тэгж таарна. Ардчилсан хувьсгалаас хойшхи 25 жилийн туршид манай улс төвийг сахисан, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, нээлттэй, тэнцвэртэй, идэвхтэй гадаад бодлого явуулсаар ирсэн, явуулсаар ч байгаа, харин түүнийгээ шинэ цаг үед, XXI зууны шинэ эринд ямар хэлбэрээр, аль талаас нь, хэрхэн томъёолох вэ, тэр томъёоллоо яаж гаргаж тавих вэ гэдгээ тэрээр их бодож боловсруулсан шиг санагдсан. Үндэслэл ба түүхэн өнгөрүүлэлтээ ч өгүүлэлдээ олон талаас нь гаргаж тавьсан байна билээ. “Монгол-Төвийг сахих” гэсэн товч гарчиг нь ч уншсан хэн хүний анхаарлыг татахаар, энэ чинь юу билээ хэмээн гайхахаар бичигдсэн нь өвөрмөц гэж миний дээр хэлснийх нотлох байх. Харин уг санаачилга Монголын хувьд цоо шинэ юм биш гэдгийг би дахин давтан хэлье.  

-    Та үүнийгээ юугаар нотлох вэ? Өмнө нь энэ талаар яригдаж байсан юм уу?

Энэ талаар тодруулъя гэвэл УИХ-аар батлагдсан Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг сөхөөд үзэж болно. Лавшруулъя гэвэл Үндсэн хууль, Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль,  Төрийн цэргийн бодлогын үндэс зэрэг эрх зүйн актуудыг үзэж болно. Энэ бүхэнд нь төвийг сахих бодлогын үндсэн зарчмууд туссан нь Монгол Улс байнга төвийг сахих статусаа тунхаглах эрх зүйн болон бодлогын үндэслэл болж байгаа юм аа.

-    Тийм ээ, энэ талаар Ерөнхийлөгч бичсэн байсан л даа?

Эргэлзэхгүй үүднээс Ерөнхийлөгчийн  нийтлэлийг дахиад нэг сөхөөд үзэж болно. “Юу гэвэл Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах тухай ярьж хэлэлцэхдээ бид юуны түрүүнд доорхи хүчин зүйлүүдийг бодолцох нь зүйтэй” гэж тэрээр бичихдээ гурван үндэслэл гаргаж ирсэн байгаа. Үүнд 1) Монгол Улс шинэ, ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш төвийг сахих бодлогыг агуулгын хувьд идэвхтэй хэрэгжүүлж иржээ. Харин хэлбэрийн талд түүнийгээ тунхаглаагүй байгаа юм. Энэ бодлогоо хэлбэржүүлж, баталгаажуулах үйл явц нь манай улсын хувьд зөвхөн цаг хугацааны асуудал болоод байна; 2) Манай улсын туулж ирсэн түүх, газар зүйн байршил, сонгож авсан замын онцлог, эрх ашигт төвийг сахих статусын зарчим, мөн чанар нийцэж байгаа юм. Уг бодлого нь тухайн оронд бусад улстай эрх тэгш, тэнцвэртэй харилцах боломж олгодог. Мөн бусад улс орон, олон улсын байгууллага ч тийм бодлогод хүндэтгэлтэй ханддаг; 3) Олон улсын байдал, дэг журам цагийн эрхээр өөрчлөгдөж, шинэчлэгдэх нь бий. Харин төвийг сахих үйл ажиллагаа нь хамгийн тогтвортойд ордог. Учир нь уг статусыг хэрэгжүүлэгч улс оронд л тухайн бодлогоо засварлах, шинэчлэх, зогсоох онцгой бүрэн эрх хадгалагддаг гэсэн байна. “Төвийг сахих бодлогыг агуулгын хувьд идэвхтэй хэрэгжүүлж иржээ” гэсэн дээр нь тогтож хараарай.

-    Одоо хэрхэн албажуулах вэ? Зарлаж таарна. Дэлхий дахинд хүргэнэ, тийм үү?

Энэ талаар юу юу хийх вэ гэдгийг ҮАБЗ-ийн зөвлөмжид заачихсан байгаа шүү дээ. Төрийн гурван өндөрлөгийн хариуцах ажлыг хуваарилчихсан байгаа. Мэдээг нь эргэж үзээрэй. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч нь “Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль”-ийн төсөл санаачлан боловсруулах, УИХ нь Монгол Улсын байнга төвийг сахих статусыг дэмжиж эрх зүйн үндсийг нь бүрдүүлэх, Засгийн газар нь Монгол Улсын байнга төвийг сахих статусыг тунхаглаж тогтоол гаргах, мөн бусад улс, олон улсын байгууллагаар дэмжүүлж, хүлээн зөвшөөрүүлэх арга хэмжээ авна гээд зөвлөмжид заачихсан байгаа. Зарлах тухайд бол Ерөнхийлөгчийн нийтлэл Монголд ч, дэлхийд ч тардагаа тарчихсан. Англиар орчуулаад манай ГХЯ найрсаг харилцаатай бүх орнууддаа хүргэчихсэн. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ОХУ-д айлчлахдаа энэ талаар С.Лавров сайдад тайлбарлан таниуллаа. Оросын тал ч зөвшөөрөн хүлээн авна гэдэгт эргэлзэхгүй байна. Манай улсын хөгжлийн сонгосон замыг хүндэтгэнэ гэсэн БНХАУ-ын байр суурь хэвээрээ нь мэдээж. Улаанбаатар хотноо зохиогдох гэж байгаа Европын   аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблейн 2015 оны намрын хурал дээр манай улс энэ санаачилгаа сонордуулна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар тэмдэглэлт чуулган дээр ч ёс төртэй зарлана.

-    Гэнэтийн юм биш гэж Та хэлээд байгаа ч хөрш, түнш, харилцаатай орнуудад маань гэнэтийн юм биш үү?

Манай улс бол энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, тэнцвэртэй гадаад бодлого явуулдаг гээд дээр хэлчихсэн. Энэ маань улс орноо улс төр, дипломатын аргаар батлан хамгаалахаас өөр сонголтгүй ээ гэсэн үг л дээ. Манай мэт жижиг улс цэрэг-стратеги, геополитик, хатуу хүчний бодлогоор оролддоггүй л дээ. Жижиг буурай улсын гадаад бодлого гэдэг маань ихэвчлэн зөөлөн хүчний бодлогоор хэрэгждэг. Гадаад бодлогын үзэл баримтлалд бичсэнийг энд эшлэе. “Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн. Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна. Дэлхий, бүс нутагт нөлөө бүхий улсуудтай харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхийг зорихын хамт аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилнэ. Олон улсын харилцааны хөгжил, дэлхийн болон бүс нутгийн улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад бодлогын чиглэл, зорилтыг уян хатан тогтооно. Монгол Улсад гадны цэргийн аюул занал учраагүй нөхцөлд цэргийн аливаа холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх чиг шугам баримтална” гээд заачихсан байгаа шүү дээ. Тэгэхлээр энд гэнэтийн юмны тухай ерөөсөө яриагүй байна.  Аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилнэ, цэргийн аливаа холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй гэдэг чинь бүгд л төвийг сахинаа гэсний илэрхийлэл биш гэж үү?

-    Монгол Улс Шанхайн байгууллагад ажиглагч, мөн НАТО-тай хамтран ажилладаг, бүс нутгийн олон эвсэл холбоо, байгууллагад элссэн буюу элсэх чиглэлтэй. Энэ бүхэн саад болохгүй юу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бичсэн байна шүү дээ. Олон улсын байдал, дэг журам цагийн эрхээр өөрчлөгдөж, шинэчлэгдэх нь бий гэж. Үнэндээ өнөөгийн дэлхий дахины хөгжил дэвшил, олон улсын харилцааны хувиралт, хувьсал хурдаар хэмжигдэж байна. Мэдээлэлжсэн, даяаршсан, нээлттэй, хил хязгааргүй ертөнц рүү явж байна. Бүх улс орон олон улсын харилцааг прагматик өнцгөөс харахыг хичээж байна. Бүс нутагчлал, салбар бүс нутагчлал, олон улсын институц буй болгох дээр хатуу шалгуур, цензур гэж байхгүй болж байна. Олон улсын байгууллага гэдэг маань ч сонгодог утгаа өөрчилж байна. 1990-ээд онд бий болсон геополитикийн бүсчлэлийн ойлголт, харин XXI зууны эхний 15 жил өнгөрч буй одоо үеийн хооронд олон талт хамтын ажиллагаа, интеграцын тухай ойлголт зарим талаар өмнөө юм шиг харагдах болжээ. Шинэ Зеландын профессор миний сайн танил Жим Ролфийн тооцоолж гаргаснаар, манай оршин буй Ази тив, мөн Номхон далайн бүс нутагт бүс нутгийн, бүс нутаг хоорондын, олон улсын, салбар бүс нутгийн олон талт үйл явц, институци, дэглэм, байгууллага, форум, механизмын тоо 320-иос давж гарсан нь чухам глобал хувьслын геополитикийн сонгодог жишээ мөн юм. Тэр утгаар Монголын олон талт хамтын ажиллагааны бодлогод байнга төвийг сахих статус маань саад болох биш, харин ч түлхэц болох учиртай хэмээн бодож байна. “Төвийг сахих статусыг хэрэгжүүлэгч улс оронд нь тухайн бодлогоо засварлах, шинэчлэх, зогсоох онцгой бүрэн эрх хадгалагддаг” хэмээн Ерөнхийлөгч бичсэн байсан. Энэ маань бидэнд давуу эрх байнаа гэсэн үг л дээ. Тэр ШХАБ-д жинхлэхгүй байх, ажиглагчаа хадгалаад байх, НАТО-тай энхийг сахиулах чиглэлээр хамтран ажиллахаа тайлбарлах эрх нь манайд үлдэнээ гэсэн үг.

-    Ардын хувьсгалын дараахан Цэвээн Жамсранов төвийг сахих тухай анхлан хөндсөн гэж түүхийн ном зохиолд бичсэн байх аа? Энэ талаар Таны бодол?  

Жамсрангийн Цэвээнээс бүр өмнө юм аа. Зуу гаруй жилийн тэртээх үйл явдлыг эргэж сануулах хэрэгтэй. 1911 онд Монгол нь тусгаар тогтнолоо тунхаглаж байхдаа тэр үеийн удирдагчид нь гуравдагч хөршийн эрэлд гарч, Монголоо хүлээн зөвшөөрүүлэхээр аргаа бартал ажилласан байдаг даа. Шашин төрийг мандуулсан, хэнээс ч хараат бус төвийг сахисан Монголын үзэл баримтлал тэр үед төлөвшсөн юм. Дараа нь 1920-иод онд эл үзэл баримтлал Жамсрангийн Цэвээний үзлээр цааш хэлбэршсэн. “СССР, Хятад хоёроос баталсан бөгөөд бусад олон улсаас хүлээн зөвшөөрсөн төвийг сахих улс болох хэрэгтэй. Энэ нь үлгэрлэвээс Швейцарь улс лугаа адил буй” хэмээн түүний бичиж байсан мөрүүд мартагдашгүй ээ. Төвийг сахисан, гуравдагч хөрш бүхий Монголын тухай үзэл “1937 он”-ы хэлмэгдүүлэлтээр нам дарагдаж, тэр нь “Хүйтэн дайн”-ы үед мартагдах дээрээ тулж, харин 1990 оны ардчилсан хувьсгалаар дахин амилсан шүү дээ.

-    Тэгээд 25 жил хэрэгжсэн үү?   

Яг тийм. Давтан хэлье. Энэ 25 жилд төвийг сахисан, нээлттэй, идэвхтэй, прагматик, олон тулгуурт гадаад бодлогоо хэрэгжүүлсэн гэж. Төвийг сахина гэдгээ анхлан Гадаад бодлогын үзэл баримтлалдаа хоёр хөршийн сөргөлдөөн дунд гэдгээр эвтэйхэн суулгаж өгсөн. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүний статусаа тунхаглан хэрэгжүүлсэн. Цөмийн зэвсгээс ангид бүс болсноо ч зарласан. Энэ бүхэн маань төвийг сахиx бодлогын маань бүрдэлүүд юм. Төвийг сахина хэмээн гадаад бодлогодоо хатуу тунхаглан зарлаж томъёолоогүй атлаа хэрэг дээрээ төвийг сахисаар ирсэн. Одоо тэгвэл түүнийгээ илээр зарлаж, гадаад дахь хөрш түнш орнуудынхаа хардлага сэрдлэгийг арилгах цаг болсон гэж үзэж байна даа.    
    
-    Одоо энэ чиглэлээр ямар ажил зохиовол таарах вэ?

Дэлхий дахинд бүрэн хүргэхийн тулд Ерөнхийлөгчийн энэ саналыг англиас гадна, орос, хятад, франц, испани, солонгос, япон, араб хэл дээр хөрвүүлж түгээх ёстой. “Монгол Улс байнга төвийг сахих” тухай судалгааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж хийх, төвийг сахисан бодлоготой орнуудад төлөөлөгч илгээж газар дээр нь нарийвчилсан судалгаа хийлгэж, туршлага судлуулах, гадаад бодлого, стратеги, цэргийн бодлогоор мэргэшсэн эрдэмтдийг оролцуулсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, манай дипломат албаны ажилтан бүр энэ бодлогыг судалж, эзэмших ажлыг зохион байгуулах, Улаанбаатар дахь Дипломат корпуст энэ асуудлаар брифинг зохион байгуулах, хөрш орон, манай улстай стратегийн түншлэлийн харилцаатай болон зарим шаардлагатай гэсэн улс орнуудын албан ёсны байр суурийг судалж мэдэх, Монгол Улсын төвийг сахисан бодлогыг дотооддоо олон нийтэд, гадаадад олон улс, НҮБ-д сурталчлах, Монгол Улсын төвийг сахисан бодлогыг НҮБ-аар дэмжин батлуулах дипломат үйл ажиллагааг эхлүүлэх, олон улсын харилцаа, стратеги судлалын мэргэжлийн дэлхийн том судалгааны хэвлэлүүдэд өгүүлэл, судалгааны баримт материалыг өргөнөөр хэвлэн нийтлэх, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох бодлогоо шинэ зарчимтайгаа холбон эргэн харах, төвийг байнга сахих асуудлаар мэргэшсэн дипломат, цэргийн мэргэжилтнүүдийг бодлоготойгоор бэлтгэж эхлэх шаардлагатай хэмээн үзэж байна.

-    Ингэхэд төвийг сахина гэдэг нэр томъёог уншигчдад тайлбарлаж өгнө үү?

Герман хэлний Neutralität, латин хэлний neuter буюу “аль нь ч биш” гэсэн утга бүхий үгнээс энэ үзэл баримтлал эштэй юм. Дайнд оролцохгүй, энхийн цагт цэргийн эвсэлд оролцохгүй байх зарчмыг олон улсын эрх зүйн онолд эвсэлд үл нэгдэх хэмээн нэрлэж ирсэн байдаг. Олон улсын хуулиар бол дайн самууны үед  энэхүү төвийг сахиж буй цаад улсад нь гурван хязгаарлалт тавьдаг. Үүнд 1) Байлдагч талуудад тэр улс цэрэг зэвсгээр тусалж болохгүй; 2) Байлдагч талуудад нутаг дэвсгэрээ ашиглуулж болохгүй; 3) Зэвсэг болон цэргийн зориулалттай бараа хэрэв худалдах бол байлдагч талуудыг хооронд нь ялгаж үзэж болохгүй гэх мэт. Гэхдээ энэ онол өнөөдөр хатуу шалгуураар хэрэгжих албагүй, тэгэх ч нөхцөлгүй гэдгийг бас анхаарах хэрэгтэй.

-    Ярилцлага өгсөн Танд баярлалаа.
 
NEWS агентлагийн news.mn сайт, 2015.09.14