ОУВС-ийн төлөөлөгчид саяхан манай улсад ирэхдээ нэгэн сонирхолтой судалгааг танилцуулсан.  Товчхондоо энэ нь АНУ ам.долларын ханшаа нэмнэ гэж айлгаж буй ч хөгжиж буй орнууд, уул уурхайг тэргүүлэх салбараа болгосон орнуудад хэрхэн хүндээр тусч байгаа талаар тухайн орнуудын макро эдийн засгийн нөхцөл байдал ямар байгааг харьцуулсан судалгаа байв. Бараг бүгдээрээ л макро эдийн засгийн үзүүлэлт нь хүнд байгаа ч сайн мэдээ гэвэл тэдгээр орнуудаас хамгийн бага инфляцитай нь манай улс байлаа. Уул уурхайн гаралтай түүхий эдийн үнийн ид өсөлтийн үед зөвхөн манайх л “бүсээ чангалж”, мөнгөний хатуу бодлогод “нухлагдан” зовж байсны маань үр дүн гэх үү дээ. Энүүхэндээ гэхэд манай төсөв, мөнгөний бодлоготнууд жигтэйхэн алсын хараатай, ухаантайдаа ийм алхам хийгээгүй л дээ. Өмнөх Засгийн газар нь Хятадын төрийн өмчит “Чалко” компанид бөөн өр тавьчихаад аргагүйн эрхэнд, “шахаанд ороод” бүсээ чангалсан хэрэг.  Тэр үед мах, гурил, шатахууны нөөц бүрдүүлж нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулж, уул  уурхайн салбараас олсон орлогоо бусад салбартаа амжилттай тараан байршуулж, хөдөө аж ахуй, барилга, экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хөрөнгө оруулалт хийсэн нь зөв бодлого байсны үр дүн энэ.

Ингэж бүсээ чангалж олж авсан 4.9 хувийн инфляцийг тогтвортой байлгаж үүндээ суурилж төсвөө алдагдалгүй болгох нь Монгол Улсын макро эдийн засгийн урт хугацааны тэнцвэрт байдалд хамгийн чухал нөлөөтэй. Хэрэв төсвөө алдагдалтай баталбал инфляци бага байсан ч олсон үр дүнгээрээ төсвийн алдагдлыг санхүүжүүлэх хамгийн муу зам хүлээж байна. Тэр тусмаа хоёр жил дараалан “сонгуульдах” гэж байгаа ийм цаг үед инфляци нь 4.9 хувьтай байхад төсвөө алдагдалтай баталбал өнөөх биднийг хаяад одсон “Уул уурхайн супер цикль”-ээ хэзээ эргэн ирэххийг хүлээж байж л алдаагаа засч болох юм.

Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэж эхлэхэд инфляци 6.6 хувьтай байсан, харин саяхан танилцуулсан статистикаар 4.9 хувьтай гарчихлаа. Энэ тоо бодитой эсэхээс илүү ийм суурин дээр яаж эдийн засгийн өсөлтөө нэмж чаддаг төртэйг шалгах гэж , ерөөсөө “Монгол Улс тэглэсэн төсөвтэйгээр тэнцвэрт байдлаа олж авах шинэ моделийг сэтгээч ээ” гэсэн дохио биш гэж үү. Уул уурхайн супер цикльд суурилсан төрийн бүтэц, төсвийн зарлагын бүтцийг халж, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ “0” биш ядаж ДНБ-ний 10-15 хувьтай болгочихвол эдийн засгийн өсөлтийг “азгүй гурван хувь”-аас нь жаахан нэмчих боломж бий.

Төсвийн алдагдлыг хоёр хувьтай байж болно гэх тухайн цаг мөчид ашиглагдаад өнгөрсөн хуулийн хэрэглээг заавал чинээнд нь тулгаж алдагдал үйлдвэрлэх шаардлагагүй. Учир нь хөрөнгө оруулагчид урдаа “-“ тэмдэгтэй л бол тоон үзүүлэлт нь хэд ч байсан үргэдэг. Тэгэхээр арайхийн ирсэн “инфляци 4.9 хувь” гэдэг энэ боломжийг ашиглаж макро эдийн засгийн бусад үзүүлэлтээ “өнгөтэй, өөдтэй” харагдуулж хөрөнгө оруулалтыг татах нь чухал байна. Ямар ч байсан уул уурхайд суурилан хөгжиж буй, зөвхөн энэ салбараар тэжээгддэг эдийн засагтай бусад орноос манай давуу тал нь инфляци тогтвортой, одоо алдагдалгүй төсөвтэй болчихвол төр нь хувийн хэвшлийнхнээ дэмжиж яаж ч “танц эргэх” орон зай байна. Өөрөөр хэлбэл тэднийг тайван жаргалтай, зөөлөн бодлоготой тансаглаж байхад бид бүсээ чангалан урвайж явсны дүнд ийм өөдрөг үзүүлэлттэй байгаа хэрэг.

Тийм учраас УИХ-аас төсвөө алдагдалгүй баталчих, хөрөнгө оруулагч татах, ханшийг тогтвортой байлгах, хувийн хэвшлийнхэнд олгодог зээлийн хүүг багасгаж эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг бидэнд даатгачих гэсэн утгатай саналыг Монголбанкнаас Засгийн газарт тавиад байгаа аж. Гэтэл “бодлогын хүүгээ бууруулах нөхцлийг хаасан” алдагдалтай төсөв баталж, хангалттай хэмнэхгүй үрэлгэн хэвээр байвал яах вэ. Тийм учраас “1.Засгийн газар өр нэмэхгүй байх /алдагдалтай төсөв баталбал өр нэмэгдэх нь гарцаагүй/, 2.Төсөв бодитой байх. /орлогоо бодитой төлөвлөх, наанадаж зэсийн ханшийг 4500 ам.доллараар батлах/, 3. Төсөв нэгдмэл бодлоготой байх /ширээн доогуур наймаалцах буюу private placement тактикаар ажиллаж болохгүй, үр дүн нь өнөөдрийн төсвийн алдагдлын хэмжээ/ гэсэн гуравхан шаардлагыг хангах ёстой болж байна.

Төсвөө алдагдалгүй баталж эдийн засгаа эдгээхийн тулд бид зүүгээр хатгуулахын дайтай өвдөхөөс аргагүй. Гэвч өвчнөө анагаахын тулд тал эм уугаад яах вэ, бүтнээр нь уугаад л эдгээж аваад эрүүлжье. Хувийн хэвшлийнхэн  олон жил “өвдөж”, төрөө энэ бүтцээр нь амар тайван, тарган цатгалан байлгах гэж хангалттай ядарсан. Өнөөдөр инфляци 4.9 хувьтай байхад бодлогын хүү 13 хувьтай байгаа энэ зөрүүнээс харахад мөнгөний зөөлөн бодлого гэж хэн ч хэлэхгүй. Одоо энэ “өвдөлт”-ийг төрийн байгууллага амсаж үзэх цаг нь болсон. Гол зорилго нь төрийн бүтэц, төсвийн зарлагын бүтэцтэй холбоотой. Хаанаа, яаж танах нь тэдний хэрэг. Шууд төрийн албан хаагчдыг халах гэхээсээ илүүтэй бүтцийг нь яаж цомхон, чадварлаг байлгах вэ. Юу чухал ба чухал биш вэ гэдгээ зөв онилох чадвар хэнд нь байна вэ гэдэг нь эндээс харагдана.

Урьдчилсан байдлаар яриад байгаагаас үзвэл 200 мянган төрийн албан хаагчдаас багш, эмч нарыг оролцуулахгүй гэвэл 70 мянган албан хаагч ажилгүй болж мэдэхээр байна гэнэ. Тэднээсээ ажлын хэрэгцээ, хөдөлмөрийн бүтээмжийг нь харж халах эсэх цомхтголоо хийх хэрэгтэй. Гэнэт халагдсаны тэтгэмжээ авчихаад хувийн секторт бага хүүтэй зээл аваад хувийн сектор руу шилжих боломж тэдэнд бий. Түүнээс биш бүгдийг нь тэгшитгэж амжилттай ажлаа хийж яваа албан хаагчаас автоматаар цалинг нь хувь тооцож хасвал хэлмэгдүүлсэн, хоморголсон шийдэл болно. Мөн Хөгжлийн банк гэгч анхны зорилгоосоо зөрөөд давхичихсан, улс төрийн зээл олгодог агентлаг болчихоод байгааг Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар засч залруулан төсвийн алдагдлыг санхүүжүүлээд өр үйлдвэрлээд байдгийг нь болиулах цаг болжээ.

Энэ мэтчлэн Монгол Улсын макро эдийн засгийн “Шинэ тэнцвэр”-ийг олох эхний алхмаа хийх боломж олдлоо. Алганы хонхорхой ойрхон боловч хазаж болдоггүй шиг  инфляцийг бууруулж байгаад шиг эдийн засгаа өсгөх боломж энүүхэнд хэрнээ хүрч чадахгүй байсан бол одоо хүрчихлээ. Харин одоо “Улсын төсөв Монгол Улсын өрийг нэмдэггүй байх ёстой” гэдэг уриаг цаашид ч мөрдлөг болгож “Тэглэсэн төсөв дээрх шинэ тэнцвэр”-ийг олох эхний алхмыг хийхэд хувь нэмрээ оруулахыг төсөв батлагчдаас хүсэх байна.