Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хэвлэлд анхны ярилцлагаа өгч байна.
-Та энэ албанд томилогдоод хэр удаж байгаа билээ?
-Нэгдүгээр сарын 8-нд томилогдсон. Сар болж байна.
-Санхүүгийн хямралын ийм онцгой орчинд Төвбанкны ерөнхийлөгч бол хамгийн сонирхолтой субьект шүү дээ. Та тэгээд сар шахуу хэвлэлийнхнээс зугтсан хэрэг үү?
-Төвбанкны ерөнхийлөгч бол аль болох цөөн дуугарч байх ёстой. Аль ч улсад ийм байдаг. Энэ нь хэвлэлээс, ил тод байдлаас зугтаж байгаа хэрэг ерөөсөө биш юм. Төвбанкны ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэл, хэвлэлээр хэлсэн үг, байр суурь улс орны эдийн засгийг ямар нэгэн хэмжээгээр хөдөлгөж мэдээлэл дохиолол болдог учраас тэр юм.
-Яг ажлаа аваад харахад улс орны эдийн засаг, мөнгөний бодлого таны санаснаас ямар төвшинд байж вэ. Төсөөлөл, бодит байдал хоёр нийцэж байна уу?
-Би үндсэндээ 2008 оны тав, зургадугаар сарын л мэдээлэлтэй байсан. УИХ-ын гишүүн байсан учраас энэ үеийн бодитой мэдээлэл бол байсан. Түүнээс хойш сонин хэвлэлийн л мэдээлэлээр л төсөөлж байгаад Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсон.
Бодит байдал дээр үзвэл Монгол орны эдийн засаг түргэн өөрчлөгдөж байна. Мэдээж сайн тал руугаа биш. Нөхцөл байдлаа зөв үнэлэхгүйгээр энэ хямралаас богино хугацаанд гарахад ч хэцүү, хохирол багатай давахад ч хүнд. Бид сүүлийн хоёр жилд, зэсийн үнэ 8000 ам.доллар хүрч байх үед төсвөө ч, эдийн засгаа ч ихээр тэлсэн. Эдийн засгаа дагаад гадаад худалдаа тэлж, импорт асар их хэмжээгээр өссөн. Ийм байдалтай явж байтал зэсийн үнэ 3000 ам.доллар болмогц төсөв маань орлогын асар их дутагдалд орлоо. Төсвийн алдагдлыг УИХ дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувь гэж баталсан боловч, хэрэг дээрээ найм, есөн хувьд хүрэх төлөв ажиглагдаж байна. Нөгөө талаасаа Монгол Улсад гадаад валютын нөөц дутаж эхэлж байна. Гадаад худалдаа өнгөрсөн жил албан ёсны статистикаар тэрбум ам.долларын алдагдалтай гарсан. Үүний нэлээд нь гадаадын хөрөнгө оруулалтаар нөхөгдөөд, үлдсэн хэсэг нь урьд жилүүдэд хуримтлагдсан валютын нөөцөөс гарсан. Мөнгөний нийлүүлэлт 2006, 2007 онд төсөвтөйгөө давхцаад асар их өссөн байна. Банкны зээл 2007 онд 70 орчим, 2008 онд 40-өөд хувиар өссөн байгаа. Үүний нэлээд нь өнөөдөр дуусаагүй барилга, дуусаагүй үйлдвэрлэлийн хэлбэрт орж түгжигдээд байна. Өрийн сүлжээ үүсч байна. Эдийн засаг асар их долларжсан байна. Арилжааны банкууд боломжоосоо давсан зээлтэй байна.
-Энэ байдлаас яаж гарах вэ?
- Аргууд бол бий. Өөрийн хүчээр зүтгээд гарах. Хэрэв тэгнэ гэвэл төсвөө асар ихээр хасах шаардлагатай. Мөнгөний бодлогоо хатуу явуулж, импортоо хорогдуулж, экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ бол ихээхэн хатуу арга. Хоёрдахь арга нь Валютын сан зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудтай гэрээ байгуулж, тэдний туслалцаатай гарч болохоор байна. Хандивлагчдаас орж ирэх мөнгө урьдынхаас хязгаарлагдмал байх төлөвтөй. Дэлхий бүхэлдээ хямарч байна шүү дээ. Энэ бол бас л хатуудуу арга боловч хямарлаас зөв бүтэцтэй гарах боломжтой. Зөв бүтэцтэй гэдэг нь сүүлийн жилүүдэд алдсан алдаагаа засаад гараад ирэх, Ингэж чадвал олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагуудын манай улсад итгэх итгэл хадгалагдаж сэргэнэ. Гуравдахь арга нь гаднаас урьдчилгаа, зээлийн хэлбэрээр мөнгө олж ирэх. Мөнгөө зөв зарцуулаад хямралаас чангараад гараад ирэх боломж бол байна. Харин их мөнгө олж ирээд, нэг хоёр жилийн дотор идээд дараа нь өрөнд орох аюултайг давхар бодолцох хэрэгтэй. Эдгээр аргаас аль нэгийг цаг алдалгүй сонгоод урагшаа тууштай зүтгэх нь чухал байна. Тодорхой бус байдалд удаж хэрхэвч болохгүй.
-Монголбанкны зүгээс мөнгөний нийлүүлэлт хийж эдийн засгаа тэтгээд гарчих боломж байхгүй хэрэг үү?
-Бодит эдийн засгаа харвал мөнгө хэрэгтэй байна. Хэрэгжүүлье гэхээр хязгаарлах хүчин зүйл олон байна. Нэгдүгээрт, төсөв алдагдал ихтэй байна. Хоёрдугаарт алдагдалтай төсөвтэй үед мөнгөний нийлүүлэлт нэмбэл тэртэй тэргүй өндөр байсан инфляцийг сэргээж улам хөөрөгдөнө. Гуравдугаарт, хэрвээ мөнгөний нийлүүлэлтийг нэмбэл импортынхоо хэрэгцээг тэлэх шаардлага гарна. Ингэснээр валютын хомсдол улам нэмэгднэ. Энэ нь ард түмний амьдрал дээр очихоор үнэгүйдлийн далайд живж орлого хомсдоно, худалдан авах чадвар буурна. Эдийн засаг замбараагүйдэх ноцтой аюул ч үүсч мэднэ. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлт хийгээд л эдийн засгаа сэргээчихнэ гэдэг ойлголт бол үл бүтэх зүйл.
-Ер нь бол төсөөлж байснаасаа илүү хүнд нөхцөл, цаг үед энэ албанд ирчихсэн юм байна, тийм үү?
-Томилогдохын өмнө амаргүй нөхцөлтэй цаг үе гэдгийг гэдгийг мэдэж байсан. Гэхдээ төсөөлж байснаас хүнд байж.
-Халшраагүй биз дээ?
-Төр, УИХ итгэл хүлээлгэж байхад халшрах эрх надад байхгүй. Халшрах тухай бодож ч байсангүй. Харин сая ярьсан аргуудаас УИХ, Засгийн газар алийг сонгох нь уу гэдгийг л харж байна. Тодорхой бус байдалд л удмааргүй байна. Миний хувьд аль сонгосон аргад нь тохируулж мөнгөний бодлогоо тодорхойлж түүнийгээ халирч няцалгүй хэрэгжүүлэх л зорилготой байна. Эдийн засгийн ийм онцгой нөхцөлд асуудлыг хувь хүний өнцгөөс харж Пүрэвдорж сайн хүн, муу хүн гэж хэлүүлэхээс илүү Монголын эдийн засагт, ард түмэнд тустай бодлогын төлөө зүтгэх чин хүсэл маань мохоогүй ээ. Ард түмэнтэйгээ зовоход нь зовж, жаргахад нь хамт жаргаж явахаас өөр эрхэм дээд зүйл надад байхгүй. Өнөөдрийн энэ хүндрэл бэрхшээлийг төр түмэнтэйгээ хамтдаа туулнаа л гэж бодож сууна даа.
-Төвбанкны хэмжээнд хямралыг давах тусгай хөтөлбөр ч юмуу, хэрэгжүүлэх тусгай төлөвлөгөө бол бий биз дээ?
-Монголбанкны захирлуудын зөвлөл саяхан хуралдаж ойрын хагас жилд баримтлах мөнгөний бодлого, Монголбанкнаас хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлсон. Хямралын эсрэг төлөвлөгөө гэж нэрлэсэн дээ. Энэ бол зөвхөн Монголбанкны зүгээс хийх ажил.
-Хямралыг давахад хамгийн чухал субьектийн нэг нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг Монголбанк мөн биз дээ?
-Хямралыг хохирол багатай давахад Монголбанкны үүрэг чухал гэдэгтэй санал нэг байна. Гаднаас мөнгө олж ирнэ гэхэд Монголбанкны хувьд боломж нь хязгаарлагдмал. Томоохон хэмжээний хөрөнгө босгох асуудал эцсийн дүндээ барьцаа баталгаандаа тулдаг. Одоо гадныхны ганц сонирхож байгаа ашигт малтмалын ордууд дээрээ түшиглэж зээл урьдчилгаа авна. Тийм учраас манай Засгийн газар бүх боломжоо дайчлан ажиллаж байгаа. Монголбанкны өөрийнх нь хөрөнгө чинээ ч их биш шүү дээ.
-Яг хэд байдаг юм бэ?
-Дөч гаруй тэрбумын л өөрийн хөрөнгөтэй.
- Юу төгрөгөөр үү?
-Төгрөгөөр, гучин хэдэн сая ам.доллар гэсэн үг шүү дээ.
-Улсын төсвөө ерөнхийлөн захирдаг, ашигт малтмалын бүх ордыг эзэмшдэг, хэд хэдэн хамтарсан үйлдвэрийн эзэн болох Засгийн газарт мөнгө олдохгүй байхад гучхан сая ам.долларын үндсэн хөрөнгөтэй Монголбанкинд итгэж мөнгө өгөх түншүүд олдох уу, тэгээд ?
-Хэцүү. Гэхдээ хэцүү гээд суух биш, Төвбанк ажиллаж л байна. Хятад улсын Төв банктай төгрөг юанийн солилцоо хийх хэлэлцээр эхлээд байна. Энэ бүтчихвэл хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа үлэмж хөнгөрч түргэснэ. Валютын хомсдол багасна. Ийм саналыг ОХУ-ын Төвбанкинд ч тавьсан. Мөн Засгийн газрын үнэт цаасыг борлуулах боломжийг судлах ажилд оролцож байна. Монголбанк ч арилжааны банкууд ч мөнгө хөрөнгө олохоор хөөцөлдөж байна. Зарим нь Засгийн газрын баталгаа гаргах эсэх асуудалдаа тулаад явж байна. Монголбанкинд нэг л онцгой эрх бий. Эдийн засагт байгаа мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах гэж. Энэ нь бас л хязгаарлагдмал болоод байна. Төсөв их хэмжээний алдагдалтай бол Монголбанкнаас мөнгө бага гаргах ёстой. Инфляцийн суурь өндөр, валютын нөөц бага өнөөдрийн нөхцөл нь өөрөө мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх Монголбанкны боломжийг хязгаарлаад байна. Тийм учраас олон хүний хэлээд байгаа шиг, зарим эдийн засагчдын зөвлөөд байгаа шиг зах зээлд баахан мөнгө нийлүүлж арилжааны банкуудын эх үүсвэрийг нэмээд л хүндрэлээс гараад явчихна гэдэг бол дэндүү эндүүрэл юм. Монголбанкны бодлого өөрөөс нь шалтгаалж явдаг биш, улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаж явдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ Монголбанк өнөөдрийнхөө орчин нөхцөлийг харгалзахгүйгээр мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлчихвэл улс орныхоо эдийн засгийг аврах биш, харин хөмөрнө. Үнэндээ Монголбанкны нэг талаас нөөц, нөгөө талаас боломж нь зарим хүний ярьж төсөөлж байгаа шиг элбэг дэлбэг, өргөн дэлгэр юм алга. Харин ч өнөөдрийн эдийн засгийн бодит байдал явж явж Монголбанкийг мөнгөний чанга бодлогоо үргэлжлүүл, сулруулж хэрхэвч болохгүй гэдгийг харуулж байна. Төсвийн зарлагыг эдийн засгийн даах хэмжээнд хүргэж хасахгүйгээр мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломж байхгүй. Манай төсөв хэрэглээг дэмжсэн, түүгээрээ харийн орны зах зээлийг дэмжсэн чанартай байна. Гэтэл бодит сектор мөнгөөр гачигдсаар байна.
-Тэгвэл бусад орнуудад яагаад зээлээ нэмж, хүүгээ бууруулж болоод байна вэ?
-Улс бүрт нөхцөл байдал өөр байна. Жишээ нь АНУ гэхэд зөвхөн өөрийнхөө үндэсний валют доллар дээр эдийн засаг нь явж байгаа. Гадаад валют гэж зовох юм алга, тэдэнд. Хятад гэхэд гадаад валютын асар их нөөцтэй. Санаа зовохооргүй их нөөцтэй байна. Гэтэл манайд хуримтлал ч алга, гадаад валютын нөөц ч багахан байна.
-Шууд асуухад та л өөрөө УИХ-ын чуулган дээр хамгийн түрүүнд юу хийх вэ” гэсэн гишүүдийн асуултад “ Мөнгөний тэлэх бодлого явуулна аа” гэж байсан шүү дээ. Энэ мэдэгдэл чинь олон хүнд итгэл төрүүлсэн л дээ, уг нь?
-Би бас шууд хариулъя. УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын гишүүд л хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хуультай. Бусад хэнбугай ч гэсэн хэлсэн үг, хийсэн мэдэгдэлдээ эзэн байх ёстой. Би хэлсэн үгээ сайн санаж байна. Өөрөө хүсвэл чуулганы протокол үзээрэй. Би мөнгөний тэлэх бодлого явуулах боломж байвал ашиглана аа, тэгэхдээ бүр их биш, зөвхөн зохистой хэмжээнд л гэж хэлсэн. Түүнээс биш, шууд явуулна аа гэж хэлээгүй. Чадвал Монголын эдийн засагт мөнгө нийлүүлнээ л гэсэн. Гэтэл тэр боломж туйлын хомс байгааг сая ярилаа шүү дээ. Бага зэргийн өөрчлөлтүүдийг бол хийж байгаа. Жишээ нь, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар буурч байгаа учраас тэдэнд тодорхой хэмжээний зээл олгож дэмжиж байна. Монголбанкны үнэт цаасны борлуулалтыг багасгаж байна. Мөнгөний бодлогын хүүгийн бүтцийг шинэчлэхээр бэлтгэж байна. Мөнгө нийлүүллээ гэхэд амин чухал салбараа тэтгэх, банкны салбарынхаа төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг л дэмжинэ. Өнөөдрийн зохистой хэмжээ хязгаар нь энэ юм. Их хэмжээний мөнгөний тэлэлтийг бид хүсээгүйдээ, бодит эдийн засагт, арилжааны банкуудад мөнгө хэрэггүйдээ хийхгүй байгаа юм биш.. Одоо алдагдаж, ганхаж байгаа эдийн засгийнхаа тэнцвэрийг бүр савлуулчихгүйн тулд мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлахаас өөр арга алга. Боломж байвал ашигланаа гэж чуулганы танхимд хэлсэн үг маань нэг талаас миний хүсэл, нөгөө талаас УИХ-ын гишүүдээс өгч байсан зөвлөмж захиалга байж. Гэтэл улс орны эдийн засгийн бодит байдал маань бидний хүсэл, захиалгаас тэс өөр орчинд байна.
-Ер нь таныг энэ ажилд ирснээр зөв гольдиролдоо орж байгаа, эсвэл эерэгээр шийдэгдэж байгаа юм байна уу?
-Өөрийн чинь хэлснээр зөв гольдрилдоо гэх юм уу, ямар ч гэсэн бид мөнгөний бодлогоо тодотгож байна. Тодотгох хэд хэдэн шаардлага гарсан. Нэгдүгээрт мөнгөний бодлогоо зөв явуулах нь Монголбанкны үүрэг. Хоёрдугаарт, бодит эдийн засагт мөнгө хэрэгтэй байна. Улирлын чанартай бизнесүүдийг тодорхой хэмжээнд дэмжих шаардлага гарч байгаа. Гуравдугаарт гадуур олон хүн, бас ч гэж манай нэртэй зарим эдийн засагчид Монголбанк л мөнгөний нийлүүлэлтийг тэлээд энэ хүнд байдлаас гарчихна гэж гэж яриад байгаа учраас үнэхээр тийм боломж байгаа эсэхийг судалж үзэх хэрэгтэй байлаа. Улсынхаа валютын нөөц боломж ямар байгааг судлах мэдэх ажлыг ч давхар хийж байгаа. Арилжааны банкуудын чадавхи болон Монголын нийт эдийн засаг ямар байгааг үнэлж дүгнэх ажил хийж байна. Засгийн газраас боловруулж байгаа хямралыг даван туулах хөтөлбөрийг хамтран боловсруулж мөнгөний бодлого, банкны салбартай холбоотой тодорхой саналууд тусгуулж байна.
-Энэ бүхний үр дүн хамгийн богино хугацаанд хэзээ гарах бол?
-Тийм амар гарахгүй ээ.
-Тэгвэл энгийн иргэн амьдрал дээр Батсүх гэж ерөнхийлөгчийг Пүрэвдорж гэж хүнээр сольсны үр дүнг яг хэзээ үзэх вэ?
-Батсүхийг Пүрэвдоржоор сольсоны ач тусыг надаас нэхэхийн хэрэггүй ээ. Батсүхийг яагаад сольсоныг би сайн мэдэхгүй. Мэдэж байлаа ч, миний хариулах асуудал биш. Харин миний хувьд Пүрэвдорж гэдэг шинэ ерөнхийлөгч ажил хийх ёстой нь үнэн. Хийж байгаа нь энэ гэж, эсвэл бусдад таалагдах гэж, бусдаас өөр хүн болох гэж асуудалд хөнгөн гоомой хандаж буруу хазгай зүйл хийх эрх надад байхгүй. Би надад итгэсэн ард түмэндээ, төрдөө бушуу туулай борвиндоо баастайн үлгэр яримааргүй байна. Миний ганц зарчим бол Монголбанк ямар бодлого явуулах ёстойг зөв тодорхойлж тэрэн дээрээ бат нягт зогсч байх ёстой.
-Чуулганын танхимд хэлсэн өөр нэг амлалтыг чинь сануулъя. Төгрөгөө яаран битгийн доллар болгоорой гэж хэлсэн дээ. Энэ чинь долларын ханшийг барьж төгрөгийн үнэгүйдлийг зогсооно оо гэсэн санаа байсан биз дээ. Гэтэл долларын ханш өнөөдөр таныг томилогдож байх үеийнхээс бараг зуун төгрөгөөр нэмэгдлээ. Өсөлтийг зогсоож үнэхээр дийлэхгүй нь үү?
- Чуулганы танхимд биш, сурвалжлагчдын асуултанд тэгж хариулсан. Монгол Улсын иргэний хувьд ч, Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд ч төгрөгөө үнэгүйдүүлэх сонирхол надад байхгүй. Аль болох үнэгүйдлээс хамгаалах л үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд л тэгж хэлсэн хэрэг. Тэгээд ч намайг томилогдсоноос хойш ханш сар хэртэй тогтвортой байж байгаад ойрдоо дээшээ явж байгаа нь үнэн. Төгрөгийн үнэгүйдлийг барихын тулд ерөнхий эдийн засгаа л сайжруулах хэрэгтэй. Гадаад дотоод худалдаа нь тэнцвэртэй баланстай, гаднаас авдаг юм нь багассан, хүнээс хамаарсан хэрэглээ нь багассан, гадагшаа хүнд өгдөг юм нь нэмэгдэж байж л доллар төгрөгийн ханш тогтворжих ёстой юм. Ийм нөхцөл байдал манай эдийн засагт өнөөдөртөө алга. Гэхдээ байгаа жаахан боломжоо ашиглаад, долларын ханшийг тогтвортой байлгахын тулд Монголбанк, Засгийн газрын зүгээс боломжтой бүхнийг хийж байна. Зохицуулалт хийгээд байгаа боловч алсаараа л эдийн засгийн өрөөсгөл бүтцийн дарамт их байна.
-Долларын интервенц хийж болохгүй юу?
-Хийж байгаа, цаашдаа ч хийнэ. Гэхдээ интервенцийн зохицуулалт бол түр зуурын, амиа аргацаасан л арга. Манай орон хямралаас гарах ямар хувилбар сонгохоос Төвбанкны валютын бодлого хамаарна. Хэрэв шаардлагатай мөнгө ороод ирэх нь тодорхой болбол өнөөдрийн валютын нөөцийг хэт хямгадаад байхын хэрэггүй юм. Тэгээд ч тэрбум тэрбум биш гэхэд 700-800 сая доллар ороод ирвэл төгрөгний ханшны асуудал, хүлээлт аяндаа шийдэгдэнэ шүү дээ. Энэ бол хамгийн магадлал өндөртөй байж болох хувилбар. УИХ ээлжит бус чуулганаараа эдгээр асуудлыг шийдвэрлэх явцыг түргэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
- Засгийн газар урьдчилгаа хэлбэрээр үнэхээр их хэмжээний мөнгө олоод ирвэл төгрөг чангарч, долларын ханш суларах уу?
-Тэгнэ ээ.
-Зарим хүн долларын ханшийн өсөлтөд ченжүүдийг буруутгаад л, шалгаад л байх юм. Үнэхээр ченжүүд л хөөргөдөөд байгаа хэрэг үү?
-Долларын өсөлтөд ченжүүд буруутай гэж Монголбанкны зүгээс нэг ч удаа хэлээгүй. Намайг энэ албанд томилогдож байх үед Санхүүгийн зохицуулах хорооноос Найман шарга ченжийн захыг шалгасан. Энэ нь валютын арилжаа хийх зөвшөөрөл, бүртгэлийг нь албажуулах л ажил байсан гэж ойлгож байгаа. Монголбанкны зүгээс ченжүүдийг шалгаад, шахаж хавчаад байгаа юм байхгүй ээ. Ченж нэртэй тэдгээр хүмүүс бол ард түмний тодорхой хэсгийн хэрэгцээг хангаж байгаа. Монголбанкны ч, арилжааны банкны ч ханш ченжийн захынхаас доогуур байгаа. Валютын зах дээр Цагаан сар болох гээд ханш өсч байна.
-Одоо манай улсын гадаад валютын нөөц хэр байна вэ?
- Гурван сар орчмын импортын хэрэгцээг хангах нөөцтэй байна.
нэ нь зохистой хэмжээ юү?
- Бүр ч нэг их багасчаагүй л гэсэн үг.
-Тэгвэл арилжааны банкуудын чадавхи ямар байна вэ. Тэднийг төв банкнаас дэмжиж байгаа юу?
-Жишээ нь, Английн Засгийн газар банкуудаасаа жижиг дунд үйлдвэрлэлийн бүх зээлийг нь худалдаад авчихаж байна. АНУ-ын Засгийн газар болохоор 800 гаруй тэрбум ам.доллараар банкууддаа санхүүгийн туслалцаа үзүүлж байна. Хэмжээ нь ийм биш ч, хэлбэр нь иймэрхүү туслалцаа Монголын банкуудад хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Яагаад хийж чадахгүй байна вэ гэхээр, засаг одоодоо мөнгөгүй байна. Арилжааны банкуудаа дахин хөрөнгөжүүлэх, эсвэл зээлийг нь худалдаад авчих санхүүгийн эх үүсвэр Монголбанкинд бол бүр байхгүй. Хэдий тийм боловч арилжааны банкуудын байдал ерөнхийдөө тогтвортой байгаа. Одоогоор Монголбанкны зүгээс банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, Төвбанкнаас тавих шаардлагаа чангатгаж, өөрийн хөрөнгийг нь нэмэгдүүлэх, болзошгүй эрсдэлд бэлтгэлтэй байх нөхцөл байдлыг нь хангахад л анхаарч байна. Арилжааны банкуудын гадаад дотоод хөрөнгө оруулагчтай уулзаж хөрөнгө оруулалтаа нэмэх, зээлээ өсгөх санал тавьж байна. Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголтын банк зэрэг гадаадын хөрөнгө оруулагчид манай хэд хэдэн банкин дахь хөрөнгө оруулалт, зээлийн шугамаа нэмэгдүүлэхэд бэлэн байгаа. Манай ХААН банкны хөрөнгө оруулагч ийм сонирхолтой байна. Гагцхүү дотоодын хөрөнгө оруулагчдад хувь оролцоогоо багасгах сонирхол тэр бүр байхгүй байна. Үүнийг буруутгаад байх юу байх вэ. Гэхдээ тухайн банкны эрсдэлгүй байдлын хувьд ч, нийт салбарынхаа тухайд ч ийм хөрөнгө оруулалтыг авах нь чухал гэдгийг бодолцох ёстой.
-Иргэдийн хадгаламжийг төрөөс даатгасан. Хадгаламж эзэмшигчид тайван байж болох уу?
-Үүнд эргэлзэх юм байхгүй. Санхүүгийн чадвар буурлаа буурлаа гэхэд Монголын төр арай ч иргэддээ худлаа хэлэхгүй, хуурахгүй гэдэгт итгэлтэй байж болно.
-УИХ-аас арилжааны банкуудаа дэмжинэ гэж Эрсэдлийн сангийн мөнгийг арилжааны банкуудад байршуулах шийдвэр гаргасан. Гурван сар болж байхад нэг ч арилжааны банк энэ мөнгийг аваагүй байгаа юм биш үү?
-Нэг ч банк аваагүй нь үнээн. Жижгэвтэр банкуудаас бол хүсэлт ирүүлсэн. Эрсэдлийн сангийн мөнгийг байршуулах шалгуур журам нь нэлээн өндөр босготой. Тийм учраас хүсэлт ирүүлсэн жижиг банкуудад Монголбанкны зүгээс хатуу шалгуур тавьж байгаа. Харин том банкууд энэ мөнгөнөөс авах хүсэлтээ ирүүлээгүй. Хүү өндөр, хугацаа богино, хэрэв дараа нь төлж чадахгүй бол Засгийн газрын давуу эрхтэй хувьцаа болж хувирна гэсэн шаардлагуудаас том банкууд болгоомжилж байгаа бололтой юм. Тэгээд ч энэ мөнгө Засгийн газарт өөрт нь хэрэгтэй болж байна.
-Ийм хэт өндөр шалгуураар тавьж байтал дахиад нэг арилжааны банк дампуурчих юм биш биз?
-Монголбанкны хувьд арилжааны банкуудыг хянан шалгах ажлаа нэмэгдүүлж, шаардлагаа өндөрсгөж байгаа. Арилжааны банкуудын хувьд өнөөдрийн нөхцөл байдалд үйл ажиллагаагаа зохицуулах учиртай. Тэгж ч байгаа. Төвбанк ийм шаардлага тавьж зөвлөж буй. Тийм учраас өнөөдөр өрсөлдөхдөө бус, харин үйл ажиллагаагаа уялдуулах, гадаад дотоод эх үүсвэрээ л нэмэгдүүлэх учиртай.
-Одоо “Анод” хэвийн байдалдаа орсон уу?
- “Анод”-ыг өөрчлөн байгуулах ажил үргэлжилж байгаа. Сая Олон улсын валютын сангийнхан “Анод”-ын өөрчлөн байгуулалтад нэлээд хатуу шаардлага тавьсан . Энэ банкны асуудлыг зөв шийдэх эсэхээс олон улсын байгууллага, хандивлагчид танай улсад итгэх эсэх нь хамаарна. Энэ банкийг хэр зөв зохистой эмчлэх нь танай банкны салбарын толь болно. Тийм учраас олон улсын хөндлөнгийн аудитаар шалгуул, дүгнэлт гаргуул. Бид тусалж, зөвлөмж өгье гэсэн. “Анод” дээр тэдний зөвлөмжийг бодолцохоос өөр аргагүй. Цаашдаа бид Олон улсын валютын сан юм уу, хандивлагчдаас мөнгө авч болно, тэр мөнгөний тодорхой хэсгийн банкны салбараа дэмжихэд зориулж магадгүй. Тийм учраас олон улсад зөв мэдээлэл өгөх нь чухал.
-Удахгүй улирлын чанартай бизнесүүд эхэлнэ. Тэдгээрт олгох зээл арилжааны банкуудад бий юү. Арилжааны банкууддаа зээл хэлбэрээр өгөх мөнгө Монголбанкинд бий юү?
-Төв банкнаас улирлын чанартай бизнесүүдийг дэмжинэ. Арилжааны банкууд ч үүнд бэлтгэж байгаа. Мэдээж арилжааны банкуудаараа дамжуулан газар тариалан, алт ноолуурын бизнест тодорхой хэмжээний зээл гаргана. Барилгад ч гэсэн дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ дуусаагүй бүх барилгыг дуусгах хэмжээнд зээл гаргах боломжгүй. Өнөөдрийн үнийг харвал одоо баригдаж байгаа байруудыг худалдан авах чадвар тэр бүр иргэдэд байхгүй. Хэт өндөр үнийг дэмжиж хүнд байдлыг улам хөөрөгдөхгүй ээ.
-Барилгын компаниуд тэгээд нэгэнт гэрээ байгуулчихсан байрныхаа үнийг буулгах уу?
-Буулгахгүй бол өөрсдөө л хүндрэх байх даа.
-Монголбанкинд алт тушаалт нэмэгдэж байна уу?
-Муу байна, алт тушаалт бага байна. Бид гуравдугаар сарын эхээр алт үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнийг хийхээр төлөвлөсөн. УИХ, Засгийн газартай хамтарч хийнэ. Зөвлөгөөн дээр бидний гол ярих зүйл бол алт үйлдвэрлэгчдийн бэрхшээлийг эхлээд сонсоно. Тэгээд бүх алтаа Монголынхоо банкуудад тушаахыг хүснэ, хэлэлцээр байгуулна.
-Алт тушаалт багассан нь таныг УИХ-д байхдаа батлалцсан гэнэтийн ашгийн татвартай холбоотой юу?
-Банкинд тушаадаг нь багассан болохоос олборлодог нь хэвээрээ байгаа. Алтаа гадагшаа гаргаад борлуулдаг, борлуулсан мөнгө нь тухайн аж ахуйн нэгжийнхээ шугамаар Монголд орж ирдэг нь ч хэвээрээ байгаа. Урсгал нь л жаахан өөрчлөгдсөн. Монголбанкны хувьд заавал өөртөө тушаалгах гээд байдгийн учир нь банкаараа дамжуулж валютын арилжааг зохицуулах л гэж байгаа хэрэг. Гэнэтийн ашгийн татварын тухайд алтан дээр сөрөг тал байсан уу гэвэл байсан. Одоо хуулийг нь өөрчилсөн учраас тэр нь арилсан. Тийм учраас л бид алт үйлдвэрлэгчидтэйгээ уулзаж ярилцахаар төлөвлөж байна.
-Одоо танаас ажил хэргийн бус ганц нэг асуулт асууя. Намаасаа түдгэлзсэн үү?
-Түдгэлзсэн.
-Таныг Монголбанкны ерөнхийлөгч болгосны төлөөс нэхсэн дарамт шахалт, намаас болон УИХ-аас ирж байна уу?
-Байхгүй ээ. Би тэгж өр тавьж энэ албанд томилогдоогүй.
-Ер нь таныг ямар шалгуураар Монголбанкны ерөнхийлөгчөөр томилсон юм бэ. Улстөрийн шалгуур уу, эсвэл ажлын туршлага уу?
-Ажлын туршлага юм болов уу гэж бодож байгаа. Эдийн засгийн хямрал бэрхшээлийг ерөнхий хэмжээгээр нь харж, Төвбанкны бодлогыг уялдуулж чадна. Нэг их гуйвж дайваад байлгүй, халширалгүй, улс орны нийтлэг эрх ашигт тааруулж, бусдын нөлөөнд автахгүйгээр Төвбанкны бодлогыг хэрэгжүүлээрэй л гэж тавьсан гэж би ойлгодог.
-МАХН танд ямар нэгэн өр төлж томилгоо хийгээгүй юү?
-Надад МАХН-аас авах авлага байхгүй ээ. Би энэ намын ивээлээр гурван яамны тэргүүн дэд сайд, хоёр том агентлагийн дарга, УИХ-ын гишүүний ажлыг хийсэн. МАХН надад ямар ч өргүй. Ер нь улстөрийн нам хэн нэгэнд өртэй байдгийг би мэдэхгүй юм.
-“Элсний 13”-т зүтгэсний гавьяаг ямар нэгэн байдлаар үнэлсэн юм биш үү?
-“Элсний 13” гэж сэтгүүлч та бүхний нэрлээд байгаа бидний нөхөд намынхаа шинэчлэлийн төлөө л явсан. Бидний хийлцсэн шинэчлэлийн үр дүнд МАХН сонгуульд ялсан нь үнэн. “Элсний 13”-т байсан, албан тушаал авъя гэж би л хувьдаа яваагүй.
-Гэхдээ л таныг энэ албанд томилогдоход “Элсний 13”-ынхны дэмжлэг лобби нэлээн байсан шүү дээ?
-Ер нь бол УИХ дахь намын бүлэг дээр санал хураахад жаахан талцал үүссэн. Тэнд намайг дэмжигчид байсан. Тэдэн дотор намын шинэчлэлийн төлөө хамтарч явсан нөхөд маань ч байсан, өөр хүмүүс ч байсан.
-Томилогдсоны дараа “Элсний 13”-ынхан цуглаж таныг албан тушаалыг тэмдэглэсэн гээ биз дээ?
-Бид угаасаа хааяа цуглаж уулздаг л юм ш дээ. Үерхэл нөхөрлөлдөө үнэнч тууштай байхын буруу гэж юу байх билээ.
-Таныг Барсболд сайдтай хамаатан, таны хүү Хангалыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч гэдгийг хүмүүс мэдэх байх. Таныг УИХ-д дэвшүүлээгүйнхээ, Барсболд сайдыг намын ерөнхий нарийн бичгийн даргын, Хангалыг нийслэлийн Засаг даргын орлогчийн өрсөлдөөнөөс гаргасныхаа төлөөсөнд, та гурвын дунд МАХН-ын зүгээс энэ албыг танд өгсөн гэдэг хэвлэлийн мэдээ байсан, уншсан л байх?
- Тэгж бөөндөж, хэд хэдэн хүний дунд нэг албан тушаалыг зохицуулж өгдөг гэдгийг би мэдэхгүй юм. Харин би нэг юмыг их сайн мэдээд байгаа. Тэр нь би хүний өөрийн залуучуудад тээг болоод байгаагаа мэдээд байгаа юм. Тийм учраас би улстөрөөс гаръя, гэртээ сууя гэж бодож байсан. УИХ-д нэр дэвшээгүй, тэрнээс хойш гэртээ чимээгүй л сууж байсан. Хэвлэлийнхэн та бүхэн анзаарсан л байх. Миний бодол бол тийм л байсан. Энэ ажлыг хийгээч, нөхцөл байдал хүнд байна зүтгээд үзээч гэсэн УИХ-ын даргын саналыг хүлээж авсан. Намын дарга ч ийм санал тавьсан. Гэхдээ би зүгээр ч ирчихээгүй, өрсөлдөөний зарчмаар энэ албанд томилогдсон. Энд ирснээр би хүний өөрийн залуучуудад дахиад хаалт болчихлоо гэдгээ мэдэж л байна л даа.
-Та өмнө нь яамын дэд сайд, ҮТЕГ, ТӨХ-г удирдаж байсан туршлагатай. Монголбанкийг удирдах тэднээс хүнд байна уу?
-Хүнд нь Монголбанкны ерөнхийлөгчийн ажилдаа биш юм. Цаг үе нь хүнд байна. Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал Монголбанкинд асар их дарамт авчирч байна. Буруу зөрүү ойлголт ч их байна. Үнийн өсөлтийг хязгаарла, төгрөгийн ханшийг барь, тэгсэн мөртлөө мөнгөний нийлүүлэлтийг нэм гэсэн эсрэг тэсрэг хэзээ ч үл бүтэх, уг нь бол, соёлтой ертөнцөд хэнд ч ойлгомжтой зүйлийг Төвбанкнаас нэхэж байна. Үүний сөрөг тал нь дан ганц Монголбанкинд тусч буйдаа биш юм. Олон нийтэд буруу мэдээлэл болж, хямралаас гарах зөв чиглэл дээрээ төвлөрөхөд саад тотгор болж байна. Одоо бол дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралыг аль болох бага хохиролтой давахын тулд хүн бүр эрвийх дэрвийхээрээ зүтгэж бүх хүч боломжоо нэгтгэх нь нэн чухал байна.