Монгол Улс улсаараа горьдлого компани боллоо.  Бид хулгана жилээ их хүлээлтээр үдэж, үхэр жилээ горьдлогоор угтаж байна.
УИХ-ын сонгууль анхнаасаа л хүлээлтээр эхэлсэн. Ард түмэн нийгэм өөрчлөгдөнө, улс орон хөгжинө, амлуулсан 1.5 сая төгрөгөө авна гэж хүлээсэн. Хамтарч засаг барихад нь бүр ихээр итгэсэн. Гэтэл өнөөдөр эдгээр хүлээлтээс тайлагдсан нь  алга.  Харин ч горьдлогодоо хүлэгдсэн хүлээлт нэмэгдлээ.  Намууд засагт хамтарсны хурд бус, хуйвалдсаны шинж л тодрох болов. Сонгууль 2008 онд дууссан. УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хоёр дахь жил эхлээд эхний улиралаасаа өнгөрлөө. Гэтэл УИХ нь дутуу бүрэлдэхүүнтэй, Засгийн газрынх нь томилгоо дуусаагүй явна. Парламентад нэг суудал онгорхой бол агентлагууд одоо л хөдөлгөөнд орж эхэллээ.
Горьдлого тээсэн хүлээлтийн хамрах хүрээ ч өргөжив. Санхүүгийн хямралаас гарахын тулд Засгийн газар 1.5 их наяд төгрөгийг гаднаас олж ирэх болж байна. Сонгуульд  саналаа өгсөн ард түмэн 1.5 сая төгрөгөө хүлээж байсан бол сонгууль дууссаны  дараа улсаараа 1.5 их наяд төгрөг хүлээх болов. Ерөнхийлөгч сонгуулиа, улстөрчид нь очих албан тушаалаа, орон шоронд хоригдож байгаа хүмүүс Өршөөлийн хуулийг хүлээж  горьдож үхэр жилийг угтлаа. Төрийн ордон болон түүний эргэн тойронд УИХ нэг гишүүнээ, Ерөнхийлөгч сонгуулиа хүлээж, яамд бүтэцтэйгээ, агентлагууд шинэ даргатайгаа дөнгөж уулзах төдийгөөр л хулгана жилээ үдэж байна. Харин Төрийн ордны гадуур, соногчид 1.5 сая төгрөгөө, банкууд мөнгөтэй болохоо, олон нийт үнийн өсөлт зогсч, төгрөг долларын ханш тогтворжихыг хүлээж өвөлжлөө.
Одоо дээр нь төсвийн тодотголын төслөөр бол Монгол Улсыг хөгжүүлэх сан мөнгөтэй болохыг, хэрэв мөнгөтэй бол төрийн албан хаагчид цалингаа бүрэн авахаа, эцэг эхчүүд хүүхдийн 25 мянган төгрөгөө бүтэн авахаа хүлээх нь. Он дамжсан эдгээр их хүлээлт хэдийгээр олон  хүний тэсвэр тэвчээрийг барж байгаа ч, нэгэнт хүлээсэндээ хүрэх гэсэн их горьдлого нь тэднийг зохиомлоор тайвшруулж байна. Хүлээлт бүрийн цаана горьдлого байгаа учраас л тайвширч байна. Горьдлгодоо хүлэгдээд зарим нь дуугүй сууж, зарим нь горьдлогодоо л хүрэхээс өөрийг хийхгүй  явна. Жишээ нь олон түмэн 1.5 их наяд төгрөг олдвол улс орон санхүүгийн хямралаас гарна, үнийн өсөлт зогсоно, төгрөг чангарна, долларын ханш буурна гэж горьдож сууна. Бас сонгуульд амлуулсан 1.5 сая төгрөгөө авна гэж горьдоно. Үүний тулд тэд Төрийн ордны зүг итгэлийн харц шидэж, сонин, телевизээс сайн мэдээ сонсч дуулах гэж нүдээ ширгээж сууна. Харин хүлээлт сунжирч, горьдлого  алдрах тусам  харцанд итгэлээр гэрэлтэх оч буурч бүдгэрч байна. Засаг болохоор гаднаас олох 1.5 их наяд төгрөг, “хоёр толгой” гэрээгээр авах урьдчилгаа мөнгөө хүлээгээд суучихлаа.     Улстөрчдийн хувьд  тэвчээртэйхэн, чимээгүйхэн сууж байгаа “бялуу хуваарилалт”-д өрчих горьдлогодоо л хүлэгдээнэ. Горьдлогодоо хүрэхийн тулд тэд Засгийн газрыг хамтарч байгуулсныг онолын талаас нь магтаж, өөрийнхөө үг, үйлдлээр аль болох намын дарга нараа бухимдуулахгүйг хичээж явна. Хүлээж байгаад хүссэн, эсвэл ямар нэгэн албан тушаалд очно гэсэн их  горьдлого  нь  тэднийг чимээгүйхэн хувиа бодож, довоо шарлуулахад хүргэв.  Улсын Ерөнхийлөгч ч ялаагүй. Яавал сонгуульд дахин ялахаа л бодож бясалгаж яваа нь түүний орон нутгийн томилолт, ажлын уулзалтуудаас илт харагдана.
2008 онд эхэлсэн, үргэлжилсэн  хүлээлт үхэр жилд тайлагдаж, улсаараа горьдлого компани болсон түүх төгсөх болтугай.