Монголын ардчиллыг өмчлөгчид хоёр хуваагдлаа. Ардчиллыг өмнө нь АН-ынхан л өмчилдөг байв. Ц.Элбэгдорж ардчиллын нэрээр Ерөнхийлөгчид сонгогдсоноор ардчилал хоёр эзэнтэй болов. Өмнөх Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарыг  хуучин коммунистууд гэдэг байлаа. Түүнтэй адил ардчиллын анхны Ерөнхийлөгч нь Ц.Элбэгдорж боллоо. Энэ цагаас хойшхи ардчиллын нэр хүндийн цөм хэсгийг Ерөнхийлөгчийн институци авч явах болж байна.

Зарим хүн Н.Багабандийг бэлгэдлийн шинжтэй Ерөнхийлөгч байсан гэж шүүмжилдэг. Ялангуяа 2000 оноос хойш.  Сая Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдлаа. Энэ бүхэнд, Н.Багабандийн бэлгэдлийн шинжтэй, Н.Энхбаярын ялагдалтай хамт тэднийг нэр дэвшүүлсэн МАХН-ын л нэр хүнд унасан. Тэгвэл  Ц.Элбэгдорж  дөрвөн жил ээлж өнгөрөөж, тааруухан  ажиллабал түүнтэй хамт Монголын ардчиллын нэр хүнд унана. Яагаад гэвэл тэрээр ардчиллын бэлгэ тэмдэг болж төрийн тэргүүнээр сонгогдсон. Хорин жилийн турш унаж босч яваа ардчиллын өмнө “томруулдаг шил”-ний үүрэг гүйцэтгүүлэх гэж ард түмэн түүнийг сонгосон.  Шинэ Ерөнхийлөгчийн нуруун дээр ирж байгаа ачааны хамгийн хүнд нь энэ. Ард түмэн сая 1,5 сая төгрөгийг бус, шударга ёсыг сонголоо. Нийгэмд бүхлээр нь шударга ёс тогтооно гэдэг харьцангуй ойлголт. Харин шударга ажиллах нь тийм ч хэцүү биш. Энэ утгаараа  Ц.Элбэгдоржийн ялалт бол нэгдүгээрт ардчиллын нэр хүндийг босоо авч явах, хоёрдугаарт шударга ёсны төлөө ажиллах аваанзын ялалт юм. Цаашид  жинхэнэ ялалт болгох, 2013 оны сонгуулиар  баталгаажуулж  чадах эсэх нь одоо  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүний багаас л  хамаарна. Монголчууд гараа сайн бол бариа сайн гэж бэлгэшээдэг. Багаа хэрхэн бүрдүүлэх нь шинэ Ерөнхийлөгчийн ажлын гараа юм. Дотооддоо олон нийт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  багаа хэрхэн бүрдүүлэхийг, гадаад ертөнцөд  олон улс Оюутолгой тэргүүтэй уул уурхайн асуудалд яаж  хандахыг  анхааралтай ажиглаж байна.

Ц.Элбэгдоржийн саяын ялалт бол морин дэл дээгүүр хийсч хийсэн  сонгуулийн хувьсгал байлаа. Түүний ялалтад ардчиллын  партизанууд, улстөрчид их үүрэг гүйцэтгэв.  Одоо мориноосоо бууж ялалтаа баталгаажуулахад партизануудаас илүү  ухаантнууд түүнд түшиг болно.

Ардчиллын нэр, намын квотоор төрийн албанд ирж буцан доль цохичихсон, идэж уусан нэр зүүчихсэн улстөрчид  биш, шинэ сэтгэлгээ, эрч хүчтэй бодлоготнуудаар багаа бүрдүүлэх нь ажлын сайн эхлэл. Ярих нь хийхийн тал гэж Ц.Элбэгдорж өөрөө  ярьдаг. Үүнтэй адил  анхнаасаа сайн, чадварлаг бүрдүүлэх нь хөтөлбөрөө төгс хэрэгжүүлж, ард түмэнд амласнаа биелүүлэхийн тал ч байж мэднэ

1997 оныг эс тооцвол урьд өмнө дандаа олонхиос, засгийн эрх баригчдаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ялж байлаа.  Одоогийн цөөнхгүй УИХ, С.Баярын тэргүүлсэн хамтарсан засгийн өнгөн дээр сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд, Монголын төрд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх давхар үүрэг ноогдож байна. Уг нь Засгийн газрын зөв бодлогыг зэрэгцэж хөтлөх, улстөрчдийн хуйвалдаан, ард түмний амь амьдралаас тасарсан төрийн шийдвэрийг сөрж хянах нь УИХ дахь цөөнхийн үүрэг билээ. Гэтэл өнөөдрийн  парламент цөөнхгүй, бүхлээрээ засгийн эрх баригчид учраас дээрх үүрэг шинэ Ерөнхийлөгчийн институцид ирлээ. Энэ үүргийг Ерөнхийлөгч дангаараа биелүүлэхэд учир дутагдалтай. Дээр нь шударга ёсыг тогтооно, хувьцаа тараана гээд амласнаа биелүүлэх ажил мундахгүй. Тэгээд ч Ерөнхийлөгч бол ганцаараа сэлэм эргүүлдэг улстөрийн албан тушаал биш.  Сайн баг, сайн бодлогоор хийдэг багийн тоглолт бүхий ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч билээ. Муу эрд халдага дараа гэдэг шиг нэр нь сэвтэй улстөрчдөөс бүрдсэн баг ажилд л саадтай. Тэгээд ч шударга бус хүмүүсээр хүрээлүүлчихээд шударга ёсны тухай ярих нь ард түмний дунд  ууланд хашгирсан  цуурай адил  сонсогдоно, үр дүн нь талын зэрэглээ адил гарт үл баригдана.    Ерөнхийлөгчид  улстөрийн намаас нэр дэвшсэн ч, эцсийн сонголтыг ард түмэн хийсэн. Тийм учраас төрийн тэргүүний  оролцоотой хийх бүх томилгоог улстөрийн шалгуураар бус, ард түмний шүүлтүүрт нийцүүлж хийх нь соногчдынхоо сонголтыг хүндэтгэсэн хэрэг юм шүү, Ерөнхийлөгч өө.

Ц.Элбэгдоржийг харж байгаа хоёр дахь үйл хөдлөл нь уул уурхайн талаар баримтлах түүний байр суурь.

Эдийн засгийн либераль баримтлалтай, улстөрчийнхөө хувьд либертари үзэлтэй Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдсоныг гадаадын томоохон хэвлэлийн агентлагууд ганцхан сэдэвтэй холбон бичиж байна. Энэ нь уул уурхай.  Зарим нь Москвагийн ашиг сонирхол давамгайлсан бодлогыг шинэ Ерөнхийлөгч хязгаарлана гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.  Энэ тухай өгүүлсэн  томоохон агентлагууд Ц.Элбэгдорж 20 жилийн өмнө Монголын төрийн эрхийг мөн л Москвагаас Улаанбаатарт авчиралцаж байсныг дурджээ. Зарим агентлагууд уул уурхайн хөгжлийг гацаагч уу, түргэсгэгч үү гэж бичжээ

Тэр дундаа хувьцаа эзэмшигч нь тодорчихсон, хөрөнгө оруулалтаа эхлүүлчихсэн, Тогтвортой байдлын гэрээний төслөө УИХ-д өргөн барьчихсан гурван тэрбум ам.долларын өртөгтэй Оюутолгойн төсөлд  яаж хандахыг олон улс ч, Монголын олон нийт ч ажиглаж байна.  Өрсөлдөгчид нь Ц.Элбэгдоржийг  ярьдаг, хийдэггүй гэж шүүмжилдэг. Тэгвэл хэлэлцдэг ч үгүй нэгэн төсөл найман жил болж буй нь Оюутолгойнх юм. Оюутолгой бол одоогоор илэрээд буй ашигт малтмалын  ордуудаас хамгийн түрүүнд ашиглах боломж нь бүрдсэн, монголчуудад хамгийн түрүүнд үр дүнгээ  өгөх, хамгийн их хэмжээний ашиг олох орд юм. Тийм учраас улстөрчид тус ордыг үе үеийн сонгуульд ашиглаж ирэв.  Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгчийн  мөрийн хөтөлбөрт уул уурхайгаас иргэддээ нэг сая төгрөгийн хувьцаа тараах амлалт бий. Энэ бол нэр дэвшигчтэй хамт ард түмний 52 хувийн дэмжлэгийг хүлээсэн амлалт. Оюутолгойг ашиглаж эхэлснээр энэ амлалт биелэнэ. Ашиглаж эхлэхийн тулд үйлдвэр байгуулах  гурван жилийн хугацаа зэргийг тооцохоор хүлээх, Оюутолгойн гэрээг хойшлуулах цаг хугацаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ч, С.Баярын Засгийн газарт ч алга. Яагаад гэвэл ард түмэн Ерөнхийлөгчөөс “Эрдэнийн хувь”-иа, Засгийн газраас “Эх орны хишиг”-ээ хүлээж байгаа.  Иймд одоо УИХ, Засгийн газрын дунд таг зогсчихсон Оюутолгойн гэрээг эрх баригчидтай онь холбож байгаад ч болов   хөдөлгөөнд оруулах, төсөлд нэг сая төгрөгийн хувьцаа бүхийн “Эрдэнийн хувь”-ийнхаа талаар тусгах нь амлалтаа биелүүлэхийн  эхлэл болж ард түмэнд  харагдана. Харин  гадаад ертөнцөд бол уул уурхайн төслийг гацаагч гэдэг эргэлзээг тайлах боломж бүрдэх юм.  Жишээ нь, Ц.Элбэгдорж дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар бас л нэг сая төгрөгийн хувьцаа тараана гэж давтах  бус, тараасан хувьцааныхаа үр дүнг асууж явах нь чухал билээ. Ингэж чадвал  2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ард түмэн ялж, сонголтынхоо эцсийн үр дүнг  үр хүртэж байгаа нь тэр юм.

     Эцэст нь өгүүлэхэд МАХН-ын туршлагатай, тулхтайг онцолдог бол АН-ын гол имиж нь ардчилал билээ.  2008 оны УИХ-ын сонгуулийн ялагдлын дараа Ц.Элбэгдоржийн АН дахь орон зай хумигдаж байсан. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтын дараа АН өөрөө ардчилал гэдэг гол имижээрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос зүүгдэх болж байна. Энэ мэтээр шинэ Ерөнхийлөгчийг тойрсон “Ц.Элбэгдоржтой өдрүүд”-ийн үйл явдал дөнгөж эхэлж байна. Өрнөл нь илүү сонирхолтой болох байх. Хамгийн гол нь өөрсдийгөө “өмчийн эзэд” болгосон Ерөнхийлөгч, АН хоёр Монголын ардчиллын төлөө жингийн хоёр туухай дээр сөрж бус, нэг тухай дээр зэрэгцэж жин дарахыг  хүсье.