Н.Энхбаяр Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албыг дараалан хашсаныхаа 10 жилийн босгон дээр сул иргэн боллоо. 1996 оны УИХ, 1997 оны Ерөнхийлөгчийнхөөс өөр сонгуульд ялж үзээгүй АН-аас шинэ Ерөнхийлөгч төрөв. Энэ нь ард түмний сонголт, хоёр сарын турш өрнөсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн тайлал байв. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа Ерөнхийлөгчийн гэх том утга, өндөр агуулгадаа дүйх хэмжээнд өрнөсөнгүй. Төрийн тэргүүний төлөөх бодлогын өрсөлдөөн бус, хар PR-ийн л уралдаан болов. Харамсалтай нь уралдаанд түрүүлсэн нь, хамгийн их хар PR хийсэн баг нь ялагдал хүлээлээ.

Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр хоёулаа л хүчтэй улстөрчид. Гэхдээ тэд өрсөлдөөнд  нэг гараанаас гараагүй. Давуу тал сонгууль дуусан дуустал Н.Энхбаярт байсан. Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэр сүр, албан тушаалын хаялга, Засгийн газрын бодлогын байр суурь, хэвлэл мэдээллийнхэн, олимпийн аваргууд, алдартнууд гээд л. Тухайлбал, Н.Энхбаярын нэр дэвшигчийнхээ хувьд малчдын төлөө гаргасан таван саналыг Засгийн газар хуралдаанаараа дэмжиж, С.Баяр Ерөнхий сайдын байр сууринаас “хамтарч ажиллахад дөхөмтэй хүн сонгогдоосой билээ” хэмээн ярилцлага өгч, УИХ-ын дарга чуулганаа завсарлуулан байж Ц.Элбэгдоржийг бултаараа дэмжих магадлалтай цорын ганц аймаг болох Ховдод ажиллаж байх жишээтэй. Гэхдээ л ард түмэн Н.Энхбаярыг биш, Ц.Элбэгдоржийг сонголоо. Ялагдлын буруутан нь Н.Энхбаярын  төлөө саналаа өгөөгүй сонгогчид биш, түүнийг сонгуулж чадаагүй МАХН, сонгуулийн багийнхан нь юм. Тэд олон алдаа гаргалаа.

Нэгдүгээрт, Н.Энхбаярт мөрийн хөтөлбөр гэж бараг байсангүй.

Эх орны хишиг-1.5 сая төгрөгийг сонгуулийнхаа гол хөзөр болгосон. Гэтэл энэ нь Ерөнхийлөгчийн хийх ажил, амлах амлалт биш, тэгээд ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орж УИХ-ын баталчихсан амлалт байв.  Угаасаа хүний өгөх гэж байгаа юмыг “би өгүүлнэ” гэж явсан нь эр эмийн дундуур илжиг жороолохтой адил болов. Сонгогчдыг ходоодоороо санал өгнө гэж тооцоолсон PR-чдынх нь зөвлөгөө “бай”-ныхаа банзанд ч оносонгүй. Бодит байдал дээр ард түмэн ходоодны бус, ухамсрын сонголт хийв. Өмнө нь УИХ, орон нутгийн сонгуулиар сонгочихсон 1.5 сая төгрөгийн хуучин  амлалтыг биш, шударга ёсыг сонголоо. Ерөнхийлөгчийн хамгийн чухал функц бол Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, бүх шатны шүүхийн ерөнхий томилгоочин. Ард түмний дунд нэр нь сэвтэй энэ хоёр салбарын шинэчлэлийн талаар Н.Энхбаярын мөрийн хөтөлбөрт нэг өгүүлбэр ч байсангүй.  Оюутны сургалтын төлбөрийг чөлөөлөх нь хүчтэй л мессеж байлаа. Гэхдээ энэ мессежийг  зориулсан хэсэг нь нийгмийн боловсролтой давхарга, оюунлиг масс учраас бодитой санал цуглуулж чадсангүй. Харин сонгуулийн төгсгөл рүү гаргасан малчдыг дэмжих таван санал бол үнэхээр хүчтэй, цаг үеэ олсон, санал өгөх сонгогчийнхоо амьдралд шууд нөлөөлөх мессеж байсан юм. Н.Энхбаяр орон нутагт илүү олон санал авахад ч энэ мессеж үүргээ гүйцэтгэсэн нь гарцаагүй. Ялангуяа малчдын ноолуурыг хилээр шууд гаргана гэсэн нь ямаа олонтой Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь зэрэг аймагт хамгийн өндөр санал авахад нөлөөлсөн болов уу.

Хоёрдугаарт, сурталчилгаа буруу явсан. Өөрийнхөө хүрээллийг оновчтой сонгож чадаагүй.

PR-чид нь Ц.Элбэгдоржийг харлуулахыг тэргүүн зорилгоо болгож, нэр дэвшигчийнхээ давуу талыг сурталчлах гол ажлаа хоёр, гуравдугаарт эрэмбэлсэн тактик барьсан нь Н.Энхбаярын ялагдлын нэгэн цөм хэсэг юм. PR-чид болон сонгууль удирдсан хүмүүсийн бүрэлдэхүүн хүн чанарын талаасаа нийгэмд таатай санагдсангүй. Харин ч Н.Энхбаярыг хуучин найз нөхдөө замын дунд гээж, өрсөлдөгчийнхөө хонзогногчдоор өөрийгөө хүрээлүүлсэн мэт харагдуулав. Н.Энхбаяртай хамгийн хүчтэй муудалцаж, түүнийг огцруулах мэдэгдэл хийсэн, хууль хяналтын байгууллагаар шалгуулснаа энэ мэдэгдэлтэйгээ холбож явсан У.Хүрэлсүх сонгуулийг нь удирдаж, Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад Хэвлэлийн албаных нь дарга  байсан хүн, бас түүнийг намын дарга явахад АН-ын УИХ-ын сонгуулийн сурталчилгааг хариуцсан нөхөр өнгөө, үзэл бодлоо хувиргаад Н.Энхбаярын гол PR-ийг хийсэн нь мэдээлэлд ойр явдаг хэсгийн дургүйцлийг л төрүүлсэн. Энэ нь нэг талаас Ц.Элбэгдоржийн хүн таньдаггүй сул талыг харуулсан ч, таниагүй хүмүүс нь Н.Энхбаяр дээр гүйж очсоноороо Ц.Элбэгдоржид бүр ч ашигтай туслаа. Энэ яах вэ гэхэд, очиж очиж улстөрд орон зайгүй болчихсон, намдаа ад болоод хөөгдсөн малыш Энхтүвшин, Эрдэнэтуул, М.Энхсайхан нарыг улсын Ерөнхийлөгч, улстөрийн хүчтэй лидерийн сонгуулийн нүүр царай болгосон нь үнэхээр том алдаа байв. Сурталчилгааны туршид МАХН-ын цагийг Ц.Элбэгдоржид хонзогногчдын өшөө авалтаар дүүргэж байв. Үлдсэн жаахан хэсэгт нь Ц.Элбэгдоржийг Хятадын эрлийз, Солонгосоос 1.5 сая төгрөг авсан гэдэг хар PR-аа улиг болтол, хүмүүсийн бодол, сонголтыг эргэтэл давтлаа. Хүмүүсийн сайн мэддэг юмаар оролдох осолтойг МАХН, Н.Энхбаярын PR-чид өөрийн биеэр мэдэрлээ. Энэ нь Ц.Элбэгдоржийг Хятадын эрлийз гэсэн мессеж юм. Хэрэв тийм л юм бол 1990 онд ардчилсан хувьсгал хийж явахад удирдагч нь Хятадын эрлийз гээд ардчиллаас ухарч, мал орон сууцыг үнэгүй хувьчлахад ийм шийдвэр гаргасан намынх нь лидер Хятадын эрлийз гэж малчид малаасаа, хотынхон орон сууцнаасаа татгалзаж байсан бил үү. Үгүй шүү дээ. Монголчууд хоёр удаа УИХ-ын гишүүн, хоёр удаа Ерөнхий сайд болгосон хүнээ Хятадын эрлийз гэдгийг сая Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихэд нь л мэдэх тэнэг ард түмэн биш. Нэр дэвшигчдээ халгаатай, өрсөлдөгчид нь ашигтай ийм сурталчилгааны жишээ олныг дурдаж болно. Ер нь Оросын PR-чдын технологи Монголд, монголчуудын сэтгэхүйд тохирохгүйг энэ сонгууль харууллаа.  Жишээ нь,  UB паласт “Number one” хөдөлгөөнөөс залуучуудын дунд зохион байгуулсан нэг арга хэмжээг олон хүн үзсэн байх. Заалнаас гурван залууг гаргаж ирээд Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр хөтлүүлэх, тэднээс ямар мэргэжлийг яагаад сонгож байгааг асуулгах зорилготой байж. Энэ сценариар нь ч болсон. Эхний залуу дуучин болно гэлээ. Дуулж сонирхуулаач гэж Н.Энхбаяр Ерөнхийлөгч хүсэв. Гэтэл залуу “Явах цаг боллоо, хонгор минь…” гээд л дуулж гарав. Дараагийн бүсгүй цагдаа болох мөрөөдөлтэйгөө хэлэв.  Яагаад гэж нэр дэвшигч асуугаад “хулгайчийг барьж шударга ёсыг тогтооно” гэсэн хариулт бүсгүйгээс сонсох жишээтэй. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг шиг “Numbеr one” хөдөлгөөнийхний энэ хоёр мессеж нэр дэвшигчдээ зориулагдаагүйг эндээс хэн бүхэн ойлгоно. Сонгуулийн сурталчилгааны төгсгөл ч сонгогчдын сонголтод багагүй нөлөөлсөн. Тайзан дээр багтаж ядан шахцалдан суусан Монголын бахархал болсон бүх л алдартан болон төр засгийн өндөр албан тушаалтнуудаар фон хийж байгаад Н.Энхбаяр нэр дэвшигч завсаргүй хагас цаг илтгэл уншив. Яг л хуучин цагийн МАХН-ын хурал шиг. Энэ бол МАХН-ын PR-чдын л санаа байх. Гэтэл Ц.Элбэгдоржийн телевизээр явуулсан сурталчилгааны төгсгөл өөр дүр төрхтэй байлаа. Ерөнхий сайдаас хоёр удаа огцорч,  улстөрд унаж босон хал үзэж хат суусан, 45-тай эр 90 хүрч яваа ээжийнхээ өмнө сөхөрч суугаад, удам судраа доромжлуулсны бурууг өөртөө наан уйлсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, эргэж буцалтгүй сонголт хийлгэсэн болов уу. Хэрвээ МАХН-ын PR-чид түүний Хятадын эрлийз болохыг “илрүүлээгүй” бол Ц.Элбэгдоржид ингэж ээжийнхээ өмнө уйлах шалтаг гарахгүй л байв. Өөр шалтгаанаар уйллаа гэхэд олон түмэн тэгж зүрх сэтгэлээрээ даган хуйлрах байсан уу, мэдэхгүй юм. Ингэж Н.Энхбаярыг сурталчлах үүрэгтэй хүмүүс  зорилгоо мартаж Ц.Элбэгдоржийг намнах хар PR-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн нь ялагдлын бас нэгэн том шалтгаан байв.  

Гуравдугаарт, Н.Энхбаяр халз мэтгэлцээнд илүүрхэж чаддаггүй юмаа гэхэд алдаа гаргахгүй байж чадсангүй.

Тэрээр мэтгэлцээний турш “би”-гээр өвчилж, өрсөлдөгч рүүгээ оновчгүй, хоёрын хооронд дайралтыг хэдэнтээ хийв. Түүнчлэн чихрийн тухай  өөрөө эргээд ороогдох, оновчгүй зүйрлэл хэлж, АН-ынханд олз болсон. Уг нь халз мэтгэлцээний үед Н.Энхбаярт хоёр давуу тал байлаа. Нэгд халз мэтгэлцээн жинхэнэ утгаараа болоогүй, өрнөөгүй. Ерөнхийлөгчийн институцын хийх ажил, эрх үүргээс төөрсөн, Засгийн газарт голдуу хаягласан гэмээр болхи асуултуудын блиц хариултууд л тэнд өрнөсөн юм. Хоёрт, Ц.Элбэгдорж халз ярилцлагын үеэр олон түмний мэддэг, хүлээж байсан Ц.Элбэгдорж шиг байгаагүй. Олон хүн түүнийг уран цэцэн ярьж өрсөлдөгчөө мадлаад л баллаад хаяна даа гэсэн хүлээлттэй байсан. Бодит байдал дээр тэрээр цөөн үгээр хариулах, “би”-гээс татгалзах, төгсгөлийн үгээ хүний сэтгэл зүрхэнд хүргэж илэрхийлснээс өөрөөр Н.Энхбаяраас илүү юм Ц.Элбэгдоржид юу ч байгаагүй. Илүү хөдөлгөөн ч хийгээгүй. Харин ч биеэ барьж байгаа харагдсан. Үүнийг Н.Энхбаяр ашиглаж чадаагүй. Энэ бүхэн нь Н.Энхбаярыг халз ярилцлагын турш ядаж Ц.Элбэгдорж шиг байхад л түүнд ашигтайгаар эргэх нэмэх оноонууд байлаа. Мэтгэлцээний үеэр ингэж   цаанаасаа өгөгдсөн юм шиг нэмэх оноонуудыг Н.Энхбаяр өөрөө хасах болгож ялагдалдаа хувь нэмэр орууллаа.

Дөрөвдүгээрт, Н.Энхбаярын өөдөө шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр уналаа.

МАХН бол олон хүний хүч, албан тушаалын сүрээр сонгуульд ялж ирсэн. Ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрөө санаачилж Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ингэснээр төрийн албан хаагчдыг намын харъяалалгүй болгож, сонгуулийн сурталчилгаанд оролцохыг хуулиар хориглосон юм. Төрийн албан хаагч нэртэй, хуулийн хориглолтоос айсан олон хүн Н.Энхбаярын сонгуульд хүчээ өгч чадаагүй. МАХН доторхи “Элсний 13”-ынхан нэр дэвшигчийг хэт өмчилсөн. “Элсний 13”-ынхан дахин өндөлзөж эхлэх нь гэх болгоомжлол МАХН доторхи уур амьсгалыг ч эвдэв. Үүнээс болж МАХН-д харъяалалтай улстөрийн албан тушаалтнууд чин сэтгэл гаргаж ажиллаагүй, дургүйд хүчгүйн үлгэрээр эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй л гэж сурталчилгаанд нь хандах шиг боллоо. Магадгүй зарим хүнийг ажиллуулаагүй байх. Жишээ нь У.Хүрэлсүх гэхэд сонгуулийн ерөнхий менежер гэх албан тушаалын нэрээс хэтэрсэнгүй, хааяа хэвлэлийн хуралд оролцохоос өөрөөр гүйцэтгэсэн үүргийг нь ажиглагчид олж харсангүй. Саяхан Тамгын газрын даргаар нь томилогдсон Л.Амарсанаа гэхэд сураггүй л байв.   

Тавдугаарт, МАХН-ын сурталчилгааны баг муу ажилласан.

Н.Энхбаярын сурталчилгааг МАХН-ын биш, Ц.Элбэгдоржид хонзогногчдын фонон дээр явууллаа. Товчхондоо бол МАХН-ын сурталчилгааны баг энэ сонгуулиар Н.Энхбаярын PR-чдын хар PR-ийг л баллуурдах үүрэг гүйцэтгэв. УИХ-ын гишүүн, МАХН-ын нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга гэсэн албан тушаалын сүр дор эргэж буцсан нэг л олон хэвлэлийн хурал хийлгэсэн ч, эцсийн мөчид амжилт авчирсангүй. Ц.Элбэгдоржийг Солонгосоос хандив авсныг, бас Хятадын эрлийз болохыг нотлох гэж МАХН-ын сонгуулийн сурталчилгааны баг  зүтгэв. УИХ-ын даргын гарын үсэгтэй баримт үзүүлээд л. Тэгснээ дараа нь нам ийм мэдээ өгөөгүй гэж бухаад л. “Энэ бол цэвэр сэтгүүлчийн санаачилга” гэж Ц.Элбэгдоржийг Хятадын эрлийз болохыг “эрэн сурвалжлаад” сэтгүүлзүй дэх карьераа дуусгаж байгаа сэтгүүлчийг захиалга өгсөн МАХН нь өөрөө давхар дэвсч ч байх шиг. Энэ бүхний эцэст хар PR хараараа л дууслаа. Дээр өгүүлсэн таван шалтгаан бол Н.Энхбаярын сонгуулийн ялагдлын нийлбэр юм. Гэхдээ Н.Энхбаярыг өөрчилье гэдэг сэтгэхүй нийгэмд байсан. Түүнийг нэр дэвшүүлсэн МАХН дотор хүртэл ийм бодолтой хүн олон байсан байх. Энэ бол Ц.Элбэгдоржийн ялалтын хамгийн давуу тал. Хэдийгээр түүний улстөрчийн рейтинг, хувь хүний нэр хүнд, зангараг байгаа ч, энэ ялалт дангаараа ганцхан Ц.Элбэгдорж гэдэг улстөрчийн эр сайных биш юм. Ардчиллын төлөөх намуудын нэгдэл, МАХН-ыг яллахаас илүүтэй Н.Энхбаярыг өөрчилье гэдэг нийгмийн сэтгэхүй, шударга ёсыг хүсэмжилсэн олон түмний хүлээлт, бүтэн жил үр дүнгээ үзүүлээгүй яваа хамтарсан засгийн хурд зэрэг нь Ц.Элбэгдоржийн ялалтын суурь боллоо. Харин сонгуулийн сүүлийн хоёр өдөр долдугаар сарын 1-нийхтэй адил жолоодлогогүй хоёр үйл явдал болж сонгуулийн дүнд нөлөөлөв. Нэгдүгээрт, сүмод Ама Д.Бямбадорж түрүүлсэн, хоёрдугаарт авлигын хэргээр шалгуулж байсан Солонгосын асан Ерөнхийлөгчийн амиа хорлолт. Ялангуяа сүмод шинэ хүн түрүүлсний дараа төрийн тэргүүнд шинэ хүн гаргая гэдэг бодол, шийдэл олон хүнд төрөх шиг болсон. Ийм үг яриа ч газар авч байлаа. Би л гэхэд сүмод шинэ хүн түрүүллээ, хэдүүлээ шинэ Ерөнхийлөгч төрүүлье гэсэн нэг утга бүхий мессежийг гурван өөр дугаараас хүлээж авсан. Японы сүмод түрүүлсэн Ама Д.Бямбадоржийн түрүүний дараа Монголын сонгуулийн санал өгөлт үнэхээр шуурсан.  Сүмо дуусахад нийслэлийн олонхи хэсэгт дөнгөж 50 хувь хүрч байсан ирц орой 21 цагийн мэдээгээр 64 хүртлээ өссөн нь үүнийг нотолно. Магадгүй сүмогийн дараахь хөөрөл, сэтгэлийн дуудлагаараа өгсөн саналууд тэр чигээрээ Ц.Элбэгдоржид багцлагдаж тэрээр хотын хэсэг бүрт 4-5 мянган саналаар илүүрхсэн байх ч талтай.         Одоо Ц.Элбэгдоржоос ярьсан шигээ хийхийг хүлээх л үлдлээ. Хэрэв тэрээр ярьснаа хийж чадахгүй бол дөрвөн жилийн дараа өнөөдрийн Н.Энхбаяр шиг дахин сонгуулиар бүдэрнэ. Хийснээ хэрэгжүүлж үнэхээр ард түмний Ерөнхийлөгч байж чадвал Н.Багабанди шиг улиран сонгогдох ч боломжтой. Энэ утгаараа сонголт одоо ард түмэнд биш, шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарт очлоо. Ард түмэн өнөөдрийнхөө сонголтын тайланг дөрвөн жилийн дараа амаар, цаасаар биш, бодит амьдралаар хүлээж авна. АН бол амжилтын төлөө нэгдэж чаддаг, амбийцдаа дийлдэхээрээ хүрсэн амжилтаа өөрсдийнхөө гараар эвдэж ч чаддаг нам. 1996 оноос хойш найм дахь даргынхаа нүүрэн дээр хүрсэн энэ амжилтад нь харин ард түмнийхээс илүү хүчтэй амбийц нөлөөлөхгүй болов уу. Нөлөөлөх  ч боломжгүй юм. Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч учраас Ц.Элбэгдорж одоо тангаргаа өргөсний дараа намаасаа түдгэлзэнэ. Ихэнх хүн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг төрийн гурван өндөрлөг гэж андуурдаг. Засаглал хуваах онол, Үндсэн хуулиар бол УИХ, Засгийн газар, шүүх гурав л төрийн гурван өндөрлөг.  Хүнийг, албан тушаалыг биш, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч гэсэн төрийн гурван байгууламжийг төрийн өндөрлөгүүд гэдэг. Ерөнхийлөгчийн институц төрийн өндөрлөгт багтдаггүй, Ерөнхийлөгчийн зарлигт Ерөнхий сайдын давхар гарын үсэг зурж байж хүчин төгөлдөр болдог, хуульд тавьсан хоригийг нь УИХ хүлээж авахгүй байж болдог зэрэг “дутагдал”-аас нь болоод Монгол Улсын Ерөнхийлөгчийг бэлгэдлийн шинжтэй албан тушаал гэх шүүмжлэл бий. Хэрвээ Ц.Элбэгдорж хийхгүй ярьж Ерөнхийлөгч институцын энэ сул талыг баяжуулбал хагас бэлгэдлийн шинж нь бодит биелэл болж  хувирна.

Гэхдээ төрийн тэргүүн-Ерөнхийлөгч бол хэн нэгний улс төрийн карьерээ дуусгадаг дэн буудал биш. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, бүх шатны шүүхийн ерөнхий томилгоочин, Төрийн албаны зөвлөлийн дарга, Авлигатай тэмцэх газрын дарга, Улсын ерөнхий прокурорыг санал болгоно. Үндэсний радио телевиз, Үндсэн хуулийн Цэц, гадаадад улсаа төлөөлөн суух Элчин сайд нар гээд төрийн тэргүүний оролцдог томилгооны нөлөөллийг дурдаад дуусашгүй. УИХ-д тааллаараа үгээ хэлж, бас хуульд бүхэлд нь буюу хэсэгчлэн хориг тавих эрх гагцхүү Ерөнхийлөгчид л бий. Хууль санаачлах эрхтэй гуравхан субъектийн нэг нь Ерөнхийлөгч. Улс оронд онцгой байдал зарлах, ялтанд уучлал үзүүлэх эрхтэй ганц албан тушаалтан бол бас л Ерөнхийлөгч. Хэмжээгүй мэт эдгээр эрх мэдлээс нь болоод зарим судлаач, улстөрч Монголыг парламентын бус, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай орон гэх нь бий. Энэ бүх эрх мэдлээ амласан ёсоороо ард түмэндээ зориулахыг л ардчилсан Ерөнхийлөгчөөс хүсье. Улстөрийн хүрээний болон Төрийн ордон, намын байруудыг тойрсон цөөн хэдэн хүнийг л ард түмэн гэж андуурдаг алдааг давтахгүй байхыг хүсье.