“Засгийн газрын мэдээ”, 2016.01.06  № 003 (281)
                                                     
Монгол Улс олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх, дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэх зарчмын хүрээнд НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох чиглэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ой тэмдэглэх ажлын хүрээнд 2010 онд өгсний дагуу Монгол Улстай дипломат харилцаагүй 45 улсад (НҮБ-ын гишүүн) 2010.12.30-наас хойш ГХЯ захидал илгээн яриа хэлэлцээ явуулан ажиллаж байгаа билээ.

Яг өнөөдрийн байдлаар Монгол Улс 181 оронтой дипломат харилцаа тогтоогоод байгаа ба удахгүй 5 шинэ улс (Габон, Сент Люси, Нигер, Камерун, Маршаллын Арлууд) манай дипломат харилцаа тогтоох саналыг хүлээн авах болно. Ингээд 186 улс болж байна. Цаана нь “193”-aac харилцаагүй улс НҮБ-д 6 үлдэж байна. “186” гэдэг бол аугаа тоо, гайхамшигтай тоо. Учир нь 100 жилийн өмнө ганц ч байгаагүй, 60 жилийн өмнө дөнгөж 10-хан байсан юм.  



Ингэхэд бүх улс оронтой дипломат харилцаа тогтоох гэдэг тийм чухал уу, ямар хэрэгтэй юм бэ, одоо тогтоочихоод байгаа нь хангалттай бус уу гэх асуултыг зарим нэг нөхөр ам асуух, эсвэл ойлгохгүйгээсээ тавьдаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг баалах, шүүмжлэх донд хөтлөгдөн тэгж илүү амлахыг хүсэгчид бас бий.

Тэр бол “Элбэгдорж” гэдэг бие хүндээ бус юм, Монголын төрт ёсны уламжлал руу тэд дайрч давшилж, эргэлзэж байгаа хэрэг юм. Тусгаар тогтнолын үнэ цэнийг яс махандаа тултал мэдэрсэн жижиг орны улс төрийн удирдагчийн нэгэн үеийн илэрхийлэл нь Элбэгдорж болохоос  бус, тэрээр өөртөө хэрэгтэй ашигтай гэж үзээд НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоохыг сэдэж олоогүй юм.

Дипломатчид бидэнд бол чухам үүн шиг нэн чухал ажил байхгүй гэж үздэг. Учир нь тусгаар тогтнол, түүний үнэ цэнэ, тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх гэгчийн гашуун түүхийг бид илүү их гадарлана, мэдэрнэ. 1911 онд Манжаас салж тусгаар тогтнолоо олж авчихаад түүнийгээ зөвшөөрүүлэх (Төвдийг эс тооцвол) гэж манай эх оронч ноёд Петербург орж, гадаад улсуудын Элчин сайдын яамдын түгжээтэй хаалгыг мөргөж, үүднийх нь харуулыг төрийн одонгоор хахуульдаж явсан гашуун түүх, тэр түүх сунжирч явсаар бүр 1945 оны Ялтын бага хурал хүрсэн, улмаар Дундад Иргэн Улсаар (ДИУ) хүлээн зөвшөөрүүлэх гэж 1945 оны турш тэмцэж зүтгэсэн түүх хуучрах, мартагдах учиргүй ээ.  

Дэлхийн II дайны дараа Хятад, Зөвлөлт гэдэг хоёрхон улстай дипломат харилцаатай явсан бол 1948 онд Хойд Солонгос, 1949 онд Албани нэмэгдэж, мөн ДИУ-ын халааг авсан БНХАУ манай улсыг зөвшөөрч дөрөвхөн улстай дипломат харилцаатай явсан бол 1958 он гэхэд 15 улс болгож чаджээ. Бүр цөхрөлийн үгс нь гэж үзэхээр “хүн төрөлхтөний тэн хагасаас илүү хүн ам бүхий улс оронтой”, “дөрвөн тивийн төдөн оронтой” дипломат харилцаа тогтоож чадлаа гэснийг нь анхааралдаа авна уу. Тэр нь ч ихээхэн үнэ цэнээр олдсон, тэгж дипломат харилцаа тогтоосноо хөгжил дэвшлийн нэг чухал шалгуур гэж үзэн эрх баригч намын их хурлын индрээс ёс төртэй зарладаг практик даруй 30 жил хэрэгжин МАХН-ын XIX их хурал (1986 он) хүртэл үргэлжилжээ.

Дипломат харилцаатай гадаад улсын тоог ахиулж чадсанаа Дашийн Дамба, Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнх нар ид бах болгож, ард түмэндээ тайлагнаж, Монгол Улсын олон улсын нэр хүнд улам өсөн бэхжсэний илэрхийлэл хэмээн дүгнэж болоод байсан байхад Элбэгдоржийн өнгөн дээр тэгж болохгүй гэх учир шалтгаан “186” гэдэг тоон дээр жишээлэн авч үзэхэд баймгүй юм аа.



Тэр тухай баримт сөхөж мэтгэлцэе!   

1958.03.17  
МАХН-ын ХIII их хуралд тавьсан тайлангийн “Олон улсын байдал ба БНМАУ-ын гадаад байдал” гэсэн  1 дүгээр бүлэгт Зөвлөлт Холбоот Улс, БНХАУ, Албани, Болгар, Унгар, Ардчилсан Вьетнам, Ардчилсан Герман, БНАСАУ, Польш, Румын, Чехословак, Югослав зэрэг найрамдалт харилцаатай 12 улсын хөгжил дэвшил, эдгээр улстай тогтоосон харилцаандаа үнэлэлт дүгнэлт өгөөд “янз бүрийн системтэй улсын хоорондын үндэс болсон энх тайвнаар зэрэгцэн орших алдарт таван зарчмыг баримтлан БНЭУ, Бирмийн Холбооны Улс, БНИндонезУ-тай дипломат харилцаа тогтоож, дипломат төлөөлөгчдөө харилцан суулгалаа. Иймд БНМАУ одоо хүн төрөлхтөний тэн хагасаас илүү хүн ам бүхий улс оронтой дипломат харилцаатай болсон байна. БНМАУ цаашид манай улстай харилцаа тогтоохыг хүсэх бусад улсыг нийгэм, улс төрийн байгууламжий нь харгалзахгүйгээр энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үүднээс тэгш эрхтэй байх, харилцан бие биеэ хүндэтгэх явдлыг үндэс болгож, найрамдалт харилцаа тогтооход бэлхэн байна” гэжээ (Д.Дамба. МАХН-ын Төв Хорооноос намын ХIII их хуралд тавьсан тайлан илтгэл, МАХН-ын XIII их хурлын материал, УБ, 1958, 7-12, 18-20 дахь талд). Ийнхүү 1958 онд манай улс нь 15 улстай дипломат харилцаатай байв.

1961.07.03
Одоо БНМАУ хүн төрөлхтний тэн хагасаас илүүг багтааж байгаа дөрвөн тивийн 21 улстай дипломат харилцаатай байна (Ю.Цэдэнбал. МАХН-ын Төв Хорооноос намын ХIV их хуралд тавьсан тайлан илтгэл, мөн хурлаас гаргасан тогтоол, УБ, 1961, 27 дахь талд)

1966.06.07
Тайлангийн хугацаанд БНМАУ-ын гадаад харилцаа амжилттай өргөжиж, олон улсын байдал нь бэхжиж, дэлхийн тайзан дээр нэр хүнд нь дээшиллээ. Одоо БНМАУ дөрвөн тивийн 33 улстай дипломат харилцаатай, 20 гаруй оронтой худалдааны харилцаатай байна (Ю.Цэдэнбал. МАХН-ын ХV их хуралд тавьсан Намын Төв Хорооны тайлан илтгэл, УБ, 1966, 27 дахь талд)

1971.06.07
Тайлангийн хугацаанд БНМАУ нийтдээ 20 гаруй улстай дипломат харилцаа тогтоолоо. Одоо манай орон дэлхийн 53 улстай дипломат харилцаатай болов. Энэ нь социалист Монголын нэр хүнд олон улсын хэмжээн дээр өсч, гадаад харилцаа нь цаашид хэлбэрэлтгүй өргөжиж байгааг гэрчлэн харуулж байна (Ю.Цэдэнбал. МАХН-ын ХVI их хуралд тавьсан МАХН-ын Төв Хорооны тайлан илтгэл, УБ, 1971, 33 дахь талд)

1976.06.14
Ерөнхийдөө 1971-1975 онд БНМАУ-ын гадаад харилцаа нэлээд өргөжлөө. Одоо манай орон дэлхийн 79 улстай албан ёсны дипломат харилцаа тогтоогоод байна (Ю.Цэдэнбал. МАХН-ын ХVII их хуралд тавьсан МАХН-ын Төв Хорооны тайлан илтгэл, УБ, 1976, 18 дахь талд)

1981.05.26
Манай гадаад бодлогын үйл ажиллагааны дүнг гаргахдаа тайлангийн хугацаанд БНМАУ-ын гадаад харилцаа ихээхэн өргөжиж, олон улсын үйл ажиллагаанд манай улс улам бүр бүтээлтэй оролцох болсныг хэлж болно. Одоо манай орон дэлхийн 91 улстай дипломат харилцаатай бөгөөд олон улсын нэр хүндтэй олон байгууллагын гишүүн байгааг тэмдэглэхэд таатай байна (Ю.Цэдэнбал. МАХН-ын ХVIII их хуралд тавьсан Намын Төв Хорооны тайлан, ойрын жилүүдийн зорилт УБ, 1981, 24 дэх талд)

1986.05.28
Эдүгээ Монгол улс дэлхийн 99 оронтой дипломат харилцаатай бөгөөд олон оронтой улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн болон бусад салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгаа нь БНМАУ-ын олон улсын нэр хүнд улам өсөн бэхжиж байгааг гэрчилж байна (Нөхөр Ж.Батмөнхийн тавьсан илтгэл, МАХН-ын XIX хурал, дэлгэрэнгүй тайлан, УБ, 1986, 27 дахь талд) гэжээ.